Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 12 сарын 04 өдөр

Дугаар 136

 

 

 

 

 

2018 оны 12 сарын 04 өдөр

Дугаар 207/МА2018/00136

 

Энх Өглөө ХХК-ийн нэхэмжлэлтэй,

хариуцагч Эрдэнэт үйлдвэр ХХК-д

холбогдох иргэний хэргийн тухай

 

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Баттөр даргалж, шүүгч С.Уранчимэг, Б.Оюунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй,

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 142/ШШ2018/00861 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Энх Өглөө ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Эрдэнэт үйлдвэр ХХК-д холбогдох,

2017 оны 10 сарын 04-ний өдрийн Үнэлгээний хорооны шийдвэрийг хууль бусд тооцож, Эрдэнэт Үйлдвэр ХХК-ийн ил уурхайг тойрсон цахилгаан дамжуулах агаарын 35 кв-ын шугам барих нээлттэй тендер шалгаруулалтыг дахин зарлуулахыг хүссэн гуравдагч этгээд Тавин лан ХХК-ийн бие даасан шаардлагатай иргэний хэргийг,

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч К.Манлайгийн гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Оюунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Баярмагнай, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Жаргалмаа, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч К.Манлай, түүний өмгөөлөгч Ж.Бат-Амгалана, нарийн бичгийн дарга У.Сүхбаатар нар оролцов.

Нэхэмжлэгч Энх Өглөө ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Манай компани Эрдэнэт Үйлдвэр ХХК-ийн 2017 оны 06 сарын 15-ны өдөр зарласан Эрдэнэт Үйлдвэр ХХК-ны Ил уурхайг тойрсон цахилгаан дамжуулах агаарын 35 кв-ын шугам барих ИБХ2017/ЦЭХХМД 1.8.1 дугаартай тендерт оролцсон юм. Ингээд 2017 оны 07 сарын 20-ны өдөр анх тендерийг нээсэн бөгөөд 2017 оны 08 сарын 30-ны өдөр тендер шалгаруулах үнэлгээний хороо шийдвэрээ гаргаж манай компанид тухайн үед ирүүлсэн БШ-114-12/775 тоот мэдэгдэлд танай компани шаардлага хангасан тендер ирүүлсэн боловч үнийн саналаар шалгараагүй гэж дурдсан байсан. Бид энэхүү шийдвэрийг эс зөвшөөрч 2017 оны 09 сарын 01-ний өдөр Сангийн яаманд гомдол гаргасан. Сангийн яам гомдлыг тухайн тендерт материал ирүүлсэн компани тус бүрээр хянан үзээд 2017 оны 09 сарын 15-ны өдөр анхны тендер шалгаруулалтыг хүчингүй болгож тендер шалгаруулалтын үнэлгээг хууль, журамд нийцүүлэн хуульд заасан хугацаанд багтаан дахин хийх үүргийг үнэлгээний хороонд өгсөн. Улмаар үнэлгээний хороо дахин хуралдаж манай компанийг тендерг шалгарсан гэж үзэж 2017 оны 10 сарын 09-ний өдөр мэдэгдэл ирүүлсэн. 2017 оны 10 сарын 09-ний өдрийн мэдэгдлийг манай компани 2017 оны 10 сарын 17-ны өдөр цахим шуудангаар хүлээж авсан бөгөөд 2017 оны 10 сарын 23-ны өдөр Эрдэнэт Үйлдвэр7' ХХК-ны захирал Х.Бадамсүрэнгийн нэр дээр гэрээ байгуулах хүсэлтэй байгаа тухайгаа илэрхийлж, гэрээний ажиллагааг шуурхай шийдэж өгөхийг хүсэж албан бичиг хүргүүлсэн. Гэтэл өнөөдрийг хүртэл гэрээ байгуулах тухай мэдэгдэл ирүүлсэн захиалагч талын зүгээс ямар нэг хариу өгөхгүй байгаа бөгөөд албан бус эх сурвалжаас тухайн тендерийг хүчингүй болгож дахин тендер шалгаруулах ажил зохион байгуулах гэж байгаа тухай мэдээллийг бид аваад байна. Тухайн тендерийн урилга ирүүлсэн захиалагч талын зүгээс манай компанийг тендерт шалгарсан тухай мэдэгдэл явуулж гэрээ байгуулах эрх олгож байна гэсэн атлаа тухайн тендерийн ажлыг гүйцэтгэх гэрээг өнөөдрийг хүртэл манай компанитай байгуулахгүй байгаа нь хууль зөрчсөн үйлдэл гэж үзэж бид шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. Бид Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч захиргааны хэргийн шүүхийн харьяаллын маргаан биш гэж нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан учир Иргэний хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. Иймд Эрдэнэт Үйлдвэр ХХК-ийн ил уурхайг тойрсон цахилгаан дамжуулах агаарын 35 кв-ын шугам барих нээлттэй тендерт шалгарсан Энх Өглөө ХХК-тай тендерийн ажил гүйцэтгэх гэрээ байгуулахыг хариуцагчид даалгах шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Жаргалмаа шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Энх өглөө ХХК-ийн нэхэмжлэлийг дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Үүнд: Эрдэнэт үйлдвэр ХХК-аас Ил уурхайг тойрсон цахилгаан дамжуулах агаарын 35 кв-ын шугам барих ИБХ2017/ЦЭХХМД 1.8.1 дугаартай тендерийг 2017 оны 06 дугаар сарын 07-ны өдөр анх Өдрийн сонин, 1епёег.оу.шп цахим хаягаар зарласан бөгөөд 2017 оны 07 сарын 20-нд тендер нээхэд 8 компани тендерийн материал ирүүлсэн. Үнэлгээний хорооны 2017 оны 8 сарын 22-ны өдрийн хурлын шийдвэрээр Тавин лан ХХК, Ган тесла ХХК-ийн түншлэлийн ирүүлсэн тендерийн баримт бичгийг хамгийн сайн тендер гэж үнэлж, захиалагч уг шийдвэрийг 2017-8-29-нд баталсан. Улмаар 2017 оны 8 сарын 30-ны өдөр Тавин лан ХХК болон бусад оролцогчдод мэдэгдэл хүргүүлсэн. 2017 оны 09 сарын 04-ний өдөр Сангийн яамнаас Хасу эрчим, Энх өглөө ХХК- ууд гомдол гаргасан тухай албан бичиг ирсэн бөгөөд энэ дагуу бүх материалыг Сангийн яаманд хүргүүлсэн. Сангийн яамны 2017 оны 09 сарын 15-ны 6-1/5418 тоот албан бичгийг 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдөр үнэлгээний хорооны нарийн бичгийн дарга хүлээн авсан. Уг албан тоотод дурдсаны дагуу үнэлгээний хороо 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдөр хуралдаж тендерийг дахин үнэлсэн бөгөөд Энх өглөө ХХК-ийн ирүүлсэн материал шаардлагад нийцсэн гэж шийдвэрлэсэн. Уг шийдвэрт захиалагч буюу Ерөнхий захирал 2017 оны 10 дугаар сарын 09-ний гарын үсэг зурж баталгаажуулсан. Тухайн өдрөө 8 компанид өгөх ёстой мэдэгдлийн заримд Ерөнхий захирал гарын үсэг зурсан бөгөөд 2017 оны 10 сарын 17-ны өдөр үлдсэн мэдэгдэлд гарын үсэг зурсны дараа бүх компаниудад 2017 оны 10 сарын 17-ны өдөр зэрэг хүргүүлсэн. Гэтэл 2017 оны 10 сарын 18-ны өдөр Сангийн яамнаас Хасу эрчим ХХК-аас дахин шалгаад манай компанид 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр албан тоот ирүүлсэн . Уг албан бичигт дурдахдаа тендерийн хүчинтэй байх хугацаа 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдөр дууссан байх тул тухайн тендер шалгаруулалт хүчингүйд тооцож, хуульд заасны дагуу дахин тендер зохион байгуулахыг үүрэг болгосон. Энэ дагуу Ил уурхайг тойрсон цахилгаан дамжуулах агаарын 35 кв-ын шугам барих тендерийг дахин 2017 оны 11 дүгээр 14-ны өдөр Өдрийн сонин, tenger.gov.mn цахим хаягаар зарласан. Энх Өглөө ХХК нь нэхэмжлэл, Орхон аймаг дахь сум дундын шүүхийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 142/Ш32017/05672 тоот захирамжийг үндэслэн уг тендер шалгаруулалтыг түдгэлзүүлсэн болно. Манай компанийн зүгээс Сангийн яамнаас ирсэн бичгийн дагуу тендер шалгаруулалтыг хүчингүйд тооцсон тул Энх Өглөө ХХК-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Тавин лан ХХК шүүхэд гаргасан хүсэлтдээ:

Манай компани Эрдэнэт Үйлдвэр ХХК-ийн ил уурхайг тойрсон цахилгаан дамжуулах агаарын 35 кв-ын шугам барих нээлттэй тендер шалгаруулалтын ажил ИБХ2017/ЦЭХХМД 1.8.1 дугаартай тендерт оролцсон юм. Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн ерөнхий захирлын 2017 оны 10 сарын 09-ний өдрийн ХБ-114-12/973 тоот мэдэгдлээр Энх-Өглөө ХХК-ийн тендерийг сонгож, гэрээ байгуулах болсон талаар мэдэгджээ. Энх-Өглөө ХХК нь Эрчим хүчний яамтай Баруун-Урт-Эрдэнэцагаан сумын 35кВ-ын ЦДАШ-ын барилга угсралтын ажлын гэрээг 2014 оны 4 сарын 4-ний өдөр байгуулсан, мөн 2 удаа гэрээг сунгасан ба өнөөдрийг хүртэл улсын комисст уг барилга угсралтын ажлыг хүлээлгэн өгөөгүй байна. Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Үнэлгээний хороо 2017 оны 10 сарын 04-ний өдөр Энх-Өглөө ХХК-ийн ирүүлсэн тендерийг дахин үнэлэхдээ Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14.1.4-т заасны дагуу гэрээгээр хүлээсэн үүргээ ноцтой зөрчсөн гэсэн шаардлагыг хангаагүй тендерийг сонгосон нь хууль бус үйлдэл байх тул 2017 оны 10 сарын 04- ний өдрийн Үнэлгээний хорооны шийдвэрийг хууль бусд тооцож, Эрдэнэт Үйлдвэр ХХК-ийн ил уурхайг тойрсон цахилгаан дамжуулах агаарын 35 кв-ын шугам барих нээлттэй тендер шалгаруулалтыг дахин зарлуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Баярмагнай бие даасан шаардлагатай холбогдуулан шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт захиалагчийн шийдвэрийг эс зөвшөөрсөн тохиолдолд гомдлоо зөвхөн төсвийн асуудал эрхэлсэн гөрийн захиргааны төв байгууллагад ажлын 5 өдрийн дотор гаргана" гэж заасан байгаа. Энэхүү тендерийн захиалагч "Эрдэнэт үйлдвэр ХХК-ны зүгээс 2017 оны 1 сарын 04-ний өдрийн "Энх-Өглөө" ХХК-ныг ялагчаар шалгаруулсан үнэлгээний хорооны шийдвэрийг 2017 оны 10 сарын 17-ны өдөр цахим шуудангаар тендер оролцсон бүх компаниудад хүргүүлсэн тухай нотлох баримтыг хариуцагч байгууллагын зүгээс нотлох баримтын шаардлага хангуулан ирүүлсэн байдаг. "Тавин лан" ХХК нь 2017 оны 10 сарын 04-ний өдрийн үнэлгээний хорооны шийдвэрийг 2017 оны 10 сарын 17-ны өдөр хүлээн авч ажлын 5 хоногт багтаан гомдлоо гаргах ёстой байсан. Тавин лан ХХК нь хуулийн хугацаанд гомдлоо гаргаагүй учир үнэлгээний хорооны шиидвэрийг зөвшөөрсөнд тооцож энэ талаар дахин аливаа хэлбэрээр шаардлага гаргах эрхгүй юм. Нэгэнт тендерийн үнэлгээний хорооны шийдвэрт хуульд заасан хугацаанд гомдлоо гаргаагүй учир Тавин лан ХХК-ийн эрх ашиг энэхүү маргаанд хөндөгдөхгүй болохыг анхаарна уу. Ийм учир гуравдагч этгээд Тавин лан ХХК-ны гаргасан бие даасан шаардлагыг хэрэгсэхгүй болгож нэхэмжлэлиин шаардлагыг хангаж өгнө үү. Манай компани Захиргааны хэргийн шүүхийн ажиллагаа дууссаны дараа "Эрдэнэт үйлдвэр" ХХК-нд тендерийн ажил гүйцэтгэх гэрээ байгуулах хүсэлтийг иргэний шүүх хуралдаанаас өмнө тавьсан бөгөөд шүүхээс тендертэй холбоотой ямар нэг ажиллагаа хийхгүй байхыг даалгасан учир манай хүсэлтийг хүлээн авах боломжгүй байгаа тухайгаа хариу албан бичгээр илэрхийлсэн. Нэгэнт тендерийн ажил гүйцэтгэх гэрээ байгуулахад саад болж байсан эрх бүхий баигууллагын шийдвэр шүүхийн шийдвэрийн үндсэн дээр хүчингүй болсон учир асуудлыг яаралтай шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Жаргалмаа, Д.Энхчулуун нар бие даасан шаардлагатай холбогдуулан шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Энх өглөө ХХК-ийн нэхэмжлэлтэй Эрдэнэт үйлдвэр ХХК-д холбогдох иргэний хэрэгт Тавин лан ХХК-ийн гаргасан бие даасан шаардлагыг дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Үүнд: Ил уурхайг тойрсон цахилгаан дамжуулах агаарын 35 кв-ын шугам барих ИБХ2017/ЦЭХХМД 1.8.1 дугаартай тендерийг шалгаруулахдаа үнэлгээний хорооны гишүүд Энх-Өглөө ХХК-ийн ирүүлсэн баримт бичгийг зохих журмын дагуу судлан үзсэний үндсэн дээр сонгон шалгаруулсан. Ил уурхайг тойрсон цахилгаан дамжуулах агаарын 35 кв-ын шугам барих ИБХ2017/ЦЭХХМД 1.8.1 дугаартай тендер шалгаруулалттай холбоотой маргаан цаг хугацааны хувьд удааширч байгаа нь Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн үйлдвэрлэлийн хэвийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж болзошгүй байгааг шүүх анхааралдаа авна уу. Шүүгчийн 142/Ш32018/03541 дугаартай захирамжийн дагуу Энх-Өглөө ХХК-иас Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Ил уурхайг тойрсон цахилгаан дамжуулах агаарын 35 кв-ын шугам барих ИБХ2017/ЦЭХХМД 1.8.1 дугаартай тендерт ирүүлсэн баримт материалыг нотлох баримтын шаардлага ханган хүргүүлэв гэжээ.

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 142/ШШ2018/00861 дугаар шийдвэрээр:

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Иргэний хуулийн 195 дугаар зүйлийн 195.5-д заасныг баримтлан Энх-Өглөө ХХК-тай Эрдэнэт Үйлдвэр ХХК-ийн ил уурхайг тойрсон цахилгаан дамжуулах агаарын 35 кв-ын шугам барих тендерийн ажил гүйцэтгүүлэх гэрээ байгуулахыг Эрдэнэт Үйлдвэр ХХК-нд даалгаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3-д заасныг баримтлан Тавин лан ХХК-ийн Эрдэнэт үйлдвэр ХХК, Энх-Өглөө ХХК-д холбогдуулан гаргасан 2017 оны 10 сарын 04-ний өдрийн Үнэлгээний хорооны шийдвэрийг хууль бусд тооцож, Эрдэнэт Үйлдвэр ХХК-ийн ил уурхайг тойрсон цахилгаан дамжуулах агаарын 35 кв-ын шугам барих нээлттэй тендер шалгаруулалтыг дахин зарлуулахыг хүссэн нэхэмжлэлтэй иргэний хэргийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч Энх-Өглөө ХХК-ийн тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д заасныг баримтлан Тавин лан ХХК-ийн тэмдэгтийн хураамжид төлсөн 200 000 төгрөгийг төрийн сангаас буцаан гаргуулж Тавин лан ХХК-нд олгож, Эрдэнэт Үйлдвэр ХХК-иас 70 200 төгрөг гаргуулан төрийн санд оруулж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2-д заасныг баримтлан 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 5672 дугаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч К.Манлай давж заалдсан гомдолдоо:

Эрдэнэт үйлдвэрийн тендер, худалдан авах ажиллагааны маргаан бүхий үйл баримтын тухайд Эрдэнэт ҮйлдвэрХХК-ийн Ил уурхайг тойрсон цахилгаан дамжуулах агаарын 35 кв-ын шугам барих ИБХ2017/ЦЭХХМД 1.8.1 дугаартай тендерийн үнэлгээний хороо нь 2017 оны 08 сарын 22-ны өдрийн тайлан /ХХ-34-р тал/-д ТБОНӨХБАҮХАТХуулийн 28.7.3-ыг үндэслэн шаардлага хангасан бүх тендерийг харьцуулахад хамгийн бага харьцуулах үнэ ирүүлсэн Тавин Лан ХХК, Ган тесла ХХК-ийн түншлэлд гэрээ байгуулах зөвлөмжийг гаргаж улмаар захиалагч манай компанитай гэрээ байгуулах санал ирүүлснийг нэхэмжлэгч Энх Өглөө ХХК Сангийн яаманд гомдол гаргаж Сангийн яам дахин хуулийн дагуу тендер зарла гэсэн боловч хуулийн дагуу тендерийг дахин зарлалгүйгээр өмнө ирүүлсэн материал, үнийн саналуудыг өмнөх үнэлгээний хорооны дарга Ж.Эрдэнэбилэг дахин үнэлгээний хороог даргалан үнэлж 2017 оны 10-р сарын 04-ний өдөр өмнө гаргасан үнэлгээнээсээ тэс ондоо шийдвэр гарган Энх өглөө ХХК-тай гэрээ байгуулах зөвлөмж гаргаж байгууллагуудын ирүүлсэн нэг материал дээр 2 өөр ашиг сонирхлын зөрчил бүхий шийдвэр гаргасан байдаг. Шийдвэрийн үндэслэлд:

Бие даасан нэхэмжлэл гаргасан 3 дагч этгээдийн нэхэмжлэлийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3-д шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлэх талаар хуульд заасан журмыг нэхэмжлэгч зөрчсөн ба энэ журмыг хэрэглэх боломжтой байсан ба Сангийн яамны шийдвэртэй холбоотой маргааныг захиргааны хэргийн шүүх шийдвэрлэх тул, шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлэх талаар хуульд заасан журмыг нэхэмжлэгч зөрчсөн байх тул хэмээн үзэж манай гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй байна. Учир нь энэхүү тендер нь нэг дарга бүхий үнэлгээний хороо нь өмнө ирүүлсэн байгууллагуудын нэг материалыг үнэлж хоёр өөр шийдвэр гаргасныг нь эс зөвшөөрч хуулийн дагуу Хасу Эрчим ХХК Сангийн яаманд гомдол гаргаж улмаар Сангийн яам дахин тендер зарлах шийдвэр гаргасныг нэхэмжлэгч энэхүү шийдвэрт захиргааны хэрэг үүсгүүлэн энэхүү Сангийн яамны шийдвэрийг хүчингүй болгосон байдаг. Гэсэн хэдий ч энэхүү шүүхийн шийдвэр нь Энх Өглөө ХХК-тай гэрээ байгуулах санал нь хүчин төгөлдөр гэж үзэх үндэслэл болохгүй бөгөөд манай гуравдагч этгээдийн нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой үйл баримтууд нь шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлэх ажиллагаатай холбоотойгоор энэхүү иргэний шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл бүх процессийг дамжиж ирсэн нь энэхүү хэргийн нотлох баримтуудаас харагдана. Манай нэхэмжлэлийн шаардлага нь ИХШХШТХуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-д заасныг үндэслэж тухайн тендерийн үнэлгээний хорооны хууль бус, ашиг сонирхлын зөрчил бүхий шийдвэрээс болж энэхүү тендерт оролцсон манай компанийн хувьд цаг хугацаа, болон эд хөрөнгийн тодорхой хохирлууд учирсан төдийгүй тендерийг хуулийн дагуу дахин зарлалгүйгээр өмнөх 2014 оны хийж гүйцэтгэсэн ажлаа хийж гүйцэтгэж дуусаагүй, Улсын комиссд хүлээлгэн өгөөгүй, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад өртэй Энх өглөө ХХК-тай гэрээ байгуулснаар хариуцагч болон улсад асар их хэмжээний хохирол учрах нөхцөл бүрдээд байгааг анхан шатны шүүхийн шүүгч өөрийн итгэл үнэмшлээр үнэлсэнгүй гэж үзэж байна.

Мөн нэхэмжлэгч Энх өглөө ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг анхан шатны шүүх хангахдаа хэрэгт авагдсан нотлох баримт болох Эрчим хүчний яамнаас ирүүлсэн Энх өглөө ХХК-ийн өмнө хийж гүйцэтгэсэн ажлуудаа Улсын комисс-д хүлээлгэж өгөөгүй байгаа, гүйцэтгэлээ хийхийг шаардсан албаны хүний албан бичиг, 95 хувийн санхүүжилтийг авсан гэсэн боловч гүйцэтгэлийг яг хэдэн хувьтай хийсэн эсэх нь энэхүү хэрэгт цугларсан нотлох баримтуудаас харагдахгүй байхад нэхэмжлэгч Энх өглөө ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангасан нь холбогдох хуулийн болон тендерийн материалд тавигдсан нөхцөл, шаардлагыг хангаж байгаа эсэх дээр шүүгч үнэлэлт хийсэнгүй ээ.

Хариуцагч нь гурван итгэмжлэгдсэн төлөөлөгч томилсон байдаг бөгөөд энэхүү шүүх хуралдаанд энэхүү хэргийн онцлог нөхцөл байдлаас хамаараад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батзоригийг заавал байлцуулан шүүх хуралдааныг явуулах ёстой байсан гэж үзэж байна. Учир нь энэхүү хэргийн обьект болох үнийн дүн өндөртэй тендер шалгаруулалт нь нэг үнэлгээний хорооны гишүүд нь өмнө гаргасан шийдвэрээсээ ашиг сонирхлыг зөрчилтэй дахин өөр үнэлгээний шийдвэрүүдийг гаргаж байгаагаас үзэхэд хариуцагч Эрдэнэт Үйлдвэр ХХК нь дотроо ашиг сонирхлын зөрчилтэй нэгдсэн байр суурьгүй байгаа нь харагдаж байна. Иймээс ч гурван итгэмжлэгдсэн төлөөлөгч томилсон нь учиртай байсан байх. Тиймээс итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батзоригийг шүүх хуралдаанд биеэр нь оролцуулж, тайлбарыг нь сонссон бол энэхүү хэргийн шийдвэрийн үндэслэл өөрөөр гарах боломжтой байсныг үгүйсгэхгүй байна.

Мөн анхан шатны шүүхийн шийдвэрт Иргэний хуулийн 195 дугаар зүйлийн 195.5-д гэрээ байгуулах санал гаргасан тал хууль, гэрээ, эсхүл саналд заасан хугацаанд саналаасаа татгалзах эрхгүй гэсэн заалтыг үндэслэн шийдвэр гаргасан нь буруу гэж үзэж байна. Учир нь Иргэний хуулийн 195.2-д Гэрээ байгуулах саналд гэрээний гол нөхцөл буюу түүнийг тодорхойлох журмыг заасан байна гэсний дагуу шүүх шийдвэрээ ИХ-ийн 195.5-ийг үндэслэж байгаа юм бол энэхүү гэрээний санал нь ИХ-ийн 195.2-д заасны дагуу хариуцагчийн гэрээний саналд нь гэрээний гол нөхцөл буюу түүнийг тодорхойлох журмыг заасан байна гэсэн хуулийн шаардлагыг хангаагүй и-мэйл хаягаар явуулсан албан бичгийг үнэлсэн нь алдаатай байна. Энэхүү 2017 оны 10 сарын 09-ний Энх өглөө ХХК-д Мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичиг нь 2017 оны 10 сарын 17-нд И-мэйл хаягаар явуулсан тухайн өдөр нэхэмжлэгч гардаж авсан гэдэг нь хэлбэрэлтгүй бичгийн нотлох баримтаар нотлогдохгүй байна. Мөн нэхэмжпэгчийн 2017 оны 10 сарын 23-ны өдөр Эрдэнэт үйлдвэр ХХК-д гаргасан хүсэлт нь албан бичигт заасан ажлын 5 хоногийн хугацаа нь дууссан хойно гарын үсэг зурах тухай хүсэлт хүргүүлсэн байна. Иймээс хариуцагчийн Мэдэгдэл хүргүүлэх тухай 2017 оны 10 сарын 09-ний албан бичиг нь Иргэний хуулийн 195.2-т заасан гэрээ байгуулах саналын хуулийн шаардлагыг хангахгүй байгаа бөгөөд энэхүү мэдэгдлийг Иргэний хуулийн 195.5-ийн дагуу үндэслэж шүүхийн шийдвэр гаргасан нь үндэслэлгүй байна.

Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангахдаа хэрэв Энх өглөө ХХК-тай Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн ил уурхайг тойрсон цахилгаан дамжуулах агаарын 35 кв-ын шугам барих тендерийн ажил гүйцэтгүүлэх гэрээ байгуулахыг даалгахдаа Энх өглөө ХХК нь энэхүү гэрээг байгуулж ажиллавал үнэхээр хуулийн болон тендерийн баримт бичигт заагдсан болзол шаардлагыг хангаж буй эсэх дээр дүгнэлт хийлгүйгээр тухайн компанийн чадамжтай холбоотой нотлох баримтыг үнэлээгүй болох нь шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгээс харагдаж байна. Мөн энэхүү компанийн өмнө хийсэн ажлын талаарх Эрчим хүчний яамны ажлын гүйцэтгэлийн явцын талаарх албан ёсны тайлбар, тодорхойлолт энэхүү хэргийн материалд авагдаагүй байна.

Тиймээс хэт нэг талыг барьсан, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг ноцтой зөрчсөн Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх 2018 оны 9 сарын 10-ний өдрийн дугаар 142/ШШ2018/00861 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин хянан шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч Энх-Өглөө ХХК нь Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн ил уурхайг тойрсон цахилгаан дамжуулах агаарын 35 кв-ын шугам барих тендерийн ажил гүйцэтгүүлэх гэрээ байгуулахыг даалгах тухай нэхэмжлэл гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад бие даасан гуравдагч этгээд Тавин лан ХХК тус компаний 2017 оны 10 сарын 04-ний өдрийн Үнэлгээний хорооны шийдвэрийг хууль бусд тооцож, Эрдэнэт Үйлдвэр ХХК-ийн ил уурхайг тойрсон цахилгаан дамжуулах агаарын 35 кв-ын шугам барих нээлттэй тендер шалгаруулалтыг дахин зарлуулах тухай нэхэмжлэлийн шаардлага тус тус гаргасан ба шүүх үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн нэхэмжлэлтэй иргэний хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Хариуцагч Эрдэнэт үйлдвэр ХХК-иас Ил уурхайг тойрсон цахилгаан дамжуулах агаарын 35 кв-ын шугам барих ИБХ2017/ЦЭХХМД 1.8.1 дугаартай тендерийг 2017 оны 06 дугаар сарын 07-ны өдөр анх Өдрийн сонин, tender.gov.mn цахим хаягаар зарлаж тус тендерт нэхэмжлэгч Энх-Өглөө ХХК, Тавин лан ХХК, Хасу эрчим ХХК зэрэг нийт 8 компани оролцсон байх ба 2017 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн Тендер шалгаруулах үнэлгээний хорооны шийдвэрийг Сангийн яам хянан үзээд уг шалгаруулалтыг хүчингүй тооцсон учир Хариуцагч Эрдэнэт үйлдвэр ХХК-иас дээрх тендер шалгаруулалтыг 2017 оны 10 дугаар сарын 4-ний дахин явуулж нэхэмжлэгч Энх-Өглөө ХХК-ийг тендерт шалгарсан тухай мэдэгдлийг хүргүүлсэн, харин Хасу эрчим ХХК уг тендерийн талаар Сангийн яаманд гомдол гаргахад Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 6-1/6358 тоот албан бичгээр ...тендер явуулах хуульд заасан хугацаа хэтрүүлсэн тул шалгаруулалтыг дахин явуулах-ыг мэдэгдсэн байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд нэхэмжлэгч Энх-Өглөө ХХК Сангийн яамны 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 6-1/6358 тоот албан бичгийг хүчингүй болгуулахаар Захиргааны хэргий анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасныг тус шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж хянан шийдвэрлэсэн, 2017 оны 10 дугаар сарын 4-ний өдрийн Үнэлгээний хорооны шийдвэрийн дагуу хариуцагч компаниас Ил уурхайг тойрсон цахилгаан дамжуулах агаарын 35 кв-ын шугам барих ИБХ2017/ЦЭХХМД 1.8.1 дугаартай тендерийг нэхэмжлэгч компанитай байгуулах тухай саналаа Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1-д заасны дагуу нэхэмжлэгч компанид мэдэгдсэн боловч хуульд заасны дагуу ажил гүйцэтгүүлэх тухай гэрээ байгуулаагүй нөхцөл байдал үүссэн байна.

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтанд үндэслэл бүхий дүгнэлт хийж хариуцагч Эрдэнэт үйлдвэр ХХК-ийг Иргэний хуулийн 195 дугаар зүйлийн 195.5-д заасны дагуу нэхэмжлэгч Энх-Өглөө ХХК-тай Ил уурхайг тойрсон цахилгаан дамжуулах агаарын 35 кв-ын шугам барих ИБХ2017/ЦЭХХМД 1.8.1 дугаартай тендерийн ажил гүйцэтгэх гэрээ байгуулах тухай саналаасаа хуульд заасан хугацаанд татгалзах эрхгүй гэсэн дүгнэлт хийж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэснийг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна.

Түүнчлэн бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Тавин лан ХХК 2017 оны 10 сарын 04-ний өдрийн Үнэлгээний хорооны шийдвэрийг хууль бусд тооцож, Эрдэнэт Үйлдвэр ХХК-ийн ил уурхайг тойрсон цахилгаан дамжуулах агаарын 35 кв-ын шугам барих нээлттэй тендер шалгаруулалтыг дахин зарлуулахыг хүссэн нэхэмжлэл нь шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлүүлэх талаар хуульд заасан журмыг зөрчсөн гэсэн дүгнэлт хийж Эрдэнэт үйлдвэр ХХК-д холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3-т заасан шаардлагад нийцсэн байна.

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Тавин лан ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч К.Манлайгийн гаргасан давж заалдах гомдлын тухайд: Хариуцагч байгуулага энэхүү хэрэгт 3 хүнийг итгэмжлэгдсэн төлөөлөгч томилж оролцуулсан боловч иргэний хэрэг хэлэлцэх шүүх хуралдаанд итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батзоригтийг шүүх хуралдаанд оруулаагүй, хэрэв оролцуулсан бол хэргийн шийдвэрийн үндэслэл өөр гарах боломжтой байсныг үгүйсгэх аргагүй, нэхэмжлэгч Энх-Өглөө ХХК нь 2014 онд хийж гүйцэтгэх тендерийн ажлаа бүрэн гүйцэтгэж дуусгаагүй шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад өртэй учир тус компанитай гэрээ байгуулснаар хариуцагч талд болон улсад их хэмжээний хохирол учрах нөхцөл бүрдээд байгааг түүнчлэн хууль болон тендерийн баримт бичигт заагдсан болзол шаардлагыг хангаж буй эсэх дээр дүгнэлт хийгээгүй, компаний чадамжтай холбоотой нотлох баримтыг үнэлээгүйгээс шүүх хэт нэг талыг барьсан, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн шийдвэр гаргасан гэжээ.

Энх-өглөө ХХК-ийн нэхэмжлэлтэй иргэний хэрэгт хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Жаргалмаа, Д.Энхчулуун нар оролцсон байх ба шүүх Б.Батзоригтод шүүх хуралдааны тов мэдэгдсэн боловч хүрэлцэн ирээгүй, түүнийг оролцуулах талаар хэргийн оролцогч нараас санал гаргаагүй байна.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.4д сүүлийн 3 жилийн хугацаанд худалдан авах ажиллагаанд оролцохдоо гэрээний үүргээ ноцтой зөрчсөн, биелүүлээгүй, эсхүл мэргэжлийн үйл ажиллагаанд алдаа гаргасныг шүүх, энэ хуулийн 521.1-д заасан эрх бүхий улсын байцаагч тогтоосон гэж зааснаар Энх-Өглөө ХХК нь бусдад өр төлбөртэй, 2014 оны тендерийн ажил гүйцэтгэх гэрээний үүргээ биелүүлээгүй болох нь шүүхийн шийдвэр, худалдан авах ажиллагааны улсын байцаагчийн тогтоосон акт гараагүй энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй тул нэхэмжлэгч Энх-Өглөө ХХК-ийг хуульд заасан ерөнхий нөхцлийг хангаагүй гэж үзэх боломжгүй юм.

Дээрх үндэслэлээр бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Тавин лан ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч К.Манлайн гаргасан давж заалдах гомдлын үндэслэл хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдохгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1. дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 142/ШШ2018/00861 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч К.Манлайгийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Тавин Лан ХХК-ийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.БАТТӨР

ШҮҮГЧИД С.УРАНЧИМЭГ

Б.ОЮУНЦЭЦЭГ