Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 03 сарын 21 өдөр

Дугаар 001/ХТ2017/00317

 

                                                      Д.Энх-Амгалангийн нэхэмжлэлтэй,

                                                             иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Г.Цагаанцоож даргалж, шүүгч  Ц.Амарсайхан,  Б.Ундрах, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянхонгор аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 131/ШШ2016/00757 дугаар шийдвэр,

Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 213/МА2017/00001 дүгээр магадлал,

Нэхэмжлэгч : Д.Энх-Амгалан

Хариуцагч : Н.Энхмаа

Үндсэн нэхэмжлэлийн шаардлага: 2011.7.20-ны өдрийн гэрээг хүчин төгөлдөр бус гэж  тооцуулах, Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 2 дугаар баг 6 дугаар гудамж 15 тоотын газар, хашаа бүхий хувийн сууцыг  чөлөөлүүлэх тухай,

Сөрөг нэхэмжлэлийн шаардлага: 2011.7.20-ны өдрийн гэрээг хүчин төгөлдөр гэж   тооцуулах, газар, хашаа бүхий хувийн сууцны өмчлөгчөөр  Н.Энхмааг тогтоолгох

Хариуцагчийн гаргасан гомдлоор

Шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.Ням, хариуцагч Н.Энхмаа,түүний өмгөөлөгч Ж.Дамбаажийжин, нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал  нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан гомдолдоо: Би Н.Энхмаад охин А.Батчимэгтэй миний хашаа, байшин газрыг худалдан авах гэрээ хий гэж огт хэлээгүй, тийм зөвшөөрөл ч өгөөгүй, тийм гэрээ хийснийг мэдээгүй байсан. Гэтэл Н.Энхмаа нь манай охин А.Батчимэгийг хуурч нотариат дээр дагуулж очоод мөнгө төлсөн баримт гэж ойлгуулаад гэрээ гэгч дээрээ гарын үсэг зуруулсан байсныг би сүүлд нь шүүх дээр мэдсэн. Н.Энхмаа нь миний үлдэгдэл мөнгийг манай цуглаанд мөнгө орж ирэхгүй байна эгчээ та хүлээж байгаарай гэдэг байснаа жил гаруй болоод сураггүй алга болсон. Иймд Баянхонгор сумын 2 дугаар багийн Эрдэнэмандалын 6 дугаар гудамж 15 тоотод байрлах 000010361 тоот гэрчилгээний дугаартай 0320000986 тоот улсын бүртгэлийн дугаартай гэр бүлийн хэрэгцээний газар хашаа, 000021078 тоот гэрчилгээний дугаартай Ү-03200003014 тоот эрхийн улсын бүртгэлийн дугаартай хувийн сууцны хууль ёсны өмчлөгч болохын хувьд Н.Энхмаагийн А.Батчимэгтэй байгуулсан гэх үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ хийсэн хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцуулж өөрийн хууль ёсны өмч болох хашаа, байшин, газрыг эзэмшиж ашиглаж байгаа иргэн Н.Энхмаа, "Амьдрал тэтгэгч христийн цуглаан" нэртэй төрийн бус байгууллагын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэхээр нэхэмжлэл гаргаж байна гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: А.Батчимэг 2014.7.20-ны өдөр анх уулзахдаа Хөх толгойд 2 дугаар баг 6 дугаар гудамж 15 тоотод зарах хашаа, байшин байгаа, 5.800.000-д зармаар байна. Ээжийн нэр дээр газар, хашаа ба үл хөдлөхийн гэрчилгээ байдаг. Ээжээс зарах тухай асуусан зар зар гэж зөвшөөрсөн гэж хэлсэн. Д.Энх-Амгалан гуайтай утсаар ярьж ..охин А.Батчимэг чинь бидэнд таны нэр дээр байдаг 2-6-15 дахь хашаа, байшинг 5.800.000 төгрөгөөс яриад бидэнд 5.200.000 төгрөгөөр зарахыг зөршөөрч байгаа юм уу гэж асуухад Д.Энх-Амгалан гуай би зөвшөөрч байна. 5.200.000 төгрөгөөр худалдан авч болно.. гэж хэлсэн. Д.Энх-Амгалан гуай 2011 оны 9 дүгээр сард надтай уулзаад эгчдээ 500.000 төгрөг нэмээд өгчих, эгч нь дахиж нэмж мөнгө авахгүй гэрчилгээнүүдийг чинь чиний нэр дээр яаралтай шилжүүлж өгнө. Эгч нь худлаа ярихгүй чи надад итгэж болно гэхэд л би итгээд нэмээд 500.000 төгрөг өгсөн. А.Батчимэг, Д.Энх-Амгалан нар намайг хуурч мэхлэн надад зөвшөөрч гэрээ хийж хашаа байшингаа зарчихаад өмнө хэлсэн ярьснаасаа буцаж миний мөнгөөр тоглож, намайг залилан миний нэр төрийг гутаан доромжилж, цаг зав амьдралд чирэгдэл учруулж байгаад гомдолтой байна. Би засвар хийсэн ажлын хөлс, барилгын материал, нэмэлт засвар, урсгал засвар, найзуудын өгсөн хүүхдүүдийн тоглоомын мөнгө зэрэг зардлуудаа бүгдийг нэхэмжилж гаргуулах болно. Худалдан авснаас хойш 2011 онд 2.800.000 төгрөгийн засвар хийсэн. 2012-2014 онд банз будаг, барилгын материал ба нэмэлт засварт 6.930.00 төгрөг зарцуулсан, засвар хийсэн хүмүүст цалин, ажлын үнэлгээ 960.000 төгрөг, 2015 онд төмөр зуух, хашаа тэлэхэд банз урсгал засварт 500.000 төгрөг, 2016 оны 7 дугаар сард найзууд ба өөрийн хөрөнгөөр хүүхдийн тоглоомын талбай барихад 3.664.200 төгрөг тус тус зарцуулсан болно гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: А.Батчимэгээс 2011.7.20-нд хашаа байшинг нь 5.200.000 төгрөгөөр худалдан авсан. Банкны барьцааны 1.547.320 төгрөгийг би Хадгаламж банкинд төлж өргүй болгож өгсөн. Үлдэгдэл 3.652.680 төгрөгийг Батчимэгийн гарт бэлнээр нь өгч тооцоог бүрэн дуусгасан. Энэ үед А.Батчимэг хэлэхдээ ээж 7 хоногийн дараа хөдөөнөөс ирээд таны нэр дээр газар хашааны гэрчилгээг шилжүүлж өгнө гэсэн. Би одоо 2 дугаар баг 6 дугаар гудамж 15 дахь хашаа байшин, анх авах үед засвар их орохоор хуучин барилга байсан тул 2011-2016 онуудад нэмэлт ба бусад засваруудыг хийсэн. Худалдан авснаас хойшхи хугацаанд зарцуулсан бүх зардлуудаа нэхэмжилбэл 25.417.200 төгрөг болно. Энэ мөнгийг төлнө гэвэл би энэ хашаа байшинг буцаан өгч болно. Иймд 5 жил хашаа газрын гэрчилгээг шилжүүлж өгнө гэж намайг хуурч мэхэлсэн Д.Энх-Амгаланд холбогдуулан нэхэмжлэл гарган 2011.7.20-ны өдрийн гэрээ хийсэн тухай үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ хэлцлийг хүчин төгөлдөрт тооцож, миний өмчлөлийн 000010361 тоот гэрчилгээний дугаартай, 0320000986 тоот улсын бүртгэлийг дугаартай гэр бүлийн хэрэгцээний газар хашаа, 000021078 тоот гэрчилгээний дугаартай, Ү-03200003014 тоот эрхийн улсын бүртгэлийн дугаартай хувийн сууц, хашаа, байшин газрыг иргэн Н.Энхмаагийн хууль ёсны өмч болохыг тогтоож өгнө үү гэжээ.

Баянхонгор аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 131/ШШ2016/00757 дугаартай шийдвэр гаргаж, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасныг баримтлан Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 2 дугаар баг 6 дугаар гудамж 15 тоотод байршилтай газар, хашаа бүхий 3 өрөө, 1 давхар хувийн сууцыг худалдаж, худалдан авахаар харилцан тохиролцож тус, тусын гарын үсгээ зурж, гарын үсгийн үнэн зөвийг нотариатчаар батлан гэрчлүүлсэн, А.Батчимэг, Н.Энхмаа нарын гэрээ хийсэн тухай гэх бичгээр хийсэн хэлцлийг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож, Н.Энхмаагийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д заасныг баримтлан Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 2 дугаар баг 6 дугаар гудамж 15 тоотод байршилтай газар, хашаа бүхий 3 өрөө, 1 давхар хувийн сууц болон өмчлөх эрхийн гэрчилгээг Н.Энхмаагийн эзэмшлээс чөлөөлж, Д.Энх-Амгаланд олгож, Д.Энх-Амгалангаас 5.500.000 төгрөг гаргуулж, Н.Энхмаад олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-ийн 7.1.1-д тус тус заасныг тус тус баримтлан улсын тэмдэгтийн хураамжид улсын төвлөрсөн төсвийн данснаас 145.000 төгрөг, Н.Энхмаагаас 102.950 төгрөгийг тус тус гаргуулж Д.Энх-Амгаланд, Н.Энхмаагийн төвлөрсөн төсвийн дансанд төлсөн 102.950 төгрөгийг төсвийн дансанд хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 213/МА2017/00001 дугаартай магадлал гаргаж, Баянхонгор аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 131/ШШ2016/00757 дугаар шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.

Хариуцагч хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Хөдөө заруудын дагуу С.Ганчимэг, Ч.Агиймаа нартай 20 гаруй байшин үзэж байтал А.Батчимэг өөрөө над руу залгаж байраа зарах санал тавьсан. Түүний дагуу очиж үзэхэд би голсон гэтэл өөрөө гуйсан учир байрыг 5.200.000 төгрөгөөр авахаар тохирч, ээж рүү нь залгахад “...зарна, мөнгийг миний охинд өгчих, би 7 хоногийн дараа очиод нэрээ шилжүүлж өгнө” гэж хэлсний дагуу 1.547.320 төгрөгийг банкны өрөнд нь өгч, үлдэх 3.652.680 төгрөгийг өгсөн. Мөн дараа нь Д.Энх-Амгалан дахин 500.000 төгрөг нэмж өг гэсний дагуу нэмж өгсөн. Ингээд байрыг 5.700.000 төгрөгөөр худалдаж авсан. Гэвч өнөөдрийг хүртэл надад хашаа байшинг шилжүүлж өгөөгүй ба энэ талаар гэрч болох Ч.Агиймаа, С.Ганчимэг нар гэрчилж байгаа. 2011 онд хашаа байшин 4-6 сая хооронд ханштай байсан ба би засвар, нэмэлт сайжруулалт хийн нийт 9.817.200 төгрөг зарцуулсан. Хэлцэл хийхийг Д.Энх-Амгалан шүүх хурал дээр  хүлээн зөвшөөрсөн, хүчин төгөлдөр гэрээг шүүх хүчин төгөлдөр бус гэж дүгнэсэнд гомдолтой байна. Иймд шийдвэрийг хүчингүй болгож, үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах  шатны шүүхийн магадлалыг   хүчингүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ. 

1.Д.Энх-Амгалан нь  Н.Энхмаа, “Амьдрал тэтгэгч христ цуглаан“ Төрийн бус байгууллага нарт  холбогдуулан нэхэмжлэл гаргасан байхад   шүүх   төрийн бус байгууллагад нэхэмжлэлийн хувийг гардуулаагүй, хариу тайлбар аваагүйгээс гадна уг хариуцагчид   холбогдох шаардлагыг  шийдвэрлээгүй  орхисон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  25,26, 67 дугаар зүйлийг  зөрчжээ.

Н.Энхмаа  “Амьдрал тэтгэгч христ цуглаан“ Төрийн бус байгууллагыг итгэмжлэлгүй төлөөлөх эрхтэй эсэхийг нотлох баримт хэрэгт байхгүй тул шүүх  хариуцагч байгууллагыг оролцуулалгүй хэргийг шийдвэрлэсэн гэж үзнэ. 

2.Нэхэмжлэгч нь  хоёр хариуцагчид нэг эсхүл тус бүрт нь  шаардлага гаргасан эсэх нь  тодорхойгүй  байхад  шүүх  хэргийг шийдвэрлэсэн нь  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 27-р зүйл, 115 дугаар зүйлийн 115.2-т нийцээгүй байна.

Түүнчлэн, хариуцагч  тус бүрт холбогдох шаардлага тодорхой бус байгаагаас Н.Энхмаагийн  сөрөг нэхэмжлэлийн талаар  дүгнэлт хийх  боломжгүй байна.

3.  Д.Энх-амгалан нь 2011-07-20-ны өдрийн  гэрээг хүчин төгөлдөр бус гэж маргасан бөгөөд   Н.Энхмаад холбогдох нэхэмжлэлийн энэ шаардлагыг хангахдаа шүүх  Баянхонгор аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016-08-19-ны өдрийн 131/ШШ 2016/00541 дугаар  шийдвэрийн /хх 175-182/  талаар дүгнэлт хийгээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-г зөрчсөнөөс гадна мөн хуулийн  40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэг болон  гэрээний үндсэн дээр шаардлага гаргах  Иргэний хуулийн зохицуулалтыг  буруу тайлбарлан хэрэглэсэн гэж  үзэх үндэслэл болж байна. 

Шүүх  хэргийг шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг ноцтой зөрчсөнөөс гадна Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн бөгөөд өөрчлөлт оруулах боломжгүй тул  шийдвэр, магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр  анхан шатны шүүхэд буцаав.

Д.Энх-Амгалангийн  нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага болон зохигч тус бүрийн хооронд  үүссэн маргааны  талаар шүүх дүгнэлт хийх нь  хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой болохыг дурдах нь зөв гэж үзлээ. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5 дахь  хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ :

1. Баянхонгор аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 131/ШШ2016/00757 дугаар шийдвэр, Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 213/МА2017/00001 дүгээр магадлалыг тус тус хүчингүй болгож,  хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Хариуцагч хяналтын шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр төлсөн 102.950 төгрөгийг Н.Энхмаад захирамжаар буцааж олгосугай.

                                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Г.ЦАГААНЦООЖ

                                       ШҮҮГЧ                                                       Б.УНДРАХ