Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 05 сарын 28 өдөр

Дугаар 212/МА2020/00041

 

М.Нын нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч С.Өмирбек даргалж, шүүгч М.Нямбаяр, Д.Көбеш нарын бүрэлдэхүүнтэй хийж,

Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 130/ШШ2020/00375 дугаар шийдвэртэй, Баян-Өлгий аймгийн Б сумын ... дүгээр багт оршин суух, Т овогт Мн Нын нэхэмжлэлтэй, Б сумын Засаг даргад холбогдох иргэний хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн 2020 оны 5 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Көбешийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Е, нэхэмжлэгч М.Н, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.Бакен, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.С, гуравдагч этгээд М.Б нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэлийн шаардлага: Баян-Өлгий аймгийн Б сумын Засаг даргын 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн Б/15 дугаартай Б сумын Засаг даргын 2019 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн Б/30 дугаартай захирамжийг хүчингүй болгох тухай захирамжийг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан Баян-Өлгий аймгийн Б сумын 1 дүгээр багийн хүний бага эмчийн ажилд эгүүлэн тогтоолгох тухай.

 

Нэхэмжлэлд: Миний бие Б сумын Засаг даргын 2006 оны 10 дугаар 02-ны өдрийн 44 дүгээр захирамжаар мөн өдрөөс Б сумын 1 дүгээр багийн хүний бага эмчээр томилогдож ажиллаж эхэлсэн. Намайг үүрэгт ажлаа гүйцэтгэж байхад Б сумын Засаг даргын 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн Б/19 дүгээр захирамжаар өөрийн хүсэлтээр чөлөөлсөн байсан. Би тухайн үед ажлаас өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх өргөдөл гаргаж байгаагүй. Харин 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр ар гэрийн ахуй амьдралын шаардлагаар нэг жилийн хугацаагаар цалингүй чөлөө авах хүсэлт гаргасан. Б сумын Засаг дарга миний дээрх хүсэлтийн дагуу 2019 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн Б/30 дугаартай захирамжаар 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн Б/19 дүгээр захирамжийн ажлаас чөлөөлөх хэсгийг нэг жилээр цалингүй чөлөө олгох болгон өөрчилсөн. Би Б сумын Засаг даргын 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн Б/19 дүгээр захирамжийн талаар 2019 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн Б/30 дугаартай захирамжийн хувийг авах үед мэдсэн. Гэхдээ тухайн захирамжийг миний хүсэлтийн дагуу нэг жилийн цалингүй чөлөө олгох болгож өөрчилсөн учир тухайн үед ямар нэгэн гомдол гаргаагүй. Миний нэг жилийн цалингүй чөлөөний хугацаа 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр дуусах тул би 2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр сумын Засаг дарга С.Бт ажилд эргэж орох талаар хүсэлт гаргасан. Гэвч С.Б нь миний өргөдлийг хүлээн авсан боловч тодорхой хариу өгөөгүй. Нэгэнт миний цалингүй чөлөөний хугацаа дууссан, Засаг дарга С.Б нь хугацаа дууссан өдөр ажилд эргүүлж аваагүй учир эрх ашгаа хамгаалахаар танай шүүхэд хандаж байна. Иймд миний гомдлыг зохих журмын дагуу хянан шийдвэрлэж урьд эрхэлж байсан Баян-Өлгий аймгийн Б сумын 1 дүгээр багийн хүний бага эмчийн эгүүлэн тогтоож өгнө үү. гэжээ.

 

Хариуцагчийн тайлбарт: 2019 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр М.Н өөрийн хүсэлтээр сайн дурын үндсэн дээр Б сумын 1 дүгээр багийн хүний бага эмчийн үүрэгт ажлаас чөлөөлөгдөх тухай хүсэлтийг Б сумын Эрүүл мэндийн төвийн эрхлэгчид гаргасан байдаг. Тус сумын Эрүүл мэндийн төвийн эрхлэгчээс 2019 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр 02 тоот албан бичгээр шийдвэр гаргах эрх бүхий субъект болох тус сумын Засаг дага С.Б надад М.Нын өргөдлийг уламжлан ирүүлсэн. Сумын Засаг дарга С.Б би М.Нын өргөдлийг судлан үзээд Б сумын Засаг даргын 2019 оны 1 дүгээр сарын 21-ний өдрийн Б/19 дугаартай захирамжаар үүрэгт ажлаас чөлөөлсөн. Гэтэл 2019 оны эхээр М.Н дахин надад ирж, ...би 1 жилийн хугацаатай цалингүй чөлөө авмаар байна... гэж гуйлт тавихаар түүнд 1 жилийн хугацаатай цалингүй чөлөө олгох тухай 2019 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн Б\30 дугаартай захирамж гаргасан. Энэ захирамжийг гаргах үед М.Н би ойрын хугацаанд багийн хүний их эмчээр ажиллахгүй, хөдөө ажиллах надад үнэхээр хэцүү байна, яваандаа сумын Эрүүл мэндийн төвд сул орон тоо гарвал ажилд орно гэж хэлж байсан. С.Б би Засаг даргын бүрэн эрхийн хүрээнд М.Н нь анх үүрэгт ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өөрөө сайн дурын хүсэл зоригийн дагуу гаргасан, түүний оронд М.Быг сумын Засаг даргын 2019 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн захирамжаар бүр томилон ажлын байранд хугацаагүй хөдөлмөрийн гэрээ байгуулсан, одоогийн байдлаар М.Б нь үүрэгт ажлыг хашиж байгаа, М.Нын эмчлэх эрхийн хугацаа дууссан гэсэн үндэслэлээр Б сумын Засаг даргын 2019 оны 02 дугаар сарын 04-ны өдрийн Б\30 дугаар захирамжийг хүчингүй болголоо. Сумын Засаг даргын 2019 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн Б/30 дугаар захирамжийг хүчингүй болгосон тул 2019 оны 01 дүгээр сарын 21-ны өдрийн Б/19 дүгээр захирамжийн үйлчлэл нь хэвээр байгаа юм. Иймд нэхэмжлэгч М.Нын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсэж байна. гэжээ.

 

Нэхэмжлэлийн ихэсгэсэн шаардлагад: Би хэргийн материалтай танилцах явцад Б сумын Засаг дарга С.Бийн 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн Б/15 дугаар захирамжийн талаар мэдсэн. С.Б нь энэ захирамжийн хувийг надад гардуулж өгөөгүй. Энэ захирамж нь ямар ч хууль зүйн үндэслэлгүй захирамж гэж үзэж байна. Би хуулийн хүрээнд нэг жилийн цалингүй чөлөө авсан. Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар чөлөөтэй байх хугацаанд ажлын байр хадгалагдах ёстой. Гэтэл С.Б нь ямар ч үндэслэлгүйгээр 2019 оны 02 дугаар сарын 04-ний өдөр гаргасан Б/30 дугаартай захирамжаа 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдөр Б/15 дугаартай захирамжаар хүчингүй болгож байгаа нь хууль бус юм. Үүнтэй холбогдуулан миний бие нэхэмжлэлийн шаардлагыг Б сумын Засаг даргын 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн Б сумын Засаг даргын 2019 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн Б/30 дугаартай захирамжийг хүчингүй болгох тухай Б/15 дугаар захирамжийг хүчингүй болгох, урьд эрхэлж байсан Баян-Өлгий аймгийн Б сумын 1 дүгээр багийн хүний бага эмчийн ажилд эгүүлэн тогтоолгох гэж ихэсгэж байна. Иймд ихэсгэсэн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэж миний нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү. гэжээ.

 

Нэхэмжлэлийн ихэсгэсэн шаардлагад ирүүлсэн тайлбарт: Баян-Өлгий аймгийн Б сумын Засаг дарга С.Бийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Сьезд би нэхэмжлэгч М.Наас тус шүүхэд 2020 оны 03 дугаар сарын 27-ны өдөр гаргасан Нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлэх тухай хүсэлтэй танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. Б сумын Засаг даргын 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн Б сумын Засаг даргын 2019 оны 02 дугаар сарын 04-ны өдрийн Б/30 дугаар захирамжийг хүчингүй болгох тухай Б/15 дугаартай захирамж нь Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 38.1.1, Эрүүл мэндийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.3, 25.3.3, 25.5, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, 29.3 дахь хэсэгт тус тус нийцэж байгаа тул хууль ёсны эрхийн акт гэж үзэж байна. Маргаан бүхий захирамжийг гаргах нэг үндэслэл болсон М.Нын эмчлэх эрхийн зөвшөөрлийн хугацаа нь 2019 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр дууссан тухай аймгийн Эрүүл мэндийн газрын 2020 оны 03 дугаар сарын 24-ны өдрийн 324 дугаартай албан тоотоор нотлогдож байна. М.Н нь шүүхэд гаргасан тайлбартаа эмчлэх эрхийн зөвшөөрлийг коронавирус өвчин гарсантай холбогдуулан сунгаж чадахгүй байна гэж тайлбарласан нь үндэслэлгүй гэж үзэж байна. Монгол улсад коронавирусын өвчнөөс урьдчилан сэргийлэх хөл хорио тогтоох ажил 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдрөөс эхэлсэн юм. М.Н нь 2019 оны 01 дүгээр сарын 27-ны өдрөөс 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр хүртэл бараг нэг жилийн хугацаанд эмчлэх эрхийн зөвшөөрлийн хугацааг сунгуулах боломжтой байсан гэж үзэж байна. Иймд М.Нын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгөхийг хүсэж байна. гэжээ.

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 130/ШШ2020/00375 дугаар шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасныг баримтлан Т овогт Мн Нын Баян-Өлгий аймгийн Б сумын Засаг даргын 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн Б/15 дугаартай Б сумын Засаг даргын 2019 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн Б/30 дугаартай захирамжийг хүчингүй болгох тухай захирамжийг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан Баян-Өлгий аймгийн Б сумын 1 дүгээр багийн хүний бага эмчийн ажилд эгүүлэн тогтоож өгөх тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын агуулга: Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 130/ШШ2020/00375 дугаартай шийдвэрээр миний нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг эс зөвшөөрч энэхүү гомдлыг гаргаж байна.

1. Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3 дахь заалтаар сумын Засаг дарга нь өөрийн захирамжаа өөрчлөх буюу хүчингүй болгож болохоор байгаа боловч энэхүү заалт нь хүний нөөцийн удирдлагатай холбогдсон асуудлаар гарсан шийдвэрт хамаарахгүй тул Б сумын Засаг дарга нь хуулийг буруу хэрэглэж өөрийн гаргасан захирамжийг өөрчилж хүчингүй болгосон нь хуульд нийцээгүй байна гэж дүгнэжээ. Миний бие 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр сумын Эрүүл мэндийн төвийн даргатай ажил төрлийн байдлаас болж маргалдсан. Эрүүл мэндийн төвийн дарга ажиллах нөхцөл бололцоогоор хангаж өгөөгүй атлаа хөдөө нүүж очих шаардлага тавьсан тул хоорондоо маргалдаж тухайн үед уурандаа ажлаас гарах өргөдөл өгсөн. Гэтэл ЭМТ-ийн дарга миний өргөдлийг 2019 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 02 дугаартай албан бичгээр сумын Засаг даргад уламжилж сумын Засаг дарга С.Б 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн Б/19 дугаартай захирамжаар намайг багийн бага эмчийн ажлаас чөлөөлсөн байсан. Би энэ талаар 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр сонсож мэдээд тухайн өдөр С.Бтэй очиж уулзаад ажлаас гарахгүй, үргэлжлүүлэн ажиллана, та яагаад энэ талаар надаас асууж тодруулахгүйгээр захирамж гаргасан вэ гэхэд С.Б нь чамайг үргэлжлүүлэн ажиллуулах боломжгүй, харин нэг жилийн цалингүй чөлөө олгоё, энэ талаарх өргөдөл бичиж ир гэхээр нь өргөдлөө бичиж өгсөн. Тэгээд сумын Засаг дарга С.Б нь 2019 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн Б/30 дугаартай захирамжаар 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн Б/19 дүгээртэй захирамжийн ажлаас чөлөөлөх хэсгийг нэг жилээр цалингүй чөлөө олгох болгон өөрчилсөн. Нэгэнт Засаг даргын захирамж гарсан учир миний бие нэг жилийн цалингүй чөлөө авлаа гэж ойлгосон. Сумын Засаг дарга 2019 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн Б/30 дугаартай захирамжийг гаргахдаа хуульд нийцээгүй шийдвэр гаргасан бол энэ нь миний буруутай үйл ажиллагаа биш, намайг буруутгах үндэслэл болохгүй. Хэрэв тухайн үед сумын Засаг дарга 2019 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн Б/30 дугаартай захирамжаар надад нэг жилийн цалингүй чөлөө олгох шийдвэр гаргаагүй байсан бол би эрх ашгаа хамгаалуулахаар шүүхэд хандах боломжтой байсан.

2. Би сумын Засаг дарга С.Бт ажлаас чөлөөлөгдөх өргөдөл гаргаагүй, сумын ЭМТ-ийн даргад гаргасан. Яагаад өргөдөл гаргах болсон шалтгаанаа гомдлын эхний хэсэгт тодорхой дурдсан байгаа. Монгол Улсын Дээд шүүхийн 2006 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн Хөдөлмөрийн тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай 33 дугаар тогтоолын 14-т Хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-д заасан хөдөлмөрийн гэрээг цуцлах ажилтны өргөдөл гэдэгт ажил олгогчийн шахалт шаардлага, зүй бус нөлөөлөл зэрэг хөндлөнгийн оролцоогүйгээр хугацаатай болон хугацаагүй хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай ажилтнаас зөвхөн өөрийн хүсэл зоригийн дагуу, сайн дурын үндсэн дээр гаргасан бичгийн хүсэлтийг хэлнэ гэж тайлбарлажээ.Хэрэв миний бие тухайн өргөдлийг ямар нэгэн шахалт шаардлага, зүй бус нөлөөлөл зэрэг хөндлөнгийн оролцоогүйгээр өөрийн хүсэл зоригийн дагуу, сайн дурын үндсэн дээр гаргасан бол 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр сумын Засаг дарга С.Бтэй очиж уулзаж дахин хүсэлт, өргөдөл гаргахгүй байсан.

3. Хөдөлмөрийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-д хууль болон хөдөлмөрийн гэрээнд өөрөөр заагаагүй бол ажилтны хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай өргөдлийг ажил олгогчид өгсөн өдрөөс хойш 30 хоногийн дотор хөдөлмөрийн гэрээг цуцлахаар, мөн зүйлийн 39.2-т хүндэтгэн үзэх шалтгаантай эсхүл ажлаас чөлөөлөх хугацааг ажил олгогчтой тохиролцсон бол хөдөлмөрийн гэрээг энэ хуулийн 39.1-д заасан хугацаанаас өмнө цуцалж болохоор заасан. Миний хувьд сумын Засаг даргатай ажлаас чөлөөлөх хугацааг харилцан тохиролцоогүй. Гэтэл ийм байхад сумын Засаг дарга өргөдөл гаргаснаас хойш 3 хоногийн дараа ажлаас чөлөөлж хөдөлмөрийн гэрээг цуцалсан нь хуулийн дээрх заалтыг зөрчиж байна. Сумын Засаг дарга нь надтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг ажилтны санаачилгаар цуцалж ажлаас чөлөөлөхөөс өмнө надтай уулзаж нөхцөл байдлыг тодруулж өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх өргөдөл гаргах болсон шалтгааныг тогтоосны үндсэн дээр захирамж гаргах байсан.Гэтэл энэ ажиллагааг огт хийгээгүй, надтай уулзаагүй улмаас 3 хоногийн дотор ажлаас чөлөөлж хөдөлмөрийн гэрээг цуцлах захирамж гаргасан нь үндэслэлгүй байсан.

4.Миний нэхэмжлэлийн 2 дахь шаардлага нь Б сумын Засаг даргын 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн Б сумын Засаг даргын 2019 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн Б/30 дугаартай захирамжийг хүчингүй болгох тухай Б/15 дугаартай захирамжийг хүчингүй болгох шаардлага байсан. Хэргийг хянан шийдвэрлэсэн анхан шатны шүүх Б сумын Засаг даргын 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн Б сумын Засаг даргын 2019 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн Б/30 дугаартай захирамжийг хүчингүй болгох тухай Б/15 дугаартай захирамжийн талаар ямар нэгэн дүгнэлт хийгээгүй атлаа нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна. Түүнчлэн шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт намайг 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх хүсэлт гаргасан мэтээр хоёр ч газарт огноог буруу бичжээ. Иймд миний гомдлыг зохих журмын дагуу хянаж анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож урьд эрхэлж байсан Баян-Өлгий аймгийн Б сумын 1 дүгээр багийн хүний бага эмчийн ажилд эргүүлэн тогтоож өгнө үү. гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг хуульд заасан журмаар үнэлээгүй, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3 дахь хэсэг, Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн байх тул шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

М.Н нь Баян-Өлгий аймгийн Б сумын Засаг даргад холбогдуулан Засаг даргын 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн Б/15 дугаартай Б сумын Засаг даргын 2019 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн Б/30 дугаартай захирамжийг хүчингүй болгох тухай захирамжийг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан Б сумын 1 дүгээр багийн хүний бага эмчийн ажилд эгүүлэн тогтоолгох тухай гомдол гаргаж, үндэслэлээ нэг жилийн цалингүй чөлөө авч, хугацаа дууссан боловч Засаг дарга С.Б нь ажилд эргүүлж аваагүй, шүүхэд хандсаны дараа Б/15 дугаартай захирамжийг гаргасан, энэ захирамж нь хууль зүйн үндэслэлгүй гэж тайлбарлажээ. Хариуцагч уг гомдлыг эс зөвшөөрч М.Н нь ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ сайн дураараа гаргасан түүний дагуу ажлаас чөлөөлсөн байхад чөлөө авмаар байна гэж гуйхаар нь нэг жилийн чөлөө олгож, түүний оронд М.Быг бүр томилсон. М.Нын эмчлэх эрхийн хугацаа дууссан тул 2019 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн Б/30 захирамжийг хүчингүй болгосон, 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн Б/19 дүгээр захирамжийн үйлчлэл хэвээр гэж шүүхэд маргасан байна.

Хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд, зохигчийн тайлбар зэргийг харьцуулан дүгнэвэл дараах үйл баримтууд тогтоогдлоо.

Нэхэмжлэгч М.Ныг ажил олгогч Баян-Өлгий аймгийн Б сумын Засаг даргын 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн Ажлаас чөлөөлөх тухай Б/19 дугаартай захирамжаар өөрийн хүсэлтээр Цэцэгт багийг хариуцсан багийн бага эмчээс чөлөөлж шийдвэр гаргаж байсан боловч ажилтны 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр ажил олгогчид хандаж гаргасан ахуй амьдралын шаардлага гарч байгаа учраас нэг жилийн хугацаагаар цалингүй чөлөө олгох тухай хүсэлтийг хүлээн авч, Б сумын Засаг даргын 2019 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн Б/30 дугаартай захирамжаар 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн Б/19 дүгээр захирамжийн ажлаас чөлөөлөх хэсгийг нэг жилээр цалингүй чөлөө олгохоор болгож анх гаргасан шийдвэрээ ажил олгогч өөрчилсөн байна.

Ажил олгогч ажилтны гаргасан чөлөө олгох тухай хүсэлтийг шийдвэрлээгүй хугацаанд буюу 2019 оны 02 дугаар сарын 02-ны өдөр Ажилд томилох тухай Б/28 дугаартай захирамж гаргаж М.Быг Цэцэгт багийг хариуцсан бага эмчээр томилсон бөгөөд М.Нын нэг жилийн чөлөөний хугацаа дуусахад хариуцагч түүнийг ажилд нь эгүүлэн аваагүй, 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн Б/15 дугаартай Б сумын Засаг даргын 2019 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн Б/30 дугаартай захирамжийг хүчингүй болгох тухай захирамж гаргаж ажилтныг ажлаас чөлөөлсөн үндэслэлээ М.Н нь ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өөрөө сайн дурын хүсэл зоригийн дагуу гаргасан, түүний оронд М.Быг ажиллуулж байгаа, М.Нын мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн хугацаа дууссан гэж тайлбарлажээ.

Б сумын Засаг дарга нь нэхэмжлэгч М.Нын 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн Чөлөө олгох тухай хүсэлтийг шийдвэрлээгүй хугацаанд 2019 оны 02 дугаар сарын 02-ны өдөр Ажилд томилох тухай Б/28 дугаартай захирамж гаргаж түүний ажиллаж байсан орон тоонд М.Быг Цэцэгт багийг хариуцсан хүний бага эмчээр томилж, түүний дараа буюу 2019 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн Б/30 дугаартай захирамжаар М.Нын хүсэлтийг шийдсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1 дэх хэсэгт заасантай нийцээгүй байна.

Түүнчлэн ажил олгогч Б сумын Засаг дарга нэхэмжлэгч М.Над 2019 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн Б/30 дугаартай захирамжаар нэг жилийн хугацаатай чөлөө олгосон атлаа чөлөөний хугацаа дууссан байхад ажилд эгүүлэн аваагүй, тэрээр шүүхэд гомдол гаргасны дараа 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн Б/15 дугаартай Б сумын Засаг даргын 2019 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн Б/30 дугаартай захирамжийг хүчингүй болгох тухай захирамж гаргаж, чөлөө олгосон захирамжаа хүчингүй болгосон буюу ажилтныг ажлаас чөлөөлсөн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.3 дахь заалтыг зөрчсөн, ажил олгогчийн санаачилгаар ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай мөн хуулийн 40 дүгээр зүйлд нийцээгүй, хууль бус байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Нэхэмжлэгч М.Н нь 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр Б сумын Эрүүл мэндийн төвийн даргад ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасан боловч дараа нь уг хүсэлтээ өөрчилж нэг жилийн чөлөө олгох тухай хүсэлт гаргасныг ажил олгогч нэгэнт хүлээн авч, ажилтанд нэг жилийн чөлөө олгосон, энэ талаар шийдвэр гаргаж байсан зэргээс дүгнэвэл, ажил олгогчийн гаргасан ажилтан өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдсөн гэх хариу тайлбар үндэслэлгүй бөгөөд энэ нь ажилтанд жилийн чөлөө олгосон ажил олгогчийн шийдвэрээр үгүйсгэгдэж байна.

Ажил олгогч Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох заалтыг зөрчиж, буруу хэрэглэсэн байхад ажилтны гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлгүй болжээ. Шүүх нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар тухайн хэрэгт хамааралтай талаас үнэлэх журмыг зөрчсөн бөгөөд хэрэгт авагдсан нотлох баримтуудын хууль зүйн болон бодит үндэслэлийн талаар дүгнээгүй орхигдуулсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.4 дэх хэсэгт заасан шаардлагыг хангаагүй.

Анхан шатны шүүх Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3 дахь заалтаар сумын Засаг дарга нь өөрийн захирамжаа өөрчлөх буюу хүчингүй болгож болохоор байгаа боловч энэхүү заалт нь хүний нөөцийн удирдлагатай холбогдсон асуудлаар гарсан шийдвэрт хамаарахгүй тул Засаг дарга хуулийг буруу хэрэглэж өөрийн гаргасан захирамжийг өөрчилж, хүчингүй болгосон нь хуульд нийцээгүй гэж дүгнэж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ ажил олгогч Б сумын Засаг даргын 2019 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн Б/30 дугаартай захирамжийн хууль зүйн үндэслэлийн талаар дүгнэлт хийжээ. Гэтэл шүүхийн дээрх дүгнэлт нь ажил олгогч Б сумын Засаг даргын 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн Б/15 дугаартай Б сумын Засаг даргын 2019 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн Б/30 дугаартай захирамжийг хүчингүй болгох тухай захирамжид нэгэн адил хамаарах боловч шүүх энэ талаар дүгнээгүй, шийдвэрийн үндэслэлд дурдаагүй орхигдуулсан нь учир зүйн зөрчилтэй болсон байна.

Ажилтан ажил олгогчоос түүнд зохих журмын дагуу чөлөө олгосон эсэх талаар маргаан гаргаагүй, харин ажлаас үндэслэлгүй халагдсан гэж үзэж, урьд эхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох тухай гомдол гаргасан ба түүнд нэг жилийн чөлөө олгосон ажил олгогчийн шийдвэрийн хууль зүйн үндэслэлд хийсэн нийтийн эрх зүйн хүрээнд хэрэглэгдэх хэм хэмжээний талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт хэрэгт хамааралгүй, тухайн маргааныг хянан шийдвэрлэхэд чухал ач холбогдолгүй гэж үзнэ.

Иймд давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг бүхэлд нь хянан үзээд, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд, дээр дурдсан үндэслэлээр ажилтан М.Нын Баян-Өлгий аймгийн Б сумын Засаг даргын 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн Б/15 дугаартай Б сумын Засаг даргын 2019 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн Б/30 дугаартай захирамжийг хүчингүй болгох тухай захирамжийг хүчингүй болгож, түүнийг Баян-Өлгий аймгийн Б сумын Цэцэгт багийг хариуцсан багийн бага эмчийн ажилд эгүүлэн тогтоож, анх шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хүлээж авах үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь заалтыг удирдлага болгож, ТОГТООХ нь:

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 130/ШШ2020/00375 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь заалтыг баримтлан Т овогт Мн Нын гомдлыг бүхэлд нь хангаж, Баян-Өлгий аймгийн Б сумын Засаг даргын 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн Б/15 дугаартай Б сумын Засаг даргын 2019 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн Б/30 дугаартай захирамжийг хүчингүй болгох тухай захирамжийг хүчингүй болгож, түүнийг Баян-Өлгий аймгийн Б сумын Цэцэгт багийг хариуцсан багийн бага эмчийн ажилд эгүүлэн тогтоосугай. гэж,

2 дахь заалтыг Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б сумын санхүүгээс 70200.00 төгрөгийг гаргуулан улсын орлого болгосугай. гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр нь үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хүлээж авсугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ӨМИРБЕК

ШҮҮГЧИД М.НЯМБАЯР

Д.КӨБЕШ