Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2019 оны 06 сарын 25 өдөр

Дугаар 001/ХТ2019/00999

 

Ш ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, П.Золзаяа, Г.Цагаанцоож, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар      

    Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

            2018 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 101/ШШ2019/00007 дугаар шийдвэр,

            Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

            2019 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 452 дугаар магадлалтай,

   Ш ын нэхэмжлэлтэй,

           Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох

           Үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

           Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

            Шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ю.Тогмид, нарийн бичгийн дарга Ч.Уранбилэг нар оролцов.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэл болон тайлбарт: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2413 дугаар захирамжаар хариуцагч Э.Энхтөр, Ш , Э.Гансүх нар нэхэмжлэлийн шаардлага болох 27,125,950 төгрөгийг “Үйзэн-Ивээлт ББСБ” ХХК-д төлөхийг хүлээн зөвшөөрч 2018 оны 09 сарын 01-ний өдрийн дотор төлөхөөр эвлэрсэн эвлэрлийг баталсан. Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газар нь Ш ын өмчлөлийн Баянзүрх дүүрэг, 1 дүгээр хороо, 12 дугаар хороолол, 19 дүгээр байр 54 тоот хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү-2204091828 дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгө болох орон сууцыг “Сэлэнгэ Эстимэйт” ХХК-иар үнэлгээ хийлгэж 89,500,000 төгрөгөөр үнэлсэн. Миний бие 2018 оны 10 сарын 08-ны өдөр энэхүү мэдэгдлийг эс зөвшөөрч гомдол гаргахад гомдлыг хангахаас татгалзсан. 2018 оны 07 сарын 18-ны өдрийн шүүхийн шийдвэрийн хариуцагч нь 3 хүн байхад ганцхан миний үл хөдлөх хөрөнгөд үнэлгээ хийлгэж байгаа нь бусад хариуцагч нарт ашигтай, надад хохиролтой байна. Мөн Ш  миний өмчлөлийн орон сууцны үнэлгээ зах зээлийн үнэлгээнээс хэт доогуур үнэлж миний өмчийг үнэгүйдүүлж байна. 2018 оны 9, 10 дугаар сар болон шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш Э.Гансүх болон Ш  нар 970,000 төгрөг төлсөн. Иймд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын “Сэлэнгэ Эстимэйт” ХХК-иар хийлгэсэн хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Золбоогийн шүүхэд гаргасан тайлбарт: Анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 07 сарын 18-ны өдрийн 2413 дугаар захирамжаар “Үйзэн Ивээлт ББСБ” болон У.Энхтөр, Ш , Э.Гансүх нарын эвлэрлийг баталж, хариуцагч нараас 2018 оны 09 сарын 01-ний өдрийн дотор 27,125,950 төгрөг төлөх, тохирсон хугацаанд төлбөрийг төлөөгүй бол барьцаа хөрөнгө болох Баянзүрх дүүрэг, 1 дүгээр хороо, 12 дугаар хороолол, 19 дүгээр байр, 54 тоот хаягт байршилтай 2 өрөө орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эвлэрсэн эвлэрлийг баталсан. 1290 дүгээр шийдвэрээр “АТБХ” ХХК-иас 534,112,311 төгрөгийг гаргуулж, “Капитрон банк” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Тус шийдвэрийн дагуу төлбөр төлөгч нарт удаа дараа мэдэгдэхэд үүргээ биелүүлээгүй тул үүргийн гүйцэтгэлд барьцаалсан хөрөнгийг 2018 оны 08 сарын 29-ний өдрийн 18261515/01 тоот тогтоолоор битүүмжилж, 2018 оны 09 сарын 26-ны өдөр дээрх үл эд хөрөнгийг хурааж Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт зааснаар битүүмжлэн хураасан хөрөнгөнд үнийн санал өгөхийг мэдэгдэхэд төлбөр төлөгч, авагч нар шинжээчээр үнэлүүлэх хүсэлтийг бичгээр гаргасан. Иймд дээрх үл хөдлөх эд хөрөнгөнд шинжээч томилж, үнэлгээ тогтоолгоход 89,500,000 төгрөгөөр үнэлсэн. Шинжээчийн үнэлгээний тайланг 2017 оны 10 сарын 08-ны өдөр төлбөр төлөгч Ш т танилцуулсан бөгөөд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээр зах зээлийн ханшнаас хэт багаар үнэлсэн гэж үзэх боломжгүй байна. Иймд шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.                       

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 101/ШШ2019/00007 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.7, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Ш ын хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан гаргасан Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, 12 дугаар хороолол, 19 дүгээр байр, 54 тоот хаягт байршилтай, улсын бүртгэлийн Ү-2204091828 дугаартай, 29 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцны үнэлгээг хүчингүй болгуулах тухай гомдлын шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ш ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 452 дугаар магадлалаар: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 101/ШШ2019/00007 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “9 дүгээр зүйлийн 9.4.7” гэснийг “177 дугаар зүйлийн 177.1” гэж, “42 дугаар зүйлийн 42.1” гэснийг “55 дугаар зүйлийн 55.7” гэж өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ю.Тогмидын хяналтын журмаар гаргасан гомдолд: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2413 дугаар захирамжаар хариуцагч Э.Энхтөр, Ш , Э.Гансүх нар 27,125,950 төгрөгийг "Үйзэн-Ивээлт ББСБ” ХХК-д төлөхийг хүлээн зөвшөөрч эвлэрсэн эвлэрлийг баталсан. Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газар нь Ш ын өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгө болох орон сууцыг "Сэлэнгэ Эстимэйт” ХХК-иар үнэлгээ хийлгэж 89,500,000 төгрөгөөр үнэлсэн. Миний бие 2018 оны 10 сарын 08-ны өдөр энэхүү мэдэгдлийг эс зөвшөөрч гомдол гаргахад гомдлыг хангахаас татгалзсан. 2018 оны 07 сарын 18-ны өдрийн шүүхийн шийдвэрийн хариуцагч нь 3 хүн байхад ганцхан миний үл хөдлөх хөрөнгөд үнэлгээ хийлгэж байгаа нь бусад хариуцагч нарт ашигтай, надад хохиролтой байна. Мөн миний өмчлөлийн орон сууцыг зах зээлийн үнэлгээнээс хэт доогуур үнэлж миний өмчийг үнэгүйдүүлж байна. Иймд “Сэлэнгэ Эстимэйт” ХХК-иар хийлгэсэн хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү. Мөн Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2413 дугаар захирамжаар хариуцагч Э.Энхтөр, Ш , Э.Гансүх нар 27,125,950 төгрөгийг “Үйзэн-Ивээлт ББСБ” ХХК-д төлж барагдуулах, сайн дураар биелүүлээгүй тохиолдолд миний үл хөдлөх хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангахаар шийдвэрлэсний дагуу Ш  нь 2,500,000 төгрөгийг төлсөн. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын томилогдсон “Сэлэнгэ Эстимэйт” ХХК нь хөрөнгө үнэлгээний тайланг зах зээлийн үнээс хэт доогуур 86,500,000 төгрөгөөр үнэлсэн байна. Энэ нь төлбөр төлөгч миний бие нь үл хөдлөх эд хөрөнгийг дуудлага худалдаагаар оруулж үнэлгээний 50 хувиар бодож үнэгүйдүүлж авах сонирхолтой байгаа нь иргэн миний эрхийг зөрчиж байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож тухайн үл хөдлөх эд хөрөнгө болох орон сууцыг үнэлгээний байгууллагаар дахин үнэлгээ хийлгэх хүсэлтэй байх тул гомдлыг хангаж өгнө үү гэжээ.

                                                            ХЯНАВАЛ: 

Анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулсан давж заалдах шатны шүүхийн магадлал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т нийцсэн байна.

Нэхэмжлэгч Ш  нь хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 237 тоот Шинжээч томилох тухай тогтоолын дагуу хийгдсэн “Сэлэнгэ Эстимэйт” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан гэж маргажээ.

БЗД-ийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 2413 дугаар захирамжаар У.Энхтөр, Ш , Э.Гансүх нар нь 27,125,950.00 төгрөгийг нэхэмжлэгч “Үйзэн-Ивээлт ББСБ” ХХК-д 2018 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн дотор төлж барагдуулах, хариуцагч нар сайн дураар дурдсан хугацаанд шүүгчийн захирамжийг биелүүлээгүй тохиолдолд Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, 12 дугаар хороолол, 19 дүгээр байр, 54 тоот хаягт байршилтай, улсын бүртгэлийн Ү-2204091828 дугаартай, 29 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж шийдвэрлэсэн ба гүйцэтгэх бичиг баримтыг үндэслэн хариуцагч байгууллага нь 2018 оны 8 дугаар сарын 22-ны өдөр 18261515 тоот тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэсэн үйл баримт хэрэгт авагдсан баримт, зохигчдын тайлбараар тогтоогджээ.

Төлбөр төлөгч Ш ын өмчлөлийн Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, 12 дугаар хороолол, 19 дүгээр байр, 54 тоот 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг 2018 оны 8 дугаар сарын 29-ний өдөр битүүмжилж, 2018 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр хураан авсан шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанд төлбөр төлөгч гомдол гаргаагүй байна. 

Хариуцагч байгууллага нь үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар дээрх эд хөрөнгийг хураан авсан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.5 дахь хэсэгт нийцэх ба шийдвэр гүйцэтгэгч нь түүнээс үл хөдлөх эд хөрөнгийг худалдан борлуулах үнийн саналаа ирүүлэхийг мэдэгдэхэд Ш  болон “Үйзэн-Ивээлт ББСБ” ХХК үнийн санал ирүүлээгүй, талуудын хэн аль нь хөндлөнгийн шинжээч томилон үнэлгээг тогтоолгох хүсэлтийг гаргаснаас үзэхэд үүрэг гүйцэтгүүлэгч, үүрэг гүйцэтгэгч нар дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийг харилцан тохиролцоогүй гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасныг зөрчөөгүй байна. 

Хариуцагч нь 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 237 тоот Шинжээч томилох тухай тогтоолоор хөрөнгийн үнэлгээний “Сэлэнгэ Эстимэйт” ХХК-ийг шинжээчээр томилсон нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 55 дугаар зүйлийн 55.2.2, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасантай нийцсэн, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа нь хуулиар тогтоосон журмыг зөрчсөн гэх байдал хэргийн баримтаар тогтоогдсонгүй.

“Сэлэнгэ Эстимэйт” ХХК-ийн 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн үнэлгээний тайлангаар Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, 12 дугаар хороолол, 19 дүгээр байр, 54 тоот хаягт байршилтай, улсын бүртгэлийн Ү-2204091828 дугаартай, 29 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг 89,500,000.00 төгрөгөөр үнэлсэн ба нэхэмжлэгч нь тухайн үл хөдлөх хөрөнгийг зах зээлийн үнээс хэт доогуур үнэлсэн гэсэн боловч энэ талаарх баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар шүүхэд ирүүлээгүй, тэрээр өөрийн шаардлага, үндэслэлээ нотолж чадаагүй гэсэн шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв боловч нэхэмжлэгчийн шаардах эрхэд хамааралтай хэрэглэвэл зохих хуулийн зүйл заалтыг хэрэглээгүй алдаа гаргасныг давж заалдах шатны шүүхээс залруулсан нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-т заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн тогтоов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 452 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Нэхэмжлэгчийн хяналтын журмаар гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200.00 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                                    ТАНХИМЫН ТЭРГҮҮН                         Х.СОНИНБАЯР

                                     ШҮҮГЧ                                                    Д.ЦОЛМОН