Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 02 сарын 15 өдөр

Дугаар 001/ХТ2022/00151

 

М.Хы нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Г.Алтанчимэг даргалж, шүүгч П.Золзаяа, С.Соёмбо-Эрдэнэ, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 130/ШШ2020/00177 дугаар шийдвэр,

 

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 212/МА2020/00035 дугаар магадлалтай,

 

М.Хы нэхэмжлэлтэй

Е.Ад холбогдох

 

Зээлсэн мөнгө, хүүгийн хамт нийт 18,042,288 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Серикжаны гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Базар, хариуцагчийн өмгөөлөгч А.Серикжан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа нар оролцов.

 

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 130/ШШ2020/00177 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-ийг баримтлан хариуцагч Ители ахбахты овогт Ербахытын Е.Аээс зээлийн үлдэгдэл мөнгө 12691800 (арван хоёр сая зургаан зуун ерөн нэгэн мянга найман зуун) төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Жантекей Хазбек овогт Мустафагийн М.Хд олгож, нэхэмжлэгчийн илүү нэхэмжилсэн 5350488 (таван сая гурван зуун тавин мянга дөрвөн зуун наян найман) төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 

2. Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 212/МА2020/00035 дугаар магадлалаар Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 130/ШШ2020/00177 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалт, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэг, 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэг, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 116,500.00 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Серикжан хяналтын гомдолдоо: ...Шийдвэр, магадлалыг тус тус эс зөвшөөрч анхан болон давж заалдах шатны шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хэрэгт цугларсан нотлох баримтад зөв дүгнэлт хийгээгүй, ингэснээр шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй болж чадаагүй гэсэн үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргаж байна. Хоёр шатны шүүх тус хэргийг хянан шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасныг зөрчсөн тухайд: Нэхэмжлэгч М.Х нь нэхэмжлэлийн үндэслэлээ тайлбарлахдаа: “...би 2016.04.14-ний өдөр өөрийн цалингаа барьцаалж ХААН банкнаас 10,000,000 төгрөгийн зээлийг 24 сарын хугацаагаар авч Е.Ад өгсөн ...2017.03 дугаар сард дахиад ...10,000,000 төгрөг бэлнээр өгсөн...” гэж тайлбарлаж байгаа боловч хариуцагч Е.Аээс нэхэмжлэлийн татгалзлалын үндэслэлээ тайлбарлахдаа: “...хадам аав ээж М.Х, Гүлшат нар Х.Гбид хоёрын бизнесийг дэмжихэд зориулж 16,000,000 төгрөгийг 10,000,000 ба 6,000,000 болгож хоёр хувааж өгсөн ба Х.Гбид хоёр уг 16,000,000 төгрөгийг дэлгүүрийн эргэлтийн хөрөнгөнд зориулж зарцуулсан ... уг 16,000,000 төгрөгийн үр шимийг Х.Гбид хоёр хоёулаа хүртсэн” гэж тайлбарлаж байгаа. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт: “...хариуцагч Е.А зээлээр авсан 15,906,900 төгрөгнөөс нийт төлсөн 3,215,100 төгрөгийг хасаж тооцоход одоо нэхэмжлэгч М.Хд зээлийн үлдэгдэл 12,691,800 төгрөг төлөх ёстой болох нь тогтоогдож байна” гэж дүгнэсэн байна. Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаар Е.А болон түүний эхнэр Х.Гнар нь хамтын амьдралтай байх хугацаанд “Арзан”, “Перизат”, “Малчин төв” гэсэн 3 супермаркет ажиллуулж байсан ба уг бизнесийн үйл ажиллагааг сайжруулахын тулд Төрийн банк болон нэхэмжлэгч М.Хаас зээл авах байдлаар эргэлтийн хөрөнгийг нэмэгдүүлсэн, маргаан бүхий 16,000,000 төгрөгийг хамтдаа ашиглаж үр шимийг нь хамт хүртсэн болох нь тогтоогдсон. Хэргийн 5 дугаар талд авагдсан тодорхойлолт нь дээрх үйл баримт болж өнгөрсний дараа буюу 2019.01.12-ны өдөр бичигдсэн, хариуцагчаас энэхүү тодорхойлолтыг чухам яагаад нэхэмжлэгчид бичиж өгсөн шалтгааныг тайлбарласан байхад шүүх тус хэргийг хянан шийдвэрлэхдээ хэт нэг талыг барьж маргаан бүхий 16 сая төгрөгийг зөвхөн Е.А авч захиран зарцуулсан мэтээр хийсвэр дүгнэлт хийж шударга бус хандсанд маш их гомдолтой байна. Хариуцагч Е.А гэрлэлтээ цуцлуулахаас өмнө ам бүл гурвуулаа байсан ба хэдийгээр маргаан бүхий 16,000,000 төгрөгийг гэр бүлийн хамт захиран зарцуулан боловч шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт тодорхойлогдсон 12,691,800 төгрөгийг гуравт хуваахгүйгээр бага насны хүүхдээ бодож шууд тал хувийг нь хариуцья гэсэн санал гаргаж байгаа юм. Гэрлэгчдийн хамтын амьдралтай байх хугацаандаа хамтдаа зээлдэж авч байсан мөнгийг гэр бүлийн бүх гишүүд үр шимийг нь хүртсэн боловч зөвхөн нэг гэр бүлийн гишүүн нь /энэ тохиолдолд хариуцагч Е.А/ зээлийн эргэн төлөлтийг дангаараа хариуцах ёстой гэсэн нь шударга ёсны зарчимд нийцээгүй төдийгүй Монгол Улсын Үндсэн хуулийн арван дөрөвдүгээр зүйлийн 1-т “Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна”, мөн хуулийн арван зургадугаар зүйлийн 11/-т “...гэр бүлийн харилцаанд эрэгтэй, эмэгтэй тэгш эрхтэй” гэж заасныг маш ноцтой зөрчсөн явдал болсон байна. Шүүхээс тус хэргийг хянан шийдвэрлэхдээ дээрх байдлаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсгийг зөрчсөнөөс гадна хэрэглэвэл зохих Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1, 108.8, 125 дугаар зүйлийн 125.1, 126 дугаар зүйлийн 126.1, 126.2, 126.4, 128 дугаар зүйлийн 128.1, 129 дугаар зүйл, 130 дугаар зүйлийг тайлбарлан хэрэглээгүйд гомдолтой байна. Иймд шийдвэр, магадлалд тус тус өөрчлөлт оруулж, 12,691,800 төгрөгийн тал хувийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

4. Хяналтын журмаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхив.

 

5. Нэхэмжлэгч М.Х, хариуцагч Е.Ад холбогдуулан зээлийн үүрэгт 18,042,288 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийг гаргасан ба хариуцагч нь зээлийн хүү төлөхөөр тохироогүй тул үндсэн зээл 8,000,000 төгрөг төлөхийг зөвшөөрч, үлдэх 8,000,000 төгрөгийг нэхэмжлэгчийн охин Х.Гхариуцах ёстой гэж маргажээ.

6. Анхан болон давж заалдах шатны шүүх хариуцагчаас 12,691,800 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэхдээ Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг тухайн маргаанд зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан байх тул шийдвэр, магадлалыг хэвээр үлдээх үндэслэлтэй байна.

 

7. Нэхэмжлэгч М.Х нь охин Х.Гн нөхөр Е.Ад мөнгө зээлдүүлэх зорилгоор ХААН банкны Баян-Өлгий салбараас цалингийн зээл авч, 2016.04.14-ний өдөр 10,000,000 төгрөгийг өгсөн ба үлдэгдэл зээл 5,906,901 төгрөг дээр нэмж, 2017.03.29-ний өдөр дахин 10,000,000 төгрөг зээлж, нийт 15,906,901 төгрөгийг зээлдүүлсэн, Е.А нь зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарьт заасан сар бүр төлөх 459,300 төгрөгийг М.Хд төлөхөөр тохирсон үйл баримтыг талууд маргаагүй, гагцхүү хариуцагч нь уг мөнгийг нэхэмжлэгчийн охин хамтран хариуцах ёстой гэж маргажээ.

 

8. Зохигчийн хороонд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзсэн шүүхийн дүгнэлт хууль зөрчөөгүй, гэрээ хүчин төгөлдөр байх тул талуудын хэн аль нь гэрээнд заасан үүргээ биелүүлэх, үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхтэй. Зээлийн гэрээ амаар байгуулагдсан, Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-т “Хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана.гэж заасан тул хүү шаардах эрхгүй гэж үзэж, хариуцагчаас 12,691,800 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосон шүүхийн шийдвэр хуульд нийцжээ. Нэхэмжлэгч шүүхийн шийдвэрийг зөвшөөрсөн, гомдол гаргаагүй юм.

 

9. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо “...зээлийн үлдэгдэл 12,691,800 төгрөгийн тал хувийг нэхэмжлэгчийн охин Х.Гхариуцан төлөх ёстой, нэхэмжлэгч уг мөнгийг биднийг гэр бүл байхад өгсөн, бид нар дэлгүүр ажиллуулж байсан үйл баримт тогтоогдсон байхад шүүх дүгнэлт хийж чадаагүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасныг зөрчсөн ...шударга ёсонд нийцсэн шийдвэр гаргаж, нэхэмжлэлийг багасгаж өгнө үү” гэсэн үндэслэлийг заажээ.

 

Хэрэгт байгаа баримтаас үзвэл хариуцагч нь нийт 3,215,100 төгрөгийг нэхэмжлэгчид төлжээ. Уг үйлдэл нь Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.3-т “Нэг талын хүсэл зоригийн илэрхийллийг нөгөө тал хүлээн авснаа өөрийн тодорхой үйлдлээр илэрхийлсэн бол уг хэлцлийг бодит үйлдлээр хийгдсэн гэж үзнэ...” гэж заасан зохицуулалтаар зээлийн гэрээний харилцаа үүссэн болохыг мөн нотолсон байна.

 

2019.12.01-ний өдөр Е.А нь “...хадам аав Мустафа М.Хаас 15,906,900 төгрөгийн цалингийн зээл авахуулсан нь үнэн, 2017.11 сар хүртэл сар банкинд төлөх ёстой 459,300 төгрөгийг би өөрөө төлж ирсэн, ...Уг зээлийг авч тухайн үед би дэлгүүр нээсэн. Би зээлийг хариуцаж төлнө. Манай аав, ээж байшингаа зарсан үед төлж өгөх болно...” гэсэн баримтад гарын үсгээ зурсан, уг баримтыг нэхэмжлэгч шүүхэд гарган өгсөн байна.

 

Анхан болон давж заалдах шатны шүүх дээрх бичгийн баримтыг нотлох баримтын хэмжээнд үнэлж шийдвэрийн үндэслэл болгосныг буруутгах үндэслэлгүй юм. Хариуцагч нь нэхэмжлэгчийн зүгээс охиноо салгаж авна, хэрэв үүнийг хүсэхгүй байгаа бол 16,000,000 төгрөгийг дангаараа хариуцаарай гэж дарамт шахалт үзүүлсэн, гэр бүлээ хамгаалж үлдэхийн тулд аргагүй байдалд орж тодорхойлолтыг бичиж өгсөн гэж тайлбарлаж байгаа боловч баримтаар нотлоогүй байв.

 

Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгож ТОГТООХ нь:

 

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 130/ШШ2020/00177 дугаар шийдвэр, Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 212/МА2020/00035 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 05 дугаар сарын 28-ны өдөр төлсөн 116,500 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

                         ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                      Г.АЛТАНЧИМЭГ

                          ШҮҮГЧИД                                                          П.ЗОЛЗАЯА

                                                                                                     С.СОЁМБО-ЭРДЭНЭ

                                                                                                     Д.ЦОЛМОН  

                                                                                                     Х.ЭРДЭНЭСУВД