Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 05 сарын 22 өдөр

Дугаар 183/ШШ2017/01177

 

2017 оны 05 сарын 23 өдөр                   Дугаар 183/ШШ2017/01177                             Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Эрдэнэчимэг даргалж, шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, 13 хороолол, 15 хороо, 9 байр 16 тоотод оршин суух, Тоодон халх овогтой Саруулын Соёлмандахын /РД:ХЙ84081311/ нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, Махатма гандийн гудамж, өөрийн байр, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимд холбогдох, ажилгүй байсан 82 хоногийн цалин олговорт 3.205.872 төгрөгийг гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх, 2016 оны 12 дугаар сарын үлдэгдэл цалинд 858.500 төгрөг, нийт 4.064.372 /дөрвөн сая жаран дөрвөн мянга гурван зуун далан хоёр/ төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч С.Соёлмандах, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Жанчив, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхтүвшин, нарийн бичгийн дарга О.Анхбаяр нар оролцов.     

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимд даргын жолоочоор ажиллаж байгаад 2015 оны 11 сарын 03-ны өдөр ажлаасаа үндэслэлгүй халагдсан тул Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 1 дүгээр сарын 29-ны өдрийн 78 дугаар шийдвэрээр Хедөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар намайг Захиргаа хүний нөөцийн газрын жолоочийн ажилд эгүүлэн тогтоож шийдвэрлэсэн. Гэтэл хариуцагч нь хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг биелүүлэлгүйгээр 2016 оны 5 дугаар сар хүртэл намайг ажилд эргүүлэн аваагүй тул Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд хандсанаар хариуцагч 2016 оны 5 дугаар сарын 25-ны өдөр Б/115 дугаар тушаал гаргаж танхимын захиргаа, аж ахуйн газрын туслах ажилтнаар томилон ажиллуулж эхэлсэн. Өөрөөр хэлбэл хариуцагч хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг сайн дураар нэн даруй биелүүлээгүйгээс миний бие шүүхийн шийдвэр гарсан өдрөөс хойш 2016 оны 5 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл ажлын 82 хоногийн хугацаанд эрхэлсэн ажилгүй цалин мөнгөөрөө хохирч байна. Хариуцагч нь 1078 дугаар шийдвэрийн дагуу Танхимын Захиргаа, аж ахуйн газрын туслах ажилтнаар томилж ажилд авсан цагаасаа миний хөдөлмөрлөх эрхэд халдаж ажлаа чөлөөтэй хийх нөхцөл боломжоор хязгаарлаж байсан бөгөөд 2016 оны 12 дугаар сарын үлдэгдэл цалин болох 858.500 төгрөгийг үндэслэлгүйгээр суутган, Хөдөлмөрийн гэрээ болон Хөдөлмөрийн тухай хуулиар хүлээсэн үүргээ ноцтой зөрчсан үйлдлийг гаргаж байна. Учир нь манай байгууллага нь ажилчдын сарын цалинг сард 2 хувааж олгодог бөгөөд тухайн сарын эхний цалинг сарын бүрийн 15-ны өдөр үлдэгдэл цалинг ар бүрийн 30-ны өдөр тус тус олгодог. Иймд 2016 оны 1 дүгээр сарын 29-нөөс 5 дугаар сарын 25-ныг хүртэл ажилгүй байсан 82 хоногийн цалин 3.205.872 төгрөг нөхөн гаргуулж тухайн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх, 2016 оны 12 дугаар сарын үлдэгдэл цалин 858.500 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагчаас шүүхэд болон төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: С.Соёлмандахын нэхэмжпэлийн үндэслэл болон шаардлага нь хууль зүйн үндэслэлгүй буюу шаардах эрхгүй байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 129.1-д “Хөдөлмөрийн гэрээний талууд энэ хуулийн 129.2-т зааснаас бусад тохиолдолд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш 3 сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргах эрхтэй” гэж хуульчилсан байдаг ба нэхэмжлэгч өөрийн эрх зөрчигдсөн гэж үзсэн бол 2016 оны 8 дугаар сарын 25-ны өдрийг хүртэлх хугацаанд 2016.01.29-ний өдрөөс 2016.05.25-ны өдрийг хүртэлх цалин хөлс 3.205.872 төгрөгийн талаарх гомдлоо гаргах боломжтой байсан. Хуульд нарийвчлан заасан хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн нэхэмжлэгчийн шаардлагыг Иргэний хуулийн 82.1-д “Хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн бол үүрэг гүйцэтгэгч үүрэг гүйцэтгэхээс татгалзах эрхтэй” гэж заасанчлан татгалзах эрхтэй юм. С.Соёлмандахын хувьд 2015 оны 11 сард амаар хүсэлт гарган ажил олгогчоос 1.485.000 төгрөгийн тэтгэмж авч /мөн ажилгүйдлийн тэтгэмж авсан байхыг үгүйсгэхгүй/ ажлаас гарсан бөгөөд түүнийгээ хожим нь үгүйсгэж шүүхэд хандсан байсан. Ёс зүйн хувьд энэ нь эс хүлцэж болох асуудал боловч бид шүүхийн шийдвэрийг хүлээн авч ажилласан. Нэхэмжлэгчийн сарын үндсэн цалин нь 600.000 төгрөг бөгөөд Хөдөлмөрийн дотоод журамд заасны дагуу ажил олгогч нь сар бүр 2 хувааж цалин хөлсийг олгодог. МҮХАҮТ нь ажилтнууддаа удирдлагын шийдвэрээр 13 дахь сарын цалинг олгож болдог. Ажилтнуудад урамшуулал олгохоор төлөвлөж байсан 13 дахь сарын цалингийн зарим хэсгийг удирдлагын зүгээс эрх хэмжээнийхээ хүрээнд олгохгүй байхаар шийдвэрлэсэн. Үүнд нэхэмжлэгчийн 2016 оны 12 дугаар сарын үлдэгдэл цалин гэх 858.500 төгрөгийн 600.000 төгрөг нь 13 дахь сарын цалин, 258.500 төгрөг нь 12 дугаар сарын сүүл цалин бөгөөд энэхүү 258.500 төгрөгийг 2015 оны 11 сард тэтгэмж болгон олгосон 3 сарын тэтгэмжийг барагдуулахаар суутган авсан. Дээрх 13 дахь сарын цалин хөлс нь заавал олгогдох ёстой цалин хөлс бус, удирдлагын шийдвэрээр олгож болох урамшуулал юм. Танхим нь хөдөлмөрийн гэрээнд заасан цалин хөлсийг ажилтнууддаа саадгүй олгож ирсэн бөгөөд нэхэмжлэгчийн хууль зүйн үндэслэлгүй нэхэмжпэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү гэв.

 

Шүүх нэхэмжлэл, нэхэмжлэгчийн тайлбар, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

С.Соёлмандах нь Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимд холбогдуулан ажилгүй байсан 82 хоногийн цалин олговорт 3.205.872 төгрөгийг гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх, 2016 оны 12 дугаар сарын үлдэгдэл цалинд 858.500 төгрөг, нийт 4.064.372 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэл гаргажээ.

 

Нэхэмжлэгч нь шаардлагын үндэслэлээ хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг сайн дураар нэн даруй биелүүлээгүйгээс цалингаараа хохирсон гэж тайлбарлав.

 

Хариуцагч нь хуульд нарийвчлан заасан хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн тул Иргэний хуулийн 82.1-д зааснаар үүрэг гүйцэтгэхээс татгалзах эрхтэй гэж маргалаа.

 

С.Соёлмандахыг Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим нь хууль зүйн үндэслэлгүй ажлаас чөлөөлсөн үндэслэлээр Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх 2016 оны 1 дүгээр сарын 29-ны өдрийн 78 дугаар шийдвэрээр Захиргаа хүний нөөцийн газрын жолоочийн ажилд эгүүлэн тогтоожээ.

 

Хариуцагч тал шийдвэрийг эс зөвшөөрч хянуулахаар гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 783 дугаар магадлал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3-т зааснаар хуулийн хүчин төгөлдөр болсон байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлнэгэж, 11.2-т Шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй бол хуульд заасан үндэслэл, журмын дагуу албадан гүйцэтгэнэ гэж заасан байна.

 

Хариуцагч  байгууллага нь 2016 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн Б/115 дугаар тушаалаар нэхэмжлэгчийг ажилд нь эгүүлэн томилж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.1.2-т зааснаар хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэрийг биелүүлжээ.

 

Нэхэмжлэгч нь шүүхээс ажилд нь эгүүлэн тогтоосон өдрөөс хойш түүнийг урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн томилогдох хүртэл хугацааны цалин, олговрыг хариуцагчаас гаргуулахаар шаардах эрхтэй гэж үзлээ.

 

Хариуцагч нь хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж тайлбарлах ч Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-д заасан зохицуулалт нь ажлаас буруу халсан, өөр ажилд буруу шилжүүлснээс бусад тохиолдол буюу ажилтан хөдөлмөрлөх явцад ажил олгогчоос хөдөлмөрлөх эрхтэй холбоотой шийдвэрлэж буй бусад тохиолдлыг ойлгох тул хариуцагчийн татгалзал үндэслэлгүй юм.

 

Иргэний хуулийн 369 дүгээр зүйлийн 369.3-т хуульд өөрөөр заагаагүй бол хөдөлмөрийн гэрээнд энэ хуулийн ерөнхий үндэслэлийг хэрэглэнэ гэж заасан ба мөн хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацааг 3 жил гэж тодорхойлсон тул тухайн тохиолдолд энэ зохицуулалт хамаарна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д “ажлаас үндэслэлгүй халагдсан ажилтныг өмнө нь эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн тогтоосон шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг олгоно” гэжээ.

 

Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалаар батлагдсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын 7-д заасан ажилтны дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо ажилтны сүүлийн 3 сарын дундаж цалингаас тооцсон Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 1 дүгээр сарын 29-ны өдрийн 78 дугаар шийдвэрийг үндэслэн /1 хоногт 39.069 төгрөг/ нэхэмжлэгчийн ажилгүй байсан 82 хоногийн хугацааны цалин, олговорт 3.205.872 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-д заасны дагуу нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, баталгаажилт хийхийг хариуцагчид даалгах үндэслэлтэй. 

 

С.Соёлмандахыг Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим нь 2016 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн Б/115 дугаар тушаалаар Захиргаа, аж ахуйн газрын туслах ажилтнаар томилж, цалингийн Т6 зэрэг, дэв 4-өөр тогтоосноор сарын 600.000 төгрөгийн цалин авч ажилласан, энэ талаар талууд маргахгүй байна.

 

Нэхэмжлэгчийн цалингийн дэлгэрэнгүй баримтаар С.Соёлмандахад үндсэн болон нэмэгдэл цалинд 1.740.000 төгрөг олгогдохоос урьдчилгаанд 500.000 төгрөгийг олгож, шимтгэл, татвар, авлага, суутгал зэрэгт /174.000+149.600+26.300+31.600/ 381.500 төгрөгийг суутгаж, хариуцагч нь нэхэмжлэгчийн гарт 858.500 төгрөгийг олгох үүргээ биелүүлээгүй байна.

 

Дээрх баримтын үр дүнгийн шагнал 600.000 төгрөгийг хариуцагч тал ажилтнуудад урамшуулал олгохоор төлөвлөж байсан 13 дахь сарын цалингийн зарим хэсгийг удирдлагын зүгээс эрх хэмжээнийхээ хүрээнд олгохгүй байхаар шийдвэрлэсэн, 12 дугаар сарын сүүл цалинд олгогдох байсан 258.500 төгрөгийг 2015 оны 11 сард олгосон 3 сарын тэтгэмжийг барагдуулахаар суутган авсан гэж тайлбарлаж байгаа боловч энэ талаар баримт хэрэгт авагдаагүй байна.

 

Өөрөөр хэлбэл хариуцагчийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т заасан нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэх, татгалзах үндэслэл, түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, шүүхэд гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй гэж үзнэ.

 

Иймд дээрх үндэслэлүүдээр Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимаас ажилгүй байсан хугацааны цалин, олговорт 3.205.872 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, баталгаажилт хийхийг хариуцагчид даалган, 2016 оны 12 дугаар сарын үлдэгдэл цалин олговорт 858.500 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгон, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс хураамжид төлсөн 79.980 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас хураамжид 79.980 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох  нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимаас нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны болон олгогдоогүй цалин олговорт 4.064.372 /дөрвөн сая жаран дөрвөн мянга гурван зуун далан хоёр/ төгрөгийг гаргуулан, нэхэмжлэгчид олгосугай.

 

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-д зааснаар нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, баталгаажилт хийхийг хариуцагчид даалгасугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс хураамжид төлсөн 79.980 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас хураамжид 79.980 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.   

 

 

                                                                                  

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                              Ж.ЭРДЭНЭЧИМЭГ