Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 03 сарын 21 өдөр

Дугаар 102/ШШ2022/00993

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Кульдана даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: ЭФХХК

Хариуцагч: Ч.З

37.565.100 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангах нэхэмжлэлийг 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч ЭФХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Э, өмгөөлөгч Г.Н, хариуцагч Ч.З, өмгөөлөгч М.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Атарцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ЭФХХК нь хариуцагч Ч.Зд холбогдуулан гэрээний үүргийн биелэлтэд 37.565.100 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангах нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Нэхэмжлэгч ЭФ ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Э шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Ч.З нь ЭФХХК-аас 2016 оны 03 дугаар сарын 31-ны өдөр 04/16 тоот зээл, барьцааны гэрээ байгуулж 20.000.000 төгрөгийн зээлийг 6 сарын хугацаатай, сарын 2,5%-ийн хүүтэй авсан. Зээлийн гэрээнд 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 04/16а тоот зээлийн гэрээний нөхцөлд өөрчлөлт оруулах тухай нэмэлт гэрээг байгуулан, зээлийн гэрээг 12 сарын хугацаатай сунгаж, дахин 2017 оны 06 дугаар сарын 24-ны өдрийн 04/16в тоот зээлийн гэрээний нөхцөлд өөрчлөлт оруулах тухай нэмэлт гэрээ байгуулан зээлийн гэрээг 21 сарын хугацаатай тус тус сунгасан. Зээлийн барьцаанд Ч.Зийн өмчлөлийн .. тоот гэрчилгээтэй .. 2,501 м/кв талбайтай эзэмших эрхтэй газрыг барьцаалсан бөгөөд зохих журмын дагуу нотариатаар баталгаажуулж газрын албанд бүртгүүлсэн. Зээлдэгч Ч.Заас 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр нэхэмжлэлийн шаардлага нэмэгдүүлсэн үнийн дүнгээр үндсэн зээлийн хүүнд 15.912.500 төгрөг, зээлийн хүү 17.689.371 төгрөг, нэмэгдүүлсэн хүү нь 3.963.229 төгрөг нийт 37.565.100 төгрөгийг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулж өгнө үү гэв.

Хариуцагч Ч.З шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: ЭФ ХХК-аас зээл авсан гэж яриад байгаа боловч бэлнээр болон бэлэн бусаар нэг ч төгрөгний зээл аваагүй. Өмнө нь М ХЗХ 200.000.000 төгрөгийн зээл авсан байдаг. Түүнийхээ хүүг ЭФ ХХК, М ХЗХ-ны захирал нар хоорондоо ярилцаад М ХЗХ-ны байранд нотариатын хамт байж зээлийн хүүнд төлөх 20.000.000 төгрөгийг зээл хэлбэрээр зээлийн гэрээ байгуулж миний нэр дээр гэрээг хийсэн. Зээлийн гэрээг хийхэд хоёр байгууллагын захирал Г.Ч, М.Р нар хоорондоо ярьж тохироод миний нэр дээр байсан газрыг барьцаалж зээлийн гэрээ байгуулсан. М ХЗХ-ны авсан 200.000.000 төгрөгийн зээлийн хүүгийн үлдэгдэл 20.000.000 төгрөг миний нэр дээр зээл хэлбэрээр гэрээ хийгдээд байгаа юм. ЭФХХК-ийн захирал Г.Ч зээлийн гэрээнд ногоо тарина гэж бичүүлсэн. Тэгээд дунд нь надаас нэхээд байдаг нь ямар учиртай юм бол. Үүнийг би мэдэхгүй байна. Тухайн үед надад зээл авах ямар ч шаардлага байгаагүй. Яаж ч бодсон 20.000.000 төгрөгийг 6 сарын хугацаатай зээлж авна гэж бодохоор 900.000 төгрөгний цалинтай хүн яаж тэр зээлийг төлж барагдуулах юм. Ямар ч бололцоо байхгүй. Зээл, зээлийн хүүгийн хувьд ч тэр, ам бүл долуулаа амьдардаг, тухайн үед ажил хийдэг хүн надаас өөр байгаагүй. Цалингаараа зээлээ төлөөд үлдсэн цалингаар амьдарна гэдэг бололцоо байхгүй. Газар миний нэр дээр боловч М ХЗХ бартераар авсан газар. М ХЗХ-нд бүртгэлтэй хирнээ миний нэр дээр байгаа юм гэхээр эргээд захиран зарцуулах, зээлийн барьцаанд байсан юмыг буцаан зарж борлуулах тийм үйл ажиллагаа хийгдэх зорилгоор ямар ч гэсэн ажилтныхаа нэр дээр түр шилжүүлж болно гэдэг бүх гишүүдийн хурлын шийдвэр тогтоол байдаг юм билээ гэв.

Нэхэмжлэгчээс 2016 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн зээлийн гэрээ, зээлийн барьцааны гэрээ, Ч.Зын эзэмшиж байгаа газрын байршлын кадастрын зураг, 2016 оны 10 дугаар сарын 10, 2018 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн Гэрээний нөхцөлд өөрчлөлт оруулах тухай нэмэлт гэрээ, Газар эзэмших эрхийн гэрчилгээ, зээлийн хүсэлт, зээлийн 20.000.000 төгрөгийг хүлээлгэн өгсөн кассын зарлагын ордер,

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн хүсэлтээр Ч.Зын зээлийн төлөлтийн кассын орлогын ордер, 2014 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 135.000.000 төгрөгний үнийн дүнтэй №23/14 зээлийн гэрээ, уг зээлийн гэрээний нөхцөлд 2016 оны 03 дугаар сарын 31-ний өдөр нэмэлт өөрчлөлт оруулсан гэрээ, зээлийн барьцааны нэмэлт гэрээ, 2016 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 05/16 дугаартай 65.000.000 төгрөгний үнийн дүнтэй зээлийн гэрээ, Худалдаа хөгжлийн банкнаас ЭФ ХХК-ийн гүйлгээний баримтууд, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн Дугаар 182/ШШ2019/00.. Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамж, тус хэргийн ЭФ ХХК-ийн гаргасан нэхэмжлэл, холбогдох хавсаргасан баримтууд, Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албанаас нотлох баримтаар ирүүлсэн М ХЗХ-ны эрх бүхий албан тушаалтнуудад холбогдох хэргээс тус хадгаламж зээлийн хоршооны 2018 оны тайлан, Санхүүгийн зохицуулах хорооноос нотлох баримтаар гаргуулсан М ХЗХ-ны 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр дуусгавар болсон жилийн санхүүгийн тайлан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэрч М.Р, О.А нарыг дахин гэрчээр асуусан тэмдэглэл гэх баримтуудыг шүүх бүрдүүлсэн байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.

Нэхэмжлэгч нь эзэмших эрхийн газраа барьцаалж зээлийн гэрээ байгуулан 20.000.000 төгрөгийг зээлдэж авсан. Зээлийн мөнгийг бэлнээр кассын зарлагын ордерт гарын үсэг зуруулж өгсөн. Ч.З нь зээлийн төлөлтийг хийж байсан, хариуцагч нь бэлнээр болон бэлэн бусаар нэг ч төгрөгний зээл аваагүй. М ХЗХ 200.000.000 төгрөгийн зээл авсан байсны хүүг ЭФ ХХК, М ХЗХ-ны захирал нар ярилцаад М ХЗХ-ны байранд ирж зээлийн хүүнд төлөх 20.000.000 төгрөгийг зээл хэлбэрээр миний нэр дээр байсан хоршооны газрыг барьцаалж, зээлийн гэрээг хийсэн. Тухайн үед надад зээл авах ямар ч шаардлага байгаагүй гэж тайлбарлан нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ, хариуцагч татгалзлаа тодорхойлсон.

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.

Зохигчийн хооронд 2016 оны 03 дугаар сарын 31-ний өдөр 04/16 дугаартай 20.000.000 төгрөгийг 6 сарын хугацаатай сарын 2.5 хувийн хүүтэй, зээл төлөх хугацаа 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн хугацаатай, зээлийн барьцаанд Ч.Зын газар эзэмших эрхийн гэрчилгээтэй .. 2501 мкв зуслангийн зориулалттай газрыг барьцаалсан, 04/16 дугаартай зээлийн гэрээний нөхцөлд 2016 оны 10 дугаар сарын 10, 2017 оны 06 дугаар сарын 24-ний өдөр тус тус өөрчлөлт оруулах нэмэлт гэрээ байгуулагдсан, зээлийн 20.000.000 төгрөгийг хүлээлгэн өгсөн кассын зарлагын ордер гэх баримтад талууд маргаагүй байна.

Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлд зээлдүүлэгч нь олгосон зээл бүрдээ зээлийн хувийн хэрэг нээж хөтлөнө. Зээлийн хувийн хэрэг дараах бүрдүүлбэртэй байна. Үүнд зээл олгохыг хүссэн өргөдөл, зээлийн гэрээ, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар сонгосон арга хэлбэр, түүнтэй холбогдох мэдээлэл, иргэн бол орлогын талаарх мэдээлэл, зээл хүсэгчийн өр, орлогын харьцааг нотолсон баримт бичиг, зээлийн ашиглалтыг шалгасан материал, зээлдэгчийн бусад зээлдүүлэгчээс авсан зээл, гуравдагч этгээдийн өмнө хүлээсэн мөнгөн төлбөрийн үүргийн талаарх зээлийн мэдээллийн сангийн мэдээлэл, үйл ажиллагааны ерөнхий нөхцөлд заасан болон зээлдүүлэгчээс зээл олгоход шаардлагтай гэж үзсэн бусад мэдээлэл, баримт бичгийг тус тус бүрдүүлэхээр заажээ.

Нэхэмжлэгч ЭФ ХХК ББСБ нь зээлдэгч Ч.Зд зээл олгохдоо Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлд заасан зээлийн хувийн хэргийг нээгээгүй, зээл хүсэгчийн орлого, шаардагдах баримтыг бүрдүүлэлгүй, 2016 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн Зээлийн хүсэлт-ийг үндэслэн хүсэлтэд дурдагдсан сарын орлого 2.900.000 төгрөг болохыг нотолсон баримтгүй байхад тухайн өдрөө зээлийн гэрээ байгуулж дээрх хуулийн заалтыг зөрчсөн байна.

Шүүх хуралдаанд хариуцагч нь М ХЗХ нь 200.000.000 төгрөгийн зээл авч тухайн зээлийн хүүнд төлөгдөх 20.000.000 төгрөгийг зээл хэлбэрээр зээлийн гэрээ байгуулсан. Зээлийн хүүг М ХЗХ төлж байсан гэж тайлбарласан бөгөөд тайлбар нь 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн Дугаар 102/ШШ2019/0.. шүүх хуралдааны тэмдэглэлд тэмдэглэгдсэн гэрч Г.Бийн 20.000.000 төгрөгийг бэлнээр авсан эсэхийг сайн мэдэхгүй, зээл олгох шийдвэр ямар байдлаар гарч байсныг санахгүй байна, гэрч Г.Чгийн авсан болоол гарын үсэг зурсан байлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гэрч М.Ргийн 135.000.000 төгрөг, 65.000.000 төгрөгний зээл хэзээ нийлж 200.000.000 төгрөг болсон хугацааг нь санахгүй байна. Тэгэхдээ энэ мөнгөнүүд нийлээд 200.000.000 төгрөг болж байна. Зээлийн хүүг төлөхийн тулд Ч.Зын нэр дээр 20.000.000 төгрөгний зээлийн гэрээ хийгдсэн. Ч.Зын зээлсэн гэх 20.000.000 төгрөгийг Ч.З ч, манайх ч бэлнээр болон дансаар аваагүй. 135.000.000 төгрөг, 65.000.000 төгрөг эсвэл 200.000.000 төгргөний зээл болсон байхад нь эдний алинд нь 20.000.000 төгрөгийг зээлийн хүүний тооцоонд орсон эсэхийг санахгүй байна. ЭФХХК-нд М ХЗХ-ны зээлийн төлбөрийг төлөх зорилгоор зээлийн гэрээ хийгдсэн. Яагаад гэвэл барьцаанд тавих хөрөнгө нь Ч.Зын нэр дээр байсан учир Ч.Зтай гэрээ хийгдсэн. Би тухайн үед гүйцэтгэх захирал байсан. Ч.Зыг очоод гэрээ байгуулчих гэж хэлсэн. Гэрээний төлбөрийг М ХЗХ хариуцаж төлнө гэж Ч.Зд хэлсэн, гэрч О.Аын 2012-2018 оны хооронд М ХЗХ-ны нягтлан бодогчоор ажиллаж байсан. 200.000.000 төгрөгний гэрээ нь шинэчилсэн гэрээ. Энэ зээл төлөгдөөгүй явж байгаад 2019 онд шүүхээр шийдвэрлэсэн гэж сонссон. Ч.Зын 20.000.000 төгрөгний зээл нь 200.000.000 төгрөгний гэрээг шинэчлэхтэй холбоотой байгуулагдсан гэрээ буюу өмнөх зээлүүдийн хүүгийн авлагын дүн байсан. 20.000.000 төгрөгийн хүүгийн авлагыг зээл болгон бүртгэсэн. 20.000.000 төгрөгний зээлийг бэлнээр аваагүй, хүүгийн авлагад дүйцүүлж гэрээ байгуулсан. М ХЗХ нь ЭФхооронд байгуулсан 135.000.000, 65.000.000 төгрөг гэдэг хоёр зээлийн төлөгдөөгүй хүүгийн дүнгээр үүссэн зээл 20.000.000 төгрөг юм. Энэ өрийг М ХЗХ төлөх ёстой. Яагаад гэвэл М ХЗХ-ны байгуулсан зээлийн гэрээтэй холбоотой үүссэн төлөгдөөгүй хүүн дээр үндэслэсэн гэрээ. Тус зээлтэй холбоотой хүүнүүдийг төлж байсан санагдаж байна. Барьцааны газар нь М ХЗХ-ны хөрөнгө. Тухайн үед Ч.Зын нэр дээр түр шилжүүлсэн байсан. Энэ нь бусадтай байгуулах гэрээнд хялбарчлах үүднээс ажилтнуудын нэр дээр хөрөнгийг гүйцэтгэх захиралын тушаалаар хоршооны хөрөнгүүдийг шилжүүлсэн. Санхүүгийн тайлан балансын өмчлөх бусад бус хөрөнгө гэдэг хэсэгт бүртгэлтэй байдаг. Уг газар нь манайд зээлийн барьцаатай холбоотой шилжиж ирсэн газар. Тухайн үед газар Ч.Зын нэр дээр байсан. Үүнээс өөр тухайн зээлийн барьцаанд тохирох хөрөнгө хоршоонд байхгүй байсан, шүүх хуралдаанд оролцсон гэрч М.Дгийн би 2016 оны 04 дүгээр сарын 01-нээс захиралын ажилыг хийсэн. 200.000.000 төгрөгийн хүү төлөгдөхгүй явж байгаад хуримтлагдаад 30 гаран сая төгрөг болсны 10 хэдэн саяыг мөнгөөр төлсөн. 20.000.000 төгрөгийг Ч.Зын нэр дээр зээл олгосон. Угаасаа энэ зээл мөнгөөр олгогдоогүй. М ХЗХ-ны төлөгдөөгүй гэрээний үргэлжлэл, барьцаа хөрөнгө нь ч Ч.Зынх биш. Хоршооны хөрөнгө. Одоо цагдаа дээр аудитын бүртгэлд байж байгаа хөрөнгө. Өмчлөх бус хөрөнгийг зээлийн барьцаанд тавигдаад буцаагаад зарах хооронд хоршооны нэр дээр байсан учраас зарим үл хөдлөх хөрөнгийг шилжүүлж авах, ажилтны нэр дээр түр шилжүүлэх зөвшөөрөл гэдэг бүх гишүүдийн тогтоол байдаг. Тэр үед хоршоо хэцүү байсан. 2014 онд авсан зээлээч төлж чадаагүй байсан. Тэгээд гэрээ шинэчлэгдээд би тэр өдөр ажил хүлээлцэж авах өдөр давхцаж байсан учир сайн мэдэж байна. Дараа нь 2017 оны гэрээг шинэчилсэн. 200.000.000 төгрөгийн зээл намайг ажил авч байхад тэгж бэлэн мөнгөөр зээл аваагүй. Хуучин гэрээг шинэчилсэн. Ажил аваад аль болох би хүүгийн хуримтлал үүсгэхгүй үүднээс сар бүр төлөх талаас нь хичээж байсан. Ч.Зын нэр дээр байгаа зээлээс эргэн төлөлтөөр бараг 17.000.000 төгрөг төлсөн. Ч.З нь аж ахуйн ажилтан, жолоочийн ажлыг хавсарч хийдэг, 800.000 төгрөгний цалинтай байсан гэсэн мэдүүлгээр М ХЗХ-ны зээлсэн 200.000.000 төгрөгний төлөгдөөгүй хүүгийн дүнгээр үүссэн 20.000.000 төгрөгийг зээл хэлбэрээр Ч.Зтай зээлийн гэрээ байгуулсан болох нь тогтоогдож байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нотлох баримтаар Худалдаа хөгжлийн банкнаас ирүүлсэн ЭФ ХХК-ийн гүйлгээний баримтууд, орлогын ордер гэх баримтад зурагдсан мөнгө тушаагчийн гарын үсэг хэсэгт зурагдсан Ч.З гэх гарын үсэг янз бүрээр зурагдсан, зарим баримт буюу 1 дүгээр хавтаст хэргийн 106-114 дүгээр талд авагдсан гарын үсэг хэнийх нь тодорхойгүй байдлаас үзэхэд зээлийн хүүг М ХЗХ төлж байсан гэх хариуцагчийн тайлбар үндэслэлтэй бөгөөд зохигч гарын үсгийн шинжээч томилох хүсэлт гаргаагүй болно.

М ХЗХ, ЭФХХК хооронд байгуулагдсан 200.000.000 төгрөгний зээлд талууд эвлэрч Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн дугаар 182/ШШ2019/00284 шийдвэрээр Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн байна.

Хариуцагчийн хүсэлтээр Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албанаас М ХЗХ-ны эрх бүхий албан тушаалтнуудад холбогдох хэргээс тус хадгаламж зээлийн хоршооны 2018 оны тайлан, Санхүүгийн зохицуулах хорооноос М ХЗХ-ны 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр дуусгавар болсон жилийн санхүүгийн тайланг тус тус нотлох баримтаар гаргуулсан боловч талууд хэн аль нь уг баримттай холбоотой тайлбар, маргаан байхгүй, хариуцагч шинжлэн судлуулахаас татгалзсан тул дүгнэлт өгөх шаардлагагүй гэж үзэв.

Хариуцагч Ч.З нь нэхэмжлэгч ЭФХХК-тай 20.000.000 төгрөгний үнийн дүнтэй зээлийн гэрээ байгуулж, кассын зарлагын баримтад гарын үсэг зурсан боловч зээлийг бодитоор авсан болох нь тогтоогдоогүй, нэхэмжлэгч гэрээний үүргийн биелэлтэд 37.565.100 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулахаар шаардах эрхтэй болох нь баримтаар нотлогдохгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн төлбөрийг улсын төсөвт хэвээр үлдээх нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлйин 453.1, 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч Ч.Зд холбогдох 37.565.100 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангах нэхэмжлэгч ЭФ ББС ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 415.975,66 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.КУЛЬДАНА