Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 06 сарын 29 өдөр

Дугаар 210/МА2020/01396

 

 

 

 

 

2020 оны 06 сарын 29 өдөр

Дугаар 210/МА2020/01396

 

 

Д.Д-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч А.Мөнхзул, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 184/ШШ2020/01415 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Д.Д-ын хариуцагч М.М-д холбогдуулан гаргасан түрээсийн гэрээний үүрэгт 1 724 167 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Д-, хариуцагч М.М, түүний өмгөөлөгч М.Алтанцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Болдсайхан нар оролцов.

 

Нэхэмжлэгч Д.Д- шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Д.Д- нь М.Мтай 2013 оны 10 дугаар сарын 25-ны өдөр байр хөлслүүлэх гэрээ байгуулан түрээсийн төлбөрт 180 000 төгрөг, гэрэл, цахилгаан, халаалт дулаан, ус, теле кабелийн татвараа сар сард нь өгч байхаар харилцан тохиролцсон. Хариуцагч нь ам бүл тавуулаа амьдарсан. Бид түрээсийн үнэ хөлсөө тохирч 1 жилийн хугацаатай 2014 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хүртэл хугацаатай гэрээ хийж гарын үсгүүдээ зурж баталгаажуулсан. М.Мгаас иргэний үнэмлэхээ баталгаажуулж өгөхийг, төлбөр тооцоогоо хугацаандаа төлөхийг маш олон удаа шаардсан. Гэтэл өвөл өнгөрч хаврын урь эхлэх үеэр надад манай гэр бүлийхэнд хэлэлгүй шөнө оройн цагаар нүүгээд явчихсан байсныг нүүснээс нь хойш 3-4 хоногийн дараа мэдсэн. Өрөөнийхөө түлхүүрийг 4 дүгээр сарын 25-ны өдөр гэрийн үүдэнд авчирч өгөөд явсан.

М.М Өнөр 12 СӨХ-ийн албан шаардлагын хариуг ч өгөлгүй, холбоо барихгүй 6 жилийг өнгөрөөж өнөөдрийг хүргэсэн. М.М, н.Жаргалсүрэн, н.Түвшинжаргал нарыг эрэн сурвалжлахад зарцуулсан мөнгийг төлөх ёстой гэж үзэж байна.

Хариуцагчаас байрны түрээсийн дутуу төлбөр 1 360 000 төгрөг, гэрэл цахилгааны төлбөр 56 880 төгрөг, ус халаалтын төлбөр 48 087 төгрөг, хэрэглэж байсан өрөөний хивсний төлбөр 25 000 төгрөг, телекабелийн шугамын татвар 28 000 төгрөг, цагдаагаар эрэн сурвалжлуулсан төлбөр 70 200 төгрөг, алданги 136 000 төгрөг нийт 1 724 167 төгрөг нэхэмжилж байна. СӨХ-той байгуулсан түрээсийн гэрээнд бичгээр дамжуулан түрээслэх талаар заагаагүй ч гэрээнд өөрчлөлт оруулах эрхтэй талаар заасан, давхар түрээслэх хөлслөх талаар ярилцсан байдаг. Өрөө тус бүрд цахилгааны тоолууртай, ус хэрэглээний тоолуур дундаа 1 байсан. М.Мн өмнөөс холбогдох газруудад төлсөн гэжээ.

 

Хариуцагч М.М шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Би 2013 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Д.Д-ын подвалын өрөөг түрээсэлж суусан. Д.Д- гуай цонхгүй подвалын өрөөгөө 180 000 төгрөгөөр түрээсэлчихээд дээр нь тогны мөнгө 20 000 төгрөг авна гэж хэлснээс нь болж маргаан үүсээд өдрөөр нүүсэн, шөнө нүүсэн юм байхгүй.

Тухайн үед ус, цахилгаан, халаалтын мөнгийг тусад нь өгч байна гэдэг хэлцлийг байгуулаагүй. 4 сар 8 хоног амьдарсан хугацаанд түрээсийн төлбөрийг цаг тухай бүр төлж байсан, түрээсийн төлбөрт 740 000 төгрөг төлсөн. Түрээсийн төлбөрийг бэлнээр нэхэмжлэгчид өгч гарын үсэг зуруулан авч байсан. Сүүлийн хоёр удаагийн төлөлт дээр гарын үсэг зуруулж чадаагүй. Өрөөний түлхүүрийг гарснаасаа хойш 3 хоногийн дараа нэхэмжлэгчид хүлээлгэж өгсөн.

Нэхэмжлэгч нь СӨХ-той гэрээ байгуулан тухайн подвалын өрөөг хөлслүүлдэг гэж тайлбарлаж байна. СӨХ-ноос ирсэн нэхэмжлэхээс харахад тухайн подвал нь 4 өрөө гэдэг тодорхой байна. Өрөө болгонд нэг айл байдаг. Энэ 4 айл нь нийлээд ус, цахилгааны мөнгөө төлөх ёстой. Бидний хувьд нэг айлд ногдох ус, цахилгааны мөнгийг төлөх боломжтой. Ямар үндэслэлээр алданги нэхэмжилж байгааг ойлгохгүй байна. Кабелийн төлбөр мэдэхгүй, хариуцах ёсгүй гэж бодож байна. Манай өрөөнд цахилгааны тоолуур байгаагүй, ус хэрэглээний тоолуур дундын нэг угаалгын хэсэг байсан, тэнд байсан байх. Хөдөө ажлаар явсан байсан учир хаягтаа байгаагүй, эрэн сурвалжилсны төлбөрийг хариуцахгүй. Тиймээс баримтаар нотлогдохгүй байгаа хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8, 302 дугаар зүйлийн 302.1, 496 дугаар зүйлийн 496.1 дэх хэсэгт зааснаар М.Мд холбогдох 1,724.167 төгрөг гаргуулах Д.Д-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 57,647 төгрөгөөс, 42,537 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Төрийн сангийн 100200900941 тоот данснаас илүү төлөгдсөн 15,110 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Д-т олгон шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч Д.Д- давж заалдах гомдолдоо: Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх миний нэхэмжлэлийг 2019 оны 12 дугаар сарын 27-ний өдрийн 184/ШШ2020/00037 дугаар шийдвэрээр хэрэгсэхгүй болгосон. 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдөр Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхээс 345 дугаар магадлал гарсан. Магадлалд хэрэг хянан шийдвэрлэх ажиллааганы явцад хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн талаар маргаагүй, мэтгэлцээгүй, энэ талаар ямар нэгэн тайлбар гаргаагүй байхад өөрийн санаачлагаар Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг хуулиар тогтоосон журмын дагуу үнэлээгүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй байна.

Нэхэмжлэгч Д.Д- нь хариуцагч М.Мд холбогдуулан эд хөрөнгө хөлслөх гэрээний үүргийн гүйцэтгэл, үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохиролд нийт 1 724 167 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч хөлсөлсөн хугацааны төлбөрийг бүрэн өгсөн, ашиглалтын зардлыг хөлслөх гэрээний үнээс тусдаа төлөхөөр тохиролцоогүй гэх үндэслэл заан эс зөвшөөрч маргажээ.

М.М нь Д.Д-ын эзэмшиж буй подвалийн 4 өрөөний 1 өрөөг жилийн хугацаатай, сарын 180 000 төгрөгөөр хөлслөхөөр харилцан тохиролцон, 2013 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Өрөө хөлслүүлэх гэрээ нэртэй гэрээ байгуулж, гэрээний зүйлийг хөлсөлж байсан үйл баримт хэрэгт авагдсан гэрээ, тэдгээрийн тайлбар зэрэг баримтаар нотлогдож байна. /хх-7,16, 119-120, 126/ Энэ гэрээний хүчин төгөлдөр байдалд зохигчид маргаагүй байхад хуулиар тогтоосон шаардлагыг зөрчсөн гэх үндэслэлээр гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан хүчин төгөлдөр бус хэлцэл гэж дүгнэхдээ шүүх хуулийн 289 дугаар зүйлийн 289.2.7, 305 дугаар зүйлийн 305.1 дэх хэсгийн заалтыг буруу тайлбарлан хэрэглэжээ.

Нэхэмжлэгч Д.Д- нь Өнөр-12 СӨХ-ны өмчлөлийн подвалийн 3 өрөөг түрээслэдэг гэж тайлбарласан байна. /хх-129/ Тэгэхээр уг хоёр гэрээний талуудын хооронд подвалийн өрөөг зөвшөөрөлгүйгээр бусдад түрээслэсэн, үндэслэлгүй хөрөнгөжсөн эсэх талаар маргаан үүссэн тохиолдолд холбогдох хуулийн зохицуулалт хэрэглэгдэнэ. Энэ асуудлаар маргаан үүссэн талаар баримт хэрэгт авагдаагүй байна. Хариуцагч нь нэхэмжлэгчийг подвалийн өрөөг эзэмшиж буй үйл баримтад маргаагүйн гадна талууд өөрсдийн хүсэл зоригоо илэрхийлэн, харилцан тохиролцон гэрээ байгуулж, өрөөг хөлсөлж байсан учир эдгээрийн хооронд Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1 дэх хэсэгт заасан эд хөрөнгө хөлслөх гэрээний харилцаа үүссэн гэж үзнэ. Иймээс хэн аль нь нөгөө талаасаа үүргээ биелүүлэхийг шаардах эрхтэй.

Зохигчид гэрээ цуцлагдсан хугацаа, хөлслөх гэрээний үнийг бүрэн төлсөн эсэх, гэрээгээр ашиглалтын төлбөр төлөхөөр тохиролцсон эсэх талаар маргажээ.

Нэхэмжлэгч Д.Д- нь 2013 оны 3 дугаар сарын төлбөрийн үлдэгдэл, 4-10 дугаар сарын хөлсөнд 1 360 000 төгрөг нэхэмжилж, үндэслэлээ хариуцагч 2014 оны 4 дүгээр сард мэдэгдэлгүй өрөөнөөс нүүсэн, мөн сарын 25-ны өдөр түлхүүрээ хүлээлгэж өгсөн гэж тайлбарлажээ. /хх2/ Хариуцагч М.М нь амьдарч байх хугацааны төлбөрийг төлж, цахилгааны төлбөр нэхсэний улмаас маргаан үүсч 3 дугаар сарын 05-ны өдөр өрөөнөөс гарч, 06-ны өдөр түлхүүрийг өгсөн гэж мэтгэлцэх боловч үүнийгээ баримтаар нотлоогүй байна.

Хэргийн 8 дахь талд гэрээний талуудын 2013 онд тооцоо хийж байсан тухай бичгийн баримт авагджээ. Уг баримтаас үзвэл хариуцагч Н.Мөнхмагнай 12 дугаар сарын 13, 15-ны өдөр тус бүр 180 000 төгрөг /гарын үсгээр баталгаажсан/, 2014 оны 02 дугаар сарын 16-нд 220 000 төгрөг, 1 сард 180 000 төгрөг өгсөн, 3 дугаар сард 40 000 төгрөг төлж, 140 000 төгрөг дутуу гэж тэмдэглэсэн байна. Хариуцагчийн, хөлсөлж байх хугацаанд төлбөрт 720 000 төгрөг өгсөн гэх тайлбарыг нэхэмжлэгч үгүйсгээгүй.

Дээрхээс дүгнэхэд зохигчдын хооронд байгуулагдсан эд хөрөнгө хөлслөх гэрээ 2014 оны 4 дүгээр сарын 25-ны өдрөөр цуцлагдсан гэж үзэх учир хариуцагчийг мөн оны 3 дугаар сарын дутуу төлбөр, 4 дүгээр сарын хөлс төлөх үүргээ зөрчсөн гэж үзнэ. Иймд хариуцагч М.Мгаас эд хөрөнгө хөлслөх гэрээний үүрэгт 320 000 төгрөг гаргуулах нь Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1 дэх хэсэгт заасанд нийцнэ.

Талууд гэрээний 3.6-д хөлслөгч хэрэглэсэн цахилгаан, ус халаалтдаа анхаарч, ... тоолуурын заалт, гэрээгээр тохирсоноор төлбөрөө хугацаанд нь төлөх үүрэг хүлээлгэхээр тохиролцсон байх тул энэ талаарх хариуцагчийн татгалзал үндэслэлгүй. Нэхэмжлэгч Д.Д- нь подвалийн 4 өрөө тус бүрийг бусдад хөлсөлдөг гэж тайлбарладаг бөгөөд хэргийн 52-62 дахь талд авагдсан ашиглалтын зардал төлсөн тооцооны баримтаар 1 хөлслөгчид ногдох төлбөрийн хэмжээг тодорхойлох боломжгүй байна. Хариуцагчийн хувьд ашиглалтын зардал нэхэмжилсэн шаардлагаас 124 778 төгрөг зөвшөөрсөн тайлбар 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан учир энэ хэмжээгээр нэхэмжлэлийн шаардлагыг хангах нь зүйтэй гэж үзлээ.

Анхан шатны шүүх дээрх үйл баримтыг дүгнэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасан нотлох баримт үнэлэх журмыг зөрчснөөс гадна Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.1 дэх хэсгийг буруу тайлбарлан хэрэглэсэн байна.

Хариуцагч М.Мгийн оршин суугаа газрыг тодруулахаар нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг нэхэмжлэгчид учирсан хохиролд тооцох нь Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт заасанд нийцэх тул уг шаардлагыг хангах үндэслэлтэй. Харин талууд хооронд байгуулагдсан гэрээ цуцлагдсантай холбогдуулан нэхэмжлэгч нь гэрээний үүргээ хугацаанд нь биелүүлээгүйд хариуцлага тооцон Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасан алданги шаардах эрхгүй болно. Түүнчлэн хөлсөлж байсан өрөөнд хивс байсан, түүнийг хариуцагч авч явсан гэх үйл баримт баримтаар нотлогдоогүй учир энэ шаардлагыг хангах боломжгүй байна.

 

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахаар шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 184/ШШ2020/01415 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1, 227 дугаар зүйлийн 227.1 дэх заалтыг баримтлан хариуцагч М.Мгаас 511 978 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Д-т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1 212 189 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай гэж өөрчлөн, 2 дахь заалтын олгосугай гэснийг олгон хариуцагч М.Мгаас 16 009 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Д-т олгосугай гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч Д.Д-аас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 42 537 төгрөгийг тус тус шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ИЧИНХОРЛОО

 

ШҮҮГЧИД А.МӨНХЗУЛ

 

Ч.ЦЭНД