Улсын дээд шүүхийн Тогтоол

2020 оны 05 сарын 27 өдөр

Дугаар 203

 

БНХАУ-ын “Ch e e

 g n p c e CO.,LTD” компанийн

нэхэмжлэлтэй, Эрчим хүчний яам,

Эрчим хүчний яамны Тендерийн

 үнэлгээний хороонд холбогдох

захиргааны хэргийн тухай

        Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

       Даргалагч, шүүгч          Ч.Тунгалаг

       Шүүгчид:                       М.Батсуурь

                                              Б.Мөнхтуяа

                                              Д.Мөнхтуяа

       Илтгэгч шүүгч:              Г.Банзрагч

       Нарийн бичгийн дарга: Т.Даваажаргал

Нэхэмжлэлийн шаардлага: “Эрчим хүчний яамны 2019 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн В/2478 дугаар шийдвэрийг хүчингүй болгох нэхэмжлэлийн үндсэн шаардлага гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Түлхүүр гардуулах гэрээгээр Чойбалсангийн дулааны цахилгаан станцын суурилагдсан хүчин чадлыг 50МВТ-аар өргөтгөх төслийн ажлын зураг төсөл боловсруулах, тоног төхөөрөмж нийлүүлэх, барилга угсралтын ажлыг гүйцэтгэх ашиглалтад хүлээлгэн өгөх гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийн Үнэлгээний хорооны 2019 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн Сангийн яамны 6-1/3778 тоот албан бичгийн шийдвэрийг үндэслэн, уг тендерт “Т” ХХК-ийн тендерийг хамгийн сайн гэж үнэлсэн шийдвэрийг хүчингүй болгох, ЭХЯ-ны “Т” ХХК-тай гэрээ байгуулах эрх олгосон шийдвэрийг хүчингүй болгох”

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 128/ШШ2020/0068 дугаар шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 182 дугаар магадлал,

Шүүх хуралдаанд оролцогч: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Н, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ү.М, өмгөөлөгч Д.Д нарыг оролцуулж,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

       Өмнөх шатны шүүхийн шийдвэр

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 128/ШШ2020/0068 дугаар шийдвэрээр: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.8-д зааснаар Түлхүүр гардуулах гэрээгээр Чойбалсангийн дулааны цахилгаан станцын суурилагдсан хүчин чадлыг 50МВТ-аар өргөтгөх төслийн ажлын зураг төсөл боловсруулах, тоног төхөөрөмж нийлүүлэх, барилга угсралтын ажлыг гүйцэтгэх ашиглалтад хүлээлгэн өгөх гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийн Үнэлгээний хорооны 2019 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн Сангийн яамны 6-1/3778 тоот албан бичгийн шийдвэрийг үндэслэлтэй гэж үзсэн, уг тендерт “Т” ХХК-ийг хамгийн сайн гэж үнэлсэн шийдвэрийг хүчингүй болгох, ЭХЯ-ны “Т” ХХК-тай гэрээ байгуулах эрх олгосон шийдвэрийг хүчингүй болгох нэхэмжлэгчийн нэмэгдүүлсэн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, Төрийн болон орон нутгийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4-т зааснаар Эрчим хүчний яамны 2019 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн В/2478 дугаар шийдвэрийг хүчингүй болгох нэхэмжлэлийн үндсэн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 182 дугаар магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 68 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисон.

Хяналтын журмаар гаргасан гомдол

3. ...Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 182 дугаартай магадлалыг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй гэж дүгнэсэн нь хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн үндэслэлд хамаарна гэж нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Учир нь “шүүх Эрчим хүчний яамны 2019 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн В/2478 дугаартай шийдвэрийг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлэхдээ Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийг шалгана” гэж давж заалдах шатны шүүхээс хуулийг тайлбарласан нь үндэслэлгүй бөгөөд мөн хуулийн 27 дугаар зүйлийг шалгахаас гадна тус харилцаатай холбоотойгоор үнэлгээний хорооны шийдвэр үйл ажиллагаатай холбоотой холбогдох зохицуулалтыг шалгах шаардлагатай.

4. Тодруулбал, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.1, 46.1.2, 46.1.3, 47 дугаар зүйлийн 47.2.2-т зааснаас тус тус үзвэл захиалагч нь үнэлгээний хороог байгуулж, түүний шийдвэр үйл ажиллагаанд хяналт тавьсны үндсэн дээр үнэлгээний хорооны дүгнэлтэд үндэслэн холбогдох шийдвэрээ гаргах эрх зүйн зохицуулалттай байна. Мөн Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4, 29 дүгээр зүйлийн 29.1, 46 дугаар зүйлийн 46.4-т зааснаас тус тус үзвэл маргаан бүхий акт болох Эрчим хүчний яамны 2019 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн В/2478 дугаартай шийдвэр нь захиалагчийн дангаар гаргасан шийдвэр бус үнэлгээний хорооны дүгнэлтийг үндэслэж, үнэлгээний хорооны шийдвэрийг хууль зөрчөөгүй, хууль тогтоомжид нийцсэн эсэхийг хянан үзэж гаргасан захиргааны акт юм.

5. Эрчим хүчний яамны В/2478 дугаартай албан бичиг /захиргааны акт/-тэй холбоотойгоор үнэлгээний хорооны шийдвэр үйл ажиллагаа, тендер шалгаруулалттай холбоотой бүхий л үйл баримт нь маргааны зүйл болох бөгөөд бие даан салган авч үзэх боломжгүй. Иймээс үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг гаргаснаар үнэлгээний хорооны шийдвэр үйл ажиллагаа, бусад үйл баримтад нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа Захиргааны ерөнхий хуулийн 33 дугаар зүйлийн 33.15-д “Иргэн хуулийн этгээд тогтоосон журмаар гомдол гаргасан ...бол хөөн хэлэлцэх хугацаа тасалдана.” гэж заасны дагуу хөөн хэлэлцэх хугацаа тасалдаж 33 дугаар зүйлийн 33.16-д “хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан бол өмнө өнгөрсөн хугацааг тооцохгүй” гэж заасны дагуу нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагатай холбоотойгоор тасалдсан хөөн хэлэлцэх хугацааг тооцохгүй. Иймд шүүх нэхэмжлэгчийн нэмэгдүүлсэн шаардлагыг хүлээн авахаас татгалзсан нь хуулийг буруу хэрэглэсэн үндэслэлд хамаарч байна гэж үзэх боломжтой.

6.  Дээрх хууль зүйн зохицуулалтаас үзвэл давж заалдах шатны шүүхээс тус тусдаа өөр харилцааны шинжийг агуулсан гэж үзэж хуулийг буруу тайлбарлаж нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй юм. Давж заалдах шатны шүүхийн магадлалаар Сангийн яамны 2019 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 6-1/3778 тоот албан бичгийг дэлгэрүүлэн тайлбарласан нь үндэслэлгүй. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.6-д “Тендерийн баримт бичигт өөрөөр заагаагүй бол тендерийн үнэд татвар, даатгал, тээвэрлэлтийн болон гэрээ хэрэгжүүлэхтэй холбогдон гарах бусад бүх зардлыг багтааж тооцох бөгөөд эдгээр зардлыг тендерийн үнэд тусгайлан тооцоогүй бол захиалагч тухайн зардлыг тендерийн үнэд багтсан гэж үзнэ.” гэж заасан, Үнэлгээний хорооны 2019 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 05 дугаартай тэмдэглэлд СИП нөхцөл дотор татварууд, тээвэрлэлтийн зардал, даатгалын зардал бусад зардлууд багтдаг, ТОӨЗ-ийн 14.1, 14.2 дээр захиалагч, гүйцэтгэгч талын үүргийг заасан, захиалагч гүйцэтгэгч талуудын татварын үүргийг тендерийн баримт бичигт тусгаагүй тохиолдолд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.6 дахь заалтаар зохицуулагдана гэж шийдвэрлэсэн байхад татварын үнэ болон техникийн нөхцөлийн үнийг оруулан тооцоогүй үндэслэлээр тендерээс татгалзсан нь буруу юм.

7. Нэхэмжлэгч нь тендерийн баримт бичигт заасан маягтын үндсэн шаардлагыг хангаж өөрийн үнийг тодорхойлсон учир уг үнийг тендерийн үнэ гэж үзэх боломжтой байна. Тендерт оролцогч нарын зүгээс татвар болон техникийн зардлыг оруулан тооцоогүй тохиолдолд Үнэлгээний хороо үнэлгээ хийхдээ 28 дугаар зүйлийн 28.7.1-д заасны дагуу харьцуулсан үнийг үнэлгээний хороо тодорхойлж тендер шалгаруулалтыг явуулах ёстой байсан боловч энэ үйл ажиллагааг явуулаагүй нь тендер шалгаруулалтын явцад гаргасан ноцтой алдаанд тооцогддог. Ижил төстэй байгаль, цаг агаарын нөхцөл бүхий гадаад оронд тухайн ажлыг гүйцэтгэж байгаагүй үндэслэлийг нэхэмжлэгчийн тендерээс татгалзах үндэслэл болгосон нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн өрсөлдөх тэгш боломжтой байх зарчимд нийцээгүй тул тендерээс татгалзах гол үндэслэл болох учиргүй.

8. Уг шаардлага нь худалдан авах ажиллагаанд төлөвлөх, бэлтгэх, хэрэгжүүлэх, хяналт тавих болон бусад үүрэгтэй оролцож байгаа төрийн албан хаагчийн хүлээх үүрэг болох Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.1-д “шударга өрсөлдөх нөхцөлийг бүрдүүлэх” гэж заасныг зөрчсөн. Ижил төстэй цаг агаарын нөхцөлд гүйцэтгэсэн гэдэг шаардлага тавьсан бол түүнд хамаарах нийтлэг шаардлага болох температурын хэмжээг заан шалгуур үзүүлэлтийг хангасан эсэхэд дүгнэлт хийх учиртай. Температурын нөхцөл байхгүй учраас уг үндэслэлээр тендерээс татгалзах боломжгүй, уг асуудлаар ч тендерийн хорооны тэмдэглэлд дурдсан зүйл байдаггүй. Дээрхээс дүгнэвэл давж заалдах шатны шүүхээс тендерийн баримт бичиг болон тендерийн материалд дүгнэлт хийхдээ хэт нэг талыг барьж дүгнэлт хийсэн, үнэлгээний хорооны дүгнэлт, Сангийн яамны гомдол шийдвэрлэсэн албан бичгийг дэлгэрүүлэн тайлбарлаж уг тендерт дахин үнэлгээ хийсэн гэж үзэж байна. Үнэлгээний хорооны 2019 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 07 дугаартай шийдвэрийг гаргахдаа үнэлгээний хороо хууль бус бүрэлдэхүүнтэйгээр шийдвэрлэсэн.

9. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.6-д заасан шаардлагыг үнэлгээний хорооны гишүүн Б.Е-Ө хангаагүй буюу сертификатын хугацаа дууссан. Д.Б, Б.О нарын мэргэшсэн байдлыг нотлох баримт авагдаагүй учир эдгээр гурван гишүүдийг саналын эрхгүй этгээд гэж үзэх боломжтой. Тухайн өдрийн хуралдаанд Д.Б, Б.О нар оролцоогүй, 76 хувийн ирцтэйгээр буюу саналын эрхгүй этгээдийг оролцуулж тооцвол 69 хувийн ирцтэйгээр үнэлгээний хорооны хуралдааныг явуулсан байдаг. Сангийн яамны 2014 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 212 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтын 4.2-д “үнэлгээний хорооны дарга,  мөн нарийн бичгийн дарга бусад гишүүдийн дийлэнх олонх буюу 75 хувиас дээш ирцтэйгээр оролцсон тохиолдолд хүчин төгөлдөрт тооцогдоно” гэж зааснаар Үнэлгээний хорооны 2019 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 07 дугаартай шийдвэр хүчингүй болох учиртай.

10. Гэвч давж заалдах шатны шүүхээс суурь мэдлэг олгох сургалтад хамрагдан авсан гэрчилгээний хугацаа 2018 оны 05 дугаар сарын 18-ны өдөр дууссан нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.6-д заасан шаардлагыг хангаагүй гэж үзэх үндэслэл болохгүй гэж дүгнэсэн нь хуулийг буруу тайлбарласан, тухайн этгээдийн мэргэшсэн байдлыг хүлээн зөвшөөрсөн тэмдэглэл байхгүй, мөн хэдэн удаагийн тендерийн үнэлгээний хороонд оролцсон нь тодорхойгүй байхад нотлох баримтад үндэслээгүй тайлбар хийсэн. Мөн тендер шалгаруулалтыг явуулахдаа батлагдсан төсөвт өртөг тодорхойгүй байхад явуулсан, 2020 оны улсын төсөвт тухайн тендертэй холбоотой хөрөнгө төсөвлөгдсөн, төсөвт өртөг тодорхойгүй байхад Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 20.4 дүгээр зүйлийн 20.4.2-т “...батлагдсан төсөвт өртгийн 1-2 хувиар тогтоож.” гэж заасныг хэрхэн хэрэглэж тендерийн баталгааны хэмжээг тогтоосон эсэх нь тодорхойгүй, мөн хуулийн 46 дугаар зүйлд заасан батлагдсан төсөвт үр ашигтай төлөвлөх, хөрөнгийн эх үүсвэр батлагдсаны дараа худалдан авах ажиллагааг эхлүүлэх зэрэг хуульд заасан үүргээ захиалагч зөрчиж хуулийн 6.1-д заасан хариуцлагатай байх зарчмыг хангаж ажиллаагүй зэрэг зөрчлүүд илэрдэг.

11. Дээрхээс дүгнэвэл Эрчим хүчний яамны В/2478 дугаартай албан бичиг /захиргааны акт/, Үнэлгээний хорооны 2019 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 07 дугаартай шийдвэр буюу Сангийн яамны 6-1/3778 тоот албан бичгийн шийдвэрийг үндэслэлтэй гэж үзсэн, уг тендерт “Т” ХХК-ийг хамгийн сайн гэж үнэлсэн шийдвэрүүд нь хууль тогтоомж зөрчсөн, “Ch e e g n p c e CO.,LTD” компанийн тендерийг татгалзсан нь үндэслэлгүй байна. Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

12. Шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна.

13. Нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага болох хариуцагчийн “2019 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Түлхүүр гардуулах гэрээгээр Чойбалсангийн дулааны цахилгаан станцын суурилагдсан хүчин чадлыг 50МВТ-аар өргөтгөх төслийн ажлын зураг төсөл боловсруулах, тоног төхөөрөмж нийлүүлэх, барилга угсралтын ажлыг гүйцэтгэх ашиглалтад хүлээлгэн өгөх гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийн Үнэлгээний хорооны 2019 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн Сангийн яамны 6-1/3778 тоот албан бичгийн шийдвэрийг үндэслэн, уг тендерт “Т” ХХК-ийн тендерийг хамгийн сайн гэж үнэлсэн шийдвэрийг хүчингүй болгох, ЭХЯ-ны “Т” ХХК-тай гэрээ байгуулах эрх олгосон шийдвэрийг хүчингүй болгох” нэхэмжлэлийг “шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн” гэсэн үндэслэлээр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.8-д заасан үндэслэлээр хүлээн авахаас татгалзсан шүүхүүдийн шийдэл зөв байна.

14. Учир нь, дээрх маргаан бүхий актууд нь нэхэмжлэгчийг “шаардлага хангаагүй” гэсэн үндэслэлээр татгалзсаныг мэдэгдсэн Эрчим хүчний яамны 2019 оны В/2478 дугаар шийдвэрээс тусдаа буюу гуравдагч этгээдэд чиглэсэн эрх зүйн үр дагавартай, бие даасан захиргааны актууд байх тул тэдгээрийг хүчингүй болгуулахаар шаардсан нэхэмжлэлийг хүлээн авах эсэхийг шүүх шийдвэрлэхдээ Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1 дэх хэсгийг бүхэлд нь шалгах учиртай.

15. Түүнчлэн, Захиргааны ерөнхий хуулийн 33 дугаар зүйлийн 33.14-т зааснаар “Иргэн, хуулийн этгээдээс захиргааны актад гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааг энэ хуулийн 94 дүгээр зүйлд зааснаар, захиргааны хэргийн шүүхэд хандаж нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар тодорхойлно”, өөрөөр хэлбэл мөн хуулийн 33.15. “Иргэн, хуулийн этгээд тогтоосон журмаар гомдол гаргасан, ... бол хөөн хэлэлцэх хугацаа тасалдана” гэсэн зохицуулалт нь маргаан бүхий актын талаар (дээд шатны) захиргааны байгууллагад гомдол гаргасан тохиолдолд хамаарах зохицуулалт юм. Тодруулбал, хуульд заасан журмаар /ЗЕХ-ийн 94/ гомдол гаргасан бол түүнийг эрх бүхий этгээдээс шийдвэрлэж дуусах хүртэл хөөн хэлэлцэх хугацаа тасалдах бөгөөд эрх бүхий этгээдээс хуульд заасан хугацаанд шийдвэрлэсэн, эсхүл шийдвэрлээгүй эс үйлдэхүй гаргаснаас хойш 30 хоногийн дотор шүүхэд нэхэмжлэл гаргах учиртай /ЗХШХШТХ-ийн 54.1.8, 14.1-14.4/. Гэтэл нэхэмжлэгчийн хувьд нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагаар маргаж байгаа захиргааны актуудыг хүчингүй болгуулахаар эрх бүхий захиргааны байгууллагад хандсан, түүнээс хойш хуульд заасан хугацаанд нэхэмжлэл гаргасан” гэж маргаагүй, энэ үйл баримт тогтоогдоогүй байна.

16. Иймд, “...үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг гаргаснаар үнэлгээний хорооны шийдвэр үйл ажиллагаа, бусад үйл баримтад нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа Захиргааны ерөнхий хуулийн 33 дугаар зүйлд зааснаар тасалдах ёстой байтал шүүх нэмэгдүүлсэн шаардлагыг хүлээн авахаас татгалзсан нь хуулийг буруу хэрэглэсэн...” гэсэн утгатай энэ тогтоолын Тодорхойлох хэсгийн 3-5-д заасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан /мөн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн нэмэлт тайлбар дахь/ гомдлыг хангах үндэслэлгүй.

17. Маргаан бүхий акт болох Эрчим хүчний яамны 2019 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн В/2478 дугаар мэдэгдэл болон түүний үндэслэл болсон Үнэлгээний хорооны дүгнэлтийг шүүхүүд захиргааны акт мөн, эсхүл биш гэж салгаж дүгнээгүй, харин аль алиных нь үндэслэлийг хамтад нь анхан шатны шүүхээс “... маргаан бүхий мэдэгдэл нь Тендерийн үнэлгээний хорооны 2019 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн Үнэлгээний хорооны шийдвэрийн үр дүнгээс шалтгаалж Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4-д зааснаар татгалзсан тухай мэдэгдсэн байх бөгөөд Тендерийн хууль, тендерийн баримт бичигт заасан нэхэмжлэгч ижил төрлийн ажил үйлчилгээ гүйцэтгэсэн, техникийн хяналтын зардлыг тусгайлан тооцож ирүүлээгүй талаар дүгнэж татгалзсан нь нэхэмжлэгчийн эрхийг зөрчөөгүй...” гэсэн нь агуулгын хувьд Үнэлгээний хорооны татгалзсан дүгнэлт үндэслэлтэй тул түүнийг мэдэгдсэн маргаан бүхий акт хууль ёсны гэж дүгнэсэн байна.

18. Мөн давж заалдах шатны шүүхээс үүнийг тодруулж, “...тендерийн баримт бичгийн 17.1, 17.5-д заасныг зөрчиж тендерийн үнийн саналаа татвар ороогүй дүнгээр тодорхойлсон нь нэхэмжлэгчийн гаргаж ирүүлсэн баримтаар /Санхүүгийн санал Боть III Нэгтгэсэн төсөв/ нотлогджээ...” гэх зэргээр хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үнэлэн, Үнэлгээний хорооны татгалзсан дүгнэлтийн үндэслэл бүрийг хянасны үндсэн дээр маргаан бүхий акт хууль ёсны гэж дүгнэжээ.

19. Иймд, “үнэлгээний хорооны шийдвэрийг шүүх хамтад нь хянан үзэж хууль зөрчсөн эсэх дээр дүгнэлт өгөх зайлшгүй шаардлагатай байсан, хууль бусаар татгалзсан, үнэлгээ хийхдээ Үнэлгээний хороо Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.7.1-д заасны дагуу харьцуулсан үнийг үнэлгээний хороо тодорхойлж явуулах ёстой байсан”  гэх зэрэг энэ тогтоолын Тодорхойлох хэсгийн 6-8-д заасан нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хяналтын гомдлыг хангах боломжгүй.

20. Үнэлгээний хорооны гишүүний гэрчилгээний хугацаа дууссан байсан нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.6-д заасан шаардлагыг хангаагүй гэж үзэх үндэслэл болохгүй, Үнэлгээний хорооны шийдвэрийн хүчин төгөлдөр байдалд нөлөөлөхгүй талаарх давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй тул “саналын эрхгүй этгээдийн оролцоотойгоор гаргасан Үнэлгээний хорооны шийдвэр хууль бус” гэсэн /Тодорхойлох хэсгийн 9-10/ гомдлыг хангах үндэслэлгүй.

21. Мөн нэхэмжлэгч нь тендерийн баримт бичгийг хүлээн зөвшөөрч, тендерт оролцсоныхоо дараа хяналтын журмаар гаргасан гомдолдоо “…тендер шалгаруулалтыг явуулахдаа батлагдсан төсөвт өртөг тодорхойгүй байхад явуулсан, 2020 оны улсын төсөвт тухайн тендертэй холбоотой хөрөнгө төсөвлөгдсөн, төсөвт өртөг тодорхойгүй байхад Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 20.4 дүгээр зүйлийн 20.4.2-т “...батлагдсан төсөвт өртгийн 1-2 хувиар тогтоож.” гэж заасныг хэрхэн хэрэглэж тендерийн баталгааны хэмжээг тогтоосон эсэх нь тодорхойгүй, мөн хуулийн 46 дугаар зүйлд заасан батлагдсан төсөвт үр ашигтай төлөвлөх, хөрөнгийн эх үүсвэр батлагдсаны дараа худалдан авах ажиллагааг эхлүүлэх зэрэг хуульд заасан үүргээ захиалагч зөрчиж хуулийн 6.1-д заасан хариуцлагатай байх зарчмыг хангаж ажиллаагүй...” гэх зэргээр /Тодорхойлох хэсгийн 10/ маргаж байгаа нь ойлгомжгүй бөгөөд үндэслэлгүй байна.

22. Иймд, шүүх бүрэлдэхүүн нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангалгүй орхиж, шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээхээр тогтов.     

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 128/ШШ2020/0068 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 182 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Ч.ТУНГАЛАГ

                        ШҮҮГЧ                                                                    Г.БАНЗРАГЧ