Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Пүрэвдоржийн Соёл-Эрдэнэ |
Хэргийн индекс | 119/2018/0025/з |
Дугаар | 125 |
Огноо | 2020-04-15 |
Маргааны төрөл | Газар, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2020 оны 04 сарын 15 өдөр
Дугаар 125
“ЦАХ” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
ОА-ийн ЗД, БӨ сумын ЗД, аймгийн ГХБХБГ-т
тус тус холбогдох захиргааны хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:
Даргалагч, Танхимын тэргүүн:М.Батсуурь,
Шүүгчид: Г.Банзрагч,
Б.Мөнхтуяа,
Ч.Тунгалаг ,
Илтгэгч шүүгч: П.Соёл-Эрдэнэ,
Нарийн бичгийн дарга: Т.Даваажаргал,
Нэхэмжлэлийн шаардлага: 1. Орхон аймгийн Засаг даргын 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн А/259 дүгээр “Газар эзэмшүүлэх шийдвэр хүчингүй болгох тухай” захирамжийг хүчингүй болгуулах;
2. Орхон аймгийн Засаг даргын 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн А/259 дүгээр захирамжийг биелүүлэхээр Орхон аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын газар чөлөөлөхөөр явуулсан үйл ажиллагааг хууль бусад тооцуулж, “ЦАХ” ХХК-тай газар эзэмшүүлэх гэрээ байгуулаагүй байгаа, газар эзэмших эрхийн гэрчилгээ гаргаж өгөхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, газар эзэмшүүлэх гэрээ байгуулж, газар эзэмших эрхийн гэрчилгээ гаргаж өгөхийг даалгах;
3. Орхон аймгийн Баян-Өндөр сумын Засаг даргын 2018 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн А/193 дугаар “Газар албадан чөлөөлөх тухай” захирамж хууль бус тул хүчингүй болгож, газар албадан чөлөөлснөөс учирсан хохирол 3,800,000 төгрөг гаргуулах,
Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 26 дугаар шийдвэр,
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 30 дугаар магадлалтай,
Шүүх хуралдаанд оролцогч: нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Ганзориг, хариуцагч Орхон аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баттүвшин, аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Эрдэнэболд нарыг оролцуулж,
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Өмнөх шүүхийн шийдвэр:
1. Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 26 дугаар шийдвэрээр: 1 дэх заалтаар Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2, 4.1.3, 20 дугаар зүйлийн 20.2.1, 27 дугаар зүйлийн 27.1, 33 дугаар зүйлийн 33.1.2, 33.4, 34 дүгээр зүйлийн 34.1, 34.2, 57 дугаар зүйлийн 57.3, 57.4, 61 дүгээр зүйлийн 61.1, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6, 48 дугаар зүйлийн 48.2.1, 85 дугаар зүйлийн 85.1, 85.2 дахь заалтуудыг тус тус баримтлан “1.1. “ЦАХ” ХХК-ийн ОА-ийн ЗД-д холбогдуулан гаргасан Орхон аймгийн Засаг даргын 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн А/259 дүгээр “Газар эзэмшүүлэх шийдвэр хүчингүй болгох тухай” захирамжийг хүчингүй болгуулах; 1.2.Орхон аймгийн Газрын харилцаа, барилга, хот, байгуулалтын газарт холбогдуулан гаргасан “ЦАХ” ХХК-тай газар эзэмшүүлэх гэрээ байгуулаагүй байгаа, газар эзэмших эрхийн гэрчилгээ гаргаж өгөхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, газар эзэмшүүлэх гэрээ байгуулж, газар эзэмших эрхийн гэрчилгээ гаргаж өгөхийг даалгах; 1.3.Орхон аймгийн БӨ сумын ЗД-д холбогдуулан гаргасан Орхон аймгийн Баян-Өндөр сумын Засаг даргын 2018 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн А/193 дугаартай “Газар албадан чөлөөлөх тухай” захирамж хууль бус тул хүчингүй болгож, газар албадан чөлөөлснөөс учирсан хохирол 3,800,000 төгрөг гаргуулах”-ыг хүссэн нэхэмжлэлүүдийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, 2 дахь заалтаар Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан “ЦАХ” ХХК-ийн Орхон аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт холбогдуулан гаргасан “Орхон аймгийн Засаг даргын 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн А/259 дугаартай захирамжийг биелүүлэхээр Орхон аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын газар чөлөөлөхөөр явуулсан үйл ажиллагааг хууль бусад тооцох”-ыг хүссэн нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, уг шаардлагад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгожээ.
2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 30 дугаар магадлалаар: Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 26 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхижээ.
Хяналтын гомдлын үндэслэл:
3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Мэндбаяр, өмгөөлөгч М.Ганзориг нарын хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх “...Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 34 дүгээр зүйлийн 34.1, 34.2-т заасны дагуу “...газар эзэмших гэрээ байгуулж, гэрчилгээ аваагүй” байх тул “ЦАХ” ХХК-ийг газар эзэмших эрхтэй этгээд гэж үзэх боломжгүй” гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт нь зөв болсон хэмээн дурджээ. Гэтэл хариуцагч Орхон аймгийн Засаг даргын 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн “Газар эзэмших эрхийг хүчингүй болгох тухай” А/259 дугаартай захирамж хэрэгт нотлох баримтаар авагдсан ба уг захирамжаар эерэг нөлөөлөл бүхий хууль бусаар актыг цуцлаагүй, эрх зүйн зөрчилтэй, зорилгодоо нийцээгүй, нэхэмжлэгчид эрх олгосон захиргааны актад чиглээгүй хууль бус акт болох нь тогтоогдсон.
4. Уг захирамжаар “газар эзэмших эрх үүссэн гэж үзэж, улмаар уг эрхийг хүчингүй болгох тухай” заасан байтал анхан болон давж заалдах шатны шүүх хариуцагчийг хууль бус, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдсан захиргааны актыг зөвтгөх талаас нь тайлбарлаж, улмаар нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож байгаа нь энэ талаар шүүхийн дүгнэлтүүд хуульд нийцээгүй, үндэслэлгүй болсон. Тодруулбал, ОА-ийн ЗД газар эзэмших эрх үүссэн /захиргааны байгууллага нөхцөл байдлыг бодит байдлаар газар эзэмших эрх үүссэн гэж тогтоосон/ гэж үзэж улмаар газар эзэмших эрхийг хүчингүй болгосныг анхан болон давж заалдах шатны шүүх үндэслэлтэй гэж дүгнэсэн атлаа нэхэмжлэгчид газар эзэмших эрх үүсээгүй гэх утга агуулга, хууль зүйн фактын хувьд эрс зөрүүтэй дүгнэлтийг хийж байгаа нь анхан болон давж заалдах шатны шүүхэд хэрэгт авагдсан нотлох баримт, маргааны үйл баримт, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагад үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй нь тогтоогдож байна. Энэ талаарх Газрын тухай хуульд заасан эрхийн гэрчилгээ, гэрээний үндсэн дээр газар эзэмших эрх үүсэх талаарх дүгнэлт нь үндэслэлгүй байна.
5. Нэхэмжлэгчид газар эзэмшүүлсэн Орхон аймгийн Засаг даргын 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн А/378 дугаартай захирамж нь эерэг нөлөөлөл бүхий захиргааны актын хувьд түүнийг цуцлах Захиргааны ерөнхий хуульд заасан үндэслэл журмыг хэрэглээгүй, уг захирамжийг биелүүлэх үүрэг хүлээсэн хариуцагч Орхон аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын бус үйлдэхүйг нэхэмжлэгчийг буруутгах үндэслэл болгож байгаа нь захиргааны хэргийн шүүхийн зорилгыг умартсан, төрийн үйл ажиллагаанд хууль дээдлэх ёсыг алдагдуулсан хариуцагч нарыг хууль бус үйл ажиллагааг дэмжсэн шийдвэр, магадлал боллоо. Үүнийг дүгнэвэл Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д зааснаас гадна Орхон аймгийн Засаг даргын захирамж гарснаар нэхэмжлэгчид газар эзэмших эрх үүссэн, уг эрхийг хүчингүй болгож байгааг шүүх анхаарч энэ талаарх Газрын тухай хуулийн холбогдох зохицуулалтыг хэрэглээгүй, хуулийн холбогдох зүйл заалтыг явцууруулан буруу тайлбарлаж хэрэглэсэн байна.
6. Мөн анхан болон давж заалдах шатны шүүхээс “хариуцагч Орхон аймгийн Засаг даргын 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн А/259 дугаартай захирамж нь өмнөх 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн А/378 дугаартай захирамжийг хүчингүй болгосон, эерэг нөлөөлөл бүхий хууль бус захиргааны актыг цуцалсан байна” гэж дүгнэх боловч хариуцагчаас маргаан бүхий захиргааны актыг гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлд заасан нөхцөл байдлыг тогтоогоогүй, уг зүйлийн аль хэсэгт зааснаар хүчингүй болгосон, энэ нь хуульд нийцэж байгаа эсэхийг шалган тогтоогоогүй, зорилго нь өөр /миний үйлчлүүлэгчийн улс төрийн үзэл баримтлалын талаарх зорилгоо урьдач нөхцөл болгосон шийдвэр гаргасан/ байгааг анхааралгүй, хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэн дүгнээгүй байна. Тодруулбал, хариуцагч ОА-ийн ЗД нь маргаан бүхий захиргааны актыг гаргахдаа өөртөө эрх олгосон хуулийн зохицуулалтыг хэрэглээгүй байхад анхан болон давж заалдах шатны шүүх уг байдалд үндэслэл бүхий дүгнэлт хийхгүйгээр хянан шийдвэрлэж байгаа нь шүүхийн шийдвэрт нөлөөлж, улмаар нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон.
7. Давж заалдах шатны шүүхээс гомдлыг үндэслэн хэргийг хянахдаа Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1, 34.2-т заасны дагуу маргаан бүхий захиргааны акт, захиргааны хууль бус үйл ажиллагааг тогтоохын оронд нэхэмжлэгчид газар эзэмшүүлсэн шийдвэр нь хууль бус болсон тухай дүгнэлтийг дахин дахин хийж, улмаар хэрэгт авагдсан зорилгодоо нийцээгүй, хууль бус захиргааны акт үйл ажиллагааг зөвтгөн шийдвэрлэж байгаа нь хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчиж байна. Тодруулбал, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлд заасан бичмэл нотлох баримтыг шаардан авах талаарх нэхэмжлэгчийн төлөөлөгчийн хүсэлтийг шүүх хэрэгт хамааралгүй, ач холбогдолгүй гэж үзсэн, шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоогдсон маргаан бүхий Орхон аймгийн Засаг даргын захирамжийн шууд үндэслэл болсон Орхон аймаг дахь Төрийн аудитын газрын 2017 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 05/12-ОААГ-ГАБ/2017/01-ГА дугаартай албан шаардлагыг хэрэгт хамааралгүй гэж дүгнэсэн байх ба энэ нь шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэл болгож байгаа нь мөн хуулийн 34 дүгээр зүйлийн 34.3, 34.4-т заасныг зөрчиж байна.
8. Иймд, Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 26 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 30 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
9. Анхан болон давж заалдах шатны шүүхээс маргааны үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.
10. Нэхэмжлэгч “ЦАХ” ХХК-иас “Орхон аймгийн Засаг даргын 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн А/259 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах; Энэ захирамжийг биелүүлэхээр Орхон аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын газар чөлөөлөхөөр явуулсан үйл ажиллагааг хууль бусад тооцуулж, “ЦАХ” ХХК-тай газар эзэмшүүлэх гэрээ байгуулаагүй байгаа, газар эзэмших эрхийн гэрчилгээ гаргаж өгөхгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, газар эзэмшүүлэх гэрээ байгуулж, газар эзэмших эрхийн гэрчилгээ гаргаж өгөхийг даалгах; Орхон аймгийн Баян-Өндөр сумын Засаг даргын 2018 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн А/193 дугаар захирамжийг хүчингүй болгуулах, газар албадан чөлөөлснөөс учирсан хохирол 3,800,000 төгрөг гаргуулах” шаардлагуудыг гаргасан бөгөөд үндэслэлээ “газар эзэмших гэрээ байгуулж, гэрчилгээ гаргуулахаар удаа дараа хандсан боловч гэрээ байгуулаагүй хууль зөрчсөн, газар эзэмшүүлсэн шийдвэрийг хүчингүй болгосон болохоос газар эзэмших эрхийг хүчингүй болгоогүй, сонсох ажиллагаа хийгээгүй” гэж тайлбарлажээ.
11. Орхон аймгийн Засаг даргын 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн А/378 дугаар захирамжаар нэхэмжлэгч “ЦАХ” ХХК-д 700 м.кв газрыг худалдаа, үйлчилгээний зориулалтаар 15 жилийн хугацаатайгаар эзэмшүүлсэн бөгөөд 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн А/259 дүгээр захирамжаар “...хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөнд тусгагдаагүй, ил зогсоол байршуулахаар төлөвлөгдсөн газарт газар эзэмшүүлсэн, дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалт явуулаагүй” гэх үндэслэлээр анх газар эзэмшүүлсэн шийдвэрийг хүчингүй болгосон нь Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д “Төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан өөрийн шийдвэр, үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ газрын тухай хууль тогтоомж, газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол уг байгууллага, албан тушаалтан өөрөө буюу түүний дээд шатны байгууллага, албан тушаалтан, эсхүл шүүх уг хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, үйлдлийг таслан зогсооно” гэж заасантай нийцжээ.
12. Учир нь Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.4-т “...аймаг, нийслэл, сум, дүүргийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд эзэмшүүлж болохоор зааснаас бусад газарт газар эзэмшүүлэхийг хориглоно” гэж заасан, Хүнсний захын баруун хойд талд нэхэмжлэгчид олгосон 700 м.кв газар нь Орхон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн “Газрын харилцааны талаар 2016 онд баримтлах үйл ажиллагааны чиглэл батлах тухай” 3 дугаар тогтоолд худалдаа үйлчилгээний зориулалтаар иргэн, аж ахуйн нэгжид эзэмшүүлэхээр тусгагдаагүй, ил зогсоол байхаар төлөвлөгдсөн нь тогтоогдсон бөгөөд нэхэмжлэгчийн эзэмшихийг хүсэж буй газар нь Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1-д зааснаас бусад зориулалт буюу гэр бүлийн хэрэгцээний зориулалтаас өөр байх тул дээрх хуулийн зохицуулалтаар аймгийн Засаг дарга дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулах зарчмаар газар эзэмшүүлэх ёстой атал энэ зарчмыг хэрэгжүүлээгүй хууль зөрчсөн, энэ талаар шүүхүүд зөв дүгнэсэн байна.
13. Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2-т эерэг нөлөөл бүхий хууль бус захиргааны актыг хүчингүй болгох тохиолдлыг нэрлэн заасан, эдгээр тохиолдлын нэг нь хангагдсан буюу “хуулиар хориглосон” байх урьдчилсан нөхцөл хангагдсан байх тул нэхэмжлэгчийн “...захиргааны хууль бус эс үйлдэхүйг нэхэмжлэгчийг буруутгах үндэслэл болгосон” гэх гомдлыг хангах үндэслэлгүй.
14. Иймд, дээрх үндэслэлүүдээр шийдвэр, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.1-т хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 26 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 30 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН М.БАТСУУРЬ
ШҮҮГЧ П.СОЁЛ-ЭРДЭНЭ