Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 10 сарын 25 өдөр

Дугаар 213/МА2017/00016

 

*******ийн нэхэмжлэлтэй хэргийн тухай

Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн  давж  заалдах шатны  шүүхийн  шүүх  хуралдааныг Ерөнхий шүүгч  М.Мөнхдаваа  даргалж, шүүгч Г.Уламбаяр,  Л.Нямдорж нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн  шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар 

Баянхонгор аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 8  дугаар сарын 9-ний  өдрийн 131/ШШ2017/00568 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч *******ийн нэхэмжлэлтэй   

Хариуцагч ******* холбогдох

2011 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн “гэрээ хийсэн” тухай үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах тухай хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцуулж, Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 2 дугаар баг 6 дугаар гудамж 15 тоотод байршилтай газар, хашаа бүхий хувийн сууцыг иргэн *******ийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэхийг хүссэн нэхэмжлэлтэй,

2011 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн “гэрээ хийсэн” тухай үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах тухай хэлцлийг хүчин төгөлдөрт тооцуулж, газар, хашаа бүхий хувийн сууц нь *******ийн хууль ёсны өмч болохыг тогтоолгох, сөрөг нэхэмжлэлийн үндсэн шаардлага хангагдаагүй тохиолдолд засвар хийсэн зардалд 13.442.542 төгрөгийг гаргуулахыг хүссэн хариуцагч *******ийн сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэрэгт нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******ын давж заалдсан гомдлыг үндэслэн хэргийг  2017 оны 9 дүгээр сарын 11-нд хүлээн авч шүүгч Г.Уламбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Д.Э, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагчийн өмгөөлөгч *******, нарийн бичгийн дарга О.Сувд-Эрдэнэ нар оролцов. 

Нэхэмжлэгч *******аас шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Миний бие Баянхонгор сумын 2 дугаар багийн Эрдэнэмандалын 6 дугаар гудамж 15 тоотод байрлах 000010361 тоот гэрчилгээний дугаартай 0320000986 тоот улсын бүртгэлийн дугаартай гэр бүлийн хэрэгцээний газар хашаа, 000021078 тоот гэрчилгээний дугаартай Ү-03200003014 тоот эрхийн улсын бүртгэлийн дугаартай хувийн сууцны хууль ёсны өмчлөгч болохын хувьд *******ийн  *******тэй байгуулсан гэх үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ хийсэн хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцуулж өөрийн хууль ёсны өмч болох хашаа,  байшин, газрыг эзэмшиж ашиглаж байгаа иргэн *******ийн  хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэхээр нэхэмжлэл гаргаж байна.

Би ******* охин  *******тэй миний хашаа, байшин газрыг худалдан авах гэрээ хий гэж огт хэлээгүй, тийм зөвшөөрөл ч өгөөгүй би тийм гэрээ хийснийг мэдээгүй байсан. Гэтэл Н.Э нь манай охин *******ийг хуурч нотариат дээр дагуулж очоод мөнгө төлсөн баримт гэж ойлгуулаад гэрээ гэгч дээрээ гарын үсэг зуруулсан байсныг би сүүлд нь шүүх дээр мэдсэн. Н.Э нь миний үлдэгдэл мөнгийг манай цуглаанд мөнгө орж ирэхгүй байна эгчээ та хүлээж байгаарай гэдэг байснаа жил гаруй болоод сураггүй алга болсон гэжээ.

Нэхэмжлэгч Д.Э анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

Миний бие хашаа, байшингаа 18.000.000 төгрөгөөр зарахаар охинтойгоо тохиролцсон юм.  Гэтэл 2011 оны 7 дугаар сарын 20-ны өдөр манай охин ******* хашаа, байшинг чинь зарчихлаа гээд надад бэлэн 3.952.680 төгрөг авч ирж өгсөн. Надаас зөвшөөрөл авсан гэж  ярьж  байна. Би аймгийн төвөөс 60 гаран км ямар ч сүлжээ байхгүй газар байдаг.

Би  2011 оны  9 дүгээр сарын 3-ны өдөр аймагт ирээд Н.Этай уулзаад мөнгөө авъя гэхэд надад 500.000 төгрөг өгч гарын үсэг зуруулчихаад  мөнгөө цувуулж өгье  гэхээр нь би явсан.

Дараа нь дахиад уулзах гээд ирэхэд хүүхдэд чинь мөнгийг чинь өгчихсөн, одоо таньд  өгөх мөнгө байхгүй гэж хэлсэн.

Би *******аас болж хохирч байна, одоо манайх айлын өвөлжөөнд төлбөр төлж амьдарч байна.   Иймд  хашаа, байшинг надад буцааж авч өгнө үү гэв.

Хариуцагч *******аас шүүхэд гаргасан тайлбартаа:

******* 2014 оны 7 дугаар сарын 20-ны өдөр анх уулзахдаа Хөх толгойд 2 дугаар баг 6 дугаар гудамж 15 тоотод зарах хашаа, байшин байгаа, 5.800.000-д  зарчихмаар байна. Ээжийн нэр дээр газар, хашаа ба үл хөдлөхийн гэрчилгээ байдаг. Ээжээс зарах тухай асуусан зар зар гэж зөвшөөрсөн гэж хэлсэн.

Д.Э гуайтай утсаар ярьж   “..охин ******* чинь бидэнд таны нэр дээр байдаг 2-6-15 дахь хашаа, байшинг 5.800.000 төгрөгөөс яриад бидэнд 5.200.000 төгрөгөөр зарахыг зөвшөөрч байгаа юм уу гэж асуухад Д.Э гуай би зөвшөөрч байна. 5.200.000 төгрөгөөр худалдан авч болно..”  гэж хэлсэн.  Д.Э гуай 2011 оны 9 дүгээр сард надтай уулзаад эгчдээ 500.000 төгрөг нэмээд өгчих, эгч нь дахиж нэмж мөнгө авахгүй гэрчилгээнүүдийг чинь чиний нэр дээр яаралтай шилжүүлж өгнө. Эгч нь худлаа ярихгүй чи надад итгэж болно гэхэд л би итгээд нэмээд 500.000 төгрөг өгсөн.

*******, Д.Э нар намайг хуурч мэхлэн надад зөвшөөрч гэрээ хийж хашаа байшингаа зарчихаад өмнө хэлсэн ярьснаасаа буцаж миний мөнгөөр тоглож, намайг залилан миний нэр төрийг гутаан доромжилж, цаг зав амьдралд чирэгдэл учруулж байгаад  гомдолтой байна. Би засвар хийсэн ажлын хөлс, барилгын материал, нэмэлт засвар, урсгал засвар, найзуудын өгсөн хүүхдүүдийн тоглоомын мөнгө зэрэг зардлуудаа  бүгдийг нэхэмжилж гаргуулах болно.

Хариуцагч *******аас анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

Миний бие 2011 оны 7 дугаар сард хашаа байшин худалдаж авахаар зар гаргасан олон газруудыг очиж үзсэн. Үүний дагуу ******* надруу ярьж хашаа байшин зарах тухайгаа хэлсэн. Зарах газрыг нь очиж үзэхэд манай ээж зарахыг зөвшөөрсөн юм гэж хэлсэн. Үнэ хөлсөө тохироод авах гэхэд хашаа, байшингийх нь бичиг баримт банкны барьцаанд байгаа гэхээр нь авахаа больё гэхэд мөнгөний хэрэг байна та авчих гээд гуйсан. Бид 5.200.000 төгрөгөөр тохирон худалдаж авсан.  Энэ үед 18.000.000 төгрөг болон дахиад мөнгө цувуулж өгөх талаар яригдаагүй.

 Хашаа, байшинг худалдаж авснаас хойш буюу 2011 оноос 2016 он хүртэл маш их засвар хийж зардал гарсан, мөн 3.664.200 төгрөгөөр хүүхдийн тоглоомын талбай хүртэл барьсан. *******тэй ярилцаад зогсож байхад Д.Э өөрөө зөвшөөрсөн учраас хүчин төгөлдөр хэлцэл гэж үзэж байгаа. Одоо Д.Эд төлөх төлбөр байхгүй, үнээ тохироод худалдаж авсан.

Н.Э миний бие  хувийн сууц, хашааг  шударга үнэнээр худалдан авч өөрийн өмч хөрөнгө гэж үзэн 2011-2016 онуудад байнга арчилж тордон өөрийн хөрөнгөө зарцуулж, засан сайжруулж ирсэн билээ. Үүнд: вакум цонх, хаалганууд, дээврийн төмрүүд, ханын пийшин, разетка, цахилгааны утас, хадаас, будаг, шохой, замаска, электрод, цемент, ислэг хавтан, хар лак, банз, труба, квадрат төмөр, гэрэлтүүлэг, эмульс, хана ба шалны границ, түлшний амбаар шинээр барьсан болон бусад жижиг дагалдах хэрэгсэл, ажлын хөлс зэрэгт олон хүний их хөдөлмөр зарцуулагдсан билээ. Энэ талаарх баримтууд 1-р хавтаст хэргийн 187-226 дугаар талд авагдсан байгаа. Дээр дурдсан барилгын материал, хэрэгсэл тухайн үед үл хөдлөх хөрөнгөд 2011-2016 онуудад хийгдсэн, түүнээс салгаж зааглаж авах боломжгүй болсон байна. Иймд миний тухайн объектод зарцуулсан хөрөнгө 13.213.545 төгрөг нэхэмжилж байна гэжээ.

Хариуцагч Н.Э анхан шатны шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ:

*******ээс 2011 оны 7 дугаар сарын 20-нд хашаа байшинг нь  5.200.000 төгрөгөөр худалдан авсан. Банкны барьцааны 1.547.320 төгрөгийг би Хадгаламж банкинд төлж өргүй болгож өгсөн. Үлдэгдэл 3.652.680 төгрөгийг Батчимэгийн гарт бэлнээр нь өгч тооцоог бүрэн дуусгасан. Энэ үед ******* хэлэхдээ ээж 7 хоногийн дараа хөдөөнөөс ирээд таны нэр дээр газар хашааны гэрчилгээг шилжүүлж өгнө гэсэн.

Би одоо 2 дугаар баг 6 дугаар гудамж 15 дахь хашаа байшин, анх авах үед засвар их орохоор хуучин барилга байсан тул 2011-2016 онуудад нэмэлт ба бусад засваруудыг хийсэн. Би тухайн хашаа байшинд зарцуулсан хөрөнгө болон худалдан авсан материалын үнэ нийт  13.442.542  төгрөг болж  байна.

Иймд 5 жил хашаа газрын гэрчилгээг шилжүүлж өгнө гэж намайг хуурч мэхэлсэн Д.Эд холбогдуулан нэхэмжлэл гарган 2011 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн гэрээ хийсэн тухай үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ хэлцлийг хүчин төгөлдөрт тооцож, миний өмчлөлийн 000010361 тоот гэрчилгээний дугаартай,  0320000986 тоот улсын бүртгэлийн дугаартай гэр бүлийн хэрэгцээний газар хашаа, 000021078 тоот гэрчилгээний дугаартай, Ү-03200003014 тоот эрхийн улсын бүртгэлийн дугаартай хувийн сууц, хашаа, байшин газрыг иргэн *******ийн хууль ёсны өмч болохыг тогтоож өгнө үү.  Хэрэв  сөрөг нэхэмжлэлийн үндсэн шаардлага хангагдаагүй тохиолдолд засвар хийсэн зардалд 13.442.542 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргажээ.

Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан 2011 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн гэрээ хийсэн тухай үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах тухай хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцуулж, Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 2-6-15 тоотод байршилтай газар, хашаа бүхий 3 өрөө хувийн сууцыг *******ийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэхийг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагч *******ийн дээрхи хэлцлийг хүчин төгөлдөрт тооцуулж, газар хашаа бүхий хувийн сууц нь *******ийн өмч болохыг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан төвлөрсөн төсвийн данснаас 102950 төгрөгийг гаргуулж хариуцагч *******, 42050 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Эд тус тус олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******аас давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:

Анхан шатны шүүх үйл явдлын бодит байдалд үнэн зөв эрх зүйн дүгнэлт өгөөгүй шийдвэр гаргасан байна гэж үзэх  үндэслэлтэй байна. *******ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн 2017 оны 8 сарын 9-ний өдрийн 131ШШ/201700568 тоот шийдвэрийн агуулгыг тайлбарлахдаа  Д.Э нь хариуцагч ******* холбогдуулан хашаа газар, хувийн сууц худалдсан үнийн үлдэгдэл болох 12,5 сая төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан байхад гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна гэж нэхэмжлэлийн шаардлагын утгыг буруу тодорхойлж дүгнэн  дээрх заалтыг баримталж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

*******ийн гаргасан энэ хэргийн  нэхэмжлэлийн шаардлага нь 2017 оны 8 сарын 19-ний өдрийн 131ШШ/201700541 тоот шийдвэртэй иргэний хэргийн нэхэмжлэлийн шаардлага нь хоёр өөр төрлийн эрх зүйн үр дагавар үүргийн гүйцэтгэлийг шаардсан нэхэмжлэл байхад шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 зүйлийн 40.4 дэх  заалт болох   шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт, хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй гэж үнэлэх үндэслэлгүй байсан.

Нэхэмжлэгч Д.Э нь өөрийн өмч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй гэж үзнэ. Анхан шатны шүүхийн шийдвэр нь ИХХШТХ-ийн 116 дугаар зүйлийн 116.2-д зааснаар  Шүүхийн шийдвэр нь хуулийн ёсны бөгөөд үндэслэл бүхий байна, мөн хуулийн 40 дүгээр  зүйлийн 40.1, 40.2-т зааснаар  шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлэн нотлох баримтыг хэргийн хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ гэсэн заалт, мөн Иргэний хуулийн  ерөнхий ангийн 56 дугаар  зүйлд заасан  хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэсэн заалтуудыг тус тус ноцтой зөрчсөн, хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж Баянхонгор аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн  2017 оны 8 сарын 9-ний өдрийн 131ШШ/201700568 тоот шийдвэрийг хүчингүй болгуулж нэхэмжлэгч *******ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангуулж шийдвэрлүүлэхээр давж заалдах гомдол гаргаж байна гэжээ.

Нэхэмжлэгч *******аас давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбартаа:

Манай  охин хашаа байшингаа худалдсан,  хагас мөнгийг нь авчирлаа, үлдсэн мөнгийг нь дараа авахаар боллоо гэж ирсэн.  Би Н.Этай утсаар ярихад  ирж уулз гэсэн тул 6 хоногийн дараа очиж уулсан. Намайг очиж уулзахад  18.000.000 төгрөгийг чинь цувуулж өгье гэсэн тул би наймааг зөвшөөрч тэг тэг гэсэн.  Харин гэрээ хийсэн тухай шүүх хурал дээр анх мэдсэн. Энэ гэрээ нь бидний ярьж  хоорондоо тохирч байснаас огт өөр утга агуулгатай учир би хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Хариуцагч *******аас давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбартаа:

Би анх 2011 оны 07 сарын 20-нд тус хашаа байшинг худалдан авах үед Д. Энх-Амгалан болон охин А. Батчимэгт нарт тохиролцсон мөнгийг өгч, төлбөрийг бүрэн барагдуулж, нотариатаар батлуулсан. Ямар нэг  өр төлбөр үлдээгүй болно.

Өмгөөлөгч Ням бичихдээ намайг Д.Эд огт мэдэгдэхгүйгээр охин  *******ээс хашаа байшинг худалдан авсан гэж буруу бөгөөд худлаа бичсэн байна.

2011 оны 07 сарын 19-ний өдөр ******* надад болон надтай хамт байсан манай найзуудад  хашаа байшинг үзүүлэхдээ бидэнд “ээж өнөөдөр над руу утсаар ярьж зар гэж хэлсэн” ээж мэдэж байгаа гэж бидэнд хэлсэн. Ийм учраас Энх-Амгалан гуай бүр эхнээс нь мэдэж байсан, мөн гэрээ хэлцэл байгуулахыг ч мэдэж байсан.

Д. Энх-Амгалан гуай  2011 оны 09 сарын 03-нд надаас нэмээд хэдэн төгрөг өгчих гээд гуйгаад, шалаад байсан тэр үед  “..таныг зар гэж зөвшөөрсний дагуу гэрээ хэлэлцээр хийж нотариатаар батлуулж хашаа байшинг албан ёсоор худалдан авсан..” гэж би өөрөө  Д.Э гуайд өөрийн амаар хэлсэн.

Ийнхүү 2011 - 2017 он хүртэл 6 жил дамнан худалдан авсан эзэмшигч болох Н. Энхмаа миний нэр дээр гэрчилгээг шилжүүлж өгөхгүй, 18,000,000 төгрөгөөр  зарна гэсэн гэж худлаа зохиомол үнэ үүсгэж хуурч мэхлэж, гүжирдэн гүтгэж, заль мэх гарган хүндрэл учруулж, эрүүл мэнд, сэтгэл санааны дарамт учруулж байгаа иргэн *******, Д. Энх-Амгалан нарт гомдолтой байна. Энэ асуудлыг шүүхийн хүрээнд хуулийн дагуу үнэн зөв шударгаар шийдвэрлэж өгнө үү гэж энэ дашрамд хүсэж байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.Э нь шүүхэд нэхэмжлэл гаргахдаа Н.Э болон “Амьдрал тэтгэгч христ цуглаан” Төрийн бус байгууллага нарт гэж хоёр хариуцагчид  холбогдуулан нэхэмжлэл гаргасан боловч  нэхэмжлэгч *******аас  “..Амьдрал тэтгэгч христ цуглаан Төрийн бус байгууллагыг  хариуцагчаар хэрэгт оролцуулах шаардлагагүй байгаа тул энэ Төрийн бус байгууллагад холбогдуулж  гаргасан нэхэмжлэлийн  шаардлагаасаа татгалзаж байна гээд  нэхэмжлэлийг зөвхөн ******* холбогдуулан гаргаж байна..”  гэсэн хүсэлт /хх-ийн 94 дүгаар тал/  гаргасан байх тул анхан шатны шүүх зөвхөн нэг хариуцагчид холбогдуулан хэрэгт ажиллагаа хийж, шийдвэрлэжээ.   

Д.Э нь өмнө нь тухайн маргаан бүхий  Баянхонгор сумын 2 дугаар баг 6 дугаар гудамж 15 тоотод байршилтай газар, хашаа бүхий хувийн сууцыг манай охин ******* нь  ******* 18.000.000 төгрөгөөр зарсан байна гэж үзээд  үлдэгдэл мөнгө болох 12.500.000 төгрөгийг *******аас гаргуулахаар шүүхэд  нэхэмжлэл гаргасныг  шүүх хэлцэлийн талаар дүгнэлт хийх боломжгүй бөгөөд энэ үйл баримт нь нотлогдохгүй байна гэж үзээд   Баянхонгор аймаг дахь Сум дундын шүүхийн 2016 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 00541 дугаар шийдвэрээр  нэхэмжлэгч *******ийн 12.500.000 төгрөг нэхэмжилсэнийг хэрэгсэхгүй болгож  шийдвэрлэсэн явдал нь  энэ хэргийн нэхэмжлэлийн шаардлагаас тусдаа огт өөр нэхэмжлэлийн шаардлага байгааг тайлбарлах нь зүйтэй байна. 

Хариуцагч Н.Э нь нэхэмжлэгч *******ийн охин *******ээс 2011 оны 7 дугаар сарын 20-ны өдөр  Баянхонгор сумын 2 дугаар баг 6 дугаар гудамж 15 тоотод байршилтай газар, хашаа бүхий хувийн сууцыг худалдан авч  бичгээр гэрээ байгуулсан энэ хэлцэл нь  эрх зүйн үр дагаварыг бий болгоогүй, хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчиж, хэлцлийн хүчин төгөлдөр байх шаардлагыг хангаагүй байна. Тухайлбал:

Иргэний хуулийн 128 дугаар зүйлийн 128.2-д зааснаар *******ийн охин ******* нь гэр бүлийн газар, хашаа, хувийн сууцыг захиран зарцуулахдаа эцэг, эхийнхээ бичгээр гаргаж, нотариатаар гэрчлүүлсэн зөвшөөрлийн аваагүйгээр захиран зарцуулсан, мөн нэхэмжлэгч *******аас охин *******т хэлцэлд төлөөлөх буюу захиран зарцуулах эрхийг нь Иргэний хуулийн 62 дугаар зүйлийн 62.3-д зааснаар  итгэмжлэлээр олгоогүй байхад хариуцагч  Н.Э нь энэ үл хөдлөх эд хөрөнгийн худалдах, худалдан авах ажиллагааг *******тэй хийхдээ хэлцлээ хүчин төгөлдөр болж байгаа эсэхийг анхаараагүй нь буруу байна.

Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д зааснаар худалдагч худалдан авагч талууд уг хэлцлийг үл хөдлөх эд  хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлээгүй, ******* холбогдуулж  зөвхөн урьдчилсан тэмдэглэгээ хийсэн байх тул ******* хашаа, газар бүхий хувийн сууцыг өмчлөх эрх  үүсээгүй байна.

Эд хөрөнгө өмчлөх эрхийн 2007 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн эд хөрөнгийн  эрхийн улсын бүртгэлийн 000010361 тоот гэрчилгээ, улсын бүртгэлийн 000021078 тоот гэрчилгээнүүдээр /Хэргийн 40-41 дүгээр тал/ хууль ёсны өмчлөгч нь Д.Э бүртгэлтэй байгаа бөгөөд Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газраас хариуцагч *******ийн нэр дээр   улсын бүртгэлийн гэрчилгээг шилжүүлж олгоогүй байх  тул маргааны зүйл болох Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 2 дугаар баг 6 дугаар гудамж 15 тоотод байршилтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар, хувийн сууцны зориулалттай 3 өрөө бүхий 1 давхар үл хөдлөх эд хөрөнгийн  хууль ёсны өмчлөгч нь Д.Э болох нь тогтоогдож  байна гэж үзлээ.

Хариуцагч Н.Э нь нэхэмжлэгч *******ийн охин *******ээс Баянхонгор сумын 2 дугаар баг 6 дугаар гудамж 15 тоотод байршилтай газар, хашаа бүхий хувийн сууцыг худалдан авч  бичгээр гэрээ байгуулсан энэ хэлцэл нь  Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д зааснаар  хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл байх тул хэлцлийг  хүчин төгөлдөр бус байх хэлцэлд  тооцож, мөн хуулийн 56  дугаар зүйлийн 56.5-д зааснаар хэлцэл хийсэн талууд уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх үндэслэлтэй бөгөөд нэхэмжлэгч Д.Э нь Иргэнийн хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар хариуцагч *******ийн хууль бус эзэмшлээс  газар,  хашаа болон 1 давхар хувийн сууцаа шаардах эрхтэй байна. 

Иймд  нэхэмжлэгч *******ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, 2011 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн гэрээ хийсэн тухай үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах тухай хэлцлийг  хүчин төгөлдөр бус байх хэлцэлд  тооцож, Баянхонгор сумын 2 дугаар баг 6 дугаар гудамж 15 тоотод байршилтай газар, хашаа бүхий хувийн сууцыг *******ийн хууль бус эзэмшлээс чөлөөлж, Д.Эд олгох, *******аас байрны үнэ  5.500.000 төгрөгийг гаргуулж ******* олгох,  *******ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас  2011 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн “гэрээ хийсэн” тухай үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах тухай хэлцлийг хүчин төгөлдөрт тооцуулж, газар, хашаа бүхий хувийн сууц нь *******ийн хууль ёсны өмч болохыг тогтоолгох  гэсэн хоёр  шаардлагыг  хэрэгсэхгүй болгож  анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэх үндэстэй  гэж  шүүх бүрэлдэхүүн дүгнэв. 

 Хариуцагч Н.Э нь нэхэмжлэгч *******ийн охин *******ээс Баянхонгор сумын 2 дугаар баг 6 дугаар гудамж 15 тоотод байршилтай газар, хашаа бүхий хувийн сууцыг худалдан аваад  2011 оноос  2016 онуудад засвар хийсэн болох нь тухайн хашаа байшинд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 241-242 дугаар тал/,  фото зургууд / 1 дүгээр хх-ийн 47-50, 2 дугаар хавтаст хэргийн 142-143 дугаар тал/, гэрч Д.Оюунжаргал, Г.Ариунзаяа, У.Алдармөнх нарын мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 144-155 дугаар тал/,    засвар хийсэн тухай баримтууд /1 дүгээр хх-ийн 187-228 дугаа тал/  зэрэг нотлох баримтуудаар  тухайн байранд засвар хийжээ гэдэг нь тогтоогдож байна. 

Н.Э нь тухайн сууцанд засвар хийж  бараа материалуудыг худалдан авахдаа    “Амьдрал тэтгэгч христийн цуглаан”  гэсэн нэрээр худалдан авалт хийсэн  зарлагын баримтууд хэрэгт   байгаа боловч Н.Э нь засварын ажлын хийж  байх үедээ “Амьдрал тэтгэгч христийн цуглаан”  төрийн бус байгууллагын үйл ажиллагааг  уг маргаан бүхий байранд ахалж,  удирдан явуулж  байсан болох нь  /хх-ийн 8 дугаар тул/  Баянхонгор сумын 2 дугаар багийн засаг даргын тодорхойлолт, болон  өөрийнх нь тайлбар зэргээр тогтоогдож  байна. Мөн худалдан авалт хийсэн зарим зарлагын баримтын худалдан авагчийн нэр дээр “Амьдрал тэтгэгч христийн цуглаан”  гэсэн нэр байх боловч баримтын доод хэсэгт  хүлээн авсан Н.Э гэж  тэмдэглэсэн  байдал  зэрэг нотлох баримтуудыг харьцуулан  дүгнэлт хийгээд  “Амьдрал тэтгэгч христийн цуглаан”  гэсэн нэрээр худалдан авалт хийсэн  зарлагын баримтуудыг   хэрэгт  нотлох баримт болгон үнэлэх боломжтой гэж  шүүх бүрэлдхүүн үзлээ.

Хариуцагч *******аас анхан шатны шүүх хуралдаанд тайлбарлахдаа  “…Баянхонгор сумын 2 дугаар баг 6 дугаар гудамж 15 тоотод байрлах хувийн сууцанд Христийн цуглаан явагддаг байсан тул барилгын материалуудыг заримыг нь би өөрөө явж авдаг, заримыг нь  цуглаанд явдаг байсан хүүхдүүдийг явуулж  авхуулдаг байсан тул  зарим баримт дээр  хүлээн авсан нэр нь өөр байгаа болно.. “  гэж  тайлбарлажээ.

Байранд засвар хийсэн тухай баримтуудыг  /1 дүгээр хх-ийн 187-228 дугаа тал/    шүүж  нэгтгэж үзвэл  нийт 6.762.870 төгрөг болж  байгаа  бөгөөд үүн дээр  /хх-ийн 216- 218 дугаар тал/  ажлын хөлс 350.000 төгрөг, турбаны үнэ 300.000 төгрөг, листэн төмөр болон бусад зардал зэргийн үнэ 320.000 төгрөг, хүүхдийн тоглоомын дүүжин савлуур зэрэг ком  үнэ 1.200.000 төгрөг,  хүүхдийн тоглоомын ажлын хөлс 250.000 төгрөг зэргийг нэмбэл нийт  9.182.870 төгрөг болж байна.  

Зарлагын баримтууд дээр байгаа   худалдан авсан зарим барааг хасах үндэстэй гэж  үзлээ. Үүнд тооны машин 9.500 төгрөг, скоч 3.000 төгрөг, өдрийн гэрэл,  урт залгуур 14.000 төгрөг, хулдаас 40.500 төгрөг, ир 5000 төгрөг, цоож 7.000 төгрөг, зузаан шар гэрэл 8.000 төгрөг, гэрийн зуух  70.000 төгрөг, олс 30.000 төгрөг, гар хөрөө 8.000 төгрөг, электрод , залгуур, нимгэн зузаан ир гэх мэт 60.200 төгрөг, нийт  251.600 төгрөгийг  засварын зардлаас хасаж тооцох  үндэстэй гэж үзлээ. 

Иймд нийт гарсан засварын зардал  9.182.870 төгрөгнөөс  251.600 төгрөгийг  хасаад  үлдэх  8.931.270 төгрөгийг  засвар хийсэн нийт зардалд  тооцон гаргуулах үндэстэй байна. Хавтаст хэргийн 222-224 дүгээр талд байгаа зарлагын баримтууд  дээр худалдан авсан барааны нэрс нь  тодорхойгүй байгаа тул  нотлох баримтаас хасаж  шийдвэрлэж, *******ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 8.931.270 төгрөгийг  гаргуулж шийдвэрлэх үндэстэй  байна гэж үзлээ.

Н.Э нь анх шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ  / 1 дүгээр хх-ийн 162-164 дүгээр тал/  засварын зардалд 25.417.200 төгрөгийг нэхэмжилсэн,  өмнө нь давж заалдах шатны шүүхэд гаргаж байсан гомдолдоо / 2 дугаар хх-ийн 34-36 дугаар тал/  засварын зардалд 25.417.200 төгрөг нэхэмжилж байгаагаа дурьдсан, хамгийн сүүлд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ /2 дугаар хх-ийн 124 дүгээр тал/ 13.213.545 төгрөгийг нэхэмжилсэн  бөгөөд  өмнө анх гаргаж байсан  сөрөг нэхэмжлэлийн шаардлагаасаа  багасгаж, татгалзаагүй байна гэж  үзлээ.  

Нэхэмжлэгч *******аас  давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 104.000  төгрөгийг төрийн сангийн данснаас нэхэмжлэгчид буцаан олгох үндэстэй байна.            

Иргэний  хэрэг  шүүхэд  хянан шийдвэрлэх  тухай  хуулийн  167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон

ТОГТООХ  нь:

1.  Баянхонгор  аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн   2017 оны 8  дугаар сарын 9-ний  өдрийн 131/ШШ2017/00568  дугаар шийдвэрийн Тогтоох хэсэгийн 1 дүгээр заалтыг  

“…Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан 2011 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн гэрээ хийсэн тухай үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах тухай хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцуулж, Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 2-6-15 тоотод байршилтай газар, хашаа бүхий 3 өрөө хувийн сууцыг *******ийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэхийг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагч *******ийн дээрхи хэлцлийг хүчин төгөлдөрт тооцуулж, газар хашаа бүхий хувийн сууц нь *******ийн өмч болохыг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хангасугай…”   гэснийг 

“…Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8, 56  дугаар зүйлийн 56.5-д зааснаар 2011 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн *******, Н.Э нарын хооронд гэрээ хийсэн тухай үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах тухай хэлцлийг  хүчин төгөлдөр бус байх хэлцэлд  тооцож, Баянхонгор сумын 2 дугаар баг 6 дугаар гудамж 15 тоотод байршилтай газар, хашаа бүхий хувийн сууцыг *******ийн хууль бус эзэмшлээс чөлөөлж, нэхэмжлэгч  Д.Эд олгож, *******аас байрны үнэ  5.500.000 төгрөгийг гаргуулж хариуцагч ******* олгож, хариуцагч *******ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас  2011 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн “гэрээ хийсэн” тухай үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах тухай хэлцлийг хүчин төгөлдөрт тооцуулж, газар, хашаа бүхий хувийн сууц нь *******ийн хууль ёсны өмч болохыг тогтоолгох  гэсэн   шаардлагуудыг   хэрэгсэхгүй болгосугай …” гэж  өөрчилж, 

2. Хариуцагч *******ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас үл хөдлөх эд хөрөнгөд  засаж сайжруулсан зардлын нийт үнэ  8.931.270 төгрөгийг нэхэмжлэгч  *******аас гаргуулж хариуцагч ******* олгож, хариуцагчийн анхны сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 16.485.930 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай гэсэн  2 дахь заалт нэмж, 

3.  Тогтоох хэсэгийн 2 дугаар заалтыг 

“…Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан төвлөрсөн төсвийн данснаас 102.950 төгрөгийг гаргуулж хариуцагч *******, 42.050 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Эд тус тус олгож..”  гэснийг   

“…Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 59 дүгээр зүйлийн 59.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч *******аас улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 178.200 төгрөг, хариуцагч *******аас улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 212.887 төгрөгийг  тус тус  төрийн сангийн дансанд хэвээр үлдээж.  *******аас 70.200 төгрөг гаргуулж  Д.Эд,  *******аас  157.850  төгрөг гаргуулж  ******* тус тус олгосугай..”   гэж,   Тогтоох хэсгийн 2, 3, 4 гэсэн дугаарыг  3, 4, 5 гэсэн дугаар болгон өөрчилж,  шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсгүэй. 

4.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн

162.4-д зааснаар  нэхэмжлэгч  *******аас   улсын тэмдэгтийн хураамжид төлсөн  104.000 төгрөгийг төрийн сангийн данснаас буцаан  нэхэмжлэгчид  олгосугай.

5.  Давж  заалдах  шатны  шүүх  хэргийг  шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн,  хуулийг буруу  хэрэглэсэн  гэж  үзвэл зохигчид магадлалыг  гардан  авсан, эсхүл хүргүүлснээс  хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол  гаргах  эрхтэй  болохыг  дурдсугай.

ДАРГАЛАГЧ М.МӨНХДАВАА

 ШҮҮГЧИД Л.НЯМДОРЖ  

                                      Г.УЛАМБАЯР