Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 07 сарын 24 өдөр

Дугаар 210/МА2017/01665

 

 

 

2017 07 24

1665

 

М.Цэцэгтуяагийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Ч.Цэнд, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 01ий өдрийн 102/ШШ2017/01245 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч М.Цэцэгтуяагийн нэхэмжлэлтэй хариуцагч Г.Дэмбэрэлцэцэгт холбогдох

 

Үл хөдлөх эд хөрөнгө худалдан авахаар өгсөн 18 999 400 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч М.Цэцэгтуяа, хариуцагч Г.Дэмбэрэлцэцэг, хариуцагчийн өмгөөлөгч А.Бүдханд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Цолмон нар оролцов.

 

Нэхэмжлэгч М.Цэцэгтуяагийн нэхэмжлэлийн шаардлага болон тайлбарт: Би 2014 оны 06 дугаар сард Зар мэдээ сонинд нийтлэгдсэн зарын дагуу 8831-3088 дугаарын утсаар холбогдож Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороонд байрлах хашаа, байшинтай газрыг 26 000 000 төгрөгөөр худалдаж авахаар болсон. Гэрээг Сонгинохайрхан дүүрэгт байрлах нотариатаар батлуулж нийтдээ 13 000 000 төгрөгийг 2014 оны 07 дугаар сарын 04-ний өдрөөс 2014 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн хооронд төлсөн. Бид анхны төлбөрийг хийхдээ авто машинаа Есөн Шижир ХХК-д явдаг зээл болгон зээл авч 2014 оны 07 дугаар сарын 04-ний өдөр 7 000 000 төгрөг, дараа нь цувуулж 6 000 000 төгрөгийг дансаар болон бэлнээр өгсөн. Бид 2014 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр гэрээнд өөрчлөлт оруулахдаа 11 200 000 төгрөгийг авсан гэж гарын үсгээ зурсан, үлдэгдэл 1 800 000 төгрөгийг 11 дүгээр сарын 30-нд төлсөн. Ингээд бид 2015 оны 6 дугаар сар хүртэл үлдэгдэл мөнгийг өгөхөөр тохиролцсон байтал Г.Дэмбэрэлцэцэг удаа дараа мөнгөө нэхэж байнга дарамтанд байлгах болсон.Г.Дэмбэрэлцэцэг 2015 оны 4 дүгээр сард утсаар яриад байрны түлхүүрээ буцааж авсан ба тэр өдрийн орой утсаар ярьж байшин дотор юмаа ав, тэр байшинг ББСБ-д тавиад алдсан гэхээр нь очтол цоожны голыг сольсон байсан. Би энэ Г.Дэмбэрэлцэцэгээс газар, байшин худалдаж авахын тулд Есөн Шижир ХХКомпаниас 3 удаа зээл аваад нийт 5 130 00 төгрөгийн хүү, алданги төлсөн.Одоо Г.Дэмбэрэлцэцэгээс газар болон байшингийн үнэд төлсөн 13 000 000 төгрөг, бүргэд хаалга хийлгэсэн зардал 500 000 төгрөг, эвлэрүүлэн зуучлагчид төлсөн 30 000 төгрөг, Есөн Шижир ХХКомпанид төлсөн алдангийн 4 154 994 төгрөг нийт 17 684 994 төгрөгийг гаргуулахыг хүсч байна.Тэр бүргэд хаалгыг Г.Дэмбэрэлцэцэгийн зааж өгсөн хүнээс очиж авч хийлгэсэн байгаа, үүнийг Г.Дэмбэрэлцэцэг хүлээн зөвшөөрдөг гэжээ.

 

 Хариуцагч Г.Дэмбэрэлцэцэгийн тайлбарт: Би 2014 оны 6 дугаар сарын 10-ны үед Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Баянголын ам 23/3 тоот хашаа, 2 байшингаа 30 000 000 төгрөгөөр зарахаар Шуурхай зар сонинд зар өгсний дагуу М.Цэцэгтуяа ирж уулзаад байр түрээслэж амьдардаг, эзэн нь байшингаа зарах болсон тул танай хашаа, байшинг худалдаж авья үнээ жаахан багасгаач гэж гуйхаар нь 26 000 000 төгрөгөөр зарахаар болсон.Энэ үед би осолд орж хүнд гэмтэл авсан, байнга хүний асрамжид байж 14 хоногт 192 000 төгрөгийн үнэтэй эм хэрэглэж байсан тул надад эмчилгээний зардал хэрэгтэй болоод зах зээлийн үнээс хямд зарахаар зар өгсөн. Миний 7х8 хэмжээтэй, мансардтай байшин, 4х5 хэмжээтэй байшин, блокон хашаа үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ байхгүй байсан тул 2014 оны 07 дугаар сарын 04-ний өдөр М.Цэцэгтуяатай харилцан тохиролцож газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ байгуулсан.Уг гэрээнд гэрээ байгуулах өдөр 7 000 000 төгрөг өгөхөөр тусгаж, энэ мөнгийг би бэлнээр авсан. Үлдэгдэл төлбөрийг 2014 оны 10 дугаар сарын 04-ний өдөр 7 000 000 төгрөг, 2015 оны 03 дугаар сарын 01-ний өдөр 6 000 000 төгрөг, 2015 оны 6 дугаар сарын 1-ний өдөр 6 000 000 төгрөг тус тус өгөхөөр тохиролцсон ба төлбөрийг бүрэн төлж дуусаны дараа М.Цэцэгтуяагийн нэр дээр бүх гэрчилгээг шилжүүлэхээр тохиролцсон. Гэвч 2014 оны 10 дугаар сарын 04-ний өдрөөс 2014 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд 10 удаа тасалж 4 830 00 төгрөг өгсөн. Ийм байдлаар энэ хүнээс би 11 830 000 төгрөг авсан. Би энэ хүнд хэрэв мөнгөө гүйцээж өгөөгүй бол би таниас авсан мөнгөө боломжоороо эргүүлэн хувааж төлье гэж хэлж Хан-Уул дүүргийн эвлэрүүлэн зуучлах төв дээр очиж уулзаад хэлсэн боловч надаас хүү нэмж авна, бага мөнгө авахгүй гэж хэлсэн. Би энэ хүний нэхэмжилж байгаа мөнгөнөөс 11 830 000 төгрөгийг эргүүлж өгөхийг зөвшөөрч байна гэжээ.

 

 Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 227 дугаар зүйлийн 227.3-т   зааснаар Гэндэнжамцын Дэмбэрэлцэцэгээс 17 684 994 /арван долоон сая зургаан зуун наян дөрвөн мянга есөн зуун ерэн дөрвөн/ төгрөгийг гаргуулан Мөнхөөгийн Цэцэгтуяад олгож,

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т заасныг баримтлан М.Цэцэгтуяагийн улсын тэмдэгтийн хураамжид 251 665 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, М.Цэцэгтуяагаас 1 282 /нэг мянга хоёр зуун наян хоёр/ төгрөгийг гаргуулан улсын төсвийн орлогод, хариуцагч Г.Дэмбэрэлцэцэгээс 246 374 /хоёр зуун дөчин зургаан мянга гурван зуун далан дөрвөн/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч М.Цэцэгтуяад олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч давж заалдах гомдолдоо:  Г.Дэмбэрэлцэцэг би М.Цэцэгтуяатай 2014 оны 07 дугаар сарын 04-ний өдөр газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ байгуулж, энэ өдрөө 7 000 000 төгрөг, 2014 оны 10 сарын 04-ний өдөр 7 000 000 төгрөг, 2015 оны 03 сарын 01-ний өдөр 6 000 000 төгрөг, 2015 он 06 сарын 01-ний өдөр 6 000 000 төгрөгийг тус тус төлж дуусгахаар тохиролцсон. М.Цэцэгтуяа нь гэрээ байгуулсан өдөр 7 000 000 төгрөгийг өгсөн боловч 2014 оны 10 дугаар сарын 04-ны өдөр өгөх байсан 7 000 000 төгрөгөөс 2014 оны 11 сарын 30-ны өдрийг хүртлэх хугацаанд 4 830 000 төгрөг өгсөн ба ийм байдлаар би нийт 11 830 000 төгрөгийг би авсан. Би түүнээс 2015 оны 08 дугаар сард гэрээний дагуу мөнгөө төлж дуусга эсвэл хашаа байшинг чөлөөлж өг гэж шаардлага тавихад тэр би хашаа байшингийг чинь авахаа болилоо чи бусдад зараад миний мөнгийг өгчих гэсэн. Ингээд түүнээс хашааныхаа түлхүүрийг 2015 оны 8 дугаар сард авсан. Би 2007 онд авто осолд орж "G93 тархины бусад эмгэг" гэдэг оноштойгоор хөдөлмөрийн чадвар алдалтаа 70 хувиар тогтоолгосон. Ой тогтоолт муудсаны улмаас шүүх хурлын товын хугацааг андуурч маргааш өдөр нь очсон. Надад хурал зарлагдсан өдөр шүүхээс утсаар ярьж мэдэгдэж дуудаагүй болно. М.Цэцэгтуяагийн нэхэмжлэлтэй хурлыг намайг оролцуулалгүй хийсэн. Би М.Цэцэгтуяаг "Есөн Шижир" ХХК-аас мөнгө хүүтэй ав гэж хэлээгүй. Тэр надад өгөх ёстой мөнгөө гэрээнд заасан хугацаанд төлсөн бол ийм асуудал болохгүй байсан. Би түүнээс авсан 11 830 000 төгрөг төлөхийг зөвшөөрч байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчөөгүй боловч нотлох баримтыг хэрэгт хамааралтай, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарлан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэснийг зөвтгөн өөрчлөлт оруулах шаардлагатай байна.

 

Нэхэмжлэгч М.Цэцэгтуяа нь хариуцагч Г.Дэмбэрэлцэцэгт холбогдуулан 17 684 994 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Зохигчид 2014 оны 07 дугаар сарын 04-ний өдөр харилцан тохиролцож, хариуцагч нь Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо Баянголын аманд байрлах 400 м.кв талбайтай газрыг 4х5 хэмжээтэй болон 8х9 хэмжээтэй, мансардтай байшингийн хамт нэхэмжлэгчид шилжүүлэх, нэхэмжлэгч нь үл хөдлөх эд хөрөнгийн үнэ 26 000 000 төгрөгийг 2014 оны 7 дугаар сарын 04-ний өдөр 7 000 000 төгрөг, 2014 оны 10 дугаар сарын 04-ний өдөр 7 000 000 төгрөг, 2015 оны 03 дугаар сарын 01-ний өдөр 6 000 000 төгрөг, 2015 оны 06 дугаар сарын 01-ний өдөр 6 000 000 төгрөг тус тус төлөх үүргийг харилцан хүлээсэн байх тул талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж үзнэ.

 

Хэргийн баримтаар нэхэмжлэгч нь гэрээнд заасан үл хөдлөх эд хөрөнгийн үнийг графикийн дагуу төлөөгүй, гэрээгээр хүлээсэн 26 000 000 төгрөг төлөх үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүйн улмаас хариуцагч нь 2015 оны 04 дүгээр сард уг гэрээнээс татгалзсан үйл баримт тогтоогджээ.

 

Нэхэмжлэгч нь гэрээний зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагчид буцаан өгсөн үйл баримтад маргаагүй, харин хариуцагч нь нэхэмжлэгчээс үл хөдлөх эд хөрөнгийн үнэд авсан 11 830 000 төгрөгийг эргүүлж өгнө, бусдыг нь зөвшөөрөхгүй гэж маргажээ.

 

Хэргийн 16 дугаар тал дахь газар эзэмших эрх шилжүүлэх гэрээний доод хэсэгт хариуцагчийн 11 200 000 төгрөг авсан, 2014 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр 1 800 000 төгрөг авна. Үлдсэн 13 000 000 төгрөгийг 2015 оны 06 сард бүрэн авна гэх бичиглэл, эвлэрүүлэн зуучлах ажиллагааг дуусгавар болгосон тэмдэглэл, Сонгинохайрхан дүүргийн Прокурорын эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай тогтоол зэрэг баримтаар хариуцагч нь нэхэмжлэгчээс 13 000 000 төгрөг хүлээн авсан болох нь тогтоогдож байх тул тэрээр Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар гэрээний дагуу шилжүүлэн авсан 13 000 000 төгрөгийг нэхэмжлэгчид буцаан өгөх үүрэгтэй.

 

Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал нь гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй гэж заасан тул худалдах, худалдан авах гэрээнээс татгалзахад хариуцагч Г.Дэмбэрэлцэцэгийг буруутай гэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдохгүй тохиолдолд хариуцагч нь мөн хуулийн 227 дугаар зүйлийн 227.2 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас үл хөдлөх эд хөрөнгийг худалдан авахаар Есөн шижир ХХК-иас авсан зээлийн хүү, алдангид 4 154 990 төгрөг, эвлэрүүлэн зуучлах ажиллагааны улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 30 000 төгрөгийг хариуцагч төлөх үүрэг хүлээхгүй юм.

Шүүх талуудын хооронд худалдах худалдан авах гэрээ цуцлагдсан үйл баримтыг зөв дүгнэсэн боловч хариуцагч Г.Дэмбэрэлцэцэгийн буруугаас гэрээ цуцлагдсан гэж үзэж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь хуулийн дээрх зохицуулалтад нийцээгүй байна.

 

Харин нэхэмжлэгчийн байшинд бүргэд хаалга худалдан авсан болон түүнийг суулгахад 500 000 төгрөг зарцуулсан болох нь хэргийн 42-43 дугаар талд авагдсан баримтаар тогтоогдсон тул хариуцагчаас уг зардлыг Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар гаргуулах нь зүйтэй.

 

Түүнчлэн анхан шатны шүүх шаардах эрхийн үндэслэлд хамаарахгүй Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3 дах хэсгийг баримталсныг Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1, 227.2 болгож өөрчлөх нь хууль хэрэглээний хувьд зөв болно.

 

Шүүх хариуцагчид хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эдлэх эрх, хүлээх үүргийг тайлбарлан өгч, шүүх хуралдааны товыг 2017 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр мэдэгдсэн, хариуцагч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүйгээс нэхэмжлэгчийн хүсэлтээр шүүх хуралдааныг хариуцагчийн эзгүйд хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт заасантай нийцсэн байх тул энэ талаар гаргасан хариуцагчийн гомдлыг хангах үндэслэлгүй.

 

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хэсэгчлэн хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулан, улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу хувиарлах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 01ий өдрийн 102/ШШ2017/01245 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 227 дугаар зүйлийн 227.1, 227.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч Г.Дэмбэрэлцэцэгээс 13 500 000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч М.Цэцэгтуяад олгож, үлдэх шаардлага 4 484 990 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай гэж,

2 дах заалтын 246 374 гэснийг 225 450 гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар хариуцагч Г.Дэмбэрэлцэцэгийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 108 629 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө ирж гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Н.БАТЗОРИГ

 

ШҮҮГЧИД                                     Ч.ЦЭНД

 

                                                        А.МӨНХЗУЛ