Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 10 сарын 04 өдөр

Дугаар 914

 

П.Лт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Бат-Эрдэнэ даргалж, шүүгч О.Чулуунцэцэг, Д.Оюунчулуун нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд;

прокурор Д.Энхбат,

шүүгдэгч П.Лын өмгөөлөгч О.А,

нарийн бичгийн дарга Э.Ариунзаяа нарыг оролцуулан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Оюунчимэг даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн 687 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч П.Л, түүний өмгөөлөгч О.А нарын гаргасан давж заалдах гомдлуудаар П.Лт холбогдох 1708011020393 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Оюунчулууны илтгэснээр хянан хэлэлцэв.

Та овгийн  П.Л, 1991 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эх, хүүхдийн хамт ..................тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД: ........................./;

П.Л нь 2017 оны 8 дугаар сарын 25-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Алтай худалдааны төвийн гадна Т.Нын толгойн тус газар цохиж, эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

            Сонгинохайрхан дүүргийн прокурорын газар: П.Лын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: П.Лыг хүний эрүүл мэндэд хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, П.Лыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 5 жил хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан П.Лт оногдуулсан 5 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, хохирогч Т.Н өөрт учирсан хохирлоо болон цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдаж, П.Л цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэгт авагдсан эд мөрийн баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй болохыг дурдаж, П.Лт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн, түүнийг цагдан хорьж, эдлэх ялыг 2018 оны 8 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэжээ.

Шүүгдэгч П.Л гаргасан давж заалдах гомдолдоо: “... Би 2017 оны 8 дугаар сарын 25-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороонд хохирогч Т.Нын нүүрэн тус газар нь цохиж, эрүүл мэндэд нь хүнд гэмтэл учруулсан нь үнэн болно. Би хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Т.Нтай уулзах гэж мөрдөн байцаагч, дэслэгч Ялалтаар удаа дараа дуудуулсан ч ирээгүй болохоор бие нь гайгүй, ямар нэг хохирол гомдолгүй юм байна гэж ойлгосон. Анхан шатны шүүх хуралдаан дээр хохирогч Т.Н эмчилгээний зардал нэхэмжилсэн. Иймд би хохирлоо төлж хохирогч Т.Ныг хохирол гомдолгүй болгоно. Би өөрийн гэм буруугаа бүрэн ухамсарлаж байгаа. Миний бие “Ээмдэ” ХХК-д ковшийн оператороор ажилладаг тул хохирлоо бүрэн төлж барагдуулах болно. Мөн эх маань тэтгэвэрт байдаг, 4 настай хүү Агь-Очирын хамт өрх толгойлон, ар гэрээ тэжээн тэтгэдэг тул өргөдлийг минь хүлээн авч шийдвэрлэж өгнө үү ...” гэжээ.

Шүүгдэгч П.Лын өмгөөлөгч О.А давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Шүүхийн тогтоолд заасан дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцээгүй талаар:

1. Шүүх шийтгэх тогтоолдоо хохирогч Т.Нын “Миний араас хатуу зүйлээр ар дагз хэсэг рүү цохиод авсан.” гэсэн мэдүүлгийг нотлох баримтаар үнэлж, шийдвэрийнхээ үндэслэлийн нэг болгожээ. Гэтэл хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас хохирогчийн ар дагз хэсэг рүү цохисон гэдэг нь бусад нотлох баримтаар тогтоогддоггүй. Гэрч болон шүүгдэгч нар энэ талаар мөрдөн шалгах ажиллагаа болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт огт мэдүүлдэггүй. Өөрөөр хэлбэл шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтаар нотлогдоогүй байхад хохирогчийн дээрх мэдүүлгээр шүүгдэгч П.Лыг гэм буруутай гэж үзэх нь нэгэн үндэслэлээ болгосон. Харин эсрэгээрээ хэрэгт цугларсан нотлох баримтуудаас дүгнэхэд хохирогч зөвхөн нүүрэн тус газраа нэг удаа цохиулсан нь хангалттай тогтоогдож байна.

2. Мөн гэрч Ц.Б-ийн “... үл таних залуу намайг гичий пиздаа гээд хараагаад байсан чинь П.Л намайг өмөөрөөд нүүр лүү буюу шанаа руу нэг л удаа цохисон чинь тэр залуу унатал, дахиад цохих гэтэл манай хамгаалагч бид 2 салгаад боль гэж хэлээд болиулсан...” гэх мэдүүлэг, мөн хавтаст хэргийн 24 дүгээр хуудсан дах гэрч Ц.Т.Нын “... П.Л тэр залуугийн зүүн шанаа руу баруун гараараа нэг цохисон. Тэгсэн тэр залуу баруун талаараа доошоо унасан...” гэх мэдүүлгийг нотлох баримтаар үнэлэн шийдвэрийнхээ үндэслэл болгожээ. Гэтэл хавтаст хэргийн 22 дугаар хуудсан дах гэрч Ц.Байгалмаагийн “ Би бол тэр үеийг санахгүй байна. Манай хамгаалагч сайн санаж байгаа”, гэрч Ц.Т.Нын “Тэр залуу баруун талаараа хазайгаад доош сууцан, тэнцвэр алдаад. Тэгснээ босоод ирсэн... тэр залуу толгойгоороо унаагүй, толгойгоороо ямар нэгэн зүйл цохиогүй ээ.” Шүүх хурлын хэлэлцүүлэгт Ц.Т.Н нь “ хохирогч газар унахдаа толгойгоо ямар нэг яманд цохиогүй”, “би өглөө ажлаасаа буугаад явах үед автобусны буудал дээр хохирогч байгаагүй” гэж мэдүүлсэн бөгөөд нь энэ нь дүгнэлт хийхэд онцгой ач холбогдол бүхий харилцан зөрүүтэй нотлох баримтууд байхад шүүх хохирогч Т.Нын унасан гэх мэдүүлгийг үндэслэлээ болгоод бусад зөрүүтэй мэдүүлгийг нотлох баримт гэж үзэхгүй байгаа үндэслэлээ заагаагүй байна.

3. Дүгнэлтэнд ноцтой нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан. Энэ нь хохирогч Т.Нын хамар ясны хугарал, таславч муруйсан гэх гэмтлийг хэн учруулсан болох нь нотлох баримтаар болон шүүхийн хэлэлцүүлэгт огт тогтоогдохгүй байгаа юм. Гэрч Ц.Т.Н нь  “... П.Л тэр залуугийн зүүн шанаа руу баруун гараараа нэг л удаа цохисон”, гэрч Б.Байгалмаагийн “...нүүр лүү буюу шанаа руу нэг л удаа цохисон чинь”..., хохирогч Т.Н “хамрын гэмтэл хэн надад учруулсан мэдэхгүй” гэх зэрэг нотлох баримтуудаас дүгнэхэд шүүгдэгч П.Л хамрын гэмтлийг учруулаагүй болох нь тодорхой байдаг. Мөн хохирогчийн “ тэгээд нэг мэдсэн чинь өглөө  намайг цагдаа сэрээж яаралтай түргэн тусламжийн машинд суулгаж өгсөн.” гэх мэдүүлгээс үзэхэд бүхэл бүтэн шөнийн туршид хохирогч Т.Н хаана юу хийсэн болох, шүүгдэгч болон гэрч нараас салж яваад бусдад зодуулсан эсэхийг тогтоогоогүй. Ийм байтал шүүгдэгч П.Лын шанаан тус газар нь ганцхан удаа цохисон цохилтоос хохирогчийн биед хүнд гэмтэл учруулсан гэж дүгнэлт хийж байгаа нь туйлын учир дутагдалтай гэж үзэж байна.

4. Шүүхээс хэргийг шийдвэрлэхдээ хавтаст хэрэгт авагдсан, шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцүүлсэн нотлох баримтыг үнэлэн дүгнэлт хийгээгүй байна. Хавтаст хэргийн 104 дүгээр хуудсанд шүүгдэгч П.Л нь “Ээмдэ” ХХК-н ажилтан болохыг тодорхойлсон тодорхойлолтыг огт харгалзан үзээгүй, шүүгдэгч нь анх удаагаа тохиолдлын шинж чанартай гэмт хэрэгт холбогдсон, хохирогчийн эмэгтэй хүнийг үг хэлээр доромжилсон зүй бус үйлдэл гэмт хэрэг гарахад нөлөөлсөн байхад шүүх эдгээр нөхцөл байдлыг харгалзан үзэлгүй, түүнийг заавал нийгмээс тусгаарлах шаардлагагүй байхад 5 жил хорих ялаар шийтгэсэн нь эрүүгийн хариуцлага дэндүү хүндэдсэн гэж үзэхээр байна. Шүүгдэгч өндөр настай эх, бага насны хүүхдийн хамт амьдардаг, хохирогчийн нэхэмжилж буй 3.000.000 төгрөгийг төлөхөө илэрхийлж байгаа зэргийг харгалзан үзэж хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд хянан шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг торгох ялаар сольж анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү. ...” гэв.

Прокурор Д.Энхбат тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн ... ганц бие эцэгт ял хойшлуулна” гэж заасан. Шүүгдэгч П.Лын хувьд хүнд гэмт хэрэг үйлдсэн. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй гарсан тул хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд дурдсан асуудлуудаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Д.Т, П.Л нарт холбогдох хэргийн бүх ажиллагааг хянахад мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн” байх хуулийн шаардлагыг хангажээ.

П.Л нь 2017 оны 8 дугаар сарын 25-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Алтай худалдааны төвийн гадна Т.Нын толгойн тус газар цохиж, эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч Т.Нын “... 2017 оны 8 дугаар сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө “Алтай” худалдааны төвийн доор байдаг караокед орсон. ... намайг тооцоо хийх хооронд миний сууж байсан ширээнд олон хүн суулгачихаар нь би уурлаад хамгаалагчтай маргалдсан. Тухайн хамгаалагчтай гарах хаалган дээр нь муудалцаж байтал миний араас хатуу зүйлээр толгойн ар дагз хэсэг рүү цохисон. Намайг яг хэн цохисныг би хараагүй. ...” /хх-17-18/,

гэрч Б.Б-гийн “... 2017 оны 8 дугаар сарын 24-ний шөнийн 03 цагийн үед манай буудлын хүлээн авахын өрөөнд нэг залуу хамгаалагчтай маргалдаад зогсож байсан. Би тэр залууг аргадаад “Алтай” төвөөс гаргатал, П.Л автобусны буудлын орчимоос гараад ирсэн. Тэр үед үл таних залуу намайг гичий, пизда гэж хараагаад байсан. Гэтэл П.Л намайг өмөөрөөд “эмэгтэй хүнийг тэгж хэлж болохгүй” гээд нүүр лүү буюу шанаа руу нь нэг л удаа цохисон чинь тэр залуу унатал дахин цохих гэхээр нь хамгаалагч бид 2 салгаад боль гээд болиулсан. Тэр хүн босч ирээд юм хэлэхгүй зогсож байснаа зам гараад яваад өгсөн. ...” /хх-21-22/,

гэрч Ц.Т.Нын “... 2017 оны 8 дугаар сарын 24-ний шөнө 03 цагийн үед нэг залуу буудлын өрөөнүүдийг шалгаад явж байхаар нь би гаргах гэтэл намайг хэл амаар доромжлоод, зууралдаад байж байтал Байгалмаа доороос гарч ирээд тэр залууг гуйгаад гаргасан. Тэгсэн цаанаас П.Л гараад ирсэн. Тэр үед нөгөө залуу Байгалмаа, бид хоёрыг доромжлоод байсан ба П.Л тэр залуугийн зүүн шанаа руу баруун гараараа нэг л удаа цохисон. Гэтэл тэр залуу баруун талаараа унасан ба согтуу байсан болоод ч тэр үү тэнцвэр алдаад унасан. ...” /хх-24/,

П.Лын яллагдагчаар өгсөн “... 2018 оны 2 дугаар сарын 25-ны өдрийн 00 цагийн үед “Алтай” караокены эзэн Байгал, нэг залуутай маргалдаад байж байхаар нь би тэр эмэгтэйг өмөөрч, боль гэж хэлтэл над руу дайраад байхаар нь нүүр лүү нь 1 удаа цохисон. ...” /хх-58-59/ гэх мэдүүлгүүд,

шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 2 дугаар сарын 8-ны өдрийн 204 дугаартай “... Т.Нын биед тархи доргилт, хамар ясны хугарал, таславчийн мурийлт, баруун тал бөмбөлгийн чамархайн дэлбэнгийн эдийн гүн дэх цусан хураа, зүүн нүдний цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зулгарсан шарх бүхий хүнд гэмтэл тогтоогдлоо. ...” /хх-50/ гэх дүгнэлт зэрэг анхан шатны шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан, хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Шүүх хавтас хэрэгт авагдсан нотлох баримтууд болон хэргийн нөхцөл байдал, шүүгдэгчийн гэм бурууд үндэслэл бүхий хууль зүйн дүгнэлт хийсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн, хэргийн зүйлчлэл зөв байна.

Мөн П.Лыг хүний эрүүл мэндэд хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 5 жил хорих ялаар шийтгэж шийдвэрлэсэн нь түүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирчээ.

Шүүгдэгч П.Л, түүний өмгөөлөгч О.А нар нь “... хорих ялыг торгох ялаар сольж өгнө үү. ... П.Лын ганцхан удаа цохисон цохилтоос хохирогчийн биед хүнд гэмтэл учруулсан гэж дүгнэлт хийж байгаа нь учир дутагдалтай. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргасан.

Шинжээч Н.Э-гийн “... Хохирогч Т.Н нь өөрийн биеэр ирж үзүүлээгүй, хэргийн материалтай танилцаж, дээрх дүгнэлтийг гаргасан. Ер нь бол нэг цохилтын хүчээр үүсэх боломжтой гэмтлүүд байна. Дээрх гэмтлийг аваад босч явах, үйлдэл хөдөлгөөн хийх, ярих боломжтой ба тодорхой хугацаанд эмнэлзүйн шинж тэмдэг илэртэл энгийн үйлдэл хийх боломжтой. ...” /хх-100/ гэх мэдүүлэг, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 2 дугаар сарын 8-ны өдрийн 204 дугаартай “... дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг ба түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Гэмтэл нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байна. ...” /хх-50/ гэх дүгнэлт болон хохирогч, гэрч нарын мөрдөн байцаалт, шүүхийн шатанд өгсөн мэдүүлгүүдээр шүүгдэгч П.Лын өмгөөлөгч О.Аын дээрх гомдол няцаагдаж байна.

Түүнчлэн П.Л нь өөртэй нь маргалдаагүй байхад хохирогч Т.Ныг цохиж, эрүүл мэндэд нь амь насанд аюултай хүнд хохирол учруулсан, уг гэмтлийн улмаас хохирогч хөдөлмөрийн чадвараа 70 хувиар алдсан зэрэг гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг их байгааг харгалзан үзэхэд түүнд оногдуулсан хорих ялыг өөрчлөх боломжгүй байна.

Иймд Шүүгдэгч П.Л, түүний өмгөөлөгч О.А нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн 687 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн 687 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч П.Л, түүний өмгөөлөгч О.А нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

                                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Ш.БАТ-ЭРДЭНЭ

                                    ШҮҮГЧИД                                                       О.ЧУЛУУНЦЭЦЭГ

                                                                                                           Д.ОЮУНЧУЛУУН