Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 11 сарын 10 өдөр

Дугаар 210/МА2017/02332

 

 

 

 

 

 

2017 11 10

2332

 

 

Д.Гүрсоронзийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Г.Даваадорж, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 101/ШШ2017/02749 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Д.Гүрсоронзийн нэхэмжлэлтэй, хариуцагч Д.Билгээ, Н.Отгонбаяр, Н.Бат-Өрнөх нарт холбогдох,

 

18 000 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч Н.Отгонбаярын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Хариуцагчийн өмгөөлөгч С.Төгс, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Цэрэнханд нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болон тайлбарт: Би 2012 онд Япон улсаас оруулж ирсэн Тоёота RAV-4 маркийн автомашиныг Д.Билгээд 18 000 000 төгрөгөөр заруулахаар өгсөн. Гэтэл Билгээ нь уг автомашиныг Н.Отгонбаярын зогсоолд тавьсныг Н.Бат-Өрнөх бусдад зарахаар авч явахдаа онхолдуулсан. Н.Отгонбаяр нь автомашиныг 18 000 000 төгрөгөөр худалдан авъя, урьдчилгаа 5 000 000 төгрөгийг 2013 оны 07 дугаар сарын 10-ны өдөр, үлдсэн мөнгийг 2013 оны 08 дугаар сарын 10-ны өдөр өгнө гэсэн боловч өнөөдрийг хүртэл өгөөгүй. Иймд Д.Билгээ, Н.Отгонбаяр, Н.Бат-Өрнөх нараас машины үнэ 18 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү. Хариуцагч Д.Билгээгээс татгалзаж байна гэжээ.

 

Хариуцагч Д.Билгээгийн шүүхэд гаргасан тайлбарт: Д.Гүрсоронз нь  Да хүрээ зах дээр зогсоол байхгүй, наймаа хийхэд хэцүү байна гэсэн. Би Н.Отгонбаатарт Тоёота RAV-4 маркийн машиныг чиний газар дээр тавьбал яасан юм гэхэд машинаа тавь гэсний дагуу Н.Отгонбаярын зогсоолд тавьсан. Гэтэл нэлээд хугацааны дараа уг машиныг мөргөлдүүлсэн гэсэн тул Д.Гүрсоронз бид хоёр Н.Бат-Өрнөхтэй очиж уулзахад санаа зовох хэрэггүй, хохиролгүй болгож өгнө гээд Д.Гүрсоронзод тодорхойлолт бичиж өгсөн. Түүнээс хойш Н.Отгонбаяртай уулзаж машины үнийг төлсөн үү гэж асуухад Д.Гүрсоронзтой байнга уулзаж байгаа, одоо бага үлдсэн гэж хэлсэн. Надад холбогдолгүй гэжээ.

Хариуцагч Н.Отгонбаярын шүүхэд гаргасан тайлбарт: Энэ хэрэгт намайг хариуцагчаар татаж байгааг, мөн автомашины үнэ болох 18 000 000 төгрөг нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

Хариуцагч Н.Бат-Өрнөхийн шүүхэд гаргасан тайлбарт: Би 18 000 000 төгрөг нэхэмжилснийг хүлээн зөвшөөрөхгүй. Би уг нь RAV-4 маркийн автомашиныг хүлээлгэн өгсөн. Машинаа авчихаад, мөнгө нэхэмжилж байгааг ойлгохгүй байна гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримтлан хариуцагч Н.Отгонбаяр, Н.Бат-Өрнөх нараас 18 000 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Гүрсоронзод олгож, хариуцагч Д.Билгээд холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 247 950 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Н.Отгонбаяр, Н.Бат-Өрнөх нараас 247 950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Гүрсоронзод олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч Н.Отгонбаяр давж заалдах гомдолдоо: Би машины үнэ болох 18 000 000 төгрөгийг нэхэмжлэгчид өгөх талаар тодорхойлолт бичээгүй. Гэтэл шүүх тодорхойлолт байгаа мэтээр 18 000 000 төгрөг гаргуулахаар буруу шийдвэрлэсэн. Би RAV-4 маркийн автомашиныг хараагүй, ямар нэгэн хохирол учруулаагүй тул нэхэмжлэлийн Н.Отгонбаярт холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдал бүрэн тогтоогдоогүй байхад хэргийг шийдвэрлэснээс шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

 

Нэхэмжлэгч Д.Гүрсоронз хариуцагч Д.Билгээ, Н.Отгонбаяр, Н.Бат-Өрнөх нараас автомашины үнэ 18 000 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Д.Билгээгээс татгалзаж, Н.Отгонбаяр, Н.Бат-Өрнөх нарт холбогдох шаардлагаа дэмжсэнийг хариуцагч Н.Отгонбаяр, Н.Батөрнөх нар эс зөвшөөрсөн тайлбар гаргажээ.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ автомашинаа заруулахаар Д.Билгээтэй ярилцаж хариуцагч Н.Отгонбаярын Да хүрээ зах дахь зогсоол дээр тавьсныг Н.Отгонбаярын ах Н.Бат-Өрнөх авч яваад осол гаргаж ашиглах боломжгүй болгосон гэж тайлбарладаг боловч уг автомашиныг хариуцагч Н.Отгонбаярт хэзээ, хэн хүлээлгэн өгсөн, ямар үндэслэлээр автомашины үнийг нэхэмжилж байгаа нь тодорхойгүй байх ба энэ талаар хариуцагчийн гаргасан автомашиныг үзээгүй, хараагүй, ямар нэгэн хохирол учруулаагүй байхад 18 000 000 сая төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн гэх гомдлыг үгүйсгэх үндэслэлгүй байна.

 

Түүнчлэн хариуцагч Н.Бат-Өрнөх RAV 4 маркийн автомашиныг хүлээлгэн өгсөн байхад дахин мөнгө нэхэж байгааг олйгохгүй байна гэсэн тайлбар гаргадаг бөгөөд өмнө нь давж заалдах шатны шүүхээс автомашинд ямар хэмжээний гэмтэл учруулсан, одоо хэний эзэмшилд байгаа, ашиглах боломжгүй устсан эсэхийг тодруулах шаардлагатай гэсэн байхад анхан шатны шүүх уг зөрчлийг арилгаагүй, тухайн нөхцөл байдал нь хохирлын хэмжээг тодорхойлоход ач холбогдолтой.

 

Мөн давж заалдах шатны шүүх өмнө нь хэргийг анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр буцаахдаа нэхэмжлэгч нь хариуцагч тус бүрээс эсхүл хамтад нь ямар үндэслэлээр хэдэн төгрөг шаардаж байгааг тодруулах шаардлагатай гэж үзсэн боловч уг алдааг залруулаагүй байна. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр Дүүргийн 1-р прокурорын газраас Н.Отгонбаярт холбогдох эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан материал, автомашиныг гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлгийг авснаас өөр ажиллагаа хийгээгүй байх тул хэрэгт авагдсан баримтын хүрээнд дүгнэлт өгч хэргийг нэг мөр шийдвэрлэх боломжгүй байна.

 

Дээр дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.7-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 101/ШШ2017/02749 дугаар шийдвэртэй шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч Н.Отгонбаярын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 248 000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД Г.ДАВААДОРЖ

 

А.МӨНХЗУЛ