Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 04 сарын 30 өдөр

Дугаар 212/МА2020/00035

 

М.Х-ы нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч С.Өмирбек даргалж, шүүгч Н.Туяа, Д.Көбеш нарын бүрэлдэхүүнтэй хийж,

Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 130/ШШ2020/00177 дугаар шийдвэртэй, Өлгий сумын 5 дугаар багт оршин суух Ж  овогт М-ийн Сы нэхэмжлэлтэй, Өлгий сумын 11 дүгээр багт оршин суух, И овогт Е-ын Ад холбогдох иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн 2020 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Көбешийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нарийн бичгийн дарга Т.Е, нэхэмжлэгч М.С, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.С нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлсэн мөнгө, хүүгийн хамт нийт 18.042.288.00 төгрөг гаргуулах тухай.

 

Нэхэмжлэлд: Миний охин Х.Г нь 2015 онд Е.Атэй гэр бүл болсон боловч хоорондоо таарч тохирохгүй болсон учир 2017 оны 10 дугаар сараас эхлэн тусдаа амьдарч байгаад 2019 оны 10 дугаар сард шүүхийн шийдвэрээр салж гэрлэлтээ цуцлуулсан. Е.А нь манайд хүргэн болох үед аав, ээж нь маш их хэмжээний зээлтэй, өөрсдийн сууж байгаа хувийн байшингаа банкинд барьцаалуулсан учир банкнаас зээл авах боломжгүй байсан. Е.А нь хүнсний худалдаа хийж дэлгүүр ажиллуулдаг байсан бөгөөд дэлгүүрийн орлогоо банканд зээлэнд хийж бараа авчрах мөнгөгүй болохоор би байнга мөнгө зээлүүлдэг байсан. Тухайн үед авсан зээлээ буцаагаад төлж байсан. 2016 оны 4 дүгээр сард Нурланбек гэдэг хүнээс Тирлик захад байгаа хүнсний худалдаа хийдэг байр \амбаар\ худалдаж авч өгч, би сар бүр таны банканд төлсөн мөнгийг танд төлж өгч байя гэж гуйсан. Би 2016 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр өөрийн цалингаа барьцаалж ХААН банкнаас 10,0 сая төгрөгийн зээлийг 24 сарын хугацаагаар авч Ад өгсөн. Банкны хуваарийн дагуу би банканд сар бүр 515,000 төгрөг төлж А надад 515,000 төгрөгийг сар бүр төлж өгч байсан. 2017 оны 3 дугаар сард дахиад нэг дэлгүүр түрээсэлж авсан. Бараа худалдаж авах ахиухан хэмжээний мөнгө хэрэгтэй болж байна. Та надад дахиад нэмж 10,0 сая төгрөгийн цалингийн зээл авч өгөөч гэсний дагуу ХААН банкнаас дахин нэмж цалингийн зээл авч 10,0 сая төгрөг бэлнээр өгсөн. Ингээд урьд авсан зээлийн үлдэгдэл 5906901 төгрөг үлдсэн байсан бөгөөд дээр нь шинээр нэмж авсан 10,0 сая төгрөгийг нэмж 15906901 төгрөгний цалингийн зээлийг би 48 сарын хугацаагаар авч сар бүр 459300 төгрөг төлж байхаар гэрээ хийсэн. Е.А нь зээлсэн мөнгөө миний дансанд эргүүлж төлж байсан нь миний нотлох баримтаар өгсөн Х банкны 2016-2017 оны дансны хуулгад байгаа. Бусад саруудыг надад бэлнээр өгч байсан. Хүргэн Е.А охин Х.Г хоёр хоорондоо таарч тохирохгүй болж 2017 оны 11 дүгээр сард Е.А нь архи ууж агсам тавьж, миний охин Х.Гг зодож биед нь хөнгөн гэмтэл учруулсан учраас охин Х.Г хүүхдээ аваад төрхөмдөө буцаж ирсэн. Тэгээд би Шүүхийн шинжилгээний албаны эмчид үзүүлж акт тогтоолгож Цагдаагийн газарт өгсөн. Аймгийн Цагдаагийн газраас Е.Ад эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхлэхэд оргон зайлж Казахстан Улс руу явчихсан. 2017 оны 11 дүгээр сараас эхлэн сар бүр төлөх мөнгөө төлөхөө больсон. Тэр үед би авсан зээлээ төлөхийг шаардсан боловч одоогоор төлбөрийн чадваргүй байна, байшингаа зарах гэж байна, байшингаа зарахаар төлж өгнө гэсэн. Тухайн үед байшингаа зарахаар зар тавьсан байсан. Тэгвэл надаас мөнгө авсан нь үнэн бөгөөд байшингаа зарсан үед төлж өгнө гэж баталгаа бичиж өг гэхэд 2019 оны 01 дүгээр сарын 22-нд Е.А надад өөрийн гараар баталгаа бичиж өгсөн. Уг бичгийн үндсэн хувийг нотлох баримтаар нэхэмжлэлд хавсаргаж өгч байна. Миний 2017 оны 11 дүгээр сараас эхлэн 2019 оны 11 дүгээр сар дуустал нийт 25 сар 459.300 төгрөг нийт 11.482.500 төгрөг төлсөн. Би банкнаас өөрийн хувийн хэрэгцээнд шаардлага гарч цалингийн зээл авах гэхэд өмнөх зээлээ төлж дуусгасны дараа өгнө гэсэн. Тэгээд би 2019 оны 12 дугаар сарын 23-нд үлдсэн 6.559.757 төгрөг 88 мөнгийг нэмж төлж зээлээ хаасан. Ингээд би нийтдээ 18.042.288 төгрөг төлсөн. Энэ мөнгийг Е.А надад эргүүлэн төлж өгөх ёстой. Е.А миний охиноос салж надад ямар ч хамааралгүй болсон. Би Е.Аээс авсан мөнгөө эргүүлж төлж өгөхийг удаа дараа шаардсан боловч төлж өгөхгүй байна. Иймд Е.Аээс дээрх 18.042.288 төгрөгийг гаргуулж өгнө үү. гэжээ.

 

Хариуцагчийн тайлбарт: Миний бие айлын ганц хүү ба Х.Г бид хоёр 2015 оны 8 дугаар сарын 01-ний өдөр гэр бүл болоход эцэг эх маань ганц хүүдээ зориулж багагүй хэмжээний хөрөнгө мөнгө гаргаж хурим найрын цайллага хийж өгсөн. Энэ тухай Х.Г болон хоёр талын эцэг эхчүүд, мөн бусад хамаатан төрөл садангийн хүмүүс бүгд мэднэ. Хоёр талын эцэг эхчүүд бүгд Х.Г бид хоёрыг цаашид сайн сайхан амьдруулахын тулд чадах чинээгээр дэмжин тусалж ирсэн. Тодруулбал, миний эцэг эхийн зүгээс Х.Г бид хоёрын бизнесийг дэмжих зорилгоор 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдөр Төрийн банкны Баян-Өлгий аймаг дахь салбараас 2%-ийн хүүтэй, 36 сарын хугацаатай 35.000.000 төгрөгийн зээл гаргуулж бидэнд өгсөн. Х.Г бид хоёр уг мөнгөөр тус сумын 4 дүгээр багт байрлах Малчин төв-ийн доод давхарт супермаркет нээн ажиллуулах болон дэлгүүрийн доторх эд барааг авахад зарцуулсан. Дараа нь уг бизнесийн эргэлтийн хөрөнгийг сайжруулахын тулд 2017 оны 8 дугаар сарын 07-ны өдөр Төрийн банкны Баян-Өлгий аймаг дахь салбараас сарын 2,20%-ийн хүүтэй, 40 сарын хугацаатай 10.000.000 төгрөгийн зээлийг нэмж авсан, түүнчлэн 2017 оны 8 дугаар сарын 23-ны өдөр төрийн банкны Баян-өлгий аймаг дахь салбараас сарын 2,30%-ийн хүүтэй, 60 сарын хугацаатай 20.000.000 төгрөгийн зээлийг дахиад нэмж авсан. Эдгээр зээлийг авахад барьцаа хөрөнгө шаардлагатай байсан ба Х.Г бид хоёрын хувьд өөрсдөө байгаа хөрөнгөөр ийм хэмжээний зээлийг авах боломжгүй байсан. Иймээс дээр дурдсанчлан миний эцэг эх болон бусад Н.Ергали, А.Самал, И.Пернегүл нарын хамаатан ах эгч нар чухам бидний төлөө өөрсдийн амин чухалд тооцогддог хувийн эд хөрөнгүүд болох Ү-0213001010 улсын бүртгэлийн дугаартай өвлийн сууц, 031300428 дугаартай эзэмшил газар, Г-0213005887 улсын бүртгэлийн дугаартай өмчлөлийн газар, Ү-0213005335 улсын бүртгэлийн дугаартай өвлийн сууц, Ү-0213006969 улсын бүртгэлийн дугаартай өвлийн сууцны подвал хэсэг, 031304122 дугаартай эзэмшил газар зэрэг хөрөнгүүдийг барьцаалан байж дээрх зээлийг авч Х.Г бид хоёрт өгсөн. Энэ нь Төрийн банкны Баян-Өлгий аймаг дахь салбараас Х.Г бид хоёрт холбогдуулан гаргасан 44.323.640 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл зэрэг нотлох баримтуудаар нотлогдоно. Түүнчлэн хадам аав, ээж С, Гүлшат нараас мөн Х.Г бид хоёр дэлгүүр ажиллуулж олсон ашгаасаа уг 35 сая төгрөгийг бүрэн төлж барагдуулсан. Дараа нь хадам аав С, ээж Гүлшат нар Х.Гүлемерей бид хоёрын бизнесийг дэмжихэд зориулж 16 сая төгрөгийг 10 сая ба 6 сая болгож хоёр хувааж өгсөн ба Х.Г бид хоёр уг 16 сая төгрөгийг дэлгүүрийн эргэлтийн хөрөнгөнд зориулж зарцуулсан. Х.Г бид хоёр эцэг эхийн тусламж дэмжлэгээр авсан эдгээр мөнгөөр Арзан болон Перизат гэсэн нэртэй дэлгүүрүүдийг ажиллуулж сайхан амьдарч байсан. Гэтэл удалгүй Х.Г бид хоёрын хооронд үл ойлголцох асуудлууд гарсан. Тэр үед ОХУ болон Казахстан улс руу явсан (2017 оны 11 дүгээр сарын 18-ны өдрөөс 2019 оны 7 дугаар сарын 21-ний өдөр хүртэл) ба энэ хугацаанд дэлгүүрийн орлогыг Х.Г авч байсан. (Х.Г дэлгүүрийн санхүүг барьж орлогыг авдаг байсныг гэрчлэх 2ширхэг тэмдэглэлийн дэвтрийг хавсаргав). Миний бие 2019 оны 7 дугаар сард Монгол Улсад ирэхэд эдгээр дэлгүүрүүд бүгд дампуурсан, үүнээс болж бусдаас авсан их хэмжээний зээл төлөгдөөгүй хугацаа хэтэрсэн байдалтай байсан. Дээрээс нь шүүхээс Х.Г бид хоёрын охин Перизатыг үрчлүүлсэн тухай бүртгэлийг хүчингүй болгосон байдаг. Түүнчлэн, хадам аав ээж хоёр охин болох Х.Гг надаас салгаж авна, хэрэв үүнийг хүсэхгүй байгаа бол биднээс авсан 18 гаруй сая төгрөгийг дангаараа хариуцаарай гэж намайг тал талаасаа загнаж, тулгаж эхэлсэн. Тэгэхээр нь би хэдийгээр 16 гаруй сая төгрөгийг би ганцаараа аваагүй ч гэсэн гэр бүлээ хамгаалж үлдэхийн тулд эхнэр хүүхдээ бодож хадам аавын шахалтад орж түүний хэлснээр тодорхойлолт бичиж өгч байсан. Тухайн үед чухам ямар тодорхойлолт бичсэнээ санахгүй байна. Сүүлд нь нэхэмжлэлд хавсаргасан тодорхойлолттой танилцаж үзэхэд би хадам аав М.Саар цалингийн зээл авхуулсан мэтээр, зөвхөн би уг мөнгөөр дэлгүүр нээн ажиллуулж байсан мэтээр зүйлүүдийг бичсэн байсныг олж харсан. Гэтэл бодит байдалд өөр байгааг хадам аав М.С нь мэдэж байгаа мөртлөө зөвхөн надаас үндэслэлгүйгээр 18 гаруй сая төгрөг нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Зүй нь хадам аав М.Саас авсан 16 сая төгрөгийг Х.Г бид хоёр хамтран хариуцах ёстой. гэжээ.

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 130/ШШ2020/00177 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-ийг баримтлан хариуцагч Ители ахбахты овогт Ербахытын Аээс зээлийн үлдэгдэл мөнгө 12691800 (арван хоёр сая зургаан зуун ерөн нэгэн мянга найман зуун) төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Жантекей Хазбек овогт Мустафагийн Сд олгож, нэхэмжлэгчийн илүү нэхэмжилсэн 5350488 (таван сая гурван зуун тавин мянга дөрвөн зуун наян найман) төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч, шүүх хэргийг шийдвэрлэхдээ хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн хэрэгт цугларсан нотлох баримтад зөв дүгнэлт хийгээгүй, ингэснээр шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй болж чадаагүй гэсэн үндэслэлээр дараах давж заалдах гомдлыг гаргаж байна.

Шүүхээс тус хэргийг хянан шийдвэрлэхдээ нөхцөл байдлыг буруугаар ойлгож хэрэгт цугларсан нотлох баримтад зөв дугнэлт хийгээгүй байна. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ нэхэмжлэлд, хариуцагч татгалзлаа хариу тайлбартаа тодорхой бичсэн. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт ...хариуцагч Е.А зээлээр авсан 15,906,900 төгрөгөөс нийт төлсөн 3,215,100 төгрөгийг хасаж тооцоход одоо нэхэмжлэгч М.Сд зээлийн үлдэгдэл 12,691,800 төгрөг төлөх ёстой болох нь тогтоогдож байна гэж дүгнэсэн байна. Хариуцагчийн зүгээс нэхэмжлэгч М.Сыг зээлийн үлдэгдэл 12,691,800 төгрөг авах ёстой гэсэнд маргахгүй, гэхдээ уг зээлийн үлдэгдэл 12,691,800 төгрөгийн тал хувийг Х.Г хариуцах ёстой гэж маргаж байгаа. Учир нь, дээр дурдсанчлан Е.А Х.Г нар 2015 оноос эхэлж хамтын амьдралтай байх хугацаанд Арзан, Перизат, Малчин төв гэсэн 3 супермаркет ажиллуулж байсан ба уг бизнесийн үйл ажиллагааг сайжруулахын тулд Төрийн банк болон нэхэмжлэгч М.Саас зээл авч хамт ашигласан байсан. Энэ нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нотлогдоно. Өөрөөр хэлбэл, хариуцагч Е.А зөвхөн өөртөө зориулж эсхүл өөр зорилгоор нэхэмжлэгч М.Саас ямар нэгэн байдлаар зээл авч байгаагүй гагцхүү хариуцагчийн хадам аав нь болох М.С /тус хэргийн нэхэмжлэгч/ ээж Күлшат нараас охин нь болох Х.Гг хариуцагчаас салгаж авна, хэрэв үүнийг хүсэхгүй байгаа бол нэхэмжлэгчээс авсан 16 гаруй сая төгрөгийг дангаараа хариуцаарай гэж хариуцагчийн хүсэл зоригийн эсрэг дарамт шахалт үзүүлэхээр нь хариуцагч хэдийгээр 16 гаруй сая төгрөгийг нэхэмжлэгчээс дангаараа аваагүй боловч гэр бүлээ хамгаалж үлдэхийн тулд аргагүй байдалд орж гэр бүлээ эхнэр хүүхдээ бодож нэхэмжлэгчийн шантаажаар хэрэгт авагдсан тодорхойлолтыг бичиж өгсөн байна. Энэ нь тодорхойлолтод бичигдсэн огноо, шүүхийн шийдвэрүүд зэрэг бусад холбогдох нотлох баримтуудаар болон нэхэмжлэгчийн өөрийнх нь шүүхэд гаргасан тайлбараар нотлогдоно. Гэтэл шүүх эдгээр нөхцөл байдалд буруу дүгнэлт өгсөн байна. Өөрөөр хэлбэл шүүхээс тус хэргийг хянан шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсгийг зөрчсөнөөс гадна хэрэглэвэл зохих Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1, 108.8, 125 дугаар зүйлийн 125.1, 126 дугаар зүйлийн 126.1, 126.2, 126.4, 128 дугаар зүйлийн 128.1, 129 дугаар зүйл, 130 дугаар зүйлийг тайлбарлан хэрэглээгүйд гомдолтой байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү. гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагад нийцсэн байна.

 

Нэхэмжлэгч М.С нь хариуцагч Е.Ад холбогдуулан, зээлийн гэрээний үүрэгт үндсэн төлбөрийн үлдэгдэл, хүү 18.042.288.00 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргажээ.

 

Хэргийн баримтаас үзвэл, нэхэмжлэгч М.С нь Х банкны Баян-Өлгий салбараас үлдэгдэл зээл 5.906.901.00 төгрөг дээр нэмж 10.000.000.00 төгрөг бүгд 15.906.901.00 төгрөгийн цалингийн зээлийг жилийн 16.8 хувийн хүүтэй авч, хариуцагч Е.Ад өгч, хариуцагч Е.А нь уг мөнгийг нэхэмжлэгч М.Сд сар бүр 459.300.00 төгрөгөөр цувуулан төлж байхаар тохиролцсон үйл баримт нь ХААН банкны Баян-Өлгий салбар болон М.С нарын байгуулсан 2017 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн №ЗГ201742987731 дугаартай зээлийн гэрээ болон зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарь, хариуцагч Е.Аий нэхэмжлэгч М.Сд бичиж өгсөн баримт, нэхэмжлэгч М.Сы ХААН банкны 5180665122 дугаартай депозит дансны хуулгаар тогтоогджээ.

 

Зохигчдын хороонд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзэх ба нэхэмжлэгч М.С нь хариуцагч Е.Аээс зээлийн гэрээний үүргийн биелэлтийг шаардах эрхтэй, энэ талаар анхан шатны шүүх үндэслэлтэй зөв дүгнэж, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн нь нотлох баримтад үндэслэгдсэн байна.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ...нэхэмжлэгч М.Сыг зээлийн үлдэгдэл 12.691.800.00 төгрөг авах ёстой гэдэгт маргахгүй, гэхдээ уг зээлийг үлдэгдэл 12.691.800.00 төгрөгийн тал хувийг Х.Г хариуцан төлөх ёстой... гэх агуулгаар гаргасан давж заалдах гомдлыг хангах үндэслэл хэргийн баримтаар тогтоогдсонгүй. Тодруулбал, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ... хадам аав болох М.С, ээж Күлшат нараас охин Х.Гг хариуцагч Е.Аээс салгаж авна, хэрэв үүнийг хүсэхгүй байгаа бол нэхэмжлэгчээс авсан 16 гаруй сая төгрөгийг дангаараа хариуцаарай гэж хариуцагчийн хүсэл зоригийн эсрэг дарамт шахалт үзүүлэхээр нь хариуцагч хэдийгээр 16 гаруй сая төгрөгийг ганцаараа аваагүй боловч гэр бүлээ хамгаалж үлдэхийн тулд аргагүй байдалд орж гэр бүлээ, эхнэр хүүхдээ бодож хэрэгт авагдсан тодорхойлолтыг бичиж өгсөн гэж тайлбарлаж байгаа боловч нэхэмжлэгч М.Саас мөнгө зээлж авсанд маргаагүй, үлдэгдэл мөнгөний тал хувийг Х.Г хариуцах талаар нотлох баримтаар нотолж чадаагүй байна.

 

Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг бүхэлд нь хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Хуульд зааснаар хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 116.500.00 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгож ТОГТООХ нь:

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 130/ШШ2020/00177 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалт, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэг, 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэг, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 116.500.00 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ӨМИРБЕК

 

ШҮҮГЧИД Н.ТУЯА

 

Д.КӨБЕШ