Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 12 сарын 27 өдөр

Дугаар 184/ШШ2020/00037

 

2019 оны 12 сарын 27 өдөр Дугаар 184/ШШ2020/00037 Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Энхтөр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүрэг, 00 дүгээр хороо, 00 дугаар байр, 00 тоотод оршин суух  овгийн Д.П /РД:/

Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг, 00 дүгээр хороо, алтай 00 дугаар гудамж, 00 тоотод оршин суух Б овгийн М. М /РД:/

Түрээсийн гэрээний үүрэгт 531 429 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч, 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Д.П, хариуцагч М.М, хариуцагчийн өмгөөлөгч М.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Чанцалдулам нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.П би иргэн М.М 2013 оны 10 сарын 25-ны өдөр байр хөлслүүлэх гэрээ байгуулан 180 000 төгрөгийн түрээсийн төлбөр, гэрэл, цахилгаан, халаалт дулаан, ус, теле кабелийн татвараа сар сард нь өгч авалцахаар харилцан тохирч баталгаажуулсан. М.М нь танай хажуугийн 80 дугаар сургуульд 1 дүгээр ангийн хүү орсон юм, холоос автобусаар 2 дамжин ирж очдог. Хойт дэнжийн гэр хороолод хашаанд галлагаатай гэрт зутраад, гадаа нойлтой, зөөврийн устай бид олуулаа байдаг гээд гуйгаад байхаар нь би оёдолчин оруулахаар ярьчихсан байгаа чи хүлээ, чи бага жижиг хүүхэдтэй юм байна. Би зохицуулан ам бүл цөөн юм, оруулая гээд хүсэлт гуйлтыг нь зөвшөөрч өрөөгөө хөлсөлсөн. Үүнийг М.М өөрөө сайн мэдэж байгаа. Бид түрээс үнэ хөлсөө тохирч 1 жилээр 2014 оны 10 сарын 15-ны өдөр хүртэл хугацаатай гэрээ хийж гарын үсгүүдээ зурж баталгаажуулсан байгаа. Би уг нь эхлээд ярилцсан оёдолчингоо оруулсан бол ингэж 6 жил ажил амьдрал зав чөлөө, цаг хугацаа, утсаар ярихаас аваад их зардал чирэгдэлд орохгүй л байсан. Эднийх үндсэндээ ам бүл 5 амьдарсан. Уг нь М.М хоёулаа гэрээнийхээ хугцааанд амьдрахдаа үнэ хөлс гэрээ түрээсээ яг мөрдөн биелүүлнэ гэж амлаж орсон. Би М.М иргэний үнэмлэхээ баталгаажуулж өгөхийг, төлбөр тооцоогоо хоног хугцаандаа төлөхийг маш олон удаа шаардаж хэлсэн. Гэтэл өвөл өнгөрч хаврын урь эхлэх үеэр надад манай гэр бүлийхэнд хэлэлгүй шөнө оройн цагаар гэнэт нүүгээд явчихсан байсан. Нүүснээс нь хойш 3-4 хоногийн дараа мэдсэн. Өрөөнийхөө түлхүүрийг 04 сарын 25-ны өдөр гэрийн үүдэнд авчирч өгөөд явсан. Амьдарч байсан өрөөгөө хүлээн авсан шигээ хүлээлгэж өгөөгүй. Бидний гэрээнд гарахаа 7 хоногийн өмнө хэлнэ гэсэн байгаа. Харин 1 ширхэг дэвсгэр дрож байхгүй байв. М.М өвлийн ид хүйтэн өнгөртөл гэр бүлээрээ дулаан амьдарч өвөлжичихөөд манайх гарлаа гэдгээ урьдчилан ярьж хэлэлгүй гэнэт нүүчихээд сүүлд өрөөнийхөө түлхүүрийг өгөхдөө надад би орон сууцны контор болон сууц өмчлөгчдийн холбоонд танилтай. Чамд өр төлбөр мөнгөө өгөхгүй шүү гэж хэлсэн. Бас хажуу өрөөний н.Ж, н.Т нарт түрээсийн мөнгөө битгий өгөөрэй би танилтай шүү гэж хэлсэн байна лээ. Тэд одоо хүртэл төлбөрөө төлөөгүй бөгөөд М.М уулзаж байж өгнө гээд байгаа. М.М манай Өнөр 12 СӨХ-өөс албан бичгээр өгсөн төлбөр мөнгөө өг гэсэн шаардлагын хариуг ч өгөлгүй, өөрөө ямарч холбоо барилгүй 6 жилийг өнгөрөөж өнөөдрийг хүргэсэн. Д.П миний бие М.М уулзах, мөнгө төлбөр авах гэж маш их хөөцөлдсөн. М.М, н.Ж, н.Т нарыг эрэн сурвалжлахад зарцуулсан миний мөнгийг төлөх ёстой гэж бодож байна. М.М 2017 оны 4 сард утсаар яьсан чинь би Архангайд ээж дээрээ байна, 5 сард очиж уулзана гэхээр нь ирэх байх гэж бодоод Дүүргийн шүүхийн эвлэрүүлэн зуучлалд өргөдөл өгөөд тэнд уузлаж эвлэрэе гэсэн чинь М.М ирээгүй. Тэгээд утсаар огт ярихгүй болсон. 2016 оны 11 сард Сонгинохайрхан дүүргийн шүүхэд өргөдөл өгсөн. Гэтэл шүүхийн зарлан дуудах бичгийг авахаас зайлсхийсэн учир өмгөөлөгч намайг 70 200 төгрөг төлөөд эрэн сурвалжлуул гэсэн. Би 2018 оны 9 сард эрэн сурвалжлах өргөдлөө шүүхэд өгсөн. Цагдаагийн байгууллага 2019 оны 10 сарын 08-ны өдөр М.М хаягийг тодруулсан. Тэр 2013 онд мөнгөний ханш одоогийнхоос өндөр байсан. Намайг олон жил хууран мэхлэж, өр төлбөрт оруулан дарамтлан доромжилсон учир М.М би сая төгрөгийн торгууль нэхэмжлэх хүсэлтэй байна.

Гэхдээ би одоо хариуцагчаас 577 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилж байна. Үүнд байрны түрээсийн үлдэгдэл 280 000 төгрөг, цахилгааны төлбөр 56 691 төгрөг, ус, халаалтын үнэ 48 087 төгрөг, кабелийн үнэ 28 000 төгрөг, хивсэнцэрийн үнэ 20 000 төгрөг, алданги 48 210 төгрөг, эрэн сурвалжлуулсан зардал 70 200 төгрөг байна. Хариуцагч 2014 оны 03 сарын 03-ны өдөр байрнаас гарсан гэж худлаа ярьж байна, 2014 оны 04 сарын 25-ны өдөр надад урьчилж хэлэлгүйгээр түлхүүрээ орхиод нүүгээд явсан байсан. Би энэ хүний араас байрны түрээсээ төлүүлэх гэж 6, 7 жил хөөцөлдөж явна. гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбар, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2013 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Д.П гуайн подвалын өрөөг түрээсэлж суусан. Д.П гуай цонхгүй подвалын өрөөгөө 180 000 төгрөгөөр түрээсэлчихээд дээр нь тогны мөнгө 20 000 төгрөг авна гэж хэлснээс нь болж маргаан үүсээд өдрөөр нүүсэн, шөнө нүүсэн юм байхгүй. Мөн нөхөр, бэр, том хүүтэйгээ амдарч байсан гэж бичсэн байна. Манай нөхөр хүүхэдтэйгээ уулзахаар хааяа орж гараад явдаг байсан. Харин ажил оройтох үед том хүүгийнхээ найз охиныг гуйж хүүгээ харуулдаг байсан. Түүнээс 5-уулаа амьдарч байсан юм байхгүй. М.М би Д.П гуайд өгөх түрээсийн мөнгө байхгүй. Иймд Д.П гуайн нэхэмжилсэн мөнгийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Д.П гуай нь подвалын 4 өрөө тус бүрийг айлд түрээслүүлдэг байсан. Өнөр-12 СӨХ-ны бичигт ус, халаалт, цахилгаан, кабелийн мөнгийг 4 айлаар тооцож нэхэмжилсэн гэж ойлгож байгаа, үүнээс өөрт ногдох 124 778 төгрөгийг төлөх боломжтой, бусад шаардлагыг нь зөвшөөрөхгүй. гэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч нь 2013 оны 10 дугаар сарын 25-ны өдрөөс 2014 оны 10 дугаар сарын 25-ны өдөр хүртэл нэг жилийн хугацаатай түрээсийн гэрээ байгуулж орон сууцны подвалын өрөө түрээсэлсэн. Нэг сарын түрээсийн төлбөр 180 000 төгрөг гэж хэлцэл хийсэн. Тухайн үед ус, цахилгаан, халаалтын мөнгийг тусад нь өгч байна гэдэг хэлцлийг нэхэмжлэгчтэй байгуулаагүй. Хариуцагч нь тухайн өрөөнд 4 сар 8 хоног амьдарсан. Энэ хугацаанд түрээсийн төлбөрийг цаг тухай бүр төлж байсан гэж М.М нь тайлбарладаг. Хариуцагч нь 4 сар 8 хоногийн түрээсийн төлбөрт үнийн дүнг бодож үзвэл 740 000 төгрөг төлсөн. Энэ нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар нотлогдоно. Нэхэмжлэгч нь байрны түрээсийн төлбөр 180 000 төгрөг төлөөгүй гэх утгатай нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй. Бичгээр гаргасан нэхэмжлэлийн шаардлагатай нь танилцахад зөвхөн ус, тог цахилгаан, кабелын мөнгө, алданги нэхэмжилсэн байна. Нэхэмжлэлийн шаардлагад дурдаж нэхэмжлээгүй зүйлд бид тайлбар өгөх нь илүүц байх. Түрээсийн гэрээний дагуу төлбөрөө төлөөгүй хугацаа байхгүй, амьдрах бүхий л хугацаандаа төлбөрөө төлж байсан. Түрээсийн төлбөрийг бэлнээр нэхэмжлэгчид өгч гарын үсэг зуруулан авч байсан. Сүүлийн хоёр удаагийн төлөлт дээр гарын үсэг зуруулж чадаагүй. Өрөөний түлхүүрийг гарснаасаа хойш 3 хоногийн дараа нэхэмжлэгчид хүлээлгэж өгсөн. Хавтаст хэрэгт авагдсан баримтаас харахад түлхүүрийг хэдэн сарын хэдний өдөр хүлээлгэж өгсөн талаар баримт байдаггүй. Үүнийг нотлох боломжгүй. Нэхэмжлэгч нь СӨХ-той гэрээ байгуулан тухайн подвалын өрөөг хөлслүүлдэг гэж тайлбарлаж байна. СӨХ-ноос ирсэн нэхэмжлэхээс харахад тухайн подвол нь 4 өрөө гэдэг тодорхой байна. Өрөө болгонд нэг айл байдаг. Энэ 4 айл нь нийлээд ус, цахилгааны мөнгөө төлөх ёстой. Бидний хувьд нэг айлд ногдох ус, цахилгааны мөнгийг төлөх боломжтой. Ямар үндэслэлээр алданги нэхэмжилж байгаа ойлгохгүй байна. Тийм учраас алданги, хивс, түрээсийн төлбөрийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Эдгээр нь нэхэмжлэлийн шаардлагад дурдагдаагүй, баримтаар нотлогдохгүй байна. Хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.П нь байрны түрээсийн үлдэгдэл 280 000 төгрөг, цахилгааны төлбөр 56 691 төгрөг, ус, халаалтын үнэ 48 087 төгрөг, кабелийн үнэ 28 000 төгрөг, хивсэнцэрийн үнэ 20 000 төгрөг, алданги 48 210 төгрөг, эрэн сурвалжлуулсан зардал 70 200 төгрөг, нийт 577 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч М.М хүлээн зөвшөөрөхгүй гэж маргана.

Гэрээний талууд буюу хөлсүүлэгч-ийг төлөөлж Д.П, хөлслөгч-ийг төлөөлж М.М нар 2013 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Өрөө түрээслүүлэх гэрээ-г 2014 оны 10 дугаар сарын 25-ны өдөр хүртэл 1 жилийн хугацаатай байгуулжээ /хх-7/. Гэрээний агуулгаас үзэхэд уг гэрээ нь түрээсийн гэрээ бус орон сууц хөлслөх гэрээ гэж дүгнэх үндэстэй байна. Түрээсийн гэрээгээр /Иргэний хуулийн 318 дугаар зүйл/ түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд нь зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь тохирсон түрээсийн төлбөрийг төлдөг бол, Орон сууц хөлслөх гэрээгээр /Иргэний хуулийн 302 дугаар зүйл/ хөлслүүлэгч нь сууцны зориулалттай байшин, сууц, орон сууцны өрөөг хөлслөгчийн эзэмшилд шилжүүлэх, хөлслөгч нь хэлэлцэн тохирсон хөлс төлөг үүрэг хүлээдэг байна.

Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.1-д Хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолно. гэж заажээ. Өөрөөр хэлбэл хуульд тусгайлан өөрөөр заагаагүй бол шаардах эрх нь эрх зөрчигдсөн буюу эрх зөрчснийг мэдсэн эсхүл мэдэх ёстой үеэс үүсдэг. Нэхэмжлэгч нь хариуцагчийг өрөөнийхөө түлхүүрийг 2014 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр гэрийн үүдэнд авчирж өгөөд явсан гэж тайлбарласнаас үзэхэд нэхэмжлэгчийн орон сууцны хөлс шаардах эрх 2014 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр үүссэн байна.

Мөн хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил гэж заажээ. Орон сууц хөлслөх гэрээ нь гэрээний үүрэгтэй холбоотой буюу гэрээнд заасны дагуу орон сууц хөлслүүлсний төлбөр шаардаж байгаа бөгөөд шаардах эрх үүссэн 2014 оны 04 дүгээр сарын 25-ны өдрөөс хөөн хэлэлцэх хугацааг тоолоход 2017 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр хөөн хэлэлцэх гурван жилийн хугацаа дууссан байна. Нэхэмжлэгч Д.П 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан нь шүүхэд нэхэмжлэл гаргах хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж үзэх үндэстэй болно. Иргэний хуулийн 78, 79 дүгээр зүйлүүдэд хөөн хэлэлцэх хугацаа түр зогсох, тасалдах үндэслэлүүдийн талаар заасан ба эдгээр нөхцөл хэрэгт цугларсан баримтаар тогтоогдохгүй байна.

Нэхэмжлэгч Д.П нь 2016 онд тухайн асуудлаар шүүхэд нэхэмжлэл гаргаж байсан тайлбараа нотолж 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 06737 дугаар шүүгчийн захирамжийг /хх-9/ шүүхэд ирүүлсэн боловч тус баримт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т Бичмэл нотлох баримтыг шүүхэд эхээр нь хэрэв эхийг өгөх боломжгүй бол нотариатаар гэрчлүүлсэн хуулбарыг өгнө гэж заасныг зөрчиж байгаагаас гадна тухайн захирамжаар М.М бус М.М холбогдох нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэжээ.

Иймд Д.П орон сууц хөлслөх гэрээний үүрэгт 577 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 15 110 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д зааснаар Д.П нэхэмжлэлтэй М.М холбогдох орон сууц хөлслөх гэрээний үүрэгт 577 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 15 110 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.ЭНХТӨР