Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 03 сарын 21 өдөр

Дугаар 001/ХТ2017/00316

 

                                                   Арддаатгал ХХК-ийн нэхэмжлэлтэй,

                                                             иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Г.Цагаанцоож  даргалж, шүүгч  Ц.Амарсайхан,  Б.Ундрах, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 181/ШШ2016/01080дугаар шийдвэр,                                                                                                                 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 143 дугаар магадлал,

Нэхэмжлэгч : Арддаатгал ХХК,

Хариуцагч : Үлэмж ХХК,

Хариуцагч : Шангри-Ла Улаанбаатар Хотел ХХК,

Нэхэмжлэлийн шаардлага : 2011.6.03-ны өдрийн 11/01/157 тоот даатгалын гэрээ, болон  даатгалын баталгааг тус тус хүчин төгөлдөр бус гэж  тооцуулах тухай

Нэхэмжлэгчийн гаргасан гомдлоор

Шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч А.Батболд, Г.Уранцэцэг, нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Арддатгаал ХХК болон Үлэмж ХХК нар 2011.6.03-ны өдөр 11/01/157 тоот Даатгалын гэрээ байгуулсан. Иргэний хуулийн 431.1, Даатгалын тухай хуулийн 4.1.3, 4.1.5, 10.1.4-т хураамж төлөх талаар заасан.  Гэрээг  2011.9.05-ны өдрийн 00.00 цагаас 2012.3.04-ний өдрийн 24.00 цаг хүртэл 6 сарын  хугацаатай байгуулсан бөгөөд энэ нь гуравдагч этгээдэд ашигтайгаар даатгах даатгалын төрөлд хамаарна. СЗХ-ноос 2012.12.12-ны өдрийн Сайн дурын даатгалын хэлбэрийг шинэчлэн батлах тухай 356 тогтоолын хавсралтын 1.13-т итгэлцлийн даатгалын бүтээгдэхүүнийг тодорхойлсон. Итгэлцлийн даатгал нь аливаа гэрээ, хэлцлээр хүлээсэн үүрэг зөрчигдсөнтэй холбоотой үүсэх алдагдал, зардлыг даатгагч даатгалын гэрээнд заасан эрх бүхий этгээдэд мөнгө төлбөр төлөх нөхцөл бүхий даатгал бөгөөд гүйцэтгэлийн баталгааны даатгал үүнд хамаарна. Гүйцэтгэлийн баталгааны даатгалын гэрээгээр даатгуулагч нь өөрийн нэрийн өмнөөс бусад этгээдэд ашигтайгаар даатгалын гэрээ байгуулах бөгөөд энэхүү гэрээний үндсэн дээр үүсэх гэрээнд заасан бүхий л эрх ашиг сонирхол нь даатгагдсан этгээд буюу ашиг сонирхол бүхий этгээд эдэлнэ.Даатгагч даатгуулагчтай байгуулсан даатгалын гэрээний үндсэн дээр ашиг сонирхол бүхий этгээдэд даатгалын баталгаа гаргаж өгдөг. Даатгуулагч нь гэрээнд заасны дагуу даатгалын хураамжийг даатгалын гэрээ батлагдсанаас хойш ажлын 5 хоногт багтаан  төлөх үүрэг хүлээсэн. Даатгалын гэрээний 10.2.1-т Даатгуулагч даатгалын хураамжийг хугацаанд нь төлөөгүй. Иймд, 2011.6.03-ны өдрийн 11/01/157 тоот даатгалын гэрээ болон  даатгалын баталгааг хүчин төгөлдөр бус гэж   тооцож  өгнө үү гэжээ.

Хариуцагч Үлэмж ХХК шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Гэрээнд заасан төлбөрийг манай компани цаг тухайд нь төлж байсан ба шаардлагаа нэхэмжлэгч нотолж чадаагүй. Мөн хураамж төлөөгүй гээд гэрээг хүчин төгөлдөр бусд тооцох хуулийн зохицуулалт байхгүй. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Шангри-Ла Улаанбаатар Хотел ХХК шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Үүний дагуу Үлэмж ХХК нь Арддаатгал ХХК-иар батлан даалт гаргуулсан, Энэ нь Иргэний хуулийн 458 дугаар зүйлд заасан батлан даалтын гэрээ болно. Гэтэл нэхэмжлэгч Ард даатгал ХХК нь энэхүү батлан даалтын гэрээгээ Арддаатгал ХХК ба Үлэмж ХХК нарын хооронд 2011.6.03-ны өдер байгуулагдсан 11/01/157 тоот "Даатгалын гэрээ"-ний "Даатгалын баталгаа" гэж тайлбарласан байна. Бидний хувьд Ард даатгал ХХК-иас 2011.9.05-иы өдөр гаргаж өгсөн Бондын батлан даалтыг хуулийн зохицуулалт, гэрээний агуулга зэрэг аль ч талаас нь авч үзсэн Ард даатгал ХХК ба Үлэмж ХХК нарын хооронд байгуулагдсан 11/01/157 тоот даатгалын гэрээний Баталгаа" гэж үзэх үндэслэлгүй байна, Арддаатгал ХХК ба Үлэмж ХХК нарын хоорондох гэрээний 7.1-д зааснаар тус гэрээг батлагдсан өдрөөс хойш ажлын 5 хоногт багтаан даатгалын хураамжийг даатгагчид төлөхөөр талууд тохиролцсоны зэрэгцээ гэрээний 10.2.1-д зааснаар "даатгуулагч нь даатгалын хураамжийг төлөөгүй тохиолдолд даатгагч гэрээг өөрийн санаачлагаар цуцлах эрхтэй" байхаар зохицуулсан байна. Үүнээс хойш гурван сарын дараа буюу 2011.9.05-ны өдөр батлан даалт гаргаж өгсөн байдаг. Эндээс харахад даатгалын гэрээ болон батлан даалтын гэрээ нь өөр хоорондоо аливаа хамааралгүй хэлцлүүд болохыг давхар нотлогдож байна. Мөн нэхэмжлэлд дурдсан үндэслэлээр Арддаатгал ХХК ба Үлэмж ХХК нарын хооронд байгуулагдсан 11/01/157 тоот гэрээний 7.1-д зааснаар тус гэрээг батлагдсан өдрөөс хойш ажлын 5 хоногт багтаан даатгалын хураамжийг даатгагчид төлөхөөр талууд тохиролцсоны зэрэгцээ гэрээний 10.2.1-д зааснаар төлбөрийг төлөөгүй бол гэрээг цуцлахыг заасан. Үүнээс хойш гурван сарын дараа буюу 2011.9.05-ны өдөр батлан даалт гаргаж өгсөн байдаг. Эндээс харахад даатгалын гэрээ болон батлан даалтын гэрээ нь өөр хоорондоо аливаа хамааралтгүй хэлцүүд болохыг давхар нотлогдож байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 181/ШШ2016/01080 дугаартай шийдвэр гаргаж, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 431 дүгээр зүйлийн 431.1 дэх хэсэгт заасныг баримтлан Үлэмж ХХК болон Шангри-Ла Улаанбаатар Хотел ХХК-нд холбогдох  нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 6.407.966 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2017 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 143 дугаартай магадлал гаргаж, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 181/ШШ2016/01080 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээжээ. 

Нэхэмжлэгч хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Үлэмж ХХК-ийн зүгээс тендерээр ажил авахаар Шангрила Улаанбаатар Хотел ХХК-д материалаа өгсөн байгаа, эхлээд уралдаант шалгаруулалтаар авах гэж буй ажлын нийт үнийн дүнгийн 10 хувьтай тэнцэх 1.250.000.000 төгрөгийн өртөг бүхий Байгууллагын бүтээгдэхүүн үйлчилгээний даатгалын гэрээг тодорхой хугацаагаар байгуулъя, ажлаа авмагц даатгалын баталгаагаа авна" гэсэн тул 11/01/157 дугаартай гэрээг байгуулсан. Иймээс гэрээний 3.1 дэх заалтад үйлчлэх хугацааг тогтоосон. Үлэмж ХХК нь Дэд гэрээлэгчийн хувьд Шангри-Ла Улаанбаатар Хотел ХХК-тай байгуулсан Дэд гэрээний хэлэлцээрийн /хх 71/ 7 дугаар заалтаар “Баталгааны бондын хэлбэрийг захиалагч батална” гэж заасан тул Шангри-Ла Улаанбаатар Хотел ХХК-ийн бэлтгэсэн англи хэл дээр үйлдсэн бичиг дээр баталгаа нь үйлдэгдсэн. Гэрээний 9-т бондын үнийн дүн дэд гэрээний дунгийн 10 хувь байна гэж заасан. Дэд гэрээлэгч нь 2012.7.09-ний өдөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. Гэтэл бидний маргаж байгаа "Баталгааны бичиг" дээр 2011.5.25-ны өдөр Үлэмж ХХК дэд гэрээлэгчээр шалгарсан тухай Захиалагч зөвшөөрсөн тухай Арддаатгал ХХК-ийн гүйцэтгэх захирал  гарын үсэг зурсан байгаа хх229-234 хуудаст байгаа баримт дээр он, сарыг гараар нөхөж бичсэн байгаа нь нотлох баримт хуурамч гэж үзэж байна. Манайхаас 1.250.000.000 төгрөгийг шүүхээс нэхэмжилж байгаа бөгөөд үндэслэлээ Батлан даалтын гэрээ байгуулсан гэж тайлбарладаг. Иймд, манай зүгээс дээр дурьсан даатгалын гэрээ, энэ гэрээний дагуу үйлдэгдсэн даатгалын баталгааг хүчин төгөлдөр бусд тооцуулахаар тусдаа нэхэмжлэл гаргасан. Даатгалын баталгааг Уянга гэгч орчуулахдаа буруу орчуулга хийсэн. Хавтаст хэргийн 61, 67, 69, 101, 152 дугаар хуудсуудад англиар бичигдсэн гэрээ нь 74, 80, 82, 172, 223 дугаар хуудасны монгол хэлний орчуулгатай дараахи байдлаар зөрүүтэй орчуулагдсан.  Хх67 хуудаст байгаа "Surety bond” гэсэн үгийг 82 дугаар хуудаст “Баталгааны бонд” гэж орчуулжээ. Гэтэл 101 дүгээр хуудаст байгаа "Surety bond” гэсэн үгийг 172 дугаар хуудаст “бондын батлан даалт” гэж санаатайгаар гуйвуулан орчуулсан байна. Харин дотор нь бичигдсэн зүйлийг Дэд гэрээлэгч нь банк эсвэл даатгалын компаниар баталгааг авч болно гэж шууд утгаа нь зөв орчуулан байна. Мөн хэргийг 152 дугаар хуудаст байгаа 14-ийн 23 дахь заалтыг “surety bond warranty” гэдэг үгийг 223 дугаар хуудаст батлан даалт ба баталгаа гэж буруу орчуулсан байна."Surety bond”  болон "Bondsman" гэдэг нь монгол хэлэнд аль ч утгаараа батлан даагч бус баталгаа гаргагч, бонд гаргагч гэж утга агуулгыг илэрхийлдэг. "Surety bond” гэдэг ойлголтыг өргөн хэрэглэдэг эх газар АНУ болон Англи улсуудад "Surety bond” гэж даатгалын тусгай зөвшөөрөлтэй, санхүүгийн үзүүлэлтийн шалгуур үзүүлэлттэй, хөндлөнгийн тогтмол хяналт тавигдаж, аудит хийлгэх төлбөрийн чадвар, тусгайлсан нөөц хөрөнгөтэй даатгалын төрлийн компани гаргадаг баталгааны хэрэгсэл болно. 3. Манай компанийн зүгээс даатгалын баталгааг шилжүүлээгүй, харин Шангри-Ла Улаанбаатар Хотел ХХК-д Үлэмж ХХК даатгал хийлгэсэн тухай баталгааг олгосон юм. хх 31-234 хуудаст авагдсан 2011.9.05-ны өдрийн “By this bond”гэж эхэлсэн байхад 229 хуудаст байгаа орчуулга нь "Хавсралт В-Үлэмжийн бондын батлан даалт" гэж үг гарчиг нэмэн орчуулагдсан байна. Ингэснээр Арддаатгал ХХК-ийн гаргасан даатгалын баталгаа нь ямар гэрээний хавсралт болсон нь тодорхойгүй болж байна. Мөн уг бичгийн 4 дүгээр зүйлийг "батлан даагч" гэж илт худал орчуулсан байгаа. Хэргийн 230 дугаар хуудасны 4 дэх заалтад "батлан даагчийн үүрэг хариуцлага үргэлжилнэ" гэж орчуулсан нь үнэн хэрэгтээ "бонд гаргагч" гэж орчуулагдаж байгаа билээ. Хариуцагч талын гаргаж өгсөн хэргийн 86-156 дугаар хуудсыг хуулбарлан үнэн зөв гэрчлэгдэв гээд 2888 гэсэн тэмдэглэгээ, 157-228 дугаар хуудсыг орчуулгын үнэн зөвийг гэрчлэв гээд 2889 гэсэн тэмдэглэлээ хийгдсэн байна. Гэтэл Арддаатгал ХХК-ийн Чулуунцэцэггарын үсэг зурсан байгаа хэргийн 229-234 дүгээр хуудаст байгаа баримтуудыг орчуулгын эсвэл нотариатын үнэн зөв алийг гэрчилсэн тухай баримт байхгүй байна. Эсвэл хариуцагч тал нотариатыг төөрөлдүүлэн материал дотор хийгээд 207 гэсэн тэмдэг даруулсан гэж үзэж байна. 4. Үлэмжийн хийсэн ажил чанарын шаардлага хангахгүй талаар Арддаатгал ХХК-д 2013.4.23-ны өдөр анх удаа албан бичиг явуулахдаа "...баталгааны бондын дагуу гэж бичсэн байсан. Гэтэл шүүхэд нэхэмжлэл гаргамагцаа болон хариуцагчаар оролцохдоо батлан даалт гэж тайлбарлах болсон. /хх 9, 10, 59/. 5. СЗХ-ны 2009 оны 16 тогтоолын хавсралтаар даатгалын компанийн даатгалын бүтээгдэхүүний нэр төрлүүдийг баталсан байдаг. Хэрэгт авагдсан баримтаар Дэд гэрээлэгч нь ажил гүйцэтгэх гэрээгээ 2012 оны 7 дугаар сард буюу даатгалын гэрээний хүчинтэй байх хугацаа дууссаны дараа байгуулсан байдаг. Даатгалын тухай хуулийн 52.1 дэх заалтыг дагаж мөрдсөн өдрөөс хойш даатгагчийн байгуулсан хариуцлагын хэмжээ, эсхүл дээд хэмжээ нь тодорхойгүй даатгалын гэрээ энэ хуулийн 52.2-т зааснаас бусад тохиолдолд хүчин төгөлдөр бус байна гэсний  дагуу талуудын байгуулсан гэрээ нь хүчин төгөлдөр бус байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

                                                            ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалыг   хүчингүй болгох нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв. 

Шүүх хэргийг шийдвэрлэхдээ Арддаатгал ХХК-ийн нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагыг тодруулаагүйгээс зохигчдын хооронд үүссэн маргааны талаар хяналтын шатны шүүхээс дүгнэлт хийх, улмаар хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байна.    Арддаатгал ХХК нь “...2011 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн 11/01/157 тоот даатгалын гэрээ болон даатгалын баталгааг тус тус хүчин төгөлдөр бус гэж тооцуулах...” тухай шаардлага гаргасан гэх боловч зохигчид “...батлан даалтын гэрээ байгуулсан эсэх...” талаар маргаж буйг шүүх анхаарч үзээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2, 116 дугаар зүйлийн 116.2-т нийцээгүй байна.

Түүнчлэн, Арддаатгал ХХК аль хариуцагчид ямар шаардлагыг холбогдуулан гаргаж буйг тодруулаагүй нь мөн хуулийн 27 дугаар зүйлийн шаардлагыг хангаагүй гэж үзнэ.

Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн  7.4-т нийцээгүй нотлох баримтыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон байхад давж заалдах шатны шүүх шийдвэрийг хэвээр үлдээсэн нь мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.5, 38.6, 168 дугаар зүйлийн 168.1.7-г зөрчжээ. 

Хоёр шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль, Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн бөгөөд өөрчлөлт оруулах боломжгүй тул шийдвэр, магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаав.

Арддаатгал ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг тодруулж, зохигчдын хооронд үүссэн маргааны үйл баримтын талаар өөр шүүх иргэний хэрэг үүсгэсэн эсэхийг  тодруулах нь  энэ хэргийн талаар дүгнэлт хийхэд ач холбогдолтой болохыг дурдах нь зөв гэж үзлээ. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5 дахь  хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ :

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 181/ШШ2016/01080 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 143 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож,  хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Нэхэмжлэгч хяналтын шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр төлсөн  6.407.996 /зургаан сая дөрвөн зуун долоон мянга есөн зуун ерэн зургаа/ төгрөгийг Арддатгал ХХК–д захирамжаар буцааж олгосугай.

                               ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                            Г.ЦАГААНЦООЖ

                               ШҮҮГЧ                                                                  Б.УНДРАХ