Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 10 сарын 11 өдөр

Дугаар 102/ШШ2017/02661

 

2017 оны 10 сарын 11 өдөр

Дугаар 102/ШШ2017/02661

 

Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Алтантуяа даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:

 

            Нэхэмжлэгч: Н.О-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч:  УБТЗН-т холбогдох Улаанбаатар төмөр замын даргын 2017 оны 06-р сарын 02-ны өдрийн Б-1-265 тоот тушаалыг хүчингүй болгох, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэхийг хүссэн хэргийг  тус тус хянан хэлэлцэв.

 

            Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Н.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энэрэл нар оролцов. 

                                                                                                   ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Н.О шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 1999 оноос УБТЗ нийгэмлэгт Замын дарга, Замын 1-р орлогч дарга, Замын ерөнхий инженерийн туслах-нарийн бичгийн дарга, гадаад харилцааны албанд орчуулагч, Захиргаа удирдлагын албанд бичиг хэргийн эрхлэгч зэрэг ажлуудыг тасралтгүй 18 жил хийсэн. Гэтэл Замын даргын 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн Улаанбаатар төмөр замын даргын А1-57 тоот “Зохион байгуулалтын бүтцийг боловсронгуй болгох тухай” тушаалаар Н.О таны ажлын байр болох Бичиг хэргийн эрхлэгчийн орон тоо хасагдсан тул Хөдөлмөрийн тухай хуулийн 40-р зүйлийн 40.1.1 дэх заалтын дагуу тантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2017 оны 06 дугаар сарын 02-ны өдөр цуцлах болсныг мэдэгдэж байна гэсэн мэдэгдэх хуудас авсан. Ингээд 2017 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн Б-1-265 тоот тушаалаар хөдөлмөрийн гэрээ цуцлагдсан. Миний дараа бичиг хэрэг-архивч гэж орон тоо гаргаад  шинэ хүн гаднаас авсан байгаа. Би 2017 оны 06 дугаар сарын 20-ний өдөр Аж ахуйн хэлтсийн даргын тушаалаар тасалбарын няравын ажилд түр ажиллаж байна. Би ажлаасаа  үндэслэлгүй халагдсан, цалин буурсан тул бичиг хэргийн эрхлэгчийн орон тоонд эргүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж өгнө үү гэв.  

 

Хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.М шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нь Улаанбаатар төмөр замын захиргаа удирдлагын албанд бичиг хэргийн эрхлэгчээр 2015 оны 06 дугаар сарын 10-ны өдрөөс хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байсан. Улаанбаатар төмөр замын даргын 2017 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн А-157 тоот “Зохион байгуулалтын бүтцийг боловсронгуй болгох тухай” тушаалын дагуу  байгууллага дээр бүтцийн өөрчлөлт хийгдсэн. Бүтцийн өөрчлөлтөөр Н.О-ийн ажиллаж байсан Захиргаа удирлагын алба татан буугдсан. 2017 оны 05 сарын 01-ний өдрөөс эхлэн Захиргаа удирдлагын алба нь  Замын даргын ажлын алба, Аж ахуйн хэлтэс гэсэн 2 хэсэг болсон. Зохион байгуулалтын өөрчлөлтөөр Н.О-ийн ажлын орон тоо болох бичиг хэргийн эрхлэгчийн орон тоо хасагдсан тул 2017 оны  05 дугаар сарын  02-ны өдөр Хөдөлмөрийн тухай хуулийн дагуу 1 сарын өмнө мэдэгдэх хуудсыг өгч, 2017 оны 06 дугаар сарын 02-ны өдөр Б-1-265 тоот тушаалаар Н.О-тэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Улаанбаатар төмөр замд Н.О нь 17 жил ажиллаж байгаа учраас бид аль болох ажлын байраар хангах үүднээс 2017 оны 06 дугаар сарын 20-ны өдөр ажлаа цаашид үргэлжлүүлэн хийх хүсэлтийг нь харгалзан Аж ахуйн хэлтсийн даргын 12 тоот тушаалаар аж ахуйн хэлтсийн томилолт, албан тасалбарын нярав н.Н-г 6 сар чөлөөтэй байх хугацаанд нь түр томилон ажиллуулж байна. Цаашид үргэлжлүүлэн ажиллуулах боломжтой. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул бүхэлд нь хэрэгсэхгүй  болгож өгнө үү гэв.

 

            Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад

 

                                                                                                         ҮНДЭСЛЭХ нь:

 

            Нэхэмжлэгч Н.О нь  УБТЗН-т холбогдох Улаанбаатар төмөр замын даргын 2017 оны 06-р сарын 02-ны өдрийн Б-1-265 тоот тушаалыг хүчингүй болгох, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэхийг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй гэж дүгнэлээ. 

 

            Н.О нь 2015 оны 6 дугаар сарын 10-ны өдрөөс Захиргаа удирлагын албаны Бичиг хэргийн эрхлэгчээр ажиллаж байгаад Улаанбаатар төмөр замын даргын 2017 оны 6-р сарын 02-ны өдрийн Б-1-265 тоот тушаалаар түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалжээ. /хх 3-6, 20/

 

            Улаанбаатар төмөр зам нийгэмлэгийн даргын 2017 оны 4-р сарын 28-ны өдрийн А-157 тоот “Зохион байгуулалтын бүтцийг боловсронгуй болгох тухай” тушаалаар Захиргаа удирдлагын албыг 2017 оны 5-р сарын 01-ний өдрөөс татан буулгаж, Замын даргын ажлын алба, Аж ахуйн хэлтсийг байгуулсан /хх 23-32/ байх ба Захиргаа удирдлагын албыг татан буулгасан бүтцийн өөрчлөлтийн талаар нэхэмжлэгч маргаагүй байна. 

 

            Тухайн албыг татан буулгаж шинээр алба, хэлтсийг байгуулснаар Н.О-ийн эрхэлж байсан бичиг хэргийн эрхлэгчийн орон тоо хасагдсан,  үүнтэй холбоотойгоор түүнтэй байгуулсан хөдөлмөрийн цуцлах тухайгаа ажил олгогч нь ажилтанд нэг сарын өмнө буюу 2017 оны 5-р сарын 1-нд мэдэгдсэн, улмаар 6-р сарын 2-нд ажлаа хүлээлгэн өгч хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгосон нь зохигчийн тайлбар, мэдэгдэл, тушаал зэрэг баримтуудаар /хх 3, 12/ тогтоогдсон байна. 

 

            Харин Замын даргын ажлын албанд Бичиг хэрэг-архивч гэсэн орон тоо батлагдсан нь нэхэмжлэгчийн эрхэлж байсан Бичиг хэргийн эрхлэгчийн ажил гэж үзэх үндэслэлгүй.

            Нөгөө талаар, Захирагчийн ажлын алба татан буугдсан, бичиг хэргийн эрхлэгчийн орон тоо хасагдсан байхад түүнийг урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоох боломжгүй, нэхэмжлэгч ажилгүй байсан хугацааны олговорын үнийн дүнг тодорхойлоогүй, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх  зэрэг нэхэмжлэлийн шаардлага бүхэлдээ үндэслэлгүй гэж дүгнэлээ.

 

            Түүнчлэн ажил олгогч Н.О-ийг 2017 оны 06-р сарын 20-ны өдрөөс Аж ахуйн хэлтсийн томилолт, албан тасалбарын няравын ажилд түр хугацаагаар ажиллуулж байгаа нь /хх 33-34/ Хөдөлмөрийн тухай хуулийн 36-р зүйлд заасан “ажилтны урьд эрхэлж байсан ажлын байр, албан тушаал нь цомхотгогдсон бол ажил олгогч ажилтантай тохиролцсоны үндсэн дээр адил чанарын өөр ажил, албан тушаалд ажиллуулах үүрэгтэй” гэснийг зөрчөөгүй гэж үзнэ.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115-р зүйлийн 115.2.3 дахь хэсэг,  116, 118-р зүйл, 160-р зүйлийн 160.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

                                                                                                              ТОГТООХ нь:

 

            1. Хөдөлмөрийн тухай хуулийн 69-р зүйлийн 69.1 дэх хэсэг, 128-р зүйлийн 128.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан  УБТЗН-т холбогдох Захирагчийн ажлын албаны Бичиг хэргийн эрхлэгчийн ажилд эгүүлэн толгоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэхийг хүссэн Н.О-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай. 

 

            2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41-р зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурьдсугай.

 

3. Шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

                       

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Р.АЛТАНТУЯА