Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 04 сарын 30 өдөр

Дугаар 212/МА2020/00036

 

Т.Згийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч С.Өмирбек даргалж, шүүгч Н.Туяа, Д.Көбеш нарын бүрэлдэхүүнтэй хийж,

Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн 130/ШШ2020/00240 дугаар шийдвэртэй, Өлгий сумын 11 дүгээр багт оршин суух Х овогт Т-н Згийн нэхэмжлэлтэй, Ө сумын ... дугаар цэцэрлэгт холбогдох иргэний хэргийг нэхэмжлэгч болон хариуцагчийн өмгөөлөгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн 2020 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Көбешийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Е, хариуцагч С.Ж, хариуцагчийн өмгөөлөгч А.С нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэлийн шаардлага: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 13 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн А/30 дугаартай Сахилгын шийтгэл оногдуулах тухай, 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн А/03 дугаартай Сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалуудыг хүчингүй болгуулах тухай.

 

Нэхэмжлэлд: Миний бие тус цэцэрлэгт 2016 оноос эхлэн үндсэн багшийн ажилд томилогдон ажиллаж байгаа бөгөөд ажиллах хугацаандаа сахилгын болон ажлын ямар нэгэн дутагдал гаргаж байгаагүй. Эрхлэгч надад ажлын байранд маш их дарамт үзүүлдэг. Би тэр өдөр Алтан намар өдөрлөг давтуулж, туслах багш Б.М бид хоёр ангидаа байсан. Бид бүжиг зааж байсан ба бүжиг бүжиглэдэг Амина гэдэг охин бүжиглэхгүй, өвдөж, халуураад байсан. Ангид жаахан суулгаад өдрийн цайны цагт хоол идэхгүй байхаар нь гэр лүү нь холбогдож ээжийг нь дуудсан. Ээж нь ирж, хүүхдээ хараад та нар дандаа хайрсан, хуурсан хоол өгдөг тэгэхээр ходоод нь өвдөхгүй яах вэ гэхэд би эрхлэгч тогооч нарт очиж хэлээрэй гэсэн. Хүүхдээ аваад эрхлэгч, тогооч нарт очиж хэлсэн чинь Т.З багш чамайг албаар дуудсан гэж нягтлан, нярав, тогооч, эрхлэгч нар коридорт нөгөө эцэг эхийг загнаж байсан. Би ангийнхаа 32 хүүхдийг унтуулах гээд зовж, ядарч байхад эрхлэгч орж ирээд учир утгагүй загнаж, бичлэг хийгээд байсан. Та намайг коридорт дуудаад асуугаач, би юу болсныг хэлнэ гэхэд чам шиг юмнуудыг өрөөнд оруулахгүй гээд загнахаар би гомдоод цагдаа дуудсан. Байгууллагад цагдаа ирсний дараа гомдол гаргахаар цагдаатай хамт явсан. Тэгэхэд эрхлэгч тэр доороо байгууллагын хурал хийгээд арга хэмжээ авсан. Би хуралд ороогүй учир шалтгаанаа надад мэдэгдэлгүйгээр эрх мэдэл, албан тушаалаа ашиглаж, манай ажилчдын 50 хувь нь төрөл садан болохоор дураараа дургиж, надад амар заяа үзүүлэхгүй, урамшуулал өгөхгүйн тулд ийм арга хэмжээ авч байгаа. Удаа дараа урамшуулал өгөхгүй байхаар аймгийн Боловсрол, соёл урлагийн газрын даргад мэдэгдсэн. Тэд С.Жийг дуудаж хэлсэн боловч, тэднийг авч хэлэлцээгүй. Иймд тус цэцэрлэгийн эрхлэгчийн 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн А/30 тоот тушаалыг хүчингүй болгож, гомдлыг шийдвэрлэж өгнө үү. гэжээ.

Нэхэмжлэлийн ихэсгэсэн шаардлагад: Эрхлэгч С.Ж 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр бүлэгт орж ирээд 1 дүгээр сарын конспектээ гаргаж ир гэхээр нь миний жилийн ажлыг минь дүгнээд өгөөрэй, 1 дүгээр сарын конспектыг Б.Рд батлуулж байна гэж хэлсэн. Бүлгийн хүүхдүүд жигд ирэхгүй байсан. Тэр өдөр 3 хүүхэд ирсэн байсан. Эрхлэгч С.Ж намайг загнаад яваад өгсөн. Маргааш байгууллагын хурал хийгээд хурлыг удирдаж, эгч Ж.Бээр хурлын протоколыг хөтлүүлж надад дахиад сахилгын шийтгэл авахаар зохион байгуулалт хийсэн байна. Иймд би өгсөн албан даалгаврыг 12 дугаар сарын 24-ний өдөр шалгуулах гээд конторт очсон боловч эрхлэгч өөрөө байхгүй байсан. Миний ар гэрээс хоёр дүү маань ирж уулзах гэсэн боловч эрхлэгч С.Ж төрсөн өдрөө тэмдэглэнэ гээд яваад өгсөн учир нягтлан бодогч Х.Г, арга зүйч Б.Р нартай уулзаж учир шалтгаанаа хэлж байсан. Тийм учраас би огт ажлаа шалгуулаагүй гээд хурал дээр хэлж хурлын протоколд тусгасан байна. Миний туслах багш Б.М хуралд Т.З багш ажлаа шалгуулах гээд хавтаст хэргээ ширээнд тавьж, хэчнээн их хүлээсэн, та өөрөө ирж шалгаагүй гэхэд чи амаа татаад дуугүй бай гэж загнасан. Дараа нь багш С.С, тогооч Сын, галч Б, манаач П.Е, туслах багш Х.А нар бүгдээрээ хамт олон Т.З багшаас дахин дахин яах гэж сахилгын шийтгэл авах гээд байгаа юм бэ, ажлаа хийж ангиа тохижуулсан байгаа биз дээ, одоо больё, бид сахилгын шийтгэл авахуулахгүй гэхэд С.Ж эрхлэгч тэр эрхлэгчийн хүрээний асуудал гэж орилж, намайг загнаж чи гар, зайл, би чамайг ажиллуулахгүй гаргана гэж айлган сүрдүүлж, олны өмнө миний эрх ашгийг ноцтой зөрчиж, сэтгэл санааны дарамт үзүүлж байсан. Би өөрийн ажлыг шалгуулахаар холбогдох байгууллагуудад хандаж, өргөдөл, гомдлоо гаргаж байна. Иймд тус цэцэрлэгийн эрхлэгчийн 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн А/03 тоот тушаалыг хүчингүй болгож өгнө үү. гэжээ.

 

Хариуцагчийн тайлбарт: Т.З багшийн хувьд тус цэцэрлэгт 4 дэх жилдээ үндсэн багшаар ажиллаж байгаа боловсон хүчин. Миний бие 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр ажлын газарт буюу албаны өрөөндөө сууж байхад Т.З багшийн хариуцсан анги бүлгээс хүний орилж хашхирсан, зандарсан, бархирсан зэрэг хэрүүлийн чанга дуу чимээ гарсан. Тус бүлэгт очиход Т.З багш нэг хүүхдийн эцэг эхийг дуудаж ирүүлсэн, мөн дэргэд нь нягтлан бодогч, тогооч, багш, туслах багш зэрэг хүмүүс байсан ба тэрээр хүүхдүүд болон ажилтнуудын дэргэд тус цэцэрлэгийн гамбирыг муулж, үүнээс болж хүүхэд өвдсөн мэтээр ярьж, хамаг муу муухай хараалын үгсийг урсгаж зандарч байсан. Ангид байсан хүүхдүүд айж, цочирдсон, зарим нь хоёр гарынхаа алгаараа чихээ дарчихсан байдалтай байсан. Миний бие хүүхдийн эцэг, эхэд хандаж чухам яг гамбираас болж хүүхдийн бие муудсан эсэх нь тодорхойгүй байна, тайван байгаарай, Т.З багшийн хий хоосон хэлсэн үгэнд шууд итгэж дүгнэлт хийж болохгүй, учир нь бусад хүүхдүүд өвдөөгүй, тийм учраас уг асуудлыг мэргэжлийн байгууллагаар шалгуулъя гэж хэлээд тайтгаруулж байхад Т.З багш асуудлыг улам лавшруулж цагдаа дуудсан байсан. Цагдаагийн ажилтан намайг болон багш Т.З, бусад ажилтнуудыг Цагдаагийн газарт авч яваад тайлбар авсан. Т.З багшаас бусад ажилчид бүгд болсон явдлыг яг бодит байдлаар, үнэн зөвөөр хэлсэн. Уг гамбираас болж хүүхдийн бие өвдсөн зүйл тогтоогдоогүй. Т.З багшийн буруу гэдгийг цагдаагийн ажилтан ойлгож мэдсэнээр түүний гомдлыг хүлээн авахаас татгалзаж, надад багшийн ёс зүйн асуудлаа дотооддоо шийдвэрлээрэй гэж хэлсэн. Цэцэрлэгийн ажилчид буюу хамт олны зүгээс уг асуудлыг зүгээр орхиж болохгүй, Т.З багш урьд өмнө дандаа ийм худал хуурмаг асуудал гаргаж байсан, ер нь дандаа хамт олны дунд яс хаядаг, элдэв хов жив ярьдаг, хүүхдүүдийн дэргэд хараалын үг хэлж ёс зүйгүй зан авир гаргадаг, түүнчлэн багшийн ур чадварт нь эргэлзэж байна, хүүхдүүдийн эцэг эхчүүд буруугаар ойлгоод байна, байгууллагын нэр хүндийг гутааж байна, хариуцлага тооцох ёстой гэсэн шаардлага тавьсан. Тийм учраас 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр хамт олны хурал хийж, уг хурлаар Т.З багшийн зөрчлийг тогтоож, улмаар Хөдөлмөрийн тухай хууль, хөдөлмөрийн дотоод журам, хөдөлмөрийн гэрээнд тус тус заасны дагуу түүний гаргасан зөрчилд тохируулж сахилгын сануулах шийтгэл оногдуулахаар шийдвэрлэсэн. Өөрөөр хэлбэл багш Т.Згийн ёс зүйн зөрчил гаргасан нь тогтоогдсон тул Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.1 дэх хэсэг, Хөдөлмөрийн гэрээний 3.2.1, 5.1, 5.3, Цэцэрлэгийн дотоод журмын 11.2.9, 11.2.10, 14, 14.7, 14.11, 15, 15.1.2, 15.1.9, 15.1.10, 15.1.11-д тус тус заасны дагуу сахилгын сануулах шийтгэл ногдуулсан болно. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.

Нэхэмжлэлийн ихэсгэсэн шаардлагад өгсөн хариу тайлбарт: Нэхэмжлэгч Т.З нь 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр гамбираас болж хүүхэд өвдлөө гэсэн асуудал гаргасан. Тус цэцэрлэгийн удирдлагын зүгээс уг асуудлыг тогтоолгохын тулд аймгийн Мэргэжлийн хяналтын газарт хандаж хүсэлт гаргасан. Аймгийн Боловсрол, соёл урлагийн газар болон аймгийн Мэргэжлийн хяналтын газрын хяналт шалгалтаар гамбираас болж хүүхэд өвдсөн нь тогтоогдоогүй, харин багш Т.Згийн ажлаас маш олон ноцтой зөрчил дутагдал илэрсэн. Уг хяналт шалгалтын дараа тус цэцэрлэгийн удирдлагын зүгээс хамт олны хурал хийж, Т.З багшид зөрчил арилгуулах тухай хугацаатай үүрэг даалгавар өгсөн. Ингэхдээ нэхэмжлэгч Т.Згийн нэхэмжлэлийн үндэслэлд дурдсан шиг зөвхөн ажилтан Ж.Б бид хоёр хуралдсан асуудал байхгүй. Өөрөөр хэлбэл тус байгууллагын ажилчид хамт олноороо хуралдаж зохих шийдвэр гаргасан. Дараа нь 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр хамт олны хурал хийж, уг хурлаар эрхлэгчийн 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 24 дугаар бүхий хугацаатай үүрэг даалгаврын биелэлт зэрэг 5-6 асуудлыг хэлэлцсэн. Тухайн хуралд багш Т.З өөрийн биеэр оролцсон ба эрхлэгчийн 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 24 дугаар бүхий хугацаатай үүрэг даалгаврын биелэлтийн талаар юм хэлээгүй, харин хурал үймүүлж хэрүүл хийсэн. Иймээс тус цэцэрлэгийн эрхлэгчийн 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн А/03 дугаар тушаалаар багш Т.Зд сахилгын сануулах шийтгэл ногдуулсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн 130/ШШ2020/00240 дүгээр шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.7-д заасныг баримтлан Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 13 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн А/30 дугаартай Сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч Т.Згийн Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 13 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн А/03 дугаартай Сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын агуулга: Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 1.3 дахь хэсэгт зааснаар сахилгын шийтгэл нь нэг хэлбэрийн зөрчилд давхардуулан оногдуулахыг хориглоно гэж заасан байхад анхан шатны шүүх 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн А/03 дугаартай Сахилгын шийтгэл оногдуулах тухай цэцэрлэгийн эрхлэгчийн тушаалыг хэвээр нь үлдээсэн. Гомдол гаргагч Т.З надад оногдуулсан 2019 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн А/03 дугаартай болон 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн А/03 дугаартай сахилгын шийтгэлүүд нь нэг хэлбэрийн зөрчил юм. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийн Сахилгын шийтгэл оногдуулах тухай тушаалыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон хэсгийг хүчингүй болгож өгнө үү. гэжээ.

 

Хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг эс зөвшөөрч анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хэрэгт цугларсан нотлох баримтад зөв дүгнэлт хийгээгүй, ингэснээр шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй болж чадаагүй гэсэн үндэслэлээр дараах давж заалдах гомдлыг гаргаж байна.

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нэхэмжлэгч Т.З нь 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр ажлын газарт Алтан намар өглөөлгийн давтлагын үеэр тэнд байсан хүүхдүүдээс зөвхөн Амина гэсэн хүүхдийг бүжиглэхгүй байгаа шалтгааныг тус цэцэрлэгийн хоол буюу гамбир /шелпек/-аас болсон хэмээн далимдуулан тэнд байсан хүүхдүүд болон тухайн байгууллагын ажилчдын дэргэд хашхирч тус цэцэрлэгийн хоол гамбир /шелпек/-ыг муулсан, уг хоолноос болж хүүхэд өвдсөн мэтээр худал зүйл ярьж үймүүлсэн, бусад ажилчидтай хэрүүл хийсэн, хараалын үг хэлж хэл амаар доромжилсон, зандарсан, хүүхдийг хараа хяналтгүй орхиж явсан зэрэг зүй бус үйлдэл гаргасан байна. Ажил олгогчоос уг асуудлыг тухайн өдрийн хамт олны хурлаар авч хэлэлцэж, Т.З багшийг байгууллагын хөдөлмөрийн дотоод журам болон хөдөлмөрийн гэрээнд заасан сахилгын зөрчлийг гаргасан гэж үзэж, Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.1 дэх хэсэг, Хөдөлмөрийн гэрээний 3.2.1, 5.1, 5.3, Цэцэрлэгийн дотоод журмын 11.2.4, 11.2.9, 11.2.10, 14, 14.7, 14.11, 15, 15.1.2, 15.1.9, 15.1.10, 15.1.11-д тус тус заасны дагуу Т.Згийн гаргасан зөрчилд тохируулж сахилгын сануулах шийтгэл оногдуулахаар шийдвэрлэсэн байдаг. Гэтэл анхан шатны шүүхээс тус хэргийг хянан шийдвэрлэхдээ хэт нэг талыг барьж, хэрэгт авагдсан Өлгий сумын 13 дугаар хүүхдийн цэцэрлэгийн 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн хурлын тэмдэглэл, Хөдөлмөрийн гэрээ, аймгийн Нэгдсэн эмнэлэг болон Мэргэжлийн хяналтын газрын албан бичгүүд, Цэцэрлэгийн дотоод журам, албан тушаалын тодорхойлолт зэрэг нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй төдийгүй нэхэмжлэгч Т.Згийн гаргасан зөрчлийг зөвтгөсөн агуулгатай дүгнэлт хийсэн байна. Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хуульд заасан журмын дагуу явуулаагүй, хэрэгт цугларсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар үнэлээгүй, холбогдох хуулийг буруу тайлбарлан хэрэглэж үндсэн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Т.З нь Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 13 дугаар цэцэрлэгт холбогдуулан тус цэцэрлэгийн эрхлэгчийн 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн А/30 дугаар Сахилгын шийтгэл ногдуулах тухай, 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн А/03 дугаар Сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалуудыг хүчингүй болгуулах тухай гомдол гаргажээ.

 

1. Ажил олгогчийн 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн А/30 дугаар тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.1, байгууллагын дотоод журмын 11 дүгээр хэсгийн 11.2.4, 11.2.9, 11.2.10, 14 дүгээр хэсгийн 14.11, 15 дугаар хэсгийн 15.1.9, Сургуулийн өмнөх боловсролын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.1 дэх заалтуудыг үндэслэн ажилтанд хөдөлмөрийн сахилгын сануулах шийтгэл ногдуулсан байна.

 

Ажилтан Т.З нь дээрх тушаалыг 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, түүнийг эс зөвшөөрч 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр шүүхэд гомдол гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт нийцсэн ба шаардлагын үндэслэлээ надад урамшуулал олгохгүйн тулд эрх мэдэл, албан тушаалаа ашиглаж арга хэмжээ авсан тул хүлээн зөвшөөрөхгүй, удаа дараа урамшуулал олгохгүй байхаар нь Боловсролын газарт хүртэл мэдэгдэж байсан гэж тайлбарлаж, талууд мэтгэлцжээ.

 

Ажил олгогчийн ажилтанд сахилгын шийтгэл ногдуулсан үндэслэлийг хэрэгт цугларсан нотлох баримтуудын хүрээнд судлан үзвэл, ажилтанд сахилгын шийтгэл ногдуулсан тус байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын 11.2.4-т ажилтан бүр хүүхдийн байгууллагын нэр төрийг эрхэмлэн ёс зүйн зөрчил дутагдалгүй ажиллах, 11.2.9-т багш ажилтан бүр үйлчилгээний соёлыг баримтлан эцэг эх хүүхдүүдтэй зөв боловсон эелдэг харьцах, хандах тэдний дэргэд ёс зүйн зөрчил гаргахгүй ажиллах, 11.2.10-т Багш ажиллагсад өөр хоорондоо этгээд бүдүүлэг үг хэрэглэхгүй зүй бусаар харьцахгүй, бие биедээ зарчимч шаардлага тавин хүлээн авч биелүүлж ажиллах, 14.11-т Хүүхдийн дэргэд ёс зүйн үүргээ умартан ноцтой хэрүүл маргаан дэгдээсэн, бусдын нэр хүндийг үндэслэлгүйгээр гутаан доромжилсон, хов зөөх, худал хэлэх, хууран мэхлэх, хэрэлдэх, цуурхал тараах, удирдлагын эсрэг гүтгэлэг явуулах, 15.1.9-т Хүүхдийн дэргэд ёс зүй болон харилцааны алдаа гаргаж үлгэрлэлгүй байдал гаргасан гэх үндэслэл тогтоогдохгүй байх бөгөөд энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй болжээ.

 

2. Ажил олгогчийн 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн А/03 дугаартай тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.1, Мэргэжлийн хяналтын газрын 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 66 дугаартай шалгалт хийсэн тухай тэмдэглэл, 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн № 01/588 дугаар албан бичиг, 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 24 дугаар албан даалгавар, 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хамт олны хурлын тэмдэглэл, Сургуулийн өмнөх боловсролын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.1 дэх заалтуудыг үндэслэн ажилтанд хөдөлмөрийн сахилгын сануулах шийтгэл ногдуулсан байна.

 

Ажилтан Т.З нь дээрх тушаалыг эс зөвшөөрч, урьд шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр ихэсгэж, үндэслэлээ надад өгсөн албан даалгаврыг 12 дугаар сарын 24-ний өдөр шалгуулах гээд конторт очсон боловч эрхлэгч өөрөө төрсөн өдрөө тэмдэглэнэ гээд яваад өгсөн. Чамайг ажиллуулахгүй гаргахдаа л гаргана гэж айлган сүрдүүлж дарамталж сар дараалан сахилгын шийтгэл оногдуулсан гэж тайлбарлаж, хариуцагч Т.З нь хариуцсан ажилдаа удаа дараа хайнга хандаж, албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүрэг, хөдөлмөрийн гэрээ, байгууллагын дотоод журмаар хүлээсэн үүргээ хангалтгүй гүйцэтгэсэн, өгсөн даалгаврын биелэлтийг хугацаанд нь биелүүлж өгөөгүй, өгөхөөс зайлсхийж, эсэргүүцдэг учраас сахилгын шийтгэл ногдуулсан гэж талууд мэтгэлцжээ.

 

Ажил олгогчийн ажилтанд сахилгын шийтгэл ногдуулсан үндэслэлийг хэрэгт цугларсан нотлох баримтуудын хүрээнд судлан үзвэл, хэргийн 64 дүгээр талд Өлгий сумын 13 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн Өлгий сумын хүүхдийн 13 дугаар цэцэрлэгийн багш Т.Зд албан даалгавар өгөх тухай албан бичиг авагдсан бөгөөд уг албан бичигт Мэргэжлийн хяналтын газрын 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 01/588 дугаартай албан бичгийн дагуу илэрсэн журнал хөтлөлт хангалтгүй, хүүхдийн ирцийг дутуу хөтөлдөг, сургалтын хөтөлбөр, жилийн үйл ажиллагааны төлөвлөгөөг батлуулаагүй, сар бүрийн үйл ажиллагааны төлөвлөгөөгүй, 10,11 сарын хүүхдийн чөлөөт ажиглалтын тэмдэглэлгүй, чадамжийн үнэлгээний хүүхэд бүрийн дүгнэлтгүй, ээлжит хичээлийн бэлтгэл хангалтгүй, удирдах, удирдуулах зарчим алдагдсан гэх мэт зөрчлүүдийг арилгаж, үүрэг даалгаврын биелэлтийг 2019 оны 12 дугаар сарын 25-ны дотор биелүүлэхийг мэдэгдсэн байна. Уг албан даалгаврыг 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн хурлын үед тайлбарлан өгч биелэлтийг 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдөр өгөхийг шаардсан үйл баримт хэргийн 51 дэх талд авагдсан Боловсролын хяналтын улсын ахлах байцаагчийн шалгалт хийсэн тухай тэмдэглэл, хэргийн 63 дахь талд авагдсан Мэргэжлийн хяналтын газрын 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 01/588 дугаартай Хариу хүргүүлэх тухай албан бичиг, хэргийн 65-69 дэх талд авагдсан Өлгий сумын 13 дугаар цэцэрлэгийн албан хаагчдын хурлын тэмдэглэл зэрэг бичгийн баримт болон талуудын тайлбараар тогтоогджээ.

Мөн ажил олгогч болон ажилтан Т.З нарын хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээний гуравдугаар зүйлд ажилтны эрх үүргийг тодорхойлсон бөгөөд уг гэрээний 3.2.11-т ажилтан нь ажил үүрэгтэй нь холбогдуулан удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг цаг хугацаанд биелүүлэх, тайлагнах үүрэгтэй гэж харилцан тохиролцсон, мөн Хөдөлмөрийн дотоод журмын 11 дүгээр зүйлд ажилтны эрх, ажиллах журмыг зохицуулсан бөгөөд уг журмын 11.2.2-т Ажил үйлчилгээний технологийн горимыг чанд сахин биелүүлж, ажил олгогчоос өгсөн үүрэг даалгаврыг хугацаанд нь чанартай гүйцэтгэх гэж зохицуулжээ. Иймд ажил олгогчийн зүгээс ажилтан Т.Зд сахилгын шийтгэл оногдуулсныг буруутгах үндэслэлгүй, харин ажилтан Т.З нь удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлж, зөрчлийг арилгах үүргээ биелүүлээгүй учраас ажил олгогч сахилгын шийтгэл оногдуулсан нь үндэслэлтэй байна. Энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт нотлох баримтад үндэслэгджээ.

Дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 1.3 дахь хэсэгт сахилгын шийтгэлийг нэг хэлбэрийн зөрчилд давхардуулан оногдуулахыг хориглоно гэж заасан байхад ажил олгогч нэг зөрчилд 2 дахин сахилгын шийтгэл ногдуулсан гэсэн агуулгатай давж заалдах гомдлыг, хариуцагчийн өмгөөлөгчийн анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулаагүй, хэрэгт цугларсан нотлох баримтыг хуульд зааснаар үнэлээгүй гэх давж заалдах гомдлыг тус тус хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

 

Хуульд зааснаар нэхэмжлэгч болон хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдол улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгож ТОГТООХ нь:

 

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн 130/ШШ2020/00240 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч болон хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг тус тус хангахгүй орхисугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол, мөн хуулийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдол тус тус тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ӨМИРБЕК

 

ШҮҮГЧИД Н.ТУЯА

 

Д.КӨБЕШ