Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 01 сарын 10 өдөр

Дугаар 210/МА2020/00073

 

 

 

 

 

2020 оны 01 сарын 10 өдөр

Дугаар 210/МА2020/00073

 

 

 

А.К-ын  ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч А.Мөнхзул, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 181/ШШ2019/02416 дугаар шийдвэртэй

 

Нэхэмжлэгч А.К- ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Д.У-т холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 153 282 418.80 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч А.Мандах

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сумъяа нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: А.К- ББСБ ХХК нь д.у-тэй 2018 оны 5 дугаар сарын 01-ний өдөр 18/23 дугаартай зээлийн гэрээг байгуулан 100 000 000 төгрөгийг 6 сарын хугацаатай, сарын 3 хувийн хүүтэй зээлсэн. Зээлийг олгоход 2018 оны 5 дугаар сарын 01-ний өдөр талууд 18/23 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг байгуулан д.у-ийн өмчлөлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан ар зайсан гудамж, 100/6 байрны 15 тоот 107,5 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг барьцаалсан. Зээлдэгч нь нэхэмжлэл гаргах өдрийг хүртэлх хугацаанд зээлийн хүүгийн төлбөрт 9 000 000 төгрөг төлсөн. Зээлдэгч нь хамгийн сүүлд 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдөр төлөлт хийсэн бөгөөд энэ хугацаанаас хойш нэхэмжлэл гаргах хүртэл хугацаанд огт төлөлт хийгээгүй бөгөөд тавьсан шаардлагыг биелүүлдэггүй, утасны дугаар нь солигдсон, оршин суух хаяг бүхий орон сууцаа худалдан борлуулсны улмаас хаяг тодорхойгүй болсон.

Иймд д.у-ээс 18/23 дугаартай зээлийн гэрээний дагуу төлөх үндсэн зээлийн үлдэгдэл 100 000 000 төгрөг, зээлийн гэрээний 3.5-д заасныг үндэслэн үндсэн хүүгийн төлбөр 47 602 000.01 төгрөг болон зээлийн гэрээний 3.1.3-д заасныг үндэслэн нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 5 680 418.79 төгрөг, нийт 153 282 418.80 төгрөгийг гаргуулж өгнө үү. Үүргийн гүйцэтгэлийг талуудын хооронд байгуулагдсан 18/23 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээний дагуу барьцаалагдсан зээлдэгчийн өмчлөлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан ар зайсан гудамж, 100/6 байрны 15 тоот 107,5 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцнаас хангуулж өгнө үү гэв.

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Би А.К- ББСБ ХХК-аас авсан зээлийг хувийн бетон зуурмагийн үйлдвэрлэл эрхлэх бизнестээ хөрөнгө оруулах зорилгоор авсан. 2018 он, 2019 оны хувьд бетон зуурмагийн үйлдвэрлэлийн хувьд дан 100 хувь бартераар авах санал болгож, бэлэн мөнгөний ажил хайн олдоогүйн улмаас бартерийн саналыг компанийн зүгээс эргэлтийн дутагдалд орон гэрээт ажлаа гүйцэтгэж чадахгүй, бартераар авсан зүйлийн үнэлгээ унаж, нэмж санхүүгийн эрсдэл үүсэхээс болгоомжлон бартерийн гэрээ хийж ажиллаагүй. Иймд А.К- ББСБ ХХК-ийн өмнө хүлээсэн үүргээ бетон зуурмагаар төлж барагдуулах хүсэлтэй байна гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-д тус тус заасныг баримтлан д.у-ээс 153 282 418.80 төгрөгийг гаргуулж А.К- ББСБ ХХК-д олгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар д.у- нь шүүхийн шийдвэрт заасан төлбөрийг сайн дураар төлөөгүй тохиолдолд барьцааны зүйл болох эрхийн улсын бүртгэлийн Ү-2206045634 дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Зайсан ар зайсан гудамж, 100/6 дугаар байрны 15 тоотод байрлах, 107,5 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг худалдан борлуулах замаар үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.2, 59 дүгээр зүйлийн 59.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 003 463 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 994 562 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгон шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч д.у- давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн эөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй, хэргийн бодит байдалд үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй гэж үзэж байна.

Нэхэмжлэгчийн анхан шатны шүүхэд гаргасан үндсэн зээлд 100 000 000 төгрөг, зээлийн хүүд 47 602 000 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 5 680 418.79 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн хэсгээс нэмэгдүүлсэн хүүнд 5 680 418.79 төгрөг, үндсэн хүүнээс 319 581.21 төгрөг, нийт 6 000 000 төгрөг гаргуулсан хэсгийг эс зөвшөөрч байна.

Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1, Улсын Дээд Шүүхийн 2006 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 53 дугаар тогтоолын 2.3-д зааснаас үзэхэд зээлийн гэрээний хугацаа дууссанаас хойш нэмэгдүүлсэн хүү тооцохоор зохицуулсан байна.

Гэтэл нэхэмжлэгч нь зээлийн гэрээний хугацаа дуусаагүй гэж үзэн цуцлах шаардлага гаргасан байхдаа нэмэгдүүлсэн хүү тооцож нэхэмжилсэн нь дээрх хуулийн зүйл заалттай зөрчилдөж байгааг анхан шатны шүүх анхаарч үзээгүй.

Иймд нэмэгдүүлсэн хүүнд 5 680 418.79 төгрөг, үндсэн хүүнээс 319 581.21 төгрөг нийт 6 000 000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, гомдлыг хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

Нэхэмжлэгч А.К- ББСБ ХХК нь хариуцагч д.у-т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 153 282 418.80 төгрөг гаргуулан, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч ... бетон зуурмагийн үйлдвэрлэл нь санхүүгийн эрсдэлд орсон учир нэхэмжлэгчийн өмнө хүлээсэн үүргээ бетон зуурмагаар төлж барагдуулах хүсэлттэй байна.. гэх үндэслэн заан маргажээ.

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримт болон талуудын тайлбарыг үндэслэн Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсгийг баримтлан нэхэмжлэгч А.К- ББСБ ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган хариуцагч д.у-ээс 153 282 418.80 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, хариуцагч шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох эрхийн улсын бүртгэлийн Ү-2206045634 дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Зайсан ар зайсан гудамж, 100/6 дугаар байрны 15 тоот, 107.5 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг худалдан борлуулах замаар үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалган шийдвэрлэсэн байна. /хх62-64/

Хариуцагч тал шүүхийн шийдвэрээс ...үндсэн хүү 319 581.21 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 5 680 418.79 төгрөг нийт 6 000 000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн хэсгийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргажээ. /хх68-69/

Шүүх хуралдааны үеэр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Мандах нь хариуцагч талын давж заалдах гомдлыг хүлээн зөвшөөрч, үндэслэлээ ...бид цаг хожих үүднээс хариуцагчаас гаргуулах төлбөрөөс 6 000 000 төгрөгийг хасч тооцоход татгалзах зүйлгүй... гэж тайлбарлаж байна.

Иймд давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн хариуцагчийн давж заалдах гомдлыг хүлээн зөвшөөрсөн хэмжээгээр шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж хариуцагч д.у-ээс 147 282 418.80 төгрөг /153 282 418.80 төгрөг- 6 000 000 төгрөг/ гаргуулж нэхэмжлэгч А.К- ББСБ ХХК-д олгох нь талуудын зарчимд нийцнэ гэж дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 181/ШШ2019/02416 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын ...153 282 418.80 гэснийг ...147 282 418.80... гэж, 2 дахь заалтын ...994 562... гэснийг ...894 362...  гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт заасны дагуу хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 110 950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ИЧИНХОРЛОО

 

ШҮҮГЧИД А.МӨНХЗУЛ

 

Ч.ЦЭНД