Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 07 сарын 21 өдөр

Дугаар 210/МА2017/01634

 

 

 

 

 

2017 07 21

1634

 

 

Ү.Зоригтбаатар, Ц.Чулуунбат нарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Цогтсайхан даргалж, шүүгч С.Энхтөр, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 102/ШШ2017/01454 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч Ү.Зоригтбаатар, Ц.Чулуунбат нарын нэхэмжлэлтэй хариуцагч Б.Ганзоригт холбогдох хохирлын 230 399 480 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ганзаяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Даваажав нар оролцов.

Нэхэмжлэгч Ү.Зоригтбаатарын нэхэмжлэлийн шаардлага болон тайлбарт: Б.Ганзориг нь 2007 оны 6 сард АНУ-ын Виржиния мужийн Тоёота ХХКомпанид диллерээр ажилладаг, тус байгууллага нь диллерүүддээ машин хямдхан зардаг, таньд хямдхан машин олж өгье, та мөнгөө оруулж, хамтран ажиллаач, Монгол Улс руу ачуулаад ашгаа хувааж авъя гэж Тоёота LХ-470 маркийн авто машины бизнес хийх санал гаргасан. 2007 оны 8 дугаар сард LХ-470 авто машины төлбөр болох 75 000 ам долларыг 40 000 ам доллар, 20 000 ам доллар, 15 000 ам доллараар гурав хуваан АНУ-ын Виржиния мужид байх Б.Ганзоригийн ажлын гадаа бэлнээр тоолж өгсөн. Гэвч Б.Ганзориг миний өгсөн мөнгөөр авто машин авч өгөөгүй, харин миний мөнгийг хувьдаа зарцуулсан байсан. Ингээд түүнээс мөнгөө нэхэхэд 2008 онд 5000 ам доллар, 1200 ам долларын үнэ бүхий самсунг маркийн зурагт өгсөн. Үүнээс хойш үлдэгдэл мөнгийг өгөлгүй, сураггүй болж, Монгол Улс руу буцсан байсан. Б.Ганзориг нь 2008 оны 05 дугаар сарын 23-ны өдөр АНУ-аас ирээд, 2008 оны 06 дугаар сарын 01-ний өдөр Монгол Улсын хилээр гарч Австрали улс руу явсан байсныг эрүүгийн хэрэг шалгагдах явцад мэдсэн. Б.Ганзоригийг 2016 онд олж, Улсын мөрдөн байцаах газарт залилуулсан тухай гомдлыг гаргасан. Тус байгууллага Б.Ганзоригт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж, Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 148.4-т зааснаар сэжигтэн, яллагдагчаар шалгасан. Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор нь Б.Ганзоригт холбогдох эрүүгийн хэргийг "...Б.Ганзориг нь Ү.Зоригтбаатарын 70 000 ам долларыг ямар нэг маргаангүйгээр төлнө гэдгээ баталж байна. Надад холбогдох хэргийг хууль зүйн дагуу шийдвэрлэж өгөхийг хүсье гэх хүсэлтийг бичгээр гаргасан, хохирлоо нөхөн төлөхөө сайн дураар илэрхийлсэн зэрэг нөхцөл байдлыг харгалзан түүнд холбогдох хэргийг Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан 2017 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 33 дугаар тогтоолоор хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн бөгөөд уг тогтоолд хохирогч, иргэний нэхэмжлэгч учирсан хохирлыг нөхөн төлүүлэхээр нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсан тул Ү.Зоригтбаатар би эрүүгийн гэмт хэргийн улмаас учирсан хохирол 70 000 ам доллар буюу 172 292 400 төгрөгийг Б.Ганзоригоос нэхэмжилж байна. Би шүүхэд гаргасан нэхэмжлэлийнхээ шаардлагын 90 607 536 төгрөгөөс татгалзаж, үлдсэн 81 684 864 төгрөгийг Б.Ганзориг надад 2017 оны 12 дугаар сарын 31-ний дотор багтаан төлнө гэснийг зөвшөөрч эвлэрч байна гэжээ.

 

Нэхэмжлэгч Ц.Чулуунбатын нэхэмжлэлийн шаардлага болон тайлбарт: Би Б.Ганзоригтой 2007 онд АНУ-д ажиллаж, амьдарч байхдаа танилцаж улмаар Б.Ганзориг нь АНУ-ын Виржиния мужийн Тоёота компанид диллерээр ажилладаг, авто машины дуудлага худалдаанаас диллер хямд машин авч болдог, чамд хямдхан машин олж өгнө, чи Монгол руу зарахад ашигтай гэж надад санал болгосон тул би ээждээ хэлээд 2002-2007 онд АНУ-д ажиллаж олсон 26 500 ам долларыг Б.Ганзоригт өгсөн. Б.Ганзориг нь уг мөнгийг хүлээн авснаа зөвшөөрсөн, түүнчлэн нэмж 5 500 ам долларыг Б.Ганзоригт өгч нийт 32 000 ам долларыг Б.Ганзоригт Тоёота LХ-470" маркийн авто машин авах зорилгоор өгсөн. Ингээд Б.Ганзориг 2008 оны 1 сард надад LEXUS RХ 350 маркийн авто машин авчирч өгсөн бөгөөд тэр машиныг сар орчим ашиглаж байгаад авто машины баримт бичгийг Б.Ганзоригоос удаа дараа шаардахад өгөхгүй болохоор нь энэ асуудлыг шалгуулахад уг машиныг миний мөнгөөр аваагүй, харин миний автомашин авахаар өгсөн 32 000 ам долларыг Б.Ганзориг өөрийнхөө хувийн хэрэгцээнд зарцуулж, харин бусдаас зээлээр авсан LEXUS RХ 350 маркийн авто машиныг надад өгч залилан мэхэлсэн болохыг мэдсэн. Ингээд Б.Ганзоригтой уулзахад машинаа буцааж аваад, миний өгсөн 32 000 ам долларыг 2008 оны 03 дугаар сарын 01-ний дотор төлөхөөр тохирч, энэ талаар Б.Ганзориг өөрийн гараар тодорхойлолт бичиж өгч, гарын үсгээ зурж баталгаажуулсан. Дараа нь дахин мөнгөө шаардахад 2008 оны 02 дугаар сарын 20-ны өдөр 7 500 ам долларыг бэлнээр өгч, үлдэгдэл 24 500 ам долларыг 2008 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн дотор өгөхөөр болж, дахин тодорхойлолт өгч, гарын үсгээ зурж баталгаажуулсан. Гэвч Б.Ганзориг нь үлдэгдэл 24 500 ам долларыг төлөлгүй, сураггүй болсон. Би АНУ-аас Монгол Улсад 2010 онд ирж Б.Ганзоригийг хайсан боловч олдоогүй. Гэтэл АНУ-аас ирээд 2008 оны 06 дугаар сарын 01-ний өдөр Монгол Улсын хилээр гарч Австрали улс руу явсан байсныг эрүүгийн хэрэг шалгагдах явцад мэдсэн. Би Б.Ганзоригийг Австрали улсаас ирснийг мэдсэн даруйдаа Улсын мөрдөн байцаах газарт гомдол гаргасан бөгөөд Б.Ганзориг Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 148.4-т зааснаар яллагдагчаар татагдан шалгагдаж байсан ба миний гомдлын дагуу тус эрүүгийн хэрэгт намайг хохирогчоор тогтоож Б.Ганзоригийг яллагдагчаар нэмж байцааж шалгасан. Нийслэлийн Прокурорын газраас Б.Ганзориг нь Ц.Чулуунбатад 24 500 ам долларыг ямар нэг маргаангүйгээр төлнө гэдгээ баталж, хохирлоо нөхөн төлөхөө сайн дураар илэрхийлсэн зэрэг нөхцөл байдлыг нь харгалзан түүнд холбогдох хэргийг Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Б.Ганзоригоос эрүүгийн гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирлын үлдэгдэл болох 23 576 ам доллар буюу Монгол банкны 2017 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн ам долларын ханш 1 ам долларыг 2461.32 төгрөгөөр тооцож 58 028 080 төгрөгийг, нэхэмжлэлд хавсаргах нотлох баримтуудыг Нийслэлийн прокурорын эрүүгийн хэргийн төв архиваас авсан зардал 79 000 төгрөг, нийт 58 107 080 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.

 

Хариуцагч Б.Ганзоригийн тайлбарт: Би 2007 онд АНУ-ын Виржиния мужид ажиллаж амьдарч байхдаа Ү.Зоригтбаатар ахтай танилцсан бөгөөд би тэр үед Тоёота компанид диллерээр ажилладаг байсан учир монголчууд надаас машин аваад Монгол руу явуулж зардаг байсан. Нэг удаа Зоригтбаатар ах ирээд Монголоос нэг найз нь LEXUS 470 маркийн машин хоёрыг худалдаж авъя гэж байна гээд 2 машин худалдаж авсан. Гэтэл АНУ-аас шинэ машиныг тэр дор нь гаргадаггүй хуультай бөгөөд 6 сарын дараа, эсхүл хуучин машины статустай болгож байж гаргах ёстой байсныг мэдээгүйн улмаас экспортлох боломжгүй болсон тухайгаа мэдэгдэхэд удаан хугацаагаар хүлээж чадахгүй гэсэн тул хоёр машиныг дуудлага худалдаанд зараад тэр хүнд нь мөнгийг нь өгсөн. Тухайн үед 2 машин нь АНУ-аас гарах гаалийн бүрдүүлэлт хийгдсэн байсан учир буцаагаад зарахад үйлдвэрээс нь олгодог даатгал болон баталгаат хугацаа нь хүчингүй болсон тул хямд үнээр зарсан. Уг 2 машиныг эргүүлээд хямд үнээр аваад 6 сар хүлээгээд Монгол руу ачуулъя гэж Зоригтбаатарыг хэлэхэд нь зөвшөөрсөн. Хэсэг хугацааны дараа Зоригтбаатар ах 75 000 ам доллар өгсөн, түүгээр нь дээрх 2 машиныг худалдаж авахаар болсон ч мөнгө бүрдэх үед машинууд зарагдсан байсан. Тэгээд дуудлага худалдаанд захиалга өгсөн хүн нь би байсан тул дуудлага худалдаанаас 75 000 ам долларыг миний дансанд хийсэн. Тэр үед Зоригтбаатар ахын танил Ц.Чулуунбат гэх залуу Tоyоtа 4 Runner машинаа зараад LEXUS RХ 350 болгох сохилхолтой байна гэхээр нь Лексусын диллерт ажилладаг танил борлуулагчтайгаа ярилцаад машиныг нь банкны зээлээр авсан, гэхдээ Ц.Чулуунбатад зээлээр авснаа хэлээгүй, өгсөн мөнгийг нь өсгөөд Зоригтбаатар, Чулуунбат нарын мөнгийг олно гэж бодсон боловч амжилт олоогүй тул 2008 оны 2 сард Чулуунбаттай уулзаж үнэнээ хэлж 7500 ам долларыг өгөөд үлдсэн 24 500 ам долларыг тодорхой хугацаанд өгөхөөр тохирч бичиг үйлдсэн. Би эрүүгийн хэргийн хохирлыг гэмт хэрэг үйлдэгдсэн гэх тухайн үеийн Монгол банкны ханшаар тооцож тогтоосон тул энэ тогтоосон хохирлын хэмжээгээр төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Би Зоригтбаатар ахаас 75 000 ам доллар авсан, үлдэгдэл 81 684 864 төгрөгийг төлөөгүй байгаа, энэ мөнгийг 2017 оны 12 дугаар сарын 31-ний дотор төлж  барагдуулахаар эвлэрч байна. Харин Ц.Чулуунбатаас 32 000 ам доллар авсан, 7500 ам долларыг буцааж өгсөн, 2017 онд 2 300 000 төгрөг өгсөн, үлдсэн мөнгийг Ц.Чулуунбатад төлж барагдуулна гэж хэлсэн боловч доллараар төлнө гэж хэлээгүй тул учруулсан хохирлоо төлнө, прокурорын байгууллагаас баримт авахад төлсөн 79 000 төгрөгийг өгнө, хохирлыг шүүхэд нэхэмжлэл гаргасан үеийн ханшаар төлөхгүй гэжээ.

Шүүх: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн   106.5-д зааснаар Ү.Зоригтбаатар нэхэмжлэлийн шаардлагынхаа 90 607 536 /ерэн сая зургаан зуун долоон мянга таван зуун гучин зургаан/ төгрөгөөс татгалзаж, үлдсэн 81 684 864 /наян нэгэн сая зургаан зуун наян дөрвөн мянга найман зуун жаран дөрвөн/ төгрөгийг хариуцагч Б.Ганзориг 2017 оны 12 дугаар сарын 31-ний дотор багтаан Ү.Зоригтбаатарт төлөхөөр зохигчид эвлэрч байх тул тэдний эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар Базаргүрийн Ганзоригоос 58 107 080 /тавин найман сая нэг зуун долоон мянга наян/ төгрөгийг гаргуулан Цэндсүрэнгийн Чулуунбатад олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн   106.6-д зааснаар Б.Ганзоригоос 283 187 /хоёр зуун наян гурван мянга нэг зуун наян долоон/ төгрөгийг гаргуулан улсын төсвийн орлогод оруулж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар Б.Ганзоригоос 448 485 /дөрвөн зуун дөчин найман мянга дөрвөн зуун наян таван/ төгрөгийг гаргуулан улсын төсвийн орлогод оруулж шийдвэрлэжээ.

Хариуцагч Б.Ганзориг давж заалдах гомдолдоо:  Би иргэн Ц.Чулуунбатад учруулсан хохирлоо төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрсөн. Надад холбогдуулан шалгасан эрүүгийн хэрэгт иргэн Ц.Чулуунбатаас авсан 32 000 ам.долларыг тухайн үеийн Монгол Банкны ханшаар үнэлж 37 737 440 төгрөгийн хохирол учруулсан гэж тогтоосон бөгөөд уг хохирлоос 2008 оны 2 дугаар сард 7 500 ам.доллар, 2017 онд 2 300 000 төгрөгийн хохирлыг Ц.Чулуунбатад нөхөн төлсөн болно. Улмаар иргэн Ц.Чулуунбат нь дээрх хохирлоос үлдсэн 23 576 ам.доллар буюу 58 028 080 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжилсэн бөгөөд шүүх Иргэний хуулийн 497-р зүйлийн 497.1, 510-р зүйлийн 510.1-т зааснаар надаас 58 107 080 төгрөг гаргуулахаар шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь би эрүүгийн хэрэгт шалгагдаж, хохирлыг 37 373 440 төгрөг гэж тогтоосон бөгөөд уг эрүүгийн хэргийн хохирлыг Ц.Чулуунбатад нөхөн төлөхөөр шүүхээр шийдвэрлүүлж байгаа тул эрүүгийн хэрэгт тогтоосон валютын ханшаар Ц.Чулуунбатад хохирлыг төлөх үндэслэлтэй гэж үзэж байна. Иймд шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг буюу Ц.Чулуунбатад төлөх хохирлыг 26 314 040 төгрөг болгон өөрчилж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, холбогдох хуулийн зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Хариуцагч Б.Ганзоригоос гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирлын үлдэгдэл төлбөрт нэхэмжлэгч Ү.Зоригтбаатар 70 000 ам доллар буюу 172 292 400 төгрөг, нэхэмжлэгч Ц.Чулуунбат хохирлын үлдэгдэл төлбөр 23 576 ам доллар буюу 58 028 080 төгрөг, Нийслэлийн прокурорын газраас эрүүгийн хэргийн нотлох баримт хуулбарлан авсан зардлын 79 000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн байна.

Б.Ганзориг АНУ-д ажиллаж, амьдарч байхдаа өөрийгөө Америкийн нэгдсэн улсын Виржиния мужийн Тоёота компанид диллер ажилтай, хямд машин олж өгнө гэж 2007 онд 75 000 ам доллар Ү.Зоригтбаатараас авсан, мөн Америкийн нэгдсэн улсын автомашины дуудлага худалдаанаас автомашин авч өгнө гэж Ц.Чулуунбатаас 32 000 ам доллар авч, бусдаас зээлээр авсан Тоёота лексус-350 загварын автомашиныг өгч залилан мэхэлсэн гэм буруутай болох нь Нийслэлийн прокурорын газрын 2017 оны 33 тоот тогтоолоор тогтоогдсон боловч Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай Парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан 2015 оны 08 дугаар сарын 11-ний өдөр батлагдаж, 2015 оны 10 дугаар сарын 29-ний өдөр нэмэлт өөрчлөлт орсон Монгол Улсын Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт заасан үнэдслэлээр түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Шүүх зохигчдын тайлбар болоод өөрсдийн тайлбар татгалзлаа нотлохоор ирүүлсэн баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн байх тул хариуцагчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй байна.

Нэхэмжлэгч Ү.Зоригтбаатар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.Ганзоригтой маргаан бүхий асуудлаар эвлэрэн хэлэлцэж, Ү.Зоригтбаатар нэхэмжлэлийн шаардлагаас 90 607 536 төгрөг нэхэмжлэхээс татгалзаж, хариуцагч Б.Ганзориг 81 684 864 төгрөгийг 2017 оны 12 дугаар сарын 31-ний дотор төлж барагдуулахаар тохиролцсоныг шүүх баталж холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасантай нийцсэн байна.

Нэхэмжлэгч Ц.Чулуунбатын гэм хорын хохирол болох 23 576 ам долларыг нэхэмжлэл гаргах үеийн ханшаар тооцож 58 107 080 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг буруутгах хуулийн үндэслэл тогтоогдсонгүй.

Хариуцагч нь нэхэмжлэгч Ц.Чулуунбатаас авсан 32 000 ам доллараас 2008 оны 2 дугаар сард 7500 ам долларыг, 2017 онд 2 300 000 төгрөг тус тус буцаан өгсөн, 23 576 ам долларын үлдэгдэлтэй байгаа нь зохигчдын тайлбараар тогтоогдсон, энэ үйл баримтын талаар зохигч маргаагүй байна.

Харин хариуцагч нь гэмт хэрэг үйлдэгдсэн үеийн ханшаар тооцож төлбөр төлөгдөнө гэж маргадаг боловч шүүх ам долларыг үүрэг үүсэх буюу нэхэмжлэгчийн шүүхэд нэхэмжлэл гаргасан өдрийн ханшаар тооцож төлбөрийг төлүүлэхээр шийдвэрлэсэн нь хуульд нийцжээ.

Эрүүгийн хэрэг үүсгэн шалгах явцад бүрдэгдсэн нотлох баримтыг Прокурорын байгууллагаас хуулбарлан авахдаа төлсөн 79 000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийг хариуцагч Б.Ганзориг хүлээн зөвшөөрсөн байна.

Дээр дурьдсан үндэслэлээр хариуцагчийн давж заалдах гомдлыггомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1.             Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн нэхэмжлэгч Ү.Зоригтбаатар, Ц.Чулуунбат нэхэмжлэлтэй хариуцагч Б.Ганзоригт холбогдох 2017 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 102/ШШ2017/01454 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2.             Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагч Б.Ганзоригийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 316 915 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

 

3.             Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дэх хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах бөгөөд энэ үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЦОГТСАЙХАН

ШҮҮГЧИД С.ЭНХТӨР

А.МӨНХЗУЛ