Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 02 сарын 13 өдөр

Дугаар 210/МА2019/00275

 

 

 

 

 

2019 оны 02 сарын 13 өдөр

Дугаар 210/МА2019/00275

 

 

 

Улаанбаатар хотын банк ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Т.Туяа, Б.Нармандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 104/ШШ2018/00433 дугаар шийдвэртэй Улаанбаатар хотын банк ХХК-ийн нэхэмжлэлтэй Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын шийдвэр гүйцэтгэх алба болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын харьяа Налайх дүүрэг дэх шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэсэгт холбогдох, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгосон ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2018 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн 07 дугаар тогтоолыг хүчингүйд тооцуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Б.Нармандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Батжаргал, хариуцагч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын харьяа Налайх дүүрэг дэх шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэсгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Алтангүл, Б.Намсрай, гуравдагч этгээдийн төлөөлөгч Ц.Энхбаатар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Ган-Өнөр нар оролцов.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон тайлбартаа: Улаанбаатар хотын банк ХХК нь Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 4 дүгээр шүүхийн 2014 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 24/388 дугаар Дүүргийн иргэний хэргийн шүүхийн 24/381 дугаар шийдвэрийн дагуу Налайх дүүргийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх тасгийн 2016 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн 36/02 дугаартай..... Багахангайн мах боловсруулах үйлдвэрийн барилга, түүний тоног төхөөрөмж, 2 га газрыг 504 284 651 төгрөгийн төлбөрт тооцож авсан. Энэ өдрөөс хойш Улаанбаатар хотын банк ХХК нь дээрх үл хөдлөх хөрөнгийг өөрийн эзэмшил, хамгаалалтад байгаа. Гэтэл 2018 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн Ерөнхий газрын Улсын ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн 07 дугаартай тогтоолоор дээрх хөрөнгийг төлбөрт тооцож шилжүүлсэн ажиллагааг хүчингүй болгож шийдвэрлэсэн. Энэ тогтоолд Тухайн ажиллагаа нь 2002 оны Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.7 дахь хэсэгт нийцээгүй гэж үзсэн. Өөрөөр хэлбэл, 4 207 106 282 төгрөгийн хөрөнгийг 504 284 651 төгрөгийн төлбөрт тооцож өгсөн нь дээрх хуулийн зохицуулалтыг зөрчсөн гэж үзсэн. Тус тогтоолын үндэслэлийг тодруулбал 2002 оны Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.7 дахь хэсэгт Албадан дуудлага худалдаагаар борлогдоогүй Монгол Улсын иргэнд өмчлүүлсэн газраас бусад үл хөдлөх эд хөрөнгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулахад гарсан зардлыг хасаж төлбөртөө тооцон авахыг төлбөр авагчид санал болгоно гэсэн байна. Гэтэл Улсын ерөнхий шийдвэр гүйцэтгэгч энэхүү зохицуулалтаас аль хэсгийг нь яаж зөрчсөн талаар тогтоолдоо дурдаагүй. Төлбөрт тооцож авсан хөрөнгө нь 1994 оноос ашиглалтад орсноос хойш зориулалтаараа төдийлөн ашиглагдаагүй, чанар байдлын хувьд илэрхий доройтсон буюу 4 207 106 282 төгрөгийн үнэ хүрэхгүйгээс гадна уг хөрөнгө болон газар нь албан ёсны гэрчилгээгүй, өнөөг хүртэл уг хөрөнгийг хэн ч 504 284 651 төгрөгөөр худалдан авахыг сонирхоогүй. Мөн төлбөр төлөгчийн эрх ашиг хохирсон зүйл байхгүй. 2002 оны Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль, болон уг заалтыг хэрэгжүүлдэг тухайн үеийн практикаас харахад дуудлага худалдаанд орж буй хөрөнгө нь дуудлага худалдаагаар худалдан борлогдоогүй бол борлогдоогүй хөрөнгийг төлбөр авагчид санал болгон, төлбөр авагч уг саналыг зөвшөөрсөн тохиолдолд тус хөрөнгийг төлбөрт шилжүүлэн авдаг байсан. Төлбөрт тооцон авсны дараагаар шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хүчингүй болгож, тус хөрөнгийг Улаанбаатар хотын банк ХХК-ийн өмчлөл, эзэмшилээс гаргах байдлаар эд хөрөнгийн хохирол учруулж, илэрхий хэт өндөр ханшаар санал болгох ажиллагааг дахин хийх гэж байгаа нь Улаанбаатар хотын банк ХХК-ийн хууль ёсны ашиг сонирхлыг хөндөж байна.

Ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн 2018 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн 07 дугаартай тогтоол гарах болсон шалтгаан нь Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, Налайх дүүрэг дэх шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэсэг рүү Уг хөрөнгөтэй холбоотой асуудлыг хөндөж, ажиллагааг дахин хянаж үзнэ үү гэсэн агуулгатай албан бичиг явуулсан байдаг. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирлагын тухай хуульд Нийслэлийн засаг дарга, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын зүгээс ямар нэгэн байдлаар Нийслэлийн өмчтэй холбоотой асуудлаар шийдвэр гаргах, тэрхүү хөрөнгийг захиран зарцуулах эрхийн талаар тусгаагүй буюу эрхгүй байхад албан бичиг явуулсан. Үүний дараа Нийслэлийн Налайх дүүрэг дэх шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэсгээс Ерөнхий шийдвэр гүйцэтгэгчид хандан 7 хоногийн зайтай 2 удаа Чиглэл хүсэх тухай гэсэн ижил утга бүхий албан бичиг явуулсан. Гэтэл энэхүү албан бичгийн хариуд ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн зүгээс хариу тайлбар гараагүй мөртлөө шууд 07 дугаар тогтоол гарсан. Бидний хувьд энэ ажиллагааг хууль дээдлэх зарчим болон хуулийнхаа хүрээнд явагдаагүй харин Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын даргын албан бичигт байгаа хүсэл сонирхлын дагуу хийгдсэн гэж үзэж байна. Мөн ерөнхий шийдвэр гүйцэтгэгч нь шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа дуусгавар болсоноос хойш хэдэн арван жилийн дараагаар эрх бүхий этгээд, эсвэл ямар нэгэн сэтгүүлчийн зүгээс тавьсан санал, гомдлыг үндэслэн уг ажиллагааг хянаад хүчингүй болгох эрх байхгүй. Шийдвэр гүйцэтгэлийн тухай хуулийн хэм хэмжээ болон агуулгын хувьд хэрэв талуудын хэн нэг нь ахлах шийдвэр гүйцэтгэгчид гомдол гаргаад, ахлах шийдвэр гүйцэтгэгчийн шийдвэрийг эс зөвшөөрвал ерөнхий шийдвэр гүйцэтгэгчид хандах гэсэн зарчимтай байхад шууд ерөнхий шийдвэр гүйцэтгэгч өөрийн эрх хэмжээний хүрээнд ажиллагааг хүчингүй болгосон нь хууль зүйн үндэслэлгүй.

Түүнчлэн, энэ хөрөнгийг дараагийн дуудлага худалдаанд оруулах гэхэд олон жилийн элэгдэлд орчихсон, энэ үйлдвэрийг дахин зориулалтаар нь ашиглах боломжгүй, тус объект нь хүнсний үйлдвэрлэлийн хувьд онцгой байх ёстой байтал энэ үнэ цэнэ нь алдагдсан байхад хөрөнгийг үнэлэхдээ тухайн бодит нөхцөл байдалд нь нийцээгүй арга хэрэгсэл хэрэглэж 4 200 000 000 төгрөг гэж үнэлсэн. Улаанбаатар хотын банк ХХК-ийн зүгээс тус хөрөнгийг 4 200 000 000 төгрөгийн төлбөрт аваад зөрүүг буцаан өгөх боломж байхгүй тул уг хөрөнгөөс татгалзах, үүний улмаас 4 200 000 000 төгрөгийн барьцаагүй үлдэх гэсэн үр дагаварууд үүснэ. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3, 44 дүгээр зүйлийн 44.4 дэх хэсэгт Ахлах шийдвэр гүйцэтгэгч гомдлыг 14 хоногийн дотор шийдвэрлэж тогтоол гаргана. Тогтоолыг зөвшөөрөөгүй тохиолдолд хүлээн авснаас хойш 7 хоногийн дотор ерөнхий шийдвэр гүйцэтгэгчид гомдол гаргана гэж заасан байхад шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдсанаас хойш 1 жил 6 сарын дараагаар хүсэлт гаргаж, түүний дагуу шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгосон явдал нь хууль дээдлэх зарчмийг баримтлаагүйгээс гадна тус хуулийг зөрчсөн гэж үзэж байна. Иймд 2018 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ерөнхий газрын Ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн 07 дугаартай тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын Шийдвэр гүйцэтгэх алба, Налайх дүүрэг дэх шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэсэг, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхэд гаргасан тайлбартаа: Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 4 дүгээр шүүхийн 2014 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 24/388 дугаар шийдвэрээр Багахангай мах боловсруулах үйлдвэр НӨҮГ-аас 504 284 651 төгрөгийг гаргуулан Улаанбаатар хотын банк ХХК-д олгохоор шийдвэрлэсний дагуу гүйцэтгэх баримт бичгийг 2014 оны 3 дугаар сарын 12-ны өдөр тус хэсэгт ирүүлснийг үндэслэн 430 518 965 төгрөгийг гаргуулахаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар Нийслэлийн Өмчийн харилцааны газарт бүртгэлтэй, төлбөр төлөгч Багахангай мах боловсруулах үйлдвэр НӨҮГ-ын эзэмшиж байсан мах боловсруулах үйлдвэрийн барилга, тоног төхөөрөмж, 2 га газрыг 2013 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 300/01, 2014 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн 388/02 дугаар тогтоолоор тус тус битүүмжилж, 2014 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 388/03 дугаар тогтоолоор хурааж, Багахангай мах боловсруулах үйлдвэр НӨҮГ-ын үйлдвэрийн захирал Ц.Нэргүйгийн хадгалалт хамгаалалтад хадгалуулсан. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу Нийслэлийн өмчийн харилцааны газар дээрх хөрөнгийг 4 207 106 282 төгрөгөөр үнэлүүлсэнийг төлбөр авагч Улаанбаатар хотын банк хүлээн зөвшөөрч анхны болон 2 дахь албадан дуудлага худалдаанд оруулсан боловч худалдан борлогдоогүй тул 2002 оны Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.7 дахь хэсэгт заасны дагуу төлбөр авагч Улаанбаатар хотын банк ХХК-д санал болгоход хүлээн авах хүсэлтээ тус хэсэгт ирүүлснээр 2015 оны 6 дугаар сарын 22-ны өдөр төлбөр авагч Улаанбаатар хотын банк ХХК-д 4 207 106 282 төгрөгөөр тооцож шилжүүлэн өгч, хадгалалт хамгаалалтыг Улаанбаатар хотын банк ХХК-д хүлээлгэн өгсөн. Улаанбаатар хотын банк ХХК нь эд хөрөнгийн эрх шилжээгүй, шилжүүлэхийг даалгах шаардлагыг шүүхэд гаргасныг анхан шатны шүүх хянаад 2015 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 725 дугаар шийдвэрээр Багахангай мах боловсруулах үйлдвэр НӨҮГ-ын үйлдвэрийн тоног төхөөрөмж, барилга, 2 га газрыг төлбөр авагч Улаанбаатар хотын банк ХХК-ийн нэр дээр шилжүүлэхийг шийдвэр гүйцэтгэлийн байгууллагад даалгасан. Дээрх шийдвэрийн дагуу Багахангай дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэс, Багахангай дүүргийн газрын албанд хандан Багахангай мах боловсруулах үйлдвэр НӨҮГ-ын үйлдвэрийн тоног төхөөрөмж, барилга, 2 га газрын хамтаар төлбөр авагч Улаанбаатар хотын банк ХХК-ийн нэр дээр шилжүүлж, гэрчилгээг гаргаж өгөх тухай албан мэдэгдлийг хүргүүлсэн.

Гэтэл төлбөр төлөгч Багахангай мах боловсруулах үйлдвэр НӨҮГ манай хэсэгтэй холбогдуулан шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хүчингүй болгуулахаар Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан. Уг нэхэмжлэлийг шүүх 2015 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 765 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн. Уг шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах хяналтын шатны шүүхэд гомдол гаргасныг хянаад Улсын Дээд шүүхээс 2016 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 399 дүгээр тогтоолоор Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.7 дахь хэсэгт заасан үндэслэл тогтоогдоогүй байх тул Налайх дүүрэг дэх шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэсгийн 2015 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн санал болгох комиссын хурлын шийдвэрийг хүчингүй болгож, шүүхийн шийдвэр биелүүлэх ажиллагааг хуульд заасан дэс дарааллын дагуу явуулахыг хариуцагч Налайх дүүрэг дэх шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэсэгт даалгасугай гэсэн өөрчлөлтийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн. худалдан борлогдоогүй хөрөнгийг 2016 оны 8 дугаар сарын 11-ний өдөр Улаанбаатар хотын банкинд 431 018 965 төгрөгийн төлбөрт тооцон өгөхөөр шийдвэрлэж, төлбөр авагч хөрөнгийг шилжүүлсэн тухай тогтоол гаргаж, Багахангай мах боловсруулах үйлдвэр НӨҮГ, Улаанбаатар хотын банк ХХК, Нийслэлийн Өмчийн харилцааны газар, Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хуралд 2016 оны 8 дугаар сарын 12-ны албан бичгээр тус тус мэдэгдсэн.

Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас дээрх ажиллагаатай холбогдуулан гаргасан гомдлын дагуу Улсын Ерөнхий шийдвэр гүйцэтгэлийн 2018 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн 07 дугаар тогтоолоор Багахангай мах боловсруулах үйлдвэр НӨҮГ-ын үйлдвэрийн барилга, тоног төхөөрөмж, газрыг төлбөр авагч Улаанбаатар хотын банк ХХК-ийн төлбөрт тооцсон ажиллагааг хүчингүйд тооцож, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хуульд нийцүүлэн явуулахыг үүрэг болгосон. Иймд Улаанбаатар хотын банк ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Шүүх: 2017 оны Шийдвэр гүйцэтгэлийн тухай хуулийн 271 дүгээр зүйлийн 271.3.1.-д заасныг баримтлан нэхэмжлэгч Улаанбаатар хотын банк ХХК-ийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын Шийдвэр гүйцэтгэх алба, Налайх дүүрэг дэх шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэсэгт холбогдох Ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн 2018 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн 07 дугаартай тогтоолыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч Улаанбаатар хотын банк ХХК улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан 70 200 төгрөг төлснийг улсын орлого болгохоор шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар давж заалдах гомдолдоо: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3, 44.4 дэх хэсэгт ахлах шийдвэр гүйцэтгэгч гомдлыг 14 хоногийн дотор шийдвэрлэж, тогтоол гаргана. тогтоолыг зөвшөөрөөгүй тохиолдолд хүлээн авснаас хойш 7 хоногийн дотор ерөнхий шийдвэр гүйцэтгэгчид гомдол гаргана гэж заасан байх нь ахлах шийдвэр гүйцэтгэгчийн шийдвэрт хуульд заасан хугацаанд гаргасан гомдлыг шийдвэрлэх хэм хэмжээний бүтцийн агуулгатай бөгөөд мөн хуулийн 271 дүгээр зүйлийн 271.3 дахь хэсэг нь ерөнхий шийдвэр гүйцэтгэгчид ямар ч шийдвэрийг өөрчлөх, шийдвэр гүйцэтгэгч, ахлах шийдвэр гүйцэтгэгчийи ажиллагаанд хөндлөнгөөс, хэзээ ч хамаагүй оролцох хязгааргүй эрхийг олгохгүй юм. Гэтэл анхан шатны шүүх хуулийн холбогдох заалтуудын хэм хэмжээний уялдааг анхааралгүйгээр зөвхөн тухайн заалтыг дангаар нь үндэслэж ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн эрх хэмжээнд хамаарч байна гэж дүгнэсэн хуулийн уг зохицуулалтыг буруу хэрэглэх, тайлбарлах нөхцөл болсон.

Улсын Ерөнхий гүйцэтгэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хариу тайлбарт: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3, 44.4 дэх хэсэгт заасан хугацаа бол хамаагүй УЕГ хэзээ л бол хэзээ татаж 1970-2000 онуудад явуулсан шийдвэр гүйцэтгэх ажиллагааг өөрийн санаачлагаараа болон өргөдөл гомдлоор татан авч ажиллагааг хүчингүй болгох эрхтэй гэж дураараа ярьж шүүхийн тэмдэглэлд дурдсаныг шүүгч ач холбогдол өгөөгүй, хэрэг ач холбогдол бүхий нөхцөл байдал бүрэн тодорхой, шүүхийн шийдвэр хууль ёсны үндэслэл бүхий хуульд заасан шаардлагыг хангаж чадаагүй. Мөн маргаан бүхий шийдвэр гүйцэпэх ажиллагаа явагдаж дууссаны дараа шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан гомдол гаргах хугацаанд ажиллагааны оролцогчдоос хэн аль нь ч гомдол гаргаагүй бөгөөд ашиг сонирхлоо хохирсон гэж үзээгүй, уг ажиллагаатай холбоотой шүүхэд гомдол гаргах хугацаа өнгөрсөн байхад Ерөнхий шийдвэр гүйцэтгэгч ажиллагааны оролцогч биш, тухайн хөрөнгөтэй холбоотой ямар нэгэн эрх хэмжээ байхгүй Нийслэлийн Засаг даргын тамгын газрын дарга М.Отгонбаяр гомдол-д үндэслэн дахин хянаж шийдвэр гүйцэтгэгчийн явуулсан шийдвэр гүйцэтгэх ажиллагааг өөрчлөж хүчингүй болгосон нь илт хууль бус юм.

Шүүхийн шиидвэр гүйцэтгэх тухай /2002 оны/ хуулийн 48 дугаар зүйлийн 48.7 дахь хэсэгт Албадан дуудлага худалдаагаар худалдан борлогдоогүй ... газраас бусад үл хөдлөх эд хөрөнгийг шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулахад гарсан зардлыг хасаж төлбөртөө тооцон авахыг төлбөр авагчид санал болгоно"эд хөрөнгийг төлбөрт тооцож өгөх үндэслэл нь дуудлага худалдаагаар борлогдоогүй эд хөрөнгө үнийн хүвьд төлбөрийн хэмжээ шийдвэр гүйцэтгэх ажиллагааны зардлынг хасч төлбөрийн зөрүүг олгох түхай агуулга тусгагдаагүй төлбөр төлөгч тэл нь үнийн талаар дахин санал гаргаагүй. Улсын дээд шүүхийн тайлбарт хуучин /2002 оны/ Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн Мөн зүйлийн 48.7 дахь хэсэгт заасан Албадан дуудлага худалдаа гэдэгт анхны болон хоёр дахь дуудлага худалдааны аль аль хамаарна. Албадан дуудлага худалдаагаар борлогдоогүй эд хөрөнгийг төлбөртөө тооцон авахийг төлбөр авагчид санал болгох хүдалдан борлогдоогүй барьцаа хөрөнгийг төлбөрт тооцон авах явдал нь үл хөдлөх эд хөрөнгө зарагдаж үнэ нь мөнгөн дүнгийн хэлбэрт ороогүй тул эд хөрөнгийн үнэлгээ төлбөрийн хэмжээнд хүрсэн, хүрээгүй, түүнээс давсан байхаас үл хамааран төлбөр авагчийн авлагыг бүрэн хаах агуулгатай юм гэж тайлбарласан байдаг. хуучин 2002 оны Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар шийдвэр гүйцэтгэх бүх ажиллагаа явж дуусгавар болсон байхад шүүх 2017 оны шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай шинэчилсэн хуулийн зүйл, заалтыг буруу тайлбарласан. Багахангай, налайх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 725 дугаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр ...тогтоолоор төлбөр авагч улаанбаатар хотын банкинд төлөбр төлөгч Багахангай мах боловсруулах үйлдвэр НӨҮГ-аас шилжүүлэн хүлээлгэж өгсөн үйлдвэрийн барилга, тоног төхөөрөмж, эзэмшил бүхий 2 га газрын эрхийг шилжүүлэх ажиллагааг гүйцэтгэхийг налайах дүүргийн шийдвэр гүйцэтгэх хэсэгт даалгаж шийдвэрлэсэн шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр байсаар байхад анхаарч үзээгүй, шийдвэр гүйцэтгэх ажиллагаатай холбоотой асуудлаар үрьд шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр нь энэ юм.

Шүүх хэрэг маргааныг шийдвэрлэхдээ өмнө нь яг ижил хэлбэрээр явагдсан шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг Улсын дээд шүүхээс буруу гэж үзсэн. Тиймээс дараагийн ажиллагааг дээд шүүхийн тогтоолд зааснаас өөрөөр явуулсан нь буруу учир 2 дахь ажиллагааг өмнөх дээд шүүхийн тогтоолд нийцүүлж засах нь зүйтэй гэх агуулгаар шийдвэрлэсэн гэж үзэх үндэслэл бүхий эргэлзээ нэхэмжлэгчид байгаа бөгөөд хариуцагчийн тайлбарт Улсын дээд шүүхийн тогтоолын агуулга-ын талаар хэд хэдэн удаа дурдагдсан нь шүүх гагцхүү хуульд захирагдах зарчмыг зөрчсөн, өөр хэрэг маргааэыг шийдвэрлэсэн шийдвэрийг жишиг болгон хэрэглэж, хариуцагчийн нөлөөнд автсан байж болзошгүй гэж үзэж байна. Иймд дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг өөрчилж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, зохигчдын хоорондын маргаанд хамааралтай нотлох баримтыг бүрдүүлэх болон үнэлэх журмыг зөрчөөгүй, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч Улаанбаатар хотын банк ХХК нь хариуцагч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын шийдвэр гүйцэтгэх алба болон Налайх дүүрэг дэх шийдвэр гүйцэтгэх хэсэгт тус тус холбогдуулан шийдвэр гүйцэтгэх ажилалгааг хүчингүй болгосон 2018 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн 07 дугаар тогтоолыг хүчингүйд тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч байгууллагууд эс зөвшөөрч маргажээ.

Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 4 дүгээр шүүхийн 2014 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 24/388 дугаар шийдвэрээр Багахангай мах боловсруулах үйлдвэр ОНӨААТҮГ-аас 504 282 651 төгрөгийг гаргуулж, Улаанбаатар хотын банк ХХК-д олгож шийдвэрлэсэн ба шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх ажиллагааны явцад хариуцагч Налайх дүүрэг дэх шийдвэр гүйцэтгэх тасаг нь төлбөр төлөгч Багахангай мах боловсруулах үйлдвэр ОНӨААТҮГ-ын албадан дуудлага худалдаагаар худалдан борлогдоогүй хөрөнгө болох барилга, газар, холбогдох тоног төхөөрөмжийг 431 018 965 төгрөгийн төлбөрт тооцон төлбөр авагч Улаанбаатар хотын банк ХХК-д шилжүүлэх шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2016 оны 8 дугаар сарын 11-ний өдөр гүйцэтгэсэн байна.

Дээрх ажиллагааг Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас хууль бус гэж үзэн 2018 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 03/903, 2018 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 03/1116 тоот албан бичгээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын дарга болон Ерөнхий шийдвэр гүйцэтгэгч нарт ... хуульд заасан журам дэс дарааллын дагуу явуулах, Улсын дээд шүүхийн шийдвэрийг биелүүлээгүйгээс нийслэлд хохирол учирч байгаа агуулга бүхий хүсэлт гаргасантай холбогдуулан Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2018 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 1/5627 тоот албан бичиг, 2018 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 006121 тоот Чиглэл хүсэх тухай албан бичгийг үндэслэн Ерөнхий шийдвэр гүйцэтгэгч 2018 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн 07 дугаар тогтоолоор Налайх дүүрэг дэх шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэсгийн төлбөр төлөгч Багахангай мах боловсруулах үйлдвэр НӨҮГ-ын барилга, тоног төхөөрөмж, газрыг төлбөр авагч Улаанбаатар хотын банк ХХК-ийн төлбөрт тооцсон ажиллагааг хүчингүйд тооцжээ. /хх-ийн 36-39, 51-54 дүгээр тал/

Шийдвэр гүйцэтгэлийн тухай хуулийн /2017 оны/ 271 дүгээр зүйлийн 271.3.1-д Ерөнхий шийдвэр гүйцэтэгэгч нь ахлах шийдвэр гүйцэтгэгч, шийдвэр гүйцэтгэгчийн шийдвэрийг өөрчлөх, хүчингүй болгох, тэдгээрт тодорхой шийдвэр гаргах тухай даалгах эрхтэй гэж заасны дагуу шийдвэр гүйцэтгэгч хуулийн заалтыг зөрчиж ажиллагаа явуулсныг Ерөнхий шийдвэр гүйцэтгэгч нь хуулиар олгосон эрх хэмжээний хүрээнд шийдвэр гаргаж залруулсаныг буруутгахгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэх үндэслэлгүй талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт зөв болсон байна.

Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3, 44.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр гүйцэтгэлийн дээрх ажиллагаатай холбогдуулан гомдлоо гаргаагүй, эрх бүхий албан тушаалтанд гомдол гаргах хуулийн хугацааг хэтрүүлсэн нь шүүхээс Ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолыг хүчингүй болгох үндэслэл болохгүй юм.

Иймд анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болно.

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 104/ШШ2018/00433 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дах хэсэгт зааснаар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргаж болох бөгөөд мөн хуулийн 119.4, 119.7 дах хэсэгт заасны дагуу магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тус тус дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ИЧИНХОРЛОО

 

ШҮҮГЧИД Т.ТУЯА

 

Б.НАРМАНДАХ

.