| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Цэнд |
| Хэргийн индекс | 101/2020/00019/И |
| Дугаар | 210/МА2020/01397 |
| Огноо | 2020-06-29 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2020 оны 06 сарын 29 өдөр
Дугаар 210/МА2020/01397
| 2020 оны 06 сарын 29 өдөр | Дугаар 210/МА2020/01397 |
Э.Д- гийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч А.Мөнхзул, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 101/ШШ2020/01319 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Э.Д- гийн хариуцагч ОХУ-ын ерөнхийлөгчийн хэрэг эрхлэх газар холбооны улсын үйлдвэрийн Хилийн чанад дахь төрийн өмчийг удирдах үйлдвэрийн газрын Алс дорнодын бүс нутгийн улс орнуудын төлөөлөгчийн газарт холбогдуулан гаргасан орон сууцны хууль ёсны эзэмшигчээр тогтоолгох үндсэн нэхэмжлэлтэй, орон сууцнаас албадан гаргуулах сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.В.Белозеров, орчуулагч Б.Үржинцэрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Болдсайхан нар оролцов.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Замбага-Эрдэнэ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Э.Д- нь Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороо, 15 дугаар хороолол, 8 байр, 56 тоот, ОХУ-ын өмч болох орон сууцыг ОХУ-ын ерөнхийлөгчийн хэрэг эрхлэх газар холбооны улсын үйлдвэрийн Хилийн чанад дахь төрийн өмчийг удирдах үйлдвэрийн газрын Монгол Улс дахь төлөөлөгчийн газрын түрээслүүлэгч Росинка ХХК-тай анх 2009 оны 5 сараас орон сууц хөлслөх гэрээг байгуулсан. Үүнээс хойш 10 жил нөхөр хүүхдийн хамтаар амьдарч байна. 2016 оны 7 дугаар сарын 20-ны өдөр Даяар хас ХХК-тай орон сууц түрээслэх гэрээг байгуулж 2016-2017 оны 7 дугаар сар хүртэл Даяар хас ХХК-ийн дансанд түрээс болон бусад зардлыг дансаар болон бэлнээр шилжүүлж байсан. Даяар хас ХХК-тай байгуулсан түрээсийн гэрээ сунгагдаагүй ч уг гэрээний 2.7-д байрны түрээс болон ашиглалтын зардлаа сар бүр тогтмол барагдуулсан нөхцөлд тухайн гэрээг шууд сунгана гэж заасан байх тул бид уг түрээсийн гэрээ сунгагдаад явж байгаа гэж ойлгож байна. Төлөөлөгчийн газраас сар бүр Худалдаа хөгжлийн банкны 404224686 тоот дансанд төлбөрийг шилжүүлж бай гэсний дагуу 2017 оны 8 дугаар сараас эхлэн 2019 оны 7 дугаар сар хүртэл тогтмол зардлаа шилжүүлж, зохих төлбөрүүдийг цаг хугацаанд нь хийсээр ирсэн. Тус хугацаанд Төлөөлөгчийн газраас миний түрээсэлж буй орон сууцны эзэмшил, ашиглалт, төлбөр тооцоотой холбоотой ямар нэг гомдол, санал надад ирж байгаагүй юм.
Гэтэл 2019 оны 6 сараас эхлэн тус байрны оршин суугчдын болон манай гэрт хэсэг бүлэг хүмүүс ирж Төлөөлөгчийн газраас тус орон сууцыг өөр хүнд түрээслүүлсэн тул шинэ түрээслэгч нарт яаралтай орон байр суллаж өг, гарахгүй бол албадан гаргана гэх мэтээр айлган сүрдүүлж, зарим түрээслэгч иргэдийн өмч хөрөнгийг хурааж, ус цахилгаан тасалж, хаалга үүд эвдэх зэрэг ёс зүйгүй үйлдлийг байнга гаргах болсон. Энэ талаар хариуцагчид мэдэгдсэн боловч одоог хүртэл тайлбар өгөөгүй.
Иймд хариуцагч байгууллагын хууль бус үйлдлийг таслан зогсоож, миний эзэмших, ашиглах эрхийг хамгаалж, намайг Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороо,15 хороолол, 8 байр, 56 тоот,4 өрөө орон сууцны хууль ёсны эзэмшигч мөн болохыг тогтоож өгнө үү гэжээ.
Хариуцагч ОХУ-ын ерөнхийлөгчийн хэрэг эрхлэх газар холбооны улсын үйлдвэрийн Хилийн чанад дахь төрийн өмчийг удирдах үйлдвэрийн газрын Алс дорнодын бүс нутгийн улс орнуудын төлөөлөгчийн газрын төлөөлөгч В.В.Белозеров шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.
Хариуцагч ОХУ-ын ерөнхийлөгчийн хэрэг эрхлэх газар холбооны улсын үйлдвэрийн Хилийн чанад дахь төрийн өмчийг удирдах үйлдвэрийн газрын Алс дорнодын бүс нутгийн улс орнуудын төлөөлөгчийн газрын төлөөлөгч В.В.Белозеров шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Ерөнхий түрээслэгч болох Росинка ХХК болон Даяар хас ХХК-тай байгуулсан гэрээнүүдийн хугацаа дуусгавар болсон. Нэхэмжлэгч нь түрээсийн төлбөрийг төлсөөр байгаа гэж мэдүүлж байгаа боловч түрээсийн төлбөр төлсөн тухай баримт гаргаж өгөөгүй, Даяар хас ХХК нь үйл ажиллагаагаа зогсоосон. Талуудын хооронд гэрээний харилцаа байхгүй учир төлбөрийн нэхэмжлэх өгөх үндэслэл байхгүй. Нэхэмжлэгч нь сайн дураар дансанд төлбөр шилжүүлдэг, ингэхдээ хэдийд хэдэн төгрөг шилжүүлэхээ дур мэдэн шийддэг. Нэхэмжлэгч ашиглалтын зардлын төлбөрийг шилжүүлээд байгаа нь шударга эзэмшигч гэдгийг шүүхэд батлах оролдлого юм. Орон сууцыг Монгол Улсад шилжүүлэхээр болсон гэдэг мэдээлэл бодит байдалд нийцэхгүй, одоогийн байдлаар шилжүүлэх тухай төлөвлөгөө байхгүй юм.
Иймд дээр дурдсаныг үндэслэн Э.Д- гийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Э.Д- г Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороо, 15 дугаар хороолол, 8 дугаар байрны 56 тоот орон сууцны шударга бус эзэмшигчээр тогтоож, уг орон сууцыг чөлөөлүүлж, Э.Д- г тус орон сууцнаас албадан гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Замбага-Эрдэнэ сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: Сөрөг нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй. Нэхэмжлэгчийн зүгээс 2017 оны 6 дугаар сарын 02-ны өдөр төлөөлөгчийн газарт орон сууц хөлслөх гэрээ хийх хүсэлтээ өгч байсан боловч энэ талаар ямар нэг хариу өгөөгүй. Мөн 2019 оны 6 дугаар сарын сүүлээр төлөөлөгчийн газраас утсаар залгаж ирж өмнө нь хийж байсан гэрээ, төлсөн төлбөрөө шүүлгүүлж гэрээгээ сунгана уу гэсний дагуу гурван ч удаа очиж уулзсан бөгөөд гэрээ хийх хүсэлтэй байгаа бол өргөдлөө үлдээ гэж зөвлөсний дагуу өргөдөл хүргүүлж байсан.
Хариуцагч байгууллагын 404224687 дугаар дансанд нэхэмжлэхийн дагуу төлбөрийг төлсөөр байтал хариуцагч сөрөг нэхэмжлэлдээ өөрсдөө бидэнд өгсөн байгууллагынхаа дансанд орсон төлбөрийг оруулах боломжгүй гэж байгаа нь ойлгомжгүй байна. Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Шүүх: Иргэний хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1, 106 дугаар зүйлийн 106.1-д тус тус заасныг баримтлан, Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороо, 15 дугаар хороолол, 8 дугаар байрны 56 тоот орон сууцны хууль ёсны эзэмшигчээр тогтоолгох тухай нэхэмжлэгч Э.Д- гийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, уг орон сууцнаас Э.Д- г албадан гаргуулж, орон сууцыг чөлөөлүүлөн, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т тус тус зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 70 200 төгрөг, хариуцагчаас сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргахдаа төлсөн 70 200 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч Э.Д- гаас улсын тэмдэгтийн хураамж 70 200 төгрөгийг гаргуулж, хариуцагчид олгон шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Замбага-Эрдэнэ давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна. 2016 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 02 дугаартай, хөлслүүлэгч Даяар хас ХХК, хөлслөгч Э.Д- нарын хооронд байгуулагдсан орон сууц хөлслөх гэрээ нь 12 сарын хугацаатай байгуулагдсан байх ба хугацаа сунгагдаагүй, гэрээний хугацаа нь 2017 оны 7 дугаар сарын 01-ний өдөр дууссан. Нэхэмжлэгчийн зүгээс 2017 оны 6 дугаар сарын 02-ны өдөр төлөөлөгчийн газартай орон сууц хөлслөх гэрээ хийх хүсэлтээ өгч байсан боловч энэ талаар ямар нэг хариу өгөөгүй байдаг. Хариуцагч байгууллага нь ашиглалтын зардлыг тооцон гаргасан нэхэмжлэхийг өөрсдийн байгууллагын тамга, 2 гарын үсэгтэй, албан ёсны санхүүгийн нэхэмжпэлээр өгч байсан ба хариуцагчийн 404224687 дугаар дансанд нэхэмжлэхийн дагуу төлбөрийг төлж байсан баримтууд хавтаст хэрэгт нотлох баримтаар авагдсан байна.
Нэхэмжлэгчийн сөрөг нэхэмжлэлд бичсэн хариу тайлбар, төлөөлөгчийн газарт бичсэн өргөдөл, орон сууцны ашиглалтын зардал төлсөн баримт зэрэг хэрэгт авагдсан баримтууд болон Даяар хас ХХК-тай 2016 оны 7 дугаар сарын 20-ны өдөр байгуулсан орон сууц хөлслөх нэг жилийн хугацаатай гэрээний 2.7-д хөлслөгч нь байрны түрээс болон ашиглалтын зардлаа сар бүр тогтмол барагдуулсан нөхцөлд тухайн гэрээг шууд сунгана гэж заасан зэрэг үйл баримтуудаас Иргэний хуулийн 303 дугаар зүйлийн 303.1 дэх хэсэгт заасан хууль зүйн үр дагавар бий болох нөхцөл бүрдэх байсан.
Нэхэмжлэгчийн итгэмжпэгдсэн төлөөлөгчийн зүгээс хэрэг хянан шийдвэрлэхэд чухал, зайлшгүй шаардлагатай нотлох баримтуудыг шүүхийн журмаар бүрдүүлэх хүсэлтийг 2020 оны 3 дугаар сарын 03-ны өдөр гаргасан болов ч ...хүсэлт тодорхойгүй тул, ...шийдвэрлэх боломжгүй байна гэх үндэслэлээр хангахаас татгалзсан болно. Түүнчлэн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс ОХУ-ын өмчлөлийн байруудад түрээслэгч буюу хөлслөгч иргэдийн эрх ашгийг хамгаалах зорилгоор Түрээсийн байр эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах холбоо" ТББ 1999 оноос үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд тус холбооны тэргүүн Б.Батцэцэгээс манай төлөөлүүлэгч уг байрыг шударгаар эзэмшиж байсантай холбогдох нотлох баримтуудыг гаргуулж шүүхэд өгөх шаардлагатай байна гэдгээ тодорхойлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчид шинээр нотлох баримт гаргаж өгөх боломжийг хангаж, 2020 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр товлосон шүүх хуралдааныг хойшлуулж өгөхийг хүссэн ч шүүх хангахаас татгалзан шийдвэрлэсэн болно. Түүнчлэн анхан шатны шүүхээс өмгөөлөгч авах эрхийг хангалгүйгээр хэргийг шийдвэрлэсэн.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 165 дугаар зүйлийн 165.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.2, 168.1.3, 168.1.7-д тус тус заасан үндэслэлээр хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүхийн шийдвэрийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасан үндэслэлээр хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцаав.
Нэхэмжлэгч Э.Д- нь хариуцагч ОХУ-ын ерөнхийлөгчийн хэрэг эрхлэх газар холбооны улсын үйлдвэрийн Хилийн чанад дахь төрийн өмчийг удирдах үйлдвэрийн газрын Алс дорнодын бүс нутгийн улс орнуудын төлөөлөгчийн газарт холбогдуулан орон сууцны хууль ёсны эзэмшигчээр тогтоолгох нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, орон сууцнаас албадан гаргуулах сөрөг нэхэмжлэл гаргажээ.
Э.Д- , ОХУ-ын өмчлөлд бүртгэлтэй Баянзүрх дүүргийн 5 дугаар хороонд байрлах 8 дугаар байрны 56 тоот орон сууцыг 2006 оноос хойш давхар түрээслэгч нартай байгуулсан эд хөрөнгө хөлслөх гэрээний үндсэн дээр эзэмшиж байгаа, давхар түрээслэгч Даяар хас ХХК-тай байгуулсан 2017 оны 7 дугаар сарын 01-ний өдөр дууссан үйл баримтад талууд маргаангүй, харин эд хөрөнгө хөлслөх гэрээний хугацаа сунгагдсан эсэх, хууль ёсны эзэмшигч гэж үзэх үндэслэлийн талаар маргасан байна. Улмаар нэхэмжлэгч нь ... гэрээний хугацааг сунгагдсан гэж үзэж байгаа, ... хариуцагч талд гэрээний хугацаа сунгах хүсэлтээ гаргахад хариу өгөөгүй ..., ...хариуцагчийн явуулсан нэхэмжлэхийн дагуу орон сууцны ашиглалтын зардлыг төлж байгаа ... гэж, хариуцагч нь ... хугацаа сунгах хүсэлт ирүүлээгүй, ... манайхаас ашиглалтын зардлын нэхэмжлэх явуулаагүй ... гэж татгалзан, мэтгэлцжээ. /хх48-49, 62-67/
Энэ тохиолдолд эд хөрөнгө хөлслөх гэрээг сунгагдсан эсэх үйл баримтыг тогтоох нь талуудын маргааныг шийдвэрлэхэд ач холбогдолтой болно. Мөн хэргийн 42-44 дэх талд авагдсан баримтууд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.4 дэх хэсэгт заасан шаардлага хангаагүй, өөрөөр хэлбэл гадаад хэл дээрх монгол хэл дээр орчуулаагүй, энэ баримтыг шүүх хэрхэн үнэлсэн талаар шийдвэрт тусгаагүй байна. Иймд анхан шатны шүүхийг хуульд заасан нотлох баримт үнэлэх журмыг зөрчсөн, зохигчдын маргаж буй үйл баримтыг тогтоогоогүйн улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй гэж үзлээ.
Давж заалдах шатны шүүхээс уг алдааг залруулан хэрэгт авагдсан нотлох баримтыг үнэлэн, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаахаар тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1, 167 дугаар зүйлийн 167.1.5-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 101/ШШ2020/01319 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ИЧИНХОРЛОО
ШҮҮГЧИД А.МӨНХЗУЛ
Ч.ЦЭНД