Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 02 сарын 01 өдөр

Дугаар 210/МА2019/00242

 

 

 

 

 

2019 оны 02 сарын 01 өдөр

Дугаар 210/МА2019/00242

 

 

 

Худалдаа хөгжлийн банк ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Ч.Цэнд, Б.Нармандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 102/ШШ2018/03645 дугаар шийдвэртэй Худалдаа хөгжлийн банк ХХК-ийн нэхэмжлэлтэй Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох, үнэлгээ хүчингүй болгуулах тухай хэргийг нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Б.Нармандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ганболд, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Азбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Ган-Өнөр нар оролцов.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч С.Оргодол шүүхэд гаргасан нэхэмжлэл болон тайлбартаа: Г.Мөнхбаяр, Ч.Шинэчимэг нар нь 2012 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр Худалдаа хөгжлийн банк ХХК-тай 2012/137 тоот Үл хөдлөх эд хөрөнгийн зээлийн гэрээ, 2012/137/1 тоот Батлан даалтын гэрээ, мөн 2012/137/01 тоот Үл хөдлөх хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ-г тус тус байгуулан 80 000 000 төгрөгийн зээлийг, сарын 1.5 хувийн хүүтэй, 84 сарын хугацаатай хувийн хэрэгцээндээ зориулан авсан бөгөөд гэрээгээр хүлээсэн үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож, Улсын бүртгэлийн Ү-2202007100 дугаарт бүртгэгдсэн, Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, Яргайтын 41 дүгээр гудамжны 6406 тоотын 96 м.кв талбайтай хувийн сууц, Улсын бүртгэлийн Ү-2202015574 дугаарт бүртгэгдсэн, дээрх хаягт байрлах 300 м.кв талбайтай авто гарааж , Улсын бүртгэлийн Ү-2202004424 дугаарт бүртгэгдсэн, дээрх хаягт байрлах 504 м.кв гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг тус тус холбогдох хууль тогтоомжид заасны дагуу барьцаалж, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг баталгаажуулсан. Зээлдэгч нар нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тул банк шүүхэд хандаж, 2016 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 1727 дугаар шийдвэрээр хэргийг шийдвэрлэсэн. Мөн уг шийдвэрийг албадан гүйцэтгэх шүүгчийн захирамж. шүүхийн гүйцэтгэх хуудас гарснаар Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албатай холбогдох гэрээг байгуулан гүйцэтгэх ажиллагааг эхлүүлсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар барьцаа хөрөнгүүдийг 2017 онд Мөнх-Оргил трейд ХХК 150 200 000 төгрөгөөр үнэлж байсан. Энэ үнэлгээнд төлбөр төлөгч гомдол гаргаж, шүүхээс үнэлгээг хүчингүй болгож шийдвэрлэсэн тул Вендо ХХК-аар дахин үнэлгээ тогтоолгоход 266 033 832 төгрөгөөр үнэлсэн нь зах зээлийн үнэлгээнээс хэт өндөр үнэлэгдсэн. Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газраас томилогдсон Вендо ХХК нь үнэлгээг хийхдээ зах зээлийн жишгээр тооцон үнэлсэн гэх боловч үнэлсэн хөрөнгүүдээс гарааж ийн үнэлгээг авч үзэхэд төвийн дулаанд холбогдсон орон сууцны тохилог гарааж ийн зах зээлийн хамгийн өндөр үнээр үнэлээд байгаа. Учир нь үнэлэгдсэн 300 м.кв талбай бүхий гараашийг 8-10 машины багтаамжтай гэж тооцон төвийн дулаанд холбогдсон дулаан зогсоолуудын дээд үнэ 20 000 000 төгрөгөөр тооцоход нийт 160 000 000-200 000 000 төгрөг болохоор байна. Гэтэл уг гарааж нь хотын захын гэр хороололд байршилтай, төвийн халаалтын шугамд холбогдоогүй зэрэг дутагдалтай талууд маш их байгаагаас тус хөрөнгө нь 40 000 000-50 000 000 төгрөг хүрэх хөрөнгийг 164 625 258 төгрөгөөр үнэлж байгаа нь бодит байдлаас хэт өндөр үнэлсэн. Мөн үнэлгээний тайланд эдийн засгийн элэгдэлгүй, буруу ашиглалтын элэгдэлгүй, ашиглалтын явцад урсгал засварыг хийсэн гэсэн тайлбарууд үндэслэлгүй юм. Дээрх хөрөнгүүдийг 2012 онд 136 000 000 төгрөгөөр авч байсан бөгөөд, одоо даруй 2 дахин өндөр үнэтэй болж үнэлэгдсэн байна. Иймд дээрх хөрөнгүүдийг нийт 266 033 832 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Азбаяр шүүхэд гаргасан тайлбартаа: Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн шүүхийн шүүгчийн 2016 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 1727 дугаар шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж, үүргийн гүйцэтгэлд барьцаалсан төлбөр төлөгч Г.Мөнхбаяр, Ч.Шинэчимэг нарын өмчлөлийн Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, Яргайтын 41 дүгээр гудамж 6406 тоот хувийн сууц, гарааж , газар зэрэг үл хөдлөх хөрөнгүүдийг битүүмжлэн хурааж, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт зааснаар талууд харилцан тохиролцоогүй тохиолдолд үнэлсэн үнийн 70 хувиар албадан дуудлага худалдааны доод үнийг тогтооно гэж зааснаар хөрөнгийн үнэлгээний Вендо ХХК-ийг томилж үнэлгээ хийлгэхэд үл хөдлөх хөрөнгүүдийг 266 033 832 төгрөгөөр үнэлэгдсэнийг 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 4/16552, 4/16553, 4/16554 дугаартай мэдэгдлүүдээр талуудад мэдэгдсэн. Өмнө нь Мөнх оргил трейдХХК-ийн 150 000 000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг төлбөр төлөгч талаас гомдол гаргаж, 3 шатны шүүхээр явж уг үнэлгээг хүчингүй болгосон. Үнэлгээн дээр бус, харин шийдвэр гүйцэтгэх ажиллагаатай холбоотой процесс зөрчсөн үндэслэлээр хүчингүй болсон байдаг. Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасныг баримтлан Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох, Улсын бүртгэлийн Ү-2202007100, Ү-2202015574, Ү-2202004424 дугааруудад бүртгэгдсэн, Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, Яргайтын 41 дүгээр гудамжны 6406 тоот хаягт байрлах 96 м.кв талбайтай хувийн сууц, 300 м.кв талбайтай авто гарааж , 504 м.кв талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар зэргийг 266 033 832 төгрөгөөр үнэлсэн шинжээчийн 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн үнэлгээг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэгч Худалдаа хөгжлийн банк ХХК-ийн гомдлыг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч М.Оргодол давж заалдах гомдолдоо: Г.Мөнхбаяр, Ч.Шинэчимэг нар нь 2012 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр Худалдаа хөгжлийн банк ХХК-тай №2012/137/1 тooт Үл хөдлөх эд хөрөнгийн зээлийн гэрээ, №2012/137/1 тоот Батлан даалтын гэрээ, №2012/137/01 тоот Үл хөдлөх хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ-г тус тус байгуулан 80 000 000 төгрөгийг сарын 1.5 хувийн хүүтэй, 84 сарын хугацаатайгаар хувийн хэрэгцээндээ зориулан зээлдэж авсан бөгөөд үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож улсын бүртгэлийн Ү-2202007100 дугаарт бүртгэгдсэн Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, Яргайтын 41 дүгээр гудамжны 6406 тоотын 96 м.кв талбайтай хувийн сууц, улсын бүртгэлийн Ү-2202015574 дугаарт бүртгэгдсэн Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, Яргайтын 41 дүгээр гудамжны 6406 тоотын 300 м.кв талбайтай авто гарааж , улсын бүртгэлийн Ү-2202004424 дугаарт бүртгэгдсэн Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, Яргайтын 41 дүгээр гудамжны 6406 тоотын 504 м.кв гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг тус тус холбогдох хууль тогтоомжид заасны дагуу барьцаалж, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг баталгаажуулсан.

Зээлдэгч нар нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тул банк шүүхэд хандаж, 2016 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 1727 тоот шийдвэрээр хэргийг шийдвэрлэсэн. Мөн уг шийдвэрийг албадан гүйцэтгэх 14595 тоот шүүгчийн захирамж, 1681 тоот шүүхийн гүйцэтгэх хуудас гарснаар Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албатай холбогдох гэрээг байгуулан гүйцэтгэх ажиллагааг эхлүүлсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар барьцаа хөрөнгүүдийг 2017 онд Мөнх-Оргил трейд ХХК 150 200 000 төгрөгөөр үнэлсэн ба тус үнэлгээнд төлбөр төлөгч гомдол гаргаж шүүхээс үнэлгээг хүчингүй болгож шийдвэрлэсэн тул Вендо ХХК-аар дахин үнэлгээ тогтоолгоход 266 033 832 төгрөгөөр үнэлсэн нь зах зээлийн үнэлгээнээс хэт өндөр үнэлэгдсэн.

Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газраас томилогдсон Вендо ХХК нь үнэлгээг хийхдээ зах зээлийн жишгээр тооцон үнэлсэн гэх боловч үнэлсэн хөрөнгүүдээс гарааж ийн үнэлгээг авч үзэхэд төвийн дулаанд холбогдсон орон сууцны тохилог гарааж ийн зах зээлийн хамгийн өндөр үнээр үнэлээд байгаа, учир нь үнэлэгдсэн 300.0 м.кв талбай бүхий гражийг 8-10 машины багтаамжтай гэж тооцон төвийн дулаанд холбогдсон дулаан зогсоолуудын дээд үнэ 20 000 000 төгрөгөөр тооцоход нийт 160 000 000-200 000 000 төгрөг болохоор байна. Гэтэл уг гарааж нь хотын захын гэр хороололд байршилтай, төвийн халаалтын шугамд холбогдоогүй зэрэг дутагдалтай талууд маш их байгаагаас тус хөрөнгө нь 40 000 000- 50 000 000 төгрөг хүрэх хөрөнгийг 164 625 258 төгрөгөөр үнэлж байгаа нь бодит байдлаас хэт өндөр байна. Хувийн сууц, авто гарааж ийг 100 хувь зардлын хандлагын аргаар тооцон үнэлгээг гаргаж байгаа нь зах зээлийн үнэн биш. Хөрөнгийн үнэлгээг хийхдээ зах зээлийн хандлага. орлогын хандлага, зардлын хандлагын аргыг авч үзэн нарийвчлан үнэлгээ гаргадаг байтал ганцхан зардлын хандлагын аргаар үнэлгээг гаргасан нь Иргэний хуулийн 177 дугаар зүйл 17.1 дэх хэсэгт Дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийг дуудлага худалдаа явуулахаас өмнө үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч харилцан тохиролцож тогтоосон үнийн, хэрэв тохиролцоогүй бол үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнийн 70 хувиар тооцон тогтооно. Үнэлгээчнийг дуудлага худалдаа явуулах эрх бухий этгээд томилно. гэж заасан үнэлгээ гаргаагүй. Зах зээлийн үнийг тогтоохдоо зах зээлийн хандлагын аргаар үнийг тогтоож гаргаагүй байж үнийг тогтоож байгаа нь зүйд нийцэхгүй юм. Мөн үнэлгээний тайланд эдийн засгийн элэгдлийг эдийн засгийн элэгдэлгүй, буруу ашиглалтын элэгдэлгүй, ашиглалтын явцад урсгал засварыг хийсэн гэсэн тайлбарууд үндэслэлгүй. Дээрх хөрөнгүүдийг 2012 онд 136 000 000 төгрөгөөр худалдан авч байсан бөгөөд одоо даруй 2 дахин өндөр үнэтэй болж үнэлэгдсэн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, зохигчдын хоорондын маргаанд хамааралтай нотлох баримтыг бүрдүүлэх болон үнэлэх журмыг зөрчөөгүй, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангажээ.

Нэхэмжлэгч Худалдаа хөгжлийн банк ХХК нь хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан 2018 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 183 тоот Шинжээч томилох тухай тогтоолын дагуу хийгдсэн Вендо ХХК-ийн хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай шаардлага гаргасныг хариуцагч тал эс зөвшөөрч шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан гэж маргажээ.

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 1727 дугаар шийдвэрээр Г.Мөнхбаяр, Ч.Шинэчимэг нараас 62 438 138 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжид 513 341 төгрөгийг тус тус гаргуулан Худалдаа хөгжлийн банк ХХК-д олгохоор шийдвэрлэсэн ба гүйцэтгэх бичиг баримтыг үндэслэн хариуцагч байгууллага нь 2016 оны 5 дугаар сарын 04-ний өдөр 16250690 тоот тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэжээ. /хх-ийн 54-57 дугаар тал/

Шийдвэр гүйцэтгэгч нь төлбөр төлөгч Г.Мөнхбаяр, Ч.Шинэчимэг нарын өмчлөлийн Улсын бүртгэлийн Ү-2202007100, Ү-2202015574, Ү-2202004424 дугаарт бүртгэгдсэн, Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, Яргайтын 41 дүгээр гудамжны 6406 тоот хаягт байрлах 96 м.кв талбайтай хувийн сууц, 300 м.кв талбайтай авто гарааж, 504 м.кв талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар зэргийг 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдөр тус тус битүүмжилж, 2017 оны 01 дүгээр сарын 04ий өдөр хураан авсан ба энэ ажиллагаанд гомдол гараагүй, шийдвэр гүйцэтгэгчийн ажиллагаа хүчинтэй байна. /хх-ийн 58-52 дугаар тал/

Төлбөр төлөгч үүргээ хугацаандаа гүйцэтгээгүй тул үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар дээрх эд хөрөнгийг хураан авсан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.5 дахь хэсэгт заасанд нийцжээ.

Хэргийн баримтаас үзвэл шийдвэр гүйцэтгэгчийн 2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 32 дугаартай тогтоолоор шинжээчээр томилсон Мөнх-Оргил трейд ХХК нь төлбөрт хураагдсан эд хөрөнгүүдийг 150 200 000 төгрөгөөр үнэлснийг төлбөр төлөгчийн гомдлоор шүүх хянан үзэж хүчингүй болгосон, төлбөр төлөгч Г.Мөнхбаяр, Ч.Шинэчимэг нар нь уг хөрөнгүүдийг 500 000 000 төгрөгөөр худалдах санал ирүүлснийг төлбөр авагч эс зөвшөөрч хөндлөнгийн шинжээч дахин томилон үнэлгээг тогтоолгох хүсэлтийг ирүүлсэн байна. /хх-ийн 33, 63-64 дүгээр тал/

Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд үнийн санал дээр тохиролцоогүй тул 2018 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 183 дугаартай Шинжээч томилох тухай тогтоолоор Вендо ХХК-ийг шинжээчээр томилсон нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт заасантай нийцсэн. Хариуцагчийн дээрх ажиллагаа хуулиар тогтоосон журмыг зөрчсөн болох нь хэргийн баримтаар тогтоогдоогүй. /хх-ийн 65 дугаар тал/

Вендо ХХК Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, Яргайтын 41 дүгээр гудамжны 6406 тоот хаягт байрлах 96 м.кв талбайтай хувийн сууц, 300 м.кв талбайтай авто гарааж , 504 м.кв талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар зэргийг нийт 266 033 832 төгрөгөөр үнэлжээ. /хх-ийн 68 дугаар тал/

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ барьцааны зүйлийг зах зээлийн үнэ ханшнаас хэт өндөр үнэлсэн тул үнэлгээг хүчингүй болгуулах үндэслэлтэй гэж тайлбарласан боловч, тэрээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38.1 дэх хэсэгт зааснаар өөрийн шаардлагын үндэслэлээ баримтаар нотлоогүй.

Иймд анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болно.

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 102/ШШ2018/03645 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дах хэсэгт зааснаар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргаж болох бөгөөд мөн хуулийн 119.4, 119.7 дах хэсэгт заасны дагуу магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тус тус дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.МӨНХЗУЛ

 

ШҮҮГЧИД Ч.ЦЭНД

 

Б.НАРМАНДАХ