Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 09 сарын 28 өдөр

Дугаар 001/ХТ2021/01128

 
 

 

******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Х.Сонинбаяр даргалж, шүүгч С.Соёмбо-Эрдэнэ, Б.Ундрах, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 181/ШШ2019/02416 дугаар шийдвэр,

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 73 дугаар магадлалтай,

 

Нэхэмжлэгч: ******* ББСБ ХХК

Хариуцагч:*******

 

Нэхэмжлэл: 153,282,418.80 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Энхсайханы хяналтын журмаар 2020.02.11-ний өдөр гаргасан гомдлыг үндэслэн

Нарийн бичгийн даргад Э.Бадамдоржийг суулцуулан, шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ: ******* ББСБ ХХК нь*******тэй 2018.05.01-ний өдөр 18/23 дугаартай зээлийн гэрээг байгуулан 100,000,000 төгрөгийг 6 сарын хугацаатай, сарын 3 хувийн хүүтэй зээлсэн. Зээлийг олгоход 2018.05.01-ний өдөр талууд 18/23 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг байгуулан*******ийн өмчлөлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан ар зайсан гудамж, 100/6 байрны 15 тоот 107,5 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг барьцаалсан. Зээлдэгч нь нэхэмжлэл гаргах өдрийг хүртэлх хугацаанд зээлийн хүүгийн төлбөрт 9,000,000 төгрөг төлсөн. Зээлдэгч нь хамгийн сүүлд 2018.10.30-ны өдөр төлөлт хийсэнээс хойш нэхэмжлэл гаргах хүртэл төлөлт хийгээгүй бөгөөд тавьсан шаардлагыг биелүүлдэггүй, утасны дугаар нь солигдсон, оршин суух хаяг бүхий орон сууцаа худалдан борлуулсны улмаас хаяг тодорхойгүй болсон. Иймд*******ээс 18/23 дугаартай зээлийн гэрээний дагуу төлөх үндсэн зээлийн үлдэгдэл 100,000,000 төгрөг, зээлийн гэрээний 3.5-д заасныг үндэслэн үндсэн хүүгийн төлбөр 47,602,000.01 төгрөг болон зээлийн гэрээний 3.1.3-д заасныг үндэслэн нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 5,680,418.79 төгрөг, нийт 153,282,418.80 төгрөгийг гаргуулж өгнө үү. Үүргийн гүйцэтгэлийг талуудын хооронд байгуулагдсан 18/23 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээний дагуу барьцаалагдсан зээлдэгчийн өмчлөлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан ар зайсан гудамж, 100/6 байрны 15 тоот 107,5 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцнаас хангуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч тайлбартаа: Би ******* ББСБ ХХК-аас авсан зээлийг хувийн бетон зуурмагийн үйлдвэрлэл эрхлэх бизнестээ хөрөнгө оруулах зорилгоор авсан. 2018 он, 2019 оны хувьд бетон зуурмагийн үйлдвэрлэлийн хувьд дан 100 хувь бартераар авах санал болгож, бэлэн мөнгөний ажил хайн олдоогүйн улмаас бартерийн саналыг компанийн зүгээс эргэлтийн дутагдалд орон гэрээт ажлаа гүйцэтгэж чадахгүй, бартераар авсан зүйлийн үнэлгээ унаж, нэмж санхүүгийн эрсдэл үүсэхээс болгоомжлон бартерийн гэрээ хийж ажиллаагүй. Иймд ******* ББСБ ХХК-ийн өмнө хүлээсэн үүргээ бетон зуурмагаар төлж барагдуулах хүсэлтэй байна гэжээ.

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 181/ШШ2019/02416 дугаар шийдвэр гаргаж, Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-д тус тус заасныг баримтлан*******ээс 153,282,418.80 төгрөгийг гаргуулж ******* ББСБ ХХК-д олгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар төлбөрийг сайн дураар төлөөгүй тохиолдолд барьцааны зүйл болох Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Зайсан Ар Зайсан гудамж, 100/6 дугаар байрны 15 тоотод байрлах, 107,5 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг худалдан борлуулах замаар үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,003,463 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 994,562 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн байна.

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 73 дугаар магадлалаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 181/ШШ2019/02416 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын ...153,282,418.80... гэснийг ...147,282,418.80... гэж, 2 дахь заалтын ...994,562... гэснийг ...894,362... гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчаас гомдол гаргахдаа төлсөн 110,950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Энхсайхан хяналтын журмаар гаргасан гомдолдоо: шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг зөрчсөн бөгөөд хэргийн бодит нөхцөл үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй байна.******* нь Аса кредит ББСБ ХХК-тай 2018.05.01-ний өдөр 18/23 дугаартай зээлийн гэрээг байгуулсан. Зээлийн гэрээгээр 100,000,000 төгрөгийг сарын 3 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай зээлсэн. Тус зээлийн гэрээний үүргийг биелүүлэх баталгаа болгон өөрийн өмчлөлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан ар зайсан гудамж, 100/6 байрны 15 тоот 107.5 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцаа барьцаалсан. Талуудын хооронд Иргэний хуулийн 189.1-т зааснаар гэрээний чөлөөт байдлын үндсэн дээр буюу Иргэний хуулийн 43.2.1-р талууд өөрсдийн хүсэл зоригоо хангалттай, тодорхой илэрхийлж гэрээний үнэ, эргэн төлөгдөх нөхцөл, зээлийн хүү зэргийг өөрсдийн нөхцөл байдлыг харгалзан саналаа тусгуулсны үндсэн дээр хуульд заасан хэлбэрийн шаардлагыг хангасан хүчин төгөлдөр Зээлийн гэрээг байгуулсан. Тухайлбал, Зээлийн гэрээний 4.2.5-д зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээлийг төлж барагдуулаагүй тохиолдолд хугацаандаа төлөгдөөгүй үндсэн зээлийн үлдэгдэлд гэрээний 3.1.3-т заасны дагуу бодогдох нэмэгдүүлсэн хүүг төлөх үүргийг******* хүлээхээр зохицуулсан. Нөгөөтэйгүүр, ББСБ нь зээлийн гэрээний 5.1.1-д Зээлийн хүүг энэ гэрээний 3.1.2-т заасан хувь хэмжээгээр тооцож, зээлийн хүү, үндсэн төлбөрийг энэхүү Гэрээний Хавсралт-1-д заасан хуваарийн дагуу төлүүлэх, Зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу хугацаандаа төлөгдөөгүй зээлийн дүнд энэхүү гэрээний 3.1.3-т заасны дагуу нэмэгдүүлсэн хүү тооцож төлүүлэх буюу шаардах эрхтэй байхаар тохиролцож гэрээ байгуулсан. Гэрээ байгуулах үед талууд гэрээнд заасанчлан зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг хэрхэн төлөх талаар тохиролцож дээр дурдсан заалтуудыг тусгасан.Тодруулбал, зээлийн гэрээг эргэн төлөгдөх буюу 6 сарын хугацаанд л зөвхөн сарын 3 хувийн хүүг тооцож төлнө, харин эргэн төлөгдөх хуваарийн дагуу зээлийн төлбөр төлөгдөөгүй нөхцөлд хэтрүүлсэн хугацаанд нэмэгдүүлсэн хүүг төлөхөөр саналаа оруулсны дагуу ББСБ-аас боломжтой гэсэн хариуг өгсөн учраас зээлийн гэрээг байгуулж, зээл олголт хийгдсэн гэрээний талууд хуульд заасан хэм хэмжээний хүрээнд ямар ч байдлаар гэрээний нөхцөлийг тохиролцох боломжтой. Гэтэл 2 шүүхээс хэргийн материалд авагдсан тус хэргийг хянан шийдвэрлэх шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой баримт болох зээлийн гэрээний зүйл, заалтыг нарийвчлан судлалгүйгээр зөвхөн хуулийн заалтыг удирдлага болгон хэргийг шийдвэрлэсэн байна. Мөн нэхэмжлэгч ******* ББСБ" ХХК нь 2019.09.05-ны өдөр анхан шатны шүүхэд хандан нэхэмжлэл гаргахдаа зээлийн хүүнд 40,902,000 төгрөгийг нэхэмжилсэн боловч хэргийг хянан шийдвэрлэж, хэргийг хурлаар хэлэлцүүлэх болох үед нэхэмжлэлийн шаардлагынхаа зээлийн хүүг 47,602,000 төгрөг болгон нэмэгдүүлсэн. Хариуцагч*******ийн зүгээс зээлийн гэрээгээр гэрээний хугацаа дууссанаас хойш зээлийн хүү тооцохоор тохиролцож заалт оруулаагүй хэдий ч, зээлийн гэрээний үүргээ тооцоолоогүй эрсдэлийн улмаас зохих ёсоор биелүүлээгүй үүргийн зөрчил гаргаснаа ухамсарлаж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг мөнгөн хэлбэрээ бус бетон зуурмаг нийлүүлэх байдлаар төлөх санал гаргасан боловч нэхэмжлэгчийн зүгээс хүлээн зөвшөөрөөгүй. Гэтэл шүүхүүд талуудын хийсэн зээлийн гэрээгээр зээлийн хүүг хэрхэн тооцож төлөх талаар тусгасан эсэхийг хянаж шалгалгүйгээр зөвхөн хуулийн заалтыг удирдлага болгон шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байгаа эсэхийг хянаж шалгалгүйгээр хариуцагч талаас зээлийн хүүгийн төлбөрийг гаргуулахаар шийдвэрлэснийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм. Иймд шийдвэр болон магадлалд өөрчлөлт оруулж, зээлийн үндсэн хүүгийн төлбөрөөс 6,380,418.79 төгрөгийг хасаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1. ******* ББСБ ХХК нь 2019.09.06-ны өдөр*******т холбогдуулан нэхэмжлэл гаргаж, ...2018.05.01-ний өдөр 100,000,000 төгрөгийг сарын 3 хувийн хүүтэй 6 сарын хугацаатай зээлүүлсэн... зээлийн хүүд 9,000,000 төгрөг төлөгдсөн..2018.10.30-ны өдрөөс хойш төлбөр хийгдээгүй ..одоо зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 100,000,000 төгрөг, үндсэн хүү 47,602,000 төгрөг,нэмэгдүүлсэн хүү 5,680,418 төгрөг нийт 153,482,418 төгрөг гаргуулах...үүргийн гүйцэтгэлийг барьцааны хөрөнгө болох Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан ар зайсан гудамж, 100/6 байрны 15 тоот 3 өрөө орон сууцнаас хангуулах..-ыг шаарджээ.

2. Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хангасан, давж заалдах шатны шүүх шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчаас 147,282,418.80 төгрөг гаргуулахаар шийдвэрлэхдээ ...төлбөр төлөгч үндсэн хүү 319,581.21 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 5,680,418.79 төгрөг нийт 6,000,000 төгрөг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасныг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрсөн... гэсэн дүгнэлт хийсэн байна.

3. Хяналтын шатны шүүхэд гаргасан хариуцагчийн гомдлыг хангах үндэслэлгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Зохигч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэг хүлээнэ. Шүүх талуудын гаргасан баримт, тайлбарын хэмжээнд нэхэмжлэлийн талаар дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэнэ.

Зохигч нэг талын гаргасан тайлбар, нотлох баримтын талаар эсрэг тал өөрийн тайлбараа холбогдох нотлох баримтын хамт гаргаж болно. Нэг талын гаргасан тайлбарыг эсрэг тал эсэргүүцээгүй, эсхүл хуулиар тогтоосон хугацаанд тайлбар өгөөгүй бол тайлбарыг хүлээн зөвшөөрсөнд тооцно. Шийдвэрийг анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтын үндсэн дээр гаргана.

Хариуцагч нь анхан шатны шүүхэд нэхэмжлэлтэй холбогдуулан нэг удаа тайлбар гаргахдаа хяналтын гомдолд заасан нөхцөлийг дурдаагүй, хоёр шатны шүүх хуралдаанд биечлэн оролцоогүй байна. Анхан шатны шүүхэд гаргаагүй үндэслэлээр хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хангах нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 25 дугаар зүйлийн 25.2.2, 42 дугаар зүйлийн 42.2, 42.4, 116 дугаар зүйлийн 116.3-т нийцэхгүй юм. Түүнчлэн Давж заалдах шатны шүүх хариуцагчийн татгалзлын талаар хэрэгт буй баримтад үндэслэн дүгнэлт хийжээ.

4. ******* ББСБ ХХК,******* нар 2018.05.01-ний өдөр хуульд нийцсэн хүчин төгөлдөр зээлийн гэрээ байгуулж, нэхэмжлэгч 100,000,000 төгрөг зээлүүлэх үүрэг хүлээсэн, хариуцагч нь уг мөнгийг 6 сарын хугацаатай нэг сарын 3 хувийн хүүтэй зээлж орон сууцаа барьцаалсан нь тогтоогдсон, зээлийн төлбөрт 9,000,000 төгрөг төлөгдсөн талаар зохигч маргаагүй байх тул анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүрэн хангасан нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1,451.2, 42 дугаар зүйлийн 42.2-г зөрчөөгүй байна.

 

5. Хоёр шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ зохигчийн гаргасан баримтын хэмжээнд дүгнэлт хийж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу явуулж, Иргэний хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр нэхэмжлэлийн зарим хэсгийг хэрэгсэхгүй болгосон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй тул хариуцагчийн гомдлыг хангахгүй орхив.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 73 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т заасныг баримтлан хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдөр төлсөн 117,036 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧИД, С.СОЁМБО-ЭРДЭНЭ

Б.УНДРАХ

Д.ЦОЛМОН

Х.ЭРДЭНЭСУВД