Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 07 сарын 24 өдөр

Дугаар 210/МА2017/01662

 

 

 

 

 

2017 07 24

1662

 

 

С.Соёлмандахын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Ч.Цэнд, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 183/ШШ2017/01177 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч С.Соёлмандахын нэхэмжлэлтэй хариуцагч Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн танхимд холбогдох

Ажилгүй байсан 82 хоногийн цалин олговорт 3 205 872 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх, 2016 оны 12 дугаар сарын үлдэгдэл цалин 858 500 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч С.Соёлмандах, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Жанчив, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхтүвшин, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Цолмон нар оролцов.

Нэхэмжлэгч С.Соёлмандахын нэхэмжлэлийн шаардлага болон тайлбарт: Миний бие Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимд даргын жолоочоор ажиллаж байгаад 2015 оны 11 сарын 03-ны өдөр ажлаасаа үндэслэлгүй халагдсан тул Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 78 дугаар шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар намайг Захиргаа хүний нөөцийн газрын жолоочийн ажилд эгүүлэн тогтоож шийдвэрлэсэн. Гэтэл хариуцагч нь хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг биелүүлэлгүйгээр 2016 оны 05 дугаар сар хүртэл намайг ажилд эгүүлэн аваагүй тул Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд хандсанаар хариуцагч 2016 оны 05 дугаар сарын 25-ны өдөр Б/115 дугаар тушаал гаргаж танхимын захиргаа, аж ахуйн газрын туслах ажилтнаар томилон ажиллуулж эхэлсэн. Өөрөөр хэлбэл хариуцагч хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг сайн дураар нэн даруй биелүүлээгүйгээс миний бие шүүхийн шийдвэр гарсан өдрөөс хойш 2016 оны 05 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл ажлын 82 хоногийн хугацаанд эрхэлсэн ажилгүй цалин мөнгөөрөө хохирч байна. Хариуцагч нь 1078 дугаар шийдвэрийн дагуу Танхимын Захиргаа, аж ахуйн газрын туслах ажилтнаар томилж ажилд авсан цагаасаа миний хөдөлмөрлөх эрхэд халдаж ажлаа чөлөөтэй хийх нөхцөл боломжоор хязгаарлаж байсан бөгөөд 2016 оны 12 дугаар сарын үлдэгдэл цалин болох 858 500 төгрөгийг үндэслэлгүйгээр суутган, Хөдөлмөрийн гэрээ болон Хөдөлмөрийн тухай хуулиар хүлээсэн үүргээ ноцтой зөрчсөн үйлдлийг гаргаж байна. Иймд 2016 оны 01 дүгээр сарын 29-нөөс 05 дугаар сарын 25-ныг хүртэл ажилгүй байсан 82 хоногийн цалин 3 205 872 төгрөг нөхөн гаргуулж тухайн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх, 2016 оны 12 дугаар сарын үлдэгдэл цалин 858 500 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн танхимын тайлбарт: С.Соёлмандахын нэхэмжлэлийн үндэслэл болон шаардлага нь хууль зүйн үндэслэлгүй буюу шаардах эрхгүй байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 129.1-д зааснаар нэхэмжлэгч өөрийн эрх зөрчигдсөн гэж үзсэн бол 2016 оны 08 дугаар сарын 25-ны өдрийг хүртэлх хугацаанд 2016 оны 01 сарын 29-ний өдрөөс 2016 оны 05 сарын 25-ны өдрийг хүртэлх цалин хөлс 3 205 872 төгрөгийн талаарх гомдлоо гаргах боломжтой байсан. Хуульд нарийвчлан заасан хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн нэхэмжлэгчийн шаардлагыг Иргэний хуулийн 82.1-д заасанчлан татгалзах эрхтэй юм. С.Соёлмандахын хувьд 2015 оны 11 сард амаар хүсэлт гарган ажил олгогчоос 1 485 000 төгрөгийн тэтгэмж авч ажлаас гарсан бөгөөд түүнийгээ хожим нь үгүйсгэж шүүхэд хандсан байсан. Ёс зүйн хувьд энэ нь эс хүлцэж болох асуудал боловч бид шүүхийн шийдвэрийг хүлээн авч ажилласан. Нэхэмжлэгчийн сарын үндсэн цалин нь 600 000 төгрөг бөгөөд Хөдөлмөрийн дотоод журамд заасны дагуу ажил олгогч нь сар бүр 2 хувааж цалин хөлс олгодог. МҮХАҮТ нь ажилтнууддаа удирдлагын шийдвэрээр 13 дахь сарын цалинг олгож болдог. Ажилтнуудад урамшуулал олгохоор төлөвлөж байсан 13 дахь сарын цалингийн зарим хэсгийг удирдлагын зүгээс эрх хэмжээнийхээ хүрээнд олгохгүй байхаар шийдвэрлэсэн. Үүнд нэхэмжлэгчийн 2016 оны 12 дугаар сарын үлдэгдэл цалин гэх 858 500 төгрөгийн 600 000 төгрөг нь 13 дахь сарын цалин, 258 500 төгрөг нь 12 дугаар сарын сүүл цалин бөгөөд энэхүү 258 500 төгрөгийг 2015 оны 11 сард тэтгэмж болгон олгосон 3 сарын тэтгэмжийг барагдуулахаар суутган авсан. Дээрх 13 дахь сарын цалин хөлс нь заавал олгогдох ёстой цалин хөлс бус, удирдлагын шийдвэрээр олгож болох урамшуулал юм. Танхим нь хөдөлмөрийн гэрээнд заасан цалин хөлсийг ажилтнууддаа саадгүй олгож ирсэн бөгөөд нэхэмжлэгчийн хууль зүйн үндэслэлгүй нэхэмжпэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимаас нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны болон олгогдоогүй цалин олговорт 4 064 372 /дөрвөн сая жаран дөрвөн мянга гурван зуун далан хоёр/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож,

Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-д зааснаар нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, баталгаажилт хийхийг хариуцагчид даалгаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс хураамжид төлсөн 79 980 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас хураамжид 79 980 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхтүвшин давж заалдах гомдолдоо: Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1, 129.2.-т зааснаар ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлснээс бусад тохиолдолд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш 3 сарын дотор гомдлоо зохих журмаар гаргах эрхтэй буюу нэхэмжлэгч С.Соёлмандах нь 2016 оны 08 дугаар сарын 25-ны өдрийг хүртэлх хугацаанд гомдлоо гаргах эрхтэй байсан ч хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн байна. Гэтэл анхан шатны шүүх Иргэний хуулийн 369 дүгээр зүйлийн 369.3-т заасныг буруу тайлбарлан хэрэглэж нэхэмжлэгчийг шаардах эрхтэй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Энэхүү заалт нь "хуульд өөрөөр заагаагүй бол" гэсэн хуулийн урьдчилсан нөхцлийг заасан бөгөөд Хөдөлмөрийн тухай хуульд хөөн хэлэлцэх хугацааг "3 cap" хэмээн өөрөөр зааж, хуулиар тогтоосон байхад шүүх зөвхөн нэхэмжлэлийн шаардлагыг хангахын тулд хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэнд гомдолтой байна. Тухайн харилцааг нарийвчлан зохицуулсан хуульд заасан хэм хэмжээг зөрчиж, шаардах эрхгүй нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч тал эс зөвшөөрч "хуульд зааснаар үүрэг гүйцэтгэхээс татгалзаж болох" хариуцагчийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг шүүх зөрчсөн болно. Нэхэмжлэгч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1, 129.2-т зааснаар ажилгүй байсан хугацааны цалин хөлсний асуудлаар гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаагаа хэтрүүлсэн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Хариуцагч нь С.Соёлмандахтай байгуулсан Хөдөлмөрийн гэрээний дагуу сарын 600 000 төгрөгийн цалин хөлс олгохоор тохиролцсон ба хариуцагч талын тайлбарт дурдсан буюу 13 дахь сарын цалинг олгох үүрэг хүлээгээгүй болно. Түүнчлэн хавтаст хэрэгт хариуцагч талаас гаргаж өгсөн нэхэмжлэгчийн цалин хөлсний дэлгэрэнгүй баримт нь уг маргаантай холбоотойгоор 13 сарын цалинг тооцвол зохих тооцоог гаргаж өгсөн болохоос энэ цалин хөлсийг олгоно гэж тооцсон асуудал биш юм. Шүүх хуралдааны явцад асуулт хариултын шатанд нэхэмжлэгч нь 858 500 төгрөгийг илүү цагаар ажилласан цалин хөлс гэж тайлбарласан ч шүүх түүнд дүгнэлт хийгээгүй. Нэхэмжлэгч нь уг 858 500 төгрөгийн цалин хөлсийг зайлшгүй шаардах эрхтэй гэдгээ нотлоогүй, түүний үндэслэлийг бүрэн тодорхойлоогүй байхад анхан шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэнд гомдолтой байна. Иймд шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч С.Соёлмандах нь хариуцагч Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимд холбогдуулан ажилгүй байсан 82 хоногийн цалинтай тэнцэх олговорт 3 205 872 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх, 2016 оны 12 дугаар сарын үлдэгдэл цалинд 858 500 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Анхан шатны шүүх маргаан бүхий асуудлаар шүүхэд гомдол гаргах эрхийн талаарх хугацааг Хөдөлмөрийн тухай хуулиар нарийвчлан зохицуулсан байхад нэхэмжлэгчийн шүүхэд гомдол гаргах хугацааг Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д заасан хугацаагаар тооцож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3 дахь хэсэгт заасан хууль хэрэглээний үндсэн зарчимд нийцээгүй байна.

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 1078 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 783 дугаар магадлалаар нэхэмжлэгч С.Соёлмандахыг Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын Захиргаа хүний нөөцийн газрын жолоочийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 2 345 760 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэний дагуу хариуцагч Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим нь нэхэмжлэгч С.Соёлмандахыг 2016 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн Б/115 тоот тушаалаар Захиргаа, аж ахуйн газрын туслах ажилтнаар томилсон байх бөгөөд нэхэмжлэгч нь 2016 оны 01 дүгээр сарын 29-ний өдрөөс 2016 оны 05 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл хугацаанд ажилгүй байсан үеийн цалинд 3 205 872 төгрөг гаргуулахаар шаардаж, 2016 оны 05 дугаар сарын 25-ны өдрөөс хойш 3 сарын дотор гомдол гаргах байтал 10 сарын дараа 2017 оны 03 дугаар сарын 23-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан нь хуулийн үндэслэл муутай байна.

 

Иргэний хуулийн 369 дүгээр зүйлийн 369.3 дахь хэсэгт хуульд өөрөөр заагаагүй бол хөдөлмөрийн гэрээнд энэ хуулийн ерөнхий үндэслэлийг хэрэглэнэ гэж зохицуулсан ба Хөдөлмөрийн тухай хуульд Иргэний хуулийн зохицуулалтыг баримтлах талаар тухайлан заагаагүй тул энэ талаарх хариуцагчийн давж заалдах гомдол үндэслэлтэй.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.5-д зааснаар ажилтныг буруу халсан буюу шилжүүлсэн үеийн олговортой холбоотой асуудлаар гарсан маргаан нь шүүхээр хянан шийдвэрлэх маргаанд хамаарах бөгөөд нэхэмжлэгч нь дээрх гомдлоо мөн хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт заасан гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн байна.

 

Мөн 2016 оны 12 дугаар сарын үлдэгдэл цалин 858 500 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг дээр дурдсан үндэслэлээр хангахгүй.

 

Нэхэмжлэгч нь хүндэтгэн үзэх шалтгааны улмаас шүүхэд гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн баримт хэрэгт авагдаагүй, гомдол гаргах хугацааг шүүхээс сэргээлгэх талаар хүсэлт гаргаагүй байна.

 

Иймд нэхэмжлэгчийг Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт заасан хугацааг хэтрүүлсэн гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, С.Соёлмандахын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Хан-Уул дүүргийн 2017 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 183/ШШ2017/01177 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимд холбогдуулан ажилгүй байсан 82 хоногийн цалин олговорт 3 205 872 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх, 2016 оны 12 дугаар сарын үлдэгдэл цалинд 858 500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч С.Соёлмандахын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 79 980 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БАТЗОРИГ

 

ШҮҮГЧИД Ч.ЦЭНД

 

А.МӨНХЗУЛ