Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 07 сарын 24 өдөр

Дугаар 01604

 

2018 оны 07 сарын 24 өдөр         Дугаар 181/ШШ2018/01604           Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Хишигбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: А ХХК/РД: /-ийн нэхэмжлэлтэй,

 

 Хариуцагч: “Ү” ХХК/РД: /,

 

 Хариуцагч: “Ш” ХХК/РД: / нарт холбогдох,

 

Даатгалын гэрээнээс татгалзсан татгалзлыг баталгаажуулах, даатгалын баталгааг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

          Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Уранцэцэг, өмгөөлөгч Г.Баяржаргал, хариуцагч “Ү” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Доржсүрэн, өмгөөлөгч Г.Цолмонгэрэл, хариуцагч “Шангрила Улаанбаатар хотел” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Билгүүн, өмгөөлөгч Б.Мөнхбат, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Болор-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч “А” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Уранцэцэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ““А” ХХК ба “Ү” ХХК нар 2011 оны 6 дугаар сарын 3-ны өдөр 11/01/157 тоот Даатгалын гэрээ байгуулсан.

Иргэний хуулийн 431 дүгээр 431.1, 437 дугаар зүйлийн 437.2, Даатгалын гэрээний 10 дугаар зүйлийн 437.2-т заасны дагуу 2011 оны 6 дугаар сарын 3-ны өдөр А ХХК ба Ү ХХК нарын хооронд байгуулагдсан 11/01/157 тоот Даатгалын гэрээ, гуравдагч этгээдэд гаргаж өгдөг даатгалын баталгааг хүчин төгөлдөр бусд тооцож өгнө үү.   

“А” ХХК-ийн хүсэлтээр талуудын маргаж байгаа нэг гэрээ буюу даатгалын баталгаа баримт эх хувиар хэрэгт авагдсан, энэ баримтын орчуулгыг “Легас” ХХК үнэн зөв эргэлзээгүй талаас нь гүйцэтгэсэн гэж нэхэмжлэгчийн зүгээс үзэж байгаа тул нэхэмжпэлийн шаардлага, түүний үндэслэлээ дараахи байдлаар өөрчилж байна. Үүнд:

Нэг. “А” ХХК нь “Ү” ХХК-ийн зүгээс “Манайх тендерээр ажил авахаар материалаа бэлдэж байгаа, эхлээд уралдаант шалгаруулалтаар авах гэж буй ажлын нийт үнийн дүнгийн 10 хувьтай тэнцэх буюу 1 250 000 000 төгрөгийн өртөг бүхий Байгууллагын бүтээгдэхүүн үйлчилгээний даатгалын гэрээг тодорхой хугацаагаар байгуулья” гэсэн тул 11/01/157 дугаартай гэрээ-г 2011 оны 6 дугаар сарын 03-ны өдөр байгуулсан. Ийм ч учраас гэрээний үйлчлэх хугацааг 2011 оны 9 дүгээр сарын 6-с эхлэнэ гэж заасан.

Даатгалын гэрээ байгуулсан 2011 оны 6 дугаар сарын 3-ны өдөр “Ү” ХХК нь дэд гэрээлэгчээр шалгараагүй байсан юм.

Гэвч “Ү” ХХК-ийн зүгээс даатгалын үнэ, хураамж төлөөгүй тул “А” ХХК нь “Ү” ХХК-тай байгуулсан 2011 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн 11/01/157 дугаартай гэрээнээс татгалзаж байна.

Даатгалын байгууллага нь буяны байгуулага биш бөгөөд даатгалын хураамжаас санхүүжиж, өдөр тутмын үйл ажиллагааг явуулдаг болно. “Ү” компанийн удирдлага “А” ХХК-тай даатгалын гэрээ байгуулсаны дараа “Манайх тендерээр ажлаа авмагц танайхтай байгуулсан даатгалын гэрээний хураамжаа төлнө” гэдэг байсан.

“А” компанид “Ү” компанийн зүгээс гэрээний хүчинтэй үйлчлэх хугацаанд даатгалын тохиолдол үүссэн талаар ерөөсөө мэдэгдэж байгаагүй. Мэдэгдэх сонирхол, шаардлага ч байгаагүй байна.

Гэтэл 2013 оноос эхлэн “Ү” ХХК, “Шангрила Улаанбаатар Хотел” ХХК-ийн удирдлагууд баталгааны дагуу мөнгө төлөхийг шаардаж эхэлсэн ба энэ үед ч даатгалын хураамжаа төлөөгүй байсан.

Хоёр. “Ү” компанийн удирдлагаас “А” ХХК-тай даатгалын гэрээ байгуулсны дараа “Манайх тендерээр шалгарсан мэдэгдэлээ авсан тул ажил үйлчилгээгээ даатгалд хамруулсан тухай даатгалын баталгаагаанд гарын үсэг зурж өгөөч, ингэснээр туслан гүйцэтгэгчээр ажиллах тухай гэрээнд гарын үсэг зурах нөхцөл бүрдэнэ” гэж хэлсэн.

Ингэхдээ “Шангрила Улаанбаатар Хотел” ХХК-ийн гэрээнд хавсаргагдах даатгалын баталгаа бичиг англи хэлдээр үйлдсэн байгаа ба “Шангрила Улаанбаатар Хотел” ХХК-ийн удирдлага манайд ийм баримтад гарын үсэг зуруулах шаардлага тавьж байгаа, энэ нь туслан гүйцэтгэх гэрээний дагуу үйлдэгдсэн баримт болно” гээд англи хэлдээр бичигдсэн баримт авч ирсэн.

“А” ХХК-ийн захирал Чулуунцэцэг нь өөрөө англи хэл мэдэхгүй атал тухайн баримтад “Ү” ХХК, “Шангрила Улаанбаатар Хотел” ХХК-ийн нэр дурьдагдсан байсан тул гарын үсэг зурсан болно.

Даатгалын баталгаа баримтад утга агуулгын хувьд гэрээний нөгөө талын эрх ашгийг зөрчсөн ноцтой зөрчсөн /Иргэний хуулийн 202 дугаар зүйлийн 202.2.8, 202.2.10, 202.2.12 г.м/ заалтын талаар:

1. Энэ даатгалын баталгаан дээр “Ү” ХХК, “А” ХХК-ийн зүгээс баталгааны дүнг хамтран болон дангаараа төлөх үүрэг хүлээжээ.

Энэ заалт нь даатгалын баталгаа гэж тайлбарлаж буй хэлцлийг батлан даалтын гэрээ гэж үзэх үндэслэлгүй гэж мэтгэлцэж буй нэхэмжлэгчийн татгалзалыг нотлогдож байна.

Учир нь Батлан даалтын гэрээгээр Ү компани өөрөө, мөн үүрэг хүлээж өөрийгөө батлан даасан болж буй тул “Ү” ХХК-ийн шүүхэд өгсөн тайлбар хуулийн үндэслэлгүй юм.

2. Энэ баталгааны бичгийн 3 дугаар заалт дээр “туслан гүйцэтгэгч баталгааны дүнгээр баталгаа гаргаж өгөхийг зөвшөөрсөн” гэж заасан байна.

Энэ заалт нь даатгалын гэрээний дагуу Ү компани нь даатгалын баталгаа гаргуулахыг хүлээн зөвшөөрсөн, үүний дагуу даатгалын баталгааг “А” ХХК-иар гаргуулж хариуцагч “Шангрила Улаанбаатар хотел” ХХК-ид өгсөн гэдгийг улмаар 2 гэрээ хэлцэл нь шууд харилцан хамаарал бүхий гэрээ болохыг нотлож байна.

3. Энэ баталгаанд баримтлах нөхцөлүүд гэсэн заалтын 1 дүгээр зүйлд баталгаа гаргагч нь захиалагчид учирсан хохирол алдагдал, төлбөр, өртөг, зардал, зарлагын талаар тухайн доголдол болон мөнгөн дүнгийн нотолгоогүйгээр .., төлнө гэжээ.

Эндээс үзвэл ямар ч нөхцөл үүссэнг мэдэх боломжгүй атал үндэслэлтэй ч бай, үндэслэлгүй ч бай ихээхэн хэмжээний мөнгийг төлөх баталгааг “А” ХХК, “Ү” ХХК гаргасан болж байна.

4. Даатгалын баталгааны 3 дугаар заалтад баталгаа гаргагч нь захиалагч туслан гүйцэтгэгчийн үүргийн гүйцэтгэлтэй холбоотой эрхээсээ татгалзсан, түүний эсрэг хэрэгжүүлэх боломжтой эрхээсээ татгалзсан .., тухай мэдэх эрхээсээ татгалзаж байна, ямар ч тохиолдолд эл баталгаа хүчин төгөлдөр хэвээр байна гэсэн утга бүхий заалт оржээ.

Энэ утга санаа нь энэ баталгаа хэдий хугацаагаар үйлчлэхийг тааж мэдэшгүй төдийгүй, баталгаа гаргуулагч энэ эрхээсээ татгалзсан ч гэсэн баталгааны дагуу мөнгө төлөх үүрэг хүлээсэн болоод байна.

5 дугаар заалтад Захиалагч нь эрхээ туслан гүйцэтгэгч, баталгаа гаргачийн зөвшөөрөлгүйгээр баталгааны дагуу эрхээ өмнөх, одоо, ирээдүйн аливаа эрхээ хэдийд ч шилжүүлэх эрхтэйг баталгаа гаргагч, туслан гүйцэтгэгч нар хүлээн зөвшөөрч буй гэжээ.

Энэ утга санаа нь захиалагч баталгааны дагуу эрхээ буюу 1 тэрбум гаруй төгрөг төлүүлэх баталгаа гаргуулж авсан эрхээ ирээдүйд буй болох ямар ч үүрэгтэйгээ хамаатуулан хэрэгжүүлж болох тодорхойгүй нөхцөл байдлыг буй болгожээ. Мөн урьд өмнө хэн нэгний өмнө хүлээсэн үүргийнхээ гүйцэтгэлийг энэ баталгаагаар хангуулж болох үүргийг баталгаа гаргасан талууд болох “А” ХХК, “Ү” ХХК хүлээлгэсэн заалт болжээ.

Гурав. Даатгалын баталгаа бичиг дээр хариуцах үнийн дүнг илт зөрүүтэй бичиж орчуулсан төдийгүй талуудын хооронд иргэний эрх зүйн харилцаа үүсээгүй байсан үеийн огноог нөхөж бичсэн байна.

Учир нь англи хэл дээр нэг тэрбум хоёр зуун тавин сая ам.доллар гэж бичсэн атал түүнийг тоогоор 1246357225.5 ам доллар илт зөрүүтэй бичсэн байна.

Тоогоор 1 246 357 225.5 ам.доллар гэж бичсэн нь “Ү” ХХК, “Шангрила Улаанбаатар Хотел” ХХК-ийн 2012 оны 7 дугаар сарын 5-нд байгуулсан гэрээний үнийн дүнгийн 10 хувьтай тохирч байна.

Харин үсгээр англи хэл дээр нэг тэрбум хоёр зуун тавин сая ам.доллар гэж бичсэн нь даатгалын гэрээний үнэтэй тохирч байна.

Мөн хариуцагч талуудын батлан даалт гэж тайлбарлаж буй баримт дээр цэнхэр өнгийн үзгээр 2011 оны 5 дугаар сарын 15 гэсэн огноог нөхөж бичсэн байна.

Энэ цаг хугацаанд болон үүнээс өмнө хугацаанд “А” ХХК, “Ү” ХХК, “Шангрила Улаанбаатар Хотел” ХХК-ийн хооронд ямар нэгэн эрх зүйн харицаанд орсон баримт хэрэгт байхгүй, байх ч ёсгүй юм.

Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1-д Гэрээг тайлбарлахдаа түүний үгийн шууд утгыг анхаарна.

198.2-д Гэрээний аль нэг нөхцөлийн утга нь ойлгомжгүй бол түүний агуулгыг бусад нөхцөл болон гэрээний ерөнхий агуулгатай харьцуулах замаар тодорхойлно.

198.5-д Холимог гэрээний агуулгыг тайлбарлахдаа гэрээний гүйцэтгэлд илүү төсөөтэй тухайн төрлийн гэрээг зохицуулсан хуулийн хэм хэмжээг анхаарна.

198.6-д Энэ хуулийн 198.1-198.5-д заасан журмаар гэрээний агуулгыг тодорхойлох боломжгүй бол гэрээний зорилгыг харгалзан талуудын нэгдмэл санааг тодруулах бөгөөд үүний тулд гэрээ байгуулахаас өмнө хийсэн хэлэлцээ, харилцан илгээсэн баримт бичиг, талуудын хооронд тогтсон практик, ажил хэргийн хүрээнд тогтсон заншил зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзнэ гэжээ.

“А” ХХК нь даатгалын гэрээ байгуулсаны дагуу даатгалын баталгаа гаргаж өгсөн болно.

Гэвч өнөөдөр даатгалын баталгаа гаргуулж авсан Ү компани нь шударга бус үйлдэл гаргаж үнэн зөв тайлбар өгөхгүй байгаад гомдолтой байна.

Дөрөв. Даатгалын баталгааг “Шангрила Улаанбаатар Хотел” ХХК-ийн зүгээс батлан даалт гэж тайлбарлаж байгаа төдийгүй “А” компанийн зөвшөөрөлгүйгээр ямар нэгэн гэрээний хавсралт болгож байгаад гомдолтой байна.

Ийм учраас Иргэний хуулийн 58, 59 дүгээр зүйлийг үндэслэн “Шангрила Улаанбаатар Хотел” ХХК-ийн зүгээс батлан даалт гэж тайлбарлаж байгаа, гэрээ байгуулахаас 2-4 жилийн өмнө буюу 2005-2009 онуудад хянагдаж байсан, 2011 оны 5 дугаар сарын 25 гэсэн огноог гараар нөхөж бичсэн, 2011 оны 11 дүгээр сард гарын үсэг зурагдсан даатгалын баталгааг “баталгааг гаргагч /А ХХК/” нь ноцтой төөрөгдөлд орсон, “баталгаа гаргуулагч /Ү ХХК/” болон” баталгааг хүлээн авагч /Шангрила Улаанбаатар Хотел ХХК/” талууд хуурч мэхлэн хийлгэсэн гэсэн үндэслэлээр хүчин төгөлдөр бус гэж тооцуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргаж байна.

Энэ нь дараахи үндэслэлээр нотлогдоно.

Монгол улсад бүх албан хэрэг монгол хэл дээр явагдах хуультай байхад “А” ХХК-ийн захирал Чулуунцэцэг нь гарын үсэг зурж буй хэлцлийн агуулгыг уншиж ойлгоогүй, түүнд хэн ч орчуулж өгөөгүй байхад даатгал хийсэн тухай баталгааны баримт дээр гарын үсэг зурж байна гэж ойлгуулсан тул ноцтой төөрөгдөлд орж гарын үсэг зурсан байгаа.

Мөн гарын үсэг зурж буй баримт дээр нь хэзээ ч он cap нөхөж тавьж болох зай байхад гарын үсэг зурсан. Учир нь “Ү” ХХК-ийн удирдлага энэ зайнд тендерт шалгарсан эрх авсан тухай 2011 оны 7 дугаар сарын 06 гэсэн огноо тавигдана гэж хэлсэн тул бүрэн итгэсэн байдаг юм.

Ийм учраас даатгалын баталгаан дээр өнөөдөр хэрэгт холбоотой үйл баримттай он cap өдрөөр холбогдохгүй 5 дугаар сарын 25 гэсэн огноо тавигдсан байгаа.

Энэ баримт дээр А компанийн хүсэл зоригийг үл хайхран хэзээ ч түүний эрх, үүргийг хэн нэгэн этгээдэд шилжүүлж болох төдийгүй А компани энэ гэрээнээс ямар ч тохиолдолд татгалзах эрхгүй, түүний эрх, үүргийг шилжүүлсэн тухай мэдэх эрхээсээ татгалзсан, мөн хэн нэгний өмнө ямар хамаагүй үүрэг хүлээнэ гэсэн заалтууд байна.

Мөн даатгалын гэрээнд заасан үнийн дүн болох 1 250 000 000 төгрөгийг англи хэлээр бичсэн боловч 1 246 357 225.5 төгрөг гэсэн тоог тавсан бөгөөд үүнийг ямар санаатай ингэж зөрүүлсэн нь ойлгомжгүй байна.

Энэ гэрээг “Шангрила Улаанбаатар Хотел” ХХК-ийн зүгээс өөрийн хүссэн зоригоор тайлбарлаж, ямар ч гэрэний хавсралт болгож болох ийм нөхцөл байдлаар өөрсдөө үйлджээ.

Тав. Хэрэгт авагдсан гэрээгээр “Ү” ХХК” нь “Шангрила Улаанбаатар Хотел” ХХК-тай барилгын туслан гүйцэтгэгчээр ажиллах гэрээг 2012 оны 7 дугаар сарын 5-нд байгуулсан байна.

Гэтэл 2011 оны 6 дугаар сарын 03-ны өдөр байгуулсан 11/01/157 дугаартай даатгалын гэрээгээр бол даатгал үйлчлэх хугацаа 2011 оны 9 дүгээр сарын 6-наас 2012 оны 3 дугаар сарын 4-ний өдрийн 24 цагт дуусна гэжээ.

“Шангрила Улаанбаатар Хотел” ХХК-ийн удирдлага хүчин төгөлдөр хугацаа бүхий даатгалын гэрээ шаардахгүйгээр “Ү” ХХК”-тай ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан байна. Өөрөөр хэлбэл аль аль талд нь даатгалын гэрээ, даатгалын баталгаа баримт шаардлага байхгүй байсан байна.

Харин “А” ХХК-иас ямар нэг аргаар даатгалын баталгаа буюу дараа нь батлан даалт гэж тайлбарлаж болохуйц баримт авах хүсэл зорилго агуулсан учир даатгалын гэрээ байгуулаад даатгалын хураамж төлөөгүй байжээ. 2011 оны 9 дүгээр сарын 5-нд гарын үсэг зурсан даатгалын баталгааг “Ү” ХХК” “Шангрила Улаанбаатар Хотел” ХХК-ийн хуурч мэхлэн хийсэн гэрээ гэж, “А” ХХК-ийн зүгээс ноцтой төөрөгдөлд орж гэрээ байгуулсан гэсэн үндэслэлээр хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах үндэслэл батлагдаж байна.

Иймд “А” ХХК, “Ү” ХХК-ийн хооронд байгуулсан 2011 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн 11/01/157дугаартай даатгалын гэрээнээс татгалзсан татгалзлыг шүүхийн шийдвэрээр баталгаажуулах, энэ даатгалын гэрээний дагуу олгосон даатгалын баталгааг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах нэхэмжпэл гаргаж байгааг шийдвэрлэж өгнө үү.” гэв.

 

Нэхэмжлэгч “А” ХХК-ийн өмгөөлөгч Г.Баяржаргал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Даатгах даатгуулах талаар эх үүсвэр нь эрхтэй этгээд хүссэн этгээдээс төлбөр аваад гэрээ байгуулах эрхтэй. Үүнийг дагаад дараа дараагийн гэрээ үүснэ. Монгол Улсад хамгийн найдвартай архив бол банкны архив байдаг. Гэтэл “Ү” ХХК нь даатгалын хураамж төлсөн талаараа энэ маргаан ийм удаан хугацаанд явж байхад банкид хандаагүй нь эргэлзээтэй байна. Даатгалын үйл ажиллагаа болоогүй хэлбэрийн төдий даатгалын гэрээ бий болсон боловч бодитой болоогүй. “Ү” ХХК-тай байгуулсан гэрээнээс татгалзах цуцлах эрх нь А компанид нээлттэй байна. Тэр талаар нотлох баримтаа хэрэгт гаргаад өгчихсөн. Төлбөрийн баримтыг гаргаж өгч чадахгүй байгаа компаний хувьд  бусад байгууллагаас ирсэн баримтыг хадгална гэж байх уу. “Ү” ХХК-тай хэлбэрийн төдий гэрээ байгуулсан боловч “Ү” ХХК нь даатгалын гэрээний хураамжаа төлөөгүй учир дараа дараагийн баримт бичгүүд нь хууль бус байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү.” гэв.

 

Хариуцагч “Ш” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Билгүүн шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ““А” ХХК-ийн 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр гаргасан нэхэмжлэлийн тодруулсан шаардлагатай холбогдуулан тус иргэний хэрэгт хариуцагчаар оролцож буй “Шангри Лa Улаанбаатар Хотел” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс дараах тайлбарыг гаргаж байна.

Нэг. “Шангри Лa Улаанбаатар Хотел” ХХК болон “А” ХХК-ийн хооронд байгуулагдсан гэрээ нь “даатгалын баталгаа юм” гэх үндэслэлийн тухайд:

“Шангри Лa Улаанбаатар Хотел” ХХК нь “Ү” ХХК-тай 2011 оны 07 дугаар сарын 06-ны өдөр “Шангри-Лa зочид буудлын Гадна шилэн хана болон гадаад фасадны дизайн гаргах, нийлүүлэх болон угсрах ажлыг гүйцэтгэх гэрээ”-нд гарын үсэг зурсан бөгөөд уг гэрээний 10 дугаар зүйлд зааснаар ”энэхүү гэрээ байгуулах мэдэгдэл дээр гарын үсэг зурсан өдрийн дараа болон анхны дундын төлбөр хийгдэхээс өмнө 14 хоногийн дотор дэд гэрээний гүйцэтгэлийг баталгаажуулан захиалагчийн тусын тулд Дэд гэрээний үнийн дүнгий 10 хувьтай тэнцэх үнийн дүн бүхий баталгааны бондыг хүлээн зөвшөөрөгдсөн банк эсхүл даатгалын компаниар гаргуулна” гэсэн шаардлагыг “Ү” ХХК-д тавьсан.

Үүний дагуу “Ү” ХХК нь 2011 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр “А” ХХК-иар Батлан даалт гаргуулсан бөгөөд “А” ХХК энэхүү батлан даалтын гэрээндээ:

- “Шангри-Лa Улаанбаатар зочид буудал” ХХК-д ... 1 246 357 225/нэг тэрбум хоёр зуун дөчин зургаан сая гурван зуун тавин долоон мянга хоёр зуун хорин таван/ төгрөгөөс хэтрэхгүй хэмжээнд батлан даалт гаргаж байна …

- Дэд гэрээний хугацааг удирдлага болгон дэд гэрээлэгч нь гэрээнд заасан дэд гэрээлэгчийн үүргээ зохих ёсоор гүйцэтгэнэ гэдгийг баталж ...

- Хэрвээ захиалагчийн дүгнэлтээр дэд гэрээлэгч нь Дэд гэрээнд заасан аль нэг үүргээ гүйцэтгэхдээ эсвэл гүйцэтгэж байхдаа алдаа дутагдал гаргасан бол батлан даагч нь алдаа, дутагдал гаргасны улмаас захиалагчид шууд ба шууд бусаар учирсан хохирол, алдагдал, хураамж, зардал эсвэл зарлагатай холбоотойгоор тодорхойлогдсон үнийн дүнг Захиалагчийн гаргасан бичгэн хүсэлтийг үндэслэн ямар нэгэн нөхцөлгүйгээр, тухайн алдаа, дутагдлын талаарх нотолгоогүйгээр эсхүл төлөхийг шаардаж буй үнийн дүнг нотолсон нотолгоогүйгээр Бондын нийт үнийн дүн хүртэл нь төлнө ...

- Үндсэн гэрээний дагуу ажил хүлээлцэх акт үйлдэх, Захиалагчид батлан даалтын үнийн дүнг гүйцэд төлж барагдуулахаас бусад тохиолдолд батлан даагчийн үүрэг хариуцлага үргэлжилнэ...

- Батлан даалтыг өөр этгээдэд шилжүүлэхгүй

- Энэхүү батлан даалттай холбоотой асуудалд Монгол Улсын хуулийг удирдлага болгож, тайлбарлана ... хэмээн заасан.

“А” ХХК-тай байгуулсан энэхүү гэрээ нь Иргэний хуулийн 458 дугаар зүйлийн 458.1 дэх хэсгийн: “Батлан даалтын гэрээгээр батлан даагч нь үүрэг гүйцэтгэгч өөрийн үүргийг гүйцэтгэж чадна гэж үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө баталж, гүйцэтгэхгүй бол өөрөө хариуцах үүрэг хүлээнэ” гэсэн заалт,

458.3 дахь хэсгийн: “батлан даалтын гэрээгээр батлан даагчийн хүлээсэн үүрэг нь үүрэг гүйцэтгэгчээс үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө хүлээсэн үүрэгт хамаарна” гэсэн заалт,

459 дүгээр зүйлийн 459.1 дэх хэсгийн: “Хуульд өөрөөр заагаагүй бол батлан даалтын гэрээг бичгээр байгуулна” гэсэн заалт,

459.3 дахь хэсгийн: “Үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд түүний өмнөөс батлан даагчийн хүлээх хариуцлагын дээд хэмжээг батлан даалтын гэрээнд заана ” гэсэн заалт,

460 дугаар зүйлийн 460.1 дэх хэсгийн: “батлан даалтын гэрээгээр батлан даагч нъ үүрэг гүйцэтгэгчийн өмнөөс нөхөх хариуцлага хүлээнэ” гэсэн заалт,

460.4 дэх хэсгийн: “батлан даагч батлан даалтын гэрээнд заасан хэмжээгээр хариуцлага хүлээнэ” гэсэн заалт,

460.5 дахь хэсгийн: “... Батлан даагч нь 460.4-т заасан хэмжээтт дотор үлдсэн өр, гэрээнд заасан бол анз, учирсан гэм хор, гэрээг дуусгавар болгохтой холбогдон гарсан зардал, шүүхийн зардал, гэрээнд өөрөөр заагаагүй бол үүрэг гүйцэтгэгчийн үндсэн гэрээний дагуу төлөх хүү ... зэрэг төлбөрийг төлнө” гэсэн заалтын дагуу байгуулагдсан “Батлан даалтын гэрээ” юм.

Харин нэхэмждэгч “А” ХХК нь энэхүү “Батлан даалтын гэрээ”-г “А” ХХК ба “Ү" ХХК-ийн хооронд 2011 оны 06 дугаар сарын 03-ны өдөр байгуулагдсан 11/01/157 тоот “Даатгалын гэрээ”-ний “Даатгалын баталгаа” хэмээн тайлбарлаж байна. Гэтэл талуудын хооронд байгуулагдсан гэрээг харахад нэхэмжлэгчийн тайлбарлаж буй даатгалын баталгаанд хамаарах “даатгуулагчийн овог, нэр, нас, хүйс, даатгалын эрсдэл, нөхөн төлбөрийн нөхцөл, даатгалын хураамж, даатгалын үнэлгээ, даатгагчийн хаяг, холбоо барих утас зэрэг мэдээллийг агуулсан, даатгагч нь даатгалын үйлчилгээ үзүүлэх эрхтэй болохоо нотолсон, даатгалын хэлцэл хийгдсэн болохыг баталсан гэрчилгээ” гэж үзэх шинж байдал тогтоогдохгүй байна. Өөрөөр хэлбэл “А” ХХК-иас 2011 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр гаргаж өгсөн Бондын батлан даалтыг хуулийн зохицуулалт, гэрээний агуулга зэрэг аль ч талаас нь авч үзсэн “А” ХХК ба “Ү” ХХК нарын хооронд 2011 оны 06 дугаар сарын 03-ны өдөр байгуулагдсан 11/01/157 тоот “Даатгалын гэрээ”-ний “Баталгаа” гэж үзэх үндэслэлгүй байна.

Хоёр.Гэрээний стандарт нөхцөл хүчин төгөлдөр бус байсан гэх шаардлагын тухайд:

“А” ХХК нь “Шангрила Улаанбаатар хотел” ХХК-тай байгуулсан Батлан даалтын гэрээгээ Иргэний хуулийн 202 дугаар зүйлийн 202.2.8, 202.2.10, 202.2.12-т заасан хүчин төгөлдөр бус стандарт нөхцөлтэй гэрээ хэмээн шаардлага гаргасан байна. Гэтэл уг гэрээ нь стандарт нөхцөлтэй гэрээ биш бөгөөд Иргэний хуулийн 202 дугаар зүйлийн 202.2 дахь хэсэгт заасан зохицуулалт нь: “Аж ахуйн үйл ажиллагаа эрхэлдэггүй иргэнтэй гэрээ байгуулахаар санал болгож байгаа” тохиолдолд хэрэглэгддэг билээ. Нэхэмжлэгч “А” ХХК-ийг аж ахуйн үйл ажиллагаа эрхэлдэггүй иргэнтэй адил статустай гэж үзэхгүй байна. Учир нь тус компани даатгалын салбарт олон жил үйл ажиллагаа явуулсан, туршлагатай, энэ салбарт өөрийн гэсэн байр сууриа олсон, аж ахуйн харилцаанд оролцох бүрэн чадвар чадамжтай, бусадтай байгуулж байгаа гэрээ хэлэлцээрийнхээ утга агуулгыг ойлгохуйц хэмжээнд төлөвшсөн байгууллага хэмээн ойлгож байна.

Мөн нэхэмжлэлийн шаардлагад дурьдагдсан гэрээний заалтууд нь Иргэний хуулийн 202.2.8, 202.2.10, 202.2.12-т заасан хүчин төгөлдөр бус байх нөхцлийг бий болгоогүй. Тухайлбал “А” ХХК-ийн үүргээ гүйцэтгэх, эрхээ хэрэгжүүлэхээс татгалзах хуулиар олгогдсон эрхийг хязгаарлаж хориглоогүй, “Шангри Лa Улаанбаатар Хотел” ХХК өөрт учирсан бодит хохирлоос хэт давсан нөхөн төлбөр шаардаагүй. “Шангри Ла Улаанбаатар Хотел” ХХК гүйцэтгэгч “Ү” ХХК-ийн гэрээгээ зөрчсөн үйл ажиллагаанаас болж 19 193 613 388.42 төгрөгийн хохирол хүлээсэн бөгөөд “А” ХХК-иас зөвхөн тус компанийн гаргасан батлан даалтын хэмжээгээр буюу 1 246 357 225.5 төгрөг төлүүлэх шаардлага гаргаад байгаа юм. Мөн “А” ХХК-ийн бусад /“Ү” ХХК/ этгээдийн үүргээ зөрчсөн үйлдлээс учирсан хохирлыг нөхөн төлүүлэх эрхийг хязгаарласан зохицуулалт гэрээнд тусгагдаагүй. Гэрээний заалт бүхэлдээ байж утга агуулга тодохойлогддог байхад гэрээний заалтаас үг үсэг түүвэрлэх замаар гэрээг тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй байна.

Гурав. “Шангри Ла Улаанбаатар Хотел” ХХК болон ‘‘А” ХХК-ийн хооронд байгуулагдсан Батлан даалтын гэрээ нь Иргэний хуулийн 58, 59 дүгээр зүйлд заасан хүчин төгөлдөр бус гэж тооцож болох хэлцэл гэх шаардлагын тухайд:

Нэхэмжлэгчийн эл шаардлагад хамаарах үндэслэлээ гэрээнд өөр огноо тусгасан, гэрээг монгол хэлээр үйлдэх ёстой байсан, “А" ХХК-ийн захирал Чулуунцэцэг англи хэл мэддэггүй байсантай холбон тайлбарлажээ. Гэтэл гэрээнд заасан 2011 оны 05 сарын 25-ны өдөр гэсэн огноо бол “Ү” ХХК-д туслан гүйцэтгэгчээр шалгарсан талаар мэдэгдсэн огноо, “Ү” ХХК-тай гэрээг байгуулж гарын үсэг зурж баталгаажуулсан огноо нь 2011 оны 07 сарын 06, “Ү” ХХК, “Шангри-Ла зочид буудлын Гадна шилэн хана болон гадаад фасадны дизайн гаргах, нийлүүлэх болон угсрах ажлыг гүйцэтгэх гэрээ”-ний 10 дугаар зүйлд заасны дагуу: “... энэхүү гэрээ байгуулах мэдэгдэл дээр гарын үсэг зурсан өдрийн дараа болон анхны дундын төлбөр хийгдэхээс өмнө 14 хоногийн дотор Дэд гэрээний гүйцэтгэлийг баталгаажуулан захиалагчийн тусын тулд Дэд гэрээний үнийн дүнгийн 10 хувьтай тэнцэх үнийн дүн бүхий баталгааны бондыг хүлээн зөвшөөрөгдсөн эсхүл даатгалын компаниар гаргуулна” гэсэн шаардлагын дагуу “А” ХХК-иас батлан даалт гаргасан огноо нь 2011 оны 09 сарын 05 юм. Тиймээс эл үндэслэлээр гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцох боломжгүй. Бизнесийн байгууллагуудын хоорондын харилцаа заавал монгол хэлээр явагдах хууль байхгүй бөгөөд тухайн компанийн захирал гадаад хэл мэддэггүй байх нь хууран мэхэлсэн. ноцтой төөрөгдсөн гэж үзэх үндэслэл болохгүй.

Дөрөв.“Батлан даалтын гэрээ”-нд бичгээр “нэг тэрбум хоёр зуун тавин сая төгрөг”, тоогоор “1 246 357 225.5” төгрөг гэж бичсэн нь гэрээг хүчин төгөлдер бусад тооцох үндэслэл болно гэх шаардлагын тухайд:

“Шангри Ла Улаанбаатар Хотел” ХХК нь “Ү" ХХК-тай байгуулсан “Шангри- Лa зочид буудлын Гадна шилэн хана болон гадаад фасадны дизайн гаргах, нийлүүлэх болон угсрах ажлыг гүйцэтгэх гэрээ”-ний 10 дугаар зүйлд “... энэхүү гэрээ байгуулах мэдэгдэл дээр гарын үсэг зурсан өдрийн дараа болон анхны дундын төлбөр хийгдэхээс өмнө 14 хоногийн дотор Дэд гэрээний гүйцэтгэлийг баталгаажуулан захиалагчийн тусын тулд Дэд гэрээний үнийн дүнгийн 10 хувьтай тэнцэх үниин дүн бүхий баталгааны бондыг хулээн зөвшөөрөгдсөн банк эсхүл даатгалын компаниар гаргуулна” гэсэн шаардлагын дагуу гэрээний үнийн дүнгийн 10 хувь нь 1 246 357 225.5 төгрөг болж байгаа болно. “А” ХХК-ийн гаргаж өгсөн батлан даалтад нэг тэрбум хоёр зуун тавин сая төгрөгөөс хэтрэхгүй байхаар заасан бөгөөд уг төлбөрөөс давсан шаардлага гаргаагүй.

Тиймээс “Батлан даалтын гэрээ”-нд уг гэрээний дээд хязгаар болон дэд гэрээний 10 хувьтай тэнцэх хэмжээний төгрөгийг тус тус тусгаж өгсөн нь хууран мэхэлсэн үндэслэл болохгүй.

Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэгч “А” ХХК-иас хариуцагч “Шангри Ла Улаанбаатар Хотел” ХХК-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү.” гэв.

 

Хариуцагч “Шангрила Улаанбаатар хотел” ХХК-ийн өмгөөлөгч Б.Мөнхбат шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Бид гэрээний дагуу төлбөр тооцоо төлөх ёстой эсэх талаар маргаан шийдээгүй. Нэхэмжлэлийн шаардлага А компани “Ү” ХХК-тай байгуулсан гэрээнээсээ татгалзсныг шүүхээр баталгаажуулна гээд байгаа. Гэтэл гэрээнээс татгалзах эсэх асуудал нь гэрээний талуудын эрхийн асуудал тэрнээс шүүх гэрээг татгалзсныг баталсугай гэх зүйл байхгүй. Иргэний хуулийн 58, 59-р зүйлийг ярьж байгаа боловч яриад байгаа үндэслэл нь тодорхойгүй байна. Иргэний хуулийн 58-р зүйл, 59-р зүйл нь дотроо 5-6-н заалт байдаг. Хэрэв Иргэний хуулийн 59-р зүйлийг ярьж байгаа бол хэнд яаж хууртсан юм. Шангрила Улаанбаатар хотел ХХК-ийн зүгээс хуурсан үйлдлэл байна гэж маргах гээд байгаа юм уу тодорхой тохиолдлуудаа мэтгэлцээнийхээ явцад хэнд нь холбогдуулж юу шаардаад байгаагаа тодруулахгүй бол өмнө нь УДШ-ээс ийм үндэслэлээр буцсан. Хамааралтай хамааралгүй баахан зүйл яриад байна. Манай зүгээс батлан даалтын гэрээ гэж үзэж байгаа. Хэлцлийн хувьд ямар хэлцэл гэдгээ тодруулах ёстой байх. Батлан даалтын гэрээ байгуулах эрх байхгүй ийм зүйл хийдэггүй гэж тайлбарлаад байна. Ойлгомжгүй зүйл яригдаад байна. Маргаж байгаа хууль зүйн үндэслэлдээ төвлөрч аль үндэслэл дээр маргаж байгаагаа тодруулахгүй бол бид нар тайлбар хийхэд төвөгтэй болоод байна. 2 компанийн хооронд байгуулсан гэрээ албан хэрэг мөн үү гэдэг дээр анхаарч үзэх шаардлага байна. Яриад байгаа үндэслэл дээр төөрөгдөлд орсон гэж үзэх боломжгүй.” гэв.

 

Хариуцагч “Ү” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Доржсүрэн шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ““А” ХХК-ийн нэхэмжлэлтэй “Ү” ХХК-д холбогдох хэрэг тус шүүхэд хянан хэлэлцэгдэж байгаа болно.

Нэхэмжлэгч “А” ХХК-иас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа “... “А” ХХК, “Ү” ХХК-ийн хооронд байгуулсан 2011 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн 11/01/157 дугаартай даатгалын гэрээнээс татгалзсан татгалзлыг шүүхийн шийдвэрээр баталгаажуулах, энэ даатгалын гэрээний дагуу олгосон 2011 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр үйлдсэн даатгалын баталгааг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах тухай ...” гэж өөрчилсөн байна. Нэхэмжлэлийн шаардлагатай танилцаад дараах хариу тайлбарыг гаргаж байна.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэл шаардлага ойлгомжгүй байна. Учир нь 2011 оны 6 дугаар сарын 03-ны өдөр байгуулагдсан даатгалын гэрээнээс татгалзсан татгалзлыг өнөөдөр шүүхээр баталгаажуулах шаардлагатай мэтээр нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаа нь огт ойлгомжгүй бөгөөд үндэслэлгүй байна. Даатгалын гэрээнээс татгалзсан гэж байгаа мөртлөө энэхүү гэрээний дагуу олгосон даатгалын баталгааг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулахаар шаардлага гаргасан нь хүртэл огт ойлгомжгүй бөгөөд үндэслэлгүй байна.

Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй гэдэг нь нэхэмжлэгчийн тайлбараас харагдаж байна. Нэхэмжлэгч тал 2013 оны 4 сарын 24-ний өдрөөс хойш даатгалын хураамжаа төл гэж шаардсан мэтээр тайлбарлаж байна. Гэтэл тийм мэдэгдэл манайд ирсэн зүйл байхгүй. Хаанаасаа ямар баримт гаргаж ирээд яриад байгааг мэдэхгүй байна. Өөрсдөө гарын үсгээ зурсан асуудлаа хүчээр зуруулсан мэт, өөр хүн гэрээний ач холбогдлыг тайлбарлаж өгөх байсан мэт, Англи хэл мэдэхгүй хүнд Англи хэлээ тайлбарлан туслах байсан мэтээр өөрсдийнхөө үйл ажиллагааг бусад буруу нялзаасан мэтээр үндэслэлийг тайлбарлаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Тийм зүйл огт болоогүй. Хууран мэхэлж гэрээ хийсэн мэтээр тайлбарлаад байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Тэгэж хийсэн талаар баримтаар нотлогдохгүй. Ямар учраас даатгуулдаг юм. Даатгалын тохиолдол үүсэж болзошгүй гэдгээс сэргийлж   даатгуулдаг. Даатгалын байгууллага тохиолдол бий болсон бол нөхөн төлбөрийг олгоод явах ёстой. Даатгалын тохиолдол бий болсон эсэхийг тухайн үед нь шийдээд үнэхээр бий болсон бол нөхөн төлбөрөө олгоод явах ёстой. Өөр шүүхэд даатгалын тохиолдол үүсссэн болж байж болзогүй. Тийм учраас нөхөн төлбөр олгож өгнө үү гэсэн асуудлыг өнөөдрийн хуралтай хольж яриад байна. Даатгалын хураамжийг төлөөгүй тул тодорхой хугацаанд нэхэмжил шаард гэсэн эрхийг өгсөн байдаг. Хэрвээ төлөхгүй бол тухайн үедээ тэрэнтэй холбоотой үр дагаврыг хариуцахгүй гээд хуульд заагаад өгчихсөн байгаа. Ийм учраас шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй.

Иймд “А” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү.” гэв.

 

Хариуцагч “Ү” ХХК-ийн өмгөөлөгч Г.Цолмонгэрэл шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага нь 2 хэсгээс бүрдэж байна. 1-рт 2011 оны даатгалын гэрээнээс татгалзсныг шүүхээр баталгаажуулах гэж байна. Даатгалын гэрээнээс татгалзах үндэслэлээ хураамж төлөөгүй учраас гэж байна. 2-рт 2011 оны 9 сарын 5-ны өдрийн даатгалын баталгааг хүчингүй болгуулах гэж байна. 2011 оны 6 сарын 3-ны өдөр байгуулагдсан даатгалын гэрээнд талууд харилцан тохиролцож эрх бүхий хүмүүс гарын үсэг зурж баталгаажуулсан байдаг. Гэрээнээс татгалзах шаардах эрхээ 2014 оны 6-р сарын 13-ны өдөр гэрээ цуцлах тухай мэдэгдлийг “Ү” ХХК-д хүргүүлсэн, 2013 оны 4-р сарын 24-ний өдөр “Ш” ХХК-д хүргүүлсэн гээд сүүлд 2016 онд нэхэмжлэлийн шаардлага гаргасан нь тухайн гэрээтэй холбоотой шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацаанг хэтрүүлсэн байна. Хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэнтэй холбоотой үүргийг шаардахгүй байх үр дагавар үүснэ.  Нэгэнт хүчин төгөлдөр байсан хугацаанд татгалзлаа илэрхийлэх эрх нь аль алинд нь байсан. Гэтэл хүчинтэй байх хугацаанд татгалзлаа илэрхийлсэн баримт байхгүй. Даатгалын тухай хуулийн 10.1.2-р зүйл, 9.3-т заасан татгалзах эрхээ огт хэрэгжүүлээгүй байна. Даатгалын баталгаа бол даатгалын гэрээний хугацаанд үүссэн “Ү” ХХК-ийн хариуцлагатай холбоотой даатгалыг нөхөн төлөх баталгааг гаргаж өгч байгаа. Энийг ноцтой төөрөгдсөн, тухайн ажил хийгдээгүй юм шиг тайлбарлаад байна. Мөн гүйцэтгэх захирал нь англи хэл мэдэхгүй зэрэг шалтгаанаар тухайн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах  боломжгүй. Даатгалын нөхөн төлбөрийн тухайд даатгалын тухай хуульд заасан даатгалын тохиолдлоо мэдэгдээгүй зэрэг нь даатгагч гэрээгээр хүлээсэн үүргээс чөлөөлөгдөх үндэслэл болохгүй. Мөн Иргэний хуулийн 437-р зүйлийн 437.7-д зааснаар даатгалын тохиолдол бий болсноос хойш даатгагч гэрээнээс татгалзах цуцлах эрхгүй учраас нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.

 

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад                   

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

         

          Нэхэмжлэгч “А” ХХК хариуцагч “Ү” ХХК, хариуцагч “Шангри-Лa Улаанбаатар Хотел” ХХК нарт холбогдуулан Даатгалын гэрээнээс татгалзсан татгалзлыг баталгаажуулах, даатгалын баталгааг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

 

          Хариуцагч “Ү” ХХК нь нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага ойлгомжгүй байна, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж маргасан.

 

          Хариуцагч “Шангри-Лa Улаанбаатар Хотел” ХХК нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж маргасан.

 

          Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

 

          Нэхэмжлэгч нь хариуцагч “Ү” ХХК-тай 2011 оны 06 дугаар сарын 03-ны өдөр № 11/01/157 Даатгалын гэрээ/цаашид “Гэрээ” гэх/ байгуулсан болох нь Гэрээний хуулбараар тогтоогдож байх ба зохигчид энэ үйл баримтын талаар маргаагүй болно.

 

          Гэрээний 1-ийн 1.3, 13-ын 13.2-т зааснаар даатгалын зүйл нь бүтээгдэхүүн үйлчилгээ болох нь Гэрээний хуулбараар тогтоогдож байна.

 

          Зохигчийн байгуулсан Гэрээ нь Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1 дэх хэсэгт заасан даатгалын гэрээний шинжтэй байх тул тус Гэрээг даатгалын гэрээ гэж үзнэ.

 

          Гэрээний 7-ийн 7.1, 13-ын 13.2, 13.2.1-т зааснаар зохигчид даатгалын хураамжийг 6 875 000/зургаан сая найман зуун далан таван мянга/ төгрөг байхаар харилцан тохиролцсон байх ба хариуцагч “Ү” ХХК нь даатгалын хураамжийг Гэрээ батлагдсан өдрөөс хойш ажлын 5/тав/ хоногийн дотор төлөх үүрэг хүлээсэн болох нь Гэрээний хуулбараар тогтоогдож байна.

 

          Гэрээ нь 2011 оны 06 дугаар сарын 03-ны өдөр батлагдсан болох нь Гэрээний хуулбараар нотлогдож байна.

 

          Хариуцагч “Ү” ХХК нь нэхэмжлэгчид даатгалын хураамж болох 6 875 000/зургаан сая найман зуун далан таван мянга/ төгрөгийг төлсөн болох нь баримтаар нотлогдохгүй байна.

 

          Хариуцагч “Ү” ХХК нь даатгалын хураамжийг төлөөгүй болох нь тогтоогдож байна.

 

          Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.4-т “Даатгалын гэрээнд дараахь нөхцөлийг тусгана:”, 431.4.7-д “гэрээг ... цуцлах ... өөрчлөлт оруулах нөхцөл.”, Гэрээний 10-ын 10.2-т “Даатгалын гэрээг дараах үндэслэлээр цуцална. Үүнд:”, 10.2.1-т “Даатгуулагч нь төлбөл зохих даатгалын хураамжийг төлөөгүй тохиолдолд Даатгагч гэрээг өөрийн санаачлагаар цуцлах эрхтэй;” гэжээ.

 

          Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.4, 431.4.7 дахь заалт, Гэрээний 10-ын 10.2, 10.2.1-т зааснаар хариуцагч “Ү” ХХК нь даатгалын хураамжийг төлөөгүй байх тул нэхэмжлэгч нь 2011 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр Гэрээг нэг талын санаачлагаар цуцалсан гэж үзнэ.

 

          Нэхэмжлэгч нь хариуцагч “Ү” ХХК нь даатгалын хураамжийг төлөөгүй тул Гэрээнээс татгалзсан гэж маргаж байна.

 

          Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.4, 431.4.7 дахь заалт, Гэрээний 10-ын 10.2, 10.2.1-т зааснаар даатгалын хураамжийг төлөөгүй тохиолдол нь Гэрээг цуцлах үндэслэлд хамаарч байх тул нэхэмжлэгч нь Гэрээг цуцалсан гэж үзнэ.

 

          Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-т “Иргэний эрх зүйн хамгаалалт нь зөрчигдсөн эрхийг сэргээх зорилготой байна.”, 227 дугаар зүйлийн 227.1-т “Гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал нь гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй.” гэж заасан.

 

          Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт зааснаар шүүх зөрчигдсөн эрхийг сэргээж, гэрээнээс татгалзсантай холбоотой үр дагаварыг шийдвэрлэнэ.

 

          Даатгалын гэрээнээс татгалзсан татгалзлыг баталгаажуулах тухай шаардлага нь Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, 9.4, 205 дугаар зүйлийн 205.1, 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт заасан Иргэний эрх зүйн хамгаалалтын аргад хамаарахгүй болно.

 

          Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, 9.4, 205 дугаар зүйлийн 205.1, 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь даатгалын гэрээнээс татгалзсантай холбоотой үр дагаварыг нэхэмжлээгүй байх тул гэрээнээс татгалзсан татгалзлыг баталгаажуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

          Нэхэмжлэгч нь хариуцагч нарт холбогдуулан даатгалын баталгааг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай шаардлага гаргажээ.

 

          Хариуцагч “Ү” ХХК нь “Эм Си Эс Проперти” ХХК, хариуцагч “Шангри-Лa Улаанбаатар хотел” ХХК-тай 2011 оны 7 дугаар сарын 06-ны өдөр “Шангри-Лa” зочид буудлын барилгын ажил гүйцэтгэх ажлын “Гадна шилэн хана болон гадаад фасадны дизайн гаргах, нийлүүлэх болон угсрах ажлыг гүйцэтгэхээр шалгарсан дэд гэрээ”/цаашид “Дэд гэрээ” гэх/-г байгуулсан болох нь “Эм Си Эс Проперти” ХХК-ийн 2011 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн албан бичгийн орчуулга, Дэд гэрээний орчуулгаар тогтоогдож байна.

 

          Дэд гэрээний 7-д зааснаар хариуцагч “Ү” ХХК нь Дэд гэрээний гүйцэтгэлийг баталгаажуулан Дэд гэрээний үнийн дүнгийн 10/арав/ хувьтай тэнцэх үнийн дүн бүхий баталгааг банк эсхүл даатгалын компаниар гаргуулах үүрэг хүлээсэн болох нь Дэд гэрээний орчуулгаар тогтоогдож байна.

 

          Нэхэмжлэгч нь хариуцагч “Ү” ХХК-тай 2011 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр үйлдсэн баримтыг даатгалын баталгаа гэж маргаж байна.

 

          2011 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн баримтад нэхэмжлэгч болон хариуцагч “Ү” ХХК-ийг төлөөлөх эрх бүхий этгээдүүд гарын үсэг зурж, байгууллагын тамгыг дарсан болох нь 2011 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн баримтаар нотлогдож байна.

 

          Иргэний хуулийн 433 дугаар зүйлийн 433.1-т “Даатгагч нь гарын үсэг зурсан даатгалын баталгааг даатгуулагчид гардуулах үүрэгтэй.” гэж заасан.

 

          Иргэний хуулийн 433 дугаар зүйлийн 433.1 дэх хэсэгт зааснаар даатгагч болон даатгуулагч нар нь нэг баримт үйлдэж гарын үсэг зурах шаардлагагүй байна.

 

          Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.2 дахь заалтад зааснаар нэхэмжлэгч болон хариуцагч “Ү” ХХК нар нь нэг баримт бичиг үйлдэж, гарын үсэг зурсан болох нь 2011 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн баримтаар нотлогдож байна.

 

          Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1, 198 дугаар зүйлийн 198.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч нь 2011 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн баримтын агуулгыг өөрсдөө тодорхойлж, нэхэмжлэгч нь хариуцагч “Ш” ХХК-д хариуцагч “Ү” ХХК-ийн Дэд гэрээгээр хүлээсэн үүргийн гүйцэтгэлийг хангуулах баталгаа гаргасан болох нь 2011 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн баримт болон “Легас” ХХК-ийн 2011 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн баримтын орчуулгаар тогтоогдож байна.

 

          Иргэний хуулийн 234 дүгээр зүйлийн 234.1-т “... хүлээсэн үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар гуравдагч этгээд үүрэг гүйцэтгүүлэгчид баталгаа гаргаж болно.”, 234 дүгээр зүйлийн 234.4-т “... үүрэг гүйцэтгүүлэгч үүргийн гүйцэтгэлийг баталгаа гаргагчаас үл маргах журмаар шаардана.” гэж заасан.

 

          Иргэний хуулийн 234 дүгээр зүйлийн 234.1, 234 дүгээр зүйлийн 234.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь 2011 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр хариуцагч “Ш” ХХК-д хариуцагч “Ү” ХХК-ийн Дэд гэрээгээр хүлээсэн үүргийн гүйцэтгэлийг хангуулах баталгаа гаргасан байх тул 2011 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн хэлцлийг Баталгааны гэрээ гэж үзнэ.

 

          Иргэний хуулийн 58 дугаар зүйл, 59 дүгээр зүйлд заасан үндэслэл баримтаар нотлогдохгүй байх тул 2011 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн Баталгааны гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцох үндэслэлгүй байна.

 

          Шүүх Иргэний хуулийн 234 дүгээр зүйлийн 234.1, 431 дүгээр зүйлийн 431.4, 431.4.7 дахь заалтад заасныг баримтлан нэхэмжлэгч “А” ХХК-ийн “А” ХХК, “Ү” ХХК-ийн 2011 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 11/01/157 дугаартай Даатгалын гэрээнээс татгалзсан татгалзлыг шүүхийн шийдвэрээр баталгаажуулах, энэ даатгалын гэрээний дагуу олгосон 2011 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр үйлдсэн даатгалын баталгааг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

Тогтоох нь:

 

  1. Иргэний хуулийн 234 дүгээр зүйлийн 234.1, 431 дүгээр зүйлийн 431.4, 431.4.7 дахь заалтад заасныг баримтлан нэхэмжлэгч “А” ХХК-ийн “А” ХХК, “Ү” ХХК-ийн 2011 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 11/01/157 дугаартай Даатгалын гэрээнээс татгалзсан татгалзлыг шүүхийн шийдвэрээр баталгаажуулах, энэ даатгалын гэрээний дагуу олгосон 2011 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр үйлдсэн даатгалын баталгааг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1, 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч “А” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 6 407 996 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч “А” ХХК-иас шинжээчийн ажлын хөлсөд 1 434 409.35 төгрөгийг гаргуулан “Легас” ХХК-д олгосугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

ДаргалагЧ, шҮҮГЧ                                    С.ХИШИГБАТ