Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 05 сарын 16 өдөр

Дугаар 183/ШШ2017/01122

 

 

 

 

 

2017 оны 05 сарын 16 өдөр               Дугаар 183/ШШ2017/01122                   Улаанбаатар хот

 

 

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

          Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхбаяр даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

            Нэхэмжлэгч: Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, 2 дугаар хороолол, Төмөр замын 48 дугаар байранд байрлах “Катод гал” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо, Бэлхийн задгайд байрлах “Хөгжил хүмүүс” ХХК,

Хариуцагч: Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, өөрийн байранд байрлах “Меговатт” ХХК нарт холбогдох худалдах, худалдан авах гэрээ болон ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 35.159.400 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг 2017 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авснаар хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Ч.Мөнх-Ачит, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Жавхлантөгс /0-415, хариуцагч “Мегаватт” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч  Э.Сугар-Эрдэнэ, хариуцагч “Хөгжил хүмүүс” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Эрдэнэбат, гэрч Д.Адъяа, нарийн бичгийн дарга Б.Болд-Эрдэнэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь :

Нэхэмжлэгч “Катод гал” ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг дэмжиж итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд гаргасан шаардлагадаа: Манай компани нь эрчим хүчний тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд “Хөгжил хүмүүс” ХХК-тай харилцан тохиролцож 2012 оны 04 дүгээр сард 4 ширхэг зөөврийн хаалттай станц /КТПН буюу RMU/-г нэг бүрийн үнэ 8.000.000 төгрөг буюу нийт 32.000.000 төгрөгөөр тооцож нийлүүлсэн. Үүний дараа 2013 оны 10 дугаар сарын 05-ны өдөр 828 ширхэг фаз 25А автомат 1.490.400 төгрөгөөр тооцон нийлүүлсэн. Мөн талуудын харилцан тохиролцсоноор “Хөгжил хүмүүс” ХХК-нд манай компанийн хоёр ажилтан Ж.Мэндбаяр, Ш.Энхтулга нар ажил хийж гүйцэтгэсэн бөгөөд уг ажлын хөлсөнд 1.669.000 төгрөг өгөхөөр тохиролцсон. “Хөгжил хүмүүс” ХХК нь манай компанийн нийлүүлсэн 4 ширхэг зөөврийн хаалттай станц /КТПН буюу RMU/-г үнэ 32.000.000 төгрөг, манай 2 ажилтны ажпын хөлс 1.699.000 төгрөг 828 ширхэг 1 фаз 25А автомат 1.490.400 төгрөг нийт 35.159.400 төгрөгийг 2014 оны 03 дугаар сарын 06-ны өдөр төлж барагдуулахаар харилцан тохиролцсон. Гэтэл “Хөгжил хүмүүс” ХХК дээрх төлбөрийг барагдуулаагүй байгаа бөгөөд барагдуулах талаар удаа дараа мэдэгдэж байсан боловч өнөөдрийг хүртэл төлж барагдуулах талаар ямар нэгэн санаачлага, арга хэмжээ аваагүй.  “Хөгжил хүмүүс” ХХК нь 2012 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр  БНГ-130405 дугаартай,  бараа нийлүүлэх гэрээгээр “Меговатт” ХХК-нд 4 ширхэг зөөврийн хаалттай станц /КТПН буюу RMU/-г нийлүүлсэн бөгөөд “Хөгжил хүмүүс” ХХК нь худалдан авагч “Меговатт” ХХК-с санхүүжилт аваагүй гэх шалтгаанаар төлж барагдуулахгүй байгаа тул ийнхүү шүүхэд хандсан. Манай компани нь Монгол Улсын Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т “Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлэээн авах үүргийг тус тус хүлээнэ”, мөн хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-т “Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь зөвхөн захиалагчийн буюу еөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажпын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заасны дагуу энэхүү нэхэмжпэлийг гаргаж байна. 4 ширхэг зөөврийн хаалттай станц /КТПН буюу RMU/-н үнэ 32.000.000 төгрөг, мөн манай компанийн 2 ажилтны ажлын хөлс 1.669.000 төгрөг, 828 ширхэг 1 фаз 25А автомат 1.490.400 төгрөг, нийт 35.159.400 төгрөгийг хариуцагч “Хөгжил хүмүүс” ХХК, “Меговатт” ХХК нараас гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч “Меговатт ХХК”-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбараа дэмжиж шүүх хуралдаанд гаргасан татгалзалдаа: “Меговатт” ХХК нь нэхэмжпэгч “Катод гал” ХХК-тай ямар нэгэн байдлаар нэхэмжлэлд дурдагдаад байгаа зүйлийн талаар гэрээ хэлцэл байгуулаагүй бөгөөд эрх зүйн харилцаанд огт оролцоогүй. Харин “Хөгжил хүмүүс”ХХК-тай гэрээ хийснээ хүлээн зөвшөөрөөд байна. Нэхэмжлэгчийн нэхэмжпэлд хэд хэдэн шаардлага дурдагдсан байх бөгөөд тооцоо нийлсэн гэх тайлбарыг хийжээ. Энэхүү тайлбар нь “Меговатт” ХХК-д огт хамааралгүй бөгөөд “Хөгжил хүмүүс” ХХК болон “Катод гал” ХХК-ийн хооронд гэрээний ямар харилцаа үүсээд, түүнийг хэрхэн гүйцэтгэх талаар Меговатт ХХК-ийн хүлээх үүрэггүй болно. Харин “Меговатт” ХХК нь 2012 оны 4 дүгээр сарын 5-ны өдөр “Хөгжил хүмүүс” ХХК-тай бараа нийлүүлэх гэрээг байгуулсан бөгөөд энэхүү гэрээний дагуу 5 ширхэг RMU үйлдвэрлэн нийлүүлэх талаар харилцан тохиролцсон болно. Үүний дагуу 4 ширхэг RMU нийлүүлсэн боловч дөрвүүлээ шаардлага хангаагүй боловч хоёрыг нь засаад хэрэглэсэн, хоёрыг нь  ашиглалтын шаардлага хангаагүй учир хэрэглээгүй. Нэхэмжпэлд дурдагдаад байгаа 1 фаз 25А автомат болон 2 ажилтны цалин хөлсний талаарх гаргасан шаардлага нь мөн “Меговатт” ХХК-тай холбогдолгүй болно. Иргэний хуульд хэлцэлийг амаар болон бичгээр байгуулж болох талаар зохицуулсан. Нэхэмжлэгч талтай Меговатт ХХК нь дээрх байдлаар гэрээ, хэлцэл байгуулаагүй бөгөөд Иргэний хуулийн 195 дугаар зүйлд заасан гэрээ байгуулах саналыг огт хүлээн аваагүй буюу ”Катод гал” ХХК нь “Меговатт” ХХК-д санал огт тавиагүй болно. “Хөгжил хүмүүс”ХХК-тай учраа олж тооцоогоо хийхэд болно. Хашаанд нь авчирч тавьсан гэдгээрээ “Катод гал”ХХК манай компанийг хариуцагчаар татсан. Хавтаст хэрэгт “Меговатт”ХХК-тай холбоотой ямар ч баримт байхгүй байгаа. Иймд Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасан гэрээ талуудын хооронд байгуулагдаагүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэв.

            Хариуцагч “Хөгжил хүмүүс” ХХК-ийн шүүхэд гаргасан хариу тайлбарыг дэмжиж итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд гаргасан татгалзалдаа: Нэхэмжлэгч тал хоёр хариуцагчийн яг хэнээс нь хэдэн төгрөг нэхэмжилж байгаа нь тодорхойгүй байна.  Мөн хэн хэнтэйгээ хэлцэл хийсэн нь тодорхойгүй байдаг. Иймд нэхэмжлэлийн шаардлагаа тодруулах шаардлагатай. Тус компани нь  “Катод гал” ХХК-иас нэхэмжлэл гаргаад байгаа бараа материалыг аваагүй, авсан компани нь тодорхой байдаг тул тус компаниас гаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Маргаан бүхий 4 КТПН-г шилжүүлэх үед С.Дэлгэрмөрөн гэдэг хүн  “Меговатт” ХХК-ийн хангамж хариуцсан инженер нь байсан. 2012 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан дүр үзүүлсэн хэлцэл юм. “Хөгжил хүмүүс” ХХК нь “Катод гал” ХХК-иас КТПН авах хүсэлт зориг байгаагүй. Уг КТПН-ийг шилжүүлсэн гэх боловч үндсэн хөрөнгөнд нь бүртгэгдээгүй. Шууд Завханд аваачаад “Меговатт” ХХК-нд аваачиж ашигласан. Хэрвээ нэхэмжлэгч нь бараагаа худалдсан юм бол яагаад “Меговатт”ХХК-д аваачиж өгсөн юм бэ. “Хөгжил хүмүүс”ХХК нь КТПН-г авч ашиглаагүй учир КТПН-ий асуудлыг зөвшөөрөхгүй.  Уг нийлүүлсэн КТПН чанартай юу гэдэг талаар дүгнэлт гараагүй.  Уг КТПН-г угсруулах талаар  “Катод гал” ХХК, Меговатт ХХК хоорондоо ярилцсан байдаг. “Меговатт”ХХК нь шаардлагаа тавьж, 4 ширхэг КТПН-г ашигласан, эд материалын доголдолтой байсан тул хоёр ширхэгийг нь буцааж ав гэсэн. Ийм учраас 32.000.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байна. 828 ширхэг 1 фаз 25А автоматын тухайд С.Дэлгэрмөрөн жижүүр дээр аваачаад  өгчих гэсэн гэдэг. Биет байдлаар нь хэлцэл хийсэн этгээдэд өгөх ёстой. Ийм эд ангийг манайх хүлээж аваагүй.  Ямар гэрээний дагуу өгсөн, яах гэж өгсөн гэдэг нь тодорхой бус тул “Хөгжил хүмүүс” ХХК-ийн хүсэл зоригтой хамааралгүй байна.  Ингэхээр 828 ширхэг фаз өгсөн нь нотлогдохгүй байна. Манайх аваагүй. 828 ширхэг 1фаз 25А автоматыг худалдаж авах талаар “Хөгжил хүмүүс”ХХК нь ямар нэгэн хүсэл зоригоо илэрхийлээгүй, гэрээ хэлцэл байдаггүй. Иймд уг шаардлагыг мөн хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэгч Ж.Мэндбаяр, Ш.Энхтулга гээд хоёр хүн “Хөгжил хүмүүс” ХХК-д ажилласан цалинг бид төлсөн гээд нэхээд байгаа атлаа иргэнийг компани төлөөлж нэхэмжлэх эрх зүйн үндэслэл байгаа юу.  Ажилтан шилжүүлэн ажиллуулсан тушаал байна уу. Мөн эн хоёр хүний цагийн бүртгэл, хэдэн төгрөг өгөх байсан, өөр ямар ямар болзлууд тавьсан талаар тодорхойгүй байдаг. Ийм учраас энэ хоёр хүний  цалин хөлсийг нэхэмжлэх эрхгүй гэж үзэж байна. Эдгээр хоёр ажилчныг Сүхбаатар аймагт ажилласныг үгүйсгэхгүй. Гэхдээ ажлын үр дүн хангалтгүй байсан. Ажлыг зохих ёсоор хийж өгөөгүй. Тооцоо нийлсэн баримтан дээр С.Дэлгэрмөрөн гарын үсэг зурсан дээр маргаагүй. Хэлцэл “Хөгжил хүмүүс” ХХК-ийн нэрээр байгуулагдсан учир тооцоо нийлсэн акт дээр гарын үсэг зурсан юм.    Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага  буюу хэнээс хэдэн төгрөг нэхэмжилж байгаа нь  тодорхойгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлд заасан нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангаагүй гэж үзнэ. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

          Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, гэрч Д.Адъяагийн мэдүүлгийг сонсож,  хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг нэг  бүрчлэн шинжлэн судлаад           

ҮНДЭСЛЭХ нь:

         Нэхэмжлэгч “Катод гал” ХХК нь хариуцагч “Хөгжил хүмүүс” ХХК, “Меговатт” ХХК нараас худалдах, худалдан авах гэрээ болон ажил гүйцэтгэх гэрээний үүргийн гүйцэтгэлд 35.159.400 төгрөг шаардаж байх ба уг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах үндэстэй гэж шүүх үзлээ.

            Хариуцагч  “Меговатт” ХХК нь “Катод гал”ХХК-тай ямарваа нэгэн гэрээ, хэлцэл байгуулаагүй, харин “Хөгжил хүмүүс”ХХК-тай худалдах, худалдан авах гэрээ байгуулж, 4 ширхэг зөөврийн хаалттай станц /КТПН буюу RMU/-г худалдаж авсан гэх үндэслэлээр, хариуцагч “Хөгжил хүмүүс”ХХК нь  “Катод гал”ХХК-тай худалдах, хулалдан авах гэрээ байгуулж, 4 ширхэг зөөврийн хаалттай станц /КТПН буюу RMU/-г худалдан авахаар тохиролцсон боловч уг хэлцлийг “Меговатт” ХХК-нд хангамж хариуцсан инженерээр ажиллаж байсан “Хөгжил хүмүүс”ХХК-ийн захирал С.Дэлгэрмөрөн байгуулсан нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан дүр үзүүлсэн хэлцэл юм. Мөн уг нийлүүлсэн гэх 4 ширхэг зөөврийн хаалттай станц /КТПН буюу RMU/-г манай компани хүлээж аваагүй, “Меговатт” ХХК нь хүлээн авч ашигласан,  талуудын хооронд 2013 оны 10 дугаар сарын 05-ны өдөр 828 ширхэг 1фаз 25А автоматыг худалдах, худалдан авах хэлцэл байгуулагдаагүй, манай компани  мөн хүлээж аваагүй, Сүхбаатар аймагт “Катод гал”ХХК-ийн 2 ажилтан манай компанийн гүйцэтгэж байсан ажил дээр ирж ажилласан боловч энэ хоёр хүний цалин хөлстэй холбоотой баримт, хэдэн төгрөг өгөх тохиролцсон талаарх  баримтаа нэхэмжлэгч тал гаргаж өгөөгүйн дээр дээрх ажилласан хоёр хүний ажлын үр дүн хангалтгүй, ажлаа зохих ёсоор хийгээгүй гэх үндэслэлээр тус тус нэхэмжлэлийн шаардлагуудаас татгалзаж байна.

            Хариуцагч “Хөгжил хүмүүс”ХХК-ийн татгалзал үндэслэлгүй гэж шүүх дүгнэв.  Учир нь нэхэмжлэгч “Катод гал”ХХК, хариуцагч “Хөгжил хүмүүс”ХХК нарын хооронд 2012 оны 4 дүгээр сард 4 ширхэг зөөврийн хаалттай станц /КТПН буюу RMU/-г худалдах, худалдан авах гэрээ, 2013 оны 10 дугаар сарын 05-ны өдөр 828 ширхэг 1фаз 25А автоматыг худалдан авах гэрээ, 2013 оны 08 дугаар сард Сүхбаатар аймагт “Хөгжил хүмүүс”ХХК-ийн хийж гүйцэтгэж байсан гэрэлтүүлгийн ажилд “Катод гал”ХХК-ийн 2 ажилтанг ажиллуулахаар ажил гүйцэтгэх гэрээ тус тус аман хэлбэрээр байгуулагдсан болох нь зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан баримтууд болон гэрч Д.Адъяагийн мэдүүлгээр нотлогдож байна.

            Зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан баримтуудад дүгнэлт хийхэд нэхэмжлэгч “Катод гал”ХХК, хариуцагч “Хөгжил хүмүүс”ХХК нарын хооронд худалдах, худалдан авах гэрээ болон ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэстэй.

            Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасан худалдах, худалдан авах гэрээ, Иргэний хуулийн 343 дугаар зүйлд заасан ажил гүйцэтгэх гэрээнд хуулиар хэлбэрийн шаардлага тусгайлан заагаагүй тул хэлцэлийн хэлбэрт тавигдах бүх шаардлагууд ижил үйлчлэх бөгөөд мөн хуулийн 42 дугаар зүйлийн 42.8-д зааснаар талууд гол нөхцөлийн хувьд өөрийн хүсэл зоригоо бодит үйлдлээр илэрхийлж хэлцэл хийж болно.

            Нэг талын хүсэл зоригийн илэрхийллийг нөгөө тал хүлээн авснаа өөрийн тодорхой үйлдлээр илэрхийлсэн бол уг хэлцлийг хийгдсэн гэж үзэхээр Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.3-т зохицуулж өгсөн тул “Хөгжил хүмүүс”ХХК-ийн саналыг хүлээн зөвшөөрч  4 ширхэг зөөврийн хаалттай станц /КТПН буюу RMU/, 828 ширхэг 1фаз 25А автомат нийлүүлж байгаа “Катод гал”ХХК-ийн үйлдлийг гэрээ хийснийг нотлох нотолгоо гэж үзнэ.

            Мөн “Хөгжил хүмүүс”ХХК нь Сүхбаатар аймагт хийж гүйцэтгэж байсан гэрэлтүүлгийн ажилдаа “Катод гал”ХХК-иас ажилтан авч ажиллуулахаар харилцан тохиролцож, “Катод гал”ХХК-ийн ажилтан Ж.Мэндбаяр, Г.Энхтулга нар нь 2013 оны 08 дугаар сарын 25-ны өдрөөс 2013 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийг хүртэл Сүхбаатар аймагт “Хөгжил хүмүүс”ХХК-ийн ажлыг хийж гүйцэтгэсэн бодит үйлдэл нь талуудын хооронд ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсаныг нотолж байна. /хх-59-63/

            Хариуцагч “Хөгжил хүмүүс”ХХК нь гэрээний зүйл болох 4 ширхэг зөөврийн хаалттай станц /КТПН буюу RMU/-г манайд шилжүүлэн өгөөгүй гэх боловч Иргэний хуулийн 211 дүгээр зүйлийн 211.1-д зааснаар “Катод гал”ХХК нь үүрэг гүйцэтгүүлэгчийн заасан эрхий бүхий этгээд болох “Меговатт”ХХК-нд хүлээлгэж өгсөн, “Меговатт”ХХК нь хүлээн авсан болохоо хүлээн зөвшөөрч байх тул үүргийг гүйцэтгэсэнд тооцно.

            Нэхэмжлэгч “Катод гал”ХХК болон хариуцагч “Хөгжил хүмүүс”ХХК нарын хооронд аман хэлбэрээр гэрээ байгуулагдсан учир бичгийн гэрээ хэлцэлийг гаргаж өгөөгүй бөгөөд автомат 1фаз 25А 828 ширхэгийг нийлүүлэхдээ зарлагын баримт гэх санхүүгийн анхан шатны баримтыг үйлджээ. /хх-64/

Мөн 2014 оны 03 дугаар сарын 06-ны өдөр нэхэмжлэгч “Катод гал”ХХК, хариуцагч “Хөгжил хүмүүс”ХХК нарын хооронд тооцоо нийлж, 2 хүний цалин 1.669.000 төгрөг, автомат 1фаз 25А 828 ширхэгийн үнэ 1.490.400 төгрөг, КТПН 4 ширхэгийн үнэ 32.000.000 төгрөг, нийт 35.159.400 төгрөгийн өртэй гарсныг харилцан батлаж, “Хөгжил хүмүүс”ХХК-ийн захирал С.Дэлгэрмөрөн гарын үсэг зурсан тооцооны үлдэгдлийн баталгаа гэх баримт үйлдсэн нь дээрх үүргийг гүйцэтгэхээ хүлээн зөвшөөрсөн давхар нотолгоо болно гэж шүүх үзлээ. /хх-3, 65/

            Иймд худалдах, худалдан авах гэрээ болон ажил гүйцэтгэх гэрээг “Катод гал”ХХК-тай байгуулаагүй, гэрээний зүйлийг хүлээж аваагүй тул мөнгө төлөхийг зөвшөөрөхгүй гэх хариуцагч “Хөгжил хүмүүс”ХХК-ийн татгалзал үндэслэлгүй юм.

            Хариуцагч “Хөгжил хүмүүс”ХХК-ийн “Катод гал”ХХК-ийн 2 ажилтны Сүхбаатар аймагт хийж гүйцэтгэсэн ажлын чанар, үр дүн хангалтгүй байсан гэсэн тайлбар нотлогдохгүй, татгалзлаа нотолж нотлох баримт гаргаж өгөөгүй тул Иргэний хуулийн 351 дүгээр зүйлийн 351.1.2 дахь хэсэгт зааснаар гүйцэтгэсэн ажлын үр дүнг хугацаанд нь хүлээн авсан боловч хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргээ биелүүлээгүй байна гэж үзэх үндэстэй.

            Нэхэмжлэгч “Катод гал”ХХК нь 4 ширхэг зөөврийн хаалттай станц /КТПН буюу RMU/-н үнэ 32.000.000 төгрөг, автомат 1фаз 25А 828 ширхэгийн үнэ 1.490.400 төгрөгийг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар, “Катод гал”ХХК-ийн ажилтан Ж.Мэндбаяр, Г.Энхтулга нарын 2013 оны 08 дугаар сарын 25-ны өдрөөс 2013 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийг хүртэл Сүхбаатар аймагт “Хөгжил хүмүүс”ХХК-ийн ажлыг хийж гүйцэтгэсэн хөлс 1.669.000 төгрөгийг Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар тус тус шаардах эрхтэй байна.

            Иймд хариуцагч “Хөгжил хүмүүс”ХХК-иас худалдах, худалдан авах болон ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 35.159.400 төгрөгийг түүнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 333.747 төгрөгийн хамт гаргуулж нэхэмжлэгч “Катод гал”ХХК-нд олгох нь хуульд нийцэх ба хариуцагч “Меговатт”ХХК-нд холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг худалдах, худалдан авах гэрээний үүрэг үүсээгүй гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

            Хариуцагч “Хөгжил хүмүүс”ХХК-ийн төлөөлөгч Ч.Эрдэнэбатаас “Хөгжил хүмүүс” ХХК нь “Катод гал” ХХК-иас КТПН авах хүсэл зориг байгаагүй, С.Дэлгэрмөрөн гэдэг хүн  “Меговатт” ХХК-ийн хангамж хариуцсан инженерээр ажиллаж байхдаа өөрөө гүйцэтгэх захирлаар ажилладаг “Хөгжил хүмүүс”ХХК-ийн нэрээр 4 ширхэг КТПН худалдан авахаар гэрээ байгуулсан нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан дүр үзүүлсэн хэлцэл гэж мэтгэлцсэн боловч хариуцагч “Хөгжил хүмүүс”ХХК нь хүсэл зоригийн илэрхийлэл болох 4 ширхэг КТПН буюу RMU-г хүлээн авч, түүний үнэ болох 32.000.000 төгрөгийг төлөхөө хүлээн зөвшөөрсөн байдал нь хүсэл зоригийн илэрхийллийг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэл болохгүй байна.

            Хавтаст хэрэгт нэхэмжлэгч талаас “Катод гал”ХХК-ийн нэхэмжлэлтэй, “Хөгжил хүмүүс”ХХК-нд холбогдох тооцооны үлдэгдэл 35.159.400 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг шийдвэрлэсэн Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 102/ШШ2015/07956 дугаар шийдвэрийг гаргаж өгсөн бөгөөд уг шийдвэр Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлал, Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны тогтоолоор хүчингүй болсон болох нь зохигчдын тайлбараар нотлогдож байх тул шүүх нотлох баримтаар үнэлээгүй бөгөөд нэхэмжлэлд дурдсан үйл баримт, зохигчийн гэм буруугийн талаар хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр байгаа гэж үзэх үндэслэлгүй болно.  /хх-47-48/

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

         1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “Хөгжил хүмүүс”ХХК-иас 35.159.400 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Катод гал”ХХК-нд олгон, мөн зүйл хэсэгт заасан үндэслэлгүй тул “Меговатт”ХХК-нд холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

            2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1,  60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 333.747 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Хөгжил хүмүүс”ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжинд 333.747 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Катод гал”ХХК-нд олгосугай.

     3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

          4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэрийг нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.  

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Б.МӨНХБАЯР