Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 12 сарын 09 өдөр

Дугаар 722

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Боорчи хөтөлж,          

улсын яллагч Тээврийн Прокурорын газрын хяналтын проккурор Д.Агар,

хохирогч М.Х-, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.О-, тэдгээрийн өмгөөлөгч Л.Чинбат,

иргэний хариуцагч Т.О-, түүний өмгөөлөгч Х.Даваахүү,

иргэний хариуцагч Д.Б-,

шүүгдэгч Г.Ц-, түүний өмгөөлөгч А.Мөнхтулга нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

   Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Бугат овогт Г-гийн Ц-д холбогдох эрүүгийн 1903007980405 дугаартай хэргийг 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол улсын иргэн,

 

Холбогдсон хэргийн талаар

/яллах дүгнэлтэнд бичигдснээр/

Шүүгдэгч Г.Ц- нь 2019 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 23 цагийн үед Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо Айцын давааны замд “...” Бэйбэн-Энди 1250/ маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.1-т заасан “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна” гэсэн заалтыг, мөн дүрмийн 24.1-т заасан “Ачааны жин болон тэнхлэгт ногдох ачааллын хэмжээ нь тухайн тээврийн хэрэгслийн техникийн тодорхойлолтоор тогтоосон хэмжээнээс хэтрэхгүй байна” гэсэн заалтуудыг зөрчиж “Тоёота Витц” маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж, жолооч О.М-ийн амь насыг хохироосон, зорчигч У.Д-ын эрүүл мэндэд хүнд хохирол, зорчигч М.Х-гийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

          Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Г.Ц- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: ...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж ярих зүйлгүй, гэм буруугийн талаар маргахгүй гэв.

Хохирогч М.Х- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2019 оны 7 дугаар сарын 08-ны орой гэр бүлээрээ Улаанбаатараас Багахангай руу явж байсан. Би хүүхдийнхээ хамт машины арын суудал дээр хэвтэж явсан. Гэтэл манай машины араас эхэлж нэг удаа хүчтэй мөргөсөн. Дараа нь олон удаа мөргөж машинаас гарах ямар ч боломжгүй болтол мөргөсөн. ...Нилээн удаан хугацааны дараа Онцгой байдлын ажилчид ирж машинаас гаргаж аварсан. Ослын улмаас миний 5 настай хүү маань толгойндоо хүнд гэмтэл авсан, хөл гар нь хугаралттай. Миний нөхөр 30 настай байсан, би одоо жирэмсэн. Ц- болон иргэний хариуцагч нар уучлалт гуйгаагүй. Гомдолтой байна.

Би 2019 оны 7 дугаар сараас хойш ажлаа хийх боломжгүй байсан тул цалингийн зээлээ төлж чадаагүй. Машин засагдах боломжгүй болсон тул үнэ 8.700.000 төгрөг, ослын үед миний гар утас алга болсон тул  1.600.000 төгрөг, хүү бид хоёрын эмчилгээнд зардалд 1.600.000 төгрөг, нэмж гаргаж өгсөн эмчилгээний зардалд 481.690 төгрөг, цалингийн зөрүү 2.310.000 төгрөг, нийт 14.691.710 төгрөгийг нэхэмжилж байна гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.О- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Г.Ц- гэмт хэрэг гарсны дараа миний хүүг эмнэлэгт хүргэж өгөөгүй, бид нараас уучлалт гуйгаагүй. Шүүгдэгч өөрийгөө болон компанийхаа барааг хамгаалж, миний хүү, гэр бүлийг нь золиосонд гаргасанд харамсаж байна. Оршуулгын зардалд 11.795.631 төгрөг гарсан үүнээс Г.Ц- 4.000.000 төгрөг төлсөн. Үлдэх төлбөрийг нэхэмжилнэ. Гомдолтой гэв.

Иргэний хариуцагч Т.О- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2019 оны 6 дугаар сард Н- М- хоёроос ... улсын дугаартай машиныг 54.000.000 төгрөгөөр худалдаж авахаар тохиролцож 30.000.000 төгрөгийг өгөөд үлдэх 24.000.000 төгрөгийг цувуулж өгөхөөр авсан. Би уг машиныг аваад Г.Ц-г жолоочоор ажиллуулахаар тохирч машинд засвар үйлчилгээ хийлгэсэн. Машины засварыг Г.Ц- манай дүүтэй хамт хийсэн. Энэ осол гарахаас өмнө Г.Ц- хоёр удаа Номингийн бараа тээвэрлэсэн ба гурав дахь удаагаа ачаа байхдаа энэ осол гарсан. Мөрдөн байцаалтанд Н-ын өмгөөлөгчийн зааж өгснөөр прокурорт хүсэлт гаргаж машиныг битүүмжлэлээс гаргаж Н-, М- нарт буцааж өгсөн. Энэ машины гэрчилгээ миний нэр дээр байгаагүй. Би Н-т машиныг буцааж өгсөн боловч 30.000.000 төгрөгөө аваагүй. Тиймээс надад хохирол төлөхөд хүндрэлтэй байна гэв.

Иргэний хариуцагч Д.Б- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би 2014 оноос Н-ын жолоочоор ажиллаж байгаад 2018 оны 10 дугаар сард машиныг Н-т хүлээлгэж өгөөд хөдөө явсан. Н- бол миний салсан эхнэр юм. Машины гэрчилгээ миний нэр дээр байдаг боловч ч машины жинхэнэ эзэд Н-, М- нар юм. Н-ын найз нь “Хас” бакнаас зээл авахдаа энэ машиныг барьцаалсан тул автомашины эзэмшигчийн гэрчилгээн дээрх нэрийг Н-т шилжүүлж өгч чадахгүй байгаа.  Энэ осол гарсны дараа би машинд засвар үйлчилгээ хийгээд одоо Баянхошууд хадгалж байгаа. Хэрэв шүүх намайг хохирол төлж барагдуулах шийдвэр гаргах аваас би тухайн машинаар нь ажил хийлгэж хохирлыг төлөх хүсэлттэй байна гэв.

 

Эрүүгийн 1903007980405 дугаартай хэргээс:

 

Зам тээврийн осол, хэргийн газрын үзлэгээр тогтоосон байдал, бүдүүвч зураг /хх-ийн 1-р хавтас 3-4-р хуудас/,

Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 1-р хавтас 5-15-р хуудас/,

Цогцосонд гадна үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 1-р хавтас 20-23-р хуудас/,

Хохирогч М.Х-гийн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 35-37-р хуудас/,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.О-ийн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 42-р хуудас/,

Иргэний нэхэмжлэгч Б.Б-гийн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 62-р хуудас/,

Иргэний хариуцагч Д.Б-гийн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 69-р хуудас/,

Иргэний хариуцагч Т.О-гийн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 72, 227-р хуудас/,

Гэрч Я.Э-ын мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 122-124-р хуудас/,

Гэрч О.Т-ын мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 129-р хуудас/,

Гэрч Б.Б-гийн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 130-р хуудас/,

Гэрч Д.М-гийн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 134-136-р хуудас/,

Гэрч Б.Д-ийн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 138-р хуудас/,

Гэрч Ш.Б-ын мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 141-142-р хуудас/,

Гэрч Г.Н-ын мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 152-р хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Цогцосонд үзлэг хийсэн шүүх эмнэлгийн №11084 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 1-р хавтас 153-157-р хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Хүний биед үзлэг хийсэн шүүх эмнэлгийн №8732 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 1-р хавтас 160, 162-р хуудас/,

 

“Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ Сонгинохайрхан техникийн хяналтын үзлэгийн төвийн 2019 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн №055837 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 1-р хавтас 171-174-р хуудас/,

Шинжээч С.М-ын мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 144-р хуудас/,

 

Тээврийн цагдаагийн албаны мөрдөгчийн 2019 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн 327 дугаартай магадлагаа /хх-ийн 1-р хавтас 200-201-р хуудас/,

Шинжээч Б.Б-ийн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 229-230-р хуудас/,

 

 “Ашид Билгүүн” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 1-р хавтас 178-180, 186-187-р хуудас/,

“Хас үнэлгээ” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 1-р хавтас 182-184-р хуудас/,

“БЭТЦ” ХХК-ийн захирал Ш.Б- болон Т.О- нарын хооронд байгуулсан тээвэрлэлтийн гэрээ, бүс хоорондын хөдөлгөөний баримт /хх-ийн 1-р хавтас 85-106-р хуудас/,

Жолоочийн согтуурал шалгасан тэмдэглэл /хх-ийн 1-р хавтас 16-17-р хуудас/,

Хувцас хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 1-р хавтас 24-р хуудас/,

Автомашинд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 1-р хавтас 26-29-р хуудас/,

Т.О-, Д.Б- нарын хооронд ... дугаартай тээврийн хэрэгсалтэй Ажил гүйцэтгэх гэрээ /хх-ийн 1-р хавтас 232-234-р хуудас/,

Хохирогч М.Х-гийн осол гэмтлийн тохиолдлыг бүртгэх хуудас /хх-ийн 2-р хавтас 2-р хуудас/,

Хохирогч У.Д-ын өвчний түүх /хх-ийн 2-р хавтас 4-10-р хуудас/,

102, 103-ын дуудлагын лавлагааны хуудас /хх-ийн 2-р хавтас 17-

... улсын дугаартай “...” маркийн тээврийн хэрэгсэлтэй холбоотой баримтууд тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-ийн 1-р хавтас 210-р хуудас/, автотээврийн хэрэгслийн техникийн хяналтын дүгнэлтийн хуудас /хх-ийн 2-р хавтас 30-32-р хуудас/,

... улсын дугаартай “Toyota Vitz” маркийн тээврийн хэрэгсэлтэй холбоотой баримтууд тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-ийн 2-р хавтас 26-р хуудас/,

Шүүгдэгч Г.Ц-гийн мөрдөн байцаалтанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 222-224-р хуудас/,

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд гэрч У.Б-ын мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 139-р хуудас/, гэрч Г.Ц-ын мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 129-р хуудас/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 1-р хавтас 205-р хуудас/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 1-р хавтас 207, 209-р хуудас/, тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-ийн 1-р хавтас 208-р хуудас, 2-р хавтас 22-р хуудас/, жолоочийн үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 1-р хавтас 210-р хуудас/, Капитрон банкны дансны хуулга /хх-ийн 1-р хавтас 246-р хуудас/, ял шалгах хуудас /хх-ийн 1-р хавтас 248-р хуудас, 2-р хавтас 65-р хуудас/ зэрэг нотлох баримтыг шинжлэн судлав.

 

Тухайн хэргийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Г.Ц-гийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

 

Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт.

 

Шүүгдэгч Г.Ц- нь 2019 оны 7 дугаар сарын 08-ны орой 23 цагийн үед Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо Айцын давааны замд “...” маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.1-т заасан “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна” гэсэн заалтыг, мөн дүрмийн 24.1-т заасан “Ачааны жин болон тэнхлэгт ногдох ачааллын хэмжээ нь тухайн тээврийн хэрэгслийн техникийн тодорхойлолтоор тогтоосон хэмжээнээс хэтрэхгүй байна” гэсэн заалтуудыг зөрчиж, “Тоёота Витц” маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж, жолооч О.М-ийн амь насыг хохироосон, зорчигч хохирогч У.Д-ын эрүүл мэндэд хүнд хохирол, зорчигч хохирогч М.Х-гийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол тус тус учруулсан болох нь:

               

Зам тээврийн осол, хэргийн газрын үзлэгээр тогтоосон байдал, бүдүүвч зураг /хх-ийн 1-р хавтас 3-4-р хуудас/,

Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 1-р хавтас 5-15-р хуудас/,

Цогцосонд гадна үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 1-р хавтас 20-23-р хуудас/,

Тээврийн цагдаагийн албаны мөрдөгчийн 2019 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн 327 дугаартай магадлагаанд: “Веiben ND1250” маркийн ... улсын дугаартай автомашиныг жолоодон явсан Г.Ц- нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.1-т заасан “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна” гэсэн заалтыг, мөн дүрмийн 24.1-т заасан “Ачааны жин болон тэнхлэгт ногдох ачааллын хэмжээ нь тухайн тээврийн хэрэгслийн техникийн тодорхойлолтоор тогтоосон хэмжээнээс хэтрэхгүй байна” гэсэн заалтуудыг зөрчсөн байх үндэслэлтэй байна. ...“Веiben ND1250” маркийн ... улсын дугаартай автомашины техникийн байдал зам тээврийн осол хэрэгт тодорхой хэмжээгээр нөлөөлөх бөгөөд, жолооч Г.Ц- нь Замын хөдөлгөөний дүрмийн дээрх заалтуудыг биелүүлж, замын хөдөлгөөнд оролцоогүйн улмаас тухайн зам тээврийн осол гарсан байх үндэслэлтэй байна. /хх-ийн 1-р хавтас 200-201-р хуудас/,

Шинжээч Б.Б-ийн ...Тухайн автомашины тоормосны систем нь ажиллах үедээ буюу тоормосны пидал дээр гишгэсний дараа хийн битүүмж алдагдсан нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 4 дүгээр хавсралтанд заагдсан тоормосны системтэй холбоотой буюу тохирох заалт байхгүй байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 229-230-р хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Цогцост задлан шинжилгээ хийсэн шүүх эмнэлгийн №1527 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд: Талийгаач нь учрах үедээ  амь насанд аюултай, амьдрах боломжгүй шууд үхэлд хүргэх, гавал тархины гэмтлийн улмаас нас баржээ гэх дүгнэлт /хх-ийн 1-р хавтас 153-157-р хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Хүний биед үзлэг хийсэн шүүх эмнэлгийн № 8504 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд: У.Д-ын биед тархи доргилт, баруун талын лямбда заадас дайрсан диастазан хугарал, баруун сүүжний дэлбээ яс, ууц, сүүжний үе дайрсан зөрөөтэй хугарал, дух, баруун доод зовхины зүсэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо болон ир ирмэг бүхий зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-д зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна гэх дүгнэлт. /хх-ийн 1-р хавтас 162-р хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Хүний биед үзлэг хийсэн шүүх эмнэлгийн №8732 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд: М.Х-гийн биед баруун шилбэний тахилзуур ясны хугарал, умайн булчингийн чангарал, баруун шанаанд шарх, зүүн бугалга, баруун гуя, баруун өгзгөнд цус хуралт, хэвлий, баруун, зүүн сарвуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна гэх дүгнэлт /хх-ийн 1-р хавтас 160-р хуудас/,

 

“Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ Сонгинохайрхан техникийн хяналтын үзлэгийн төвийн 2019 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн №055837 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд: “Веibеn” маркийн ... улсын дугаартай автомашин нь техникийн бүрэн бүтэн байдлыг хангахгүй байна. Урдаасаа хонхойж орсон, урд их гэрэл хагарсан, хойд оврын гэрэл асахгүй байгаа нь стандартын шаардлага хангахгүй байна. ...Хойд дугуйны тоормосны хувиарлах хоолой хий алдаж байна. Энэ эвдрэл гэмтэл нь зам тээврийн осол гарахад хэрхэн нөлөөлөхийг тогтоох боломжгүй байна. /хх-ийн 1-р хавтас 171-174-р хуудас/,

Шинжээч С.М-ын ...Уг автомашиныг жолооч жолоодож явахад газрын уруу хэсэгт тоормос гишгэх үед хий алдалт хойд дугуйн тоормосны хувиарлах хоолойгоор алдаж, хийн даралт багасна. Гэхдээ жолооч тоормос дээр хэрхэн яаж хэдэн удаа гишгэснээс шалтгаалан хий хураах савны хийн даралт багасна. Уулын уруу уруудах үед тоормосны ажиллагаа их шаардагдана. Үүнээс болж хий хураах савны хийн даралт багаснаас болж тоормос барихгүй байж болно. Жолооч “Хойд дугуйн тоормосны хувиарлах хоолой хий” алдаж байгааг урьдчилан мэдэж болно. Машин асаалттай хий хураасан үед жолооч тоормос дээр гишгээд барьсан үед хянах самбар дээр хийн заалт багасаж байгаагаар хянаж болно. Харин хэзээ хэрхэн яаж эвдэрсэнг тогтоох боломжгүй. Гэхдээ уг гэмтэл нь ослоос өмнө ашиглалтын явцад үүссэн гэмтэл байна...гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 144-р хуудас/,

           Хохирогч М.Х-гийн ...2019 оны 7 дугаар сарын 08-ны өдөр 15 цагийн үед Багахангай дүүргээс талийгаач нөхөр маань автомашинаа жолоодоод хүүгийнхээ хамт бид гурав Улаанбаатар хотод ирсэн. Орой 22 цагийн үед буцаад Багахангай дүүрэг дэх гэр рүүгээ гарсан. Талийгаач нөхөр маань машинаа бариад би хүү У.Д-ын хамт хэвтэж явсан. Бид гурав дөнгөж хотоос гараад явж байтал араас гэнэт хүчтэй автомашин мөргөсөн. Би хүүгийн хамт “хүн байна уу” гэж орилоход нэг эрэгтэй хүн “мэдсэн бол ийшээ дарчихдаг байж” гэж хэлж байхыг сонссон. Тэгээд машинаасаа гарч чадахгүй нилээн байж байхад Онцгой байдлын алба хаагчид ирээд хүү, бид хоёрыг гаргаад Гэмтлийн эмнэлэгт хүргэж өгсөн. ...Миний сууж явсан автомашин хурдтай яваагүй. Тухайн үед замын пост орох гээд машинууд ар араасаа удаан явж байсан. Ослын үед миний өөрийн хар өнгийн “Ай фоне 7 плас” маркийн гар утас алга болсон тул гар утсаа нэхэмжилнэ. Уг гар утсыг 2018 оны 12 дугаар сард “Тэди” төвийн лангуунаас 1.600.000 төгрөгөөр худалдан авч байсан. ...Мөн би өөрийн автомашиныг 2018 оны 05 дугаар сард 10.500.000 төгрөгөөр “Да хүрээ” захаас худалдан авсан. ...Миний автомашиныг 8.700.000 төгрөгөөр үнэлсэн. Би машинаа авахдаа цалингийн зээл авсан...гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 35-37-р хуудас/,

 Гэрч Я.Э-ын ...2019 оны 7 дугаар сарын 08-ны орой 21 цагийн үед “Пуссо” маркийн 61-41 УНИ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй, туслах ажигч О.Т-ын хамт Сүхбаатар аймаг орох гээд хөдөлсөн. Би Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо Айцын даваа уруудаад явж байтал араас нэг машин мөргөх шиг болохоор нь тоормос гишгээд зогсох гэтэл дахин мөргөсөн. Тэгэхээр нь тоормосоо авч хийгээд бага зэрэг уруудаад зөөлөн явсан. Би 200 метр гаран яваад бүрэн зогсоод бууж хартал араас жижиг тэрэг, том тэрэг хоёр орчихсон байдалтай байсан. Би туслахдаа цагдаа болон эмнэлэг дууд гэж хэлсэн. Арын том тэрэгний жолооч тэр үед “тоормос барихгүй болчихсон, зогсоох арга хэмжээ авч болохгүй байсаар байгаад ийм зүйл болчихлоо” гэж хэлж байсан. ...Би 30-40 км/цагийн хурдтай явж байсан.  Зам нь уруу пост руу дөхөж байсан учраас хурдаа хасаж явж байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 122-124-р хуудас/,

Гэрч О.Т-ын ...Улаанбаатар хотоос 21 цаг өнгөрөөд гарсан. Айцын даваа өнгөрөөд уруудаад явж байхад гэнэт араас хүчтэй мөргөсөн. Би “юу болов оо” гээд баруун гар талынхаа толинд харахад том автомашин харагдсан. Эхлээд нэг мөргөхөд нь машин түлхэгдээд урагшаагаа болсон. Гэтэл дахиад араас мөргөхөд манай автомашин тоормослоод байхад зогсож чадахгүй түрэгдсээр бараг ойролцоогоор 50-60 метр яваад зогссон. Би машинаасаа буугаад том машин дээр очиж байхад манай машины араас нилээн орчихсон жижиг машин байсан. Би түргэн, онцгой байдал, цагдаа руу залгаж осол хэргийн талаар мэдэгдсэн. ...Тухайн үед замын хөдөлгөөн ихтэй, цаг агаарын байдал хэвийн, зам хальтиргаа гулгаа байгаагүй, бороо ороогүй, үзэгдэх орчин хэвийн байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 129-р хуудас/,

 

Хохирогч М.Х-гийн осол гэмтлийн тохиолдлыг бүртгэх хуудас /хх-ийн 2-р хавтас 2-р хуудас/,

Хохирогч У.Д-ын өвчний түүх /хх-ийн 2-р хавтас 4-10-р хуудас/,

102, 103-ын дуудлагын лавлагааны хуудас /хх-ийн 2-р хавтас 17-

... улсын дугаартай “...” маркийн тээврийн хэрэгсэлтэй холбоотой баримтууд тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-ийн 1-р хавтас 210-р хуудас/, автотээврийн хэрэгслийн техникийн хяналтын дүгнэлтийн хуудас /хх-ийн 2-р хавтас 30-32-р хуудас/,

... улсын дугаартай “Toyota Vitz” маркийн тээврийн хэрэгсэлтэй холбоотой баримтууд тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-ийн 2-р хавтас 26-р хуудас/,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.О-ийн ...Миний хүү О-ы М- нь 1989 оны 5 дугаар сарын 23-ны өдөр Дархан-Уул аймагт төрсөн, айлын 2 дахь хүүхэд байсан. Тэрээр сургуулиа төгсөөд Баянгол дүүргийн 23 хорооны иргэний танхимд зохион байгуулагчаар 3 жил ажлаад, Багахангай дүүргийн Ардчилсан намын бичиг хэргээр ажиллаж байгаад Х-тай танилцаж нэг гэрт хамт амьдарч байсан. Бид маш их гомдолтой байна гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 42-р хуудас/,

 Шүүгдэгч Г.Ц-гийн мөрдөн байцаалтанд яллагдагчаар өгсөн: ... “Номин”-ийн агуулахаас орой 21 цаг өнгөрч байхад хөдлөөд Дорноговь аймаг руу гарсан. Айцын даваа уруудаад Өлзийтийн пост руу дөхөж байтал машины тоормосны хийн даралт нь 4 дэх заалт руу унасан. Би тухайн үед ойр, ойрхон тоормосоо гишгээд явж байсан. Гэтэл их ачаанд машин түрэгдээд хурд авч эхэлсэн. Би “тоормос нь ажиллахаа байлаа” гэж бодоод гар тоормосоо татсан боловч машин зогсохгүй хурд авсаар байсан. Тэгээд миний урд явж байсан жижиг машины араас мөргөсөн. Жижиг машин надад мөргүүлсэн эхний инерцээрээ урдаа байсан том машиныг мөргөсөн. Би машинаа зогсоож чадалгүй уг жижиг машины араас нь шахаад мөргөсөн. Тэр үед хамгийн урд явсан том машин жаахан явж байгаад зогссон. ...Би машинаасаа буугаад хартал миний урд явсан жижиг машин урдаа явсан том машины арын доод хэсэг рүү шахагдаад орсон байдалтай байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 222-224-р хуудас/ болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Гэм буруугийн болгоомжгүй хэлбэр нь гэмт этгээд өөрийн үйлдэл буюу эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол, хор уршиг учирсан, эсхүл хохирол, хор уршиг учрах боломжтойг ухамсарлан ойлгоогүй байдаг боловч хэрэг үйлдсэн тодорхой нөхцөлтэй холбож үзвэл тийм хор уршиг гарч болно гэдгийг урьдчилан мэдэх ёстой буюу боломжтой байсанд оршдог.

 

Шүүгдэгч Г.Ц-гийн хувьд Улаанбаатараас Дорноговь аймгийн Сайншанд сум руу “...” маркийн ... улсын дугаартай автомашинаар ачаа тээвэрлэж явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.1-т заасан “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна” гэсэн заалтыг, мөн дүрмийн 24.1-т заасан “Ачааны жин болон тэнхлэгт ногдох ачааллын хэмжээ нь тухайн тээврийн хэрэгслийн техникийн тодорхойлолтоор тогтоосон хэмжээнээс хэтрэхгүй байна” гэсэн заалтуудыг зөрчиж, “Тоёота Витц” маркийн ... улсын дугаартай автомашиныг араас  нь мөргөж, жолооч О.М- амь насыг хохироосон, зорчигч У.Д-ын эрүүл мэндэд хүнд хохирол, зорчигч М.Х-гийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул түүнийг гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Шүүгдэгч Г.Ц-, түүний өмгөөлөгч А.Мөнхтулга нар нь хэргийн үйл баримт болон гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэв.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тодорхойлж хуульчилсан.

           

Энэ хэргийн улмаас амь хохирогч О.М- нь гавал тархины гэмтлийн улмаас нас барсан, насанд хүрээгүй хохирогч У.Д-ын биед хүнд гэмтэл, хохирогч М.Х-гийн биед хүндэвтэр гэмтэл тус тус учирсан болох нь шинжээчийн дүгнэлтээр /хх-ийн 1-р хавтас 153-157, 160, 162-р хуудас/ тогтоогдсон.

Хэргийн шүүгдэгч Г.Ц- нь зам тээврийн осолд холбогдох үед жолоодон явсан “... маркийн ... улсын дугаартай автомашин нь Д.Б-гийн эзэмшил, өмчлөлд тээврийн хэрэгслийн улсын бүртгэлд бүртгэгдсэн /хх-ийн 1-р хавтас 210-р хуудас/ хэдий ч иргэний хариуцагч Т.О- нь Д.М-гээс худалдан авч түүний эзэмшил, ашиглалтад байдаг талаар гэрч Д.М-, Г.Н-, иргэний хариуцагч Д.Б-, Т.О- нар мэдүүлсэн баримттай, тухайн тээврийн хэрэгслийг эзэмшигч, ашиглагч Т.О-гийн зөвшөөрснөөр шүүгдэгч Г.Ц- нь осол болох тухайн цаг хугацаанд жолоодон явсан нь тогтоогдсон тул Т.О-г 2019 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн Мөрдөгчийн тогтоолоор /хх-ийн 1-р хавтас 71-р хуудас/, Д.Б-г 2019 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн Мөрдөгчийн тогтоолоор /хх-ийн 1-р хавтас 68-р хуудас/ иргэний харицагчаар тус тус татаж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.6 дугаар зүйлд заасан журам, зохицуулалтыг зөрчөөгүй, хуулийн үндэслэл бүхий байна.

 

“Тээврийн хэрэгсэл ашиглагчийг өмчлөгч буюу эзэмшигч өөрөө томилсон буюу өөрөө түүнд уг тээврийн хэрэгслийг шилжүүлэн өгсөн бол бусдад учирсан гэм хорыг өмчлөгч буюу эзэмшигч хариуцан арилгах үүрэгтэй” гэж Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.4 дэх хэсэгт заасан тул уг зам тээврийн ослын улмаас үүссэн гэм хорын хохирлыг тээврийн хэрэгслийг шүүгдэгч Г.Ц-д шилжүүлэн өгсөн иргэний хариуцагч Т.О-, уг тээврийн хэрэгсэлийг өөрийн эзэмшил, өмчлөлд байлгаж байгаа Д.Б- нар хамтран хариуцан арилгах үүрэгтэй гэж үзнэ. 

 

Иймд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.О- нь амь хохирогчийг оршуулахтай холбогдон гарсан зардалд /хэргийн 1-р хавтас 47-61-р хуудас/ 14.768.672 төгрөг нэхэмжилснээс 49 хоног хураахад гарсан зардал 2.973.041 төгрөгийг хасч тооцоход 11.768.672 төгрөгийг хангах үндэслэлтэй гэж дүгнэсэн ба үүнээс шүүгдэгч Г.Ц-гийн төлсөн 4.000.000 төгрөгийг хасч тооцон, үлдэх 7.795.631 төгрөгийг,

хохирогч М.Х-гийн нэхэмжилж буй “Тоёота Витц” маркийн ... улсын дугаартай автомашины үнэ 8.700.000 төгрөг, Ай фоне 7 плас” маркийн гар утасны үнэ 1.600.000 төгрөг, хүү Д- болон өөрийн эмчилгээний зардалд нийт 2.081.690 төгрөг, цалингийн зөрүү 2.310.020 төгрөг, нийт 14.691.710 төгрөгийг, тус тус хувь тэнцүүлэн иргэний хариуцагч Т.О-гоос 11.243.671 төгрөгийг, иргэний хариуцагч Д.Б-гаас 11.243.671 төгрөгийг нөхөн төлүүлэхээр шийдвэрлэх зүйтэй гэж дүгнэв.

 

Хохирогч М.Х- гэмт хэргийн улмаас өөрийн болон насанд хүрээгүй хохирогч У.Д-ын эрүүл мэндэд учирсан гэм хортой холбоотой цаашид гарах зардлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар шүүгдэгч Г.Ц-гоос нэхэмжлэх эрхтэйг тайлбарлах нь зүйтэй.

 

          Шүүгдэгч Г.Ц- нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарах хэдий ч шүүгдэгчийн хэт хайхрамжгүй үйлдлийн улмаас нэг хүний амь нас хохирсон, бага насны хүүхдийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан, хохирогч М.Х-гийн эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл учирсан хохирол, хор уршгийн шинж чанар зэргийг харгалзан үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар шүүгдэгч Г.Ц-гийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 05 жилийн хугацаагаар хасаж, 04 /дөрвөн/ жилийн хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоов.  

 

            Шүүгдэгч Г.Ц-гийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 05 жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар түүнд оногдуулсан хорих ялыг эдэлж дууссан үеэс тоолох нь зүйтэй.

 

Шүүгдэгч Г.Ц- нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг дурдав.

 

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12, 36.13 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

                                                      ТОГТООХ нь:

 

            1. Бугат овогт Г-гийн Ц-г авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас нэг хүний амь нас хохироосон, нэг хүний эрүүл мэндэд хүнд, нэг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь заалтад зааснаар шүүгдэгч Г.Ц-г тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 05 /тав/ жилийн хугацаагаар хасаж, 04 /дөрөв/ жилийн хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Ц-д оногдуулсан 04 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Шүүгдэгч Г.Ц-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, эдлэх ялыг 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдрөөс тоолсугай.

 

5. Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1, 499.4, 505 дугаар зүйлийн 505.1, 508 дугаар зүйлийн 508.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Ц- нь оршуулгын зардалд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.О-т 4.000.000 төгрөг төлсөн болохыг дурдаж, иргэний хариуцагч Т.О-гоос 11.243.671 төгрөг, иргэний хариуцагч Д.Б-гаас 11.243.671 төгрөг тус тус гаргуулж, хохирогч М.Х-д 14.691.710 төгрөгийг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.О-т 7.795.631 төгрөгийг тус тус олгосугай.

 

6. Хохирогч М.Х- өөртөө болон насанд хүрээгүй хохирогч У.Д-ын эрүүл мэндэд учирсан гэм хортой холбоотой цаашид гарах эмчилгээний зардлаа шүүгдэгч Г.Ц-гоос Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг баримтлан Г.Ц-гийн “В, С” ангилалын №10229 дугаартай тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.

 

8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Ц-д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 05 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг түүнд оногдуулсан хорих ялыг эдэлж дууссан үеэс тоолсугай.

 

9. Шүүгдэгч Г.Ц- нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг дурдсугай.

 

10. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, иргэний хариуцагч, түүний өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

11. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Г.Ц-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.  

 

 

 

                                   ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Х.ОДБАЯР