Улсын дээд шүүхийн Тогтоол

2020 оны 04 сарын 08 өдөр

Дугаар 109

 

Ч.Л-гийн нэхэмжлэлтэй,

ДУА-ийн ЗД-д холбогдох

захиргааны хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч:                         Танхимын тэргүүн М.Батсуурь

Шүүгчид:                           Г.Банзрагч

                                          Д.Мөнхтуяа

                                          Ч.Тунгалаг

Илтгэгч шүүгч:                 П.Соёл-Эрдэнэ

Нарийн бичгийн дарга:   Т.Даваажаргал

Нэхэмжлэлийн шаардлага: Дундговь аймгийн Засаг даргын 2017 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн “Газар эзэмших эрх дуусгавар болгох тухай” А/254 дүгээр, 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн “Газар эзэмших эрхийн зарим хэсгийг хүчингүй болгох тухай” А/385 дугаар захирамжийг тус тус хүчингүй болгуулах,

Гуравдагч этгээдийн бие даасан шаардлага: 2013 оны 10 дугаар сарын 14-ний өдөр үйлдсэн Ч.Л-гийн эзэмшиж буй газрын байршлын кадастрын зураг болон 633 мкв газраар кадастрын мэдээллийн санд бүртгэснийг илт хууль бус болохыг тогтоолгох,

Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 12 дугаар шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 670 дугаар магадлалтай,

Шүүх хуралдаанд оролцогч: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Мөнхзул, С.Дэжид, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Рэнцэндорж, Ж.Элбэгзаяа, гуравдагч этгээд С.Өлзиймаа, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Ж.Чимэддулам нарыг оролцуулж,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, гуравдагч этгээд нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Өмнөх шатны шүүхийн шийдвэр

1. Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 12 дугаар шийдвэрээр: 1 дэх заалтаар Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3, 31 дүгээр зүйлийн 31.2, 31.3 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч Ч.Л-гийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Дундговь аймгийн Засаг даргын 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн “Газар эзэмших эрхийн зарим хэсгийг хүчингүй болгох тухай” А/385 дугаар захирамжийг хүчингүй болгож, үлдсэнийг буюу Дундговь аймгийн Засаг даргын 2017 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн “Газар эзэмших эрх дуусгавар болгох тухай” А/254 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, 2 дахь заалтаар Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3, Кадастрын зураглал ба газрын кадастрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан гуравдагч этгээдээс гаргасан “...633 мкв газраар кадастрын мэдээллийн санд бүртгэснийг илт хууль бус болохыг тогтоолгох”-ыг хүссэн бие даасан шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, 3 дахь заалтаар Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3, 45 дугаар зүйлийн 45.1.2, 45.2, 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүхийн зардалд нийт 2485637 /хоёр сая дөрвөн зуун наян таван мянга зургаан зуун гучин долоон/ төгрөгийг хариуцагч ДУА-ийн ЗД-ас нөхөн гаргуулж шийдвэрлэжээ.

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 670 дугаар магадлалаар: Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 12 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3, 27 дугаар зүйлийн 27.1, 27.4-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ч.Л-гээс ДУА-ийн ЗД-д холбогдуулан гаргасан “Дундговь аймгийн Засаг даргын 2017 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн “Газар эзэмших эрх дуусгавар болгох тухай” А/254 дүгээр, 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн “Газар эзэмших эрхийн зарим хэсгийг хүчингүй болгох тухай” А/385 дугаар захирамжуудыг тус тус хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн, 2 дахь заалтыг хэвээр үлдээж, 3 дахь заалтад “...шүүхийн зардалд нийт 2485637 /хоёр сая дөрвөн зуун наян таван мянга зургаан зуун гучин долоо/ төгрөгийг хариуцагч ДУА-ийн ЗД-ас нөхөн гаргуулсугай” гэснийг “...шүүхийн зардалд нийт 2,485,637 төгрөгийг нэхэмжлэгч болон гуравдагч этгээдээр хувь тэнцүүлэн нөхөн гаргуулсугай” гэж, 4 дэх заалтыг “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч болон гуравдагч этгээдийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн илүү төлсөн 70,200 төгрөгийг буцаан олгосугай” гэж тус тус өөрчилж, гуравдагч этгээдийн өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэжээ.

Хяналтын журмаар гаргасан гомдол:

3. Нэхэмжлэгч Ч.Л-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Дэжид, Л.Мөнхзул нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 670 дугаар магадлал нь хэргийг тал бүрээс нь бүрэн гүйцэд хянаагүй ба нөхцөл байдлыг зөв тодорхойлоогүй, маргааны үйл баримтыг тогтоохдоо нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой үнэлээгүй.

4. Ч.Л- 1996 онд иргэн С.Бямбасүрэнгийн эзэмшиж байсан “Өндөр довжоот” дэлгүүрийн баруун талд олон нүхэн жорлон бүхий хүн огт хэрэглэхгүй байсан 22 мкв газар дээр жижиг ажлын байр барьж Дундговь аймгийн Мандалговь сумын 1997 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 64 дүгээр захирамжийн дагуу гэрээ байгуулж, гэрчилгээг 60 жилийн хугацаатайгаар 2001 оны 10 дүгээр сарын 04-ний өдөр авсан. Уг газарт барьсан барилгыг 2002 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр 0816000519 дугаартай “Монгол улсын үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ"-ээр улсын бүртгэлд бүртгэсэн. Үүний дараа С.Бямбасүрэнгээс 480 мкв газар болон үл хөдлөх хөрөнгийг худалдаж авснаар Дундговь аймгийн Засаг даргын 2004 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 32 дугаар захирамжаар тухайн газраа эзэмшсэн. Мөн аймгийн Засаг даргын 2012 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн А/609 дүгээр захирамжаар Ц.Уранчимэгээс 185 мкв газрыг, А/610 дугаар захирамжаар А.Өлзийдүүрэнгээс 84 мкв газрын эрхийг шилжүүлэн авсан. А.Өлзийдүүрэнгийн байшингийн доорх газар нь орон сууцны зориулалттай 55 мкв, үйлчилгээний зориулалттай 50 мкв, үйлчилгээний зориулалттай 105 мкв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгө байсан ба А.Өлзийдүүрэнгээс авсан газар 106 мкв болох нь давхар батлагдаж байна.

5. 1997 оны 64 дүгээр захирамж бүхий 20 мкв газар, бусдаас эрх шилжүүлэн авсан дээрх газруудаас шийдвэр нь бүрэн төгс гараагүй орхигдсон 22 мкв газар бүгд 42 мкв газар болон бүхий л газруудаа нэг эзэмшигчтэй газар учир ахин кадастрт оруул гэсний дагуу зураглалыг гаргуулах хүсэлтийг Дундговь аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт гарснаар аймгийн Засаг даргын 2013 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн А/566 тоот захирамжаар 633 мкв газрыг эзэмшсэн. Уг 633 мкв газарт Дундговь аймгийн Мандалговь сумын 1997 оны 64 дүгээр захирамж бүхий 20 мкв газар, С.Бямбасүрэнгээс 480 мкв газар, Ц.Уранчимэгээс 185.5 мкв газар, иргэн А.Өлзийдүүрэнгээс худалдан авсан 106 мкв газар, нийт 791.5 мкв газраас 154 мкв газрыг аймгийн Засаг даргын 2015 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн А/24 дүгээр захирамжаар тусад нь гэрчилгээжүүлэн авсан болно.

6. Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын даргын А/51 дүгээр тушаалаар томилогдсон мэргэжилтэн Л.Мөнхсарнай, Ц.Ламзав, Б.Мөнх-Эрдэнэ нарын шинжээч нар ...холбогдох хувийн хэрэг материалыг судлан үзэж дүгнэн газар дээр нь хэмжилт хийлгүй дүгнэлт гаргахад дээрх шинжээчдийн дүгнэлтийн 4 дэх хавсралтад маргаан бүхий газарт огт хамааралгүй буюу 633 мкв газрын баруун талд 58.71 мкв газрыг “Эрх зүйн харилцаа үүсээгүй байсан талбай" гэж дүгнэсэн нь бодит байдалд нийцээгүй гэж үзэж байна.

7. Маргаан бүхий газар нь манай үйлчилгээний газрын зүүн талд цонхны доор байрлаж байгаа, маргаж байгаа газар нь 38 мкв газар биш 30,25 мкв болохыг Дундговь аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч газар дээр үзлэг хийж тогтоосон нь баримтаар тодорхой харагддаг.

8. “ТМ” ХХК нь гадна талын өөрийн хашаан доторх талбайгаа тэгшилж цементлэхэд манай 30 мкв газар, “Мандал хүрээ” ХХК-ийн өргөн 6 мкв, урт 30 мкв, нийт 180 мкв газар, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын зүүн хэсгийг тус тус цементлээгүй байгаа нь “ТМ” ХХК-ийн эзэмшил газрыг хашаалсан газрын хэмжээгээр авч үзэх боломжгүй юм. 1994 онд Мандалговь сумын Засаг даргын тамгын газраас бүх нийтийн эзэмшил бүхий “ЗАХ” байгуулах зорилгоор зохион байгуулалттайгаар газрыг хашаалсан ба “ТМ” ХХК хашаалаагүй болно. Өөрөөр хэлбэл “ТМ” ХХК-ийн хашаанд бусад байгууллага иргэний газар байгааг дараах баримтууд нотолж байна. Тухайлбал: Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын 2019 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн А/93 тоот шинжээчийн дүгнэлтийн 3 дахь хавсралт, Дундговь аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн А/51 тоот шинжээчдийн дүгнэлтийн З дахь хавсралт зураглалд “Мандал хүрээ” ХХК-ийн арын талбай, Ч.Л-гийн зүүн талын талбай, Хөдөлмөр хангамж үйлчилгээний газрын зүүн талбай цементлээгүй байгаа нь харагддаг.

9. Мөн Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын 2019 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн А/93 тоот шинжээчийн дүгнэлтийн 4 дэх заалтад ...Тус аймгийн Засаг даргын 2013 оны А/566 дугаар захирамжаар Ч.Л-д эзэмшүүлсэн гэх 633 мкв газрын кадастрын зургийн солбицлын утгыг боловсруулан Дундговь аймгийн Сайнцагаан сумын Газрын кадастрын мэдээллийн сангийн зурган мэдээлэл, шинжээчийн дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийн хэмжилтийн үр дүнтэй давхцуулж үзэхэд одоо байгаа контейнер болон контейнероос урагш цементэн хашаа хүртэл улбар шар өнгийн төмрөөр зүүн талаас нь хааж битүүлсэн хашааны доорх газар нь нийт 32 мкв талбайг хамарч байгаа бөгөөд уг А/566 дугаар захирамжаар олгогдсон Ч.Л-д эзэмшүүлсэн гэх 6ЗЗ мкв талбайтай газрын зүүн хэсэгт бүхэлдээ багтан байрлаж байна гэж дүгнэсэн нь иргэн Ч.Л-гийн 6ЗЗ мкв газарт маргаан бүхий 32 мкв газар орсон нь дүгнэлтээр нотлогдож байна. Энэхүү дүгнэлт нь хууль зөрчөөгүй бөгөөд аймгийн Засаг даргын 2013 оны А/566 дугаар захирамжаар шинээр нэмж газар олгоогүй, олгох байсан газрыг захирамжид гүйцэд тусгаагүй Мандалговь сумын Засаг даргын захирамжаар олгосон 20 мкв газар, иргэн А.Өлзийдүүрэнгээс авсан газрын олгогдоогүй орхигдуулсан 22 мкв газар зэргийг нөхөж нэмэгдүүлэн олгосныг анхаараагүй байна.

10. Аймгийн Засаг даргын А/254, А/385 дугаар захирамж ямар ч үндэслэлгүй, баримт нотолгоогүй, өөрсдийн дур мэдэн удаа дараа гаргасан шийдвэрүүддээ тохирсон дүгнэлтүүдийг гаргасан, маргаан бүхий гэх 38 мкв газрыг ямар ч нотлох баримтгүйгээр хасч гаргасан энэхүү 38 мкв газар нь 2010 оны 09 сарын 07-ны өдрийн А/413 тоот захирамжаар “ТМ” ХХК-д олгогдсон 3800 мкв газарт огт хамааралгүй буюу давхцалгүй юм.

11. Маргаан бүхий 38 мкв газар нь иргэн Ч.Л-гийн 2004 оноос эзэмшиж байсан 480 мкв газарт багтаж байгаа. Өөрөөр хэлбэл, 2009 оны 04 сарын 13-ны өдрийн Сайнцагаан сумын 7 багийн нутагт байрлах Ч.Л-гийн эзэмшил газрын кадастрын зураглал, барилгын материалын дэлгүүрийн эзэмшил газрын тодорхойлолт, Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газрын 2019 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн А/93 тоот шинжээчийн дүгнэлтийн 3 дахь хавсралт, 2018 оны 10 сарын 30-ны өдрийн А/51 тоот шинжээчдийн дүгнэлтийн 1 дэх хавсралт зураглал зэрэг баримтуудаар нотлогдож байна.

12. Ч.Л-гийн эзэмшил 480 мкв газар нь “ТМ” ХХК-ийн эзэмшил газрын аймгийн Засаг даргын 2004 оны 11 дүгээр сарын 11-ний А/33 дугаар захирамжаар олгогдсон 4517,5 мкв, 2015 оны 12 дугаар сарын 23-ны өдөр үйлдэгдсэн 3961 мкв газартай давхцалгүй цаг хугацааны хувьд иргэн Ч.Л-д 7 сарын өмнө олгогдож тухайн газрыг холбогдох хууль журмын дагуу эзэмшиж байгаа.

13. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 670 дугаар магадлал нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй. Давж заалдах шатны шүүхээс “нэхэмжлэгчийн газар эзэмших эрх зөрчигдсөн гэж үзэх хууль зүйн үндэслэл байхгүй байна" гэж дүгнэсэн. Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлд заасан болзол шаардлагыг хангаж уг газрыг эзэмших эрхтэй болсон. Учир нь хэд хэдэн газар эзэмшигчээс газар худалдан авсан ба 2013 онд Газрын албаны мэргэжилтэн Б.Рэнцэндорж бүх газраа нэг гэрчилгээтэй болго гэсний дагуу зохих журмаар хандаж Дундговь аймгийн Засаг даргын 2013 оны А/566 дугаар захирамжаар уг газрыг эзэмшсэн. Энэ маргаан бүхий газрыг хууль ёсоор эзэмшиж байгаа талаар Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын дүгнэлт гарсан. Хариуцагч тал маргаан бүхий захирамжуудыг гаргахдаа “бусдын эзэмшил газартай давхацсан” гэсэн үндэслэлээр гаргасан. Бусдын эзэмшил газартай давхацсан талаар нотолсон баримт хэргийн материалд байдаггүй. “ТМ” ХХК болон иргэн Ч.Л-гийн кадастрын зураглалд ямар ч давхцал анхнаасаа байгаагүй.

14. Харин иргэн Ч.Л- хууль ёсоор уг маргаж байгаа газрыг эзэмшиж ирсэн талаар нотлох баримтууд хэргийн материалд хангалттай байгаа. Өөрөөр хэлбэл Газрын тухай хуульд зааснаар газрыг эрхийн гэрчилгээний үндсэн дээр эзэмшинэ, мөн газрын хүчин төгөлдөр кадастрын зураглалтай, тухайн газрын төлбөрийг жил бүр төлдөг байсан талаархи баримтууд хэрэгт авагдсаар байхад давж заалдах шатны шүүхээс үндэслэлгүй дүгнэлт хийж нэхэмжлэгчийн газар эзэмших эрх зөрчигдөөгүй байна гэж үзэж байгаад гомдолтой байна. Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-т “Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ” гэж хуульчилсан. Манайх маргаан бүхий газрыг 2013 оны 11 дүгээр сарын 8-ны өдрийн Засаг даргын захирамжийн дагуу олгогдсон эрхийн гэрчилгээгээрээ эзэмшиж байсан. Гэтэл манай газар эзэмших эрхэд халдах ямар ч хууль зүйн үндэслэлгүй байна. Энэхүү маргаан бүхий захирамжуудыг гаргаж нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг ноцтой бүдүүлгээр зөрчсөөр байхад давж заалдах шатны шүүхээс үндэслэлгүй дүгнэлт хийж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосонд гомдолтой байна.

15. Иймд, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, өгнө үү гэжээ.

16. Гуравдагч этгээд С.Өлзиймаа хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Давж заалдах шатны шүүхээс "Маргаан бүхий 38 мкв газар нэхэмжлэгч Ч.Л-гийн эзэмшлийн 480 мкв газарт багтаж байгаа нь нотлогдохгүй байх бөгөөд нэхэмжлэгч бодит байдалд 595 мкв газар эзэмших эрхтэй байна” гэж дүгнэн шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй. Гэвч “ТМ” ХХК-ийн эзэмшиж буй газарт маргаан бүхий 38 мкв газар багтаж байгаа нь нотлогдохгүй байна гэж шийдвэрлэсэнд гомдолтой байна.

17. Учир нь, Дундговь аймгийн Засаг даргын 2004 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 32 дугаар захирамжаар нэхэмжлэгч Ч.Л-д 480 мкв газрыг, 2004 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн захирамжаар “ТМ” ХХК-нд 4517.5 мкв газрыг тус тус эзэмшүүлсэн байдаг. Ч.Л-гийн 480 мкв газар эзэмших эрх “ТМ” ХХК-ийн 4517,5 мкв газар эзэмших эрхээс өмнө үүссэн байдаг. Маргаан бүхий 38 мкв талбайтай газар нь 480 мкв болон 4517.5 мкв талбайтай 2 газрын зааг /хил зааг/ газар байгаа. Маргаан бүхий “одоо байгаа контейнер болон контейнероос урагш цементэн хашаа хүртэл улбар шар өнгийн төмрөөр зүүн талаас нь хааж битүүмжилсэн хашааны доорх газар” нь гуравдагч этгээд “ТМ” ХХК-ийн газар болох нь хэрэгт авагдсан “Мандал хүрээ” ХХК-иас хөрөнгө хүлээлцсэн акт, гэрчүүдийн мэдүүлэг, Дундговь аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын даргын 2017 оны А/12 дугаар тушаалаар томилогдсон шинжээчдийн 2017 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн дүгнэлт, кадастрын зураг, анхан шатны шүүх хуралдаанд гаргасан хариуцагчийн төлөөлөгч Ж.Элбэгзаяагийн тайлбар зэрэг бичгийн баримтуудаар тогтоогдож байхад дээрх нотлох баримтуудыг шүүх хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь үнэлсэнгүй.

18. “Мандал хүрээ” ХХК-иас хөрөнгө хүлээлцсэн актад “захын эргэн тойрны бетон хавтан хашаагаар хүрээлэгдсэн газар буюу 4517.5 мкв газрыг “ТМ” ХХК-нд хүлээлгэж өгсөн байдаг. Одоог хүртэл захын эргэн тойрны бетон хашаа өөрчлөгдөөгүй, 2004 онд байсан хэвээрээ байсаар байтал анхан болон давж заалдах шатны шүүх хэргийн нөхцөл байдлыг бүрэн тодруулж, маргааны үйл баримтад холбогдох нотлох баримтуудыг тал бүрээс үнэлсэнгүй гэж үзэж байна.

19. Хэрэгт "ТМ” ХХК-ийн 2015 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 3961 мкв кадастрын зураг авагдсан бөгөөд 3800 мкв-ийн газрын кадастрын зураг ерөөсөө байхгүй, кадастрын мэдээллийн санд бүртгэгдээгүй, 3800 мкв газар яг хаана байгаа нь тодорхойгүй, баримтгүй байхад Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газрын 2019 оны А/93 дугаар шинжээчийн дүгнэлтийн 5 дахь заалтаар "ТМ” ХХК-ийн эзэмшсэн 3800 мкв газрын кадастрын зургийн солбицлын утгыг боловсруулан Дундговь аймгийн Сайнцагаан сумын Газрын мэдээллийн сангийн зурган мэдээлэл, шинжээчийн дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийн хэмжилтийн үр дүнтэй давхцуулж үзэхэд одоо байгаа контейнер болон контейнероос урагш цементэн хашаа хүртэл улбар шар өнгийн төмрөөр зүүн талаас нь хааж битүүмжилсэн хашааны доорх газар нь уг А/413 дугаар захирамжаар олгогдсон 3800 мкв газарт хамаарахгүй байна гэсэн дүгнэлт гаргасан нь үндэслэлгүй юм.

20. Давж заалдах шатны шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй боловч нэхэмжлэгч Ч.Л-гийн эзэмшиж буй газрын байршлын кадастрын зураг 633 мкв-аар кадастрын мэдээллийн санд бүртгэгдсэн хэвээрээ үлдэж байгаа нь ойлгомжгүй байна. Давж заалдах шатны шүүхээс нэхэмжлэгч Ч.Л-г 595 мкв газар эзэмших эрхтэй болох нь тогтоогдож байна гэж дүгнэсэн атлаа Газрын кадастрын мэдээллийн санд нэхэмжлэгч Ч.Л-гийн эзэмшил газрыг 633 мкв газраар бүртгэсэн нь илт хууль бус хэвээр байгаад дүгнэлт хийсэнгүй гэж үзэж байна. Нэхэмжлэгч 595 мкв эзэмших эрхтэй болох нь хууль зүйн үндэслэлтэй тул нэхэмжлэгч Ч.Л-гийн эзэмшил зохих 595 мкв газрыг 633 мкв-аар кадастрын мэдээллийн санд хууль бусаар бүртгэсэн нь илт хууль бус болж гуравдагч этгээдийн бие даасан шаардлага хангагдах ёстой гэж үзэж байна.

21. Учир нь гуравдагч этгээдийн “С.Отгонтөгсийн 2013 оны 10 дугаар сарын 14-ний өдөр үйлдсэн иргэн Ч.Л-гийн эзэмшиж буй газрын байршлын кадастрын зураг болон 633 мкв газрыг кадастрын мэдээллийн санд бүртгэснийг илт хууль бус болохыг тогтоолгох тухай” бие даасан шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрсөн. Өөрөөр хэлбэл, Ч.Л- нь С.Отгонтөгсөөр кадастрын хэмжилт дахин хийлгүүлж эзэмшил газраа 633 мкв болгохдоо Газрын зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын даргын 2008 оны 83 дугаар тушаалаар баталсан Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ олгох журам”-ыг 5.1.1, 2.1.3-2.1.6, 2.1.8-2.1.11, 6.2.4 дэх заалтуудыг зөрчиж кадастрын зураглал үйлдэж, Ч.Л-гийн эзэмшил зохих 595 мкв газрыг 633 мкв-аар кадастрын мэдээллийн санд хууль бусаар бүртгэсэн болох нь хэрэгт авагдсан Ч.Л-гийн эзэмшил газрын кадастрын зураг, гэрч Г.Маналсүрэнгийн мэдүүлдэг, хариуцагчийн тайлбар зэргээр нотлогддог. Мөн хэрэгт нэхэмжлэгч Ч.Л-гээс гаргасан өргөдөлдөө “...480 мкв газар эзэмшиж байгаа тул газрын гэрчилгээг шинэчилж өгнө үү” гэсэн хүсэлт гаргасан байхад кадастрын зургийг 633 мкв болгож хууль бусаар мэдээллийн санд оруулаад, Засаг даргын захирамж гаргуулсан байдаг.

22. Иймээс анхан болон давж заалдах шатны шүүхээс гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй тул гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг хангаж, шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж өгнө үү.

23. Давж заалдах шатны шүүхээс шүүхийн зардалд төлөх 2,485,637 төгрөгийг нэхэмжлэгч болон гуравдагч этгээдээс хувь тэнцүүлэн гаргасан нь үндэслэлгүй байна. Учир нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-т “Нөхөн төлүүлэх шүүхийн зардлыг ...нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд нэхэмжлэгчээр нөхөн төлүүлнэ” гэж заасан бөгөөд давж заалдах шатны шүүхээс нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул шүүхийн зардлыг нэхэмжлэгч бүрэн хариуцах ёстой гэж үзэж байна.

24. Анхан шатны шүүх хэргийн нөхцөл байдлыг бүрэн тодруулж, маргааны үйл баримтад холбогдох нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь үнэлээгүй, буруу үнэлсэн, давж заалдах шатны шүүхийн хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй тул Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 670 дугаар магадлалын 1 дүгээр заалтыг хэвээр үлдээж, шийдвэр, магадлалын гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг өөрчилж, бие даасан шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

25. Анхан шатны шүүхээс маргааны үйл баримтыг зөв тодорхойлж, холбогдох хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангаж, гуравдагч этгээдийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.  

26. Нэхэмжлэгч Ч.Л-гээс Дундговь аймгийн Засаг даргын 2017 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн “Газар эзэмших эрх дуусгавар болгох тухай” А/254 дүгээр, 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн “Газар эзэмших эрхийн зарим хэсгийг хүчингүй болгох тухай” А/385 дугаар захирамжийг тус тус хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд гуравдагч этгээдээс “2013 оны 10 дугаар сарын 14-ний өдөр үйлдсэн Ч.Л-гийн эзэмшиж буй газрын байршлын кадастрын зураг болон 633 мкв газраар кадастрын мэдээллийн санд бүртгэснийг илт хууль бус болохыг тогтоолгох” бие даасан шаардлага гаргажээ.

27. Дундговь аймгийн Засаг даргын 2017 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн А/254 дүгээр захирамжаар Ч.Л-гийн эзэмшиж байсан үйлчилгээний зориулалттай 633 мкв газрын хэмжээг 480 мкв газар болгож, 153 мкв газрыг хүчингүй болгож шийдвэрлэсэн. Улмаар 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн А/385 дугаар захирамжаар өмнөх А/254 дүгээр захирамжийг хүчингүй болгож “газрын хэмжээг буруу тогтоосон, газар давхацсан” гэсэн үндэслэлээр 38 мкв газрыг хүчингүй болгож, 595 мкв газрыг эзэмшүүлсэн байна.

28. Нэхэмжлэгчээс “633 мкв газраас үндэслэлгүйгээр 38 мкв газрыг хассан, 2004 оны 20 мкв, 106 мкв газрын зөрүүг нэмж тооцсонгүй” гэж, хариуцагчаас “илүү газар эзэмшиж байсан, 480+115=595 мкв газар эзэмших эрхтэй атал 633 мкв газар эзэмшиж байна” гэж, гуравдагч этгээдээс “Захын хашаан дотор контейнер байрлуулсан 38 мкв газар нь манай газар, “ТМ” ХХК-д захыг хүлээлцсэн актад 3 талт бетонон хашаа гэж тодорхой бий, Ч.Л- тухай үед хашаа доторх газрыг хөршийг байлцуулахгүйгээр зураглал үйлдэх болон мэдээллийн санд оруулах эрхгүй этгээдээр дур мэдэн хэмжүүлж зургаа зуруулсан” тус тус маргажээ.

29. Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсэгт “хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна” гэж, 23 дугаар зүйлийн 23.4.3 дахь хэсэгт “Газрын алба нь эзэмшил, ашиглалтад олгогдсон газрын хэмжээ заагийг газар дээр нь тэмдэгжүүлж, координатжуулах, тэдгээрийн кадастрын зургийг үйлдэж, газрын улсын бүртгэлд бүртгэх эрхтэй” гэж тус тус заажээ.

30. Маргаан бүхий 2017 оны А/385 дугаар захирамж нь Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсгийг хэрэглэж, “газрын хэмжээ буруу тогтоож, үндэслэлгүй давхцуулан, газрын хэмжээг нэмсэн” гэх үндэслэлээр гарсан, гэтэл энэхүү 38 мкв газар нь бусдын /гуравдагч этгээдийн/ эзэмшил газартай давхцаагүй байхад үүнийг захиргааны байгууллага газар дээр нь хэмжиж, шалгаж тогтоогоогүй, захиргааны актын эдгээр хоёр үндэслэл бодит байдалд бий болоогүй буюу үгүйсгэгдсэн болох нь шүүх хуралдааны тэмдэглэл, шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байна.

31. Тухайлбал, 2019 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын шинжээчийн А/93 дүгнэлтийн 5 дахь хэсэгт “одоо байгаа контейнер болон контейнероос урагш цементэн хашаа хүртэл улбар шар өнгийн төмрөөр зүүн талаас нь хааж битүүлсэн хашааны доорх газар нь уг А/413 дугаар захирамжаар олгогдсон 3800 мкв газарт хамаарахгүй байна” гэж дүгнэсэн, ийм учраас маргаан бүхий газрыг “гуравдагч этгээдийн эзэмшил газартай давхцаагүй” гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсгийг хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдэл зөв болжээ.

32. Дундговь аймгийн Сайнцагаан сумын Засаг даргын 2001 оны 10 дугаар сарын 04-ний газар эзэмших гэрчилгээгээр Ч.Л- нь 20 мкв газрыг эзэмшсэн байх бөгөөд Дундговь аймгийн Засаг даргын 2004 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 32 дугаар захирамжаар Ч.Л-д худалдаа, үйлчилгээний зориулалтаар 480 мкв газрыг эзэмшүүлсэн. Эдгээр газрын байршлыг тухайн үед газрын кадастрын мэдээллийн санд бүртгээгүй, 2019 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын шинжээчийн дүгнэлтэд “480 мкв талбай газрын солбицлын утга шаардлага хангахгүй тул боловсруулалт хийх боломжгүй” гэсэн байна. Харин хэргийн бодит үйл баримтаар маргаан бүхий газарт 2002 оноос нэхэмжлэгч контейнер байршуулан ашиглаж байгаа нь тогтоогдсон, гуравдагч этгээдээс “манай газарт түр байршуулсан” гэж маргаж байгаа боловч энэ нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсонгүй.

33. Нэхэмжлэгч нь 2012 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн А/609 дүгээр захирамжаар 185 мкв газрыг Ц.Уранчимэгээс, мөн өдрийн А/610 дугаар захирамжаар 84 мкв газрыг А.Өлзийдүүрэнгээс тус тус шилжүүлэн авсан байна. Улмаар нэхэмжлэгчээс “84 мкв газар нь бодит 106 мкв хэмжээтэй байсан, учир нь энэ газар нь бүхэлдээ үл хөдлөх хөрөнгө байсан, нэмж анх эзэмшсэн 20 мкв газрыг оруулаагүй” гэж маргасан, хариуцагчаас энэхүү үйл баримтад холбогдуулан няцаасан нотлох баримтыг үндэслэл бүхий тайлбарын хамт шүүхэд гаргаж өгөөгүй. Захиргааны акт гаргах болсон бодит үндэслэл үгүйсгэгдэж, захиргааны байгууллага шалгаж тогтоох үүргээ биелүүлээгүй нь Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2-т заасантай нийцээгүй тул давж заалдах шатны шүүхийн “нэхэмжлэгч нь бодит байдал дээр /185+84/-154=115, /115+480/=595 мкв газар эзэмших эрхтэй буюу Ч.Л-гийн 633 мкв газраас 38 мкв газрыг үндэслэлгүйгээр хасаагүй” гэх дүгнэлт хийсэн нь буруу болжээ.

34. 2019 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын шинжээчийн А/93 дугаар дүгнэлтийн 4 дэх хэсэгт “...одоо байгаа контейнер болон контейнероос урагш цементэн хашаа хүртэл улбар шар өнгийн төмрөөр зүүн талаас нь хааж битүүлсэн хашааны доорх газар нь нийт 32 мкв талбайг хамарч байгаа бөгөөд уг А/566 дугаар захирамжаар олгогдсон Ч.Л-д эзэмшүүлсэн гэх 633 мкв талбайтай газрын зүүн хэсэгт бүхэлдээ багтан байрлаж байна” гэж дүгнэсэн, маргаан бүхий газрыг нэхэмжлэгч бодитоор ашиглаж байжээ.

35. Дундговь аймгийн Засаг даргын 2004 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 30 дугаар “Газар эзэмших гэрээг шинэчлэж, гэрчилгээ олгох тухай” 300 дугаар захирамжаар “ТМ” ХХК-д Сайнцагаан сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт худалдаа үйлчилгээний зориулалтаар 4517,5 мкв газрыг эзэмшүүлсэн бөгөөд мөн 2007 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 341 дүгээр захирамжаар “ТМ” ХХК-ийн эзэмшил газраас Л.Эрдэнэцэцэг, Ц.Энхтуяа нарт орон сууцны зориулалтаар 200 мкв газрыг, Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтсийн эзэмшилд 178 мкв газрыг тус тус шилжүүлж, үлдсэн 4000 мкв газрыг “ТМ” ХХК-д эзэмшүүлсэн байна. Дараа нь 2010 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн А/413 дугаар захирамжаар “ТМ” ХХК-ийн үйлчилгээний зориулалттай 4000 мкв газраас Н.Нацагдоржид 200 мкв газрыг шилжүүлж, гуравдагч этгээд нь 3800 мкв газар эзэмших эрхтэй болсон байх тул гуравдагч этгээдийн “3800 мкв газрын кадастрын зураг ерөөсөө байхгүй, кадастрын мэдээллийн санд бүртгэгдээгүй, 3800 мкв газар яг хаана байгаа нь тодорхойгүй, шинжээчийн дүгнэлт үндэслэлгүй гарсан” гэх гомдлыг хангах боломжгүй.

36. Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1, 34 дүгээр зүйлийн 34.1 дэх хэсэгт зааснаар газар эзэмшүүлсэн Засаг даргын захирамжид заасан хэмжээгээр газар эзэмших эрх үүсэх ба хариуцагчаас “ТМ” ХХК-ийн эзэмшлийн газар нь 3961 мкв хэмжээтэй хирнээ өөрсдийнх нь эзэмших эрх нь 3800 мкв байгаа, захирамж нь 3800 мкв гэж гарсан” гэж тайлбарлаж байсан, гуравдагч этгээд нь 2010-2015 оны хооронд кадастрын зураг хийлгэж, мэдээллийн санд бүртгүүлээгүй, 2015 онд зураглалаа хийлгэсэн үйл баримт тогтоогджээ.

37. Гуравдагч этгээдийн ““Мандал Хүрээ” ХХК-иас хөрөнгө хүлээлцсэн актад “захын эргэн тойрны бетон хавтан хашаагаар хүрээлэгдсэн газар буюу 4517.5 мкв газрыг “ТМ” ХХК-нд хүлээлгэж өгсөн байдаг. Одоог хүртэл захын эргэн тойрны бетон хашаа өөрчлөгдөөгүй, 2004 онд байсан хэвээрээ байсаар байтал нотлох баримтуудыг тал бүрээс үнэлсэнгүй” гэх гомдол үндэслэлгүй байна. Учир нь 2004 оны 08 дугаар сарын 6-ны өдрийн “Мандал Хүрээ” ХХК-ийн хөрөнгө хүлээлцсэн тухай актад “...Сайн цагаан сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлалтай 330 мкв талбай бүхий хүнсний захын нэг давхар барилга, барилгын доорхи 330 мкв газар, барилгын зүүн талд байрлах 3570 мкв захын талбайн газар, барилгын баруун талд байрлалтай аж ахуйн хашааны 520 мкв талбай бүхий газар нийт 4420 мкв газрыг хүлээлцлээ” гэсэн байх боловч уг газрын схем зураг байхгүй, учраас газар дээрх барилга хаана байрлаж байсан, хоосон талбай хаана байсан зэргийг тогтоож чадахгүй, энэ нь 2019 оны 93 дугаар шинжээчийн ““ТМ” ХХК-д эзэмшүүлсэн 4517,5 мкв талбайтай газар нь боловсруулалт хийх боломжгүйн үндсэн дээр контейнерын болон контейнероос урагш цементэн хашаа хүртэл улбар шар өнгийн төмрөөр зүүн талаас нь хааж битүүлсэн хашааны доорх газрын аль хэсэг хамаарахыг тодорхойлох боломжгүй” гэх дүгнэлтээр нотлогдож байна.

38. Иймээс давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 670 дугаар магадлалыг хүчингүй болгож, Дундговь аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 12 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангаж, гуравдагч этгээдийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг шүүгчийн захирамжаар төрийн сангаас буцаан олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар гуравдагч этгээдээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

            ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                          М.БАТСУУРЬ

                     ШҮҮГЧ                                                                   П.СОЁЛ-ЭРДЭНЭ