Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 05 сарын 28 өдөр

Дугаар 212/МА2020/00044

 

Б сумын Засаг даргын нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч С.Өмирбек даргалж, шүүгч М.Нямбаяр, Д.Көбеш нарын бүрэлдэхүүнтэй хийж,

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 130/ШШ2020/00166 дугаар шийдвэртэй, Баян-Өлгий аймгийн Б сумын Засаг даргын нэхэмжлэлтэй, А сумын . дүгээр багт оршин суух С овогт Т-н Аад холбогдох иргэний хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн 2020 оны 5 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Көбешийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Ахмарал, нэхэмжлэгч Т.М, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Айбек, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч К.Ержан нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэлийн шаардлага: Ж хоршооны дарга Т.Ааас гүйцэтгээгүй ажлын хөлс 34500000 төгрөг гаргуулах тухай.

Нэхэмжлэлд: Б сумын ОНХС-ийн хөрөнгөөр Хүүхэд залуучуудын тоглоомын талбай байгуулах төслийг хэрэгжүүлэхээр сумын ИТХ-ын тогтоолоор батлагдан тендер шалгаруулалт явагдаж Н ХХК шалгарсан бөгөөд маргаан гарсны улмаас уг тендерийг Сангийн яамнаас хүчингүй болгож дахин тендер шалгаруулах эрхийг аймгийн Худалдан авах ажиллагааны албанд шилжүүлсэн. Аймгийн үнэлгээний хороо 2014 оны 6 дугаар сарын 26-ны өдөр тендер шалгаруулалт явуулж үнэлгээ хийж бүх тендерээс татгалзсан гэсэн дүгнэлт гаргасан. Улмаар уг тендерийг орон нутагт шилжүүлж шууд худалдан авах гэрээ байгуулах замаар шийдвэрлэх зөвлөмжийг тендерийн материалын хамт ирүүлсэн. Үүний дагуу тус сумын Засаг даргын Тамгын газраас хуулийн хүрээнд тендерт өрсөлдөөн бий болгох үүднээс тусгай зөвшөөрөлтэй эрх бүхий 6 компаниудад урилга хүргүүлж зохион байгуулсан ба уг ярилцлагад 4 компани оролцож Улаанбаатар хотын С ХХК шалгарч уг ажлыг өөрийн хөрөнгөөр шууд эхлэхээр тусгаж нийт 73908580 төгрөгийн дүнтэй гэрээ байгуулсан. С ХХК-ийг төлөөлж итгэмжлэлийн дагуу Т.А оролцсон. Тендерээр шалгарсан С ХХК-тай 2014 оны 8 дугаар сарын 24-ний өдөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан бөгөөд гэрээний дагуу гүйцэтгэгч ажлаа эхэлсэн. ОНХС-ийн хөрөнгийн хуваарилалтыг харгалзан санхүүжилтийг хэсэг хэсгээр нь олгож байсан. Гэрээний хэрэгжилтийн явцад тус С ХХК-ний захирал Ц.Мөнхжаргал нь гадаад улсад удаан хугацаагаар явах болсон тул цаашид олгох санхүүжилтийг итгэмжлэгдсэн төлөөлөгч Тн Аад шилжүүлж байсан. Гүйцэтгэгч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тул 2017 оны 3 дугаар сарын 13-ны өдөр аймгийн Шүүхийн эвлэрүүлэн зуучлах албанд гомдол гаргасан боловч гүйцэтгэгч компанийн төлөөлөл Т.А нь эвлэрлийн гэрээ байгуулахаас эрс татгалзсан. 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдөр С ХХК-ний хаягийн дагуу Сүхбаатар дүүргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч ЗДТГ-ын дарга түр орлон гүйцэтгэгч гэх үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан. 2018 оны 10 дугаар сарын 01-нд Сүхбаатар дүүргийн шүүхэд гэрээ хийсэн С ХХК-ийн хаягаар дахин нэхэмжлэл гаргахад хэрэг үүсгэснээс хойш хариуцагчийн хаяг тодорхойгүй болсон гэх үндэслэлээр 2018 оны 10 дугаар сарын 15-нд манай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон. 2015-2016 онуудын санхүүжилтийг 2015 оны 02 дугаар сарын 03-ны өдөр Т.Аын Х банк дахь хувийн дансанд 1 сая төгрөг, 2015 оны 3 дугаар сарын 03-ны өдөр 500.000 төгрөгийг, 2015 оны 3 дугаар сарын 25-ны өдөр  1 сая төгрөг, 2015 оны 12 дугаар сарын 03-ны Ж хоршооны Т дахь 0000 тоот дансанд 5 сая төгрөг, 2016 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр 11 сая төгрөг, 2016 оны 08 дугаар сарын 18-ны өдөр 7 сая төгрөг нийт 34500000 төгрөгийг шилжүүлсэн. Энэ төсөл хөтөлбөрийн ажил цалгардаж, ажил хийгдэхгүй өдий болсон нь тус ажил гүйцэтгэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж хоршооны дарга Т.А буруутай гэж үзэж байна. Иргэн Т.А нь янз бүрийн заль хэрэглэж захиалагч Хятад улсаас тоглоомын ком авахаар гэрээ хийлээ, гэрээний дагуу 14 сая төгрөгийн урьдчилгаа өгсөн гэх мэтээр худал нэмж санхүүжилт авсаар ирсэн. Дээрх хугацаанд Т.Атай удаа дараа уулзаж захиалагчийн зүгээс ажлаа хийж дуусгах, ажлаа эрчимжүүлэх талаар утсаар ярьж, хэлж байсан. Хүүхэд залуучуудын тоглоомын талбайн ажил хийгдээгүй байгаа. Тодорхой санхүүжилтийг өөрийнхөө хувийн болон Ж хоршооны дансаар шилжүүлэн авсан ба ажлаа гүйцэт хийгээгүй нь санаатай хэрэг гэж үзэж байна. Бидний зүгээс хохирлоо барагдуулж авахаар хуулийн байгууллагад хандсан боловч өдий хүртэл шийдэгдээгүй байна. Иймд Ж хоршооны дарга Т.Ааас 34500000 төгрөгийг гаргуулан орон нутгийн хөгжүүлэх санг хохиролгүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэж өгнө үү. гэжээ.

 

 

 

Хариуцагчийн тайлбарт: Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй тул хүлээн зөвшөөрөх боломжтой байна. Учир нь, Б суманд Хүүхэд залуучуудын талбай байгуулах төсөл хэрэгжүүлэхээр ОНХС-аас 73903580 төгрөг батлагдаж гүйцэтгэгч компани шалгаруулах процессыг тодорхой дурдаж эцэст нь С ХХК шалгарч тухайн компанитай ажил гүйцэтгэх гэрээ байгуулж уг компанийг төлөөлөн миний бие Т.А гарын үсэг зурсныг тодорхой дурдсан байна. Энэ захиалагч Б сумын Засаг даргын Тамгын газар болон гүйцэтгэгч С ХХК нарын хооронд байгуулсан 05 дугаар бүхий Барилгын ажил гүйцэтгэх гэрээ-ээр нотлогдож байгаа. Энэхүү ажиллагаанд миний оролцооны хувьд С ХХК-ны инженерийн хувьд удирдлагаас надад итгэмжлэл олгосноор тухайн компани буюу хуулийн этгээдийг төлөөлөн гэрээнд гарын үсэг зурсан болохоос Т.А гэх хувь хүний хувьд захиалагчтай гэрээ байгуулаагүй. Иймд тус компанийн ажилтны хувьд үүргээ гүйцэтгэсний төлөө компанийн өмнөөс хувь хүний хувьд би хариуцлага хүлээх учиргүй бөгөөд энэ маргааны хариуцагч би биш бөгөөд хариуцагч гэрээ байгуулсан С ХХК байх учиртай. Үүнийг нэхэмжлэгч тал мөн адил хариуцагч С ХХК гэдгийг хүлээн зөвшөөрсний илрэл С ХХК-аас уг мөнгийг нэхэмжилж удаа дараа шүүхэд нэхэмжлэл гаргаснаар Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 181/ШЗ2018/01904 дугаар бүхий нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан тухай шүүгчийн захирамж, мөн тус шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 181/ШЗ2018/11331 дугаар бүхий хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамжуудаар тус тус нотлогдож байна. Ийнхүү С ХХК-ний хаяг тодорхойгүй гэх үндэслэлээр С ХХК-аас нэхэмжилсэн нэхэмжлэл хэрэгсэхгүй болонгуутаа энэхүү мөнгөө гэрээнд гарын үсэг зурсан байдлыг далимдуулж надаас нэхэмжилж байгаа хууль зөрчсөн, арга ядсан байдлын илрэл болно. Миний хувийн данс болон Ж ХХК-ний дансанд шилжүүлсэн гэх мөнгөний хувьд С ХХК-ний төв нь Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулдаг бөгөөд би энэхүү компанийн инженерийн хувьд компаниас өгсөн үүрэг даалгаврын дагуу уг ажлыг газар дээр хариуцаж ажилласан ажилтан юм. С ХХК-ний гол үйл ажиллагаа явуулдаг төв нь Улаанбаатар хотод байдаг тул захиалагчтай өдөр тутам харьцаж ажиллахад төвөгтэй олон шат дараалалтай байх тул тухайн орон нутагт үйл ажиллагаа явуулах Ж ХХК-д итгэмжлэл олгож санхүүжилтийг Ж ХХК болон миний хувийн дансанд шилжүүлж байхыг хүсэн итгэмжлэл олгосноор уг итгэмжлэлийн дагуу Ж ХХК С ХХК-аар дамжилгүй шууд орж ирсэн санхүүжилтийн зарцуулалтын тайланг тайлагнах үүргийн дагуу итгэмжлэл олгогч С ХХК-д үүрэг хүлээсэн. Харин Ж ХХК болон би захиалагч болох Б сумын Засаг даргын Тамгын газрын өмнө санхүүжилтийн тайланг тайлагнах үүрэг хүлээхгүй бөгөөд шууд орж ирсэн санхүүжилтийн зарцуулалтын асуудал С ХХК-д хүргүүлж тооцоогоо хийж дуусгасан. Иймд Б сумын Засаг даргын нэхэмжлэл үндэслэлгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү. гэжээ.

 

 

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 130/ШШ2020/00166 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 219 дүгээр зүйлийн 219.1-ийг тус тус баримтлан хариуцагч С овогт Тн Ааас гүйцэтгээгүй ажлын хөлс 34500000 (гучин дөрвөн сая таван зуун мянга) төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэгч Баян-Өлгий аймгийн Б сумын орон нутгийг хөгжүүлэх сан (Б сумын ОНХС-г төлөөлж тус сумын Засаг дарга Т.М)-гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 

 

 

Нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүх хэргийг тал бүрээс нь баримттай дүгнэж үзээгүй, зөвхөн нэг талыг баримталж шийдвэр гаргасан. Сумын Засаг даргаас Барилгын ажил гүйцэтгэх гэрээ-ний дагуу Засаг даргын Тамгын газар төрийн сангаас Ж хоршооны Тин дахь 291400362372 тоот дансанд, тус хоршооны дарга Т.Аын Х банкин дахь 51820858715 тоот дансанд тус тус нийт 34,500,000 төгрөгийг шилжүүлсэн нотлох баримт байхад анхан шатны шүүх нотлох баримтын хүрээнд дүгнээгүй. Хариуцагч Т.А нь гүйцэтгэгч С" ХХК-ийн инженерийн хувьд 2014 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн 05 дугаартай барилгын ажил гүйцэтгэх Хүүхэд залуучуудын тоглоомын талбай байгуулах гэрээнд гүйцэтгэгчийг төлөөлж гарын үсэг зурсан гэдгийг өөрөө хүлээн зөвшөөрсөн байсан. Иргэний хуулийн 62 дугаар зүйлийн 62.4 дэх хэсэгт төлөөлөгч итгэмжлэлээр эрх олгосон үйл ажиллагааг биечлэн гүйцэтгэх үүрэгтэй, мөн уг хуулийн 63 дугаар зүйлийн 63.3 дахь хэсэгт төлөөлөгч нь бүрэн эрхээ шударгаар, төлөөлүүлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд нийцүүлэн хэрэгжүүлэх үүрэгтэй гэж заасан байдаг. Гэтэл Баян-Өлгий аймгийн сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх нь Алтай сумын иргэн Ж хоршооны дарга Т.Аыг С ХХК-ийг төлөөлөх эрх бүхий этгээд биш байна гэж үзсэнд гомдолтой байна.

 

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өөрчлөлт оруулж өгнө үү. гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон журам зөрчсөн байх тул шийдвэр хууль ёсны байх шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч Баян-Өлгий аймгийн Б сумын Засаг дарга нь хариуцагч Т.Аад холбогдуулан 34.500.000.00 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж үндэслэлээ Б сумын ОНХС-ийн хөрөнгөөр Хүүхэд залуучуудын тоглоомын талбай байгуулахаар С ХХК-тай 2014 онд гэрээ байгуулсан боловч гэрээгээ биелүүлээгүй тул уг компанийн инженер Т.Аын дансанд шилжүүлсэн 34.500.000.00 төгрөгийг гаргуулж өгнө үү гэж тайлбарлаж, хариуцагч Би Б сумын Засаг даргын Тамгын газартай гэрээ байгуулаагүй гэрээг С ХХК-тай байгуулсан болохоор компани хариуцах ёстой гэж эс зөвшөөрч маргажээ.

 

 

 

Нэхэмжлэгчээс гаргаж өгсөн Б сумын Засаг даргын Тамгын газар С ХХК-тай байгуулсан барилгын ажил гүйцэтгэх гэрээнд Б сумын нотариатын үүрэг гүйцэтгэгч Д.Батчулуун нь хуулбарын үнэн зөвийг гэрчилсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4 дэх хэсэгт заасан бичмэл нотлох баримтад тавигдах хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Хуульд зааснаар бичмэл нотлох баримтыг шүүхэд эхээр нь, хэрэв эхийг өгөх боломжгүй бол нотариатаар гэрчлүүлсэн хуулбарыг өгнө. Хуулбарыг өгсөн үед шаардлагатай гэж үзвэл шүүхээс жинхэнэ эхийг шаардан авах эрхтэй юм. Б сумын Засаг даргын Тамгын газар С ХХК-тай байгуулсан барилгын ажил гүйцэтгэх гэрээнд захиалагч талыг төлөөлж Б сумын Засаг даргын Тамгын газрын дарга Д.Батчулуун нь гарын үсэг зурсан байх ба хэрэгт нотлох баримтаар гаргаж өгсөн Б сумын Засаг даргын Тамгын газар С ХХК-тай байгуулсан барилгын ажил гүйцэтгэх гэрээний хуулбарын үнэн зөвийг тус сумын Засаг даргын Тамгын газрын дарга Д.Батчулуун нь мөн гэрчилжээ. Нотариатын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2, 16.2.1 дэх заалтаар тус сумын Засаг даргын Тамгын газрын дарга нь нотариатчийн үүргийг хавсран гүйцэтгэх эрхтэй боловч Нотариатын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1 дэх хэсэг Нотариатч дараах тохиолдолд нотариатын үйлдэл хийхээс татгалзана:, 31.1.2 дахь заалт өөртэй нь болон түүний гэр бүлийн гишүүнтэй нь холбоотой асуудал байвал; гэж хуульчилсан байхад уг гэрээний хуулбарын үнэн зөвийг гэрчилж, Нотариатын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.4, 31 дүгээр зүйлийн 31.1.2 дахь заалтыг зөрчсөн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан шүүхээс нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх зохицуулалттай уялдаатай хэрэгжинэ.

Иймд хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд маргааныг шийдвэрлэх боломжгүй буюу Б сумын Засаг даргын Тамгын газар С ХХК-тай байгуулсан барилгын ажил гүйцэтгэх гэрээ нь нотлох баримтын шаардлагыг хангаагүй байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах үндэслэлтэй байна. Хэргийг анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр буцаасан тул нэхэмжлэгчийн маргааны үйл баримттай холбогдуулан гаргасан гомдолд давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэлт хийх боломжгүйг дурдах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ. 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн байна. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгож, ТОГТООХ нь:

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 130/ШШ2020/00166 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ӨМИРБЕК

 

 

 

ШҮҮГЧИД М.НЯМБАЯР

 

 

 

Д.КӨБЕШ