Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 05 сарын 18 өдөр

Дугаар 1454

 

 

 

 

 

 

 

 

2017 оны 05 сарын 18 өдөр

Дугаар 102/ШШ2017/01454

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

           

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Доржнамжин даргалж, шүүгч Г.Ариунаа, Н.Хангал нарын бүрэлдэхүүнтэй шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч:Баянгол дүүргийн 3 дугаар хороо, Нарны хороолол 7 дугаар байр 127 тоотод  оршин суух, эрэгтэй, регистрийн дугаар ОЮ 72021010, Барга овогт Үмэгдэйн Зоригтбаатар

 

Нэхэмжлэгч:Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Туул гол 69 /а/ байрны 76 тоотод оршин суух, эрэгтэй, регистрийн дугаар ИЮ 77102911, Боржигон овогт Цэндсүрэнгийн  Чулуунбат нарын нэхэмжлэлтэй

 

Хариуцагч:Баянгол дүүргийн 8 дугаар хороо, 4 дүгээр хороолол, туул гол 8  дугаар байр 92 тоотод оршин суух, эрэгтэй, регистрийн дугаар УУ 78121418, Хэюдборжигон овогт Базаргүрийн  Ганзоригт  холбогдох

 

Хохирлын 230 399 480 төгрөг  гаргуулах тухай шаардлагатай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:Нэхэмжлэгч Ү.Зоригтбаатар, Ц.Чулуунбат, хариуцагч Б.Ганзориг, түүний өмгөөлөгч Ц.Алтанцэцэг, иргэдийн төлөөлөгч Б.Энхцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Агиймаа  нар оролцов.

 

                                                         ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Ү.Зоригтбаатар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:Б.Ганзориг нь 2007 оны 6 сард АНУ-ын Виржиния мужийн “Тоёота” ХХКомпанид диллерээр ажилладаг, тус байгууллага нь диллерүүддээ машин хямдхан зардаг, таньд хямдхан машин олж өгье, та мөнгөө оруулж, хамтран ажиллаач, Монгол Улс руу ачуулаад ашгаа хувааж авъя гэж “Тоёота” LХ-470 маркийн авто машины бизнес хийх санал гаргасан. 2007 оны 8 дугаар сард “LХ-470” авто машины төлбөр болох 75 000 ам долларыг 40 000 ам доллар, 20 000 ам доллар, 15 000 ам доллараар гурав хуваан АНУ-ын Виржиния мужид байх Б.Ганзоригийн ажлын гадаа бэлнээр тоолж өгсөн.Гэвч Б.Ганзориг миний өгсөн мөнгөөр авто машин авч өгөөгүй, харин миний мөнгийг хувьдаа зарцуулсан байсан.Ингээд түүнээс мөнгөө нэхэхэд 2008 онд 5000 ам доллар, 1200 ам долларын үнэ бүхий самсунг маркийн зурагт өгсөн.Үүнээс хойш үлдэгдэл мөнгийг өгөлгүй, сураггүй болж, олдохоо больсон, Монгол Улс руу буцсан байсан.Б.Ганзориг нь Монгол улсаас олдохгүй байсан бөгөөд 2008 оны 5 дугаар сарын 23-ны өдөр АНУ-аас ирээд, 2008 оны 06 дугаар сарын 01-ний өдөр Монгол Улсын хилээр гарч Австрали улс руу явсан байсныг эрүүгийн хэрэг шалгагдах явцад мэдсэн. Б.Ганзоригийг би 2016 онд олж, Улсын мөрдөн байцаах газарт залилуулсан тухай гомдлыг гаргасан, тус байгууллага Б.Ганзоригт холбогдуулан 2016 оны 07 дугаар сарын 23-ны өдөр эрүүгийн хэрэг үүсгэж, түүнийг Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 148.4-т зааснаар сэжигтэн, яллагдагчаар татаж шалгасан.Миний гомдлын дагуу эрүүгийн хэрэгт намайг хохирогчоор тогтоож мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан.Уг хэрэгт хохирогч миний хохирлын талаар Б.Ганзориг нь яллагдагчаар байцаагдаж мэдүүлэхдээ “...би Зоригоо /Ү.Зоригтбаатар/ ахын өгөөд дансандаа байлгаж бай гэсэн мөнгийг боломж гарвал өсгөчих санаатай явж байгаад үрээд дуусгасан,...Зоригтбаатар ахын машин авахаар өгсөн 70 000 ам доллараас нилээн үрсэн,...энэ мөнгөнөөс одоог хүртэл нөхөн төлсөн төлөлт байхгүй.Би Зоригтбаатар ахад 70 000 ам долларыг төлөх ёстой.Үүнээсээ одоогоор төлсөн хохирол байхгүй.Учруулсан хохирлоо цаашид нөхөн төлж бүрэн барагдуулна.Надад холбогдох залилангийн уг хэргийг Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулж, хэрэгсэхгүй болгож өгнө үү.Бусдад учруулсан хохирлоо Иргэний хуулийн дагуу төлөх болно” гэж мэдүүлсэн байна.Мөн эрүүгийн 2016 0100 0143 дугаартай хэрэгт хяналт тавьж байсан Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурорт 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдөр гаргасан хүсэлтдээ АНУ-ын Виржиния мужийн “Тоёота” ХХКомпанид диллерээр ажиллаж байхдаа 2007 оны 8 дугаар сард өөрийн танил ах Ү.Зоригтбаатараас Монгол руу машин ачуулна гэж 75 000 ам доллар худал хэлж авсан нь үнэн.Би энэ буруугаа бүрэн ухамсарлаж хүлээн зөвшөөрч байна.Ү.Зоригтбаатар ахад 5000 ам доллар, 1200 ам долларын үнэтэй самсунг зурагт төлсөн.Ү.Зоригтбаатар ахад 70 000 ам долларыг ямар нэг маргаангүйгээр төлнө гэдгээ баталж байна” гэсэн хүсэлтийг өөрийн гараар бичиж, гарын үсэг зурж баталгаажуулсан байна.

 

Түүнчлэн Улсын мөрдөн байцаах газарт “Ү.Зоригтбаатарт машин худалдаж авч өгнө гэж 75 000 ам долларыг худал хэлж авсан нь үнэн.Ү.Зоригтбаатарт 70 000 ам доллар төлж барагдуулах байгаа, би өөрийн гэм буруугаа бүрэн хүлээж байна.Ү.Зоригтбаатарын хохирлыг төлж барагдуулахаа илэрхийлж, батлаж байна” гэсэн тодорхойлолтыг 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдөр бичиж, гарын үсэг зурж баталгаажуулсан байна.Б.Ганзориг нь өөрийн үйлдсэн бусдын эд хөрөнгийг залилан мэхэлсэн гэмт хэргийн гэм буруугийн талаар маргаагүй, хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн байдаг.Мөн эрүүгийн хэрэгт хяналт тавьж байсан Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурорт 2016 оны 12 дугаар сарын 8-ны өдөр гаргасан хүсэлтдээ АНУ-ын Виржиния мужийн “Тоёота” ХХКомпанид диллерээр ажиллаж байхдаа 2007 оны 8 дугаар сард өөрийн танил ах Ү.Зоригтбаатараас Монгол руу машин ачуулна гэж 75 000 ам доллар худал хэлж авсан нь үнэн.Би энэ буруугаа бүрэн ухамсарлаж хүлээн зөвшөөрч байна.Ү.Зоригтбаатар ахад 5000 ам доллар, 1200 ам долларын үнэтэй самсунг зурагт төлсөн.Ү.Зоригтбаатар ахад 70 000 ам долларыг ямар нэг маргаангүйгээр төлнө гэдгээ баталж байна. ...” гэсэн хүсэлтийг өөрийн гараар бичиж, гарын үсэг зурж баталгаажуулсан байдаг.Улсын мөрдөн байцаах газрын 4 дүгээр хэлтэст “Ү.Зоригтбаатарт машин худалдаж авч өгнө гэж 75 000 ам долларыг худал хэлж авсан нь үнэн.Ү.Зоригтбаатарт 70 000 ам доллар төлж барагдуулах байгаа, би өөрийн гэм буруугаа бүрэн хүлээж байна.Ү.Зоригтбаатарын хохирлыг төлж барагдуулахаа илэрхийлж, батлаж байна гэсэн тодорхойлолтыг 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдөр өөрийн гараар бичиж, гарын үсэг зурж баталгаажуулсан байна.Ингээд Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор нь Б.Ганзоригт холбогдох эрүүгийн хэргийг"...Б.Ганзориг нь Ү.Зоригтбаатарын 70 000 ам долларыг ямар нэг маргаангүйгээр төлнө гэдгээ баталж байна.Надад холбогдох хэргийг хууль зүйн дагуу шийдвэрлэж өгөхийг хүсье” гэх хүсэлтийг бичгээр гаргасан, хохирлоо нөхөн төлөхөө сайн дураар илэрхийлсэн зэрэг нөхцөл байдлыг харгалзан түүнд холбогдох хэргийг Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Б.Ганзоригт холбогдох хэргийг 2017 оны 3 дугаар сарын 2-ны өдрийн 33 дугаар тогтоолоор хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн бөгөөд уг тогтоолд хохирогч, иргэний нэхэмжлэгч учирсан хохирлыг нөхөн төлүүлэхээр нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсан тул Ү.Зоригтбаатар би эрүүгийн гэмт хэргийн улмаас учирсан хохирол 70 000 ам доллар буюу 172 292 400 төгрөгийг Б.Ганзоригоос нэхэмжилж байна гэжээ.

 

Нэхэмжлэгч Ц.Чулуунбат шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:Би Б.Ганзоригтой 2007 онд АНУ-д ажиллаж, амьдарч байхдаа танилцаж улмаар Б.Ганзориг нь АНУ-ын Виржиния мужийн Тоёота компанид диллерээр ажилладаг, авто машины дуудлага худалдаанаас диллер хямд машин авч болдог, чамд хямдхан машин олж өгнө, чи Монгол руу зарахад ашигтай гэж надад санал болгосон тул би ээждээ хэлээд 2002-2007 онд АНУ-д ажиллаж олсон мөнгө 26 500 ам долларыг Б.Ганзоригт өгсөн. Б.Ганзориг нь уг мөнгийг хүлээн авснаа зөвшөөрсөн, түүнчлэн нэмж 5500 ам долларыг Б.Ганзоригт өгч нийт 32 000 ам долларыг Б.Ганзоригт “Тоёота LХ-470" маркийн авто машин авах зорилгоор өгсөн.

 

Ингээд Б.Ганзориг 2008 оны 1 сард надад LEXUS RХ 350 маркийн авто машин авчирч өгсөн бөгөөд тэр машиныг сар орчим ашиглаж байгаад авто машины баримт бичгийг Б.Ганзоригоос удаа дараа шаардахад өгөхгүй болохоор нь энэ асуудлыг шалгуулахад уг машиныг миний мөнгөөр худалдаж авсан машин биш болж, миний авто машин авахаар өгсөн 32 000 ам долларыг Б.Ганзориг өөрийнхөө хувийн хэрэгцээнд зарцуулж, харин бусдаас зээлээр авсан LEXUS RХ 350 маркийн авто машиныг надад өгч залилан мэхэлсэн болохыг мэдсэн.Ингээд Б.Ганзоригтой уулзахад машинаа буцааж аваад, миний өгсөн 32 000 ам долларыг 2008 оны 3 дугаар сарын 1-ний дотор төлөхөөр тохирч, энэ талаар Б.Ганзориг өөрийн гараар тодорхойлолт бичиж өгч, гарын үсгээ зурж баталгаажуулсан.Дараа нь дахин мөнгөө шаардахад 2008 оны 2 дугаар сарын 20-ны өдөр 7 500 ам долларыг бэлнээр өгч, үлдэгдэл 24 500 ам долларыг 2008 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн дотор өгөхөөр болж, дахин тодорхойлолт өгч, гарын үсгээ зурж баталгаажуулсан.Гэвч Б.Ганзориг нь үлдэгдэл 24 500 ам долларыг төлөлгүй, сураггүй болж олдохоо больсон бөгөөд сүүлд мэдэхэд Монгол Улс руу буцсан байсан.

 

Би АНУ-аас Монгол Улсад 2010 онд ирж Б.Ганзоригийг хайсан боловч олдоогүй, гэтэл Б.Ганзориг нь Е0044598 тоот гадаад паспортаар 2008 оны 5 дугаар сарын 23-ны өдөр АНУ-аас ирээд 2008 оны 06 дугаар сарын 01-ний өдөр Монгол Улсын хилээр гарч Австрали улс руу явсан байсныг эрүүгийн хэрэг шалгагдах явцад мэдсэн.Би  Б.Ганзоригийг Австрали улсаас ирсэнийг мэдсэн даруйдаа Улсын мөрдөн байцаах газарт гомдол гаргасан бөгөөд Б.Ганзориг тус байгууллагад эрүүгийн 2016 0100 0143 дугаартай хэрэгт Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 148.4-т зааснаар яллагдагчаар татагдан шалгагдаж байсан ба миний гомдлын дагуу тус эрүүгийн хэрэгт намайг хохирогчоор тогтоож Б.Ганзоригийг яллагдагчаар нэмж байцааж шалгасан.

 

Уг хэрэгт Б.Ганзориг байцаагдахдаа “...32 000 ам долларыг Чулуунбат надад машин авахуулахаар бэлнээр өгсөн юм.Би Зоригтбаатар ахын машин авахаар өгсөн 70 000 ам доллараас нилээн үрсэн байсан тул Чулуунбатаас авсан 32 000 ам долларыг өөрийн дансандаа хийж, уг өрөө нөхөх бодолтой байсан, ...үлдэгдэл 24 500 ам долларыг өгөхөөр тохирч гарын үсэг зурсан.Энэ мөнгөнөөс одоог хүртэл нөхөн төлсөн төлөлт байхгүй, энэ мөнгөө Чулуунбатад хийж өгсөн бичгийнхээ дагуу төлж дуусгана, би одоо Чулуунбатад 24 500 ам долларыг төлөх ёстой, үүнээсээ одоогоор төлсөн хохирол байхгүй, учруулсан хохирлоо цаашид нөхөн төлж бүрэн барагдуулна.Надад холбогдох залилангийн уг хэргийг Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулж, хэрэгсэхгүй болгож өгнө үү, бусдад учруулсан хохирлоо Иргэний хуулийн дагуу төлөх болно гэж мөрдөн байцаалтад мэдүүлсэн байдаг.

 

Мөн Б.Ганзориг шалгагдах явцдаа Эрүүгийн хэрэгт хяналт тавьж байсан Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурорт 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдөр гаргасан хүсэлтдээ “...Ц.Чулуунбатаас 2007 оны 12 дугаар сард хямд машин авч өгнө гэж 32 000 ам долларыг худал хэлж авсан нь үнэн, би энэ буруугаа бүрэн ухамсарлаж хүлээн зөвшөөрч байна.Ц.Чулуунбатад 24 500 ам долларыг ямар нэг маргаангүйгээр төлнө гэдгээ баталж байна гэсэн хүсэлтийг бичиж, гарын үсэг зурж баталгаажуулсан байна, түүнчлэн Улсын мөрдөн байцаах газрын 4 дүгээр хэлтэст “Ц.Чулуунбатад хямд машин авч өгнө гэж 32 000 ам долларыг худал хэлж авсан нь үнэн, Ц.Чулуунбатад 24 500 ам доллар төлж барагдуулах байгаа, би өөрийн буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэж мэдүүлсэн байна.Б.Ганзориг нь Ц.Чулуунбатад 24 500 ам долларыг ямар нэг маргаангүйгээр төлнө гэдгээ баталж байна, надад холбогдох хэргийг хууль зүйн дагуу шийдвэрлэж өгөхийг хүсье гэж бичгээр гаргасан, хохирлоо нөхөн төлөхөө сайн дураар илэрхийлсэн зэрэг нөхцөл байдлыг нь харгалзан түүнд холбогдох хэргийг Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн бөгөөд уг хохирогч, иргэний нэхэмжлэгч учирсан хохирлыг нөхөн төлүүлэхээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсан тул Б.Ганзоригоос эрүүгийн гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирлын үлдэгдэл болох 23 576 ам доллар  буюу Монгол банкны 2017 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн ам долларын ханш 1 ам долларыг 2461.32 төгрөгөөр тооцож 58 028 080 төгрөгийг, нэхэмжлэлд хавсаргах нотлох баримтуудыг Нийслэлийн прокурорын эрүүгийн хэргийн төв архиваас авсан зардал 79 000 төгрөг нийт 58 107 080 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.

 

Нэхэмжлэгч Ү.Зоригтбаатар шүүх хуралдаанд тайлбарлахдаа:Манай эхнэр Засгийн газрын тэтгэлэгээр АНУ-д суралцахаар болсон тул бид гэр бүлээрээ 2006 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр АНУ руу явсан, манай хажуугийн байранд Б.Ганзориг амьдардаг байсан, надад машин хямдаар авах боломжтой Монгол улсад өндөр үнээр зарагддаг юм байна гэж хэлсэн тул би мөнгө өгсөн, машинаа явуулаагүй байж таны машиныг Монгол улс руу явуулчихсан гэж хэлсэн, би Монголд ирээд 2 сар хүлээгээд худлаа хэлсэн гэдгийг мэдээд буцаж байсан.Б.Ганзориг АНУ-аас зугтаж гарсан, би шүүхэд гаргасан нэхэмжлэлийнхээ шаардлагын 90 607 536 төгрөгөөс татгалзаж, үлдсэн 81 684 864 төгрөгийг Б.Ганзориг надад 2017 оны 12 дугаар сарын 31-ний дотор багтаан төлнө гэснийг зөвшөөрч эвлэрч байна гэв.

 

Нэхэмжлэгч Ц.Чулуунбат шүүх хуралдаанд тайлбарлахдаа:Би АНУ-д ажиллаж амьдарч байхдаа Б.Ганзоригтой танилцаж найз нөхөд болсон.Би 2008 онд магистарт суралцаж байсан, эхнэр төрөх гэж байсан, хямдхан машин зараад ашиг олох боломжтой гэж надад хэлсэн.Би 3-4 жил ажиллаж цуглуулсан мөнгөө Б.Ганзоригт өгсөн, надаас мөнгө авсан гэдгээ Б.Ганзориг мөрдөн байцаалтанд зөвшөөрсөн.Миний машин авахаар өгсөн мөнгийг Б.Ганзориг хувьдаа хэрэглээд надад зээлээр машин аваад өгсөн байсныг мэдэж уулзахад машинаа аваад надад 7500 ам долларыг өгсөн.Би 2010 онд АНУ-аас ирээд Б.Ганзоригийг хайхад Австрали явсан байсан.Одоо Б.Ганзоригоос үлдэгдэл 23 576 ам долларыг шүүхэд нэхэмжлэл гаргасан үеийн ханшаар тооцож, прокуророос баримт хуулбарлан авахад төлсөн 79 000 төгрөгийн хамт нийт 58 107 080 төгрөгийг гаргуулна гэв.

 

            Хариуцагч Б.Ганзориг шүүхэд гаргасан тайлбартаа:Би 2007 онд АНУ-ын Виржиния мужид ажиллаж амьдарч байхдаа Ү.Зоригтбаатар ахтай танилцсан бөгөөд би тэр үед  Тоёота компанид диллерээр ажилладаг байсан учир монголчууд надаас машин аваад Монгол руу явуулж зардаг байсан.Нэг удаа Зоригтбаатар ах ирээд Монголоос нэг найз нь LEXUS 470 маркийн машин хоёрыг худалдаж авъя гэж байна гээд 2 машин худалдаж авсан.Гэтэл АНУ-аас шинэ машиныг тэр дор нь гаргадаггүй хуультай бөгөөд 6 сарын дараа, эсхүл хуучин машины статустай болгож байж гаргах ёстой байсныг мэдээгүйн улмаас экспортлох боломжгүй болсон тухайгаа мэдэгдэхэд удаан хугацаагаар хүлээж чадахгүй гэсэн тул хоёр машиныг дуудлага худалдаанд зараад тэр хүнд нь мөнгийг нь өгсөн.Тухайн үед 2 машин нь АНУ-аас гарах гаалийн бүрдүүлэлт хийгдсэн байсан учир буцаагаад зарахад үйлдвэрээс нь олгодог даатгал болон баталгаан хугацаа нь хүчингүй болсон тул хямд үнээр зарсан.Уг 2 машиныг эргүүлээд хямд үнээр аваад 6 сар хүлээгээд Монгол руу ачуулъя гэж Зоригтбаатарыг хэлэхэд нь зөвшөөрсөн.Хэсэг хугацааны дараа Зоригтбаатар ах 75 000 ам доллар өгсөн, түүгээр нь дээрх 2 машиныг худалдаж авахаар болсон ч мөнгө бүрдэх үед машинууд зарагдсан байсан.Тэгээд дуудлага худалдаанд захиалга өгсөн хүн нь би байсан тул дуудлага худалдаанаас 75 000 ам долларыг миний дансанд хийсэн.Тэр үед Зоригтбаатар ахтай холбогдож болсон явдлын талаар хэлээд мөнгийг яах вэ гэхэд чиний дансанд байж байг дахин боломж олдвол машин авна гэхээр нь дансандаа үлдээсэн.Монголоос машин захиалсан хүн рүү мөнгийг нь буцаахдаа өөрөө сөө мөнгө нэмж төлсөн болохоор уг 75 000 ам долларыг өсгөөд өөрийн алдсан мөнгөө олоод авчих боломж хайж бага багаар жижиг бизнес хийх гэж оролдож байгаад амжилт олоогүй мөнгийг үрж дуусгасан.Тэр үед Зоригтбаатар ахын танил Ц.Чулуунбат гэх залуу Tоyоtа 4 Runner машинаа зараад LEXUS RХ 350 болгох сохилхолтой байна гэхээр нь Лексусын диллерт ажилладаг танил борлуулагчтайгаа ярилцаад машиныг нь банкны зээлээр авсан, гэхдээ Ц.Чулуунбатад зээлээр авснаа хэлээгүй, өгсөн мөнгийг нь өсгөөд Зоригтбаатар, Чулуунбат нарын мөнгийг олъе гэж бодсон боловч амжилт олоогүй тул 2008 оны 2 сард Чулуунбаттай уулзаж үнэнээ хэлж 7500 ам долларыг өгөөд үлдсэн 24 500 ам долларыг тодорхой хугацаанд өгөхөөр тохирч бичиг үйлдсэн.Тэр үед би ажлаасаа гарчихсан, 2 хүүхэдтэй, эхнэр ажилгүй байсан тул гэр бүлээрээ Монгол руу буцаж ирээд сар хиртэй болоод Авсрали улс руу явж ажиллан Зоригтбаатар, Чулуунбат нарын мөнгийг төлөхөөр явсан боловч мөнгө хуримтлуулах боломж олдоогүй тул 2015 оны 8 дугаар сард буцаж ирсэн.Би эрүүгийн хэргийн хохирлыг гэмт хэрэг үйлдэгдсэн гэх тухайн үеийн Монгол банкны ханшаар тооцож тогтоосон тул энэ тогтоосон хохирлын хэмжээгээр төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

 

Хариуцагч Б.Ганзориг шүүх хуралдаанд тайлбарлахдаа:Би Зоригтбаатар ахтай 2006 оны 9 дүгээр сард танилцсан, 75 000 ам доллар авсан, үлдэгдэл 81 684 864 төгрөгийг төлөөлөгүй байгаа, энэ мөнгийг 2017 оны 12 дугаар сарын 31-ний дотор төлж  барагдуулахаар бид эвлэрч байна.

 

Би Ц.Чулуунбатаас 32 000 ам доллар авсан, 7500 ам долларыг буцааж өгсөн, 2017 онд 2 300 000 төгрөг өгсөн, үлдсэн мөнгийг Ц.Чулуунбатад төлж барагдуулна гэж хэлсэн боловч доллараар төлнө гэж хэлээгүй тул учруулсан хохиролоо төлнө, прокурорын байгууллагаас баримт авахад төлсөн 79 000 төгрөгийг өгнө, хохирлыг шүүхэд нэхэмжлэл гаргасан үеийн ханшаар төлөхгүй гэв.

 

Хэрэгт байгаа шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

  Нэхэмжлэгч  Ү.Зоригтбаатар  хариуцагч Б.Ганзоригт холбогдуулан гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 172 292 400 төгрөг гаргуулах, нэхэмжлэгч Ц.Чулуунбат Б.Ганзоригт холбогдуулан гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 58 028 080 төгрөг гаргуулах тухай шаардлагуудыг шүүхэд гаргасан байна.

 

Нэхэмжлэгч Ү.Зоригтбаатар шүүх хуралдаан дээр шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагынхаа 90 607 536 төгрөгөөс татгалзаж, үлдсэн 81 684 864 төгрөгийг хариуцагч Б.Ганзориг 2017 оны 12 дугаар сарын 31-ний дотор багтаан Ү.Зоригтбаатарт төлнө гэж Ү.Зоригтбаатар нь хариуцагч Б.Ганзоригтой эвлэрэн хэлэлцэж байх тул тэдний эвлэрлийг баталж шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Хариуцагч Б.Ганзориг АНУ-д ажиллаж амьдарч байхдаа 2008 оны 1 дүгээр сард  Ц.Чулуунбатад авто машин авч өгөхөөр тохиролцож түүнээс 32 000 ам доллар авсан бөгөөд үүнээс 2008 оны 2 дугаар сард 7500 ам долларыг, 2017 онд 2 300 000 төгрөгийг тус тус эргүүлэн Ц.Чулуунбатад өгсөн, одоо үлдэгдэл 23 576 ам долларыг төлөөгүй байгаа гэх үйл баримтад талууд маргахгүй байна.

 

Харин нэхэмжлэгч Ц.Чулуунбатын шаардаж байгаа хохирлын 23 576 ам долларыг гэмт хэрэг үйлдэгдсэн гэх үеийн ханшаар тооцож төлнө, шүүхэд нэхэмжлэл гаргасан үеийн ханшаар төлөхгүй гэж хариуцагч Б.Ганзориг маргаж байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.2-т Гадаад валютын ханшийг тухайн үеийн Монгол банкнаас зарласан албан ёсны ханшаар тооцож нэхэмжлэлийн үнийг тодорхойлохоор заасан байна.

 

Дээрх хуульд заасан тухайн үеийн ханш гэдгийг хариуцагчийн тайлбарлаж байгаачлан гэмт хэрэг үйлдэгдсэн үеийн ханш гэж ойлгохгүй ба нэхэмжлэгчийн нэхэмжлэл гаргах үеийн ханш гэж ойлгох нь зөв байна.

 

Нэхэмжлэгч Ц.Чулуунбатын шаардаж байгаа прокурорын байгууллагаас баримт хуулбарлан авахад төлсөн 79 000 төгрөгийн хариуцагч Б.Ганзориг төлнө гэж тайлбарлаж байх тул Б.Ганзоригоос 58 107 080 төгрөгийг гаргуулан Ц.Чулуунбатад олгож шийдвэрлэв.

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-д зааснаар нэхэмжлэгч нар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн байх бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгч  Ү.Зоригтбаатарын эвлэрсэн шаардлагад ногдох улсын тэмдэгтийн хураамж 566 374 төгрөгийн 50 хувь болох 283 187 төгрөгийг Б.Ганзоригоос

 гаргуулан улсын орлогод оруулах нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар Ц.Чулуунбатын шаардлагад ногдох улсын тэмдэгтийн хураамж 448 485 төгрөгийг Б.Ганзоригоос гаргуулан улсын орлогод оруулж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.4, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн   106.5-д зааснаар Ү.Зоригтбаатар нэхэмжлэлийн шаардлагынхаа 90 607 536 /ерэн сая зургаан зуун долоон мянга таван зуун гучин зургаан/ төгрөгөөс татгалзаж, үлдсэн 81 684 864 /наян нэгэн сая зургаан зуун наян дөрвөн мянга найман зуун жаран дөрвөн/ төгрөгийг хариуцагч Б.Ганзориг 2017 оны 12 дугаар сарын 31-ний дотор багтаан Ү.Зоригтбаатарт төлөхөөр зохигчид эвлэрч байх тул тэдний эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар Базаргүрийн Ганзоригоос 58 107 080 /тавин найман сая нэг зуун долоон мянга наян/ төгрөгийг гаргуулан Цэндсүрэнгийн  Чулуунбатад олгосугай.

 

            3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн   106.6-д зааснаар Б.Ганзоригоос 283 187 /хоёр зуун наян гурван мянга нэг зуун наян долоон/ төгрөгийг гаргуулан улсын төсвийн орлогод оруулсугай.

 

            4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар Б.Ганзоригоос 448 485 /дөрвөн зуун дөчин найман мянга дөрвөн зуун наян таван/ төгрөгийг гаргуулан улсын төсвийн орлогод оруулсугай.               

 

     5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн   119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурдсугай.

 

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн   120.2-т зааснаар зохигчид, тэдний өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        З.ДОРЖНАМЖИН

 

                                      ШҮҮГЧИД                                          Г.АРИУНАА

 

          Н.ХАНГАЛ