Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 12 сарын 04 өдөр

Дугаар 102/ШШ2018/03645

 

 

 

 

 

 

2018 оны 12 сарын 04 өдөр

            Дугаар 102/ШШ2018/03645

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Сарантуяа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Саруулмандахыг суулган тэмдэглэл хөтлүүлж, тус шүүхийн 5 дугаар танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

            Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Үндсэн хуулийн гудамж 3, өөрийн байранд байрлах, хуулийн этгээдийн 2635534 регистртэй, Х ХХК-ийн нэхэмжлэлтэй,

            Хариуцагч: Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо, өөрийн байранд байрлах Нт холбогдох,

Үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ганболд, хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Азбаяр нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч Х ХХК-ийг төлөөлөн, гүйцэтгэх захирлын орлогч С.Оргодол шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Иргэн Г.Мөнхбаяр, Ч.Шинэчимэг нар нь 2012.9.19-ний өдөр тус банктай 2012/137 тоот “Үл хөдлөх эд хөрөнгийн зээлийн гэрээ”, 2012/137/1 тоот “Батлан даалтын гэрээ”, мөн 2012/137/01 тоот “Үл хөдлөх хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ”-нүүдийг байгуулан 80,000,000 /наян сая/ төгрөгийн зээлийг, сарын 1,5 хувийн хүүтэй, 84 сарын хугацаатай хувийн хэрэгцээндээ зориулан авсан. Зээлдэгч нар нь гэрээгээр хүлээсэн үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож, Улсын бүртгэлийн Ү-2202007100 дугаарт бүртгэгдсэн, Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, Яргайтын 41 дүгээр гудамжны 640б тоотын 96 м.кв талбайтай хувийн сууц, Улсын бүртгэлийн Ү-2202015574 дугаарт бүртгэгдсэн, дээрх хаягт байрлах 300 м.кв талбайтай авто гараж, Улсын бүртгэлийн Ү-2202004424 дугаарт бүртгэгдсэн, дээрх хаягт байрлах 504 м.кв гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг тус тус холбогдох хууль тогтоожмид заасны дагуу барьцаалж, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг баталгаажуулсан.

Зээлдэгч нар нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тул банк шүүхэд хандаж, 2016.2.25-ны өдрийн Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 102/ШШ2016/01727 тоот шийдвэрээр хэргийг шийдвэрлэсэн. Мөн уг шийдвэрийг албадан гүйцэтгэх шүүгчийн захирамж, шүүхийн гүйцэтгэх хуудас гарснаар Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албатай холбогдох гэрээг байгуулан гүйцэтгэх ажиллагааг эхлүүлсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар барьцаа хөрөнгүүдийг 2017 онд “Мөнх-Оргил трейд” ХХК 150,2 сая төгрөгөөр үнэлж байсан. Энэ үнэлгээнд төлбөр төлөгч гомдол гаргаж, шүүхээс үнэлгээг хүчингүй болгож шийдвэрлэсэн тул “Вендо” ХХК-иар дахин үнэлгээ тогтоолгоход 266,033,832 төгрөгөөр үнэлсэн нь зах зээлийн үнэлгээнээс хэт өндөр үнэлэгдсэн байна.

Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газраас томилогдсон “Вендо” ХХК нь үнэлгээг хийхдээ зах зээлийн жишгээр тооцон үнэлсэн гэх боловч үнэлсэн хөрөнгүүдээс гаражийн үнэлгээг авч үзэхэд төвийн дулаанд холбогдсон орон сууцны тохилог гаражийн зах зээлийн хамгийн өндөр үнээр үнэлээд байгаа. Учир нь үнэлэгдсэн 300 м.кв талбай бүхий гаражийг 8-10 машины багтаамжтай гэж тооцон төвийн дулаанд холбогдсон дулаан зогсоолуудын дээд үнэ 20,000,000 төгрөгөөр тооцоход нийт 160,000,000-200,000,000 төгрөг болохоор байна. Гэтэл уг гараж нь хотын захын гэр хороололд байршилтай, төвийн халаалтын шугамд холбогдоогүй зэрэг дутагдалтай талууд маш их байгаагаас тус хөрөнгө нь 40,000,000-50,000,000 төгрө гхүрэх хөрөнгийг 164,625,258 төгрөгөөр үнэлж байгаа нь бодит байдлаас хэт өндөр байна гэж үзэж байна. Мөн үнэлгээний тайланд эдийн засгийн элэгдэлгүй, буруу ашиглалтын элэгдэлгүй, ашиглалтын явцад урсгал засварыг хийсэн гэсэн тайлбарууд үндэслэлгүй юм. Дээрх хөрөнгүүдийг 2012 онд 136,000,000 төгрөгөөр авч байсан бөгөөд, одоо даруй 2 дахин өндөр үнэтэй болж үнэлэгдсэн байна. Иймд дээрх хөрөнгүүдийг нийт 266,033,832 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ганболд нэхэмжлэлийн шаардлагыг дэмжин шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

Үнэлгээн дээр гомдол гаргаад байгаа учир нь би хувийн зүгээс Г.Мөнхбаяр, Ч.Шинэчимэг нарыг “Вендо” ХХК-тай холбоотой гэж бодож байгаа. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 73.5-д “барьцаалагч-төлбөр авагчийн барьцаанд байгаа, эсхүл дундын өмчлөлийн худалдан борлогдоогүй төлбөр төлөгчид ногдох хөрөнгийг энэ хуулийн 55.3-т заасны дагуу тогтоосон үнэлгээгээр тооцож төлбөр авагчид шилжүүлнэ” гэж зааснаар 2 удаа дуудлага худалдаа зохион байгуулаад, худалдан авагч нар гарч ирэхгүй бол манай байгууллага 266,033,832 төгрөгөөр уг хөрөнгийг авах нөхцөл үүсч байна. Ингээд зээлдэгч нараас авах 62,000,000 төгрөгийг хасч, эргүүлээд зээлдэгч нарт 204,033,832 төгрөг төлөх асуудал үүсээд байна. Өнөөдрийг хүртэл шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдсаар байна. Зээлдэгч нар нь хуулийн зохих мэдлэгтэй хүмүүс учраас арга заль хэрэглэж байна. Тиймээс үнэлгээг хүчингүй болгуулах шаардлага гаргасан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах хүсэлт гаргаж шүүгчийн захирамж гарсан боловч дуудлага худалдаа болсон байсан. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хууль зүйн дагуу явагдаагүй. Бид 2018.10.08-ны өдөр шийдвэр гүйцэтгэгчийн мэдэгдлийг хүлээж авсан гэв.

Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Азбаяр шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбар, нэхэмжлэлийн ихэсгэсэн шаардлагад гаргасан хариу тайлбар болон, шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн шүүхийн шүүгчийн 2016.2.25-ны өдрийн 01727 дугаар шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж, үүргийн гүйцэтгэлд барьцаалсан төлбөр төлөгч Г.Мөнхбаяр, Ч.Шинэчимэг нарын өмчлөлийн Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, Яргайтын 41 дүгээр гудамж 640б тоот хувийн сууц, гараж, газар зэрэг үл хөдлөх хөрөнгүүдийг битүүмжлэн хурааж, Иргэний хуулийн 177.1-д зааснаар “талууд харилцан тохиролцоогүй тохиолдолд үнэлсэн үнийн 70 хувиар албадан дуудлага худалдааны доод үнийг тогтооно” гэж зааснаар хөрөнгийн үнэлгээний “Вендо” ХХК-ийг томилж үнэлгээ хийлгэхэд үл хөдлөх хөрөнгүүдийг 266,033,832 төгрөгөөр үнэлэгдсэнийг төлбөр төлөгч нарт 2018.10.03-ны өдрийн 4/16552, 4/16553, 4/16554 дугаартай мэдэгдлүүдээр талуудад мэдэгдсэн. Өмнө нь “Мөнх оргил трейд” ХХК-ийн 150,000,000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг төлбөр төлөгч талаас гомдол гаргаж, 3 шатны шүүхээр явж уг үнэлгээг хүчингүй болгосон. Тэгэхдээ үнэлгээн дээр бус, харин шийдвэр гүйцэтгэх ажиллагаатай холбоотой процесс зөрчсөн үндэслэлээр хүчингүй болсон байдаг. Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Шүүх хуралдаанд гаргасан зохигчдын тайлбар болон, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч Х ХХК нь хариуцагч Нт холбогдуулан, шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад төлбөр төлөгч Г.Мөнхбаяр, Ч.Шинэчимэг нарын өмчлөлийн, Улсын бүртгэлийн Ү-2202007100, Ү-2202015574, Ү-2202004424 дугааруудад бүртгэгдсэн, Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, Яргайтын 41 дүгээр гудамжны 640б тоот хаягт байрлах 96 м.кв талбайтай хувийн сууц, 300 м.кв талбайтай авто гараж, 504 м.кв талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар зэргийг үнэлсэн “Вендо” ХХК-ийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу шинжээч томилон үнэлгээ гаргуулсан бөгөөд, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдаж байгаа учир үнэлгээг хүчингүй болгох үндэслэлгүй гэх агуулга бүхий тайлбар гаргаж маргасан.

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 2 дугаар сарын 25-ны өдрийн 102/ШШ2016/01727 дугаар шийдвэрээр Г.Мөнхбаяр, Ч.Шинэчимэг нарыг Х ХХК-д 62,438,138 төгрөг төлөх үүрэгтэй болохыг тогтоож шийдвэрлэсэн байна. /хх 28/

Төлбөр төлөгч Г.Мөнхбаяр, Ч.Шинэчимэг нар нь дээрх үүргийг сайн дураар биелүүлээгүйн улмаас төлбөр авагч Х ХХК нь шүүхийн шийдвэрийг албадан биелүүлэх тухай хүсэлт гаргасны дагуу шүүх 2016 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр 1681 тоот шүүхийн гүйцэтгэх хуудас олгосны дагуу хариуцагч Н нь 2016 оны 5 дугаар сарын 04-ний өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэн явуулжээ. /хх 28, 57/

Н-аас 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 146/26 тоот “Эд хөрөнгийг битүүмжлэх тогтоол”-оор төлбөр төлөгч Г.Мөнхбаяр, Ч.Шинэчимэг нарын өмчлөлийн Улсын бүртгэлийн Ү-2202007100, Ү-2202015574, Ү-2202004424 дугааруудад бүртгэгдсэн, Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, Яргайтын 41 дүгээр гудамжны 640б тоот хаягт байрлах 96 м.кв талбайтай хувийн сууц, 300 м.кв талбайтай авто гараж, 504 м.кв талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар зэргийг битүүмжилж, 2017 оны 1 дүгээр сарын 04-ний өдрийн 146/04 тоот “Эд хөрөнгийг хураасан тоготоол”-оор дээрх хөрөнгүүдийг хураан авсан байна. /хх 58-62/

            Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад хураан авсан хөрөнгүүдийн үнийн талаар төлбөр авагч болон төлбөр төлөгч талууд тохиролцоогүйн улмаас “Мөнх-Оргил трейд” ХХК-ийг шинжээчээр томилж, тэдгээр хөрөнгүүдийг 150,200,000 төгрөгөөр үнэлсэн шинжээчийн үнэлгээг төлбөр төлөгч нар эс зөвшөөрч гомдол гаргасныг шүүх хүлээн авч хүчингүй болгон шийдвэрлэсэн болох нь зохигчдын тайлбараар тогтоогдсон.

Улмаар шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үргэлжлэн явагдаж, хариуцагч Н-аас төлбөр төлөгч нарын хураан авсан дээрх хөрөнгүүдийн үнийн талаар санал асуухад төлбөр төлөгч Г.Мөнхбаяр 450,000,000 төгрөгөөр, төлбөр төлөгч Ч.Шинэчимэг 500,000,000 төгрөгөөр тус тус үнэлж, шийдвэр гүйцэтгэгч Р.Азбаярын 2018 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн “Шинжээч томилох тухай” 183 тоот тогтоолоор “Вендо” ХХК-ийг томилсон нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2 дахь хэсэгт нийцсэн байна.

            Шинжээчээр томилогдсон “Вендо” ХХК-ийн үнэлгээчин Э.Даваасамбуу, туслах үнэлгээчин Э.Зулцэцэг, үнэлгээний мэргэжилтэн П.Баярбат нарын бүрэлдэхүүнтэйгээр шийдвэр гүйцэтгэгчийн “шинжээч томилох” тогтоолд заасан Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, Яргайтын 41 дүгээр гудамжны 640б тоот дахь 96 м.кв талбайтай хувийн сууц, 300 м.кв талбайтай авто гараж, 504 м.кв талбайтай эзэмшлийн газарт биечлэн очиж хөрөнгийн байдалтай танилцан, фото зургаар баталгаажуулан бэхжүүлж, орон сууцыг хөрөнгийн үнэлгээний зах зээлийн хандлагаар тооцож, хувийн сууцыг 26,912,574 төгрөгөөр, авто гаражийг 164,625,258 төгрөгөөр, газрыг 74,496,000 төгрөгөөр, нийт 266,033,832 төгрөгөөр үнэлжээ. /хх 67/

            Үнэлгээг хийхдээ үнэлгээний зах зээлийн жиших хандлагаар хийж, үнэлсэн нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2 дахь хэсэг, Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 9 дүгээр зүйл, Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 17, 18 дугаар зүйлүүдэд тус тус нийцсэн байна.

            Шийдвэр гүйцэтгэгч нь шинжээчийн 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдөр гарсан дүгнэлтийг хүлээн авч, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт зааснаар шинжээчийн дүгнэлтээр тогтоосон 266,033,832 төгрөгийн үнэлгээний 70 хувь буюу 186,223,682 төгрөгөөр тооцон хураагдсан үл хөдлөх хөрөнгүүдийг анхны албадан дуудлага худалдаанд санал болгох доод үнийг тогтоож, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3 дахь хэсэгт заасны дагуу энэ тухай төлбөр авагч Х ХХК-д 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдөр мэдэгджээ. /хх 66/

            Иймд хариуцагч Н нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасны дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд оролцогч талын хүсэлтээр шинжээч томилж, шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолын дагуу шинжээч дүгнэлт гарган үнэлгээ тогтоосон дээрх ажиллагаа хууль зөрчөөгүй байх тул нэхэмжлэгч Х ХХК-ийн гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

             Шүүх нэхэмжлэгч Х ХХК-ийн гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод үлдээх нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

            1.Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасныг баримтлан Нт холбогдох, Улсын бүртгэлийн Ү-2202007100, Ү-2202015574, Ү-2202004424 дугааруудад бүртгэгдсэн, Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, Яргайтын 41 дүгээр гудамжны 640б тоот хаягт байрлах 96 м.кв талбайтай хувийн сууц, 300 м.кв талбайтай авто гараж, 504 м.кв талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар зэргийг 266,033,832 төгрөгөөр үнэлсэн шинжээчийн 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн үнэлгээг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэгч Х ХХК-ийн гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

            2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

            3.Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд, зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

             ДАРГАЛАГЧ                              А.САРАНТУЯА