Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 06 сарын 02 өдөр

Дугаар 001/ХТ2021/00604

 

  Т.Зояагийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

  

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч П.Золзаяа даргалж, шүүгч Г.Банзрагч, Х.Сонинбаяр, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 130/ШШ2020/00240 дүгээр шийдвэр,

 Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 212/МА2020/00036 дугаар магадлалтай,

 Т.Зояагийн нэхэмжлэлтэй,

Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 13 дугаар цэцэрлэгт холбогдох,

2019.11.07-ны өдрийн А/30, 2020.01.10-ны өдрийн А/03 дугаартай тушаалуудыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн өмгөөлөгч А.Серикжаны хяналтын журмаар гаргасан гомдлоор

шүүгч Х.Эрдэнэсувд илтгэснээр хянан хэлэлцэв.

 Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Билгүүн оролцов.

Нэхэмжлэгч Т.Зояа шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие тус цэцэрлэгт 2016 оноос эхлэн үндсэн багшийн ажилд томилогдон ажиллаж байгаа бөгөөд ажиллах хугацаандаа сахилгын болон ажлын ямар нэгэн дутагдал гаргаж байгаагүй. Эрхлэгч надад ажлын байранд маш их дарамт үзүүлдэг. ...тус өдөр манай цэцэрлэгийн Амина охин өвдөж халуураад байхаар нь ээжийг нь дуудсан, ээж нь ирээд хүүхдээ хараад ...та нар дандаа хайрсан, хуурсан хоол өгөөд хүүхдийн ходоод өвдсөн байна гэж загнасан. ...эрхлэгч ирээд намайг дуудаж загнахаар нь би цагдаа дуудсан. Намайг цагдаагийн байгууллагад гомдол гаргахаар явсны дараа эрхлэгч хурал зарлаж, намайг оролцуулахгүйгээр хуралдаж, надад арга хэмжээ авсан байсан. манай ажилчдын 50 хувь нь төрөл садан болохоор дураараа дургиж, надад амар заяа үзүүлэхгүй, ...удаа дараа урамшуулал өгөхгүй байхаар аймгийн Боловсрол, соёл урлагийн газрын даргад мэдэгдсэн. Тэд С.Жанаргүлийг дуудаж хэлсэн боловч, тэднийг авч хэлэлцээгүй. Иймд тус цэцэрлэгийн эрхлэгчийн 2019.11.07-ны өдрийн А/30 тоот тушаалыг хүчингүй болгож, гомдлыг шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 Хэрэг шүүхэд дээр шалгагдах явцад эхлэгч С.Жанаргүл 2020.01.09-ний өдөр бүлэгт орж ирээд 1 дүгээр сарын конспектээ гаргаж ир гэхээр нь миний жилийн ажлыг минь дүгнээд өгөөрэй, 1 дүгээр сарын конспектыг Б.Ризагүлд батлуулж байна гэж хэлсэн. Бүлгийн хүүхдүүд жигд ирэхгүй байсан. Тэр өдөр 3 хүүхэд ирсэн байсан. Эрхлэгч С.Жанаргүл намайг загнаад яваад өгсөн. Маргааш байгууллагын хурал хийгээд хурлыг удирдаж, эгч Ж.Бахытгүлээр хурлын протоколыг хөтлүүлж надад дахиад сахилгын шийтгэл авахаар зохион байгуулалт хийсэн байна. Иймд би өгсөн албан даалгаврыг 12 сарын 24-ний өдөр шалгуулах гээд конторт очсон боловч эрхлэгч өөрөө байхгүй байсан. Миний ар гэрээс хоёр дүү маань ирж уулзах гэсэн боловч эрхлэгч С.Жанаргүл төрсөн өдрөө тэмдэглэнэ гээд яваад өгсөн учир нягтлан бодогч Х.Гүлжан, арга зүйч Б.Ризагүл нартай уулзаж учир шалтгаанаа хэлж байсан. Тийм учраас би огт ажлаа шалгуулаагүй гээд хурал дээр хэлж хурлын протоколд тусгасан байна. Миний туслах багш Б.Мереке хуралд Т.Зояа багш ажлаа шалгуулах гээд хавтаст хэргээ ширээнд тавьж, хэчнээн их хүлээсэн, та өөрөө ирж шалгаагүй гэхэд чи амаа татаад дуугүй бай гэж загнасан. Дараа нь багш С.Сетерхан, тогооч Сепбосын, галч Баяр, манаач П.Ермурат, туслах багш Х.Айнагүл нар бүгдээрээ хамт олон Т.Зояа багшаас дахин дахин яах гэж сахилгын шийтгэл авах гээд байгаа юм бэ, ажлаа хийж ангиа тохижуулсан байгаа биз дээ, одоо больё, бид сахилгын шийтгэл авахуулахгүй гэхэд С.Жанаргүл эрхлэгч тэр эрхлэгчийн хүрээний асуудал гэж орилж, намайг загнаж чи гар, зайл, би чамайг ажиллуулахгүй гаргана гэж айлган сүрдүүлж, олны өмнө миний эрх ашгийг ноцтой зөрчиж, сэтгэл санааны дарамт үзүүлж байсан. Би өөрийн ажлыг шалгуулахаар холбогдох байгууллагуудад хандаж, өргөдөл, гомдлоо гаргаж байна. Иймд тус цэцэрлэгийн эрхлэгчийн 2020.01.10-ны өдрийн А/03 тоот тушаалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 Хариуцагчийн төлөөлөгч С.Жанаргүл шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Т.Зояа багшийн хувьд тус цэцэрлэгт 4 дэх жилдээ үндсэн багшаар ажиллаж байгаа боловсон хүчин. Миний бие 2019.11.07-ны өдөр ажлын газарт буюу албаны өрөөндөө сууж байхад Т.Зояа багшийн хариуцсан анги бүлгээс хүний орилж хашхирсан, зандарсан, бархирсан зэрэг хэрүүлийн чанга дуу чимээ гарсан. Тус бүлэгт очиход Т.Зояа багш нэг хүүхдийн эцэг эхийг дуудаж ирүүлсэн, мөн дэргэд нь нягтлан бодогч, тогооч, багш, туслах багш зэрэг хүмүүс байсан ба тэрээр хүүхдүүд болон ажилтнуудын дэргэд тус цэцэрлэгийн гамбирыг муулж, үүнээс болж хүүхэд өвдсөн мэтээр ярьж, хамаг муу муухай хараалын үгсийг урсгаж зандарч байсан. Ангид байсан хүүхдүүд айж, цочирдсон, зарим нь хоёр гарынхаа алгаараа чихээ дарчихсан байдалтай байсан. Миний бие хүүхдийн эцэг, эхэд хандаж чухам яг гамбираас болж хүүхдийн бие муудсан эсэх нь тодорхойгүй байна, тайван байгаарай, Т.Зояа багшийн хий хоосон хэлсэн үгэнд шууд итгэж дүгнэлт хийж болохгүй, учир нь бусад хүүхдүүд өвдөөгүй, тийм учраас уг асуудлыг мэргэжлийн байгууллагаар шалгуулъя гэж хэлээд тайтгаруулж байхад Т.Зояа багш асуудлыг улам лавшруулж цагдаа дуудсан байсан. Цагдаагийн ажилтан намайг болон багш Т.Зояа, бусад ажилтнуудыг Цагдаагийн газарт авч яваад тайлбар авсан. Т.Зояа багшаас бусад ажилчид бүгд болсон явдлыг яг бодит байдлаар, үнэн зөвөөр хэлсэн. Уг гамбираас болж хүүхдийн бие өвдсөн зүйл тогтоогдоогүй. Т.Зояа багшийн буруу гэдгийг цагдаагийн ажилтан ойлгож мэдсэнээр түүний гомдлыг хүлээн авахаас татгалзаж, надад багшийн ёс зүйн асуудлаа дотооддоо шийдвэрлээрэй гэж хэлсэн. Цэцэрлэгийн ажилчид буюу хамт олны зүгээс уг асуудлыг зүгээр орхиж болохгүй, Т.Зояа багш урьд өмнө дандаа ийм худал хуурмаг асуудал гаргаж байсан, ер нь дандаа хамт олны дунд яс хаядаг, элдэв хов жив ярьдаг, хүүхдүүдийн дэргэд хараалын үг хэлж ёс зүйгүй зан авир гаргадаг, түүнчлэн багшийн ур чадварт нь эргэлзэж байна, хүүхдүүдийн эцэг эхчүүд буруугаар ойлгоод байна, байгууллагын нэр хүндийг гутааж байна, хариуцлага тооцох ёстой гэсэн шаардлага тавьсан. Тийм учраас 2019.11.07-ны өдөр хамт олны хурал хийж, уг хурлаар Т.Зояа багшийн зөрчлийг тогтоож, улмаар Хөдөлмөрийн тухай хууль, хөдөлмөрийн дотоод журам, хөдөлмөрийн гэрээнд тус тус заасны дагуу түүний гаргасан зөрчилд тохируулж сахилгын сануулах шийтгэл оногдуулахаар шийдвэрлэсэн. Өөрөөр хэлбэл багш Т.Зояагийн ёс зүйн зөрчил гаргасан нь тогтоогдсон тул Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.1 дэх хэсэг, Хөдөлмөрийн гэрээний 3.2.1, 5.1, 5.3, Цэцэрлэгийн дотоод журмын 11.2.9, 11.2.10, 14, 14.7, 14.11, 15, 15.1.2, 15.1.9, 15.1.10, 15.1.11-д тус тус заасны дагуу сахилгын сануулах шийтгэл ногдуулсан болно.

Т.Зояа нь 2019.11.07-ны өдөр гамбираас болж хүүхэд өвдлөө гэсэн асуудал гаргасан. Тус цэцэрлэгийн удирдлагын зүгээс уг асуудлыг тогтоолгохын тулд аймгийн Мэргэжлийн хяналтын газарт хандаж хүсэлт гаргасан. Аймгийн Боловсрол, соёл урлагийн газар болон аймгийн Мэргэжлийн хяналтын газрын хяналт шалгалтаар гамбираас болж хүүхэд өвдсөн нь тогтоогдоогүй, харин багш Т.Зояагийн ажлаас маш олон ноцтой зөрчил дутагдал илэрсэн. Уг хяналт шалгалтын дараа тус цэцэрлэгийн удирдлагын зүгээс хамт олны хурал хийж, Т.Зояа багшид зөрчил арилгуулах тухай хугацаатай үүрэг даалгавар өгсөн. Ингэхдээ нэхэмжлэгч Т.Зояагийн нэхэмжлэлийн үндэслэлд дурдсан шиг зөвхөн ажилтан Ж.Бахытгүл бид хоёр хуралдсан асуудал байхгүй. Өөрөөр хэлбэл тус байгууллагын ажилчид хамт олноороо хуралдаж зохих шийдвэр гаргасан. Дараа нь 2020.01.10-ны өдөр хамт олны хурал хийж, уг хурлаар эрхлэгчийн 2019.12.10-ны өдрийн 24 дугаар бүхий хугацаатай үүрэг даалгаврын биелэлт зэрэг 5-6 асуудлыг хэлэлцсэн. Тухайн хуралд багш Т.Зояа өөрийн биеэр оролцсон ба эрхлэгчийн 2019.12.10-ны өдрийн 24 дугаар бүхий хугацаатай үүрэг даалгаврын биелэлтийн талаар юм хэлээгүй, харин хурал үймүүлж хэрүүл хийсэн. Иймээс тус цэцэрлэгийн эрхлэгчийн 2020.01.10-ны өдрийн А/03 дугаар тушаалаар багш Т.Зояад сахилгын сануулах шийтгэл ногдуулсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 130/ШШ2020/00240 дүгээр шийдвэрээр: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.7-д заасныг баримтлан Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 13 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн А/30 дугаартай Сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч Т.Зояагийн Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 13 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн А/03 дугаартай Сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар хариуцагч Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 13 дугаар цэцэрлэгээс 70,200 төгрөг гаргуулан улсын орлого болгож шийдвэрлэжээ.

 Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 212/МА2020/00036 дугаар магадлалаар: Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн 130/ШШ2020/00240 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч болон хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг тус тус хангахгүй орхиж,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол, мөн хуулийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдол тус тус тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж шийдвэрлэжээ.

 Хариуцагчийн өмгөөлөгч А.Серикжан хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.03.05-ны өдрийн 130/ШШ2020/00240 дугаар шийдвэр, Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.04.30-ны өдрийн 212/МА2020/00036 дугаартай магадлалын зарим хэсгийг эс зөвшөөрч, анхан болон давж заалдах шатны шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хэрэгт цугларсан нотлох баримтад зөв дүгнэлт хийгээгүй, ингэснээр шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй болж чадаагүй гэсэн үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргаж байна.

Хоёр шатны шүүх тус хэргийг хянан шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасныг зөрчсөн тухайд:

Нэхэмжлэгч Т.Зояа нь 2019.11.07-ны өдөр ажлын газарт Алтан намар өглөөлөгийн давтлагын үер тэнд байсан хүүхдүүдээс зөвхөн Амина гэсэн хүүхдийн бүжиглэхгүй байгаа шалтгааныг тус цэцэрлэгийн хоол буюу гамбир /шелпек/-наас болсон хэмээн далимдуулан тэнд байсан хүүхдүүд болон тухайн байгууллагын ажилчдын дэргэд хашгирч бахирч тус цэцэрлэгийн хоол гамбир /шелпек/-ыг муулсан, уг хоолноос болж хүүхэд өвдсөн мэтээр худал зүйл ярьж үймүүлсэн, бусад ажилчидтай хэрүүл хийсэн, хараалын үг хэлж хэл амаар доромжилсон, зандарсан, хүүхдийг хараа хяналтгүй орхиж явсан зэрэг зөрчил гаргасан ба ажил олгогчоос уг асуудлыг тухайн өдрийн хамт олны хурлаар авч хэлэлцэж, Т.Зояа багшийг байгууллагын хөдөлмөрийн дотоод журам болон хөдөлмөрийн гэрээнд заасан сахилгын зөрчлийг гаргасан гэж үзэж Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.1 дэх хэсэг, Хөдөлмөрийн гэрээний 3.2.1, 5.1, 5.3, Цэцэрлэгийн дотоод журмын 11.2.4, 11.2.9, 11.2.10, 14, 14.7, 14.11, 15, 15.1.2, 15.1.9, 15.1.10, 15.1.11-д тус тус заасны дагуу Т.Зояагийн гаргасан зөрчилд тохируулж сахилгын сануулах шийтгэл оногдуулахаар шийдвэрлэсэн байдаг.

Гэтэл шүүхээс тус хэргийг хянан шийдвэрлэхдээ хэт нэг талыг барьж хэрэгт авагдсан Өлгий сумын 13-р хүүхдийн цэцэрлэгийн 2019.11.07-ны өдрийн хурлын тэмдэглэл, Хөдөлмөрийн гэрээ, аймгийн Нэгдсэн эмнэлэг болон Мэргэжлийн хяналтын газрын албан бичгүүд, Цэцэрлэгийн дотоод журам, албан тушаалын тодорхойлолт зэрэг нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй төдийгүй нэхэмжлэгч Т.Зояагийн гаргасан зөрчлийг зөвтгөсөн агуулгатай дүгнэлт хийсэн байна.

Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулаагүй, хэрэгт цугларсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т зааснаар үнэлээгүй, холбогдох хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, үндсэн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй болсон. Иймд шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 ХЯНАВАЛ:

 Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн байх тул хяналтын журмаар гаргасан хариуцагчийн өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

 Нэхэмжлэгч Т.Зояа Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 13 дугаар цэцэрлэгт холбогдуулан сахилгын шийтгэл ногдуулсан 2019.11.07-ны өдрийн А/30, 2020.01.10-ны өдрийн А/03 дугаартай тушаалуудыг хүчингүй болгуулахаар шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.

 Анхан шатны шүүх А/03 дугаартай тушаалыг хүчингүй болгож, А/03 дугаартай тушаалыг хүчингүй болгох шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.

 Хариуцагчийн өмгөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо ...шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлээгүй, ...нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэжээ.

 Хоёр шатны шүүх зохигчийн хооронд хөдөлмөрийн эрх зүйн харилцаанаас үүссэн маргааныг зөв тодорхойлж, үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

 Өлгий сумын 13 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн 2020.01.10-ны өдрийн А/03 тушаалаар Т.Зояаг хариуцсан ажилдаа удаа дараа хайнга хандаж, ажлын байр, албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүрэг, хөдөлмөрийн гэрээ, байгууллагын дотоод журмаар хүлээлгэсэн үүргээ хангалтгүй гүйцэтгэсэн, өгсөн албан даалгаврыг хугацаанд нь биелүүлж өгөөгүй, өгөхөөс зайлсхийж, шалтаг тоочиж, эрс эсэргүүцсэн үндэслэлээр Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.1.-д зааснаар сануулах сахилгын шийтгэл ногдуулжээ.

 Ажилтан ажилдаа зөрчил дутагдал гаргасан, зөрчлийг арилгуулахаар хугацаатай үүрэг өгсөн боловч биелүүлээгүй болох нь хэрэгт цугларсан баримтаар нотлогдсон үндэслэлээр дээрх сахилгын шийтгэлийг хүчингүй болгохыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хэрэгт цугларсан баримтад үндэслэгдсэн, шүүх хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн, шүүхийн дээрх шийдвэрт нэхэмжлэгч гомдол гаргаагүй байна.

 Харин 2019.11.13-ны өдрийн А/30 дугаартай ажил олгогчийн шийдвэр Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.-д нийцээгүй, ажил олгогч ажилтны ямар зөрчилд хариуцлага хүлээлгэж байгаа үндэслэлээ тушаалд тодорхой заагаагүй, гаргасан зөрчлийг нотлоогүй, нотлох үүргээ биелүүлээгүй талаарх хоёр шатны шүүхийн дүгнэлт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2., 40 дүгээр зүйлийн 40.1., 40.2. дахь заалтыг зөрчөөгүй байна.

 Иймд ...шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг үндэслэл бүхий үнэлээгүй.. талаарх хариуцагчийн өмгөөлөгчийн гомдол үндэслэлгүй.

 Дээр дурдсан үндэслэлээр ажилтанд хариуцлага тооцсон 2019.11.13-ны өдрийн А/30 тушаал Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.-д нийцээгүй гэж үзэн нэхэмжлэлийн энэ шаардлагыг хангаж шийдвэрлэснийг буруутгах боломжгүй, энэ үндэслэлээр шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулахыг хүссэн хариуцагчийн гомдлыг хангах хууль зүйн үндэслэлгүй болно.

Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчөөгүй, хэрэглэвэл зохих Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлаж хэрэглэсэн байх тул шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан хариуцагчийн өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 130/ШШ2020/00240 дүгээр шийдвэр, Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 212/МА2020/00036 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан хариуцагчийн өмгөөлөгч А.Серикжаны гомдлыг хангахгүй орхисугай.

 2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3.-т зааснаар хариуцагч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                   П.ЗОЛЗАЯА

                    ШҮҮГЧИД                   Г.БАНЗРАГЧ

                                                             Х.СОНИНБАЯР

                                                      Д.ЦОЛМОН

                                                             Х.ЭРДЭНЭСУВД