Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 04 сарын 17 өдөр

Дугаар 102/ШШ2020/01218

 

2020 оны 04 сарын 17 өдөр

Дугаар 102/ШШ2020/01218

Улаанбаатар хот

 

                                  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мөнхтөр даргалж, тус шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 0 дүгээр хороо, Энгелсийн гудамж, 0 тоотод оршин суух, Г овогт М-ын Ц /РД: 00000000/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 0 дугаар хороо, 0 дүгээр хороолол, 0 дүгээр байрны 0 тоотод оршин байх, Х овогт Б-ийн С /РД: 00000000/-д холбогдох,

 

Гэрээний үүрэгт 15,600,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О, хариуцагч Б.С, гэрч Б.Ж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Энхзул нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Нэхэмжлэгч М.Ц нь 2017 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр Б.С-тай зээлийн гэрээ байгуулж 10,000,000 төгрөгийг 5 жилийн хугацаатай, сарын 2 хувийн хүүтэйгээр зээлдүүлсэн. М.Ц нь 2017 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр 10,000,000 төгрөгийг Б.С-ын Хаан банкин дахь 5429024270 тоот дансандд шилжүүлсэн. Гэтэл хариуцагч нь мөнгө зээлсэн өдрөөсөө хойш хүүнд 1 ч төгрөг төлөөгүй, нэхэхээр өгнө гэсээр өдий хүрлээ. Иймд Б.С-тай байгуулсан 2017 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн зээлийн гэрээг цуцалж, үндсэн зээл 10,000,000 төгрөг, хүүнд 5,600,000 төгрөг, нийт 15,600,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч Б.С-ын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: М.Ц-ийн нэхэмжлэлтэй танилцлаа. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй. М.Ц-ийн нөхөр Б.Ж нь миний төрсөн дүү юм. Тэд албан ёсоор гэрлэлтээ батлуулсан ба гэрлэлтийн гэрчилгээтэй гэр бүл юм. Миний бие нь өөрийн төрсөн дүүгийн эхнэр М.Ц-тэй 2017 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр зээлийн гэрээ байгуулж, 10,000,000 төгрөгийг 5 жилийн хугацаатай, сарын 2 хувийн хүүтэйгээр зээлж авсан. Гэрээ байгуулсны маргааш буюу 2017 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр Хаан банкин дахь миний эзэмшлийн 5429024270 тоот дансанд 10,000,000 төгрөгийг шилжүүлсэн. Удалгүй тэр өдрөө М.Ц, Б.Ж нар нь над руу залгаж бидэнд мөнгө хэрэгтэй боллоо, зээлсэн мөнгөө хэрэглээгүй биз дээ, манай нөхөр Б.Ж-ын данс руу буцаагаад шилжүүлээрэй гэж хэлсэн. Уг нь би энэ мөнгийг хэрэглье гэж бодож байсан боловч М.Ц буцааж авья гэсэн болохоор түүний хэлснээр Б.Ж-ын Хаан банкин дахь 5005694951 тоот данс руу шилжүүлсэн. М.Ц нь Иргэний хуулийн 204 дүгээр зүйлд зааснаар гэрээнээс татгалзах талаар хэлээд гэрээнээс татгалзаж, мөнгөө тэр өдрөө буцаагаад авсан. Би мөнгийг хэрэглээгүй тул хүү төлөх үндэслэлгүй, иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлаад,

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч М.Ц нь хариуцагч Б.С-ад холбогдуулан зээлийн зээлийн гэрээг цуцалж, гэрээний үүрэгт үндсэн зээл 10,000,000 төгрөг, хүү 5,600,000 төгрөг, нийт 15,600,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хариуцагч Б.С ... зээлийн гэрээ байгуулж, 10,000,000 төгрөг авсан нь үнэн, нэхэмжлэгч зээлийн мөнгийг миний данс руу гэрээ байгуулсны маргааш буюу 2017 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр шилжүүлсэн. Удалгүй над руу яриад гэрээнээс татгалзаж байгаа талаараа хэлээд мөнгөө буцаан шаардсан, шаардсан даруйд нь би түүний хэлснээр нөхрийнх нь данс руу мөнгийг буцаан шилжүүлсэн. Би зээлийн мөнгийг ашиглаж чадаагүй тул хүү төлөх үндэслэлгүй гэж маргажээ.

 

Шүүх дараахь үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч М.Ц нь хариуцагч Б.С-тай 2019 оны 9 дүгээр сарын 11-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, 10,000,000 төгрөгийг 5 жилийн сарын хугацаатай, сарын 2 хувийн хүүтэйгээр зээлдүүлэхээр тохиролцсоны дагуу 10,000,000 төгрөгийг хариуцагч Б.С-ын Хаан банкин дахь 5429024270 тоот дансанд шилжүүлсэн ба зохигчдын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ., 282 дугаар зүйлийн 282.4-д Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно. гэж заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн, гэрээ хуульд заасан хэлбэр, шаардлагыг хангасан, хүчин төгөлдөр гэрээ байгуулагджээ.

 

Хариуцагч Б.С нь нэхэмжлэгч М.Ц гэрээнээс татгалзаж, зээлийн гэрээгээр шилжүүлсэн 10,000,000 төгрөгийг буцаан шаардсан тул түүний хэлснээр нөхөр Б.Ж-ын Хаан банкны 5005694951 тоот дансанд 10,000,000 төгрөгийг буцааж шилжүүлсэн гэх тайлбар нь үндэслэлтэй болох нь хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Хаан банкин дахь Б.С-ын эзэмшлийн 5429024270 тоот дансанд 2017 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр 10,000,000 төгрөгийг 5015316853 тоот данснаас шилжиж орлого орсон, мөн өдөр Хаан банкин дахь Б.Жын эзэмшлийн 5005694951 тоот дансанд 10,000,000 төгрөгийг Б.С-ын 5429024270 тоот данснаас шилжүүлсэн тухай дипозит дансны хуулга, гэрч Б.Ж-ын ... М.Ц бид 2 гэр бүл байсан, манай ах Б.Сад мөнгө хэрэгтэй болсны дагуу эхнэр бид 2 мөнгө зээлдүүлэхээр болсон. Би гадаад улсад олон жил тогоочоор ажиллаж мөнгө хуримтлуулсан байсан. Энэ мөнгөнөөсөө ахдаа зээлдүүлэхээр болж, манай эхнэр М.Ц нь ах Б.С-тай гэрээ байгуулж, данс руу нь 10,000,000 төгрөгийг 2017 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр шилжүүлсэн. Гэвч эхнэр бид 2-т яаралтай мөнгөний хэрэг гарсан тул тэр өдрөө мөнгөө буцааж авсан. Буцааж авахдаа миний Хаан банкин дахь 5005694951 дансаар авсан гэх мэдүүлгээр тогтоогдож байна.

Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1-д Аль нэг тал нь гэрээнээс татгалзах бол энэ тухай нөгөө талдаа мэдэгдэнэ., 205 дугаар зүйлийн 205.1-д Хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелсэнээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй. гэж зааснаар нэхэмжлэгч М.Ц гэрээнээс татгалзсан ба, татгалзсан даруйд хариуцагч гэрээгээр шилжүүлж авсан зээлийн хөрөнгө болох 10,000,000 төгрөгийг буцаан шилжүүлснээр үүрэг дуусгавар болжээ.

Иймд нэхэмжлэгч М.Ц-ийн зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалж, гэрээний үүрэгт үндсэн зээл 10,000,000 төгрөг, хүүнд 5,600,000 төгрөг, нийт 15,600,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1-д үүрэг дараахь үндэслэлээр дуусгавар болно., мөн хуулийн 236.1.1-д үүрэг гүйцэтгэгч үүргээ зохих ёсоор гүйцэтгэсэн; гэх үндэслэлээр бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 236 дугаар зүйлийн 236.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч М.Ц-ийн хариуцагч Б.С-д холбогдуулан шүүхэд гаргасан зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалж, гэрээний үүрэгт үндсэн зээл 10,000,000 төгрөг, хүүнд 5,600,000 төгрөг, нийт 15,600,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 410,900 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар энэ шийдвэрийг зохигчид, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                М.МӨНХТӨР