Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 06 сарын 26 өдөр

Дугаар 210/МА2020/01372

 

 

 

 

 

2020 оны 06 сарын 26 өдөр

Дугаар 210/МА2020/01372

 

 

 

М.Ц -ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Д.Нямбазар, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 102/ШШ2020/01218 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч М.Ц ийн хариуцагч Б.С ад холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүрэгт 15 600 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Оюунбилэг, хариуцагч Б.С , хариуцагчийн өмгөөлөгч Ж.Ариунаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Одонтуяа нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нэхэмжлэгч М.Ц нь 2017 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр Б.С тай зээлийн гэрээ байгуулж 10 000 000 төгрөгийг 5 жилийн хугацаатай, сарын 2 хувийн хүүтэйгээр зээлдүүлсэн. М.Ц нь 2017 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр 10 000 000 төгрөгийг Б.С ын ХААН банк дахь 5429024270 тоот дансанд шилжүүлсэн. Гэтэл хариуцагч нь мөнгө зээлсэн өдрөөсөө хойш хүүнд 1 ч төгрөг төлөөгүй, нэхэхээр өгнө гэсээр өдий хүрсэн. Иймд Б.С тай байгуулсан 2017 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн зээлийн гэрээг цуцалж, үндсэн зээл 10 000 000 төгрөг, хүүнд 5 600 000 төгрөг, нийт 15 600 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Б.С шүүхэд гаргасан хариу тайлбартаа: М.Ц ийн нөхөр Б.Жигмэджамц нь миний төрсөн дүү юм. Тэд албан ёсоор гэрлэлтээ батлуулсан ба гэрлэлтийн гэрчилгээтэй. Миний бие нь өөрийн төрсөн дүүгийн эхнэр М.Ц тэй 2017 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр зээлийн гэрээ байгуулж, 10 000 000 төгрөгийг 5 жилийн хугацаатай, сарын 2 хувийн хүүтэйгээр зээлж авсан. Гэрээ байгуулсны маргааш буюу 2017 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр ХААН банк дахь миний эзэмшлийн 5429024270 тоот дансанд 10 000 000 төгрөгийг шилжүүлсэн. Удалгүй тэр өдрөө М.Ц , Б.Жигмэджамц нар нь над руу залгаж бидэнд мөнгө хэрэгтэй боллоо, зээлсэн мөнгөө буцаагаад шилжүүлээрэй гэж хэлсэн. Түүний хэлснээр Б.Жигмэджамцын ХААН банк дахь 5005694951 тоот данс руу шилжүүлсэн. М.Ц нь Иргэний хуулийн 204 дүгээр зүйлд зааснаар гэрээнээс татгалзах талаар хэлээд гэрээнээс татгалзаж, мөнгөө тэр өдрөө буцаагаад авсан. Би мөнгийг хэрэглээгүй тул хүү төлөх үндэслэлгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 236 дугаар зүйлийн 236.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч М.Ц ийн хариуцагч Б.С аид холбогдуулан шүүхэд гаргасан зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалж, гэрээний үүрэгт үндсэн зээл 10 000 000 төгрөг, хүүнд 5 600 000 төгрөг, нийт 15 600 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 410 900 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Оюунбилэг давж заалдах гомдолдоо: Нэхэмжлэгч М.Ц нь зээлийн гэрээнээс татгалзаж мөнгөө буцаан авах тухай хариуцагч Б.С тай огт яриагүй бөгөөд зээлдүүлсэн 10 000 000 төгрөгийг буцаан аваагүй. Б.С зээлийн эргэн төлөлт, хүү огт өгөхгүй явж байгаад 2 жилийн дараа буюу 2019 оны 8 дугаар сард 440 000 төгрөгийг, 10 дугаар сард 440 000 төгрөгийг 2 удаа нийт 880 000 төгрөг төлснөөс өөр мөнгийг төлөөгүй юм. Хэрвээ зээлдүүлсэн 10 000 000 төгрөгийг буцаан авсан бол хариуцагч Б.С нь 2019 оны 8 дугаар сард, 10 дугаар сард зээл эргэн төлөлт хийхгүй байх байсан.

Анхан шатны шүүх Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар М.Ц гэрээнээс татгалзсан ба, татгалзсан даруйд хариуцагч гэрээгээр шилжүүлж авсан зээлийн хөрөнгө болох 10 000 000 төгрөгийг буцаан шилжүүлснээр үүрэг дуусгавар болсон гэж дүгнэж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй. Хэрэгт нэхэмжлэгч М.Ц зээлийн гэрээнээс татгалзсан тухай ямар нэгэн нотлох баримт байхгүй байхад Б.Жигмэджамцын ХААН банкны 5005694951 тоот дансанд 10 000 000 төгрөгийг буцаан шилжүүлсэн гэх тайлбар үндэслэлтэй гэж шийдвэрлэсэн нь хуүль зүйн үндэслэлгүй болсон.

Иргэний хуүлийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар 2017 оны 9 дүгээр 11-ний өдөр байгуулагдсан зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь М.Ц харин зээлдэгч нь Б.С нарын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн. Зээлдүүлэгчийн үндсэн үүрэг нь зээлдэгчид мөнгө, эсхүл бусад эд хөрөнгийг шилжүүлэх болон тохиролцсон хугацаанд захиран зарцуулах эрхийг олгоход оршино. Харин зээлдэгчийн үндсэн үүрэг нь мөнгө, эсхүл эд хөрөнгийг хугацаанд нь буцаан өгөх үүрэгтэй.

Тэгвэл зээлдэгч Б.С зээлдүүлэгч М.Ц нарын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн байх тул Б.С гэрээний үүргийг зөвхөн М.Ц эд буцаан төлөх үүрэг хүлээнэ. Хариуцагч Б.С түүний төрсөн дүү Б.Жигмэджамц нарын хооронд ямар харилцаа үүсэж мөнгө өгөлцөж авалцсныг нэхэмжлэгч мэдэхгүй бөгөөд энэ хэрэгт огт хамааралгүй юм.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Шүүх талуудын хоорондын маргааныг шийдвэрлэхдээ маргаан бүхий үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэрэгт цугларсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарласан хэрэглэсэн байна.

Нэхэмжлэгч М.Ц нь хариуцагч Б.С ад холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 15 600 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч гэрээнээс татгалзсан учир мөнгийг буцаан шилжүүлсэн гэх үндэслэл заан эс зөвшөөрч маргажээ.

М.Ц 2019 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн зээлийн гэрээний дагуу 10 000 000 төгрөгийг Б.С ын ХААН банкны данс руу мөн сарын 12-ны өдөр шилжүүлснээр тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 218 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний үүргийн харилцаа үүссэн үйл баримтыг хэрэгт авагдсан зээлийн гэрээ, ХААН банкны депозит дансны хуулга, талуудын тайлбар зэрэг баримтуудыг үндэслэн шүүх зөв тогтоосон байна. /хх-5, 15-16, 37-39/ Энэ асуудлаар зохигчид маргаагүй, харин гэрч Б.Жигмэджамцын данс руу шилжүүлсэн 10 000 000 төгрөгийг зээлийн гэрээнээс татгалзсантай холбоотойгоор гэрээгээр шилжүүлсэн хөрөнгийг буцаан шилжүүлсэнд тооцох эсэх талаар маргажээ.

Хариуцагч Б.С нь ... мөнгө шилжүүлсэн өдрөө над руу залгаж, бидэнд мөнгө хэрэгтэй боллоо, нөхөр Б.Жигмэджамцын данс руу буцаагаад шилжүүлээрэй гэсний дагуу шилжүүлсэн ... гэж татгалзлын үндэслэлээ тайлбарласан байх ба гэрч Б.Жигмэджамц мөн энэ үйл баримтыг нотолсон мэдүүлэг шүүхэд өгсөн байна. /хх-38-39/ Хэрэгт хариуцагч Б.С ын дансанд 2019 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр 10 000 000 төгрөгийн орлого орж, мөн өдрөө гэрч Б.Жигмэджамцын данс руу уг мөнгийг шилжүүлсэн тухай ХААН банкны депозит дансны хуулга нотлох баримтаар авагджээ. /хх-15-16/

Нэхэмжлэгч М.Ц , гэрч Б.Жигмэджамц нар гэрлэгчид байх тул нэхэмжлэгчийг нөхрийнхөө данс руу хариуцагчаас шилжүүлсэн мөнгөн хөрөнгийг мэдээгүй байсан, мэдэх боломжгүй байсан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна. Түүнчлэн нэхэмжлэгч нь уг мөнгийг гэрч түүнд мэдэгдэлгүйгээр захиран, зарцуулсан, хариуцагчтай байгуулсан зээлийн гэрээний харилцаанд хамааралгүй гэдгийг баримтаар нотлоогүй байна.

Анхан шатны шүүх нэхэмжлэгч М.Ц гэрээнээс татгалзсанаар хариуцагч Б.С түүний нэрлэн заасан данс руу гэрээгээр шилжүүлэн авсан мөнгөн хөрөнгийг буцаан шилжүүлэх үүргээ биелүүлсэн гэж дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасан нотлох баримт үнэлэх журамд нийцжээ. Улмаар нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1, 205 дугаар зүйлийн 205.1, 236 дугаар зүйлийн 236.1.1-д заасныг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо ... Б.С ... 2 жилийн дараа ... 2 удаа нийт 880 000 төгрөг төлсөн, буцаан авсан бол эргэн төлөлт хийхгүй байсан гэж дурджээ. Хэргийн 32-33 дахь талд баримтаас үзвэл иргэн Н.Орхонтуулын ХААН банкны данснаас 2019 оны 8 дугаар сарын 16-ны өдөр Содномжамцаас Цэгмидэд зээл төлөв, мөн оны 10 дугаар сарын 05-ны өдөр Содномжамцаас зээл төлөв гэсэн бичиглэлтэй нийт 880 000 төгрөг шилжигдсэн байгаа боловч уг мөнгийг зохигчдын хооронд байгуулагдсан 2017 оны зээлийн гэрээний эргэн төлөлт гэж эргэлзээгүй дүгнэх боломжгүй.

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээхээр шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 102/ШШ2020/01218 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа урьдчилан төлсөн 410 900 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ИЧИНХОРЛОО

 

ШҮҮГЧИД Д.НЯМБАЗАР

 

Ч.ЦЭНД