Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 05 сарын 01 өдөр

Дугаар 1245

 

 

 

               

        

                  Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Доржнамжин даргалж хийсэн шүүх хуралдаанаар

                Нэхэмжпэгч:Баянгол дүүргийн 2 дугаар хороо, 2 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамж 63-Б байрны 16 тоотод оршин суух, эмэгтэй, регистрийн дугаар ГЮ 72011161, Соном овогт Мөнхөөгийн Цэцэгтуяагийн нэхэмжлэлтэй

                  Хариуцагч:Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 10 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамж 51-1 дүгээр байрны 9 тоотод оршин суух, эмэгтэй, регистрийн дугаар ТЕ 80033168, Боржигон овогт Гэндэнжамцын Дэмбэрэлцэцэгт холбогдох

                 Үл хөдлөх худалдан авахаар өгсөн 18 999 400 төгрөг гаргуулах тухай шаардлагатай хэргийг хянан хэлэлцэв.

                Шүүх хуралдаанд:Нэхэмжлэгч М.Цэцэгтуяа, гэрч Р.Алтансүх, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Агиймаа нар оролцов.

                                                            ТОДОРХОЙЛОХ нь:

                    Нэхэмжпэгч М.Цэцэгтуяа шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:Би 2014 оны 6 дугаар сард Зар мэдээ сонинд нийтлэгдсэн зарын дагуу 88313088 дугаарын утсаар холбогдож Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороонд байрлах хашаа, байшинтай газрыг худалдаж авахаар тохиролцсон.Мөнгийг хувааж авах нөхцлийг зар дээрээ тодорхой бичсэн байсан тул таалагдаж 26 сая төгрөгөөр худалдаж авахаар болсон.Гэрээг Сонгинохайрхан дүүрэгт байрлах нотариатаар батлуулж нийтдээ 13 сая төгрөгийг 2014 оны 7 дугаар сарын 4-ны өдрөөс 2014 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн хооронд төлсөн ба үлдэгдэл төлөх хугацааг 2015 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн дотор төлөх болсон байтал 2015 оны 1 дүгээр сараас эхлэн байнга дарамталж, утсаар ярьж, мессеж бичин мөнгөө нэхэж эхэлсэн.Бид анхны төлбөрийг хийхдээ авто машинаа Есөн Шижир ХХКомпанид явдаг зээл болгон зээл авч төлбөр төлсөн.Үүнээс хойш нийт 3 удаа зээл авч энэ төлбөрийг төлсөн ба төлөхөөр бэлдсэн байсан.Гэтэл Г.Дэмбэрэлцэцэг нь би хүнд зарах болсон, түлхүүр авчирч өг гэсэн, нөхөр бид хоёр байгаа газарт нь муу саналгүй шууд л түлхүүрийг нь хүргэж өгөхөд та хоёрын мөнгийг 7 хоногийн дотор гаргаж өгнө гэсэн боловч тэр оройдоо л ББСБ-д уг байшингаа алдсан, дотор нь байгаа новшоо ав гэсэн мессеж бичсэн.Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн хэлтэст хандсан, 2016 оны 10 дугаар сарын 11-ний өдөр шүүхийн эвлэрүүлэн зуучлах төвд хандсан боловч төлөх боломжгүй хугацаа хэрэгтэй гэсэн байсан.Дэмбэрэлцэцэг энэ байшинг биднээс өмнө болон дараа нь хүмүүст үнийг нь өсгөж зараад мөнгө өгч, аваад бидний мөнгийг ч тийм байдлаар шилжүүлж байснаа өөрөө ярьсан.Г.Дэмбэрэлцэцэгт бэлэнээр өгсөн 13 000 000 төгрөг, уг байшинг худалдаж авахад зориулсан зээлийн хүү болон алданги болох 5 213 000 төгрөг, уг байшингийн хаалга болон жижиг ажлуудад зориулсан 500 000 төгрөг, эвлэрүүлэн зуучлалын зардал 30 000 төгрөг, тэмдэгтийн хураамжийн 251 665 төгрөг нийт 18 999 400 төгрөгийг Г.Дэмбэрэлцэцэгээс гаргуулж өгнө үү гэжээ.

                 Нэхэмжлэгч М.Цэцэгтуяа шүүх хуралдаанд тайлбарлахдаа:Би 2014 оны 6 дугаар сарын сүүлчээр зар мэдээ сонинд гарсан зарын дагуу Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Баянголын аманд байрлалтай, Г.Дэмбэрэлцэцэгийн өмчлөлийн 400 метр квадрат газар, түүн дээр байгаа том, жижиг дутуу баригдсан 2 байшинг 26 000 000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцож, төлбөрийг график гарган  төлж, 2015 оны 6 дугаар сард бүрэн төлж дуусгахаар тохиролцсон бөгөөд графикийн дагуу 2014 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр эхний 13 000 000 төгрөгийг төлөөд графикт өөрчлөлт оруулж 2015 оны 6 дугаар сард үлдэгдэл 13 000 000 төгрөгийг өгөхөөр тохирсон.Энэ үед барилгын ажил дуусаагүй, тог цахилгаангүй, усгүй, засвар дуусаагүй, хүн амьдрах боломжгүй байсан.Би 2014 оны 7 дугаар сарын 4-ны өдөр 7 сая төгрөг өгөөд, дараа нь цувуулж 6 сая төгрөгийг дансаар болон бэлэнээр өгсөн.Бид 2014 оны 11 дүгээр сарын 14-ны өдөр гэрээнд өөрчлөлт оруулахдаа 11 200 000 төгрөгийг авсан гэж гарын үсгээ зурсан, үлдэгдэл 1 800 000 төгрөгийг 11 дүгээр сарын 30-нд төлсөн.Ингээд бид 2015 оны 6 дугаар сар хүртэл үлдэгдэл мөнгийг өгөхөөр тохиролцсон байтал Г.Дэмбэрэлцэцэг удаа дараа мөнгөө нэхэж байнга дарамтанд байлгах болсон.Г.Дэмбэрэлцэцэг 2015 оны 4 дүгээр сард утсаар яриад байрны түлхүүрээ буцааж авсан ба тэр өдрийн орой утсаар ярьж байшин дотор юмаа ав, тэр байшинг ББСБ-д тавиад алдсан гэхээр нь очтол цоожны голыг сольсон байсан.Ингээд Сонгинохайрхан дүүргийн Цагдаад өргөдөл өгөхөд 2015 оны 9 дүгээр сард хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.Үүнээс хойш удаа дараа Г.Дэмбэрэлцэцэгтэй ярихад байраа зарчихаад мөнгийг өгнө гэж байнга худлаа хэлсэн, би 1 жил хүлээсэн.Би энэ Г.Дэмбэрэлцэцэгээс газар, байшин худалдаж авахын тулд Есөн Шижир ХХКомпаниас 3 удаа зээл аваад нийт 5 130 00 төгрөгийн хүү, алданги төлсөн.Одоо Г.Дэмбэрэлцэцэгээс газар болон байшингийн үнэ гэж төлсөн 13 000 000 төгрөг, тэр байшинд бүргэд хаалга хийлгэсэн зардал 500 000 төгрөг, эвлэрүүлэн зуучлагчид төлсөн 30 000 төгрөг, Есөн Шижир ХХКомпанид төлсөн алдангийн 4 154 994 төгрөг нийт 17 684 994 төгрөгийг гаргуулахыг хүсэж байна.Тэр бүргэд хаалгыг Г.Дэмбэрэлцэцэгийн зааж өгсөн хүнээс очиж авч хийлгэсэн байгаа, үүнийг Г.Дэмбэрэлцэцэг хүлээн зөвшөөрдөг гэв.

                        Хариуцагч Г.Дэмбэрэлцэцэг шүүхэд гаргасан тайлбартаа:Би 2014 оны 6 дугаар сарын 10-ны үед Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Баянголын ам 23/3 тоот хашаа, 2 байшингаа 30 000 000 төгрөгөөр зарахаар Шуурхай зар сонинд зар өгсөний дагуу М.Цэцэгтуяа ирж уулзаад байр түрээслэж амьдардаг, эзэн нь байшингаа зарах болсон тул танай хашаа, байшинг худалдаж авья үнээ жаахан багасгаач гэж гуйхаар нь 26 000 000 төгрөгөөр зарахаар болсон.Энэ үед би осолд орж хүнд гэмтэл авсан, байнга хүний асрамжид байж 14 хоногт 192 000 төгрөгийн үнэтэй эм хэрэглэж байсан тул надад эмчилгээний зардал хэрэгтэй болоод зах зээлийн үнээс хямд зарахаар зар өгсөн.Миний 7х8 хэмжээтэй, мансардтай байшин, 4х5 хэмжээтэй байшин, блокон хашаа үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ байхгүй байсан тул 2014 оны 7 дугаар сарын 4-ны өдөр М.Цэцэгтуяатай харилцан тохиролцож “газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ” байгуулсан.Уг гэрээнд гэрээ байгуулах өдөр 7 000 000 төгрөг өгөхөөр тусгаж, энэ мөнгийг би бэлэнээр авсан.Үлдэгдэл төлбөрийг 2014 оны 10 дугаар сарын 4-ны өдөр 7 000 000 төгрөг, 2015 оны 3 дугаар сарын 1-ний өдөр 6 000 000 төгрөг, 2015 оны 6 дугаар сарын 1-ний өдөр 6 000 000 төгрөг тус тус өгөхөөр тохиролцсон ба төлбөрийг бүрэн төлж дуусаны дараа М.Цэцэгтуяагийн нэр дээр бүх гэрчилгээг шилжүүлэхээр тохиролцсон.Гэвч 2014 оны 10 дугаар сарын 4-ны өдрөөс 2014 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд 10 удаа тасалж 4 830 00 төгрөг өгсөн.Ийм байдлаар энэ хүнээс би 11 830 000 төгрөг авсан.Би энэ хүнд гэрээнд заасны дагуу мөнгөө өгөхийг шаардахад надад орлого орохгүй байна гэж хэлдэг байсан ба намайг өөрийг нь залилсан гэж СХД-ийн Цагдаад өгч шалгуулсан боловч уг хэргийг эрүүгийн гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй байна гэж хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.Би энэ хүнд хэрэв мөнгөө гүйцээж өгөөгүй бол би таниас авсан мөнгөө боломжоороо эргүүлэн хувааж төлье гэж хэлж Хан-Уул дүүргийн эвлэрүүлэн зуучлах төв дээр очиж уулзаад хэлсэн боловч надаас хүү нэмж авна, бага мөнгө авахгүй гэж хэлсэн.Би энэ хүний нэхэмжилж байгаа мөнгөнөөс 11 830 000 төгрөгийг эргүүлж өгөхийг зөвшөөрч байна гэжээ.

                 Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

                 Нэхэмжлэгч М.Цэцэгтуяа хариуцагч Г.Дэмбэрэлцэцэгт холбогдуулан Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Баянголын аманд байрлах хашаа, байшинтай газрыг худалдаж авахаар өгсөн 13 000 000 төгрөг, зээлийн хүү болон алдангид төлсөн 5 213 000 төгрөг, байшинд хаалга хийлгэсэн 500 000 төгрөг, эвлэрүүлэн зуучлагчид төлсөн 30 000 төгрөг нийт 18 994 400 төгрөг гаргуулах шаардлагыг шүүхэд гаргасан боловч нэхэмжлэгч М.Цэцэгтуяа шүүх хуралдаан дээр нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж, Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Баянголын аманд байрлах хашаа, байшинтай газрыг худалдаж авахаар Г.Дэмбэрэлцэцэгт өгсөн 13 000 000 төгрөг, Есөн Шижир ХХКомпаниас авсан зээлийн алдангид төлсөн 4 154 994 төгрөг, байшинд хаалга хийлгэсэн 500 000 төгрөг, эвлэрүүлэн зуучлагчид төлсөн 30 000 төгрөг нийт 17 684 994 төгрөгийг Г.Дэмбэрэлцэцэгээс гаргуулах шаардлага гаргаж байна.                                                                                                                

                 М.Цэцэгтуяа Г.Дэмбэрэлцэцэг нарын хооронд 2014 оны 7 дугаар сарын 4-ны өдөр Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ хийгдсэн байх бөгөөд энэхүү гэрээгээр Г.Дэмбэрэлцэцэг нь өөрийн эзэмшлийн Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Баянголын аманд байршилтай, 400 метр квадрат талбайтай газар болон уг газар дээрх 8х9 хэмжээтэй, мансардтай, 4х5 хэмжээтэй 2 байшин бүхий хөрөнгийг нийт 26 000 000 төгрөгөөр М.Цэцэгтуяад худалдахаар тохиролцсон байх бөгөөд энэхүү үйл баримтад талууд маргахгүй байна.

                    Дээрх гэрээнд тусгагдсан нэмэлт нөхцөлд М.Цэцэгтуяа нь 2014 оны 7 дугаар сарын 4-нд 7 000 000 төгрөг өгсөн, 2014 оны 10 дугаар сарын 4-нд 7 000 000 төгрөг, 2015 оны 3 дугаар сарны 1-ний өдөр 6 000 000 төгрөг, 2015 оны 6 дугаар сарын 1-ний өдөр 6 000 000 төгрөгийг тус тус Г.Дэмбэрэлцэцэгт төлж дууссаны дараа газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэх, газар дээр баригдсан 2 өвлийн сууц нь үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээгүй болно гэжээ.

                  Мөн энэхүү гэрээний доод хэсэгт “11 200 000 төгрөгийг авсан, 2014 оны 11 дүгээр сарын 28-нд 1 800 000 төгрөгийг авна, үлдсэн 13 000 000 төгрөгийг 2015 оны 6 дугаар сард бүрэн авна” гэж Г.Дэмбэрэлцэцэг бичсэн байна.

                   Улмаар Г.Дэмбэрэлцэцэг дээрх үл хөдлөх хөрөнгийг М.Цэцэгтуяад худалдсан хэлцэл хэрэгжих боломжгүйн улмаас худалдсан газар дээрх байшингийнхаа түлхүүрийг Г.Дэмбэрэлцэцэг 2015 оны 4 дүгээр сард буцаан авсныг гэрээнээс татгалзсан байна гэж үзэхээр байна.

                      Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-т заасны дагуу гэрээний аль нэг тал гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь харилцан буцааж өгөх үүрэг хүлээдэг бөгөөд нэхэмжлэгч Г.Цэцэгтуяа Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1-т зааснаар хариуцагч Г.Дэмбэрэлээс гэрээний гүйцэтгэлийн үлдэгдэл төлбөрийг шаардах эрхтэй байна.

                    Одоо талууд Г.Цэцэгтуяагийн дээрх хэцлийн дагуу Г.Дэмбэрэлцэцэгт өгсөн мөнгөний дүнгийн талаар маргаж байх бөгөөд мөн энэхүү хэлцлийн улмаар учирсан хохирол шаардсаныг хариуцагч зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

                  Дээрх хугацаанд нэхэмжлэгч М.Цэцэгтуяа нь Г.Дэмбэрэлцэцэгт 13 000 000 төгрөг өгсөн гэж тайлбарлан шаардаж байх бөгөөд Г.Дэмбэрэлцэцэг нь 11 830 000 төгрөгийг авсан гэх тайлбарыг шүүхэд гаргасан байна.

                 Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын 2015 оны 9 дүгээр сарын 1-ний өдрийн 282 дугаартай Эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай тогтоолд ”Би зуслангийн газраа М.Цэцэгтуяад 26 сая төгрөгөөр зарж борлуулсан, надад М.Цэцэгтуяа одоогийн байдлаар 12 500 000 төгрөг өгсөн” гэж Г.Дэмбэрэлцэцэг мэдүүлсэн байна.

                  Мөн тус шүүхийн эвлэрүүлэн зуучлагчид 2016 оны 10 дугаар  сарын 24-ны өдөр гаргасан тайлбартаа “Би М.Цэцэгтуяад 13 500 000 төгрөг өгөх нь үнэн” гэсэн байна.

                   Дээрх тайлбаруудаар үзэхэд Г.Дэмбэрэлцэцэг нь нэхэмжлэгчээс хэлцлийн дагуу 13 000 000 төгрөгийг хүлээн авсан байна, мөн бүргэд хаалганы үнэ 500 000 төгрөгийг зөвшөөрсөн байна гэж үзэх үндэстэй байна.

                Нэгэнт талуудын тохиролсноор М.Цэцэгтуяа нь 13 000 000 төгрөгийг Г.Дэмбэрэлцэцэг өгсөн, үлдсэн 13 000 000 төгрөгийг 2015 оны 6 дугаар сард багтаан төлнө гэсэн байхад Г.Дэмбэрэлцэцэг нь 2015 оны 4 дүгээр сард хэлцлээсээ татгалзаж байна.      

          Иймээс М.Цэцэгтуяа нь Г.Дэмбэрэлцэцэгтэй хийсэн хэлцлийн дагуу үл хөдлөх хөрөнгийн үнийг төлөх зорилгоор Есөн Шижир ХХКомпаниас 2014 оны 7 дугаар сарын 3-ны өдөр 7 000 000 төгрөг зээлсэн байх бөгөөд үүнийгээ 2014 оны 10 дугаар сарын 8-ны өдөр 11 000 000 төгрөг болгож, мөн 2015 оны 2 дугаар сарын 17-ны өдөр 8 000 000 төгрөг болгож өөрчлөн хэлцэл хийсэн байх бөгөөд энэхүү зээлийн алдангид М.Цэцэгтуяагийн төлсөн 4 154 994 төгрөгийг зохигчдын хооронд хийгдсэн хэлцлээс үүссэн хохиролд тооцох үндэстэй байна.          

 Учир нь Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-т зааснаар          Г.Дэмбэрэлцэцэгийн гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар нэхэмжлэгч шаардах эрхтэй байх тул нэхэмжлэгчийн зээлийн алдангид төлсөн 4 154 994 төгрөг, эвлэрүүлэн зуучлах үйлчилгээнд төлсөн 30 000 төгрөгийн хохирлыг Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3-т заасан эд хөрөнгийн алдагдал байх тул энэхүү алдагдлыг Г.Дэмбэрэлцэцэг хариуцах үүрэгтэй байна.

          Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид  252 947 төгрөг төлөхөөс 251 665 төгрөг төлсөн байх тул дутуу төлсөн 1282 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулан улсын төсвийн орлогод, хариуцагч Г.Дэмбэрэлцэцэгээс улсын тэмдэгтийн хураамжийн 246 374 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.

          Хариуцагч Г.Дэмбэрэлцэцэг нь 2017 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн шүүх хуралдаанд оролцож, өмгөөлөгч авах хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч энэ үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулж, хурлын товыг хүлээн Г.Дэмбэрэлцэцэг авсан боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй тул нэхэмжлэгчийн хүсэлтийг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагчийн эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

              

          1.Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 227 дугаар зүйлийн 227.3-т   зааснаар Гэндэнжамцын Дэмбэрэлцэцэгээс 17 684 994 /арван долоон сая зургаан зуун наян дөрвөн мянга есөн зуун ерэн дөрвөн/ төгрөгийг гаргуулан Мөнхөөгийн Цэцэгтуяад олгосугай.

          2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т заасныг баримтлан М.Цэцэгтуяагийн улсын тэмдэгтийн хураамжид 251 665 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, М.Цэцэгтуяагаас 1282 /нэг мянга хоёр зуун наян хоёр/ төгрөгийг гаргуулан улсын төсвийн орлогод, хариуцагч Г.Дэмбэрэлцэцэгээс 246 374 /хоёр зуун дөчин зургаан мянга гурван зуун далан дөрвөн/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч М.Цэцэгтуяад олгосугай.           

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй  болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэрийг зохигчид гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             З.ДОРЖНАМЖИН