Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 05 сарын 24 өдөр

Дугаар 001/ХТ2022/00640

 

БӨ а-ийн Б с-ын ЗДын  нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч С.Соёмбо-Эрдэнэ даргалж, Танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Г.Банзрагч, П.Золзаяа, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 130/ШШ2019/00166 дугаар шийдвэр,

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 212/МА2020/00044 дүгээр магадлалтай,

БӨ а-ийн Б с-ын ЗДын нэхэмжлэлтэй

Т.Аад холбогдох

Жолболды хоршооны дарга Т.Ааас гүйцэтгээгүй ажлын хөлс 34,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн өмгөөлөгч К.Ержаны гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намсрай оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. БӨ а-ийн Б с-ын ЗДа нь Т.Аад холбогдуулан гүйцэтгээгүй ажлын хөлс 34,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ. Хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

2. Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 130/ШШ2019/00166 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 219 дүгээр зүйлийн 219.1-ийг тус тус баримтлан хариуцагч Самен төре жангир овогт Төкейн Т.Ааас гүйцэтгээгүй ажлын хөлс 34500000 (гучин дөрвөн сая таван зуун мянга) төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэгч Баян-Өлгий аймгийн Буянт сумын орон нутгийг хөгжүүлэх сан (Буянт сумын ОНХС-г төлөөлж тус сумын Засаг дарга Т.Мэндсүрэн)-гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

3. Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 212/МА2020/00044 дүгээр магадлалаар Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 130/ШШ2020/00166 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж шийдвэрлэжээ.

4. Хариуцагчийн өмгөөлөгч К.Ержан хяналтын гомдолдоо: ...Магадлалыг эс зөвшөөрч хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэн дараах үндэслэл бүхий гомдлыг гаргаж байна. Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ тус сумд “Хүүхэд залуучуудын талбай байгуулах” төсөл хэрэгжүүлэхээр ОНХСангаас 73,903,580 төгрөг батлагдаж, гүйцэтгэгч компани шалгаруулах процессийг тодорхой дурдаж эцэст нь “С-Л” ХХК шалгарч тухайн компанитай ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан талаар тодорхой дурдсан байна. Энэ энэ захиалагч БӨ а-ийн Б с-ын ЗДтамгын газар болон гүйцэтгэгч “С-Л” ХХК нарын хооронд байгуулсан 05 дугаар бүхий “Барилгын ажил гүйцэтгэх гэрээ”-гээр нотлогдож байгаа бөгөөд уг гэрээний хувийг нэхэмжлэгч нэхэмжлэл гаргах үед нотариатаар гэрчлүүлэн нотлох баримтаар гаргаж өгсөн бөгөөд энэхүү гэрээтэй холбоотой талууд маргаагүй уг хуулбар хувь уг ажил гүйцэтгэх гэрээний хуулбар хувь мөн гэдгийг хүлээн зөвшөөрч байгаа юм. Гэтэл давж заалдах шатны шүүх “Засаг даргын тамгын газар “С-Л” ХХК-тэй гэрээ байгуулсан ажил гүйцэтгэх гэрээнд захиалагч талыг төлөөлж БӨ а-ийн Б с-ын ЗДТамгын газрын дарга Д.Батчулуун гарын үсэг зурсан байх ба хэрэгт нотлох баримтаар гаргаж өгсөн БӨ а-ийн Б с-ын ЗДТамгын газар “С-Л ” ХХК-тай байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний хуулбарын үнэн зөвийг тус сумын Засаг даргын Тамгын газрын Д.Батчулуун гэрчилсэн байдал нь ИХШХШТХ-ийн 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4 дэх хэсэгт заасан бичмэл нотлох баримтад тавигдах хуулийн шаардлагыг хангаагүй тул мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан шүүхээс нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх боломжгүй тул хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шүүхэд буцаах нь зүйтэй гэж” дүгнэсэн байна. ИХШХШТХ-ийн 44 дүгээр зүйлийн 44.2-т “бичмэл нотлох баримтыг шүүхэд эхээр нь, хэрэв эхийг өгөх боломжгүй бол нотариатаар гэрчлүүлсэн хуулбарыг өгнө. Хуулбарыг өгсөн үед шаардлагатай гэж үзвэл шүүх жинхэнэ эхийг шаардан авах эрхтэй. Бичмэл нотлох баримтыг шаардан авахад бэрхшээлтэй байвал зохигчдын хүсэлтээр түүний хадгалагдаж байгаа газар шүүх үзлэг явуулах ба шинжлэн судалж болно” гэж заасан байх бөгөөд уг гэрээний хуулбарыг зохих журмын дагуу нотариатаар гэрчлүүлэн нотлох баримтаар нэхэмжлэгч тал шүүхэд гаргаж өгсөн бөгөөд уг гэрээний хуулбар мөн эсэхэд талууд маргаагүй харин ч эсрэгээр тухайн гэрээний хуулбар мөн байна гэж гэрчлэн байхад заавал эх хувийг авахуулах шаардлагагүй юм. Мөн анхан шатны шүүх нь уг ажил гүйцэтгэх гэрээг үндэслэх хэсэгтээ дурдаж өнгөрсөн болохоос нотлох баримтаар үнэлээгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож нотлох баримтаар үнэлсэн гол нотлох баримт нь Баян-Өлгий аймгийн Буянт сумын Тамгын газрын дарга, Төрийн санд гэж хаягласан “С-Л ” ХХК-ны захирал Ц.Мөнхжаргалаас олгосон “Тус сумын хүүхдийн тоглоомын талбайн төслийн гүйцэтгэгч “С-Л” ХХК-ний захирал миний бие Ц.Мөнхжаргал нь гадаад руу удаан хугацаагаар явах болсон тул төсөл арга хэмжээний санхүүжилтийн мөнгийг цаашид тус компаний итгэмжлэгдсэн төлөөлөгч болох Т.А даргатай Улсын бүртгэлтэй 0230002109, 3067969 регистрийн дугаартай “Жолболды” хоршооны Төрийн банк дахь 291400362372 тоот дансанд шилжүүлж байхыг мэдэгдье” гэх итгэмжлэл байсан. Анхан шатны шүүх нь: “Энэхүү “С-Л ” ХХК-ний захирал Ц.Мөнхжаргалаас хариуцагч Т.Аад олгосон гэх итгэмжлэл нь Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.2-т заасан бичгээр олгосон итгэмжлэлд тавих шаардлагыг хангаагүй буюу Иргэний хуулийн 64.2.2-т зааснаар хуулийн этгээдийн эд хөрөнгийг хүлээн авах, бусдад шилжүүлэх, захиран зарцуулах эрх олгосон итгэмжлэлд эрх баригчаас гадна нягтлан бодогч гарын үсэг зураагүй, мөн 64.2.3-д зааснаар итгэмжлэл олгосон он, сар, өдрийг заагаагүй тул мөн хуулийн 64 дүгээр зүйлийн 64.4-д зааснаар энэхүү итгэмжлэл хүчин төгөлдөр бус байна. Мөн “С-Л” ХХК-ний захирлын олгосон “Итгэмжлэл” гэсэн гарчигтай болохоос агуулгын хувьд төсөлд арга хэмжээний санхүүжилтийн мөнгийг Т.Аын “Жолболды” хоршооны Төрийн банк дахь 291400362372 тоот дансанд шилжүүлж байхыг мэдэгдэж, зөвшөөрсөн албан бичиг байх тул хариуцагч Т.Аад “С-Л” ХХК-ийг төлөөлөх бүрэн эрх олгосон хууль ёсны итгэмжлэл гэж дүгнэх боломжгүй байна.” гэж дүгнэн нотлох баримтаар үнэлсэн нь хууль ёсны байсан. Анхан шатны шүүх ийнхүү итгэмжлэлийг гол нотлох баримтаар үнэлэн уг итгэмжлэл Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.2-т заасан бичгээр олгосон итгэмжлэлд тавих шаардлагыг хангаагүй тул Т.Аыг хариуцагч гэж үзэх боломжгүй байна гэж дүгнэн хууль ёсны шийдвэр гаргасаар байтал давж заалдах шатны шүүх огт хамааралгүй хуулийг хэрэглэн, анхан шатны шүүх нотлох баримтаар үнэлээгүй хэрэгт ач холбогдолгүй нотлох баримтыг үндэслэн шийдвэрийг хүчингүй болгож дахин хэлэлцүүлэхээр буцааж байгаа нь хууль зөрчсөн хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байдал юм. Иймд давж заалдах шатны шүүх хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байх магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

5. Хяналтын журмаар гаргасан хариуцагчийн өмгөөлөгчийн гомдолд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-т заасан “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн” үндэслэл тогтоогдоогүй тул хангахгүй орхив.

6. Нэхэмжлэгч БӨ а-ийн Б с-ын ЗДа, хариуцагч Т.Аад холбогдуулан 34,500,000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийг гаргахдаа “...Буянт сумын Орон нутгийг хөгжүүлэх сангийн хөрөнгөөр “Хүүхэд залуучуудын тоглоомын талбай” байгуулахаар “С-Л” ХХК-тай 2014 онд гэрээ байгуулсан боловч гэрээгээ биелүүлээгүй тул уг компанийн инженер Т.Аын дансанд шилжүүлсэн 34,500,000 төгрөгийг гаргуулна” гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлсон. Хариуцагч  нэхэмжлэлийг эс зөвшөөрч, БӨ а-ийн Б с-ын ЗДТамгын газартай “С-Л” ХХК гэрээ байгуулсан, гэрээний үүргийг би биш компани хариуцах ёстой” гэж маргажээ.

7. Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр буцаажээ.

8. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчээс гаргаж өгсөн БӨ а-ийн Б с-ын ЗДТамгын газар болон “С-Л” ХХК-тай байгуулсан барилгын ажил гүйцэтгэх гэрээний хуулбарын үнэн зөвийг гэрээний нэг тал болох Буянт сумын Засаг дарга өөрөө нотариатын үүрэг гүйцэтгэгчийн хувьд гэрчилсэн нь Нотариатын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4 дэх хэсэгт журмыг зөрчсөн гэж үзэж шийдвэрийг хүчингүй болгосон байна.

9. Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх баримт хэлбэрийн шаардлага хангаагүй боловч ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан үйл баримтыг талууд маргаагүй, шүүхийн шийдвэрт нөлөөлөөгүй байхад шийдвэрийг хүчингүй болгосон нь үндэслэлтэй болоогүй байна. Харин талууд маргааны зүйлийн талаар бүрэн хэмжээнд мэтгэлцээгүй, шүүх талуудын нотолгооны зүйлийг тодруулаагүй, зохигчийн хоорондох эрх зүйн маргаантай харилцааны талаар хийх ёстой дүгнэлтийг хийгээгүй, яагаад Т.Аыг хариуцагч гэж үзсэн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг тодорхой болгоогүй, хэргийн нөхцөл байдал хангалттай тогтоогдоогүй нөхцөлд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх боломжгүй, иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх үндэслэлтэй гэж үзэв.

10. Зохигчийн хооронд ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн эсэхийг дүгнэхийн тулд хариуцагч Т.А нь “С-Л” ХХК-тай ямар хамааралтай, Баян-Өлгий аймгийн Буянт сумын Орон нутгийг хөгжүүлэх сангаас Т.А, түүний хоршооны дансанд мөнгө шилжүүлэхдээ ямар баримтыг үндэслэж шилжүүлсэн, С-Л ХХК-ийн захирал гадаад улсад удаан хугацаагаар явах болсон, Т.А ажлыг хариуцах болсон нь Т.Аыг гэрээний нэг тал гэж үзэх үндэслэл болох эсэх, Т.А нь мөнгийг хэрхэн захиран зарцуулсан, гэрээний дагуу тодорхой ажлын үр дүн бий болсон эсэх зэрэг ач холбогдол бүхий байдлууд тодорхой бус нөхцөлд хууль хэрэглээний асуудлаар хяналтын шатны шүүх дүгнэлт хийх боломжгүй гэж үзнэ.

11. Иймд магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхив.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгож, ТОГТООХ нь:

1. Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 212/МА2020/00044 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 06 дугаар сарын 29-ний өдөр төлсөн 330,450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

                            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        С.СОЁМБО-ЭРДЭНЭ

                           ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                      Г.АЛТАНЧИМЭГ

                            ШҮҮГЧИД                                                          Г.БАНЗРАГЧ

                                                                                                       П.ЗОЛЗАЯА

                          Х.ЭРДЭНЭСУВД