Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Цолмонгийн Сайхантуяа |
Хэргийн индекс | 109/2018/0008/З |
Дугаар | 221/МА2018/0376 |
Огноо | 2018-07-03 |
Маргааны төрөл | Төрийн алба, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2018 оны 07 сарын 03 өдөр
Дугаар 221/МА2018/0376
2018 оны 07 сарын 03 өдөр | Дугаар 221/МА2018/0376 | Улаанбаатар хот |
Д.М-ын нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Д.Баатархүү, Ц.Сайхантуяа нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Н.Өнө-Эрдэнэ, нэхэмжлэгч Д.М, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Э нарыг оролцуулан, Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 109/ШШ2018/0012 дугаар шийдвэртэй, Д.М-ын нэхэмжлэлтэй, Архангай аймгийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг шүүгч Ц.Сайхантуяагийн илтгэснээр хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 109/ШШ2018/0012 дугаар шийдвэрээр: “...Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсгийн 4.2.5, Төсвийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2, 40.3, 40.4 дэх хэсгийн 40.4.2, Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1 дэх хэсгийн 131.1.1 дэх заалтуудыг тус тус баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Д.М-ын 2017 оны үр дүнгийн гэрээг үнэлсэн үнэлгээг хууль бус болохыг тогтоож, Архангай аймгийн Засаг даргын 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн “Д.М-д сахилгын шийтгэл ногдуулах тухай” Б/20 дугаар захирамжийг хүчингүй болгож” шийдвэрлэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.У давж заалдах гомдолдоо: “...Аймгийн Засаг даргаас 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдөр ерөнхий боловсролын сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгч нартай 2017 онд хамтран ажиллах талаар байгуулсан гэрээний биелэлтийг дүгнэж үнэлгээг ирүүлэх тухай А/593 дугаар захирамжийг гаргасны дагуу уг захирамжийн хэрэгжилтийг хангуулахаар аймгийн Боловсрол, соёл, урлагийн газрын даргаас ажлын хэсэг байгуулж, үр дүнгийн гэрээний биелэлтийг үнэлсэн байдаг. Спортын төрөлжсөн сургалттай сургуулийн захирал Д.М-ын аймгийн Засаг даргатай байгуулсан 2017 оны үр дүнгийн гэрээний биелэлтийг дүгнэхэд D буюу дутагдалтай үнэлэгдсэн тул эрх бүхий байгууллагаас ирүүлсэн дүнг үндэслэн түүнд сануулах сахилгын шийтгэл ногдуулсан. Тодруулбал, үр дүнгийн гэрээний биелэлтийг тайлагнах тайландаа гэрээнд заагдсан арга хэмжээний гүйцэтгэл, тоо чанар, хүрсэн үр дүнгийн шалгуур үзүүлэлтийг тодорхой тайлагнаагүй, хамааралгүй зүйлийг тайлагнасан байсан. Энэ утгаараа үр дүнгийн гэрээний 6 дугаар зүйлийн 6.2-т заасны дагуу аймгийн Засаг даргаас Спортын төрөлжсөн сургалттай сургуулийн захирал Д.М-д 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн Б/20 дугаар захирамжаар хариуцлага тооцсон.
Хариуцагчаас Төрийн албаны зөвлөлийн 2012 оны 134 дүгээр тогтоолоор батлагдсан Төсвийн шууд захирагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлж, дүгнэх журмын дагуу үнэлсэн. Гэтэл шүүхээс аймгийн Засаг дарга, сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгч нартай ярилцлага хийж, үнэлгээг танилцуулаагүй, хууль зөрчсөн гэж үзсэн нь бодит байдалд нийцээгүй, хариуцлага гарцаагүй байх, шударга ёсны зарчмыг тус тус зөрчсөн шийдвэр гаргасан гэж дүгнэжээ. Хавтаст хэрэгт авагдсан бүхий л баримтаас үзвэл маргаан бүхий захиргааны акт нь зорилгодоо нийцсэн, нэхэмжлэгчийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг зөрчөөгүй байхад анхан шатны шүүхээс шударга ёсны зарчмыг зөрчиж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн хэт нэг талыг барьж, хууль буруу хэрэглэсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Иймд Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 109/ШШ2018/0012 дугаар шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэв.
ХЯНАВАЛ:
Шүүх бүрэлдэхүүн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-т заасны дагуу хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын хүрээнд анхан шатны шүүхийн шийдвэрийг хянаад өөрчлөлт оруулж шийдвэрлэлээ.
Архангай аймгийн Засаг даргын 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн Б/20 дугаар захирамжаар аймгийн Засаг даргатай 2017 онд хамтран ажиллах талаар байгуулсан үр дүнгийн гэрээгээр хүлээсэн үүргээ хангалтгүй биелүүлсэн гэж үзэн Д.М-д сануулах сахилгын шийтгэлийг ногдуулжээ.
Анхан шатны шүүх хариуцагч нь Д.М-ын гэрээний биелэлтийг “D” буюу дутагдалтай гэж үнэлсэн боловч хангалтгүй /F/ гэх үнэлгээнд хамаарах арга хэмжээ буюу сахилгын шийтгэл ногдуулсан, нэхэмжлэгч хариуцагчтай байгуулсан үр дүнгийн гэрээгээр хүлээсэн үүргээ, ажлын байрны тодорхойлолтод заасан зорилго, зорилтоо хангалтгүй биелүүлсэн гэдэг нь тогтоогдохгүй байгаа талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж Д.М-ын гаргасан “Архангай аймгийн Засаг даргын 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн “Д.М-д сахилгын шийтгэл ногдуулах тухай” Б/20 дугаар захирамжийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь зөв байна.
Төсвийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3-т “Үр дүнгийн гэрээний биелэлтийг харьяалагдах дээд шатны төсвийн захирагч нь хагас, бүтэн жилээр дүгнэнэ”, 40.4-т “Үр дүнгийн гэрээний биелэлт, хэрэгжилтийн явц байдалд үндэслэн үр дүнгийн гэрээг дүгнэх эрх бүхий этгээд нь дараах арга хэмжээг авна”, 40.4.2-т “хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд урамшуулах, хариуцлага тооцох”, Төрийн албаны зөвлөлийн 2012 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 134 дүгээр тогтоолоор батлагдсан “Төсвийн шууд захирагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлж дүгнэх журам”-ын 7.1-д “Төсвийн ерөнхийлөн захирагч нь гэрээний биелэлтийг дүгнэж өгсөн үнэлгээг үндэслэн ТАТХ, ТТХ, Хөдөлмөрийн тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомж, эрх зүйн акт, байгууллагын Хөдөлмөрийн дотоод журмыг тус тус баримтлан эрх хэмжээнийхээ хүрээнд дор дурдсан арга хэмжээг авч хэрэгжүүлэх буюу энэ талаар эрх бүхий этгээдэд саналаа тавьж болно:”, “D” буюу дутагдалтай бол албан тушаал бууруулах, албан тушаалын цалинг бууруулах, дутагдаж буй мэдлэг, чадвар олгох сургалтад хамруулахаар, “F” буюу хангалтгүй бол сахилгын шийтгэл ногдуулах, төрийн албанаас халах”-аар тус тус заажээ.
Үр дүнгийн гэрээг дүгнэх эрх бүхий этгээд нь үр дүнгийн гэрээг үнэлж, холбогдох арга хэмжээг авахаар зохицуулсны дагуу нэхэмжлэгч Д.М-ын үр дүнгийн гэрээг “D” буюу дутагдалтай гэж дүгнэсэн боловч түүнд хамаарах албан тушаал бууруулах, албан тушаалын цалинг бууруулах, дутагдаж буй мэдлэг, чадвар олгох сургалтад хамруулах арга хэмжээний аль нэгийг авалгүй “F” буюу хангалтгүй үнэлгээнд хамаарах сануулах сахилгын шийтгэл ногдуулсан нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн байна.
Мөн Архангай аймгийн Засаг даргын 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн А/593 дугаар захирамжийн дагуу Боловсрол, соёл, урлагийн газрын дарга аймгийн Засаг даргын ерөнхий боловсролын сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгч нартай 2017 онд хамтран ажиллах талаар байгуулсан гэрээний биелэлтийг үнэлж дүгнэснийг буруутгах боломжгүй боловч “Төсвийн шууд захирагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлж дүгнэх журам”-д заасны дагуу үр дүнгийн гэрээг үнэлж, дүгнүүлэх, үнэлгээтэй санал нийлээгүй тохиолдолд тайлбар гаргах, гэрээний биелэлтийн үнэлгээг баталгаажуулах талаарх нэхэмжлэгчийн эрхийг хангаагүй нь тогтоогдсон, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдсөн гэж үзвэл эрхээ хамгаалуулахаар гомдол, нэхэмжлэл гаргах эрх нээлттэй байгааг анхаараагүй байх тул маргаан бүхий захиргааны акт үндэслэлтэй гэж үзэх боломжгүй юм.
Харин нэхэмжлэгчийн “2017 оны үр дүнгийн гэрээг үнэлсэн үнэлгээг хууль бус болохыг тогтоолгох” тухай нэхэмжлэлийг анхан шатны шүүх хүлээн авч шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д “захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус” бол нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана гэж заасантай нийцээгүй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д зааснаар Захиргааны хэргийн шүүх нь хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийг хянан шийдвэрлэдэг бөгөөд захиргааны хууль бус үйл ажиллагааг Захиргааны ерөнхий хуулийн 11 дүгээр зүйлд заасан ба захиргааны үйл ажиллагааны хэлбэрт захиргааны акт, захиргааны гэрээ, захиргааны хэм хэмжээний актыг хамааруулахаар, 37 дугаар зүйлийн 37.1-д “захиргааны акт гэж захиргааны байгууллагаас зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанаас бусад тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгоно” гэж тус тус заажээ.
Төсвийн шууд захирагчийн “үр дүнгийн гэрээ”-ний биелэлтийг дүгнэсэн үйл ажиллагаа гадагш чиглэгдээгүй, Төрийн албаны зөвлөлийн 2012 оны 134 дүгээр тогтоолоор батлагдсан “Төсвийн шууд захирагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлж дүгнэх журам”-ын 6-д заасны дагуу “гэрээний биелэлтийг дүгнэж баталгаажуулах” ажиллагаанд төсвийн шууд захирагч өөрөө оролцдог тул “үнэлгээ” захирамжилсан шийдвэр буюу захиргааны актын шинжийг агуулахгүй, маргаан бүхий 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн Б/20 дугаар захирамжийн үндэслэл болсон байхад анхан шатны шүүх “үр дүнгийн гэрээ” акт болох талаар дүгнэлт хийлгүй нэхэмжлэлийн уг шаардлагыг шийдвэрлэсэн нь буруу байна.
Нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн өмгөөлөгч нар шүүхэд гаргасан тайлбартаа “хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн” гэж дурдсан бөгөөд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхийн шийдвэрийг 2018 оны 5 дугаар сарын 22-ны өдөр гардан авч 2018 оны 6 дугаар сарын 05-ны өдөр гомдол гаргасан нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасан хугацаанд багтаж байх тул уг тайлбарыг хүлээн авах үндэсгүй болохыг дурдах нь зүйтэй.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийн Архангай аймгийн Засаг даргын 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн “Д.М-д сахилгын шийтгэл ногдуулах тухай” Б/20 дугаар захирамжийг хүчингүй болгосон хэсгийг хэвээр үлдээж, үлдэх нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзан, баримтлах ёсгүй хуулийн заалтыг баримталсан байх тул зөвтгөсөн өөрчлөлтийг оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсгийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАТБААТАР
ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ
ШҮҮГЧ Ц.САЙХАНТУЯА