Улсын дээд шүүхийн Тогтоол

2020 оны 05 сарын 25 өдөр

Дугаар 266

 

М.М-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор О.Сарангэрэл, шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Оюунчимэг, С.Нургайып, нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  2019 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 183 дугаар шийтгэх тогтоол, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 03 дугаар магадлалтай, М.М-д холбогдох 1813002830168 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Оюунчимэг, С.Нургайып нарын хамтран гаргасан гомдлыг үндэслэн 2020 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Амарбаясгалангийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1983 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр Баян-Өлгий аймгийн Цэнгэл суманд төрсөн, эрэгтэй, 37 настай, бага боловсролтой,

урьд Баян-Өлгий аймаг дахь сум дундын шүүхийн 2010 оны 02 дугаар 11-ний 13 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар 2 сарын хугацаагаар баривчлах ял шийтгүүлж байсан Б овогт М-ын М нь

2018 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын 1-р багийн нутаг дэвсгэрт өөрийн гэртээ бага насны хүүхэд болох 11 сартай Т.Л-г орон доогуур шидсэн, орой нь ээж болох С.Т-тэй марган хүүхдийн бугуйнаас барьж савсан, 2018 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр хүүхдийг ор түшүүлж хүчээр зогсоох үед толгойгоороо газар мөргөж унасны дараа хоёр хөлний шилбэнээс барьж толгойг нь доош тонгойлгож савсан, өдөр нь хүүхэд сэрээд уйлахад нь хэд, хэдэн удаа алгадаж зодсоны улмаас Т.Л нь тархины битүү хүнд хавсарсан гэмтэл болон олон эрхтний хүнд хавсарсан гэмтлийн улмаас нас барж, энэ хэргийг онц харгис хэрцгийгээр, хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй бага насны хүүхэд болохыг мэдсээр байж гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүнийг алсан гэмт хэрэгт холбогджээ.

Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх “... шүүгдэгч М.М-ийг “онц харгис хэрцгийгээр хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй, бага насны хүүхэд болохыг мэдсээр байж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүнийг алах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.1, 2.7, 2.8-д зааснаар шүүгдэгч М.М-ийг 18 /арван найм/ жил хорих ял шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.М-д оногдуулсан хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.М-ийн цагдан хоригдсон 453 хоногийг түүний эдлэх ялд нь оруулан тооцож” шийдвэрлэсэн байна.

Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх “... шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч М.М, түүний өмгөөлөгч Н.Оюунчимэг нарын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Оюунчимэг гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “... Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан “Шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн”, мөн зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн” үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргасан. Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч Е.У, Б.Г, насанд хүрээгүй гэрч Ж.С нарын мэдүүлэг өөрчлөгдсөн бөгөөд шат шатны шүүх нотлох баримтыг үнэлэх журмыг зөрчсөн. Гэрч нарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлгийг нотлох баримтаар тооцож, шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгийг хэрхэн үгүйсгэсэн талаар дүгнэлт хийгээгүй. Дээрх гэрч нарыг шүүх хуралдаанд оролцуулах хүсэлтийг удаа дараа гаргаж байсан болох нь хэрэгт авагдсан баримтуудаас харагдана. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын үед гэрчийн гаргасан мэдүүлэг нь шүүхэд гаргасан мэдүүлгээс зөрсөн тохиолдолд хэргийн байдлыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн тогтоохын тулд хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүх хуралдааны үед гэрчийн өгсөн мэдүүлгийг шүүх хуралдаанд уншин сонсгож болно” гэж заасныг зөрчсөн. Мөн шинжээчийн 35 дугаар дүгнэлт нь мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаанд шинжээч эмчийн удаа дараа өгсөн мэдүүлгээр эргэлзээтэй нөхцөл байдлыг бий болгож байгаа тул нэмэлт шинжилгээ хийлгэхээр олон удаа хүсэлт гаргасан боловч үндэслэлгүйгээр татгалздаг. 2018 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр шинжээч томилсон прокурорын тогтоолыг 09 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авсан боловч цогцост 2018 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр үзлэг хийж, ар гэрт нь хүлээлгэж өгсөн байна. Иймд 2018 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр задлан шинжилгээ хийхэд шинжилгээний объект байгаагүй нөхцөл байдал харагдаж байна. Шинжээчийн дүгнэлт нь эргэлзээтэй буюу шинжээч эмч дүгнэлтээ хамгаалсан мэдүүлэг өгч чаддаггүй. Бүх дотор эрхтэн няцарсан гэх дүгнэлт гарсан боловч хэвлийд сул шингэн үүсээгүй байдаг. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан нотолбол зохих асуудлыг бүрэн тогтоогоогүй, хэт нэг талыг баримталж мөрдөн шалгах ажиллагаа явуулсан. Баян-Өлгий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн шүүх хуралдаан дээр хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өгсөн “Хүүхдийг М.М машины копуднаас унагаасан, түүнийг би харсан” гэх мэдүүлгийг шалгах ажиллагаа хийлгэхээр удаа дараа хүсэлт гаргасан боловч хангахаас татгалзсаар ирсэн. Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 183 дугаар шийтгэх тогтоолд “хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өгсөн мэдүүлэг нь нотлох баримтуудаар үгүйсгэгдсэн гэж дүгнэсэн нь ойлгомжгүй байна.

Иймд шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцааж өгнө үү” гэв.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч С.Нургайып  гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “...М.М-т холбогдох хэргийг шалгахдаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчлийг удаа дараа гаргасан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “шүүх, прокурор, мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийн заалтыг чанд сахина” мөн зүйлийн 2 дахь хэсэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хэрэгжүүлж байгаа этгээд энэ зүйлийн 1 дэх хэсгийг зөрчвөл түүний гаргасан шийдвэрийг энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу хүчингүйд тооцож, хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ” гэж хуульчилсан. Гэрчийн мэдүүлгийг хууль бусаар авсан буюу гэрч нарыг шүүх хуралдаанд оролцуулахад айлган сүрдүүлж мэдүүлэг авсан болох нь тогтоогдсон. Гэтэл шүүх хууль бусаар авсан мэдүүлгийг үндэслэж шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон. Мөн шинжилгээний объектийг ар гэрт нь хүлээлгэн өгсний дараа буюу хүүхдийг оршуулсны дараа дүгнэлт гаргасан нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил болсон. Шинжээч хойшлуулшгүй ажиллагааны журмаар шинжилгээ хийх хуулийн зохицуулалт байхгүй. Мөн хэргийг шалгахдаа зөвхөн нэг талыг баримталсан. Гэрч нар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч амь хохирогчтой зүй бусаар харьцдаг байсан талаар удаа дараа мэдүүлсэн. Шүүх тус мэдүүлэгт дүгнэлт өгөөгүй, анхаарал хандуулаагүй. Зөвхөн шүүгдэгчийн мэдүүлгийг үндэслэж онц ноцтой гэмт хэрэгт буруутгасан нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн. Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрүүдийг хүчингүй болгож хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж өгнө үү” гэв.

Хяналтын шатны шүүх хуралдаанд оролцсон хяналтын прокурор О.Сарангэрэл хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ “... Шүүгдэгч нь М.М нь хүүхдийг ор түшүүлж хүчээр зогсоох үед толгойгоороо газар мөргөж унасны дараа хоёр хөлний шилбэнээс барьж толгойг нь доош тонгойлгож савсан, сэрээд уйлахад нь хэд, хэдэн удаа алгадаж зодсоны улмаас Т.Лаура нь тархины битүү хүнд хавсарсан гэмтэл болон олон эрхтний хүнд хавсарсан гэмтлийн улмаас нас барж, энэ хэргийг онц харгис хэрцгийгээр, хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй бага насны хүүхэд болохыг мэдсээр байж гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж амь насыг хохироож, хүнийг алсан үйл баримт хавтас хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон. Гэрч Е.У, Ж.С нар шүүгдэгчийн садангийн хүмүүс учир мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлгээс буцсан нөхцөл байдал харагдаж байна. Тэдний мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өгсөн мэдүүлэгтэй тохирч буй учир шүүх нотлох баримтаар үнэлсэн нь үндэслэлтэй. Шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байна. Иймд шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Оюунчимэг, С.Нургайып нарын хамтран гаргасан гомдлыг үндэслэн М.М-д холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн эсэх болон шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

М.М нь 2018 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт өөрийн гэртээ бага насны хүүхэд болох 11 сартай Т.Л-г орон доогуур шидсэн, орой нь ээж болох С.Т-тэй марган хүүхдийн нэг талын бугуйнаас нь барьж савсан, 2018 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр хүүхдийг ор түшүүлж хүчээр зогсоох үед толгойгоороо газар мөргөж унасны дараа хоёр хөлний шилбэнээс барьж толгойг нь доош тонгойлгож савсан, өдөр нь хүүхэд сэрээд уйлахад нь хэд, хэдэн удаа алгадаж зодсоны улмаас Т.Л нь “тархины битүү хүнд хавсарсан гэмтэл болон олон эрхтний хүнд хавсарсан” гэмтлийн улмаас нас барж, энэ хэргийг онц харгис хэрцгийгээр, хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй бага насны хүүхэд болохыг мэдсээр байж гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж амь насыг хохироож, хүнийг алах гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдсон талаарх анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.

Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд М.М-ийн гэм бурууг хянан хэлэлцэж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үндэслэн түүний үйлдсэн хэргийн үйл баримтыг тогтоож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.7, 2.8-д заасан гэмт хэргийн шинжид хамаарч байгааг зөв тайлбарлан, хэргийн зүйлчлэлийн талаар үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байна.

Мөн түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээг зөв баримтлан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, хор уршгийн хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэж 18 жил хорих ял оногдуулж, уг ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэснийг буруутган өөрчлөх хууль зүйн үндэслэлгүй гэж үзлээ.

Шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлд заасан хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй бөгөөд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлал нь хууль ёсны ба үндэслэл бүхий байх шаардлагыг бүрэн хангажээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч нарын гаргасан “... шүүх гэрч Е.У, гэрч Б.Г, насанд хүрээгүй гэрч Ж.С нарын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг, шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгт дүгнэлт өгөөгүй, М.М-ийн удаа дараа өгсөн “хүүхдийг машины копутнаас унагаасан” гэх мэдүүлгийг шалгах ажиллагаа хийлгэхээр хүсэлт гаргасан боловч хангаагүй, шинжээчийн 35 дугаар дүгнэлт нь эргэлзээтэй нөхцөл байдлыг бий болгодог” гэх агуулга бүхий гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй гэж үзэв.

Учир нь шүүхийн хэлэлцүүлэг гэрч Е.У шүүхийн хэлэлцүүлэгт “... би М.М-н хүргэн нь тухай үед болоогүй байсан, мөрдөн байцаалтын үед мөрдөгч М миний хавирга руу яагаад хэлэхгүй байна, чи хэлэх ёстой гээд цохисон, мөн гарын үсэг зурахгүй бол ял шийтгэл эдлүүлнэ гэж хэлсэн, өмнө өгсөн мэдүүлэг худал”, гэрч Б.Г “... 2018 оны 09 дүгээр сарын 03-04-нд М.М хүүхдээ зодоогүй, харин хүүхдийн хөлд оруулах тухай ярьж байсан, Т.Л өмнө нь шатнаас унасан, би энэ тухайгаа мөрдөн байцаалтад хэлэх гэсэн боловч миний үгийг огт сонсоогүй”, насанд хүрээгүй гэрч Ж.С “... М.М ах хүүхдээ хөлийг нь доош харуулаад өргөөд явж байсан гэж мэдүүлэг өгөөгүй, цагдаагийн газарт мэдүүлэг аваад уншиж өгөөгүй, хүчээр гарын үсэг зуруулсан, намайг харанхуй өрөөнд хорино гэж айлгасан” гэж тус тус мэдүүлсэн байх боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад энэ талаар хандсан санал, хүсэлт, гомдол баримт хэрэгт авагдаагүйн дээр бусад баримтаар нотлогдож тогтоогдохгүй байна.  

Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35.16 дугаар зүйлд зааснаар гэрч Е.У, гэрч Б.Г, насанд хүрээгүй гэрч Ж.С нарын мэдүүлгийг шинжлэн судалж, тэдгээрийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлгийг үнэлсэн нь хууль зөрчөөгүй болно.

Түүнчлэн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Т-ийн мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг нь хэргийн үйл баримт, агуулгын зөрүүгүй бөгөөд мэдүүлгийн эх сурвалж нь хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрч Е.М-н “... эмч аваад эхнэрийн хамт М.М-ийн гэрт очиход С.Т ганцаараа унтаагүй байсан, бусад хүмүүс унтаж байсан, эмч хүүхдийг үзээд нас барсан байна гэсэн, тэгтэл С.Т хүүхдийг эд нар зодож алсан, намайг ч гэсэн зодоод миний бие зулбалт өгч байна гэж хэлсэн”, гэрч Ш.Е-н “... гэрийн зуухны хажууд зээ охин болох талийгаач Т.Л-г гудсанд ор засаж хэвтүүлсэн байсан ба хүүхдийн их эмч Сьезд үзээд нас барсан байна гэдгийг хэлсэн, тэр үед С.Т бид нарт хандаж хүүхдийг эд нар зодож алсан, намайг ч гэсэн зодсон гэдгийг хэлж уйлсан”, гэрч Х.С-н “... миний бие хүүхдийг үзэхэд хүүхдийн бие нь хөрч, хөшиж нас барсан байсныг мэдсэн, гэрт унтаж байсан 8 хүнээс нэг ч хүн босч ирээд гашуудаж эмгэнэл, илэрхийлээгүй”, гэрч М.Е-н “... гэрч ороход Мугражын эхнэр уйлж байсан, гэрийн зуухны хажууд бага насны хүүхдийг хэвтүүлсэн байсан ба эмч энэ хүүхэд нас барсан гэж хэлсэн”, гэрч К.Ө-ийн “... нас барсан хүүхдийн ээж болох С.Т хүүхдийг нөхөр нь зодож амь насыг нь хохироосон гэж хэлж байсан учир миний бие энэ асуудлын талаар цагдаагийн байгууллагад мэдэгдсэн” гэх мэдүүлэг, Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 35 дугаартай дүгнэлт зэргээр давхар нотлогдон тогтоогдсон гэж үзнэ.

Мөн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Т-ийн “... 2018 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр Л-ийн хамар болон толгойн хэсгээс цус гарсан асуудал байхгүй, М.М энэ хүүхэд яагаад байнга уйлаад байдаг юм бэ гэж загнаж хүүхдийн ар нуруу, толгойн дагз хэсгээр газар хаяхад хүүхэд бид хоёрын унтдаг орны доогуур орсон байсан, хүүхдийг машины копуд дээр суулгаж байхыг хараагүй”, шинжээч эмч К.Х-ын “... хүүхдийн биед учирсан олон тооны хавсарсан гэмтлүүд нь зүгээр нэг өөрийн жингээр ойчих үед үүсэх гэмтэл биш, уг гэмтлүүд мохоо зүйлээр цохих, түлхэх, шидэх, хаях үед үүсэх гэмтлүүд, Т.Л-ийн биед үүссэн гэмтэл нь эрхтэн болгоныг бүхэлд нь хамарсан биш хэсэгчилсэн үүссэн учраас энэ нь өнхөрч унах үед үүсэх гэмтэл биш” гэх мэдүүлгүүд болон цогцост үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар М.М-ийн “хүүхдийг машины копутнаас унагаасан” үйлдлийг хүлээн зөвшөөрч байна гэх мэдүүлэг үгүйсгэгдэж байна.

Хэрэгт авагдсан Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 35 дугаартай дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Шүүхийн шинжилгээний тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдаж, шинжээч өөрийн тусгай мэдлэгийн хүрээнд гаргасан ба уг дүгнэлтэд эргэлзээ төрүүлэхээр нөхцөл байдал тогтоогдоогүй болно. Түүнчлэн Баян-Өлгий аймгийн прокурорын газрын ерөнхий прокурор Т.Батсүхээс ирүүлсэн шинжээч эмч К.Х-ыг шүүх хуралдаанд оролцуулах хүсэлтийг анхан шатны шүүх хүлээн авч, шүүхийн хэлэлцүүлэгт шинжээч эмч К.Х гаргасан дүгнэлтийн хүрээнд мэдүүлэг, тайлбар гаргасан болохыг дурдах нь зүйтэй.

Иймд шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Оюунчимэг, С.Нургайып нарын хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1-д заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  2019 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 183 дугаар шийтгэх тогтоол, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын  28-ны өдрийн 03 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээсүгэй.

2. Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Оюунчимэг, С.Нургайып нарын хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

 

                                      ДАРГАЛАГЧ                                                Б.ЦОГТ

                                     ШҮҮГЧ                                                          Б.АМАРБАЯСГАЛАН

                                                                                                           Д.ГАНЗОРИГ

                                                                                                           Ч.ХОСБАЯР

                                                                                                           Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН