Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 01 сарын 13 өдөр

Дугаар 210/МА2020/00087

 

 

 

 

 

2020 оны 01 сарын 13 өдөр

Дугаар 210/МА2020/00087

 

 

 

 

Э.Ф - ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч М.Наранцэцэг, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 102/ШШ2019/02995 дугаар шийдвэртэй

 

Нэхэмжлэгч Э.Ф - ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Ч.З д холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 23 116 532 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Эрдэнэцэцэг

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Нямсүрэн

Хариуцагч Ч.З

Хариуцагчийн өмгөөлөгч М.Баяраа

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Одонтуяа нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ч.З нь манай байгууллагатай 2016 оны 3 дугаар сарын 31-ний өдөр 04/16 дугаартай зээл болон барьцааны гэрээ байгуулж 20 000 000 төгрөгийг, 6 сарын хугацаатай, сарын 2.5 хувийн хүүтэй зээлсэн.

Мөн оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 04/16-А дугаартай зээлийн гэрээний нөхцөлд өөрчлөлт оруулах тухай нэмэлт гэрээ байгуулан, зээлийн гэрээг 12 сарын хугацаагаар, 2017 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 04/16-В дугаартай зээлийн гэрээний нөхцөлд өөрчлөлт оруулах тухай нэмэлт гэрээ байгуулан зээлийн гэрээг 21 сарын хугацаагаар сунгаж, зээлийн барьцаанд Ч.З ын эзэмшлийн 000583715 дугаар гэрчилгээтэй, 18627319451140 дугаар нэгж талбарын дугаартай, Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Баянголын аманд байрлах зуслангийн 2501 м.кв талбай бүхий газрыг зохих журмын дагуу нотариатаар баталгаажуулан, Газрын албанд бүртгүүлж барьцаанд тавьсан тул зээлдэгч Ч.З аас нэхэмжлэл гаргах өдрийн буюу 2019 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн байдлаар үндсэн зээлд 15 912 500 төгрөг, хүүд 5 648 906 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 1 555 126 төгрөг нийт 23 116 532 гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Ч.З шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч 2016 оны 3 дугаар сарын 31-ний өдөр байгуулсан зээлийн гэрээний дагуу 23 116 532 төгрөг нэхэмжилснийг зөвшөөрөхгүй байна. Монкорд ХЗХ, Э.Ф - ББСБ ХХК-аас 200 000 000 төгрөгийг зээлж авсан. Уг зээлийн хүү болох 20 000 000 төгрөгийг миний нэр дээр байгуулж, би зээл, зарлагын ордер дээр гарын үсгээ зурсан нь үнэн. Дээрх гэрээний дагуу зээлийн мөнгийг бэлнээр аваагүй бөгөөд өнгөрсөн хугацаанд зээлийн хүү, төлбөрийг Монкорд ХЗХ төлж байсан. Барьцаанд тавьсан газрыг хоршоо миний нэр дээр шилжүүлж зээл авсан, хоршооны эзэмшлийн газар. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасныг баримтлан Эничфинанс ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Адиа овогт Чойжилын Золжаргалд холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 23 116 532 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 343 733 төгрөгийг улсын орлогод үлдээн шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Нямсүрэн давж заалдах гомдолдоо: Шүүх 20 000 000 төгрөгийн хэлцэл нь Э.Ф - ББСБ ХХК-аас Монкорд ХЗХ-ны зээлсэн 200 000 000 төгрөгийн хүүг эргүүлэн төлөх үүргийг бодит хэлбэрээр хийгдсэн анхнаасаа дүр үзүүлж хийсэн хэлцэл болжээ гэж дүгнэсэн нь үндэслэлгүй юм. Учир нь Э.Ф - ББСБ ХХК нь өнгөрсөн хугацаанд Монкорд ХЗХ-той 200 000 000 төгрөгийн зээлийн гэрээг огт байгуулж байгаагүй. Харин 2014 оны 12 дугаар сарын 22-ны өдөр байгуулсан 135 000 000 төгрөгийн зээлийн гэрээ, 2016 оны 3 дугаар сарын 31-ний өдөр байгуулсан 65 000 000 төгрөгийн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл бүрэн хангагдсан, эдгээр гэрээтэй холбоотой иргэний хэрэг нь Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээр шийдвэрлэгдэж, зээл төлбөрийн асуудал бүрэн дууссан юм. Үүнийг гэрч М.Рита шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ хэлсэн байдаг бөгөөд хуралдааны тэмдэглэлд тусгагдсан байна.

Э.Ф - ББСБ ХХК нь Монкорд ХЗХ-д 65 000 000 төгрөг зээлүүлэхээр гэрээ байгуулдаг өдөр буюу 2016 оны 3 дугаар сарын 31-ний өдөр Ч.З д 20 000 000 төгрөг зээлүүлэхээр мөн зээлийн гэрээг байгуулж, зээл олгосон байдаг. Гэтэл 65 000 000 төгрөгийн зээл олгосон өдрөө 20 000 000 төгрөгийн хүү авсан гэж хариуцагч тал тайлбарлаж, шүүх үүнийг шийдвэрийнхээ үндэслэл болгосон нь өөрөө логикийн хувьд учир дутагдалтай, алдаатай байна.

Шүүх шийдвэр гаргахдаа гэрч Монкорд ХЗХ-ны гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан М.Дэлгэрмаа, М.Рита, тус хоршооны санхүүгийн хэлтсийн дарга О.Ананд нарын мэдүүлгийг үндэслэсэн нь ойлгомжгүй байна. Эдгээр гэрчүүдийн мэдүүлэг хоорондоо зөрүүтэй байсан. Зээлдэгч нь зээл авахыг хүсч зээлийн гэрээ байгуулан, 20 000 000 төгрөгийг хүлээн авсан, зээлийн төлөлт хийж байсан нь баримтаар нотлогдож байхад шүүхээс дүр үзүүлэн хийсэн хэлцэл гэж тодорхойлсон нь үндэслэлгүй байна.

Иргэний хуульд заасны дагуу зээлийн гэрээ нь мөнгө болон эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр хүчин төгөлдөр болдог онцлогтой гэрээ юм. Э.Ф - ББСБ ХХК нь 20 000 000 төгрөгийг зээлдэгч Ч.З д хүлээлгэн өгч, бэлэн мөнгө хүлээлцсэн кассын баримтад талууд гарын үсэг зуран баталгаажуулсныг шүүх нотлох баримтын түвшинд үнэлэлгүй, хэдэн төгрөгийн дэвсгэртээр хэдэн ширхэг төгрөг өгсөн талаар баримт өгөх ёстой байсан гэж шийдвэртээ тусгасан нь ойлгомжгүй байна. Иргэний хууль болон Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хууль болон холбогдох бусад хуулинд зээлийн эргэн төлөлтийг зөвхөн зээлдэгч өөрөө төлөх ёстой гэсэн заалт байдаггүй бөгөөд зээлийн эргэн төлөлтийг хэн төлсөн нь энэхүү хэрэгт ач холбогдолгүй гэж үзэж байна.

Талуудын хооронд байгуулсан барьцааны гэрээний нь бичгээр байгуулагдсан, үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэлийн газар бүртгүүлсэн хүчин төгөлдөр гэрээ юм. Энэхүү үл хөдлөх хөрөнгө нь Ч.З ын эзэмшлийн газар бөгөөд энэ нь үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр нотлогддог. Харин тус газрын кадастрын зураг дээр тодорхой байгууллагуудын барьцаанд тавьж байсан тэмдэглэл байдаг боловч энэ нь тус газрыг Монкорд ХЗХ-ны эзэмшлийн газар, тус хоршооны эзэмшилд байсан гэдгийг нотлохгүй юм.

Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт дурдсан Э.Ф - ББСБ ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Г.Батбилэг гэрчийн мэдүүлэг өгөхдөө ... 20 000 000 төгрөгийг Ч.З бэлнээр авсан эсэхийг сайн мэдэхгүй байна, гэрч М.Рита ...сая 9 дүгээр сард Э.Ф - ББСБ ХХК 270 000 000 гаруй төгрөг болгон нэхэмжилж шүүхэд хандаад, бид 250 000 000 төгрөгт Чингэлтэй дүүргийн шүүх дээр очиж эвлэрсэн ... , гэсэн мэдүүлгүүдийг гэрчүүд огт өгөөгүй бөгөөд үүнийг нягтлахаар бид хуралдааны тэмдэглэлтэй танилцах хүсэлтийг шүүгчийн туслахад тавьсан.

Манай талаас шүүх хуралдааны тэмдэглэлтэй 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдөр танилцахаар очиход шүүгчийн туслах нь хуралдааны тэмдэглэл гараагүй байна гэсэн хариу өгсөн. Ингээд шүүгчийн туслахаас утсаар лавласны дагуу 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдөр очиж тэмдэглэлтэй танилцахад гэрчүүдийн хэлээгүй үгийг хэлсэн болгож гуйвуулсан, нэхэмжлэлийн шаардлагыг дэмжих нотлох баримт болох гэрчийн мэдүүлгийг тусгаагүй, нэхэмжлэгчийн өмгөөллийн үгийг оруулаагүй, гэрчээс асуусан асуултыг хольж сольсон, тэмдэглэлийн хувьд маш эмх замбараагүй ойлгомжгүй болсон байсан. Бид 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдөр хуралдааны тэмдэглэлд засвар оруулах хүсэлтээ өгөхөд шүүгч Г.Ариунаа хүсэлтийг хүлээн авах боломжгүй гэж туслахаараа дамжуулсан. Шүүгч хуралдааны тэмдэглэлд ямар үндэслэлээр засвар оруулахгүй гэж шийдвэрлэсэн талаар захирамж болон бичмэл байдлаар хариуг өнөөдрийг хүртэл бидэнд өгөөгүй байна. 

Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй байна.

Нэхэмжлэгч Эничфинанс ББСБ ХХК нь хариуцагч Ч.З д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 23 116 532 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.

Талууд 2016 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 04/16 дугаартай зээлийн болон барьцааны гэрээг бичгээр байгуулсан, мөн хариуцагч нь 20 000 000 төгрөг бэлнээр хүлээн авсан баримтад гарын үсэг зурсан үйл баримтад маргаангүй. Харин хариуцагч тал зээлийн гэрээг дүр үзүүлэн хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэл, Монкорд ХЗХоршоо миний нэр дээр гэрээ байгуулж, мөнгөний баримт дээр гарын үсэг зуруулсан, мөнгийг аль аль нь бодитоор аваагүй гэх үндэслэл заан нэхэмжлэлээс татгалзсан байна.

Хэрэгт хариуцагч Ч.З д 20 000 000 төгрөг хүлээлгэн өгсөн кассын зарлагын баримт, мөн Монкорд ХЗХоршоо, Ч.З нараас зээл, зээлийн хүү төлсөн кассын орлогын баримт, дансны хуулга зэрэг нотлох баримт авагдсан байгаа хэдий ч зохигчийн хооронд үүссэн эрх зүйн харилцааны талаар талууд эрс зөрүүтэй тайлбар гаргаж байгаа нөхцөлд дээрх бичмэл нотлох баримтууд нь бусад баримтаар давхар нотлогдсон тохиолдолд маргаантай харилцааны талаар эцэслэн дүгнэлт хийх хууль зүйн үндэслэл бүрдэх юм./хх38,72-81,105-115/

Тус хэргийг хянан хэлэлцсэн шүүх хуралдаанд гэрч Г.Чинтуяа ...20 000 000 төгрөг өгснийг мөнгийг кассаар, бэлнээр олгодог, дансны хуулга бусад баримтаас олгосон нь харагддаг гэж, гэрч М.Рита нь ...Энэ зээл манай хоршоотой холбоотой, Эничфинанс ББСБ ХХК-аас манайх 200 000 000 төгрөгийн зээл аваад төлж чадаагүй, түүний хүү нэмэгдсээр 20 000 000 төгрөг болсон..., бид ярилцаад Ч.Золоогийн нэр дээр гэрээ байгуулсан нь үнэн, сая 9 сард Энич 270 000 000 төгрөгийг нэхэмжилж шүүхэд хандсан, бид 250 000 000 төгрөгт Чингэлтэй дүүргийн шүүхэд очиж эвлэрсэн, энэ дотор уг 20 000 000 төгрөг орсон ... гэж тус тус мэдүүлсэн байна. Уг гэрчийн мэдүүлэгтэй холбоотойгоор шүүх талуудын маргааны зүйлийг тодруулах нь хэргийн үйл баримтыг тогтоож, үндэслэл бүхий шийдвэр гаргахад ач холбогдолтой байжээ.

Давж заалдах шатны шүүх дээрх алдааг залруулан, хэрэгт цугларсан нотлох баримтыг харьцуулан үнэлж талуудын хооронд үүссэн маргааны үйл баримтыг тогтоон, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.7-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 102/ШШ2019/02995 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 273 540 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д заасны дагуу магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ИЧИНХОРЛОО

 

ШҮҮГЧИД М.НАРАНЦЭЦЭГ

 

Ч.ЦЭНД