Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 06 сарын 25 өдөр

Дугаар 2209

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2018 оны 06 сарын 25 өдөр

    Дугаар101/ШШ2018/02209

Улаанбаатар хот

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС        

 

 

     Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Сарангүн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: .............................. тоотод оршин суух, Д.Г нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ....................тоотод болон ............ тоотод оршин суух, Н.О,

Хариуцагч: ............. тоотод болон ........... тоотод оршин суух, Н.Б нарт холбогдох

18.000.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Батхүү,

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар С.Тэмүүлэн оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Д.Г шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Батхүү шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 Д.Г нь 2003 онд Япон улсад үйлдвэрлэгдсэн, арлын .............. дугаартай, мөнгөлөг өнгийн, тоёота рав 4 маркийн авто машиныг 2011 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Япон улсаас  оруулж ирсэн. Уг авто машин Монголд орж ирээд улсын дугаар аваагүй машин байсан.

2012 оны хавар Д.Г өөрийн таних машин зардаг Д.Билгээд хандан машин зарах зогсоол олж өгөхийг хүссэн. Д.Билгээ Н.Отай түүнийг уулзуулан Да Хүрээ зах дээр Н.Оын машин зардаг зогсоолд машинаа тавьж заруулахаар болсон.

 Хэсэг хугацааны дараа Н.Оын төрсөн ах НБ уг машиныг Дарь Эхэд хүнд үзүүлэх гэж явж байгаад зам тээврийн осол гарган эвдэлсэн байсан. Үүнийгээ Д.Год хэлэлгүй нилээдгүй хугацаа өнгөрүүлсэн ба 2012 оны 5 дугаар сарын орчим байх машины засварын үйл ажиллагаа явуулдаг айлын хашаанд машин нь байгааг Д.Г өөрөө харсан байсан. Миний машиныг эвдэлчихээд засуулах гээд тэр айлын хашаанд аваачсан юм шиг байна лээ гэж Д.Г надад хэлж байсан.

   Машиных нь мөнгийг өгөхгүй болохоор нь Баянзүрх дүүргийн цагдааийн хэлтэст өргөдөл гаргасан. Цагдаагийн байгууллага хэргийг шалгах явцад Н.О авто машиныг унагаасан тул хохирол төлнө, НБ миний ах юм, машиныг чинь мөргөлдүүлсэн тул би өөрөө худалдаад авья гэсэн.

   Ингээд Н.О нь 2013 оны 7 дугаар сарын 10-ны өдөр гэхэд 5.000.000 төгрөг өгье, үлдсэнийг нь цувуулж өгнө гэж өөрийн гараар бичиж өгсөн. Үүнээс хойш нэг ч төгрөг өгөөгүй. Машиныг 20.000.000 төгрөг гэж үнэлсэн ч нэхэмжлэгч Д.Г нь анх машиныг заруулахаар өгсөн үнэ 18.000.000 төгрөгөө л нэхэмжилж байгаа.

   Авто машиныг өөрийн зогсоол дээр худалдахаар авсан Н.Оаас 15.000.000 төгрөг, авто машиныг эвдэлсэн НБөөс 3.000.000 төгрөгийг нэхэмжилсэн.

  НБ авто машиныг Д.Год хүлээлгэн өгсөн гэж тайлбар гаргадаг боловч өгөөгүй. Д.Г авто машинаа одоо хаана байгааг мэдэхгүй, авто машинаа авсан бол ийм хэмжээний мөнгө нэхэхгүй. Нэхэмжлэгч Д.Г нь эдгээр хариуцагч нараас болж бүтэн 4 жил хохирч байгааг анхаарч үзнэ үү.

 Цагдаад хэрэг шалгах явцад 2013 ондоо багтааж мөнгийг чинь өгнө гэчихээд одоо хамаагүй гэж байгааг ойлгохгүй байна Машинаа авсан бол юу гэж ингэж явах бэ гэв.

 

    Хариуцагч Н.О 2014 оны 12 дугаар сарын 19-ний өдөр шүүхэд гаргасан тайлбартаа:

Н.О миний бие нь Д.Гын нэхэмжлэлтэй уншиж танилцаад уг хэрэгт намайг хариуцагчаар татаж байгааг мөн рав 4 авто машины үнэ 18.000.000 төгрөгийг нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

     Хариуцагч НБ 2017 оны 6 дугаар сарын 7-ны өдөр шүүхэд гаргасан тайлбартаа:

НБ миний бие нь иргэн Д.Гын нэхэмжлэлтэй танилцлаа. Би Д.Гын 18.000.000 төгрөг нэхэмжилснийг зөвшөөрөхгүй. Би уг рав 4 машиныг нь хүлээлгэн өгсөн. Гэтэл машинаа авчихаад яагаад надаас дахиад мөнгө авна гээд байна. Ийм асуудал ярьж байвал би хариу гомдол гаргана гэжээ.

 

Зохигчдын тайлбар, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад                                                                               

ҮНДЭСЛЭХ нь:

 

    Нэхэмжлэгч Д.Г нь хариуцагч НБ, Н.О нарт холбогдуулан авто машины үнэд 18.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Нэхэмжлэгч Д.Г нь 2003 онд Япон улсад үйлдвэрлэгдсэн, арлын .............. дугаартай, мөнгөлөг өнгийн, тоёота рав 4 маркийн, 2011 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Монгол Улсад оруулж ирсэн, тээврийн хэрэгслийн улсын дугаар аваагүй, авто машиныг 2012 оны хавар Да Хүрээ техникийн зах дахь хариуцагч Н.Оын эзэмшлийн авто зогсоолд байршуулан 18.000.000 төгрөгөөр худалдуулахаар тохиролцсон нь,

мөн хариуцагч Н.Оын ах болох хариуцагч НБ уг машиныг унаж яваад зам тээврийн осол гарган авто машинд эвдрэл учруулсан нь талуудын тайлбар, Баянзүрх дүүргийн прокурорын газрын прокурорын 2013 оны 4 дүгээр сарын 2-ны өдрийн 1037 тоот “Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан тухай тогтоол”, гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлэг зэрэг болон хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудаар тогтоогдож байна.

/ХХ-ийн 50-56, 104-123, 182-183 дугаар тал/

 

Нэхэмжлэгч Д.Г 2013 оны 2 дугаар сарын 23-ны өдөр Баянзүрх дүүрэг дэхь цагдаагийн 1 дүгээр хэлтэст НБ, Н.О нарт холбогдуулан өргөдөл гаргасан байх ба өргөдлийг шалгах явцад Н.О “Би Д.Гын 18.000.000 төгрөг рав 4 маркийн авто машин худалдан авсан. Төлбөрийг 7 дугаар сарын 10-ны өдөр урьдчилгаа 5.000.000 төгрөг өгөөд үлдсэн мөнгийг 8 дугаар сарын 10-ны өдөр бүрэн барагдуулж өгнө” гэжээ.

/ХХ-ийн 105-107 дугаар тал/

 

Мөн өргөдлийг шалгах явцад хариуцагч Д.Билгээ 2013 оны 3 дугаар сарын 16-ны өдөр “... 2012 оны эхээр Д.Гын машиныг Н.ООтгонбаярын зогсоол дээр байрлуулсан. 5,6 дугаар сарын үед Д.Г над руу залгаад Н.Оын зогсоол дээр таны тавьсан машин байна, минийх алга байна гэсэн. Би Н.О руу залгахад “...хүн урьдчилгаа өгөөд авсан. Лизинг хөөцөлдөж байгаа, мөнгө орж ирэхээр өгнө” гэсэн. Н.О энэ тайлбарыг хэлээд 1 сар болсон ба Д.Г “миний машин зарагдаагүй юм шиг байна. Адилхан машин онхолдчихсон, засварын газар байна” гэсэн. Бид Н.Оыг хайж байгаад олж уулзахад “Д.Гын машиныг унагаасан нь үнэн, нэгэнт би машиныг ийм болгосон тул төлж өгнө” гээд алга болсон. Н.Оын ах Н.Баярмөнхтай таарсан ба энэ асуудлаас болоод та нараас зугтаад байгаа, би дүүгээ даая, мөнгийг төлөх график гаргая гээд ажил дээр нь Н.Отай уулзсан,  мөнгийг төлнө гэж бичиж өгсөн. Тэрнээс хойш Н.О таг болсон, утсаа авахгүй, мөнгөө төлөхгүй байгаа...” гэж мэдүүлжээ.

/ХХ-ийн 111-112 дугаар тал/

 

Өргөдлийг шалгах явцад хариуцагч НБ 2013 оны 3 дугаар сарын 21-ний өдөр “...2012 оны 5 сарын сүүлээр Н.Оын найз Д.Билгээ өөрийн 2 машиныг, мөн найзынхаа гэх мөнгөлөг өнгийн рав 4 маркийн авто машиныг тавиулсан. Тэр машиныг 18.000.000 төгрөгөөр заруулна, нэмж зарж чадвал илүү мөнгийг нь өөрөө ав гэсэн. 2012 оны 7 сарын эхээр 2 хүн сонирхоод зах тарахаар Дарь Эхэд хүрээд ир гэсэн. Би зах тараад машиныг үзүүлэх гэж яваад гудамж андууран эвгүй нарийн гудамж руу орж эргэх гэж байгаад механик машин муу жолооддог болохоор хий хаазлан машиныг хажуулдуулаад зүүн талаар нь унагаасан. Дүү Н.От энэ талаар хэлсэн ба би машины хүнтэй уулзая, та хурдхан засварын газарт оруулаад зарахаараа мөнгийг нь өг гэсэн. Надад мөнгө олдохгүй, машины засварыг хийж дуусгаагүй. Би машиныг засаж дуусаад Д.Билгээгийн найзын мөнгийг өгнө. Дүү Н.О машины эзэнтэй уулзаад мөнгийг нь өгөх талаар яриад яваад байсан” гэж мэдүүлсэн байна.

/ХХ-ийн 113-114 дүгээр тал/

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Н.Оын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтийн дагуу 2003 онд Япон улсад үйлдвэрлэгдсэн, арлын .............. дугаартай, мөнгөлөг өнгийн, тоёота рав 4 маркийн авто машины зах зээлийн үнэлгээг тогтоолгохоор шинжээчээр “М” ХХК-ийг томилжээ.

“М” ХХК 2015 оны 2 дугаар сарын 9-ний өдрийн 13 тоот дүгнэлтдээ “Уг авто машины зах зээлийн үнэ цэнэ 2015 оны 2 дугаар сарын 9-ний өдрийн байдлаар 20.000.000 төгрөг байна” гэжээ.

/ХХ-ийн 50-57 дугаар тал/

 

Дээрхээс дүгнэхэд Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д “Хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон“ гэж заасны дагуу нэхэмжлэгч Д.Г нь бусдад худалдуулахаар хариуцагч нарт шилжүүлэн өгсөн авто машиныг нь хариуцагч нар гэмтээж, ердийн байдлаар ашиглах боломжгүй нөхцөл байдалд хүргэсэн тул Л.Г нь бусдад худалдуулахаар хүлээлгэн өгсөн авто машиныхаа үнийг хариуцагч НБ, Н.О нараас буцаан шаардах эрхтэй байна.

 

   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 38 дпугаар дугаар зүйлд зааснаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж буй үндэслэлээ баримтаа нотлох үүрэгтэй бөгөөд хариуцагч НБ нь авто машиныг нэхэмжлэгч Д.Год буцаан хүлээлгэн өгсөн гэх боловч энэ нь нотлогдоогүй, энэ талаарх баримтаа ирүүлээгүй болно.

 

М ХХК-ийн 2015 оны 2 дугаар сарын 9-ний өдрийн 13 тоот дүгнэлтээр уг авто машины зах зээлийн үнэ цэнийг 20.000.000 төгрөг байна гэсэн хэдий ч нэхэмжлэгч Д.Г 18.000.000 төгрөг нэхэмжилсэн тул уг хэмжээгээр нэхэмжлэлийн үнийг тодорхойлон хариуцагч нараас гаргуулах нь зүйтэй.

 

Хариуцагч НБ авто машиныг нэхэмжлэгч Д.Год хүлээлгэн өгөөгүй, тухайн авто машин хариуцагч нарын хэний нь эзэмшилд байгаа нь тодорхой бус тул авто машинд хэдий хэмжээний хохирол учруулсан, ашиглах боломжгүй устсан эсэхийг тодорхойлох боломжгүй байсан болно. 

 

  Нэхэмжлэгч Д.Г нь авто машиныг өөрийн зогсоол дээр худалдахаар авсан Н.Оаас 15.000.000 төгрөг, авто машинд эвдрэл учруулсан НБөөс 3.000.000 төгрөгийг нэхэмжилсэн тул Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т заасныг баримтлан хариуцагч Н.Оаас 15.000.000 төгрөг, хариуцагч НБөөс 3.000.000 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Д.Год олгох нь зүйтэй гэж үзэв.

 

Нэхэмжлэгч Д.Г нь хариуцагч Д.Билгээгээс татгалзсан тул хариуцагч Б.Билгээд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.

 

Хариуцагч Н.О, НБ нарт шүүх хуралдааны товыг боломжит хугацаанд буюу шүүх хуралдаан болохоос 4 хоногийн өмнө мэдэгдсэн боловч тэдгээр нь шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Батхүүгийн хүсэлтийн дагуу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т заасныг үндэслэн хариуцагч нарын эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.

 

Шүүх хариуцагч нарт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 38 дугаар зүйлд заасан эрх, үүргээ хэрэгжүүлэх хугацааг олгох үүднээс шүүх хуралдааныг нийт 18 удаа хойшлуулж байснаас гадна хариуцагч нар нь мөн хуулийн 76 дугаар зүйлийн 76.2-т заасан шүүх хуралдааны товыг лавлах үүргээ биелүүлээгүйг дурьдлаа.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон                     

ТОГТООХ нь:

 

 1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т заасныг баримтлан хариуцагч Н.Оаас 15.000.000 төгрөг, хариуцагч НБөөс 3.000.000 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Д.Год олгосугай.

 

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Д.Гын улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 247.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.О, НБ нараас нийт 247.950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Год олгосугай.

 

  3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгч Д.Г нь хариуцагч Д.Билгээгээс татгалзсан тул хариуцагч Б.Билгээд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Н.САРАНГҮН