Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 08 сарын 10 өдөр

Дугаар 687

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ц.Оюунчимэг даргалж,

нарийн бичгийн дарга Б.Энхжаргал,

улсын яллагч Х.Анхцэцэг,

Шинжээч Н.Энхцолмон,

Хохирогч Т.Н,

Гэрч Ц.Н,

шүүгдэгч П.Л, түүний өмгөөлөгч О.Анхбаяр нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй  хийсэн шүүх хуралдаанаар,

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр  1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1708011020393 дугаартай 1 хавтаст хэргийг 2018 оны 7 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, 2018 оны 8 дугаар сарын 10-ны өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Тарган овогт П.Л, Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 1991 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр төрсөн, эрэгтэй, 26 настай, бүрэн бус дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, ажилгүй, ам бүл 3, ээж хүүхдийн хамт амьдардаг, Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Хилчний 28 дугаар гудамж 5 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй,  регистрийн дугаар ,

ТОДОРХОЙЛОХ нь

Прокуророос тогтоосон хэргийн агуулга:

Шүүгдэгч П.Л нь 2017 оны 8 дугаар сарын 25-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Алтай худалдааны төвийн гадна Т.Н-н толгойн тус газар цохиж, эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч П.Л мэдүүлэхдээ:

2017 оны 8 дугаар сарын 24-өөс 25-нд шилжих шөнө 21 цаг өнгөрч байхад Алтай караокед дуулж байгаад гарч ирэхэд энэ залуу караокены эзэнтэй хэрэлдээд зогсож байхаар нь би очоод боль гэхэд над руу дайрахаар нь зүүн шанаа руу нь 1 удаа цохьсон, хохирогч зам хөндлөн гараад явсан. Хохирогч өөрөө миний ар дагз руу хатуу юмаа цохьсон гэдэг гэв.

 Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Т.Н мэдүүлэхдээ:

Алтай караоке орсон, гараад явах гэж байхад  хаалганы тэнд араас цохих шиг болсон, нүд харанхуйлаад явчихсан. Би зам хөндлөн гарч такси барих гэж байгаад унасан. Нэг мэдэхэд өглөө сэрээд гэмтлийн эмнэлэгт байсан. Намайг яг хаана цохисныг би одоо яг санахгүй байна. Буудлын цаана унасан, босох гэтэл хөл, гар мэдээгүй болсон тул босч чадаагүй, тэгээд өглөө нь гэмтэлд ухаан орсон. Би энэ хүнээс 3.712.040 төгрөгийг нэхэмжилж байна гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч Ц.Н мэдүүлэхдээ:

2017 оны 8 дугаар сарын 25-ны өдөр би Алтай худалдааны төвд хамгаалагчаар ажиллаж байсан. Бааранд хохирогч үйчлүүлж байсан. Миний гар утсыг гуйж 2 удаа ярьсан. Хохирогч манай ресепшинтэй маргалдаад байхаар нь юу болсныг  асуухад  2 эмэгтэйд гар утас алдлаа, өрөөнүүдээр орж үзмээр байна гэхээр нь зөвшөөрөөгүй. Би ажлаа хийж  байгаад баар хаах   болоход Н гараагүй явж байхаар нь гар гэхэд өөдөөс хэрэлдсэн. Би гар гээд гадаа гаргахад энэ шүүгдэгч залуу гүйгээд ирсэн. Л, хохирогч хоёр хоорондоо маргалдаад Л Н-н зүүн шанаа хавьд нь цохьсон, хохирогч газар хажуугаараа унасан. Тэгээд босч ирээд явлаа гээд автобусны буудал руу зам гараад явсан. Манай төвөөс автобусны буудал хүртэл 100 метр орчим  зайтай юм гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжээч Н.Э мэдүүлэхдээ:

2018 оны 2 дугаар сарын 8-ны өдрийн 204 дугаартай шинжээчийн дүгнэлтийг танилцуулаад дүгнэлтийг Гэмтлийн эмнэлгийн өвчний түүхийг үндэслэн гаргасан. Хохирогчийн биед үүссэн гэмтэл нь нэг удаагийн үйчлэлээр үүсэх боломжтой. Цохилт нь зүүн талаас байхад баруун талд нь гэмтэл үүсч болно, эсвэл цохигдоод газар унахдаа үүсч болно. Өвчний  түүхэнд авагдсан нөхцөл байдлаар гэмтэл нь шинэ гэж үзсэн. Гэмтэл авсан хүн гар, хөл нь мэдээ алдах байдал үүсч болно. Аль талдаа үүссэнээс хамаарч буюу баруун талаас гэмтэл авахад бол зүүн талд саажилт үүсэх, зүүн талдаа гэмтэл авахад саажилт нь баруун талд үүснэ. Би дүгнэлт гаргахдаа анагаах ухаан буюу шүүх эмнэлгийн шинжлэх ухааны аргыг хэрэглэсэн. Би дүгнэлтээ хэргийн материалыг үндэслэсэн гэдгээ тодорхойлсон байгаа. Гэмтэл авсан хүн явах зэрэг үйлдэл хийх боломжтой  гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:

Хохирогч Т.Н-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Хамгаалагчтай гарах хаалган дээр муудалцаж байтал миний араас хатуу зүйлээр толгойн ар дагз хэсэг рүү цохиод авсан. Намайг яг хэн цохисныг би хараагүй. Тэр караокед ажиллаж байсан бармен, хамгаалагч, зөөгч нар харсан...Би газар унаад хэвтээд миний зүүн талын гар, хөл мэдээгүй болчихсон. Би тэр үед хамгаалагч, бармен, зөөгч нараас туслаач гэж хэлэхэд бүгдээрээ хоорондоо юм яриад буцаад орсон. Нэг нь ч надад туслаагүй болохоор би зам гараад “Хилчин” пабын үүдэнд байдаг таксины зогсоол дээр очоод хэвтсэн. Тэгээд нэг мэдсэн өглөө болчихсон нэг цагдаа намайг сэрээж яаралтай түргэн тусламжийн машинд суулгаж өгсөн...” гэх мэдүүлэг /хх 17-18/,

Гэрч Б.Б-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн "... 2017 оны 08 дугаар сарын 24-өөс 25-нд шилжих шөнө...нэг залуу хамгаалагчтай маргалдаад зогсож байсан. Би аргадаад тэр залууг Алтай төвөөс гаргатал Л автобусны буудлын тэр хавиас гараад ирсэн. Тэр үед үл таних залуу намайг гичий пиздаа гээд хараагаад байсан чинь Л намайг өмөөрөөд тэр залууд эмэгтэй хүнийг тэгж хэлж болохгүй гээд нүүр лүү буюу шанаа руу нэг л удаа цохисон чинь тэр залуу унатал дахиад цохих гэтэл манай хамгаалагч бид хоёр салгаад боль гэж хэлээд болиулсан. Тэгсэн тэр босож ирээд юм хэлэхгүй зогсож байсанаа зам гараад яваад өгсөн...” гэх мэдүүлэг /хх 21-22,25-26/,

Гэрч Ц.Н-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2017 оны 08 дугаар сарын 24-ний шөнө 03 цагийн орчимд үл таних нэг залуу манай буудлын ресепшэнтэй маргалдаад зогсож байсан, би тэгэхлээр нь очоод “яасан, юу болсон бэ” гэж лавлаж асуутал тэр залуу “пабаас гарахдаа 2 хүүхэнтэй танилцаад, би гар утсаа алдчихлаа, би өрөөгөөр чинь явж шалгамаар байна” гэхээр нь амарч байгаа өрөөгөөр хамаагүй тэгж явж болохгүй, тэгээд ч чи манай буудалд ороогүй гэж хэлээд тэр залууг явуулсан. Тэгсэн доороос ресепшэнийг орлогоо тушаа гээд дуудсан, би хамт буугаад баарныхаа өрөөнүүдийг шалгаад буцаад гартал тэр залуу буудлын өрөөнүүдийг шалгаад явж байхаар нь чи яаж байгаа юм бэ? гэж асуутал намайг хэл амаар доромжлоод байхаар нь би гаргах гэтэл зууралдаад байж байтал Б доороос гарч ирээд тэр залууг гуйгаад гаргасан. Тэгсэн цаанаас Л гараад ирсэн, тэр үед тэр залуу Б-г доромжлоод, намайг бас доромжлоод байсан. Тэгтэл Л тэр залуугийн зүүн шанаа руу баруун гараараа нэг л удаа цохьсон, тэр залуу баруун талаараа доошоо унасан, тэр залуу согтуу байсан болоод ч тэр юм уу тэнцвэр алдаад унасан...” гэх мэдүүлэг /хх-23-24, 27-28/,

Гэрч Д.О-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “... 2017 оны 08, 09 сард тус баарыг ажиллуулдаг Б эгч хэлэхдээ “молиго “нохой” О паабд хүн зодчихсон, нөгөө хүнийх нь бие муу байгаа юм билээ, цагдаагаас сураад байна, хаана байгааг нь харсан уу” гэж надаас асууж байсан...Тэр хэрэг болох үед нь ойр орчимд нь харсан хүмүүс ярихдаа нэг согтуу залуу агсам тавиад байхад молиго О нэг удаа нүүрэн тус газар нь цохьсон гэж байсан...” гэх мэдүүлэг /хх-34/,

Шинжээч эмч Н.Э-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Дээрхи гэмтлүүдийг дангаар нь гэмтлийн зэрэгт  тодорхойлох боломжгүй. Хүнд гэмтэлд тархины эдийн цусан хураа гэмтэл нь гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Дээрхи гэмтлүүд нь нэг цохилтын хүчээр үүсгэгдэх боломжтой байна. Мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Мохоо зүйлд гар, хөл, мод, чулуу гэх мэтчилэн ир үзүүртэйгээс бусад механик хүчний үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрхи гэмтлүүд тухайн цаг хугацаанд үүсгэгдэх боломжтой...Хохирогч Н өөрийн биеэр ирж үзүүлээгүй, хэргийн материалтай танилцаж  дээрх дүгнэлт гаргасан, ер нь бол нэг цохилтын хүчээр үүсэх боломжтой гэмтлүүд байна. Дээрх гэмтлийг аваад босож явах, үйлдэл хөдөлгөөн хийх, хэлж ярих боломжтой, тодорхой хугацаанд болон эмнэл зүйн шинж тэмдэг илэртэл үйлдэл хийх боломжтой. Тухайн хүний биеийн онцлогоос шалтгаална...” гэх мэдүүлэг /хх-51-52,99/,                                                                                            

Шүүх эмнэлгийн 2018 оны 2 дугаар сарын 8-ны өдрийн 204 дугаар актанд:

Хэсэг газрын үзлэгт: Зүүн нүд хөхөрсөн, нүүрний зүүн тал хавантай, зулгарсан шархтай.

2017.09.10-ны өдрийн Med trauma эмнэлгийн Толгойн КТГ-т: Баруун тал бөмбөлгийн тархины эдийн гүнд путамены түвшинд 3,0x1,8x4,Осм хэмжээтэй, орчны эддээ хаван болон дарагдал бүхий цус хуралттай бөгөөд өмнөх 2017-08-25-ны шинжилгээтэй харьцуулахад хэмжээгээр багасан шимэгдэж буй байдалтай. Мөн дээр цус хуралтын урд хэсгийн цус хуралт өмнөх шинжилгээтэй харьцуулахад шимэгдэж, орчны эдэд тархины эдийн нягтрал буурсан хавангийн өөрчлөлттэй. Баруун тал бөмбөлгийн тархины бор ба цагаан эдийн ялгарал буурсан, хавантай. Баруун хажуу ховдол болон III ховдолд байсан цус шимэгдсэн. Баруун хажуу болон III ховдлууд зүүн тийш шахагдаж нарийссан. IV ховдлын байрлал хэлбэр хэмжээ хэвийн. Субарахнойдаль зайнуудад өөрчлөлтгүй. Бага тархинд бүгцийн эмгэг өөрчлөлтгүй. Голын бүрдэл зүүн тийш 0,35см шилжсэн. Гавал яс болон 2 талын нүдний ухархайд гэмтлийн болон бүтцийн эмгэг өөрчлөлтгүй. Нүдний ухархайн арын эслэг зайд эмгэг өөрчлөлт үгүй. Нүдний гадна ба дотно шулуун булчингууд болон харааны мэдрэл хэвийн. Хамар ясны зүүн хажуу хананд 1,5см өргөн хэсэгт дотогш 0,2см гүн хэмжээтэй цөмөрсөн, хянга хэсэгт ялимгүй зөрүүтэй, баруун хажуу хананд шахагдсан нийлмэл хугаралтай. Хамрын таславч дунд хэсгээр зүүн тийш мурийсан. Хамар яс баруун тийш мурийсан. Зүүн суурийн хөндийн ар хананд 1,2х0,8см хэмжээтэй, +9НU нягтралтай бүтцийн өөрчлөлттэй. (киста) Хоёр талын гайморовын хөндийн суурь хэсгийн салст жигд бус зузаарсан. Хамрын дайвар хөндийнүүдийн агааржилт хэвийн. Зүүн талын хөхпөг сэртэнгийн агааржилт бага зэрэг буурсан архаг склерозын өөрчлөлттэй. Баруун талын хөхлөг сэртэнгийн агааржилт ердийн.

ДҮГНЭЛТ:

  1. Т.Н-н биед тархи доргилт, хамар ясны хугарал, таславчийн мурийлт,

    баруун тал бөмбөлгийн чамархайн дэлбэнгийн эдийн гүн дэх цусан хураа, зүүн нүдний цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зулгарсан шарх гэмтэл тогтоогдлоо.

  2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг ба түүнээс дээш удаагийн үйлчлэлээр

    үүсгэгдэнэ.

  3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.3-д зааснаар амь насанд аюултай тул

    гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

    4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

    5. Дээрхи гэмтэл нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх

    боломжтой шинэ гэмтэл байна гэх дүгнэлт /хх-50/,

 Шүүгдэгч П.Л-н яллагдагчаар мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2018 оны 08 дугаар сарын 25-ны өдөр 00 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 22-р хороонд байралдаг Алтай караокед ганцаараа ууж байгаад харих гээд гартал Алтай караокены эзэн Б үүдэнд нэг залуутай маргалдаад байж байхаар нь би тэр эмэгтэйг өмөөрч боль гэж хэлтэл над руу дайрахаар нь нүүр лүү нэг удаа цохисон. Тэгээд Б эгчийн машинд суугаад гэр лүүгээ дөхсөн. Тэр залуу нилээн согтуу байсан. Шанаа тус газар нь 1 удаа цохисон. Цохиулсаныхаа дараа цаашаа зам гараад явчихсан. Эмэгтэй хүн лүү дайрлаа гэж би Б эгчийг өмөөрч маргалдсан. Миний ярьсан зүйлүүд үнэн...” гэх мэдүүлэг /хх-56-59/  зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

Шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгч П.Л-т холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд:

Гэм буруугийн талаар.

Шүүгдэгч П.Л нь 2017 оны 8 дугаар сарын 25-ны өдөр Сонгинохайрхан

дүүргийн 22 дугаар хороо, Алтай худалдааны төвийн гадна Т.Н-н толгойн тус газар цохиж эрүүл мэндэд нь тархи доргилт, хамар ясны хугарал, таславчийн мурийлт, баруун тал бөмбөлгийн чамархайн дэлбэнгийн эдийн гүн дэх цусан хураа, зүүн нүдний цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зулгарсан шарх бүхий гэмтэл буюу хүнд хохирол санаатай учруулсан болох нь

Хохирогч Т.Н-н мөрдөн шалгах ажиллагаанд  өгсөн “...намайг хамгаалагчтай гарах хаалган дээр нь муудалцаж байтал миний араас хатуу зүйлээр толгойн ар дагз хэсэг рүү цохиод авсан...” гэх мэдүүлэг /хх-16-17/,

Гэрч Б.Б-н мөрдөн шалгах ажиллагаанд  өгсөн "...үл таних залуу намайг гичий пиздаа гээд хараагаад байсан чинь Л намайг өмөөрөөд...нүүр лүү буюу шанаа руу нэг л удаа цохисон чинь тэр залуу унатал дахиад цохих гэтэл манай хамгаалагч бид хоёр салгаад боль гэж хэлээд болиулсан...” гэх мэдүүлэг /хх 22, 26/

Гэрч Ц.Н-н мөрдөн шалгах ажиллагаанд  өгсөн  “...Л тэр залуугийн зүүн шанаа руу баруун гараараа нэг удаа цохисон. Тэгсэн тэр залуу баруун талаараа доошоо унасан...” гэх мэдүүлэг /хх 24, 28/,

Гэрч Д.О-н мөрдөн шалгах ажиллагаанд  өгсөн “... 2017 оны 08, 09 сард тус баарыг ажиллуулдаг Б эгч хэлэхдээ молиго “нохой” О паабд хүн зодчихсон нөгөө хүнийх нь бие муу байгаа юм билээ, цагдаагаас сураад байна, хаана байгааг нь харсан уу гэж надаас асууж байсан... ” гэх мэдүүлэг  /хх-34/,

Шинжээч Н.Э-н мөрдөн шалгах ажиллагаанд  өгсөн “... хүнд гэмтэл тархины эдийн цусан хураа гэмтэл нь гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Дээрхи гэмтэл нь амь насанд аюултай гэмтэлд хамаарна. Дээрхи гэмтлүүд нь нэг цохилтын хүчээр үүсгэгдэх боломжтой...” гэх мэдүүлэг /хх-51,99/, 2018 оны 2 дугаар сарын 8-ны өдрийн шүүх эмнэлгийн №204 дүгнэлт, /хх-49-50/,  шүүгдэгч П.Л-н яллагдагчаар өгсөн мэдүүлэг зэрэг хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдсон байна.

Дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэвэл:  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлд хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан бол ял шийтгэл оногдуулахаар хуульчилсан байна.

Хохирогч Т.Н-н өгсөн “...миний араас хатуу зүйлээр толгойн ар дагз хэсэг рүү цохиод авсан...” гэх мэдүүлэг, гэрч Ц.Н-н өгсөн “...Л тэр залуугийн зүүн шанаа руу баруун гараараа нэг удаа цохисон...” гэх мэдүүлэг,  гэрч  Б.Б-н өгсөн ”..Л намайг өмөөрөөд...нүүр лүү буюу шанаа руу нэг л удаа цохисон...” гэх мэдүүлэг, гэрч Д.О-н “...Б эгч хэлэхдээ молиго “нохой” О паабд хүн зодчихсон, нөгөө хүнийх нь бие муу байгаа юм билээ, цагдаагаас сураад байна...” гэх мэдүүлэг, шүүгдэгч П.Л-н “...зүүн шанаа руу нь 1 удаа цохисон...” гэх мэдүүлэг, шүүх эмнэлгийн шинжээчийн хохирогч Т.Н-н биед амь насанд аюултай хүнд гэмтэл учирсан болохыг  тогтоосон №204 тоот дүгнэлт зэргээр нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч П.Л-г  хохирогч Т.Н-н эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар:

Энэ гэмт хэргийн улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учирсаныг шууд учирсан үр дагаварт тооцогдох бөгөөд хохирогч Т.Н өөрт учирсан гэм хорын хохиролд 3.712.040 төгрөгийг нэхэмжилсэн боловч хохиролтой холбоотой нотлох баримтаа шүүхэд ирүүлээгүй тул энэ шийтгэх тогтоолоор хохирлын асуудлыг шийдвэрлэх боломжгүй байна. Иймд хохирогч нь нотлох баримтаа бүрдүүлэн гарсан эмчилгээний зардал болон цаашид гарах эмчилгээний зардал, цалин, тэтгэмжийн зөрүүг шүүгдэгчээс нэхэмжлэх эрхтэйг дурдлаа.

Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч О.А нь П.Л-т холбогдох эрүүгийн хэрэгт нотолбол зохих зүйлүүдийг бүрэн нотлон тогтоогоогүй, шүүгдэгч хохирогчийг цохисон нь тогтоогдож байх боловч хамрын гэмтлийг хэн учруулсан болохыг тогтоогоогүй, хүнд гэмтэл учруулсан гэх шууд нотлох баримт байхгүй, дандаа дамжмал нотлох баримт байгаа. Хохирогчийг цохисон хүч нь эсрэг талдаа байхад нөгөө талдаа гэмтэл үүсдэг буюу хохирогч толгойн зүүн талдаа цохиулахад баруун талдаа гэмтэл гэмтэл үүснэ гэх ойлголт анагаах ухаанд байдаггүй. Шинжээчийн дүгнэлт хуулийн шаардлага хангаагүй, шинжлэх ухааны ямар арга хэрэглэж дүгнэлт гаргасан нь тодорхойгүй, шүүгдэгчийн гэм бурууг нотолсон шууд баримт байхгүй тул хэргийг хэрэгсэхгүй болгож П.Л-г цагаатгах талаар дүгнэлт гаргасныг хүлээн авах боломжгүй болно.

Шүүгдэгч П.Л хохирогч Т.Н-г цохьсон, хохирогч цохиулаад газар унасан гэдгийг хохирогч Т.Н,  гэрч Ц.Н, Б.Б, Д.О, мөн шүүгдэгч П.Л өөрөө мэдүүлдэг, хохирогч Т.Н-н биед үүссэн гэмтэл нь нэг удаагийн цохилтоос үүсч болохыг, мөн хохирогч Т.Н цохиулсаны хэсэг хугацааны дараа баруун тал нь мэдээгүй болсон, ухаан алдсан талаараа мэдүүлдэг, хохирогчид учирсан гэмтлийг авсан тохиолдолд саажилт үүсдэг талаар, шинжээчийн дүгнэлтийг анагаах ухаан буюу шүүх эмнэлгийн шинжлэх ухааны аргыг хэрэглэж гаргасан талаар шинжээч нь мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн болно.

Түүнчлэн шүүгдэгчийн өмгөөлөгч хавтас хэрэгт авагдсан шинжээчийн №204 тоот дүгнэлтийг хууль бус, эргэлзээтэй, нотлох баримтын хэмжээнд үнэлэхэд учир дутагдалтай тухай дүгнэлт гаргасныг шүүх хүлээн авах үндэслэлгүй юм. Учир нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хэрэгжүүлэгч шинжээч нь хэрэгт цугларсан дүгнэлт гаргахтай холбоотой бүхий л нотлох баримтуудыг хянан үзэж, нягтлан шалгаж, харьцуулан судлаж, хууль ба эрх зүйн ухамсрыг удирдлага болгон дүгнэлт гаргасныг хууль зөрчсөн гэж үзэх боломжгүй бөгөөд шинжээчийн дүгнэлт нь Шүүхийн шинжилгээний тухай хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу явагдсан, шүүх нотлох баримтын хэмжээнд үнэлэх боломжтой гэж дүгнэв.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Нэгэнт шүүх П.Л-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд дээрх зүйл, хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна байх ба шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээг харгалзан хорих ял оногдуулах, хорих ялыг шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Бусад асуудлаар:

Шүүгдэгч П.Л-д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсан ба цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдсон эд зүйл, хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдах нь зүйтэй байна.