Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 06 сарын 20 өдөр

Дугаар 221/МА2018/0358

 


Д.М-ын нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай

   Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч С.Мөнхжаргал, шүүгч Э.Халиунбаяр нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Даваажаргал, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Н, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 128/ШШ2018/0230 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор, Д.М-ын нэхэмжлэлтэй, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдох захиргааны хэргийг шүүгч Э.Халиунбаярын илтгэснээр хянан хэлэлцээд
                                                                     ТОДОРХОЙЛОХ нь:
   Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 128/ШШ2018/0230 дугаар шийдвэрээр: Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 11 дүгээр зүйлийн 11.5.2, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.10, 23 дугаар зүйлийн 23.1, 23.2, 23.3 дахь хэсгийг тус тус баримтлан нэхэмжлэгч Д.М-ын “2016 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн “Э Б Э м” ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч, үүсгэн байгуулагчаар 100 хувийн гадаадын хөрөнгө оруулалттай “И” ХХК болж өөрчлөгдсөнийг бүртгэсэн бүртгэл, 2017 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн “Э Б Э м” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.М-ыг чөлөөлж, С.Б-ийг гүйцэтгэх захирлаар томилсон өөрчлөлтийг бүртгэсэн бүртгэл, уг бүртгэлтэй холбогдуулж дахин шинээр авсан 00000 тоот гэрчилгээг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
   Нэхэмжлэгчийн өмгөөлөгч давж заалдах гомдолдоо: “... Тус шийдвэрт “Э Б Э М” ХХК-ийн үүсгэн байгуулагч 100 хувийн хувьцаа эзэмшигч Д.М нь Компанийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2 дахь хэсэгт зааснаар “Э Б Э М” ХХК-ийн эрх шилжүүлэх, хувьцаа худалдах тухай 16/21 дугаар шийдвэрийг гаргаж Компанийн эрх шилжүүлэх гэрээ”, Компанийн хувьцаа худалдах, худалдан авах тухай гэрээг “И” ХХК-тай байгуулснаар компанийн эрх шилжиж, “Э Б Э М” ХХК-ийн үүсгэн байгуулагч, 100 хувийн хувьцаа эзэмшигч нь “И” ХХК болж өөрчлөгдсөн, хувьцаа эзэмшигч, үүсгэн байгуулагч нь 2017 оны 05 сарын сарын 19-ний өдөр гүйцэтгэх захирлыг өөрчлөх, дүрэм шинэчлэн баталж, улсын бүртгэлийн гэрчилгээ, тамга дахин авах тухай шийдвэрүүдийг гаргаж, итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б нь өргөдөл гаргасныг бүртгэсэн нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх тул холбогдох бүртгэл, гэрчилгээг хүчингүй болгох үндэслэлгүй байна гэж дүгнэснийг зөвшөөрөхгүй. Учир нь:
Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 3.1 дүгээр зүйлийн 3.1.5, 3.1.6-д зааснаар бүртгэл нь үнэн, зөв бодитой байх, нотлох баримтад үндэслэх зарчимтай. “Э Б Э М” ХХК-ийн үүсгэн байгуулагч, 100 хувийн хувьцаа эзэмшигч Д.М нь “өөрийн хөрөнгийн 100 хувьтай тэнцэх 1 000 000 төгрөгийн өөрийн эзэмшлийн хувьцааг бүхэлд нь “И” ХХК-д худалдаж, компанийн үүсгэн байгуулагчаас гарах тухай 16/21 дугаар шийдвэрийг 2016 оны 03 сарын сарын 25-ны өдөр гаргасан. 2016 оны 03 дугаар сарын 27-ны өдөр “Э Б Э М” ХХК-ийн “Компанийн эрх шилжүүлэх гэрээ”, Компанийн хувьцаа худалдах, худалдан авах тухай гэрээг “И” ХХК болон Д.М нар байгуулсан. Гэтэл уг гэрээ байгуулагдахаас өмнө буюу “Э Б Э М” ХХК-ийн эрх шилжихээс өмнө 2016 оны 03 дугаар сарын 25-ны өдөр “И” ХХК-ийн үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч К Б С /K В S/ нь “Э Б Э М” ХХК-ийн хувьцаа болон эрхийг 100 хувь шилжүүлэн авах тухай 16/014 дугаар шийдвэрийг гаргасан. Өөрөөр хэлбэл компанийн эрх шилжүүлэх тухай гэрээ хүчин төгөлдөр болоогүй байхад үйлдсэн “Э Б Э М” ХХК-ийн эрх шилжүүлэх, хувьцаа худалдах тухай 16/014 дугаар шийдвэр нь хууль бус байна.
Тиймээс хууль бус нотлох баримтыг үндэслэн бүртгэсэн улсын бүртгэл нь Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4, 3.1.5, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3.2-т заасныг зөрчсөн.
“И” ХХК-ийн үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч К Б С /K В S/ нь 2017 оны 05 дугаар сарын 19-ний өдөр гүйцэтгэх захирлыг өөрчлөх, дүрэм шинэчлэн баталж, улсын бүртгэлийн гэрчилгээ, тамга дахин авах, тусгай зөвшөөрөлтэй үйл ажиллагааны чиглэл хасах тухай шийдвэрүүдийг гаргаж, итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б нь өөрчлөлтийг бүртгүүлэх өргөдөл гаргасан үйл баримтыг дүгнэхдээ: “И” ХХК нэмэгдсэн өөрчлөлтийг бүртгүүлэхээр өргөдөл гаргагч Т.Б нь “эрх бүхий этгээд биш байсан” гэж маргаж байх боловч итгэмжлэлийг олгосон этгээд нь тухайн итгэмжлэлийг хүчин төгөлдөр бус байсан эсэх талаар маргаагүй, түүнчлэн Т.Б нь “Э Б Э М” ХХК-ийн захирал Д.М-аас итгэмжлэл авсан байх тул Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.5-д заасан өргөдөл гаргах эрх бүхий этгээд гэж үзнэ” гэснийг зөвшөөрөхгүй байна. Улсын бүртгэлийн гэрчилгээг шинээр олгох, гүйцэтгэх захирал өөрчлөх бүртгэл хийх үндэслэл болон бичиг баримт нь гэрчилгээ, тамга үрэгдүүлсэн гэх нөхцөл байдал болон үүсгэн байгуулагчийн шийдвэр, мөн улсын бүртгэлд бүртгүүлэх эрх олгосон итгэмжлэл байдаг.
Гэтэл улсын бүртгэлийн гэрчилгээ, тамга үрэгдүүлсэн гэсэн үндэслэл нь хуурамч байсан. Өөрөөр хэлбэл “Э Б Э М” ХХК-ийн хуулийн этгээдийн гэрчилгээ, тамга хүчин төгөлдөр байсаар байхад үрэгдүүлсэн гэж шинээр авахаар шийдвэр гаргаж, өргөдөл гаргасан байна. Нэхэмжлэгч өөрт хадгалагдаж байсан улсын бүртгэлийн гэрчилгээг хариуцагчид гаргаж өгөөгүй талаар хэрэгт авагдсан нотлох баримт байхгүй, хариуцагч нь нэхэмжлэгчийг хуулийн этгээдийн гэрчилгээ гаргаж өгөхгүй байгаа талаар хуулийн байгууллагад хандаж эрхээ хэрэгжүүлэх оролдлого хийж байгаагүй, шууд сонинд үрэгдүүлсэн гэсэн зар өгсөн байхад зөвхөн хариуцагчийн тайлбарыг үндэслэн дүгнэлт хийсэн. Нэхэмжлэгч гэрчилгээ гаргаж өгөөгүй гэсэн шалтгаанаар үрэгдүүлсэн гэсэн зар нийтэлж, гэрчилгээг шинээр авах нь хуульд заасан журмыг зөрчиж бүрдүүлсэн нотлох баримт болсон гэж үзэж байна.
Мөн Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт хандан гаргасан хуулийн этгээдийн гэрчилгээ шинээр авах, С.Б-ийг гүйцэтгэх захирлаар томилсон өөрчлөлтийг бүртгүүлэх өргөдөл гаргасан Т.Б-д олгосон итгэмжлэл нь Иргэний хуулийн 64 дүгээр зүйлд заасан шаардлага хангаагүй. 2016 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр өргөдөл гаргахдаа Т.Б нь Д.М-аас итгэмжлэл авсан. 2017 оны 05 дугаар сарын 19-ний өдөр Т.Б нь Д.М-аас бус К Б С /K В S/-c итгэмжлэл авсан байсныг Д.М-аас авсан гэж заасан байна. Итгэмжлэл олгосон К Б С /K В S/ нь итгэмжлэлд гарын үсэг зурсан эсэх, итгэмжлэл үнэхээр олгосон эсэх нөхцөл байдлыг тодруулаагүй. Итгэмжлэл үнэн зөв эсэхийг шинжлэн судлаагүй. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд “эрх бүхий этгээд”-ийн хувьд улсын бүртгэлд бүртгүүлэх өргөдөл гаргасан Т.Б-г гуравдагч этгээдээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд татан оролцуулаагүй. Улсын бүртгэлд бүртгүүлэх эрхийг С.Б-т олгосон шийдвэрийг К Б С /K В S/ гаргасан байхад дахин Т.Б-д итгэмжлэл олгосон байсан бөгөөд уг итгэмжлэлийг 2017 оны 05 дугаар сарын 30-ны өдөр олгосон нь цаг хугацааны хувьд мэдээлэлд оруулсан өөрчлөлт бүртгүүлэх өргөдөл гаргасан 2017 оны 05 дугаар сарын 19-ний өдрөөс хойш олгосон байсан. Итгэмжлэлийг 5 дугаар сарын 19-ний өдөр олгосон уу, 2017 оны 05 дугаар сарын 30-ны өдөр олгосон уу гэдгийг шинжлэн судлах шаардлагатай. Учир нь Компанийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.4-д заасан хугацаанд бүртгэсэн эсэх нөхцөл байдлыг тогтоосноос тухайн бүртгүүлсэн өөрчлөлт хүчин төгөлдөр байх эсэх шийдвэрлэгдэх үр дагавартай.
Эдгээр эргэлзээтэй нөхцөл байдал, нотлох баримтыг шинжлэн судлаагүй, нотлох баримт зөрчилтэй, хууль бус байсан эсэхэд дүгнэлт хийгээгүй. 2016 оны 03 дугаар сарын 25-ны өдөр “И” ХХК-ийн үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч К Б С /K В S/ нь “Э Б Э М” ХХК-ийн хувьцаа болон эрхийг 100 хувь шилжүүлэн авах тухай 16/014 тоот шийдвэр болон 2017 оны 05 сарын сарын 19-ний өдөр Т.Б-д олгосон итгэмжлэл, компанийн гэрчилгээ, тамга дахин авах тухай, гүйцэтгэх захирлаар С.Б-ийг томилсон “И” ХХК-ийн шийдвэр нь хууль бус, хуурамч шийдвэр байсан болно.
Мөн Солонгос улсын иргэн К Б С /K В S/ нь 2016, 2017 онд хэдэн удаа Монгол улсын хилээр орж ирсэн огноог тогтоох талаар нотлох баримт цуглуулаагүй. К Б С /K В S/ нь Солонгос улсын иргэн учраас Т.Б-д итгэмжлэл олгох үед болон С.Б-ийг захирлаар томилсон шийдвэр гаргах үедээ Монгол улсад биеэр байсан эсэхийг тогтоох шаардлагатай. Нэгэнт хуулийн этгээдийн хувьцаа эзэмшигчдийн хоорондын маргаантай асуудалтай байгааг мэдсээр байж Д.М-ын болон эмнэлгийн хамт олны ар хударгаар мэдэгдэлгүй, нууц, хууль бус үйл ажиллагаа явуулах боломж олгож, тусгай зөвшөөрөлтэй эмнэлгийн үйл ажиллагааны чиглэлийг компанийн дүрмээс хасах бүртгэл хийсэн нь Д.М-ын болон эмнэлгийн эмч, ажилтнуудын эрх, ашиг сонирхлыг ноцтой зөрчсөн.
Өөрөөр хэлбэл 2016 оны 04 сарын 07-ны өдрийн бүртгэл, 2017 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн бүртгэл хийх бодит нөхцөл байдал нь хуурамч, нотлох баримт нь хууль бус байсан байна. Эдгээр бүртгэлийн үйл ажиллагаанаас болж “Э Б Э М” ХХК-ийг үүсгэн байгуулагч Д.М болон тусгай зөвшөөрөлтэй эмнэлгийн үйл ажиллагаа эрхэлдэг, гэмтэл согогийн эмнэлгийн 70 гаруй хамт олон хууль бус үйл ажиллагаа явуулж байгаа мэт болж, “Э Б Э М” ХХК-ийн хуулийн этгээдийн эрх зүйн чадварыг үгүйсгэсэн үр дагаварт хүргэсэн. Компанийн эрх, хувьцааг шилжүүлэн авсан гэсэн гэрээгээр халхавчлан зарим этгээд дураар авирлах нөхцөл бүрдэж бусдын компани, эмнэлгийг булаан авах нь нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан үйлдэл гэж үзэж байна.
С.Б нь нууцаар “Э Б Э М” ХХК-ийн гэрчилгээ гаргуулан авснаар уг өөрчлөлтийг бүртгэсэнтэй холбогдуулан Д.М гомдол гаргах эрх нь зөрчигдсөн. Хэрэв гэрчилгээ эх хувиар байсаар байтал өгөөгүй гэж тайлбарлаж байгаа бол энэ талаар хуулийн байгууллагад гэрчилгээ гаргуулан авахаар гомдол гарган шийдвэрлүүлэх боломжтой байсан. Хүчин төгөлдөр гэрчилгээ, тамгыг хураан авч хүчингүй болгоогүй, үрэгдүүлсэн гэсэн хуурамч нотлох баримт, шийдвэрт үндэслэн шинээр гэрчилгээ, тамга олгосны улмаас Д.М, эмнэлгийн хамт олны эрх, ашиг сонирхолд хохирол учирсан. Тусгай зөвшөөрөл хүчинтэй байхад эмнэлгийн явуулж байгаа эмчилгээний үйл ажиллагааны чиглэлийг компанийн дүрмээс шууд хассан нь хүчээр эмнэлгийн үйл ажиллагааг зогсоох гэсэн оролдлого гэж үзэж байна. Хариуцагч С.Б энэ талаар тайлбарлахдаа компанийн дүрэм өөрчлөгдөхөд тусгай зөвшөөрлийг эх хувиар авчир гэсэн, эх хувиар байхгүй учраас уг үйл ажиллагааны чиглэлийг компанийн дүрмээс хассан гэж тайлбарласан. Гэтэл тусгай зөвшөөрөлтэй эмнэлгийн үйл ажиллагаа эрхэлдэг компанийн дүрэмд өөрчлөлт оруулах гээд тусгай зөвшөөрөл эх хувиараа байхгүй байгаа нөхцөл байдал үүссэн байхад тусгай зөвшөөрлийн гэрчилгээ байхгүй бол дүрмээс үйл ажиллагааны чиглэл хас гэсэн зөвлөгөө өгч бүртгэсэн нь улсын бүртгэлийн хараат бус байх зарчмыг зөрчсөн гэж үзэж байна. Мөн улсын бүртгэлийн гэрчилгээ гараагүй байхад шинээр луун хээтэй тамга гаргуулсан нь хуулийн этгээдийн гэрчилгээг үндэслэн тамга олгодог журмыг зөрчсөн үйлдэл хийсэн байна.
Иймд дээр дурдсан үндэслэлийг харгалзан үзэж Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 128/ШШ2018/0230 дугаартай шийдвэрийг хүчингүй болгоно уу” гэжээ.
                                                                                 ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгч Д.М “2016 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн “Э Б Э м” ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч, үүсгэн байгуулагчаар 100 хувийн гадаадын хөрөнгө оруулалттай “И” ХХК болж өөрчлөгдсөнийг бүртгэсэн бүртгэл, 2017 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн “Э Б Э м” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.М-ыг чөлөөлж, С.Б-ийг гүйцэтгэх захирлаар томилсон өөрчлөлтийг бүртгэсэн бүртгэл, уг бүртгэлтэй холбоотой дахин шинээр авсан 00000 тоот улсын бүртгэлийн гэрчилгээг хүчингүй болгуулах” тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргажээ.
Баянгол дүүргийн 7 дугаар хороонд байрлах гадаад худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Э Б Э м” ХХК-ийг Эрхийн улсын бүртгэлийн 00000 дугаарт бүртгэж, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн 00000 дүгээр гэрчилгээг 2013 оны 10 дугаар сарын 17-ны өдөр олгож, тус компанийн захирлаар Д.М-ыг томилсон бүртгэлийг бүртгэжээ.
Дээрх хуулийн этгээдийн захирал Д.М нь “Э Б Э м” ХХК-ийн 2014 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн үүсгэн байгуулагчийн шийдвэр, тус компанийн дүрмээр компанийн үйл ажиллагааны чиглэлд нэмэлт өөрчлөлт оруулж, компанийн дүрмээ шинэчлэн баталжээ.
Харин “Эрхийн улсын бүртгэлийн 00000 дугаарт бүртгэлтэй, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн 00000 дүгээр гэрчилгээтэй “Э Б Э м” ХХК-ийн үүсгэн байгуулагч, 100 хувийн хувьцаа эзэмшигч Д.М нь өөрийн хөрөнгийн 100 хувийн хувьцаатай тэнцэх 1,000,000 төгрөгийн өөрийн эзэмшлийн хувьцаа болон компанийн эрхийг “И” ХХК-д худалдаж, компанийн эрхийг бүрэн шилжүүлж, компанийн үүсгэн байгуулагчаас татгалзсан” тухай “Э Б Э м” ХХК-ийн “хувьцаа эзэмшигчийн шийдвэр”-ээр Д.М нь өөрөө 2016 оны 03 дугаар сарын 25-ны өдөр гаргаж, мөн Эрхийн улсын бүртгэлийн 00000 дугаарт бүртгэлтэй, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн 00000 дүгээр гэрчилгээтэй “Э Б Э м” ХХК-ийн эрхийг 100 хувийн хувьцааны хамт “И” ХХК-д бүрэн шилжүүлсэн “компанийн эрх шилжүүлэх” болон “компанийн хувьцаа худалдах, худалдан авах” тухай хэлцлийг “Э Б Э м” ХХК-ийн захирал Д.М болон “И” ХХК-ийн захирал К Б С /K B S/ нарын хооронд 2016 оны 03 дугаар сарын 27-ны өдөр байгуулсан баримтууд хэрэгт нотлох баримтаар авагдсан байна.
Улмаар “И” ХХК-ийн захирал К Б С /K B S/ нь Эрхийн улсын бүртгэлийн 00000 дугаарт бүртгэлтэй, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн 00000 дүгээр гэрчилгээтэй “Э Б Э м” ХХК-ийг эрх, 100 хувийн хувьцааг дээрх гэрээний дагуу шилжүүлэн авснаар тус компанийн дүрмийг шинэчлэн баталж, хуулийн этгээдийн улсын бүртгэл өөрчлөлт оруулах хүсэлт гаргах эрхийг Т.Б-д олгосон 2016 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 16/22 дугаар шийдвэрийг гаргажээ.
Өөрт олгосон итгэмжлэлийн дагуу Т.Б нь “Э Б Э м” ХХК-ийн хувьцаа эзэмшигчийн 2016 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 16/21, 16/014, 2016 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 16/22 дугаар шийдвэрүүд болон “компанийн эрх шилжүүлсэн”, “хувьцаа худалдах, худалдан авах” тухай гэрээ, компанийн шинэчилсэн дүрэм, түүнд олгосон итгэмжлэл зэргийг хавсарган, “Э Б Э м” ХХК-ийн хувьцаа эзэмшигч, үүсгэн байгуулагчаар “И” ХХК-д нэмэгдсэн өөрчлөлтийг бүртгэж өгнө үү” гэх хуулийн этгээдийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгүүлэх өргөдлийг Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газарт 2016 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр гаргасан байна.
Дээрх баримтыг үндэслэн “Э Б Э м” ХХК-ийн эрх шилжүүлсэн өөрчлөлтийг бүртгэсэн бүртгэл нь Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.5-д “итгэмжлэлээр эрх олгогдсон бусад этгээд”, 23 дугаар зүйлийн 23.3-т “Хуулийн этгээдийн эрх шилжүүлэх өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгүүлэхэд дараах баримт бичгийг бүрдүүлнэ” гэж заасныг зөрчөөгүй тул хариуцагчийн үйлдэл хуульд нийцсэн гэж үзэх үндэслэлтэй.
Мөн “Э Б Э м” ХХК-ийн үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигчийн 2017 оны 05 дугаар сарын 17/010 дугаар шийдвэр, компанийн шинэчилсэн дүрэм, Т.Б-д олгосон итгэмжлэл, Эрхийн улсын бүртгэлийн 00000 дугаарт бүртгэлтэй, “Э Б Э м” ХХК-ийн үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн 00000 дүгээр гэрчилгээг үрэгдүүлсэн зар зэрэг үндэслэлээр “Э Б Э м” ХХК-ийн бүртгэлийг өөрчлөн бүртгэж, тус компанид 00000 дугаартай хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээг олгосныг Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын буруутай үйл ажиллагаа гэж үзэх боломжгүй юм.
Учир нь “Э Б Э м” ХХК-ийн үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн 00000 дүгээр гэрчилгээ нэхэмжлэгчид эх хувиар хадгалагдаж байхад “Э Б Э м” ХХК-д 00000 дугаартай гэрчилгээг дахин гаргаж өгсөн нь хариуцагчийн буруутай үйл ажиллагаа бус эрхийн улсын бүртгэлд бүртгэлтэй хуулийн этгээдийн өөрийнхөн гаргасан хүсэлтийн дагуу хийгдсэн үйлдэл болох нь нэхэмжлэгч, гуравдагч этгээд, хариуцагч нарын тайлбар зэргээр нотлогдсон гэж үзлээ.
Тодруулбал, нэгэнт тухайн үед өөрийн хүсэл зоригоо илэрхийлэн “Э Б Э м” ХХК-ийн үүсгэн байгуулагч, 100 хувийн хувьцаа эзэмшигч Д.М нь “Эрхийн улсын бүртгэлийн 00000 дугаарт бүртгэлтэй, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн 00000 дүгээр гэрчилгээтэй, өөрийн хөрөнгийн 100 хувийн хувьцаатай тэнцэх 1,000,000 төгрөгийн өөрийн эзэмшлийн хувьцаа болон компанийн бүрэн эрхийг “И” ХХК-д шилжүүлсэн гэх үндэслэл байгаа тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, улсын бүртгэлийг хүчингүй болгох үндэслэлгүй.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.
   Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсгийг удирдлага болгон
                                                                         ТОГТООХ нь:
   1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 128/ШШ2018/0230 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Н-ийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
   2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
   Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 


ЕРӨНХИЙ ШҮҮГЧ      Д.БАТБААТАР
ШҮҮГЧ                        С.МӨНХЖАРГАЛ
ШҮҮГЧ                        Э.ХАЛИУНБАЯР