Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 11 сарын 13 өдөр

Дугаар 132

 

 

 

 

 

2018 оны 11 сарын 13 өдөр

Дугаар 207/МА2018/00132

 

*******ын нэхэмжлэлтэй,

хариуцагч *******д холбогдох

иргэний хэргийн тухай

 

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Баттөр даргалж, шүүгч С.Уранчимэг, Б.Оюунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй,

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 142/ШШ2018/00856 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: *******ын нэхэмжлэлтэй

Хариуцагч: *******д холбогдох,

Орон сууцны гэрчилгээ гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, 4.717.500 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ганбатын гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2018 оны 10 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Оюунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хариуцагч *******, хариуцагчийн өмгөөлөгч О.Сарантуул, нарийн бичгийн дарга У.Сүхбаатар нар оролцов.

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Миний бие 2003 оны 08 дугаар сарын 11-ний өдөр 2 500 000 төгрөг зээлж авсан. Зээлийн гэрээ байгуулж, өөрийн өмчлөлийн Орхон аймаг, Баян-Өндөр сум, Зэст багийн 1-1-50 тоот орон сууцныхаа гэрчилгээг барьцаанд өгсөн юм. Тухайн зээлж авсан мөнгийг миний ойрын хамаатны эгч Пунсал авсан бөгөөд зээлийг хугацаа хэтрүүлсэн хэдий ч бэлэн мөнгө болон УАЗ фургон автомашинаар төлж барагдуулсан. Пунсал эгч Дэлгэрмөрөнтэй уулзахад өрөндөө өгсөн автомашинаа буцааж ав, машин хадгалж байсны төлбөр гээд зөндөө мөнгө нэхээд тохиролцож чадахгүй, миний бичиг баримтыг өгөхгүй байгаа учраас нэхэмжлэл гаргаж байна. Иймд орон сууцны гэрчилгээг *******гөөс гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч ******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Миний бие ******* 2003 оны 08 дугаар сарын 11-ний өдөр *******тай зээлийн гэрээ хийж, ******* нь өөрийн өмч болох 2 өрөө орон сууцыг зээлийн барьцаанд тавьж, тэр үеийн 2 өрөө байрны үнэнд дүйцүүлэн 2 500 000 төгрөгийг, сарын 6 хувийн хүүтэй, 0.2 хувийн алданги төлөхөөр тооцож зээлсэн. Үүнээс хойш ******* Улаанбаатар яваад шилжин огт олдохгүй, өчнөөн жил алга болж зээлсэн мөнгөө огт төлөөгүй мөртлөө одоо надаас байрны гэрчилгээ нэхэж шүүхэд өгсөнд гомдолтой байна. Би өөрийн мөнгөөр хохирч, өдий олон жил явж байхад ******* нь өөртөө огт хамаагүй пургоныг барьцаанд өгсөн гэж ярьж байгаа нь үндэслэлгүй. М.Пунсалдулам нь тусдаа өөрөө 2004 оны 02 дугаар сарын 03-нд 4 000 000 төгрөгийг зээлсэн мөнгөндөө нөхөр Ганбаатарын пургоныг тавьсан.

Хариуцагч ******* шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ:

2003 оны 08 дугаар сарын 11-нд 2 500 000 төгрөгийг сарын 6 хувийн хүүтэй, 2 сар 9 хоногийн хугацаатай зээлсэн. Хугацаа хэтэрвэл алданги тооцохоор гэрээндээ тусгасан. ******* нь уг мөнгийг төлөөгүй тул үлдсэн зээлсэн 2 500 000 төгрөг, хүү 345 000 төгрөг, алданги 1 422 500 төгрөг нийт 4 267 500 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч ******* сөрөг нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа:

*******т холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа 450 000 төгрөгөөр нэмэгдүүлж байна. Учир нь бидний хооронд байгуулсан зээлийн гэрээний хугацааг 2003 оны 11 дүгээр сарын 11-нээс 2004 оны 02 дугаар сарын 11-ний өдрийг хүртэл 3 сарын хугацаатай сунгаж байсан. 2 тал гарын үсэг зурж бичгээр сунгалтыг хийсэн. Иймд 3 сарын хүү 450 000 төгрөгөөр нэмэгдүүлж 4 717 500 гаргуулахаар шаардаж байна гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Батмөнх-Очир сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч байна гэжээ.

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 142/ШШ2018/00856 дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 160 дугаар зүйлийн 160.3-д заасныг баримтлан хариуцагч *******гөөс Орхон аймаг, Баян-Өндөр сум, Зэст баг 1-1-50 тоот, Ү-2101000655 улсын бүртгэлийн дугаартай орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулан нэхэмжлэгч *******т олгож,

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6-д заасныг баримтлан нэхэмжлэгч *******аас 4 095 000 төгрөг гаргуулан хариуцагч *******д олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 622 500 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-д зааснаар зохигчдын улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70 200 төгрөг, 97 380 төгрөгийг төрийн сангийн орлогод тус тус хэвээр үлдээж, хариуцагч *******гөөс 70 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******т, нэхэмжлэгч *******аас 80 470 төгрөг гаргуулан хариуцагч *******д олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ганбат давж заалдсан гомдолдоо:

*******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ганбат би Орхон аймгийн Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018.09.10-ны өдрийн 856 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дугаар заалт, 3 дахь заалтын нэхэмжлэгчид холбогдох хэсгийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

Иргэний хэргийн анхан шатны шүүх хуулийг буруу хэрэглэсэн, хэрэглэх ёсгүй хууль хэрэглэсэн.

Анхан шатны шүүх иргэд хооронд 2003.08.11-ний өдөр байгуулсан зээлийн хүү алданги тооцож 4.095.000 төгрөг тэмдэгтийн хураамж 80.470 төгрөг *******аас гаргуулан хариуцагч *******д олгуулах шийдвэр гаргасан нь хууль бус төдийгүй үндэслэлгүй юм.

2003.08.11-ний өдөр байгуулсан зээлийн гэрээний хөөн хэлэлцэх хугацаа Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т зааснаар дуусгавар болсон байхад шийдвэрлэсэн.

Мөн хөөн хэлэлцэх хугацааг тасалдсан гэж үндэслэх хэсэгт дурдсан бөгөөд 2011 онд шүүх цагдаагийн байгууллагад хандаж байснаар нотлогдож байна гэж үзсэн нь ямар ч хууль зүйн үндэслэлгүй юм. 2011 онд хөөн хэлэлцэх хугацааг тасалдсан гэж үзсэн юм бол 2003.08.11-нээс 2011 оны хооронд даруй 8 жил өнгөрсөн байна.

Хариуцагч ******* хувиараа 1-2 сарын хугацаатай мөнгө хүүлэгч бөгөөд гэрчийн мэдүүлгээр төмөр граж /амбаар/ фургон авто машин авч зээлийн төлбөр хаагдсан гэх мэдүүлэг, мөн хариуцагч өнөөдрийг хүртэл зээлсэн мөнгө ямар нэгэн хэлбэрээр шүүхэд нэхэмжилж байгаагүй нь зээл төлөгдсөнөөр харагдаж байна.

Нэхэмжлэгч ******* тухайн үед зээлийн гэрээ байгуулж байгаагүй нь гэрчийн мэдүүлэг, бусад бичгийн нотлох баримтаар нотлогдож байхад шүүх нотлох баримт тал бүрээс нь бүрэн дүүрэн эргэлзээгүй талаас нь үнэлээгүй.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийн 2 дахь заалт, 3 дахь заалтын нэхэмжлэгч *******т холбогдох хэсгүүдийг тус тус хүчингүй болгож шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч ******* хариуцагч Дэлгэрмөрөнд холбогдуулан өөрийн өмчлөлийн орон сууцны байрны улсын бүртгэлийн гэрчилгээг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан ба хариуцагч нэхэмжлэлээс татгалзаж, зээлийн гэрээний төлбөр 4.717.500 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргажээ.

Нэхэмжлэгч ******* хариуцагч Дэлгэрмөрөнтэй харилцан тохиролцсоны үндсэн дээр 2003 оны 8 дугаар сарын 11-ний өдөр 2.000.000 төгрөгийг 2 сарын хугацаатай, сарын 6 хувийн хүүтэй зээлж, зээлийн барьцаанд Баян-Өндөр сумын Зэст багийн 1-1-50 тоотод байрлалтай, 2 өрөө орон сууцыг барьцаалж улсын бүртгэлд бүртгүүлсэн болох нь зээлийн гэрээ, Орхон аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2018.04.04-ний өдрийн № 426 дугаар албан тоот, зохигчдын тайлбар зэрэг нотлох баримтуудаар нотлогдсон байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд хариуцагч Дэлгэрмөрөн нэхэмжлэгчийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг хуульд заасны дагуу барьцаалсан, нэхэмжлэгч зээлийн төлбөрийг төлж дуусгасан болохоо нотолж чадаагүй байхад шүүх Иргэний хуулийн 160 дугаар зүйлийн 160.3-т Энэ хуулийн 160.1.4, 160.1.5-д зааснаас бусад үндэслэлээр барьцааны эрх дуусгавар болсон бол барьцаалагч барьцааны зүйлийг барьцаалуулагч буюу өмчлөгчид буцаан өгөх үүрэгтэй гэж заасны дагуу барьцааны эрх дуусгавар болсон гэж үзсэн нь буруу байна.

Харин нэхэмжлэгч ******* хариуцагчаас зээлсэн 2.000.000 төгрөг төлж дуусгасан гэсэн үндэслэлээр хариуцагч Дэлгэрмөрөнгөөс өөрийн өмчлөлийн орон сууцны улсын бүртгэлийн гэрчилгээг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Дэлгэрмөрөн хүлээн зөвшөөрч уг гэрчилгээг буцаан өгөхийг зөвшөөрсөн тайлбарыг анхан шатны болон давж заалдах шатны шүүх хуралдааны явцад гаргаж байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасны дагуу хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Нэхэмжлэгч ******* нь хариуцагч Дэлгэрмөрөнгээс зээлсэн мөнгийг эгч Пунсал төлсөн, зээлийн төлбөрт пурган машин өгсөн гэж тайлбарлаж байх боловч энэ талаарх нотлох баримт хэрэгт авагдаагүй байх тул шүүх сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 заасантай нийцсэн байна.

Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ганбатын гаргасан гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна.

Учир нь нэхэмжлэгч ******* нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ нотолж чадаагүй өөрөөр хэлбэл зээлийн гэрээг байгуулаагүй болохыг нотолсон гэрчийн мэдүүлэг, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэсэн бичмэл нотлох баримт хэрэгт авагдаагүй байна.

Нэхэмжлэгч ******* нь зээлийн гэрээний дагуу төлөх төлбөрөө төлөөгүй, гэрээний үүргээ зохих ёсоор биелээгүй байх тул Иргэний хуулийн 79 дугаар зүйлийн 79.1-д Тогтоосон журмаар нэхэмжлэл гаргасан, эсхүл үүрэг хүлээсэн этгээд эрх бүхий этгээдэд урьдчилгаа олгох, хүү төлөх, баталгаа гаргах буюу бусад хэлбэрээр шаардлагыг хүлээн зөвшөөрсөн бол хөөн хэлэлцэх хугацаа тасалдана гэж заасны дагуу шүүх хөөн хэлэлцэх хугацааг тасалдсан гэж үзсэнийг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна.

Дээд дурьдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шийдвэрт зохих өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 142/ШШ2018/00856 дугаар шийдвэрийн 1 дүгээр заалтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар хариуцагч ******* Орхон аймаг Баян-Өндөр сум, Зэст баг, 1-1-50 тоот дугаартай улсын бүртгэлийн Ү-2101000655 дугаартай орон сууц өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ганбатын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 80.500 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.БАТТӨР

ШҮҮГЧИД С.УРАНЧИМЭГ

Б.ОЮУНЦЭЦЭГ