Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 09 сарын 10 өдөр

Дугаар 142/ШШ2018/00856

 

 

 

 

 

2018 оны 09 сарын 10 өдөр

Дугаар 142/ШШ2018/00856

Орхон аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Ариунцэцэг даргалан тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Л.Ц

Хариуцагч: Д.Д

Орон сууцны гэрчилгээ гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, 4 717 500 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг 2018 оны 07 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б, хариуцагч Д.Д , хариуцагчийн өмгөөлөгч О.С , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.С нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Л.Ц шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие 2003 оны 08 дугаар сарын 11-ний өдөр 2 500 000 төгрөг зээлж авсан. Зээлийн гэрээ байгуулж, өөрийн өмчлөлийн Орхон аймаг, Баян-Өндөр сум, № багийн ** тоот орон сууцныхаа гэрчилгээг барьцаанд өгсөн юм. Тухайн зээлж авсан мөнгийг миний ойрын хамаатны эгч Пунсал авсан бөгөөд зээлийг хугацаа хэтрүүлсэн хэдий ч бэлэн мөнгө болон УАЗ фургон автомашинаар төлж барагдуулсан. Ингээд миний байрны гэрчилгээг П эгч авч өгнө гэж өнөөг хүргэсэн бөгөөд одоо надад тухайн бичиг баримт хэрэгтэй болж, Пунсал эгч Д тэй уулзахад өрөндөө өгсөн автомашинаа буцааж ав, машин хадгалж байсны төлбөр гээд зөндөө мөнгө нэхээд тохиролцож чадахгүй, миний бичиг баримтыг өгөхгүй байгаа учраас нэхэмжлэл гаргаж байна. Иймд орон сууцны гэрчилгээг Д.Д гөөс гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч Д.Д шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа болон шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Миний бие Д.Д 2003 оны 08 дугаар сарын 11-ний өдөр Л.Ц зээлийн гэрээ хийж, Л.Ц нь өөрийн өмч болох 2 өрөө орон сууцыг зээлийн барьцаанд тавьж, тэр үеийн 2 өрөө байрны үнэнд дүйцүүлэн 2 500 000 төгрөгийг, сарын 6 хувийн хүүтэй, 0.2 хувийн алданги төлөхөөр тооцож зээлсэн. Үүнээс хойш Л.Ц Улаанбаатар яваад шилжин огт олдохгүй, өчнөөн жил алга болж зээлсэн мөнгөө огт төлөөгүй мөртлөө одоо надаас байрны гэрчилгээ нэхэж шүүхэд өгсөнд гомдолтой байна. Би өөрийн мөнгөөр хохирч, өдий олон жил явж байхад Л.Ц нь өөртөө огт хамаагүй пургоныг барьцаанд өгсөн гэж ярьж байгаа нь үндэслэлгүй. М.П нь тусдаа өөрөө 2004 оны 02 дугаар сарын 03-нд 4 000 000 төгрөгийг зээлсэн мөнгөндөө нөхөр Ганбаатарын пургоныг тавьсан. Үүнийг нотлох тээврийн хэрэгсэлийн гэрчилгээ, П ын өөрийн гараар бичсэн баримтыг хавсаргав. Энэ пургон нь Л.Ц ямар ч хамаагүй болно гэв.

Хариуцагч Д.Д шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: 2003 оны 08 дугаар сарын 11-нд 2 500 000 төгрөгийг сарын 6 хувийн хүүтэй, 2 сар 9 хоногийн хугацаатай зээлсэн. Хугацаа хэтэрвэл алданги тооцохоор гэрээндээ тусгасан. Л.Ц нь уг мөнгийг төлөөгүй тул үлдсэн зээлсэн 2 500 000 төгрөг, хүү 345 000 төгрөг, алданги 1 422 500 төгрөг нийт 4 267 500 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Д.Д сөрөг нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа: Л.Ц холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа 450 000 төгрөгөөр нэмэгдүүлж байна. Учир нь бидний хооронд байгуулсан зээлийн гэрээний хугацааг 2003 оны 11 дүгээр сарын 11-нээс 2004 оны 02 дугаар сарын 11-ний өдрийг хүртэл 3 сарын хугацаатай сунгаж байсан. 2 тал гарын үсэг зурж бичгээр сунгалтыг хийсэн. Иймд 3 сарын хүү 450 000 төгрөгөөр нэмэгдүүлж 4 717 500 гаргуулахаар шаардаж байна гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт зохигчдын тайлбар, бичгийн нотлох баримтыг шинжлэн судлав

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Л.Ц нь хариуцагч Д.Д д холбогдуулан Орхон аймаг, Баян-Өндөр сум, № баг ** тоот орон сууцны үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гаргуулах, хариуцагч Д.Д зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл 4 717 500 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус гаргасан.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б үндсэн нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, хариуцагч Д.Д үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж мэтгэлцэж байна.

Шүүх үндсэн нэхэмжлэлийн шаардлага болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэсэгчилэн хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.

Орхон аймаг, Баян-Өндөр сум, № баг ** тоот, Ү-№№№ улсын бүртгэлийн дугаартай орон сууцны өмчлөгч нь Л.Ц мөн болох нь хэрэгт авагдсан № дугаартай улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар болон лавлагаагаар нотлогдож байх бөгөөд бусдын эзэмшлээс өөрийн хөрөнгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргах эрхтэй. /хх 18, 22/

Зохигчид 2003 оны 08 дугаар сарын 11-ний өдөр 2 500 000 төгрөгийг 2003 оны 08 дугаар сарын 11-ний өдрөөс 2003 оны 10 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл сарын 6 хувийн хүүтэй, хугацаа хэтэрвэл 0.2 хувийн алданги тооцох нөхцөлтэйгээр иргэд хоорондын зээлийн гэрээ байгуулсан байна.

Уг гэрээнд № баг ** , улсын бүртгэлийн дугаар №№№ орон сууцыг барьцаалсан болно гэсэн болох нь хэрэгт нотлох баримтаар ирүүлсэн зээлийн гэрээ болон уг гэрээнд үл хөдлөх хөрөнгийн 27 дугаартай улсын бүртгэгчийн №№№ улсын бүртгэлийг 2003 оны 08 дугаар сарын сарын 11-ний өдөр 15 цаг 35 минутад бүртгэв гэсэн дардас, Улсын бүртгэлийн ерөнхий газрын Орхон аймгийн бүртгэлийн хэлтсээс 2018 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр олгосон 61-№ дугаартай лавлагаанд Орхон аймгийн Баян-Өндөр сум № ** тоот орон сууцны өмчлөгч Л.Ц бөгөөд уг эд хөрөнгөнд өнөөдрийн байдлаар Д.Д тэй байгуулсан 2003 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн зээлийн гэрээнд үүрэг ногдуулсан бүртгэл хийгдсэн байна гэжээ. /хх 35-36, 15,25/

Нэхэмжлэгч түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс дээрх гэрээг байгуулаагүй, хамаатны эгч Пунсал мөнгийг авсан гэж тайлбарлаж байгаа боловч 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа 2003 оны 08 дугаар сарын 11-ний өдөр 2 500 000 төгрөгийг зээлж авсан, орон сууцныхаа гэрчилгээг барьцаанд өгсөн, мөнгийг хамаатны эгч Пунсал авсан боловч төлбөрийг хангалттай төлж дуусгасан гэж мэдүүлсэн байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг би бичсэн бөгөөд нэхэмжлэгч Л.Ц зээлийн гэрээ байгуулаагүй гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй байна. Учир нь итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэгчийг бүрэн төлөөлөх эрхийг хуульд заасан хэлбэрээр олгосон итгэмжлэлийн дагуу олж авах бөгөөд түүний тайлбар, нэхэмжлэлийн шаардлага нь нэхэмжлэгчийг бүрэн төлөөлөх чадвартай байх ёстой юм.

Хариуцагч Д.Д нь хамаатны эгч гэх П тай тусдаа 4 000 000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулсан бөгөөд үүний үүргийн гүйцэтгэлд пургон автомашиныг бариулсан 2003 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн Л.Ц байгуулсан гэрээнд огт хамааралгүй гэж тайлбарлаж байна.

Нэхэмжлэгч болон түүний төлөөлөгчөөс зээлийн гэрээний үүргийг бүрэн төлсөн гэж тооцож байгаа бол мөнгийг хэрхэн яаж төлсөн талаар мэтгэлцээгүй, энэ талаар баримтгүй байгааг, мөн зээлийн гэрээний барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох тухай шаардлагыг шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагын хэлбэрээр гаргаагүй, хүсэлт шийдвэрлэхэд энэ талаар дурдаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.

Иргэний хуулийн 182 дугаар зүйлийн 182.1-д улсын бүртгэлд үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх болон түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийг бүртгүүлнэ, мөн хуулийн 183 дугаар зүйлийн 183.1-д эрх шилжүүлж байгаа этгээдийн нэр дээр улсын бүртгэлд бүртгүүлсэн эрхийг хэлцлийн үндсэн дээр олж авч байгаа этгээд улсын бүртгэлд бичигдсэн тэмдэглэлийг буруу ташаа болохыг мэдэж байсан, эсхүл уг бүртгэлийг буруу ташаа гэж эсэргүүцсэнээс бусад тохиолдолд үнэн зөв гэж тооцно гэсэн байх тул нэхэмжлэгч Л.Цэрэгбаярыг өөрийн өмчлөлийн № багийн ** тоот орон сууцыг Д.Д тэй байгуулсан 2003 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн зээлийн гэрээнд үүрэг ногдуулсан, барьцаанд бариулсан гэж үзнэ.

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6-д зааснаар хариуцагч Д.Д сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргах эрхтэй.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч сөрөг нэхэмжлэлийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч байна.

Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байна гэж заасан боловч мөн хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1-д тогтоосон журмаар нэхэмжлэл гаргасан, эсхүл үүрэг хүлээсэн этгээд эрх бүхий этгээдэд урьдчилгаа олгох, хүү төлөх, баталгаа гаргах буюу бусад хэлбэрээр шаардлагыг хүлээн зөвшөөрсөн бол хөөн хэлэлцэх хугацаа тасалдана гэжээ.

Нэхэмжлэгч Л.Ц гэрээ байгуулсан цагаас хойш энхийг сахиулах ажиллагаанд оролцох гэх мэтээр Монгол улсад тэр бүр байдаггүй, байрны гэрчилгээг авч өгөх талаар хамаатны эгчтэйгээ ярилцдаг байсан талаархи нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, хариуцагч Д.Д гийн ** тоот голын хаалганд байнга очдог байсан, Л.Ц гэртээ байдаггүй байсан, Цагдаагийн газарт өргөдөл өгч, шүүхэд 2011 онд хандаж байсан гэх тайлбараас нэхэмжлэгч нь хаягтаа байхгүй байсан гэж үзэх үндэслэлтэй байна.

Зээлийн гэрээний барьцаанд өөрийн өмчлөлийн орон сууцны гэрчилгээг бариулсан нь баталгаа гаргасан гэж үзэх үндэслэл бүхий байх тул хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан гэж дүгнээд хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас үндсэн зээл, 2 сар 9 хоногийн хүүний төлбөр, алдангийн төлбөрийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй.

Харин 2003 оны 08 дугаар сарын 11-ний өдөр байгуулсан зээлийн гэрээний ард хугацааг 2004 оны 02 дугаар сарын 11-ний өдрийг хүртэл сунгав гэж зохигчид гарын үсэг зурсныг үндэслэн хариуцагч Д.Д нэхэмжлэлийн шаардлагаа 450 000 төгрөгөөр нэмэгдүүлсэн нь үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл хуульд заасан хэлбэрээр гэрээний сунгалтыг хийсэн гэж үзэх үндэслэлгүй байна.

Иймд үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 4 095 000 төгрөгийг /2 500 000+345 000+1 250 000/ хангаж, 622 500 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу шийдвэрлэсэн бөгөөд зохигчдын урьдчилан төлсөн 70 200 төгрөг, 97 380 төгрөгийг тус тус төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Д гөөс 70 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Л.Цэрэгбаярт, нэхэмжлэгч Л.Ц 80 470 төгрөг гаргуулан хариуцагч Д.Д д олгохоор заалаа.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116,118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 160 дугаар зүйлийн 160.3-д заасныг баримтлан хариуцагч Д.Д гөөс Орхон аймаг, Баян-Өндөр сум, № баг ** тоот, Ү-№№№ улсын бүртгэлийн дугаартай орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулан нэхэмжлэгч Л.Ц олгосугай.

2. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6-д заасныг баримтлан нэхэмжлэгч Л.Цэрэгбаяраас 4 095 000 төгрөг гаргуулан хариуцагч Д.Д д олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 622 500 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-д зааснаар зохигчдын улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70 200 төгрөг, 97 380 төгрөгийг төрийн сангийн орлогод тус тус хэвээр үлдээж, хариуцагч Д.Д гөөс 70 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Л.Цэрэгбаярт, нэхэмжлэгч Л.Цэрэгбаяраас 80 470 төгрөг гаргуулан хариуцагч Д.Д д олгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймаг дахь Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигчид шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ Л.АРИУНЦЭЦЭГ