Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 07 сарын 24 өдөр

Дугаар 210/МА2017/01661

 

 

 

 

 

2017 07 24

1661

 

 

Катод гал ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Ч.Цэнд, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 183/ШШ2017/01122 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч Катод гал ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Хөгжил хүмүүс ХХК, Меговатт ХХК-д холбогдох

Худалдах, худалдан авах гэрээ болон ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 35 159 400 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч Хөгжил хүмүүс ХХК-ийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Мөнх-Ачит, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Цолмон нар оролцов.

Нэхэмжлэгч Катод гал ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага болон тайлбарт: Манай компани нь Хөгжил хүмүүс ХХК-тай харилцан тохиролцож 2012 оны 04 дүгээр сард 4 ширхэг зөөврийн хаалттай станц /КТПН буюу RMU/-г нэг бүрийн үнэ 8 000 000 төгрөг буюу нийт 32 000 000 төгрөгөөр тооцож нийлүүлсэн. Үүний дараа 2013 оны 10 дугаар сарын 05-ны өдөр 828 ширхэг фаз 25А автомат 1 490 400 төгрөгөөр тооцон нийлүүлсэн. Мөн талуудын харилцан тохиролцсоноор Хөгжил хүмүүс ХХК-д манай компанийн 2 ажилтан Ж.Мэндбаяр, Ш.Энхтулга нар ажил хийж гүйцэтгэсэн бөгөөд уг ажлын хөлсөнд 1 669 000 төгрөг өгөхөөр тохиролцсон. Хөгжил хүмүүс ХХК нь манай компанийн нийлүүлсэн 4 ширхэг зөөврийн хаалттай станц /КТПН буюу RMU/-г үнэ 32 000 000 төгрөг, манай 2 ажилтны ажлын хөлс 1 699 000 төгрөг 828 ширхэг 1 фаз 25А автомат 1 490 400 төгрөг нийт 35 159 400 төгрөгийг 2014 оны 03 дугаар сарын 06-ны өдөр төлж барагдуулахаар харилцан тохиролцсон. Гэтэл дээрх төлбөрийг өнөөдрийг хүртэл төлж барагдуулаагүй байна. Хөгжил хүмүүс ХХК нь 2012 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр БНГ-130405 дугаартай, бараа нийлүүлэх гэрээгээр Меговатт ХХК-д 4 ширхэг зөөврийн хаалттай станц /КТПН буюу RMU/-г нийлүүлсэн бөгөөд Хөгжил хүмүүс ХХК нь худалдан авагч Меговатт ХХК-аас санхүүжилт аваагүй гэх шалтгаанаар төлж барагдуулахгүй байгаа тул Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 343 дугаар зүйлийн 343.1-д зааснаар 35 159 400 төгрөгийг хариуцагч Хөгжил хүмүүс ХХК, Меговатт ХХК нараас гаргуулж өгнө үү гэжээ.

 Хариуцагч Меговатт ХХК-ийн тайлбарт: Манай компани нь нэхэмжлэгч Катод гал ХХК-тай ямар нэгэн байдлаар нэхэмжлэлд дурдагдаад байгаа зүйлийн талаар гэрээ хэлцэл байгуулаагүй бөгөөд эрх зүйн харилцаанд огт оролцоогүй. Харин Хөгжил хүмүүс ХХК-тай гэрээ хийснээ хүлээн зөвшөөрч байна. Меговатт ХХК нь 2012 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр Хөгжил хүмүүс ХХК-тай бараа нийлүүлэх гэрээг байгуулсан бөгөөд энэхүү гэрээний дагуу 5 ширхэг RMU үйлдвэрлэн нийлүүлэх талаар харилцан тохиролцсон болно. Үүний дагуу 4 ширхэг RMU нийлүүлсэн боловч хоёрыг нь засаад хэрэглэсэн, хоёрыг нь ашиглалтын шаардлага хангаагүй учир хэрэглээгүй. Нэхэмжлэлд дурдагдаад байгаа 1 фаз 25А автомат болон 2 ажилтны цалин хөлсний талаарх гаргасан шаардлага нь мөн Меговатт ХХК-тай холбогдолгүй болно. Нэхэмжлэгч талтай Меговатт ХХК нь дээрх байдлаар гэрээ, хэлцэл байгуулаагүй бөгөөд Иргэний хуулийн 195 дугаар зүйлд заасан гэрээ байгуулах саналыг огт хүлээн аваагүй буюу Катод гал ХХК нь Меговатт ХХК-д санал огт тавиагүй болно. Хавтаст хэрэгт Меговатт ХХК-тай холбоотой ямар ч баримт байхгүй байгаа. Иймд Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасан гэрээ талуудын хооронд байгуулагдаагүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

  Хариуцагч Хөгжил хүмүүс ХХК-ийн тайлбарт: Нэхэмжлэгч тал хоёр хариуцагчийн яг хэнээс нь хэдэн төгрөг нэхэмжилж байгаа нь тодорхойгүй, мөн хэн хэнтэйгээ хэлцэл хийсэн нь тодорхойгүй байдаг. Иймд нэхэмжлэлийн шаардлагаа тодруулах шаардлагатай. Тус компани нь Катод гал ХХК-иас нэхэмжлэл гаргаад байгаа бараа материалыг аваагүй, авсан компани нь тодорхой тул тус компаниас гаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Маргаан бүхий 4 КТПН-г шилжүүлэх үед С.Дэлгэрмөрөн гэдэг хүн Меговатт ХХК-ийн хангамж хариуцсан инженер нь байсан. 2012 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан дүр үзүүлсэн хэлцэл юм. Хөгжил хүмүүс ХХК нь Катод гал ХХК-иас КТПН авах хүсэл зориг байгаагүй. Уг КТПН-ийг шилжүүлсэн гэх боловч үндсэн хөрөнгөнд нь бүртгэгдээгүй. Шууд Завханд аваачаад Меговатт ХХК-нд ашигласан. Хөгжил хүмүүс ХХК нь КТПН-г авч ашиглаагүй учир КТПН-ийн асуудлыг зөвшөөрөхгүй.  Уг КТПН-г угсруулах талаар Катод гал ХХК, Меговатт ХХК хоорондоо ярилцсан байдаг. Меговатт ХХК нь шаардлагаа тавьж, 4 ширхэг КТПН-г ашигласан, эд материалын доголдолтой байсан тул хоёр ширхэгийг нь буцааж ав гэсэн. Ийм учраас 32 000 000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байна. 828 ширхэг 1 фаз 25А автоматын тухайд С.Дэлгэрмөрөн жижүүр дээр аваачаад өгчих гэсэн. Биет байдлаар нь хэлцэл хийсэн этгээдэд өгөх ёстой бөгөөд уг эд ангийг манайх хүлээж аваагүй.  Ямар гэрээний дагуу яах гэж өгсөн нь тодорхой бус тул Хөгжил хүмүүс ХХК-ийн хүсэл зоригтой хамааралгүй байна. 828 ширхэг 1 фаз 25А автоматыг худалдаж авах талаар Хөгжил хүмүүс ХХК нь ямар нэгэн хүсэл зоригоо илэрхийлээгүй, гэрээ хэлцэл байдаггүй. Иймд уг шаардлагыг зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэгч Ж.Мэндбаяр, Ш.Энхтулга нарын Хөгжил хүмүүс ХХК-д ажилласан цалинг бид төлсөн гэж нэхээд байгаа атлаа иргэнийг компани төлөөлж нэхэмжилсэн нь эрх зүйн үндэслэлгүй. Мөн энэ хоёр хүний цагийн бүртгэл, хэдэн төгрөг өгөх байсан, өөр ямар ямар болзлууд тавьсан талаар тодорхойгүй байдаг. Эдгээр хоёр ажилчныг Сүхбаатар аймагт ажилласныг үгүйсгэхгүй. Гэхдээ ажлын үр дүн хангалтгүй, зохих ёсоор хийж өгөөгүй. Тооцоо нийлсэн баримтад С.Дэлгэрмөрөн гарын үсэг зурсан дээр маргаагүй. Хэлцэл Хөгжил хүмүүс ХХК-ийн нэрээр байгуулагдсан учир тооцоо нийлсэн акт дээр гарын үсэг зурсан юм. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага буюу хэнээс хэдэн төгрөг нэхэмжилж байгаа нь тодорхойгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлд заасан нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангаагүй гэж үзнэ. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Хөгжил хүмүүс ХХК-иас 35 159 400 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Катод гал ХХК-д олгож, мөн зүйл хэсэгт заасан үндэслэлгүй тул Меговатт ХХК-д холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 333 747 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Хөгжил хүмүүс ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 333 747 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Катод галХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч Хөгжил хүмүүс ХХК давж заалдах гомдолдоо: Меговатт ХХК болон Катод гал ХХК-иудын хооронд тодорхой үйлдлүүд хийгдэж нэхэмжлэгчээс Меговатт ХХК руу маргааны зүйлүүд бүгд шилжсэн, Меговатт ХХК-д 4 ширхэг КТП болон 828 ширхэг автоматыг хүлээлгэн өгсөн, тэдгээрийн зарим хэсгийг Меговатт ХХК Завхан аймаг дахь төсөлдөө ашигласан, зарим хэсэг нь чанарын шаардлага үйл баримтад шүүх заавал дүгнэлт өгөх ёстой байсан. Өөрөөр хэлбэл Хөгжил хүмүүс ХХК Катод гал ХХК-иас бараа бүтээгдэхүүн авах ямар нэгэн хүсэл зоригийн илэрхийллийг гаргасан байхыг шаардсан байна. Мөн нэхэмжлэгчийн зүгээс Хөгжил хүмүүс ХХК-д КТП худалдах ямар нэгэн хүсэл зоригийн илэрхийллийг гаргаагүй байдаг. Эсрэгээрээ Меговатт ХХК нь өөрийн хангамжийн менежерээр ажиллаж байсан Хөгжил хүмүүс ХХК-ийн захирал Дэлгэрмөрөнгөөр дамжуулан Катод гал ХХК-аас КТП, автоматыг худалдан авах хүсэл зоригоо илэрхийлж үүнийгээ нотолж нэхэмжлэгчийн үйлдвэрт захиалагчийн хувиар КТП үйлдвэрлэлд тухайн үеийн Меговатт ХХК-ийн гүйцэтгэх захирал Адъяа хяналт тавьж байсан үйл баримтыг шүүх огт үнэлсэнгүй. Иргэний хуулийн 195 дугаар зүйлд заасан гэрээ байгуулах санал нэхэмжлэгч болон хариуцагч Хөгжил хүмүүс ХХК-ийн хооронд явагдаагүй. Гэтэл анхан шатны шүүх Хөгжил хүмүүс ХХК-ийн огт хийгээгүй хэлцэл гэгчийг өөрийн дур зоргоор бий болгож хэт нэг талыг барьсан шийдвэр гаргасан. Анхан шатны шүүх Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар иргэн Ж.Мэндбаяр, Г.Энхтулга нарын гүйцэтгэсэн ажлын үр дүнг Катод гал ХХК шаардах эрхтэй гэж дүгнэсэн нь өөрөө хуулийг буруу хэрэглэсэн байна. Анхан шатны шүүх ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан гэж тооцсон бол Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д заасан хөөн хэлэлцэх хугацааг зохицуулсан хуулийг зайлшгүй хэрэглэх ёстой байсан. Хөдөлмөрийн маргаан үүссэн хугацаа нь 2013 оны 09 дүгээр сарын 06-ны өдрөөс шаардах эрх үүссэн буюу мөн хуулийн 76 дугаар зүйлийн 76.1 дэх хэсэгт заасан хөөн хэлэлцэх хугацааг тоолох эхний өдөр юм. Иймд хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болсон тул уг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлгүй. Шүүх шийдвэрийн үндэслэх хэсэгт нэхэмжлэгч Катод гал болон хариуцагч Хөгжил хүмүүс ХХК-ийн хооронд амаар гэрээ байгуулагдсан учир бичгийн гэрээг гаргаж өгөөгүй гэсэн хийсвэр дүгнэлтийг гаргасан нь илт худал юм. 2013 оны 03 сарын 06-ны өдрийн Катод гал ХХК болон Хөгжил хүмүүс ХХК-ийн хооронд тооцоо нийлсэн Хөгжил хүмүүс ХХК-ийн захирал С.Дэлгэрмөрөн гарын үсэг зурсан үйлдэл нь дээрх үүргийг гүйцэтгэхээ хүлээн зөвшөөрсөн гэсэн дүгнэлт нь гэрч Адъяагийн шүүх хуралдаанд гаргасан мэдүүлэг мөн нэхэмжлэгч маргааны зүйл болох КПТ, автоматуудыг Меговатт ХХК-д хүргэж өгсөн үйлдлүүдээр үгүйсгэгдэж байна. Дэлгэрмөрөн нь тухайн үед маргааны зүйлийг зөвхөн Меговатт ХХК-ийн хангамжийн ажилтны хувиар тооцоо нийлсэн ба Катод гал ХХК-ийн захирлын хүсэлтийн дагуу Хөгжил хүмүүс ХХК-ийн тамгыг дарсан талаар хариуцагчийн тайлбарууд хангалттай байхад шүүх хууль зүйн дүгнэлт өгсөнгүй. Меговатт ХХК болон Катод гал ХХК-иудын хооронд худалдах, худалдан авах гэрээний үүрэг үүсээгүй гэж дүгнэсэн нь хэт өрөөсгөл юм. Учир нь маргааны зүйл болсон КТП, автоматуудыг огт хүлээж аваагүй, худалдан авах хүсэл зориг илэрхийлээгүй Хөгжил хүмүүс ХХК-ийг тодорхой үйлдлээр, амаар гэрээ хийсэн гэж дүгнэсэн атлаа, КТП болон автоматууд хүлээн авсан улмаар тэдгээрийг ашиглаж үр шимийг хүртсэн Меговатт ХХК-д холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь хэт нэг талыг барьж, Хөгжил хүмүүс ХХК-ийнэрх ашгийг нь хохироож байна. Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.3 дахь хэсэгт зааснаар Меговатт ХХК-ийн КТП, автомат худалдан авах хүсэл зоригийн илэрхийлэлийг нэхэмжлэгч Катод гал ХХК хүлээн авч бүтээгдэхүүнийг хүлээлгэн өгсөн нь дээрх хуулийн этгээдүүдийн хооронд хэлцэл хийсэн болохыг нотолж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг болон нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Шүүх маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.

Нэхэмжлэгч Катод гал ХХК нь хариуцагч Хөгжил хүмүүс ХХК, Меговатт ХХК-д тус тус холбогдуулан худалдах, худалдан авах болон ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 35 159 400 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч Меговатт ХХК нь нэхэмжлэгчтэй гэрээ байгуулаагүй гэж, хариуцагч Хөгжил хүмүүс ХХК нь 4 ширхэг зөөврийн хаалттай станцыг хүлээж аваагүй тул үнийг төлөхгүй гэж тус тус маргажээ.

Нэхэмжлэгч Катод гал ХХК нь хариуцагч Хөгжил хүмүүс ХХК-д 2012 оны 04 дүгээр сард зөөврийн хаалттай станц буюу КТПН RMU 4 ширхэгийг, 2013 оны 10 дугаар сарын 05-ны өдөр 828 ширхэг 1 фаз 25А автоматыг худалдахаар хэлэлцэн тохиролцож, нэхэмжлэгч буюу худалдагч Катод гал ХХК барааг хүлээлгэн өгөх, хариуцагч буюу худалдан авагч Хөгжил хүмүүс ХХК нь үнийг төлөх үүргийг тус тус хүлээсэн байна.

Нэхэмжлэгч нь хариуцагч Хөгжил хүмүүс ХХК-д 828 ширхэг 1 фаз 25А автоматыг хүлээлгэн өгсөн болох нь хэргийн 64 дүгээр тал дахь зарлагын баримт болон талуудын хооронд үйлдэгдсэн тооцооны үлдэгдлийн баталгаа зэрэг баримтаар тогтоогдсон, хариуцагч нь гэрээний зүйлийг хүлээн аваагүй гэх тайлбараа баримтаар нотлоогүй.

Хариуцагч Хөгжил хүмүүс ХХК нэхэмжлэлийн шаардлагын татгалзлаа ... Катод гал ХХК-тай худалдах, худалдан авах гэрээ байгуулж, 4 ширхэг зөөврийн хаалттай станцыг худалдан авахаар тохирсон боловч уг хэлцлийг хариуцагч Меговатт ХХК-д хангамж хариуцсан инженерээр ажиллаж байсан С.Дэлгэрмөрөн байгуулсан гэж тайлбарлах боловч С.Дэлгэрмөрөн нь хариуцагч Хөгжил хүмүүс ХХК-ийн захирал болох нь улсын бүртгэлийн гэрчилгээгээр тогтоогдсон тул 4 ширхэг зөөврийн хаалттай станц худалдах, худалдан авах гэрээг нэхэмжлэгч Катод гал ХХК, хариуцагч Хөгжил хүмүүс ХХК-ийн хооронд байгуулагдсан гэж үзнэ.

Хариуцагч Меговатт ХХК нь дээрх гэрээний зүйл болох 4 ширхэг зөөврийн хаалттай станц /КТПН буюу RMU/-ыг нэхэмжлэгч Катод гал ХХК-иас хүлээн авсан талаар маргаагүй боловч ажлын чанар, үр дүн хангалтгүй байсан гэх тайлбар, татгалзлаа баримтаар нотлоогүй, шүүх маргааны үйл баримтыг дүгнэж, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд Иргэний хуулийн 211 дүгээр зүйлийн 211.1, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Түүнчлэн нэхэмжлэгч Катод гал ХХК-ийн 2 ажилтан нь Хөгжил хүмүүс ХХК-ийн Сүхбаатар аймагт гүйцэтгэж байсан гэрэлтүүлгийн ажилд ажиллаж байсан талаар маргаагүй бөгөөд зохигчдын хооронд үүссэн эрх зүйн харилцааг Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар тодорхойлсон анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах боломжгүй.

Хэргийн 3 дугаар тал дахь тооцооны үлдэгдлийн баталгаа гэх баримтаар хариуцагч Хөгжил хүмүүс ХХК нь 4 ширхэг зөөврийн хаалттай станц /КТПН буюу RMU/-ийн үнэ 32 000 000 төгрөг, 828 ширхэг 1 фаз 25А автоматын үнэ 1 490 000 төгрөг, ажилчдын цалин 1 669 000 төгрөг, нийт 35 159 400 төгрөгийн үлдэгдэлтэй болохыг нэхэмжлэгч Катод гал ХХК-ийн нягтлан бодогч Б.Даваасүрэн, хариуцагч Хөгжил хүмүүс ХХК-ийн захирал С.Дэлгэрмөрөн нар баталгаажуулсан байх тул дээрх төлбөрийг хариуцагч Хөгжил хүмүүс ХХК төлөх үүрэгтэй.

Хамтран хариуцагч Меговатт ХХК нь гэрээний оролцогч биш бөгөөд нэхэмжлэгчийн өмнө үүрэг хүлээгээгүй байх тул түүнд холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэл бүхий болжээ.

Дээрх үндэслэлээр хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 183/ШШ2017/01122 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч Хөгжил хүмүүс ХХК-ийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 340 000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БАТЗОРИГ

ШҮҮГЧИД Ч.ЦЭНД

А.МӨНХЗУЛ