Улсын дээд шүүхийн Тогтоол

2020 оны 05 сарын 25 өдөр

Дугаар 267

 

Г.Ц-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор О.Сарангэрэл, хохирогч М.Х, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.О, тэдгээрийн өмгөөлөгч Л.Чинбат, иргэний хариуцагч Т.О, түүний өмгөөлөгч Х.Даваахүү, шүүгдэгчийн өмгөөлөгч А.Мөнхтулга, нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 722 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 203 дугаар магадлалтай, Г.Ц-д холбогдох 1903007980405 дугаартай эрүүгийн хэргийг хохирогч М.Х, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.О нарын өмгөөлөгч Л.Чинбат, иргэний хариуцагчийн өмгөөлөгч Х.Даваахүү, шүүгдэгчийн өмгөөлөгч А.Мөнхтулга нарын гаргасан гомдлыг үндэслэн 2020 оны 05 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Амарбаясгалангийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1968 оны 08 дугаар сарын 18-ны өдөр Төв аймагт төрсөн, 51 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, урьд ял шийтгэлгүй, Б овогт Г-ийн Ц нь

2019 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 23 цагийн үед Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо Айцын давааны замд “Веibеn ND1250” маркийн **** УБК улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Замын хөдөлгөөний дүрмийн 12.1-т заасан “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна”, мөн дүрмийн 24.1-т заасан “Ачааны жин болон тэнхлэгт ногдох ачааллын хэмжээ нь тухайн тээврийн хэрэгслийн техникийн тодорхойлолтоор тогтоосон хэмжээнээс хэтрэхгүй байна” гэсэн заалтуудыг зөрчиж “Тоёота Витц” маркийн *** УНИ улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж, жолооч О.М-ийн амь насыг хохироосон, зорчигч У.Д-ын эрүүл мэндэд хүнд хохирол, зорчигч М.Х-н эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх “... шүүгдэгч Г.Ц-г “авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас нэг хүний амь нас хохироосон, нэг хүний эрүүл мэндэд хүнд, нэг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3-т зааснаар шүүгдэгч Г.Ц-г тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 /тав/ жилийн хугацаагаар хасаж, 4 /дөрөв/ жил хорих ялаар шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Ц-д оногдуулсан 4 /дөрөв/ жил хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр” шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх “... Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 9-ны өдрийн 722 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 5 дахь заалтад “... Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1, 499.4, 505 дугаар зүйлийн 505.1,  508 дугаар зүйлийн 508.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Ц нь оршуулгын зардалд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.О-т 4.000.000 төгрөг төлсөн болохыг дурдаж, иргэний хариуцагч Т.О-оос 11.243.671 төгрөг, иргэний хариуцагч Д.Б-аас 11.243.671 төгрөг тус тус гаргуулж, хохирогч М.Х-д 14.691.710 төгрөгийг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.О-т 7.795.631 төгрөгийг тус тус олгосугай ...” гэснийг Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1, 499.4, 505 дугаар зүйлийн 505.1, 508 дугаар зүйлийн 508.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь Г.Ц нь оршуулгын зардалд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.О-т 4.000.000 төгрөг төлсөн болохыг дурдаж, иргэний хариуцагч Т.О-с 19.477.321 төгрөгийг гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.О-т 7.795.631 төгрөг, хохирогч М.Х-д 11.681.690 төгрөг тус тус олгосугай ...” гэж,

6 дахь заалтад “... Хохирогч М.Х өөртөө болон насанд хүрээгүй хохирогч У.Д-ын эрүүл мэндэд учирсан гэм хортой холбоотой цаашид гарах эмчилгээний зардлаа шүүгдэгч Г.Ц-гоос Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу нэхэмжлэх эрхтэйг дурдсугай ...” гэснийг “... Хохирогч М.Х өөртөө болон насанд хүрээгүй хохирогч У.Д-ын эрүүл мэндэд учирсан гэм хортой холбоотой цаашид гарах эмчилгээний зардал болон ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний орлогоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хариуцагч Т.О-оос Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу нэхэмжлэх эрхтэйг дурдсугай ...” гэж тус тус өөрчилж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээж, иргэний хариуцагч Т.О, түүний өмгөөлөгч Х.Даваахүү, шүүгдэгч Г.Ц-гийн өмгөөлөгч А.Мөнхтулга нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд иргэний хариуцагч Т.О-гийн өмгөөлөгч Х.Даваахүү гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “... Т.О-г иргэний хариуцагч гэж үзэж байгаа бол иргэний нэхэмжлэгчээр тогтоож, хуульд заасан эрхийг эдлүүлэлгүй эрхийг нь зөрчсөн. Г.Ц-гийн жолоодож явсан тээврийн хэрэгсэлд 1.215.000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд тус төлбөрийг нэхэмжлэх эрхийг Т.О эдлэх ёстой байсан боловч хүсэлтийг хүлээж аваагүй. Мөн Т.О төлсөн хохирлоо гэм буруутай этгээдээс нэхэмжлэх эрх нь шүүхийн шийдвэрүүдэд огт дурдагддаггүй. Мөн тээврийн хэрэгслийн эзэмшигчийг зөв тогтоож чадаагүй. *** УБК дугаартай тээврийн хэрэгслийг авто тээврийн хэрэгслийн техникийн үзлэгээр оруулсан баримтаас үзэхэд 2017, 2018 онд “Юни Сервис Сольюшн” ХХК-ийн эзэмшилд байсан нь нотлогддог. Гэтэл тээврийн хэрэгслийн гэрчилгээ Д.Б-н нэр дээр байх бөгөөд 2015 оны 06 дугаар сарын 25-нд Хас банкны барьцаанд тавьсан байдаг. Иймд Т.О-г тээврийн хэрэгслийн хууль ёсны өмчлөгч гэж үзэхэд хэцүү болж байна. н.М, н.Н нарын мэдүүлгийг харахад тэд тухайн тээврийн хэрэгслийн эзэмшигч мэт харагддаг. Т.О-гийн 30.000.000 төгрөгийг буцааж өгөхгүй байсан учир Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандаж, 2020 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр “Хариуцагчийг эрэн сурвалжлах” тухай шүүгчийн захирамж гарсан. Мөн Д.Б н.Н нь гэр бүлийн хүмүүс юм. Т.О автомашиныг авч хохирлыг төлөх хүсэлтийг гаргасан боловч Д.Бд олгосон байдаг. Дээрх нөхцөл байдлаас үзэхэд Д.Б гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлөх үүрэгтэй. Мөн худалдаж, худалдан авах гэрээ хуульд заасан үндэслэл журмын дагуу хийгдээгүй. Тухайн үед тээврийн хэрэгсэл банкны барьцаанд байсан учир Т.О-гийн нэр рүү шилжээгүй. Т.О нь ямар нэгэн ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан гэх баримт байхгүй. Г.Ц нь Т.Огийн бус н.М-ийн ачааг зөөж явсан болох нь баримтуудаар тогтоогдсон. Иймд тээврийн хэрэгслийн хууль ёсны эзэмшигч бүрэн тогтоогдоогүй гэж үзэх үндэслэлтэй байна” гэв.

Хяналтын шатны шүүхэд хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нарын өмгөөлөгч Л.Чинбат гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа   “... Д.Б Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.3 дахь хэсэгт заасан тухайн тээврийн хэрэгслийг өөрийн буруугаас ашиглах боломж олгосон гэх нөхцөл байдал тогтоогдоогүй” гэж үзсэн нь үндэслэлгүй байна. Д.Б нь 2019 оны 10 дугаар сарын 14-ны өдөр уг тээврийн хэрэгслийн гэрчилгээ болон тээврийн хэрэгслийг өөрийн эзэмшлийнх мөн болохыг баталж нотариатаар баталгаажуулан гарган авч одоог хүртэл өөрийн эзэмшилдээ авч ашиглаж байгаа. Мөн иргэний хариуцагч Т.О нь тухайн тээврийн хэрэгслийг худалдан авахаар урьдчилгаа 30.000.000 төгрөгийг өгч, 15.000.000 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа учир хохирлыг хариуцах хууль зүйн үндэслэлтэй. Шүүгдэгч Г.Ц мэдүүлэхдээ “тоормосгүй болсноо урд талын машинаас 100 метрийн зайд явахдаа мэдэрсэн, зогсоох арга хэмжээ авсан боловч чадалгүй мөргөж осол гаргасан” гэдэг. Тэгэхээр 100 метрийн дотор тээврийн хэрэгслийг зогсоох бүхий л арга хэмжээг авах боломжтой буюу замын хажуугаар явах боломж байсныг ашиглаагүй. Давж заалдах шатны шүүхэд хохирогчийн цалингийн 2.310.000 төгрөгийн зөрүүг тооцсон баримтыг гаргаж өгсөн боловч хассан нь үндэслэлгүй. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх 5 дахь заалтыг хэвээр үлдээж өгнө үү” гэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч А.Мөнхтулга гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “... Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нар нь анхан шатны шүүх хуралдаанд гэм буруугаа хүлээн зөвшөөрч, прокуророос ирүүлсэн яллах дүгнэлт, зүйлчлэлд маргахгүй, “ялыг хөнгөрүүлж өгнө үү” гэсэн байр суурьтай оролцсон. Гэтэл шүүх 1-ээс 5 жилийн санкцтай болгоомжгүй гэмт хэрэгт 4 жилийн ял оногдуулсанд гомдолтой байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйл нь “Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэрэг бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэм буруугийн болгоомжгүй гэмт хэрэг юм. Шүүгдэгч Г.Ц нь согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан, тээврийн хэрэгслийн тоормос гэнэт ажиллахгүй болсноос уруу газар ачаатай хүнд даацын машин инерцээрээ явж, зогсоох боломжит бүхий л арга хэмжээг авсан боловч зогсоож чадалгүй урдаа явсан тээврийн хэрэгслийг мөргөж осол хийсэн. Шинжээч нарын дүгнэлтээр тоормосны системийн хий хураагуур ажиллагаагүй болсноос осол хийсэн гэдгийг тогтоосон. Шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирогч нараас уучлал гуйж 4.000.000 төгрөгийн хохирлыг төлсөн. Шүүх “иргэний хариуцагч нараар хохирогч нарын төлбөрийг төлүүлэх, шүүгдэгч Г.Ц нь цаашид төлөх төлбөргүй гэж” шийдвэрлэсэн нь шүүгдэгчийн эрх зүйн байдал дордуулсан. Шүүхийн шийтгэх тогтоолын дүгнэлт хэсэгт “гэм буруугийн болгоомжгүй хэлбэр нь хор уршиг гарч болно гэдгийг урьдчилан мэдэх ёстой буюу боломжтой байдагт оршино” гэсэн нь хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзнэ. Учир нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт     “... боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учирсан бол болгоомжгүй гэмт хэрэгт тооцно” гэснийг өөрөөр тайлбарласан. Бодит нөхцөл байдалд гэнэт тоормосны систем ажиллагаагүй болсныг тухайн агшинд мэдсэн, тухайн богино цаг хугацаанд зогсоох боломжит бүхий л арга хэмжээг авсан хэдий ч зогсоож чадаагүй. Тэгэхээр энэ бол санаатай бус харин болгоомжгүй гэмт хэрэг юм. Шүүх дээрх дүгнэлтийг хийсэн учраас хөнгөрүүлэх хуулийн шаардлагуудыг хангаж байгаа боловч хөнгөрүүлэх боломжгүй гэж үзсэн нь хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэх үндэслэлтэй юм. Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг үндэслэл болгож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэг нь мөн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд багтдаг, шүүгдэгч нь согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй, Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” буюу гэнэт машины тоормосны систем ажиллагаагүй болсон нь хавтаст хэрэгт авагдсан шалгах хуудсаар нотлогдон тогтоогдоно, мөн тус зүйлийн 1.2 дахь хэсэгт заасны дагуу өөрийн утсаар эмнэлэг бусад газарт дуудлага өгч, хохирогчид эмнэлгийн бусад туслалцаа үзүүлсэн, учруулсан хохирлоос 4.000.000 төгрөг төлсөн нь дээрх хөнгөрүүлэх 2 заалтын шаардлагыг хангаж байна гэж үзэж мөн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 хэсэгт заасан “гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн” хувийн байдлыг харгалзан хөнгөрүүлэх” зохицуулалтаар тус зүйлийн 1.2 дахь хэсэгт заасны дагуу тэнсэж үүрэг хүлээлгэх нөхцөл шаардлагыг хангаж байна” гэсэн дүгнэлтийг гаргасан. Шүүхийн “... эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарах хэдий ч шүүгдэгчийн хэт хайхрамжгүй үйлдлийн улмаас...” гэх дүгнэлт нь үндэслэлгүй юм. Шүүх ямар үндэслэлээр “хэт хайхрамжгүй” гэх дүгнэлт хийсэн нь ойлгомжгүй, 4 жилийн хорих ял оноосон нь хэргийн бодит байдалд нийцээгүй. Иймд шийтгэх тогтоол, магадлалд оногдуулсан ялыг тэнссэн өөрчлөлт оруулж өгнө үү. Шүүх Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.4 дэх хэсэгт зааснаар иргэний хариуцагч Т.О, Д.Б нараас хохирлыг гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлтэй. Гэхдээ иргэний хариуцагч нар хохирлыг төлөхгүй байгаагаас шалтгаалж, миний үйлчлүүлэгчийн эрх зүйн байдал дордож байна. Миний үйлчлүүлэгч Т.О-той харилцан тохиролцож тээвэр хийсэн. Мөн тээврийн хэрэгслийн битүүмжилсэн байсныг Д.Бд буцааж өгсөн. Энэ асуудлаас иргэний хариуцагч нарын хооронд маргаан гарсан. Одоо тухайн тээврийн хэрэгсэл Д.Б-гийн эзэмшилд байхад Т.О-гоор төлүүлэх байр суурьтай байгаа нь зөрчилтэй байна. 

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт заасны дагуу зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр ялыг хөнгөрүүлж Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 722 дугаартай шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 203 дугаартай магадлалын зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр оногдуулсан 4 жилийн хугацаатай хорих ялыг хөнгөрүүлэн шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү” гэжээ.

Хяналтын шатны шүүх хуралдаанд оролцсон хяналтын прокурор О.Сарангэрэл хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ “... Шүүгдэгч Г.Ц нь Замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөний улмаас жолооч О.М-ийн амь насыг хохироосон, зорчигч У.Д-н эрүүл мэндэд хүнд хохирол, зорчигч М.Халиунаагийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан байна. Шүүх хэргийн үйл баримтыг зөв тогтоож, шүүгдэгчид хуульд заасан хэмжээнд эрүүгийн хариуцлага оногдуулсан. Анхан шатны шүүх Иргэний хуулийн 499 дүгээр зүйлд зааснаар Д.Б, Т.О нарыг иргэний хариуцагчаар татаж, гэм хорыг арилгуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлтэй. Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Хохирогчийн өмгөөлөгч Л.Чинбат, иргэний хариуцагч Т.О-гийн өмгөөлөгч Х.Даваахүү, шүүгдэгчийн өмгөөлөгч А.Мөнхтулга нарын гаргасан гомдлыг үндэслэн Г.Ц-д холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн эсэх болон шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

Шүүгдэгч Г.Ц нь 2019 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 23 цагийн үед Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо Айцын давааны замд “Веibеn ND1250” маркийн *** УБК улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Замын хөдөлгөөний дүрмийн 12.1-т заасан “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна” гэсэн заалт болон мөн дүрмийн 24.1-т заасан “Ачааны жин болон тэнхлэгт ногдох ачааллын хэмжээ нь тухайн тээврийн хэрэгслийн техникийн тодорхойлолтоор тогтоосон хэмжээнээс хэтрэхгүй байна” гэсэн заалтыг тус тус зөрчиж “Тоёота Витц” маркийн *** УНИ улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж, жолооч О.М-ийн амь насыг хохироосон, зорчигч У.Д-ын эрүүл мэндэд хүнд хохирол, зорчигч М.Х-ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдсон талаарх анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасч, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Г.Ц-гийн гэм бурууг хянан хэлэлцэж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн түүнийг автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас “нэг хүний амь нас хохироосон, нэг хүний эрүүл мэндэд хүнд, нэг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн талаар хууль зүйн дүгнэлт хийхдээ Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан, хэргийн зүйлчлэлийн талаар үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байна.

Мөн түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээг зөв баримтлан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, хор уршгийн хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэж тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 4 жилийн хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэснийг буруутган дүгнэж өөрчлөх хууль зүйн үндэслэлгүй гэж үзэв.

Хэдийгээр энэхүү гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хөнгөн гэм хэргийн ангилалд багтах боловч мөн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...  гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал” зэргийг харгалзан шүүх тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг хөнгөрүүлэх, ялаас чөлөөлж, албадлагын арга хэмжээ хэрэглэж болохоор зохицуулсан байх боловч шүүгдэгч Г.Ц-гийн үйлдсэн гэмт хэргийн улмаас “нэг хүний амь нас хохирсон, нэг хүний эрүүл мэндэд хүнд, нэг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан”, хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн зүгээс гэм хор арилаагүй талаар маргаж байхад уг зохицуулалтыг хэрэглэх хууль зүйн үндэслэлгүй юм.

Түүнчлэн шүүгдэгч Г.Ц-гийн жолоодож явсан “Веibеn ND1250” маркийн *** УБК улсын дугаартай тээврийн хэрэгслийн өмчлөгч нь Д.Б боловч Т.О нь Д.М-с 55.000.000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцож, урьдчилгаа 33.000.000 төгрөгийг өгч, түүний эзэмшил, ашиглалтад байсан талаар гэрч Д.М, Г.Н, Д.Б, Т.О нар мэдүүлсэн байх бөгөөд тээврийн хэрэгслийг Т.О-гийн зөвшөөрснөөр Г.Ц нь тухайн цаг хугацаанд жолоодон явсан нь тогтоогдсон тул Т.О нь тээврийн хэрэгсэл ашиглалтаас бусдад учирсан гэм хорыг арилгах үүргээс чөлөөлөгдөх үндэслэлгүй болно.

Харин “Веibеn ND1250” маркийн *** УБК улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээ Д.Б-гийн /улсын бүртгэлд/ нэр дээр бүртгэгдсэн хэдий ч Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.3 дахь хэсэгт заасан “тухайн тээврийн хэрэгслийг өөрийн буруугаас ашиглах боломж олгосон” гэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд энэ талаар давж заалдах шатны шүүх хууль зүйн дүгнэлт хийж, шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж /иргэний хариуцагч Т.О-гоос 19.477.321 төгрөгийг гаргуулахаар/ шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болжээ.

Иймд хохирогчийн өмгөөлөгч Л.Чинбатын “... шийтгэх тогтоолын 5 дахь заалтыг хэвээр үлдээж өгнө үү”, иргэний хариуцагч Т.О-гийн өмгөөлөгч Х.Даваахүүгийн “... Т.О-д холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү”, шүүгдэгчийн өмгөөлөгч А.Мөнхтулгын “... 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуулийн шаардлагыг хангасан тул хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү” гэсэн агуулга бүхий гомдлуудыг хэрэгсэхгүй болгож, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, түүнд өөрчлөлт оруулсан магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1-д заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 722 дугаар шийтгэх тогтоол, түүнд өөрчлөлт оруулсан Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 203 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээсүгэй.

2. Хохирогчийн өмгөөлөгч Л.Чинбат, иргэний хариуцагч Т.О-гийн өмгөөлөгч Х.Даваахүү, шүүгдэгчийн өмгөөлөгч А.Мөнхтулга нарын хяналтын шатны шүүхэд гарсан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

 

                                    ДАРГАЛАГЧ                                                Б.ЦОГТ

                                   ШҮҮГЧ                                                          Б.АМАРБАЯСГАЛАН

                                                                                                        Д.ГАНЗОРИГ

                                                                                                        Ч.ХОСБАЯР

                                                                                                        Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН