Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 10 сарын 25 өдөр

Дугаар 677

 

                                                               Д.Гантогтоход холбогдох эрүүгийн

                                                                                хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Даваасүрэн даргалж, шүүгч Ж.Эрдэнэчимэг, Д.Мөнхтуул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд;

прокурор Н.Бадамцэцэг,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Цэрэндэжид, түүний өмгөөлөгч Ц.Дарьжав,

ялтан Д.Гантогтох, түүний өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт,

нарийн бичгийн дарга Э.Эрдэнэбулган нарыг оролцуулан,

            Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Дашдондов даргалж, шүүгч Т.Алтантуяа, Г.Ганбаатар нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2016 оны 9 дүгээр сарын 2-ны өдрийн 131 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч, ялтан Д.Гантогтох, түүний өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Д.Гантогтоход холбогдох эрүүгийн 201510010105 дугаартай хэргийг 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Мөнхтуулын илтгэснээр хянан хэлэлцэв.

Урианхай овогт Дашжамцын Гантогтох, 1982 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 34 настай, эрэгтэй, дээд боловсролтой, зам барилгын инженер мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ “Улаанбаатар Төмөр Зам”-ын зам засварын машинт станцын их засварын цувааны шалгалтын бригадын даргаар ажиллаж байсан, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Хилчин хотхоны 8 дугаар байрны 12 тоотод оршин суух, ял шийтгэлгүй /РД:ТК82091479/,

Д.Гантогтох нь 2015 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 01 цагийн үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Дорноговь аймгийн Замын-Үүд сумын нутаг дэвсгэрт байрлах “Соёмботой” хөшөөний дэргэд О.Бат-Эрдэнийг зодож, гавал тархины далд гэмтэл учруулсаны улмаас О.Бат-Эрдэнэ нь эмнэлэгт хэвтэн эмчлэгдэж байгаад 2015 оны 6 дугаар сарын 2-ны өдөр нас барсан буюу хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр хүнийг санаатай алсан гэмт хэрэгт холбогджээ.

Нийслэлийн Прокурорын газраас: Д.Гантогтохын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Д.Гантогтохыг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр хүнийг санаатай алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар 10 жил 1 сарын хорих ялаар шийтгэж, уг ялыг чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлж, Д.Гантогтохын цагдан хоригдсон 460 хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн цусны толбо бүхий хөнжил, орны бүтээлэг зэргийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгаж, эд мөрийн баримтаар хураагдан ирүүлсэн гар утасны ярианы бичлэг бүхий “СиДи” 1 ширхэгийг уг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Д.Гантогтохын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, Д.Гантогтохоос хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Цэрэндэжидэд оршуулгын зардалд 5.000.000 төгрөг нөхөн төлсөн болохыг тус тус дурдаж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь амь хохирогч О.Бат-Эрдэнийн цалингийн зээлийн үлдэгдэл төлбөр, тэжээгчээ алдсаны тэтгэмж, бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг мэдэгдэж, Д.Гантогтоход урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

Ялтан Д.Гантогтох давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...энэ хэргийн үйл явдлыг Сайнбуян, Дүүрэнбаяр нар эхэндээ үнэн зөвөөр мэдүүлж байсан боловч өөрсдөө энэ хэрэгт шалгагдаж, өмгөөлөгч авсан үеэс илт үндэслэлгүй худал мэдүүлэг өгснийг анхан шатны шүүх шийдвэрийнхээ үндэслэл болгосонд гомдолтой байна. Учир нь тэд яллагдагчаар байцаагдахдаа үнэн зөвөөр мэдүүлэх үүрэг, хүлээхгүй хүмүүс юм.

Би талийгаачтай хэрэлдэж, муудалцаагүй, түүний амь насыг хохироох ямар нэгэн үйлдэл хийгээгүй байтал Сайнбуян намайг “...муудалцаж байсан...” гэж огт үндэслэлгүй худал мэдүүлэг өгснийг дахин шалгуулмаар байна. Учир нь тэрээр “...муудалцаж байсныг санаж байна” гэсэн атлаа караокеноос гараад автомашинтайгаа дэлгүүр орсон, “Соёмботой” хөшөөн дээр очсон, амрах байр луугаа явсан, өрөөндөө ороод хаалгаа цоожлоод унтсан зэргийг огт санахгүй байгаа нь худал, эргэлзээтэй мэдүүлэг өгч байгааг харуулж байна.

Талийгаач намайг татаж босгох үедээ хойшоо савж унасан. Би түүнд тусламж үзүүлээгүйгээ хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтын явцад энэ байдлыг туршилт болон бусад ажиллагаагаар тогтоох хүсэлт тавьсан боловч хүлээн аваагүй, зөвхөн мэдүүлэг шалгах ажиллагаагаар хязгаарласан. Мөн миний “...талийгаач бид хоёр мөргөлдсөн” гэж хэлснийг мөрдөн байцаагч нар заавал “мөргөсөн” гэж хэлүүлэхээр Сайнбуян, Дүүрэнбаяр нараас мэдүүлэг авч, “мөргөсөн”, “мөргөлдсөн” гэж хэлсэн үгийн ялгааг туйлшруулан миний эрх зүйн байдлыг дордуулсанд гомдолтой байна.

Би мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт дээрх байдлыг тодорхой мэдүүлж байсан боловч яллагдагч худал хэлэх эрхтэй гэсэн байдлаар үл хэрэгссэнд гомдолтой байна. Үүнийг зөвхөн энэ хэрэгт шалгагдаж байгаа яллагдагч нарын мэдүүлгийг үндэслэн яллагдагчийг яллагдагчаар нь гэрчлүүлж, түүнийгээ үнэн зөв гэж үзэх нь бодит үнэнд нийцэхгүй.

            “Соёмботой” хөшөөн дээр талийгаач, Сайнбуян бид гурав хамт байж байхдаа ... намайг бие засаад ирэх хооронд Сайнбуян талийгаач хоёр заамдалцаад авсан байхад нь би тэднийг салгасан. Намайг байхгүй байх хооронд Сайнбуян талийгаачийг цохисон, түлхсэн байж болзошгүй үйлдлийг мөрдөн байцаалтаар нарийн шалгаагүй.

            Дорноговь аймгийн эмнэлгийн үүдэнд Гантогтохын эхнэр Навчаа ирээд “Манай нөхөр энэ хэргийг хийчихсэн юм шиг байна, мэдүүлгээ аятайхан өгөөрэй гэж Сайнбуян бид хоёрт хэлсэн” гэж Дүүрэнбаяр мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлж байсан. Гэтэл шүүх дээр Навчаад хууль сануулж мэдүүлэг авахад “Дүүрэнбаяр худал мэдүүлж байна, би огт тэгж хэлээгүй, та яасан юм бэ гэж л асуусан” гэж мэдүүлсэн. Ийм байхад Дүүрэнбаярыг дээрх худал мэдүүлэг өгсөнд хуулийн хариуцлага хүлээлгэсэнгүй. Эхнэр Навчаа нь Дүүрэнбаярыг огт танихгүй, Сайнбуяныг зүс таних төдий юм.

Би тухайн үед талийгаачийг хойшоо савж уначихаад толгойноос нь цус гарсан байхад нь тусламж үзүүлээгүй, эмнэлэг болон цагдаагийн байгууллагад мэдэгдээгүй, Дүүрэнбаяр, Сайнбуян нарын хамт байр луу нь авч явсан гэм буруутай гэдгээ хүлээн зөвшөөрч байна. Иймд миний үйлдэлд эрүүгийн хуулийн тохирох зүйл ангиар хэргийг зүйлчлэн, хариуцлагыг хөнгөрүүлж өгнө үү гэсэн давж заалдах гомдлоо дэмжиж байна...” гэв.

Ялтан Д.Гантогтохын өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Мөрдөн байцаалтын явцад цугларсан нотлох баримтуудын хэмжээ хязгаарт дүгнэлт хийхэд дараах нөхцөл байдлуудыг тогтоогоогүй эргэлзээ бүхий байна. Үүнд:

1. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1-д заасан гэмт хэрэг гарсан байдал буюу гэмт хэргийг яаж үйлдсэн талаар эцэслэн тогтоогоогүй. Энэ хэрэгт шалгагдаж байсан Сайнбуян нь мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт “...биеэ хянах чадваргүй, согтуу байх үеийнхээ талаар сүүлд санаж байна...” гэх байдлаар өгсөн мэдүүлэг нь Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан нотолгооны шаардлагыг хангахгүй байна. Тухайлбал Сайнбуян нь зөвхөн Гантогтох амь хохирогч Бат-Эрдэнэ хоёрыг чанга чанга дуугарч маргалдаж байх шиг байсан, би тэгж бодсон зэргээр мэдүүлдэг атлаа бусад бүх нөхцөл байдал болсон үйл явдлыг огт санахгүй байна гэж мэдүүлж байгаа нь эргэлзээ бүхий байдаг. Чанга дуугаар ярилцаж байхыг сонссоноос өөрөөр Гантогтохын ямар нэгэн цохих мөргөх зэрэг үйлдлийг харсан үзсэн талаар мэдүүлээгүй.

2. Гантогтох, Бат-Эрдэнэ, Сайнбуян гурав энэ хэрэг явдлын орчноос нэг ч холдоогүй хүмүүс байдаг. Гэтэл Гантогтохыг бие засах гэж буусны дараа эргэж ирэхэд нь Сайнбуян талийгаач Бат-Эрдэнийг заамдаж, сэгсэрч маргалдаж байсныг Гантогтох салгасан тухай мэдүүлдэг. Энэ нөхцөл байдлыг нягтлан шалгасангүй. Өөрөөр хэлбэл Гантогтохыг бие засахаар холдсон үед Сайнбуян, Бат-Эрдэнэ нар зодолдсон байдал, ялангуяа Сайнбуян цохисон эсэх асуудал шалгагдалгүй үлдсэн.

Шинжээчийн дүгнэлтэд дурдахдаа “Талийгаачийн тархины гэмтэл нь баруун талд учирсан” болохыг дурдсан бөгөөд тархинд үйлчилсэн контруд буюу хүчний үйлчлэл нь баруунд үйлчилсэн бол зүүнд, зүүн талд үйлчилсэн бол тархины баруун талд учирдаг болохыг тайлбарласан байна. Үүнээс үзэхэд Гантогтох мөргөсөн гэж үзэх юм бол хүч үйлчилсэн чиглэл тархинд учирсан гэмтэл нь илт зөрөөтэй чиглэлтэй байгааг нарийн нягт шалгасангүй.

3. Гантогтох нь “Би мөргөчихсөн юм” эсхүл “Мөргөлдсөн юм” гэж хэлж байсныг сонссон гэрчүүдийн мэдүүлгүүдийг нотолгооны үндэслэл болгож шийдвэрлэсэн нь хэт нэг талыг барьсан гэж үзэх үндэслэлтэй байна. Энэ гэрчүүд нь нөгөө л ял сонсож хэрэгсэхгүй болсон Дүүрэнбаяр, Сайнбуян нарын мэдүүлэг байна. Эдгээр оролцогч нарын мэдүүлэг эхнээсээ шүүхийн хэлэлцүүлэг дуусах хүртэл эргэлзээтэй байсаар энэ хэрэг шийдвэрлэгдсэн юм. Шүүхийн хэлэлцүүлэг дээр гэрчийн мэдүүлгүүдийн зөрүү хэрэг мөрдөн байцаалтад буцсан үе шатанд ч арилаагүй байдаг.

4. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан “Гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг түүнд нөлөөлөх хүчин зүйл” эцэслэн тогтоогдоогүй гэж үзэж байна. Энэ талаар анхан шатны шүүхийн тогтоолд заасан даалгаврыг хэрэг мөрдөн байцаалтад буцсанаас хойш нэг ч ажиллагаа хийгдээгүй байгаа нь хавтаст хэргээс харагдаж байна. Шүүхийн даалгасан даалгаврыг биелүүлээгүй нь хэрэг нэмэлт мөрдөн байцаалтад буцаах үндэслэл бий болсон байна.

5. Мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт гэрч нар буюу талийгаачийн ар гэрийнхэн “Хохирогч Бат-Эрдэнэ нь ухаан орох үедээ намайг манай гурван найз ийм болгосон гэж хэлээд дахиж ухаан ороогүй” гэж мэдүүлсээр байхад дээрх нөхцөл байдлыг нягтлан шалгасангүй гэж үзэж байна.

Иймд дээрх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж өгнө үү...” гэв.

 Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Цэрэндэжид тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...талийгаач хүүгээ эмнэлэгт сахиж байхад тэрээр нэг ухаан орохдоо “Ажлынхантайгаа хамт явж байсан, намайг манай найз нар ийм болгосон” гэж хэлсэн. Миний хүү архи, тамхи хэрэглэдэггүй байсан. Тухайн үед хүүг маань Сайнбуян дуудаж авч явсан байдаг. Миний хүүд архи уулгаж, улмаар биед нь гэмтэл учруулан, биеэ авч явах чадваргүй болсон байхад нь яаралтай зохих тусламж, дэмжлэгийг үзүүлэлгүйгээр хүний хөлөөс хол газарт аваачиж орхисон хүмүүст гомдолтой байна...” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Цэрэндэжидийн өмгөөлөгч Ц.Дарьжав тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...талийгаач үхэлд хүргэх гэмтлийг “Соёмботой” хөшөөний дэргэд байхдаа авсан болох нь тогтоогддог. Учир нь талийгаач “Соёмботой” хөшөөний дэргэд унаснаас хойш дахин босолгүй байсаар эмнэлэгт хүргэгдэн нас барсан байдаг. Гэмт хэрэг үйлдэгдсэн газарт талийгаачтай хамт Дүүрэнбаяр, Сайнбуян, Гантогтох нар байсан. Сайнбуянгийн өгсөн мэдүүлгүүд тогтворгүй, үнэмшил муутай байдаг хэдий ч орон зай, цаг хугацааны хувьд уг гэмт хэрэгт Гантогтох хамааралтай гэсэн дүгнэлтийг анхан шатны шүүх хийсэн. Хэрэгт холбогдогч нар талийгаачийг өөрөө унаад нас барсан гэх зүйл ярих гээд байдаг. Хэрэв хохирогч өөрөө унаж гэмтсэн бол эдгээр хүмүүс ойролцоох эмнэлэгт хүргэж өгөх, эргүүлийн цагдаа тааралдахад нь нуугаад өнгөрөх биш болсон үйл явдлыг хэлж тусламж үзүүлэх боломж байсан. Мөн ухаангүй, цус нөж нь гарсан хүнийг вагончикийн гадаа хонуулахгүй байсан байх. Түүнчлэн Сайнбуян нь явж чадахгүй хүнийг үүрч аваачин Улаанбаатар хот руу галт тэргээр явуулах гэж оролдсон байдаг. Эдгээр нөхцөл байдлаас харахад энэ гурван хүн өөрсдийн буруутай үйлдлийг нуух гэж оролдсон нөхцөл байдал харагддаг. Иймд хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд шүүх дүгнэлтээ хийх байх...” гэв.

Прокурор Н.Бадамцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Дүүрэнбаяр гэмт хэрэг үйлдэгдэх үед байгаагүй. Харин Сайнбуян нь уг гэмт хэрэгт холбогдолгүй болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогддог. Сайнбуян, Дүүрэнбаяр нар нь хохирогчийг эмнэлэгт хүргэе гэхэд Гантогтох “Хэрэггүй, эмнэлэгт очвол цагдаа дуудчихна. Би байгаа газраа аваачиж толгой, тархийг нь угааж хонуулъя” гэж хэлснээс үүдэн хохирогчийг вагончикийн гадна хонуулж, бусдаас нуух оролдлого хийж, эмнэлгийн тусламж үзүүлэхгүй удаан хугацаанд байлгасан байдаг. Дүүрэнбаяр, Сайнбуян нар нь бусдыг амь биед нь аюултай нөхцөлд байхад нь тусламж үзүүлээгүй гэм буруугаа хүлээсэн бөгөөд тэдгээрийн үйлдлийг “Өршөөл үзүүлэх тухай.” хуульд хамруулж шийдвэрлэсэн. Гантогтох нь давж заалдах гомдолдоо “Уг гэмт хэргийн яллагдагч байсан Сайнбуянгийн мэдүүлэгт үндэслэн намайг яллаж байна” гэх боловч Сайнбуянгийн мэдүүлэг нь бусад нотлох баримтуудаар давхар нотлогддог. Гантогтох хохирогчийг шууд санаатайгаар алаагүй ч түүний үйлдлийн улмаас хохирогчийн гавал тархинд хүнд гэмтэл учирч, улмаар нас барсан. Хэргийн газрын үзлэгээр “Соёмботой” хөшөөний шатан дээр нэлээд их хэмжээний цусан толбо үлдсэнээс харахад ноцолдсон, зодолдсон байх магадлалтай. Мөрдөн байцаалтаар хэргийн талаар шалгавал зохих зүйлийг бүрэн шалгасан, дахин шалгах зүйлгүй. Анхан шатны шүүхээс ялтан Гантогтохын үйлдсэн хэргийн талаар үндэслэл бүхий дүгнэлт хийсэн, хэргийн зүйлчлэл зөв, ялтны гэм буруу, хувийн байдалд тохирсон ял шийтгэл оногдуулсан. Иймд шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй болсон тул хэвээр үлдээх саналтай байна...” гэв.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1 дэх хэсэгт заасан “шүүхийн тогтоол нь хууль ёсны ба үндэслэл бүхий байна” гэсэн шаардлагыг хангаагүй байна гэж үзлээ.

Прокуророос Д.Гантогтохыг 2015 оны 5 дугаар сарын 30-ны шөнө 01 цагийн үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ... “Соёмботой” хөшөөний дэргэд О.Бат-Эрдэнийг зодож, гавал тархины далд гэмтэл учруулсны улмаас О.Бат-Эрдэнэ нь эмнэлэгт хүргэгдэн эмчлэгдэж байгаад 2015 оны 6 дугаар сарын 2-ны өдөр нас барсаныг, хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр хүнийг санаатай алсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.3-т заасан нотолбол зохих асуудал буюу гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэрийг нарийвчлан шалгаж, тогтоогоогүй байхад анхан шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэсэн байна. Тухайлбал: Хохирогч О.Бат-Эрдэнэ нь биедээ үхэлд хүргэсэн гэмтэл авах үед, ялтан хохирогч нарын хооронд хувийн таарамжгүй харьцаа үүссэн эсэх, мөн хэргийн газарт байсан гэх Д.Гантогтох, Ш.Сайнбуян, С.Дүүрэнбаяр нарын зөрүүтэй мэдүүлгийн хэнийх нь мэдүүлэг үндэслэлтэй үнэн зөв болохыг шалгаж бусад нотлох баримтуудаар нотлох ажиллагаа хийгдээгүй байна.  

Мөн Д.Гантогтох нь өөрийгөө хохирогчийн үхэлд хамааралгүй гэж, гэм буруугийн талаар маргасан, нөгөөтэйгүүр түүний гэмт хэрэг үйлдсэн санаа сэдэлт тогтоогдоогүй байхад хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсгээр зүйлчилсэн нь хэргийн нөхцөл байдалд тохирохгүй байна.

Давж заалдах шатны шүүх эдгээр асуудлыг нөхөн гүйцэтгэж, зөвтгөн шийдвэрлэх боломжгүй, шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулах тул дээр дурдсан үндэслэлээр хэрэгт нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгон, хэргийг прокурорт буцаав.

Хэргийг нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр буцаасантай нь холбогдуулан  Д.Гантогтоход урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, ялтан Д.Гантогтох, түүний өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт нарын гэм буруугийн талаар маргасан давж заалдах гомдлуудыг хэлэлцэхгүй орхив.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 2-ны өдрийн 131 дүгээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Д.Гантогтоход холбогдох хэрэгт нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр хэргийг мөн дүүргийн шүүхээр дамжуулан, Нийслэлийн прокурорын газарт буцаасугай.

2. Хэрэг прокурорын газарт очтол Д.Гантогтоход урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Энэ магадлалд хяналтын журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхгүй болохыг дурдсугай.

 

                                ДАРГАЛАГЧ,

                                ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Л.ДАВААСҮРЭН  

                                ШҮҮГЧИД                                                   Ж.ЭРДЭНЭЧИМЭГ

                                                                                                     Д.МӨНХТУУЛ