Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 11 сарын 15 өдөр

Дугаар 210/МА2017/02360

 

 

 

 

 

 

2017 11 15

2360

 

 

Н.Отгончимэгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Г.Даваадорж, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 102/ШШ2017/02661 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Н.Отгончимэгийн нэхэмжлэлтэй, хариуцагч Монгол Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замд холбогдох, Улаанбаатар төмөр замын даргын 2017 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн Б-1-265 тоот тушаалыг хүчингүй болгох, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай иргэний хэргийг, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Алтанхуяг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Мөнхжаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Билгүүн нар оролцов.

 

Нэхэмжлэгч Н.Отгончимэгийн нэхэмжлэлийн шаардлага болон тайлбарт: Би 1999 оноос УБТЗ нийгэмлэгт Замын дарга, Замын 1-р орлогч дарга, Замын ерөнхий инженерийн туслах-нарийн бичгийн дарга, гадаад харилцааны албанд орчуулагч, Захиргаа удирдлагын албанд бичиг хэргийн эрхлэгч зэрэг ажлуудыг тасралтгүй 18 жил хийсэн. Гэтэл Замын даргын 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн Улаанбаатар төмөр замын даргын А1-57 тоот Зохион байгуулалтын бүтцийг боловсронгуй болгох тухай тушаалаар Н.Отгончимэг таны ажлын байр болох Бичиг хэргийн эрхлэгчийн орон тоо хасагдсан тул Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгэр зүйлийн 40.1.1-д заасны дагуу тантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2017 оны 06 дугаар сарын 02-ны өдөр цуцлах болсныг мэдэгдэж байна гэсэн мэдэгдэх хуудас авсан. Ингээд 2017 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн Б-1-265 тоот тушаалаар хөдөлмөрийн гэрээ цуцлагдсан. Миний дараа бичиг хэрэг-архивч гэж орон тоо гаргаж, шинэ хүн гаднаас авсан. Би 2017 оны 06 дугаар сарын 20-ны өдөр Аж ахуйн хэлтсийн даргын тушаалаар тасалбарын няравын ажилд түр ажиллаж байна. Би ажлаасаа үндэслэлгүй халагдаж, цалин буурсан тул нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Монгол Оросын хувь нийлүүлсэн Улаанбаатар төмөр зам нийгэмлэгийн шүүхэд гаргасан тайлбарт: Нэхэмжлэгч нь Улаанбаатар төмөр замын захиргаа удирдлагын албанд бичиг хэргийн эрхлэгчээр 2015 оны 06 дугаар сарын 10-ны өдрөөс хөдөлмөрийн гэрээ байгуулан ажилласан. Улаанбаатар төмөр замын даргын 2017 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн А-157 тоот Зохион байгуулалтын бүтцийг боловсронгуй болгох тухай тушаалын дагуу байгууллагад бүтцийн өөрчлөлт хийгдсэн. Бүтцийн өөрчлөлтөөр Н.Отгончимэгийн ажиллаж байсан Захиргаа удирлагын алба татан буугдсан. 2017 оны 05 сарын 01-ний өдрөөс эхлэн Захиргаа удирдлагын алба нь Замын даргын ажлын алба, Аж ахуйн хэлтэс гэсэн 2 хэсэг болсон. Зохион байгуулалтын өөрчлөлтөөр Н.Отгончимэгийн ажлын орон тоо болох бичиг хэргийн эрхлэгчийн орон тоо хасагдсан тул 2017 оны 05 дугаар сарын 02-ны өдөр хуульд заасны дагуу 1 сарын өмнө мэдэгдэх хуудас өгч, 2017 оны 06 дугаар сарын 02-ны өдөр Б-1-265 тоот тушаалаар Н.Отгончимэгтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Улаанбаатар төмөр замд Н.Отгончимэг нь 17 жил ажиллаж байгаа учраас бид аль болох ажлын байраар хангах үүднээс 2017 оны 06 дугаар сарын 20-ны өдөр ажлаа цаашид үргэлжлүүлэн хийх хүсэлтийг нь харгалзан Аж ахуйн хэлтсийн даргын 12 тоот тушаалаар аж ахуйн хэлтсийн томилолт, албан тасалбарын нярав н.Нямтөрийг 6 сар чөлөөтэй байх хугацаанд нь түр томилон ажиллуулж байна. Цаашид үргэлжлүүлэн ажиллуулах боломжтой. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 128-р зүйлийн 128.1.2-т заасныг баримтлан Монгол Оросын хувь нийлүүлсэн Улаанбаатар төмөр зам нийгэмлэгт холбогдох Захирагчийн ажлын албаны Бичиг хэргийн эрхлэгчийн ажилд эгүүлэн толгоолгож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэхийг хүссэн Н.Отгончимэгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41-р зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Алтанхуяг давж заалдах гомдолдоо: Шийдвэрийг эс зөвшөөрч байна. Хөдөлмөрийн тухай 40 дүгээр зүйлийн 40.1.1-д "аж ахуйн нэгж, байгууллага болон түүний салбар, нэгж татан буугдсан, орон тоо хасагдсан, эсхүл ажилтны тоог цөөрүүлсэн;" гэж заасан. Бодит нөхцөл байдалд Монгол-Оросын хувь нийлүүлсэн УБТЗ нийгэмлэг нь хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгэгдсэн 1 хуулийн этгээд тул аж ахуйн нэгж байгууллага татан буугдсан гэсэн үндэслэлд хамаарахгүй.

Компанийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар Захиргаа удирдлагын алба нь аж ахуйн нэгж байгууллага, түүний салбар нэгж биш бөгөөд УБТЗ-ын Удирдах газрын аж ахуйн хэвийн үйл ажиллагаа, Замын даргын өдөр тутмын албан үйл ажиллагааг хангах чиг үүрэг бүхий бүтэц юм. Гэтэл Захиргаа удирдлагын албанд хийж гүйцэтгэгдэж байсан чиг үүрэг бүхий бүтцийг Замын даргын ажлын алба, түүний харъяанд аж ахуйн хэлтэс болгон өөрчилсөн. Хэдийгээр нэр томъёоны өөрчлөлт оруулсан боловч өмнөх бүтцийн чиг үүрэг өнөөдрийг хүртэл бүхэлдээ хэвийн үргэлжилж байгаа.

Н.Отгончимэгийн ажиллаж байсан Бичиг хэргийн эрхлэгчийн орон тоог бүтэц зохион байгуулалт хийсэн гэх нэрийдлээр бичиг хэрэг-архивч гэсэн орон тоо баталсан гэж хариуцагч тайлбарладаг боловч хариуцагч энэхүү тайлбараа баримтаар нотлоогүй байхад шүүх шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.4 дэх хэсэгт заасантай нийцсэнгүй.

Харин нэхэмжлэгч нь Бичиг хэргийн эрхлэгчийн орон тоог бүтэц зохион байгуулалт хийсэн гэх нэрийдлээр бичиг хэрэг-архивч гэж өөрчлөгдсөн ч ажлын байрны тодорхойлолт чиг үүрэг хэвээр байгаа талаар хариуцагч няцаагаагүй, үндэслэлтэйгээр татгалзаагүй, энэ хоёр ажил албан тушаал нь өөр чиг үүрэг бүхий албан тушаал болох талаар баримтаар нотлоогүй.

Н.Отгончимэгийн ажлын байрны тодорхойлолтоор хүлээн ажиллаж байсан бүх ажилбарыг бичиг хэрэг-архивч гэсэн орон тоонд ажиллаж байгаа ажилтан мөн адил хийж гүйцэтгэдэг. Ажил албан тушаалын нэршилд архивч гэсэн томъёолол нэмэгдсэн бөгөөд Бичиг хэргийн эрхлэгчийн ажлын байрны тодорхойлолтын 13-т бичиг баримтыг архивлах, архивт хүлээлгэн өгөх болон архивын үйл ажиллагаатай холбогдсон харилцааг зохицуулсан бөгөөд Н.Отгончимэг нь архивтай холбогдсон ажлыг хийж гүйцэтгэдэг байсан.

Зөвхөн ажил, албан тушаалын нэршил өөрчлөгдсөн бөгөөд Н.Отгончимэгийг орон тоо хасагдсан гэх үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцалж, түүний оронд шинээр УБТЗ-д ажиллаж байгаагүй ажилтныг томилсон байна.

Нөгөөтэйгүүр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэлийн шаардлагаа нотлохоор хариуцагчаас одоо ажиллаж буй Бичиг хэрэг-архивчийн ажлын байрны тодорхойлолт, Хөдөлмөрийн гэрээг гаргуулах хүсэлтийг шүүхэд гаргасан боловч шүүх хэрэгт хамааралгүй гэж үзэж шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангахгүй гарахад хүргэсэн.

Нэхэмжлэгч нь томилолт, албан тасалбарын няравын ажилд түр хугацаагаар ажиллаж байгаа боловч энэ нь баталгаатай ажлын байр биш бөгөөд хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусахад маргах эрхгүйгээр гэрээ дуусгавар болно. Маргааны зүйл нь Н.Отгончимэгийн хөдөлмөрийн гэрээ цуцалсан тушаалын хуулийн болоод бодит үндэслэлийн талаар маргасан бөгөөд түр хугацаагаар ажиллуулж байгаа нь хөдөлмөрийн гэрээг үндэслэлгүй цуцалсан тушаалыг зөвтгөх үндэслэл болохгүй ба энэ хэрэгт хамааралгүй үйл баримт юм. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Шүүх талуудын хоорондын маргааныг шийдвэрлэхдээ хэргийн үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

 

Нэхэмжлэгч Н.Отгончимэг нь хариуцагч Монгол Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замд холбогдуулан Улаанбаатар төмөр замын даргын 2017 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн Б-1-265 тоот тушаалыг хүчингүй болгох, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэхээр нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Хариуцагч Монгол Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр зам нь нэхэмжлэгч Н.Отгончимэгтэй 2015 оны 06 дугаар сарын 10-ны өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулан, захиргаа удирдлагын албанд бичиг хэргийн эрхлэгчээр ажиллуулж байгаад 2017 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн Б-I-265 тоот тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасан үндэслэлээр ажлаас нь чөлөөлжээ.

 

Хариуцагч Монгол Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын даргын 2017 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн А-157 тоот зохион байгуулалтын бүтцийг боловсронгуй болгох тухай тушаалаар Захиргаа удирдлагын албыг 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс татан буулгаж, Замын даргын ажлын алба, Аж ахуйн хэлтсийг тус тус байгуулсан байна. Дээрх бүтцийн өөрчлөлтөөр Замын даргын ажлын албанд бичиг хэрэг, архивч, Аж ахуйн хэлтэст архивч гэсэн орон тоо шинээр батлагдсан байна.

 

Нэхэмжлэгч нь хариуцагчийн шинээр батлагдсан бичиг хэрэг, архивчийн ажлын байранд архивын тусгай мэргэжилтэй хүнийг томилсон гэх тайлбарыг баримтаар үгүйсгээгүй, шүүх хэрэгт авагдсан баримтын хүрээнд нэхэмжлэгчийн эрхэлж байсан бичиг хэргийн эрхлэгчийн орон тоог хасагдсан гэж дүгнэсэн нь зөв болжээ.

 

Хариуцагч нь нэхэмжлэгчид 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдөр хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай мэдэгдэж, 2017 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс Аж ахуйн хэлтсийн томилолт, албан тасалбарын няравын ажилд түр хугацаагаар ажиллуулж байгаа болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон. Тэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5 дахь хэсэгт заасан үүргээ хэрэгжүүлсэн байна.

 

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 102/ШШ2017/02661 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД Г.ДАВААДОРЖ

 

А.МӨНХЗУЛ